Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/ма2022/00803

 

Д ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/00478 дугаар шийдвэртэй, Д ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.М-ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 777,627,705 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Төмөрсүх, М.Баярцэнгэл, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Түвшинжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: А.М- нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Д ББСБ ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 300,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж А.М- болон Ш.Т нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн +++ дугаарт бүртгэлтэй ++ 1 тоот хаягт байршилтай 218 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн хүү 35,009,747 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,548 төгрөг, нийт 35,052,295 төгрөг төлсөн. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 300,000,000 төгрөг, зээлийн хүү 397,827,705 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,800,000 төгрөг, нийт 777,627,705 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Зээлийн гэрээ байгуулж, 300,000,000 төгрөг зээлж авсан. Д ББСБ ХХК-ийн захирал Б.П-той 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ярилцаад барьцаа хөрөнгө болох ++ 1 тоот хаягт байршилтай 218 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түүний нэр дээр шилжүүлж зээлийн төлбөрийг бүрэн барагдуулж, гэрээний үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Барьцаа хөрөнгө нь зээлийн төлбөр болон зээлийн хүүг төлөхөд хангалттай гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1, 236 дугаар зүйлийн 236.1.2-т заасныг баримтлан хариуцагч А.М-аас зээлийн гэрээний үүрэгт 777,627,705 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа эрхийн улсын бүртгэлийн +++ дугаарт бүртгэлтэй ++ 1 тоот хаягт байршилтай 218 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай Д ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,590,140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шийдвэрийн үндэслэх хэсгийн 10 дугаарт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу ...зээлийн гэрээг цуцалж ...хариуцагчаас нийт 432,387,705 төгрөг төлөх үүрэгтэй байна, 11 дүгээрт цуцалснаас хойшхи хугацааны хүү 345,240 төгрөгийг шаардах эрхгүй гэж дүгнэжээ. Зээлдүүлэгч тал Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгчээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй, үүргээ биелүүлээгүй бол мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, мөн гэрээний 7.2-д Гэрээг хугацааны өмнө цуцалсан нь зээлийг буцаан төлөх хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, хохирол, зардлаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж заасан. Зээлдэгч гэрээний нөхцөл бүрийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан. Иймд зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллага зээлийн гэрээний зөрчигдсөн үе болон гэрээний хугацаа дууссанаас хойш зээлээ бүрэн төлж дуусгах хүртэл хугацаанд, гэрээ цуцалсан эсэхээс үл хамааран хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл 345,240 төгрөгийг шаардах бүрэн эрхтэй.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14, 18 дугаарт ...барьцаа хөрөнгийг Б.П-т шилжүүлсэн зээлийн болон барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсон байх тул ... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэжээ. Барьцаа хөрөнгө нэхэмжлэгч байгууллагын нэр дээр шилжээгүй тул зээлийн болон барьцааны гэрээ дуусгавар болохгүй гэж үзэж байна. Хариуцагч иргэн зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй, зээлдүүлэгч байгууллагад барьцаа хөрөнгийг шилжүүлээгүй байхад шүүх гэрээг дуусгавар болсон гэж үзсэн нь үндэслэлгүй. Хариуцагч А.М- нь 2018 онд зээл авснаас хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, зээл авснаас хойш 4 жилийн хугацаа өнгөрч байхад шүүхээс нэг талыг барьсан шийдвэр удаа дараа гаргаж байгаад гомдолтой байна. Иймд хариуцагчаас зээл, зээлийн хүүнд нийт 777,627,705 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн гаргасан хариу тайлбарын агуулга: Д ББСБ ХХК-ийн менежерт нь зарж борлуулахаар итгэмжлэл өгч, захирал Б.П- нь худалдах-худалдан авах гэрээгээр барьцаа хөрөнгийг нэр дээрээ шилжүүлж авсанЗээлийн гэрээний үүргээ биелүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянав.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв талаас нь үнэлсэн боловч тухайн маргаанд хамаарах хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул өөрчлөлт оруулав.

 

3. Нэхэмжлэгч Д ББСБ ХХК нь хариуцагч А.М-ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 300,000,000 төгрөг, зээлийн хүү 397,827,705 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,800,000 төгрөг, нийт 777,627,705 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн +++ дугаарт бүртгэлтэй ++ 1 тоот хаягт байршилтай 218 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 300,000,000 төгрөг зээлдүүлсэн боловч зээлийн хүү 35,009,747 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,548 төгрөг, нийт 35,052,295 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй гэсэн агуулгаар тайлбарлажээ. /хх 1-2, 36, 59, 107, 240-244/

Хариуцагч А.М- нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тус компанийн захирал Б.П-той ярилцаад барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг түүний нэр дээр шилжүүлж зээлийн төлбөрийг бүрэн барагдуулсан гэж маргасан байна. /хх-30, 235/

 

4. Зохигчид 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 00002177 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлдүүлэгч Д ББСБ ХХК нь 300,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч А.М- нь зээлийг хуваарийн дагуу төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд дээрх үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон байна. /хх-7-11/

 

5. Зохигчид зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, гэрээ байгуулагдсан эсэх үйл баримтын талаар маргаангүй байна. Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг заасан гэрээний харилцаа үүссэн бөгөөд зээлийн болон барьцааны гэрээг хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн нь мөн хуулийн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт нийцсэн байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга зэрэг бичгийн баримтыг үндэслэн /хх-121/ хариуцагч А.М-ыг нэхэмжлэгч Д ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ зөрчсөн буюу түүний гүйцэтгэвэл зохих үүргийг үндсэн зээл 300,000,000 төгрөг, зээлийн хүү 109,550,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,837,705 төгрөг, нийт 432,387,705 төгрөг гэж зөв тооцжээ. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Д ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 432,387,705 төгрөг гаргуулах буюу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй.

 

6. Хэдийгээр хариуцагч А.М- нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх боловч уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө барьцаалагчийн өмчлөлд шилжсэн үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсон байна. Тодруулбал, барьцааны зүйл болох ++, 1 тоот хаягт байршилтай 218 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэгч Д ББСБ ХХК-ийг төлөөлөх эрхтэй гүйцэтгэх захирал болох Б.П-ын өмчлөлд шилжсэн /хх147, 205/ байна. Иймд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.4-т заасан барьцааны зүйлийг өмчлөх эрх барьцаалагчид шилжсэн үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон буюу барьцаа хөрөнгө зээлийн гэрээний үүрэгт тооцогдсон шилжсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Уг хөрөнгийг Б.П-т шилжүүлсэн үндэслэлийн талаар барьцаатай холбон /хх242/ тайлбарласан. Барьцааны зүйлээр үүргийг хангах этгээд буюу өмчлөгч нь Б.П- болсон байна.

 

Иймд нэхэмжлэгч Д ББСБ ХХК-ийг зээлийн гэрээний үүрэгт 777,627,705 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан зээлийн төлбөрөө бүрэн төлөөгүй, барьцаа хөрөнгө зээлдүүлэгч байгууллагад шилжээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

7. Харин анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт баримталбал зохих хуулийг баримтлаагүй байх тул залруулж энэ талаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай.

 

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/00478 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 236 дугаар зүйлийн 236.1.2 гэснийг 160 дугаар зүйлийн 160.1.4 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 4,046,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                   Ц.ИЧИНХОРЛОО

Д.ЦОГТСАЙХАН