Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2026/0474

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өмгөөлөгч Н.Энхжаргал /ШТЭҮД1051/,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Маамын Батдэлгэр /Эрх зүйн маргаан, шүүхийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн/,

Гуравдагч этгээд: “Зэст АМЗ майнинг” ХХК /РД:6742599/,

Гуравдагч этгээд “Зэст АМЗ майнинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ганболдын Ариунболд /РД:ЛЮ80032219/, Боржигон овогтой Лхамсүрэнгийн Нямдулам /РД:УХ88011701/,

Гуравдагч этгээд “Үнэн бэх” ГХОХХК /РД:6249264/,

Гуравдагч этгээд “Үнэн бэх” ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Булиа овогтой Алтансолонгын Ананд /РД:УП93101933/,

Гуравдагч этгээд “Үнэн бэх” ГХОХХК-ийн өмгөөлөгч Энхболдын Гомбо /ӨНБД:3320/.

Нэхэмжлэлийн шаардлага: “...“Үнэн бэх” ГХОХХК-д тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосын газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 151 дүгээр шийдвэр, “Зэст АМЗ Майнинг” ХХК-д олгосон тусгай зөвшөөрөл олгосон 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 442 дугаар шийдвэр, 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 144 дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батдэлгэр, гуравдагч этгээд “Зэст АМЗ майнинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунболд, Л.Нямдулам, гуравдагч этгээд “Үнэн бэх” ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ананд, гуравдагч этгээд “Үнэн бэх” ГХОХХК-ийн өмгөөлөгч Э.Гомбо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Равжаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Анх маргаан бүхий Дундговь аймгийн Баянжаргалан, Гурвансайхан сумдын нутагт орших Цагаан айраг уул нэртэй 8313,13 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-021282 дугаартай тусгай зөвшөөрлийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 151 дугаартай шийдвэрээр “Үнэн бэх” ХХК-д  олгожээ.

1.2. Дараа нь Дундговь аймгийн Баянжаргалан, Гурвансайхан, Өндөршил сумын нутаг дахь Жаргалан нэртэй 7748,69 гектар талбай бүхий XV-019321 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Тайга зоне” ХХК-аас гаргасан хүсэлтийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай” 442 дугаартай шийдвэрээр “Зэст АМЗ майнинг” ХХК-д шилжүүлж бүртгэж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” 144 дугаартай шийдвэрээр Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг дахь Жаргалант нэртэй 807,36 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Зэст АМЗ майнинг” ХХК-д олгосноор тухайн бүс нутагт тус компаниуд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг явуулж эхэлжээ.

1.3. 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан сумын иргэд болох Ж.Арцмаа, Д.Мөнхбат нараас “Амьд хууль төв” ТББ-ийн тэргүүн  өмгөөлөгч Н.Энхжаргалд хандан “... бидний хүрээлэн буй орчныг хамгаалж, газар нутгаа цаашид дахин ухуулмааргүй байна, бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна ...” гэх агуулга бүхий хүсэлтийг гаргажээ.

1.4. Өмгөөлөгч Н.Энхжаргал нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын иргэдээс гаргасан хүсэлтийн хүрээнд судалгаа шинжилгээ хийж нийтийн эрх ашиг зөрчигдсөн, цаашид зөрчигдөж болзошгүй гэж үзээд 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “ Ашиглалт хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох тухай” 1/39 дугаартай албан бичгээр ХҮ-021282, ХҮ-019321, МҮ-022793 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулахаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдол гаргажээ.

1.5. Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Гомдлын хариу хүргүүлэх тухай” 1/1798 дугаартай албан бичгээр “...тусгай зөвшөөрлүүдийг одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Ашигт малтмалын тухай хуулийн дагуу олгож, шилжүүлсэн байх тул уг шийдвэрүүдийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна” гэх хариуг нэхэмжлэгч өмгөөлөгч Н.Энхжаргалд хүргүүлжээ.

            1.6. Нэхэмжлэгч өмгөөлөгч Н.Энхжаргалаас Ашигт малтмал газрын тосны Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт “Үнэн бэх” ГХОХХК-д олгосон хайгуулын ХҮ021282 тоот тусгай зөвшөөрөл бүхий Ашигт малтмал, газрын тосын газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 151 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, мөн “Зэст АМЗ майнинг” ХХК-д олгосон MV022793 тоот тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосын газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 144 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах, хайгуулын ХҮ019321 тоот тусгай зөвшөөрөл олгосон 442 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гаргасан ба тус шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 5150 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлжээ.

            Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

            2.1.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...Нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д зааснаар хүрээлэн буй орныг хамгаалах зорилгын хүрээнд гаргаж байна.

2.1.1. Хүрээлэн буй орныг хамгаалах үндэслэлийн хүрээнд:

Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийн талаар мэдэх эрхтэй, 17 дугаар зүйлийн 3-т “байгаль орчноо хамгаалах нь иргэний журамт үүрэг” гэжээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “нийтийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг хэлнэ гэжээ.

2.1.2. Өмгөөлөгчид хандан Баянжаргалан сумын иргэд, зарим нэр бүхий иргэдээс бидний амьдарч байгаа иргэдийн хүрээлэн буй орчныг хамгаалж өгнө үү, газар нутгаа цаашид дахин ухуулмааргүй байна, орон нутгийн газрыг дахин хууль бусаар хөндмөөргүй байна, бидэнд мэдэгдэхгүйгээр тусгай зөвшөөрөл олгоод байна, цаашид газар нутгийг байгалийн тэнцлийг алдагдуулахгүй, уламжлан ирсэн нүүдлийн соёл иргэншлийн хэлбэрээр ашиглаж ирээдүй үр хойчдоо үлдээмээр байна гэсэн сонирхлыг илэрхийлсэн.Тухайлбал, тус иргэдийн Дундговь аймгийн уул уурхайн зөвлөгөөн дээр гаргасан илтгэлд: “...Дундговь аймгийн Баянжаргалан суманд одоогийн байдлаар хайгуулын 50 шахам тусгай зөвшөөрөлтэй. Ихэвчлэн жонш, нүүрс, хүрэн нүүрс,мөн газрын ховор элемент болон ураны тусгай зөвшөөрөл байна. Эдгээрээс яг одоо үйл ажиллагаа явуулж буй 14 орчим уурхай байгаагаас гадна түгээмэл тархацтай 6, бичил уурхайн 3 тусгай зөвшөөрөлтэй байна. Мөн жоншны баяжуулах 3 тусгай зөвшөөрөлтэй үйлдвэрүүд ажиллаж байна. Уул уурхайн ашиглалт олборлолтын улмаас сумын нийт иргэдэд түгээмэл тохиолдож байгаа сөрөг нөлөөллүүдээс “тээвэрлэлтийн улмаас үүсэж буй зах замбараагүй замын сүлжээ”, “олборлолтын улмаас үүссэн гүний усны хаялга”, “Сумын иргэдийн сэтгэл зүйн бухимдал зэргийг эн тэргүүнд хэлэх хэрэгтэй ... Энэ дашрамд хэлэхэд манай сумын нийт уул уурхайн үндсэндээ 90 хувь нь манай “Энгэр ус” багт харьяалагдаж бэлчээрийн мал аж ахуй эрхлэн амьдрахад маш хэцүү хүнд болов ..., Бид уг нь энэ Монгол улсын бүрэн эрхт иргэд билээ.Одоо нэмж уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй компаниуд мөн л уулгалан дайрч орж ирсээр байна. Хамгийн сүүлд гэхэд ашиглалтын 807 га талбай, хайгуулын 1028 га талбайтай “Зэст АМЗ майнинг” ХХК, хайгуулын 8313га талбай бүхий “Үнэн бэх” ХХК нарын хайгуул болон ашиглалтын талбай дахь үйл ажиллагааг явуулбал тус газруудын байршилд нийт 12 өрх шууд өртөж, 15000 орчим мал идээшлэх бэлчээр нь сүйтгэгдэх боллоо. ... Иргэдийн үгийг амьдралтай нь холбон ойлгож төрийн түмэн нүдний үүрэгтэн болох та олон түшмэд сэхээтнүүд мэргэжилтнүүдээ ... бидний үгийг бодлого баригч нарт дамжуулж чигч шулуун үйл хэргээ эрхлээрэй ... ”гэснээс нийтийн ашиг сонирхол, хүсэл эрмэлзэл тодорхой болно.

2.1.3. Өмгөөлөгчийн хувьд тухайн асуудлыг судалж үзээд нийтийн эрх ашиг зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй гэж үзэн тухайн гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгож, тухайн бүс нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдран суух, уламжлан ирсэн нүүдлийн соёл иргэншлээ авч үлдэх, цаашлаад тухайн бүс нутгийн бэлчээр усыг хэвээр үлдээж, байгаль орчноо хамгаалах гэсэн тэр хүсэл эрмэлзлийг анхаарч үзэн, тодорхой нэр бүхий тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах тухай өмгөөлөгчийн хүсэлтийг Ашигт малтмал газрын тосны газрын даргад хүргүүлсэн боловч Ашигт малтмал, газрын тосны газраас 2025 оны 04 сарын 16-ны өдрийн 1/1798 тоот албан бичгээр татгалзсан хариу ирүүлэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлийг заасан болно.

2.1.4. Баянжаргалан сумын онцлогийн хувьд. Төв аймгийн Баянжаргалан сум нь баруун хойд, хойд талаараа Төв аймгийн Баян, Архуст, Баяндэлгэр, урд талаараа Говьсүмбэрийн Баянтал, Сүмбэр, зүүн, зүүн урд талаараа Хэнтий аймгийн Дархан, Дэлгэрхаан сумтай хиллэдэг. Далайн түвшнээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хэнтийн захын уулсын мужид, геоморфологийн хувьд Хэрлэнгийн бэсрэг уулсын мужийн Хэрлэнгийн мужид багтдаг. Сумын нутаг дэвсгэр нь Хангай, Хэнтийн уулархаг, Дорнод Монголын талархаг мужид багтана. Нутгийн урд хэсгийн уулын өргөн хөндийнүүд нь газар тариаланд тохиромжтой хойд хэсгээрээ хадархаг уул толгод ихтэй, өмнөд хэсэг нь гүвээ толгод бүхий тал хээр газар юм.

2.1.5. Хүн амын хувьд 1230, мал бүхий өрх 284, 126 750 толгой малтай, мал аж ахуйд суурилсан эдийн засагтай нутаг юм. Тухайн бүс нутагт нийтдээ ашиг малтмалын тусгай зөвшөөрөл 50 гаран олгогдсон ба тусгай зөвшөөрөл авсан байгууллагаас 14 уурхай тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Өмгөөлөгчөөс дээрх 50 гаран газарт олгогдсон тусгай зөвшөөрлийн хууль зүйн үндэслэлийг хянуулах, хууль ёсны эсэхийг шалгуулах хүсэл эрмэлзэл байгаа боловч цар хүрээ, эдийн засгийн хувьд ийм боломж байхгүй тул өргөдөлд нэр дурдсан тусгай зөвшөөрлийн хүрээнд нэхэмжлэл гаргаж байгааг шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна. Нэр дурдагдаж буй тусгай зөвшөөрөл бүхий газар нь тухайн бүс нутгийн хамгийн үржил шимтэй газар бөгөөд нутгийн иргэдийн мал аж ахуй эрхлэх, нүүдлийн соёл иргэншлийг авч үлдэхэд нэн тохиромжтой, уул уурхайн үйл ажиллагаа явагдвал дахин өмнөх байдалд байгаа шигээ сэргэх бодит боломж байхгүй болно.

Энэ газар нутгийг онгон дагшин байдлаар нь авч үлдэх, хойч үед өвлүүлэн үлдээх нь өнөөгийн бидний үүрэг юм. Хүчингүй болгохыг хүсэж байгаа тусгай зөвшөөрлүүд болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд одоогоор ашиглалтын болон хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй байгаа ба үйл ажиллагаа явуулснаар хүрээлэн буй орчны тэнцэл алдагдах, байгаль орчин, газар эвдэгдэх сөрөг үр дагавар үүсэж байна.

2.1.6. Тусгай зөвшөөрлүүд олгохдоо нутгийн иргэдийн мэдэх эрх буюу тэдгээрт сонсгох ажиллагаа огт хийгдээгүй нь эрхзүйн зөрчилтэй акт гэж үзэх үндэслэл юм. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын хууль бус шийдвэрийн улмаас байгаль орчны бохирдол, байгалийн тэнцвэрт байдал алдагдаж, нийтийн бэлчээрийн мал аж ахуй эрхэлж, уламжлан ирсэн нүүдлийн соёл

иргэншлийн дагуу амьдарлаа авч явах эрх, сонирхол зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн.

2.1.7. Тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосноор хүрээлэн буй орчин эвдэгдэхээс урьдчилан сэргийлэгдэж, тухайн бүс нутагт амьдардаг нийт иргэдийн уламжлан ирсэн нүүдлийн соёл иргэншлийн дагуу амьжиргаагаа авч явах бодит боломж бүрдэж, байгалийн унаган төрхөөрөө байгаа газар нутгаа үр хойчдоо бүрэн бүтнээрээ үлдээх эрх хэрэгжиж зөрчигдөж болзошгүй газар нутагтаа амьдрах, зөрчигдөж болзошгүй хүрээлэн буй орчны бүрэн бүтэн байдал хэвээр үлдэж, алдагдахаас хамгаалагдана” гэжээ.

2.2. Нэхэмжлэгч өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэлийг гаргасан үндэслэл нь хүрээлэн буй орчныг хамгаалах. Маргаан бүхий захиргааны актуудад тодорхой хуулийн зөрчлүүд байна гэж үзсэн. Тийм учраас тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байгаа. Өмгөөлөгчийн хувьд, нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалж байгаагийн хувьд тодорхой хэмжээний эрх олгогдсон хэдий ч тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа бүх компаниудад хандаж нэхэмжлэл гаргах бодит боломж байхгүй. Энэ нутагт олгогдсон тусгай зөвшөөрлийг судлаад бэлчээр ус, байгалийн өвч ургац сайтай газар олгогдсон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах гэсэн үндэслэл, шаардлагын дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан. “Үнэн бэх” ГХОХХК-д олгосон тусгай зөвшөөрлийн тухайд, холбогдох саналуудыг аваагүй байна гэж үзэж байгаа. Усчны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан саналыг авах үндсэн шаардлага бол, газрын болон хэвлийн усанд хэрхэн нөлөөлөхийг урьдчилж төрийн захиргааны байгууллага мэдэх ёстой. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.13-д нийтийн эрх, ашиг сонирхлыг төлөөлж нэхэмжлэл гаргаж байгаа бол улсын тэмдэгтийн хураамж чөлөөлөгдөнө гэсэн агуулгын хүрээнд улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй болохыг дурдъя. Кадастрын хэлтсийн даргын 442 дугаар шийдвэрээр олгосон хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлагдсан байна гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Миний хувьд нийтийн эрх ашгийг хамгаалж нэхэмжлэл гаргасан учраас үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрх байхгүй” гэв.

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:

3.1. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Өмгөөлөгч Н. Энхжаргалаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 151 дугаартай шийдвэрээр Дундговь аймгийн Баянжаргалан, Гурвансайхан сумдын нутагт орших Цагаан айраг уул нэртэй 8313,13 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-021282 дугаартай тусгай зөвшөөрлийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Үнэн бэх” ХХК-д анх олгосон байна.

3.1.1. Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай” 442 дугаартай шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг үндэслэн “Тайга зоне” ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн TR-009163 дугаартай өргөдлийг хянаж үзээд Дундговь аймгийн Баянжаргалан, Гурвансайхан, Өндөршил сумын нутаг дахь Жаргалан нэртэй 7748,69 гектар талбай бүхий XV-019321 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тус компаниас “Зэст АМЗ майнинг” ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн.

3.1.2. Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” 144 дугаартай шийдвэр Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15, 11.1.19, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.3.2, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Умард говийн Гүвээт-Халхын дундад талын сав газрын захиргааны 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 64 дугаартай албан бичгийг үндэслэн NM-026111 дугаартай өргөдлийн дагуу Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг дахь Жаргалант нэртэй 807,36 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Зэст АМЗ майнинг” ХХК-д олгосон.

