Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2026/0457

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*******” ХХК /РД:/,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: овогтой гийн /РД:/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э. /ШТЭҮД:*******/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б..

Нэхэмжлэлийн шаардлага: “Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т заасны дагуу “*******” ХХК-ийн өмчлөлийн 20 ширхэг гараашийг буулгахдаа Газрын тухай хуулийн зүйл заалтыг зөрчиж, алдаа гаргасны улмаас компанид учирсан хохирол 300,000,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гаргуулж, “*******” ХХК-д олгож өгнө үү” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. /цахим/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэлийг хэлэлцсэн үндэслэл.

1.1.Нэхэмжлэгч “*******” ХХК-аас Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний А/******* дүгээр захирамж (Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай)-ийн хэрэгжилтийг хангаж ажилласан Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т заасны дагуу “*******” ХХК-ийн өмчлөлийн 20 ширхэг гараашийг буулгахдаа Газрын тухай хуулийн зүйл заалтыг зөрчиж, алдаа гаргасны улмаас компанид учирсан хохирол 300,000,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гаргуулж, “*******” ХХК-д олгож өгнө үү” гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гаргасан ба,

1.2. Тус шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.

            Хоёр. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэхэмжлэлийн үндэслэл:

            2.1. “*******” ХХК-ийн захирал Д. миний бие 1999 онд ХУД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 300 м кв газрыг зохих баримтыг бүрдүүлэн авто гарааш барихаар зохих журмын дагуу хүсэлтийг гаргаж, Нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн -р захирамжаар дээрх газрыг олгож, газар эзэмших эрхийн гэрчилгээ гарч, тухайн өдөр газар ашиглах гэрээ байгуулж уг газрыг хууль ёсоор авсан болно. Тухайн үед банкнаас сарын 5 хувийн хүүтэй зээл авч, багагүй хөрөнгө, хүч, зардал гаргаж, тухайн газар дээр хуримтлагдаж овоорсон барилгын хог, хаягдлыг өөрийн зардлаар цэвэрлэж, 20 ширхэг авто гараашийг барьж ашиглалтад оруулсан. Ийнхүү дээрх 20 ширхэг авто гараашийн Хөрөнгийн үнэлгээний компаниар 2003 онд үнэлүүлж тухайн үеийн зах зээлийн ханшаар 22 сая төгрөгийн үнэ ханштай болохыг тогтоож, 2003 оны 05 дугаар сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөхийн гэрчилгээг авч, дээрх хөрөнгө манай компанийн хууль ёсны өмч хөрөнгө болсон юм. Тухайн үед газар эзэмшигчийн хувьд тодорхой хугацаагаар гадаад улсад ажиллаж амьдарч байсны улмаас газрын хугацааг сунгуулж чадаагүй бөгөөд газрын гэрчилгээний хугацааг сунгуулахаар удаа дараа хүсэлт, баримт бүрдүүлж өгсөн боловч шат дамжлаг бүртээ саад хүндрэлүүд гарч, төрөл бүрийн бичиг баримт хөөцөлдөж явсаар өдийг хүрсэн нь үнэн болно.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/*******-р захирамжаар  “*******” ХХК нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны газар нутагт байршилтай 300 м кв газар дээр баригдсан 20 автомашины нэгдсэн гараашийг нурааж, чөлөөлсөн шийдвэр гаргасан. Гэвч энэхүү захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг зөрчин, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд урьдчилан мэдэгдэж, оролцоог нь хангах зэрэг сонсох ажиллагаа хийгээгүй, процессын зөрчилтэй хууль бус акт болсон. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид огт мэдэгдэлгүйгээр гараашийг нурааж чөлөөлсөн. Ийнхүү чөлөөлөхдөө өмчлөгч болох “*******” ХХК, түүний захирал Д.ад огт мэдэгдээгүй. Харин тухайн гараашийг чөлөөлж, нураасны дараа, хоосон тэгшилсэн үед нь очиж мэдсэн. Уг захирамжийг гарахын өмнө болон гаргасны дараа ч мэдэгдээгүй, харин нэхэмжлэгчээс өөрөө хожим нь дам сургаар очиж олж мэдсэн. Газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг хэрэв захиргааны байгууллага буюу газрыг чөлөөлсөн газрын алба хэрэгжүүлж, биелүүлсэн бол тухайн гараашийг өмчлөгч нь өөрөө буулгаж, зохих зардлаа ч нөхөх боломж байсан. Тухайлбал нэг гараашинд 2 ширхэг хувийн хөндлөн, нийт 40 хавтан, нэг гараашинд дээр үеийн зузаан төмөр хоёр ширхэг, хаалга буюу нийт 20 төмөр хаалга, 6 метр урттай 22 ширхэг хавтан, 20 ширхэг даацын ялуу болон гараашийн дахин ашиглаж боломжтой олон тооны тоосго байсан боловч энэ боломжийг ч олгоогүй, мэдэгдэлгүйгээр гараашийг ийнхүү нураасны улмаас бидний өмчлөх эрх ноцтой зөрчигдөж байна.

2.2. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө...” гэж заасан. Дээрх заалтын дагуу “*******” ХХК-д газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгөхөөр зохицуулсан. Гэвч энэхүү мэдэгдлийг компанид /газрын хувийн хэрэгт “*******” ХХК-ийн хаяг, болон компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ дээр тус компанийн захирал Д.ын өнөөдөр барьж байгаа 99767081 дугаар утаснаас ч болтугай мэдээлээгүй/ өгөөгүй, ямар нэгэн мэдэгдэх хуудас, мэдэгдэл компанид өгсөн, хүргүүлсэн эсэх талаар баримтыг хариуцагч нэхэмжлэгчид хүргүүлээгүй. Захиргааны байгууллага хугацаатай мэдэгдэл өгөөгүй нь Газрын тухай хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн. Нийслэлийн Засаг даргын А/*******-р захирамжаар Газрын тухай хуулийн 57.3-д заасны дагуу зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Тодруулбал “*******” ХХК нь огт зөвшөөрөлгүйгээр дур мэдэн газар дээр гарааш бариагүй, Засаг даргын маргаан бүхий захирамж нь нийслэл хотод газар эзэмших огт зөвшөөрөлгүйгээр дүүрч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй гараашуудыг Газрын тухай хуулийн дээрх заалтын дагуу чөлөөлсөн. Гэтэл “*******” ХХК-ийн хувьд зөвшөөрөлгүй бус, зохих зөвшөөрлийг тухайн үед Засаг даргаас авч байсан, мөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй, бусдын өмчийг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Газрын тухай хуулийг зөрчиж ийнхүү чөлөөлж, нураасан нь “*******” ХХК-ийн өмчлөх эрхэд ноцтой халдсан хууль бус шийдвэр болсон.

2.3. Ийнхүү Засаг даргын дээрх хууль бус шийдвэрийг болгоомжгүй, хохирол гаргуулахаар Нийслэлийн Захиргааны анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/******* дугаар шүүхийн шийдвэрээр хэрэгжүүлэх эрхийн гэрчилгээний хугацаа дууссан газрыг цуцалсан засаг даргын шийдвэр хууль ёсны шийдвэр гэж үзэж бидний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Бид давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2024/ дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд уг магадлалын 5.2, 5.3 дахь хэсэгт “газрыг чөлөөлөх явцад алдаа гаргаж, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг зөрчиж, газрыг чөлөөлөхдөө алдаа гаргасныг хүлээн зөвшөөрч, тухайн үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо гаргуулах нэхэмжлэлийг зохих журмаар гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй...” гэж дүгнэлтийг гаргасан. Тиймдээ ч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд, “...газрыг чөлөөлөх захирамжийг үйл ажиллагаатай холбоотой байх тул захирамжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны алдаа нь тухайн захирамжийг...”, “Газрын тухай хуулийн зарим зохицуулалтыг баримтлаагүй нь буруу байх тул ...” гэж дүгнэсэн болно.

2.4. Бид хөрөнгийн үнэлгээний “*******” ХХК-аар 2023 онд дээрх 20 гараашийг үнэлүүлэхэд 300 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө болохыг тогтоож үнэлсэн болно. Гэтэл Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг үл харгалзан, Улсын бүртгэлийн байгууллагын шийдвэргүй бусдын өмчлөх эрхэд, зүй бусаар халдсан тул бид дээрх хохирлоо гаргуулахаар буруутай этгээдээс шаардах эрхтэй билээ. “*******” ХХК нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр байршилтай 20 гараашийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч билээ.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг захиргааны хэргийн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2-т “иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна”, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 498 дугаар зүйлийн 498.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана...” гэж тус тус заасны дагуу “Осо” ХХК-ийн хууль ёсны өмчлөх эрхтэй 20 ширхэг гараашийг буулгаж чөлөөлсний улмаас уг гараашийн зах зээлийн үнэ 300 сая төгрөгийг хариуцагч уг гараашийг буулгах, чөлөөлөх үйл ажиллагааг Засаг зохион байгуулалтын албанаас гаргуулахыг өгнө үү.

2.5. Бид дээрх хохирлоо гаргуулахаар Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 00623 дугаар тогтоолоор уг маргааныг Засаг даргын 2023 оны А/******* дугаар захирамжийг хэрэгжүүлж, газрын чөлөөлөх үйл ажиллагааг гүйцэтгэсэн Хан-Уул дүүргийн Газрын албаны үйл ажиллагаатай холбоотой маргааныг эхлээд захиргааны шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж, тухайн шүүхэд урьдчилан хохирлоо хамтдаа нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн болно. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т “бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүх...” шийдвэрлэнэ гэж заасны дагуу газрыг чөлөөлөх үйл ажиллагаа нь хууль бус болохыг дааж заалдах шатны шүүх дүгнэсэн тул бид газар дээрх гараашийг хууль бусаар чөлөөлсөн үйл ажиллагааны улмаас хохирлоо гаргуулахаар ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Дээрх хуульд шүүх уг маргааныг шийдвэрлэхээр хуульчилсан тул захиргааны бусад байгууллагад хандалгүйгээр ийнхүү шүүхэд шууд нэхэмжлэл гаргасан болно...” гэжээ.

2.6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд газрыг энэ хуульд заасан хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан байдаг. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр “огт зөвшөөрөлгүй гарааш барьсан хүмүүс байдаг. "*******" ХХК огт зөвшөөрөлгүйгээр гарааш барьсан биш тухайн үедээ үйлчилгээний зориулалтаар тухайн газрыг авсан байдаг. Тэгэхдээ хугацаагаа сунгуулж чадаагүйн улмаас тухайн газар нь төрийн өмч болсон. Тэгсэн хэдий ч тухайн үед зардал гаргаж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байсан. 22,000,000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ байдаг. Энэ хөрөнгийг Газрын тухай хуулиар юу гэж зохицуулсан байдаг вэ гэхээр Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн

бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасан байдаг.

Нэхэмжлэгч компанид мэдэгдсэн талаарх баримтыг өнөөдрийн хуралдаанд хариуцагч нэг ч гаргаж өгөөгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 57 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авснаас хойш эс зөвшөөрч байгаа бол тэр талаарх баримтыг нотлох баримтын шаардлага хангаж шүүхэд гаргаж өгнө гэж заасан байдаг. Энэ нь хариуцагчийн өөрийн үүрэг юм. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч компанид мэдэгдсэн талаарх нэг ч мэдэгдлийг өгөөгүй.  Хавтаст хэрэгт авагдсан мэдэгдэх хуудсан дээр иргэн гэдэг нь хов хоосон байна. Мэдэгдэл хүлээн авсан тасалбар гэдэг дээр нэхэмжлэгч компанийг төлөөлсөн хүний гарын үсэг байхгүй байна. Хариуцагч 3 хоногийн хугацаанд мэдэгдэл хүргүүлсэн гэж байгаа боловч 20 ширхэг гараашийг 3 хоногийн дотор буулган авах боломж практикт бодитоор байхгүй. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасан журмыг Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын алба зөрчсөн байна. Газрыг чөлөөлөх тухай захирамж дээр газрыг чөлөөлөх асуудлыг цагдаагийн байгууллагатай хамтарч шийдвэрлэнэ гэсэн байдаг. Энэ асуудалд цагдаагийн газраас огт оролцоогүй байсан. Энэ талаарх баримтаа ирүүлсэн байдаг. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “захирамжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны алдаа гарсан” гэдгийг дүгнэсэн байдаг.

Бид нар шүүхийн шийдвэрийг эх хувиар нь өгсөн. Шүүх "Газрын тухай хуулийн зарим зохицуулалтыг баримтлаагүй нь буруу" гэж дүгнэсэн байдаг. Нэхэмжлэгч хохирлын хэмжээг өөрийн дур зоргоор нэхэмжлэх эрхгүй юм. Сангийн яамнаас тусгай зөвшөөрөл авсан хөрөнгийн компаниар үнэлүүлсэн. Хөрөнгийн үнэлгээний компани нэг гараашны зах зээлийн дундаж үнийг 15,000,000 төгрөгөөр тогтоосон. Бид нар хохирлоо зохих эрх бүхий байгууллагын дүгнэлтээр нотолсон. Энэ байгууллага хариуцлагагүй алдаа гаргасан. Газрын хувийн хэрэг дээр компанийн удирдлагын дугаарууд байдаг. Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасан журам болон Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааны шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Энэ нь асуултад хариулсан тайлбараар нь нотлогдож байна гэж үзэж байна. Өнөөдөр газар эзэмших эрхтэй этгээд нь “Осо” ХХК юм.

Хариуцагч тал бид нар олон нийтийн хэрэгслээр мэдэгдсэн гэж хэлсэн. Энэ талаарх баримтаа өнөөдөр нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Үүнийг харахад захиргааны байгууллага хариуцлагагүй ажилласан гэдэг нь харагдаж байна. Газрын гэрчилгээ байхгүй байна гээд хүний эд хөрөнгийг дээрэлхэж болно. Дээрэлхэж байгаа ч гэсэн тухайн этгээдэд мэдэгдэх ёстой. Гэхдээ мэдэгдэх ажиллагааг огт хийгээгүй. Энэ талаарх баримтыг өгөөгүй. Хариуцагч байгууллага бусдын үл хөдлөх бүхий эд хөрөнгийг Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасан журам болон Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан заалтыг баримтлаагүйгээр хүч түрэн нурааснаараа нэхэмжлэгч компанийн эд хөрөнгө хохирсон. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д. өөрөө бие муутай хөгшин настай тул эхнэрийнхээ дүүд тухайн гараашнуудыг эргэж тойрч байгаарай гэж захидаг байсан гэдгээ хэлсэн. Нэхэмжлэгч тал тухайн гараашийг нураасны дараа мэдсэн

гэсэн. 3 хоногийн дотор өдөр болгон очин гэж байхгүй. Жилдээ нэг удаа эргэж тойрдог. Нэг хүн таны гараашийг нураасан байна гэдгийг нь хэлсэн. Тэр үед нэхэмжлэгч мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч тал 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдэх хуудас наасан байсан. 20-ны өдөр чөлөөл гэсэн утгатай мэдэгдэх хуудас өгсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргасан баримтыг харахад 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гэсэн байдаг. Өмнө нь акттай маргаж байхад ийм баримтыг огт өгч байгаагүй. Иргэний шүүх дээр маргаж байхад гэнэт энэ баримтыг үзүүлсэн. Бид нар энэ талаар Иргэний шүүх дээр маргаж байхад мэдсэн.

Зөвшөөрөлгүй хууль бус газруудыг чөлөөлж болно. Зөвшөөрөлгүй этгээдэд нь мэдэгдэх ажиллагаа огт хийгээгүй байсан. Энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй байсан. Бид нар мэдээгүй тул зах зээлийн үнэлгээгээр хохирлоо шаардаж байгаа. Захиргааны байгууллага Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх явцдаа алдаа гаргасан байна. Газрын тухай хуульд заасан журмыг баримталж ажиллаагүй тул нэхэмжлэгч компанийн эрх зөрчигдсөн байна. 40 хавтан 20 төмөр хаалга 6 метрийн урттай 22 ширхэг даацын налуу байсан. Хэрвээ энэ материалуудыг компани өөрөө авсан бол өөр газар гарааш барих байсан. Харамсалтай нь энэ үйл ажиллагааг хийгээгүй гаршуудыг нураасан. Нэхэмжлэгч компанийн өмчлөх эрхэд халдсан тул хохирлоо гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д шийдвэрийн төрлийг заасан байдаг. Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д нэхэмжлэлийн төрлийг заасан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 102 дугаар зүйл, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, "*******" ХХК-ийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэв.

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:

3.1. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/******* дүгээр захирамжийн хүрээнд тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших эрхийн гэрчилгээгүй 22 гараашийн газрыг чөлөөлсөн. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 27.4-т "Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно", 57 дугаар зүйлийн 57.3-т "Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө", 57.4-т "Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна" заалтуудын дагуу дээрх гараашуудад 2022 оны 10 дугаар сарын 17, 2023 оны 3 дугаар сарын 14, 28-ны өдрүүдэд газар чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдлүүдийг хүргүүлсэн бөгөөд заасан хугацаанд газраа чөлөөлөөгүй, хариу тайлбар ирүүлээгүй тул газрыг чөлөөлсөн. 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр чөлөөлөх ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд газрыг чөлөөлж байх хугацаанд гарааш эзэмшигчид өөрсдийн эд хөрөнгийг дотроос нь зөөвөрлөж авсан байдаг” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “2022 оны 10 дугаар сараас 2023 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд гараашны эзэмшигчид мэдэгдэл хүргүүлээгүй байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрвээ энэ гараашны эзэмшигч байсан бол тухайн гараашийг түрээсэлж байсан хүмүүс мэдэгдсэн байх ёстой. Бүхэл бүтэн 6-7 сарын  хугацаанд мэдээгүй байна гэж байхгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзэв.

            2. Нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” ******* дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай 300 м.кв газрыг 4 жилийн хугацаагаар үйлчилгээний зориулалтаар ашиглах эрхийг “*******” ХХК-д олгохоор шийдвэрлэснээр, эрх бүхий байгууллагаас 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдөр *******дугаартай “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрээ”-г газар эзэмшигч хуулийн этгээдтэй байгуулжээ.

3. Улсын бүртгэлийн байгууллагаас дээрх газар эзэмшүүлэх тухай шийдвэр, гэрээг үндэслэн 2003 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийт 269.2 м.кв талбайтай 22,000,000 төгрөгийн үнэ бүхий 20 автомашины гараашны өмчлөгчөөр “*******” ХХК-ийг эрх улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэж, “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ” олгожээ.

4.  Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/******* дүгээр захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.19 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалт, 23 дугаар зүйлийн 23.3.5 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/09 дүгээр тогтоолоор баталсан "Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл"-ийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны ******* дугаар тогтоолыг тус тус үндэслэн газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар тогтоосны дотор “*******” ХХК-ийн 20 гараашийн газар багтаж газар чөлөөлөлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг.

5. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн зүгээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/******* дүгээр захирамжийн хавсралтын 85-д заасан Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 49 дүгээр цэцэрлэгийн хойд талд байрлах тоосгон гарааш буулгах, газар чөлөөлөх тухай заалт хууль бус байсан болохыг тогтоолгож, тухайн газар дээр ашиглагдаж байсан, “*******” ХХК-ийн өмчлөлийн автомашины тоосгон 20 ширхэг авто гараашны үнэ 300,000,000 төгрөгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаснаар тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “*******” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дугаар магадлалаар анхан шатны шүүхийн ******* дугаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчээс “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/******* дүгээр захирамжийг хэрэгжүүлж газрыг чөлөөлсөн захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаатай холбоотой гомдол, нэхэмжлэлийг зохих журмаар гаргах эрх”-ийг нээсэн гэх тайлбартай ба,

6.1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дугаар магадлалын Хянавал хэсгийн 5.3. “...Харин тухайн чөлөөлөх үйл ажиллагаанаас учирсан хохиролтой холбоотой гомдол нь энэхүү Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан А/******* дүгээр захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгож, уг хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирол гаргуулахаар маргаж буй нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь өөрөө энэхүү үйл ажиллагааг явуулаагүй байх тул мөн гомдлыг хангах үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь тухайн захирамжийг хэрэгжүүлж газрыг чөлөөлсөн захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаатай холбоотой гомдол, нэхэмжлэлийг зохих журмаар гаргах эрхтэй ...” гэжээ.

7. Энэ үйл баримтыг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4. “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэх зохицуулалтын дагуу шүүхээс үнэлж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн талаар болон урьд олж авсан газар эзэмших, ашиглах эрхээ хангуулах эрхтэй эсэх талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй болохыг тэмдэглэв.

8. Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтад харьяалагдах, Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 344 дугаар тушаалаар хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн 091100183 гэрчилгээтэй “*******” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гүйцэтгэсэн “*******” ХХК-ийн хүсэлтээр хийсэн 20 автомашины гараашийн үнэлгээний тайлангийн 3.1. “...Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтын дагуу гараашны зориулалттай тоосгон гараашийн нэг ам метр талбайн жишиг үнийг 778,860.00 төгрөгөөр тогтоосон байна. Энэ жишиг ханшаар тооцвол гараашны зориулалттай барилгын өнөөгийн үнэ цэнэ: Өртгийн хандлагын аргаар 300 м.кв *778,860₮=233,658,000₮, элэгдэл тооцсон үлдэгдэл өртөг 233,658,000₮ /60 жил * 37 жил=144,089,100 ₮ болж байна...” гэжээ.

9. Энэ баримтын хүрээнд нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрх”-ээ хэрэгжүүлж, мөн хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар оролцогчийг сонсож, нөхцөл байдлыг тогтоож чадаагүй, мэдэгдээгүй зэргээр тайлбарлан мэтгэлцсэн.

10. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн өмчлөлд байсан 20 тооны гарааш  нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7. “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх” зарчмын үүднээс авч үзвэл, газраас буулган салгамагц үл хөдлөх эд хөрөнгийн шинжээ алдах нь тодорхой байгааг анхаараагүй, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1. “Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавих” бүрэн эрхээ хэрэгжүүлж гаргасан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/******* дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангахдаа Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3. “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4. “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” 59 дүгээр зүйлийн 59.1. “Газар чөлөөлүүлэх, албадан нүүлгэхэд цагдаагийн байгууллага дараахь үүрэгтэй”, 59.1.1. “хууль, гэрээнд заасан үндэслэлээр газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болсон, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн, ашигласан бол албадан нүүлгэх тухай Засаг даргын шийдвэрийн биелэлтийг хангах” гэж заасныг бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэв.

11. Хэсэгчлэн хангасан үндэслэл нь хариуцагчаас газрын эрхийн зөрчлийн талаар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй, сөрөг агуулгатай актыг хэрэгжүүлэх явцдаа оролцогчийг сонсоогүй, эрхийг нь хангуулах талаар бодитой ажиллаж, нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй гэж, харин нэхэмжлэгчээс өмчлөх эрхээр эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан эд хөрөнгөө хариуцан хамгаалаагүй, эргэж тойроогүй, удаа дараагийн мэдэгдлүүдийг хүлээн авах, мэдэх боломжийг удаан хугацааны туршид эдлээгүй гэж үзэж, нэхэмжлэгч, хариуцагчийн хэн альных нь буруутай үйл ажиллагаа байна гэж дүгнэж, дээр дурдсанаар Газрын тухай хууль зөрчигдсөн гэж үзэж, нэхэмжлэгчийн өмчлөлд байсан 20 гараашны үнийг анхны өртгийн хандлагын аргаар тооцож гаргасан мөнгөн дүнгээс элэгдлийг хасаж үлдэх өртгөөр нь тооцох нь гаргуулах хохирлын хэмжээг бодитой тогтооход байв.

12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2. “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан нөхөн төлүүлнэ” гэснийг хэрэглэж улсын тэмдэгтийн хураамжийг зааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.7, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж, гараашны үнэд 144,089,000 /нэг зуун дөчин дөрвөн сая наян есөн мянга/ төгрөгийг хариуцагч Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч хуулийн этгээдэд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                У.БАДАМСҮРЭН