Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 209/МА2022/00036

 

******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2022/01041/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  01 дүгээр сарын 07-ны өдрийн 62 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* холбогдох     

Нэхэмжлэлийн шаардлага: “Авто машинд учруулсан бодит хохирол 28,699,000 төгрөг гаргуулах” тухай,

Хариуцагч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

  1.  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа:

2020 оноос ******* нь таны автомашиныг жолоодож, хөлсөөр ажиллая гэж санал тавьснаар “Норд бенз” маркийн ******* дугаартай авто машинаа итгэл хүлээлгэн хөлсөөр ажиллах гэрээг амаар байгуулан хөлсийг цаг тухайд нь өгч ажиллуулж байсан.

******* нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Цагаанхад гэх газарт өөрийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргаж миний өмчлөлийн Норд бенз маркийн ******* улсын дугаартай авто машинд 28,669,000 төгрөгийн хохирол учруулсан.

Тухайн үед миний 100 хувийн буруутай үйлдэл байсан, миний буруугаас осол гарсан, автомашинд учирсан хохирлыг бүрэн хариуцна, автомашинд хохирлын үнэлгээ хийлгэх шаардлагагүй, тээврийн цагдаад битгий мэдэгдээрэй, жолооны эрх хасчихна гэж өрөө хүсэлт бичиж өгсөн.

Гэвч хариуцагч нь осол гаргаж автомашин эвдчихээд алга болсон. Хохирлоо арилгаж өгөхийг шаардахад дараа янзалж өгье гэдэг. Зарим эд ангиудыг худалдан авч чадахгүй болон цаашид тээвэр хийх боломжгүйд хүрч байна.

Иймд хариуцагч *******аас 28,669,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301445 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.        

  1. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Би ******* машиныг хөлсөөр барьж байсан. 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр урд цуваагаар явж байсан машин дохио өгөлгүй гэнэт зогссон. Тоормос ажиллахгүй болсон байсан учраас урд талын машинаа мөргөсөн.

Энэ талаар шууд машины эзэн *******өд залгаж хэлээд Цагдаа, даатгалаа дуудах уу гэхэд даатгалгүй байгаа учраас битгий дууд гэсэн. Гэтэл 2 цагдаа аваар гарсныг хараад ирсэн.

Цагдаа ******* бид  хоёрыг тохиролц гэсэн. ******* 5,000,000 төгрөг төлүүлнэ гээд надаар гарын үсэг зуруулсан.

Иймд 28,659,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн машин техникийн бүрэн бүтэн байдлыг миний бие хариуцахаар гэрээ хийж тохиролцоогүй гэжээ.

3.Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч *******аас 20,699,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******өд олгож, үлдэх хэсэг болох 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 301,445 төгрөгийг нөхөн гаргуулж төрийн сангийн орлогод оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас хангагдах үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж 261,445 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 62 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

4.а. Тухайн үед ноцтой хохирол учирсан бол цагдаад шалгуулж урд явж байгаад гэнэт зогссон машины буруу юу, миний буруу юу гэдгийг тогтоолгох эрх нь байхад ******* нь өөрөө даатгалгүй цагдаад шалгуулахгүй гэсэн байж нэг жилийн дараа хуучин авто машиндаа урсгал засвар хийсэн зардлыг надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Зам тээврийн осол болсон талаар ямар ч нотлох баримтгүй байхад анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, хариуцагчийн буруутай үйлдлийг тогтоосон баримтгүй байж нэхэмжлэгчийн тайлбар, зарлагын баримтыг үндэслэн гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.б Кабиныг хонхойлгосон болон түүнийг будах зардлыг баримтын хэмжээнд төлөхөд татгалзах зүйлгүй гэвч энэ талаарх зардлыг баримтаар нэхэмжлээгүй тул нэхэмжилж байгаа 28,669,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагч *******ын давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Хэргийн болсон үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад тулгуурлан дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулж, авто машинд учруулсан гэм хорын хохирол 28.699.000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч ******* нь тухайн осол болоход би ур чадвар, авхаалж самбаа гаргаж, өөрийн болон хүний амь нас эрсдэлд учруулаагүй, машины бүрэн бүтэн байдлыг бүрэн хариуцахаар гэрээ хийж тохироогүй, хуулиараа тухайн машины эзэмшигч, өмчлөгч нь хохирлыг хариуцах ёстой гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж маргажээ.

Хэргийн үйл баримтаас үзвэл: Нэхэмжлэгч ******* Норд бенз маркийн ******* улсын дугаартай, өөрийн өмчлөлийн авто машинаар Эрдэнэс таван толгойн уурхайн Зүүн Цанхиас  БНХАУ-ын Ганцмод боомт хүртэлх чиглэлд нүүрс тээвэрлэхээр “Би Эс Тур транс” ХХК-тай хамтран ажиллахаар харилцан тохиролцож, гэрээ байгуулжээ.

Тус гэрээний дагуу нүүрс тээвэрлэлтийг хийхээр Норд бенз маркийн ******* улсын дугаартай, өөрийн өмчлөлийн авто машинаа ******* аман хэлцлээр шилжүүлж, хэд хэдэн удаа нүүрс тээвэрлэсэн байх агаад тухайн тээврийн хөлсөө тохиролцсон ёсоор авч харилцан биедээ ашигтай хамтран ажиллаж байсан байх ба  хамтран ажилласан талаар талууд маргаагүй байна.

Хариуцагч ******* 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нүүрс тээвэрлэлт хийж байх үедээ урдаа явсан машиныг араас нь мөргөж, зам тээврийн осол гаргасан бөгөөд учруулсан хохирлыг 100 хувь хариуцахаа илэрхийлсэн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлгээр тогтоогдоно.

Дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч ******* өмчлөлийн Норд бенз маркийн ******* улсын дугаартай авто машинд хохирол учирсан болох нь ******* дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, фото зураг, тухайн үед хариуцагч *******аас Замын Цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Ослын улмаас автомашинд 28.699.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэргийн 13-18, 21-25 дахь талд авагдсан баримтууд буюу фото зургууд, “Грийт маунт голден гоби транс” ХХК-ний кабин худалдаж авахаар тохиролцсон 8.000.000 төгрөгийн нэхэмжлэх, радиатар, турбин радиатарын 840.000 төгрөгийн зарлагын баримт, НОЦ авто сэлбэгийн газраас 24 төрлийн 18.400.000 төгрөгийн сэлбэг авсан зарлагын баримт, иргэн 25 төрлийн 1.429.000 төгрөгийн сэлбэг авсан зарлагын баримт зэргээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч ******* эдгээр баримтуудыг үгүйсгэсэн буюу нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан баримтууд гаргаж өгөөгүй болно.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас 8.000.000 төгрөгийн кабин худалдаж авах тухай нэхэмжлэлийг шууд гарсан зардал гэж үзэх үндэслэлгүй гэж хасч тооцон, 20.699.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн зөв гэж үзнэ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд  уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх/ адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус зааснаар буруутай этгээд болох ******* бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж зааснаар хариуцагч ******* өөрийгөө буруугүй гэдгээ болон нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон бичгийн баримт, шүүхэд гаргасан тайлбарыг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хуулиар хүлээсэн үүргээ өөрөө биелүүлээгүй гэж үзнэ. 

Хариуцагч ******* нь давж заалдах гомдлын үндэслэлээ  зам тээврийн ослыг эрх бүхий байгууллагаар шалгуулаагүй, болсон үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хуучин машинд хийсэн урсгал зардлыг шүүх ялгаж салгаж ойлгоогүй, шинжээчийн дүгнэлт гараагүй байхад шүүх буруу шийдвэрлэсэн гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. 

 Хэрэгт авагдсан баримтаар осол болсон даруйд талууд автомашинд учирсан хохирол төлөх талаар харилцан  тохиролцсон байх ба хариуцагч нь өөрийн татгалзлаа буюу гэм буруугүй талаар шүүхэд нотлох баримтыг  ирүүлээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад автомашинд учирсан хохирлын талаар шинжээч томилуулах тухай хүсэлт гаргах эрх нь байсаар атал хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг шүүх зөрчөөгүй байх тул хариуцагч Г.Цогтбаатарын  давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ ХЭСЭГ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  01 дүгээр сарын 07-ны өдрийн 62 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******аас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261.445 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

      

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.БАЙГАЛМАА

                                     ШҮҮГЧ                                      Г.ДАВААРЕНЧИН

                                     ШҮҮГЧ                                      Л.АМАРСАНАА