| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/00827/И |
| Дугаар | 197/шш2025/12937 |
| Огноо | 2025-10-08 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 197/шш2025/12937
2025 10 08 197/ШШ2025/12937
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Х******* дүүрэг, *** хороо,*** байр, *****тоотод байрлах, Ө********* /рд:*********/-ийн нэхэмжллтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Б****** дүүрэг, **** хороо, М***** Д******** гудамж, Ш*******хотхон, **** тоотод байрлах, М****** ХХК /рд:*****/-д холбогдох,
13,184,709 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Э**** /цахимаар/, хариуцагчийн төлөөлөгч О.Х******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 13,184,709 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Зохигчид дараах үндэслэлээр, нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлаа тодорхойлсон. Үүнд:
2.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Манай компани 2022 онд хариуцагчийн нэхэмжлэлтэй, татварын улсын байцаагчийн актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийн урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд хууль зүйн туслалцаа үзүүлсэн. Урьдчилгаа 10,000,000 төгрөг авсан. Гэрээний хавсралтанд заасны дагуу үлдэгдэл төлбөрөө гаргуулна... гэжээ.
2.2 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй учир хөлсийг төлөхгүй... гэж маргажээ.
2.3 Зохигчид гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний дагуу гүйцэтгэх ажил үүрэг, төлбөрийн хэмжээ, урьдчилгаанд төлсөн дүн, нийт төлөх дүн зэрэгт маргаагүй. Харин гэрээний дагуу өмгөөлөх тал ажил үүргээ гүйцэтгэсэн эсэхэд маргаж байна.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1 Зохигчид 2022 онд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, уг гэрээгээр Ө******** нь М********* ХХК-ийн нэхэмжлэлтэй, татварын улсын байцаагч нарт холбогдох, татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсгийн заалт хуульд нийцсэн эсэх талаар татварын маргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн шатанд нэхэмжлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэхээр тохиролцож, үйлчлүүлэгчээс өмгөөлөгчид гэрээний урьдчилгаанд 10,000,000 төгрөгийг 2 хувааж төлсөн болох нь хэрэгт авагдсан 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2022/26 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 12-13-р тал/
3.2 Талуудын хооронд байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хавсралтын 1.1 дэх заалтад хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний нийт төлбөр нь нийт төлбөрийн хангагдсан үнийн дүнгийн 10 хувь байхаар, 1.2 дах заалтад ажлын зардалд гэрээ байгуулмагц 10,000,000 төгрөгийг үйлчлүүлэгч урьдчилан төлөх, 1.4 дэх заалтад нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хавсралтын 1.1-д заасан нийт хөлснөөс 1.2-т заасан зардлыг хасч тооцно гэж тус тус заасан байна. /хх-ийн 12-13-р тал/
3.3 Нэхэмжлэгч Ө********* ХХК нь хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Н.Э*********** болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл гэх баримтаар тогтоогдож байна.
3.4 Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн захиргааны хэргийн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн шатанд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үзүүлж, хариуцагч гэрээгээр тохиролцсон хөлсийг төлөхөөр тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна.
3.5 Талууд гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн гэрээнд гарын үсгээ зурсан нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дах хэсэгт заасанд нийцсэн байх ба гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.
3.6 Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
3.7 Дээрх гэрээний үүргийн хүрээнд нэхэмжлэгч нь татварын маргаан таслах комиссийн хуралдаанд 1 удаа биеэр оролцож, 1 удаа хойшлуулсан, Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн анхан шатны шүүх хуралдаанд 2 удаа биечлэн, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдаанд 1 удаа биечлэн, 2 удаа давж заалдах журмаар гомдол гаргаж, давж заалдах шатны шүүхийн магадлалаар М******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нарын татварын нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөр болох 300,468,050.2 төгрөгөөс 231,847,099.33 төгрөгийн төлбөрийг хасч, үлдэх төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэж, магадлал хүчин төгөлдөр болсон гэх үйл баримтууд шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
3.8 Харин хариуцагч нь нэхэмжлэгчийг шийдвэрлэх буюу магадлал хүчин төгөлдөр болсон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй, залгасан үед утсаа авдаггүй, шүүх хуралдаанд үндэслэл бүхий тайлбар гаргадаггүй, гэрээний үүргээ биелүүлээгүй гэж, нэхэмжлэгч нь хариуцагч шаардлагатай баримтуудыг гаргаж өгдөггүй зугтдаг байсан, гэрээнд заасан хөлс мөнгөө өгөхөөс зайлсхийж, сүүлийн давж заалдах шүүх хуралдаанд өөр өмгөөлөгч оруулсан байсан гэж маргасан.
3.9 Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр өмгөөлөгчийн 1 удаагийн шүүх хуралдаанд оролцох, хүсэлт, гомдол бичих үнэ хөлсийг нарийвчлан заагаагүй, харин нийт төлөх хөлс нь шүүхийн шийдвэрээр хангагдсан нэхэмжлэлийн шаардлагын 10 хувь байхаар тохиролцсон байна.
3.10 Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь өмгөөлөгчийн хувиар биечлэн оролцоогүй ч түүний бичсэн давж заалдах гомдлоор хэргийг хэлэлцэж, гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.
3.11 Хөлсөөр ажиллах гэрээний онцлог нь хөлсөөр ажиллагч нь ажил үйлчилгээ явуулсныхаа төлөө хөлс авдаг бөгөөд харин тодорхой үр дүнг шаарддаггүй. Зохигчид нийт хангагдсан шаардлагын үнийн дүнгийн 10 хувиар хөлс төлнө гэж тохиролцсоноос, нэхэмжлэлийг ашигтайгаар шийдвэрлүүлж, үр дүнг гаргана гэж тохиролцоогүй.
3.12 Иймд хууль зүйн туслалцаа үзүүлэгч тал нь захиргааны маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх шат болон удаа дараагийн шүүх хуралдаанд биечлэн оролцож, давж заалдах журмаар гомдол гаргаснаар түүний гомдлоор хэргийг хэлэлцэж, гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон зэргээс үзэхэд хөлсөөр ажиллагч буюу өмгөөлөгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул тэрээр хөлсөө шаардах эрхтэй.
3.13 Хариуцагч нь нэхэмжлэгч залгасан үед утсаа авдаггүй, шүүх хуралдаанд үндэслэл бүхий тайлбар гаргадаггүй, гэрээний үүргээ биелүүлээгүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй, талуудын гар утасны харилцах мессежинд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр дээрх байдал тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй гэх хуульд заасан нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй.
3.14 Иймд Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэгчийн татварын төлбөр 300,468,050.2 төгрөгөөс 231,847,099.33 төгрөгийн төлбөрийг хасч, үлдэх төлбөрийг М******** ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон гэж талууд харилцан маргахгүй тайлбарлаж байх тул 231,847,099.33 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн гэж үзэж, энэхүү үнийн дүнгийн 10 хувь буюу 23,184,709 төгрөг нь талуудын хооронд байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хавсралтын 1.1 дэх заалтад заасан нийт хөлс мөн гэж дүгнэв.
Энэхүү гэрээний нийт хөлс болох 23,184,709 төгрөгөөс урьдчилан төлсөн гэх 10,000,000 төгрөгийг хасч тооцон, үлдэх 13,184,709 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй.
4. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М*********ХХК-иас 13,184,709 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө********** ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 223,874 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 223,874 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт авагдсан дуу дүрсний бичлэг агуулсан флашийг хэрэгт үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН