| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/03895/И |
| Дугаар | 197/шш2025/13702 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 197/шш2025/13702
2025 10 22 197/ШШ2025/13702
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******** дүүрэг,***дугаар хороо, **** хороолол, Э***** гудамж, ** байр, *** тоотод оршин суух, А***овогт Б****** С***** /рд:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Ч******дүүрэг, *** дугаар хороо, Б**** гудамж, **** тоотод оршин суух, З**** О****** /рд:******/-д холбогдох,
13,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 13,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Зохигчид дараах үндэслэлээр, нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлаа тодорхойлсон. Үүнд:
2.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа бүрэн хийж дуусгаагүйгээс манайх дутуу үлдээсэн ажлыг нь өөр хүнээр хийлгэж, 13,000,000 төгрөгийн хохирол учирсан. Иймд хийгээгүй үлдээсэн ажлын хөлс 13,000,000 төгрөгийг нэхэмжилж байна... гэж тодорхойлсон.
2.2 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Гэрээний дагуу ажлаа хийж, зөвхөн 2,000,000 төгрөгийн ажлыг л дутуу үлдээсэн тул 2,000,000 төгрөгийг нь төлж болно. Үлдсэнийг нь зөвшөөрөхгүй... гэж маргасан.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1 Нэхэмжлэгч Б.С******** нь Ха******** хотхоны ****, *** тоотод байрлах орон сууцанд дотоод заслын ажлыг ***хоногийн хугацаанд, нийт 24,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр хариуцагч З.О********* 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, хийх ажлын үнийг гэрээгээр нэг бүрчлэн тохиролцож, урьдчилгаа 11,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн болох нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 9-12-р тал/
3.2 Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хариуцагч нь тодорхой ажил /гэрээнд зааж жагсаасан ажил/-ыг хийж гүйцэтгэн үр дүнг нь нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь тохирсон хөлсийг төлөх үүргийг хүлээсэн байгаагаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ бичгээр байгуулагдсан байна.
Талууд гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн, бичгийн гэрээнд гарын үсгээ зурсан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дах хэсэгт нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.
3.3 Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээнд заасан ажлыг 12 орчим хоног хийгээд ажлаа дутуу орхиод явсан, ажлаа хүлээлгэж өгөөгүй гэж, харин хариуцагч нь гэрээ байгуулснаас хойш 1 сар орчим ажиллаж, зөвхөн 2,000,000 орчим төгрөгийн үнэ хөлстэй ажлыг дутуу орхисон гэж тайлбарласан. Гэвч хариуцагч нь ямар ажлыг дутуу орхиж явсан талаар хэрэгт авагдсан баримт байхгүй байна.
3.4 Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч гэрээний дагуу хийх ажлаа дутуу орхиж явснаас үүдэн дутуу заслуудыг өөр хүнээр 13,000,000 төгрөгөөр хийлгэсэн тул энэ хохирлоо нэхэж байна. Түүнээс урьдчилгаанд төлсөн 11,000,000 төгрөгийг бол буцаан нэхээгүй. Тэр нь хийсэн ажлынх нь хөлс юм гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсноос үзвэл тэрээр хариуцагчид урьдчилгаанд төлсөн 11,000,000 төгрөгийг нэхэмжлээгүй, харин хариуцагч гэрээний үүргээ зөрчсөнөөс шалтгаалан гэрээг цуцалсаны улмаас учирсан хохирлоо нэхэмжилсэн байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 227 дугаар зүйлийн 227.5 дах хэсэгт үүрэг гүйцэтгэгч тодорхой ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгээгүй, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч уг үүргийг өөрөө гүйцэтгэх буюу гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж, учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй гэж зохицуулсан нь гэрээг цуцалснаас учирсан хохирлыг арилгуулахад хамаарна.
Хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгч нь учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй боловч хариуцагчийн дутуу орхисон ажлыг өөр этгээдээр хийлгэснээс 13,000,000 төгрөгийн хохирол учирсан гэх тайлбараа нотлох баримтыг шүүхэд гарган өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй гэх хуульд заасан нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй.
3.6 Гэвч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын 2,000,000 төгрөгийг төлөх дээр маргахгүй байх тул талуудын зарчимд үндэслэн хариуцагчаас 2,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 11,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу тухайн нэхэмжлэлийг үндэсний арбитраар шийдвэрлүүлмээр байна гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхнаасаа нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлээ гаргасан тул арбитраар шийдвэрлүүлэхгүй гэж тус тус маргасан.
Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Арбитрын хэлэлцээртэй боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд аль нэг тал тайлбар гаргахаасаа өмнө уг маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бол шүүх аль нэг талын хүсэлтээр арбитрын хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус, эсхүл биелүүлэх боломжгүй гэж үзсэнээс бусад тохиолдолд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгоно гэж зохицуулсан.
Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 6.2-т маргаан гарвал арбитраар шийдвэрлүүлэхээр заасныг талууд арбитрын хэлэлцээртэй гэж дүгнэж болох хэдий ч нэхэмжлэгч нэхэмжлэлээ шүүхэд гаргасан, мөн талуудын аль нэг нь тайлбар гаргахаасаа өмнө уг маргааныг арбитраар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгохгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.О******** 2,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.С***** олгож, үлдэх 11,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 222,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН