| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 2428000000061 |
| Дугаар | 2024/ДШМ/64 |
| Огноо | 2024-12-09 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 11.6.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2024/ДШМ/64
Ц.*******, Б.******* нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: О.Батнасан,
Шүүгдэгч, хохирогч: Ц.*******,
Түүний өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг, Э.Дөлгөөн,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Володя даргалж, шүүгч З.Ууганбаяр, Б.Төрболд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/150 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.*******ийн өмгөөлөгч, Б.Оюунтунгалаг, Э.Дөлгөөн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч, хорихогч Б.*******, Ц.******* нарт холбогдох 2428000000061 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 02 дугаар сарын 26-ны орой 21 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Баруун сайхан ******* тоот хашааны гадна Ц.*******тэй гэр бүлийн маргаанаас болж маргалдаж, түүний толгой хэсэгт архины шилээр, нүүр хэсэгт гараар цохиж биед толгойн дагз хэсгийн хуйханд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун хацарт зулгаралт, толгойн хуйх, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ц.******* нь 2024 оны 02 дугаар сарын 26-ны орой 21 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Баруун сайхан ******* тоот хашааны гадна Б.*******тай гэр бүлийн маргаанаас болж маргалдаж, хутга хэрэглэн цээжний зүүн хэсэгт хэвлий хөндий рүү нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний цоорол, зүүн бөөрний хатгагдсан шарх бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Өмнөговь аймаг дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор О.Батнасан нь Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ц.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.*******ийг 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ийн цагдан хоригдсон 12 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын цагдан хоригдсон 12 хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 180000 төгрөгийг эдлэх торгох ялаас хасаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч Т.*******д буцаан олгож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ээс 13,090,412 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******д олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлээс 729,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд, мөн Эрүүл мэндийн даатгалын байгууллага 2747900 төгрөгтэй холбоотой нотлох баримтаа тус тус бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Шүүгдэгч Ц.******* хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******д 15800000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.******* хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.*******ийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Шүүгдэгч Ц.******* нь мөрдөн шалгах ажиллагаанаас буюу анх гэрчээр мэдүүлэг өгөх үеэсээ эхлэн өөрийн үйлдлийн улмаас Б.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байдаг бөгөөд улсын яллагчийн зүгээс Ц.*******ийн энэхүү үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж, шүүх мөн Ц.*******ийг тус зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол...” гэж заасан гэмт хэрэг нь ихэвчлэн хохирогчийн өдөөн хатгасан, ёс бус авирласантай холбоотой тухайн этгээд сэтгэл санааны гэнэтийн цочролд орж үйлдэгдсэн байдаг бөгөөд хохирогчийн нэг эсхүл хэд хэдэн удаагийн хууль бус үйлдлийн улмаас ч сэтгэл санааны гэнэтийн цочрол үүссэн байж болдог.
Тус хэргийн тухайд Ц.*******ийн эхнэр болох ******* нь нөхрөөсөө өөр хүнтэй дотно харьцаа үүсгэж, тухайн хүн нь Ц.*******ийн амьдралынхаа бүхий л цаг хугацааны нэгээхэн хэсэг болсон гэр оронд нь өөрийн юм шиг орж гарах болсноор ******* эхнэртээ хөөгдөж гэртээ ч орж чадахгүй болсон нөхцөл байдал тогтоогддог бөгөөд энэ нь Ц.*******т сэтгэл зүйн хүнд дарамт, гутрал үүсгэж байсан гэж харагдахаар байна. Ингээд зогсохгүй тус өдөр Ц.*******ийг гэр бүлийн уламжлалт баяр ёслол болох сар шинээр хүүтэйгээ уулзах гээд гэртээ ирэхэд нь хохирогч Б.******* “чи яахаараа манай эхнэр дээр ирдэг юм, чи яах гээд манай гэрийн үүдээр эргэлдээд байдаг юм” гэж хэрүүл маргаан үүсгэж, Ц.*******ийг машинаасаа буугаад ирэхэд хүч хэрэглэсэн үйл баримт тогтоогддог бөгөөд Б.*******ын ийнхүү хүч хэрэглэсэн нэр, төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон хууль бус үйлдлээс нь улбаалан Ц.******* сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал нь алдагдан Б.*******ын биед хүнд хохирол учруулсан болох нь түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...архи барьцан хүн ирээд машины хаалга нээгээд томорсон. Чи яахаараа манай эхнэр дээр ирдэг юм чи ******* мөн биз дээ гэхээр нь машинаасаа буугаад ирсэн чинь намайг шууд цохиод авсан. Дараа нь намайг дахиад барьж явсан архины шилээрээ цохисон тэгээд миний уур хүрээд...” гэсэн мэдүүлэг,
гэрч М.*******ын “...******* өнөөдөр хүү дээрээ очиж хононо гээд явж байсан... ******* эрүүл явж байсан...” гэсэн мэдүүлэг,
гэрч У.*******гийн “...Тэгээд би *******тай элбэж газарт унагаж байгаад чи ухаантай байгаач чи хүн хутгалчихсан байна гэсэн чинь ******* тайвшраад өөрийн хийж байгаа үйлдлээ ухамсарлаад *******ыг надтай хамт түшиж яваад гэрт оруулаад ******* миний утсаар түргэн дуудсан. ...манай хашааны хаалганы баруун талд гадаа эвок нэртэй архины хагархай шил байсан...” гэсэн мэдүүлэг, 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 124 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог.
Тодруулбал Ц.******* нь “сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан” гэх нэр томьёо, хууль зүйн ойлголтыг мэдэхгүй учир тухайн үеийн сэтгэл зүйн байдлаа өөрийн илэрхийлэх хэмжээндээ “уур хүрээд” гэж илэрхийлсэн байх бөгөөд ийнхүү *******ийн сэтгэцийн хэвийн байдал алдагдсан байсныг гэрч *******гийн “чи ухаантай байгаач чи хүн хутгалчихсан байна гэсэн чинь ******* тайвшраад өөрийн хийж байгаа үйлдлээ ухамсарлаад” гэж илэрхийлсэн мэдүүлгээс харж болно.
Ц.*******ийг сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдахад хүргэсэн гол шалтгаан нь *******ын “эхнэртэй нь явалдаж, олон жил зүтгэж босгосон амьдралыг нь сүйрүүлсэн ёс суртахуунгүй үйлдэлдээ гэмшихийн оронд өөрийг нь доромжилж, бие эрх чөлөөнд нь халдсан” үйлдэлтэй нь шууд холбоотой байх бөгөөд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж, хэргийн зүйлчлэлийг өөрчлөх нь мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох, 1.15 дугаар зүйлд заасан гэм буруугүйд тооцох зарчимд нийцнэ гэж үзэж байна.
Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн 2024/ШЦТ/150 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Ц.*******ийн өмгөөлөгч Э.Дөлгөөн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” үндэслэлийг тусгайлан хуульчилсан байх бөгөөд тус зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно”, 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж тус тус заасан.
Ц.*******ийн тухайд анх гэрчийн мэдүүлэг өгөхөөсөө эхлэн шүүхийн хэлэлцүүлэг хүртэл өөрийн гэм буруу дээрээ маргалгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсээр ирдэг бөгөөд анхан шатны шүүхээс тогтоосон хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан зэрэг нь дээрх хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрдүүлж байна.
Б.Оюунтунгалаг өмгөөлөгчийн зүгээс хууль зүйн ойлголтын хувьд Ц.*******ийн гэм бурууд хэргийн зүйлчлэл тохирсон, зөв эсэх дээр маргадаг хэдий ч энэ нь Ц.*******ийн гэм буруу,. хийсэн үйлдэлтэй нь маргаж буй асуудал биш тул хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн эсэхээс үл хамааран аль ч зүйл хэсгээр хэргийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл буйг эрхэм шүүгч нар минь анхааран үзэж, хуулийн агуулгад нийцүүлэн түүнд оногдуулсан ялыг багасгаж өгнө үү гэжээ.
Хохирогч Б.*******аас давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие шүүгдэгч Ц.*******ээс 13090412 төгрөгийг эхнэрийнхээ Хаан банкны дансаар авсан. Одоо Ц.*******ээс нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй. Гомдол санал байхгүй. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэжээ.
Прокурор О.Батнасан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүх прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь бодит байдлаар хянасны үндсэн дээр гэмт хэргийн сэдэлт зорилго, гэмт хэрэг гарсан байдал, гэм буруугийн хэлбэрийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт гаргаж шүүгдэгч Ц.*******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг үндэслэлтэй тайлбарлан зүйлчилж, хуулийг зөв хэрэглэсэн гэж дүгнэж байна.
Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэгт хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны хүчтэй огцом бүрэлдсэн сэтгэцийн байдал, гэнэтийн цочрол балмагдалт зэргээс шалтгаалах хүний сэтгэл зүйн хэвийн байдал алдагдаж, оюун ухааны ухамсарт үйл ажиллагаа саармагжина. Өөрөөр хэлбэл зөв дүгнэлт өгөх, үйлдлээ сонгох болон өөрийгөө хянах чадвар тодорхой түвшинд буурах, өөрийн үйлдэл үр дагаврыг тал бүрээс нягт нямбай тунгаан цэгнэх боломжгүй болсноор хоромхон зуур хариу үйлдэл гаргаж бусдад хохирол учруулдаг шинжээрээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргээс ялгагддаг.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гэмт хэрэг гарахад нөлөөлсөн хүчин зүйлд хохирогч Б.*******ын гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй зүй бус харилцаа, үг, үйлдэл байгаа хэдий ч тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч Ц.*******ийг хүчтэй цочроосон сэтгэцийн тэнцвэрт байдлыг илтэд алдагдуулсан гэж үзэх нь хэрэгт цугларсан нотлох баримтуудад тогтоогдоогүй.
Шүүгдэгч хохирогчийн эрх чөлөөнд хутга барин халдсан ухамсарт үйлдлийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэж үзэж дүгнэх боломжгүй. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болсон тул шүүгдэгч Ц.*******ийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн гаргасан гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан заалтыг хэрэглэн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх талаар гаргаж байгаа шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Дөлгөөний гомдлыг хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж дүгнэж байна.
Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй. Шүүхээс шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь хэргийн бодит байдал, үйл баримт, шударга ёсны зарчим, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэн.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, Э.Дөлгөөн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч, хохирогч Ц.*******ийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:
Үйл баримттай зүйлчлэл тохирохгүй байх үед хэргийн үйл баримтыг шүүхээс судалсны дараа хуульд байгаа хамгийн оновчтой шийдлийг олж хэргийн зүйлчлэлийг зөв сонгох асуудлыг хууль тогтоогч илэрхийлсэн байна.
Ц.*******ийн үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгөхийг өмгөөлөгчийн зүгээс хүсэж гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн талаар хуульчилсан. Үүнд гэмт хэргийн шинжийг өөрт нь хүч хэрэглэсэн эсвэл хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан шинжийг тодорхойлсон.
Хэргийн үйл баримтаас харахад Б.******* нь Ц.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. Хүүтэйгээ уулзах гээд гэртээ очсон байхад нь Б.******* согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн үедээ архи бариад чи Ц.******* мөн үү манай гэрт яагаад ирчихсэн юм. Яах гээд манай эхнэртэй уулзаад байгаа юм гэдэг байдлаар зүй бус харьцсан байдаг. Ц.*******ийг буугаад ирсний дараа шууд түүнийг цохиж хүч хэрэглэсэн үйлдлийг хийсэн байдаг. Ингээд Ц.******* тухайн үед сэтгэл зүйн цочролд орж Ц.*******ын биед гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон. Энэ нь хэргийн бодит байдал болон гэм буруугүйд тооцох зарчмын дагуу Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. Тэгэхээр энэ гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон сэдэлт, шалтгаан, нөхцөл, мөн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэв.
Шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.*******ийн өмгөөлөгч Э.Дөлгөөн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:
Ц.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхан шатны шүүх болон гэрчийн мэдүүлэг өгөхөөсөө эхлээд үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч мэдүүлдэг.
Анхан шатны шүүхээс оногдуулсан хохирол төлбөрийн хэмжээг бүгдийг нь бүрэн төлж барагдуулсан. Эдгээр нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэж үзэж байна гэв.
Шүүгдэгч, хохирогч Ц.*******: Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 02 дугаар сарын 26-ны орой 21 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Баруун сайхан ******* тоот хашааны гадна Б.******* нь Ц.*******тэй гэр бүлийн маргаанаас болж маргалдаж түүний толгойн хэсэгт архины шилээр, нүүр хэсэгт гараар цохиж толгойн дагз хэсгийн хуйханд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун хацарт зулгаралт, толгойн хуйх, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Ц.******* нь Б.*******тай гэр бүлийн маргаанаас болж маргалдаж, хутга хэрэглэн түүний цээжний зүүн хэсэгт хэвлий хөндий рүү нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний цоорол, зүүн бөөрний хатгагдсан шарх бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******ын “2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баруунсайхан ******* тоотод *******тай уулзаад *******гийн машиныг нь хашаанд тавиад гэрт нь орсон. ...намайг гарах гэж байхад *******гийн хуучин нөхөр нь согтуу ирж байгаа талаар яриад байсан. Тэгээд би хашаанаас гараад хашааны хаалгыг нь хаачихаад явах гэж байтал машины гэрэл тусаад нэг “Приүс 20” загварын машин ирсэн.
Би Ц.*******ийг эр хүн шиг хэл амаараа учраа олчихъё гэж хэлэхэд Ц.******* намайг заамдаад боогоод бид хоёр заамдалцаад би Ц.*******ийг цааш нь түлхээд авсан. Тэгээд маргалдаж байгаад би эргээд явсан. Баруунсайханы 22-23 тоот хашааны урдуур алхаж байтал Ц.******* машины хаалгаа нээгээд хаах шиг болсон тэгсэн миний араас гүйгээд ирсэн. Ц.******* араас ирээд надтай барилцаад авсан, би цааш нь дахиад түлхсэн чинь миний зүүн бөөр орчимд халуу асгаад нойтон оргиод эхэлсэн.
Би гараараа дараад үзтэл гар цус болсон байсан. Би *******ийг хутгаар дүрчихсэн байна гэж хэлээд би энгэртээ байсан архиа гаргаж ирээд ******* рүү далайтал ******* тонгойгоод бултсан, би архиа газарт алдаад тухайн архины шил хагарсан. Би Баруун сайхан ******* тоот хашааны хаалганы гадаа алхаж очоод *******д хандан намайг хутгалчихлаа гэж хэлсэн.
Би өөрийн биед хийгдсэн эмчилгээний зардал болон цаашид эмчилгээ хийхэд гарах зардлыг нэхэмжилмээр байна. ” (1 дүгээр хавтаст хэргийн 24-28 дахь тал) гэх,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.*******ийн “2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүүхэдтэйгээ уулзах гээд очсон чинь гэрт хүүхэд байхгүй эхнэр гэртээ байхаар нь гэртээ ороогүй хашааныхаа үүдэндээ машиндаа сууж байсан чинь архи барьсан хүн ирээд машины хаалга нээгээд томорсон. Чи яахаараа манай эхнэр дээр ирдэг юм чи Ц.******* мөн биз дээ гэхээр нь машинаасаа буугаад ирсэн чинь намайг шууд цохиод авсан.
Дараа нь намайг дахиад барьж явсан архиныхаа шилээр цохисон, тэгээд миний уур хүрээд уг нь бол айлгах гээд машинд байсан хутгаа аваад Б.*******ыг хутгалсан.
Толгойн дагз хэсгийн хуйхны шарх, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлийг Б.******* надтай маргалдаж байгаад архины шилээр миний толгойн ар дагз хэсэгт нэг удаа цохисны улмаас зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, баруун хацрын зулгаралт уг гэмтлүүдийг Б.******* учруулсан.
Надад хэн нэгнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Б.******* надад хохирол төлбөр төлсөн зүйл байхгүй.” (1 дүгээр хавтаст хэргийн 29-32 дахь тал) гэх,
Иргэний нэхэмжлэгч Т.*******гийн “ Ц.******* ах надад хэлэхдээ чиний хотоос авхуулсан хутгаар чинь хүн хутгалчихсан тэгээд уг хутгыг цагдаа эд мөрийн баримтаар хураагаад авсан гэж хэлсэн өөр зүйл мэдэхгүй. Тухайн хэрэг болох үед ******* ахын барьж байсан хутгыг би 2024 оны 02 дугаар сард Улаанбаатар хотод байдаг Хар сүлд гэх нэртэй хутга зардаг дэлгүүрээс фейсбүүк лайваар зохион явуулдаг 100000 төгрөгийн үнэтэй сугалаанд орсон. Тэгээд уг сугалаанаас тухайн хутгыг хожсон.
Улаанбаатар хотоос буюу Хар сүлд хутганы дэлгүүрээс Өмнөговь аймаг явах замын унаанд хийж өгөөд Өмнөговь аймаг дээр Ц.******* аваад Ноён сум руу унаанд өгч явуулах гэж байсан юм. Уг хэрэг гардаг өдөр Ц.******* тухайн хутгыг замын унаанаас тосож аваад машиндаа авч явж байгаад хүн хутгалж гэмтээсэн байсан. Тухайн хутганы төмөр нь үнэтэй ховор сайн чанартай учраас хутгаа биет байдлаар нь буцааж авч хэрэглэмээр байна.” (1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дахь тал) гэх,
Гэрч У.*******гийн “2024 оны 02 дугаар сарын 26-ны орой 17 цаг өнгөрч байхад Б.*******ыг гэрээс нь очиж аваад гэртээ ирээд хамт байж байсан. Тэгсэн манай охин залгаад аав согтуу очиж байгаа юм шиг байна шүү гэж хэлсэн. Би Б.*******ыг явъя хэрүүл маргаан болно гэсэн чинь Б.******* би явахгүй. Ц.*******тэй эр хүн шиг уулзана чи салаад 4-5 жил хамт амьдраагүй байж яагаад энэ хүнээс айх ёстой юм бэ? би энэ хүнтэй эр хүн шиг уулзаж ярилцана гээд уурлаад яваагүй.
Б.*******ыг явахгүй хашааны гадаа байхаар нь чи гэртээ харь хэрүүл маргаан болно гэж хэлээд би хашааны хаалгаа хаагаад цоожилсон. Тэгээд байж байтал гадаа хүмүүс маргалдаад байгаа чимээ гарсан. Тэгэхээр нь би гэрээс гарсан чинь Б.******* чи эр хүн шиг ярилцчих чи хутга барьсан байна шүү дээ гэж хашхирсан.
Тэгэхээр нь би айгаад ойртож очилгүй чагнаад зогсож байхад тэр хоёр хоорондоо хэрэлдээд маргалдаад зууралдаад байгаа чимээтэй байсан. Тэгж байснаа Б.******* чи яаж байгаа юм бэ намайг дүрчихсэн байна шүү дээ эр хүн шиг ярилцаж гараараа үзэж чадахгүй яасан арчаагүй юм бэ гэх чимээ гарсан.
Би юу болоод байгаа юм бэ хутга бариад байгаа юм уу гэсэн чинь Б.******* хутгыг нь хаяулчихлаа намайг Ц.******* дүрчихсэн байна гараад ир гэхээр нь би хашаанаас гараад очтол Ц.******* Б.******* хоёр хашааны гадаа зууралдаад байж байсан.
Би Б.*******тай элбэж газарт унагаж байгаад чи ухаантай байгаач чи хүн хутгалчихсан байна гэсэн чинь Ц.******* тайвшраад өөрийн хийж байгаа үйлдлээ ухамсарлаад Б.*******ыг надтай хамт түшиж яваад гэрт оруулаад Ц.******* миний утсаар түргэн дуудсан. Тэгээд Ц.******* Б.*******ын шархыг нь хараад цус гарсан газрыг нь гараараа дарж байгаад ороолтоор ороож боосон.” (1 дүгээр хавтаст хэргийн 40-43 дахь тал) гэх мэдүүлгүүд,
Өмнөговь аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 124 дугаартай шинжээчийн “Ц.*******ийн биед толгойн дагз хэсгийн хуйханд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун хацарт зулгаралт, толгойн хуйх, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ц.*******ийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Ц.*******ийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” (1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дэх тал),
Өмнөговь аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 125 дугаартай шинжээчийн “Б.*******ын биед цээжний зүүн хэсэгт хэвлийн хөндийрүү нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний цоорол, зүүн бөөрний хатгагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Б.*******ын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
Б.*******ын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” (1 дүгээр хавтаст хэргийн 57-60 дахь тал),
“Дамно” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 65 дугаартай шинжээчийн “Хутга /модон иштэй, хар сүлдний дүрс бүхий тэмдэгтэй 32 см урт/, 1 ширхэг, нийт үнэ 108000 төгрөг.” (1 дүгээр хавтаст хэргийн 130-134 дэх тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 942 дугаартай шинжээчийн “Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******ын сэтгэцэд гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна.
Гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцийн хор уршиг нь түр зуурын эсвэл байнгын эсэх нь эрүүл мэндийн эмчилгээ, эдгэрэлт, хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл хамт олны дэмжлэг бүхий орчин зэргээс хамаарна.” (2 дугаар хавтаст хэргийн 49-51 дэх тал) гэсэн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 16-20 дахь тал зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ц.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Ц.*******ийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг нь “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн тогтоох”, Э.Дөлгөөн нь “Ц.*******т оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж зааснаас үзэхэд давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх эрхийг олгосон байна.
Хохирогч Б.*******ын анхан шатны шүүх хуралдаанд “...Хэдийгээр бид хоёр маргалдаж гэмтэл учруулсан хэдий ч хохирол төлбөр барагдуулж байгаа нөхцөл байдлыг харгалзан, мөн миний буруутай үйлдэл байгаа учраас бага ял шийтгэл оногдуулж өгнө үү.” (2 дугаар хавтас хэргийн 115 дахь тал), давж заалдах шатны шүүхэд “...Одоо Ц.*******ээс нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй. Гомдол санал байхгүй. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” (2 дугаар хавтас хэргийн 143 дахь тал) гэсэн тайлбарууд болон шүүгдэгч Ц.*******ийн “өөрийнхөө үйлдэлд гэмшиж байна. Хийсэн хэрэгтээ гэмжшиж байна.” (2 дугаар хавтас хэргийн 97, 110) гэсэн мэдүүлгүүдийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж тус тус заасныг үндэслэн Ц.*******т анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Ц.*******ийн өмгөөлөгч Э.Дөлгөөний “шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлж барагдуулсан тул оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн тогтоох” агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоол өөрчлөлт оруулсан тул ял шийтгүүлсэн этгээдийн цагдан хоригдсон хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор тогтов.
Шүүгдэгч Ц.*******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан шинжийг агуулаагүй, дээрх хуулийн заалтад заасан гэмт хэргийн шинж нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй тул түүний өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан тул шүүгдэгч Ц.*******ийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 54 /тавин дөрвөн/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор тогтов.
Шүүгдэгч Ц.******* нь давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******д 13090412 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогч Б.*******ын тайлбараар нотлогдсон тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.*******ийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн хэргийн зүйлчлэлийг өөрчлөх тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/150 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “шүүгдэгч Ц.*******ийг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял” гэснийг “шүүгдэгч Ц.*******ийг 3 /гурван / жил 4 /дөрвөн/ сарын хугацаагаар хорих ял” гэж, шийтгэх тогтоолын 5 дахь заалтын “Ц.*******т оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг” гэснийг ““Ц.*******т оногдуулсан 3 /гурван/ жил 4 /дөрвөн/ сарын хорих ялыг” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.*******ийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 54 /тавин дөрвөн/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Шүүгдэгч Ц.******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******д гэм хорын хохирол болон 13090412 төгрөгийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Л.УГТАХБАЯР