3.1.3. Монгол Улсын Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.11, 17 дугаар зүйлийн 17.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 243, 2023 оны 268, 447 дугаар тогтоолуудаар сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталж тухай бүр нийтэд мэдээлэн, зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэж, тусгай зөвшөөрөл олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж ажиллахыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад үүрэг болгосон.

3.1.4.  Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “энэ хуулийн 7.1-д заасан хуулийн этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ энэ хуулийн 10.1.2-т заасан журмын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана”, 18.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 18.1-д заасан хүсэлтийг хүлээн авч, бүртгэл хаагдсаны дараа ирүүлсэн хугацаагаар эрэмбэлж, жагсаалт гаргана.”, 20 дугаар зүйлийн 20.1-т “сонгон шалгаруулалтын үнийн саналыг үнэлэхэд дараах зарчмыг баримтална”, 20.2-т “сонгон шалгаруулалтын техникийн саналыг үнэлэхэд дараах зарчмыг баримтална”, 20.3-т “үнийн болон техникийн саналын оноог нэгтгэж шалгаруулахад дараах зарчмыг баримтална”, 20.4-т “сонгон шалгаруулалт зарласан боловч хүсэлт ирээгүй, эсхүл ирүүлсэн хүсэлт нь шаардлага хангаагүй бол сонгон шалгаруулалтыг дахин зарлаж болно.”, 20.5-т “хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход дараах зарчмыг баримтална”, 20.6-т “сонгон шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлсөн бол төрийн захиргааны байгууллага ажлын 3 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгож, хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ.”, 20.7-т “хайгуулын тусгай зөвшөөрөлд түүнийг олгосон он, сар, өдөр, эзэмшигчийн нэр, олгогдсон талбайн булангийн цэгийн солбицлуудыг тэмдэглэх бөгөөд уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой өөрчлөлтийг тусгай зориулалт бүхий хавсралттай байна.”, 20.8-т “төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон даруйд энэ тухай байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, тухайн талбай байрших аймаг, сум, дүүргийн Засаг дарга, татварын албанд мэдэгдэж, өдөр тутмын сонинд нийтэлнэ” гэж заасны дагуу төрийн захиргааны байгууллага ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгодог.

3.1.5. Ашигт малтмалын тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1.5-д “энэ хуулийн 11.1.26-д заасан талбайн мэдээллийг үндэслэн улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны үр дүнд тогтоосон ашигт малтмалын нөөц, баялаг, эрдсийн хуримтлалтай эсэхийг нягталж, талбайн геологийн мэдээллийг бэлтгэн геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх” гэж заасны дагуу Үндэсний геологийн албанаас сонгон шалгаруулалтын талбайн мэдээллийг бэлтгэж ирүүлсний дагуу тушаалаар сонгон үүргийн хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалаар сонгон шалгаруулалт зарлах тухай талбайг хавсралтаар баталж төрийн худалдан авах ажиллагааны цахим системд https://www.tender.gov.mn байршуулан нийтэд мэдээлдэг.

3.1.6. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Иргэний хууль, Компанийн тухай, Нөхөрлөлийн тухай хуульд заасны дагуу нэгдэх, нийлэх хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан тохиолдолд шинээр бий болсон эрх хүлээн авагчид, түүнчлэн хараат, охин компани нь толгой компанидаа тусгай зөвшөөрлийг шилжүүлж болно”, 49.2-т “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно” гэж тус тус заасан.

3.1.7. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах”, 26 дугаар зүйлийн 26.3-т “төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ”, 26.3.2-т “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уул уурхайн талбайг олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх” гэж тус тус заасан. Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 151 дугаартай шийдвэр, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 442 дугаартай шийдвэр, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 144 дугаартай шийдвэр нь дээрх хуулийн шаардлагуудыг хангасан бөгөөд хуульд нийцсэн.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батдэлгэр шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч нийтийн эрх ашгийг хамгаалж оролцож байгаа гэх хэдий боловч цаад агуулга нь нийтийн эрх, ашиг сонирхол биш 2 аж, ахуйн нэгжийг орон нутагтай төрийн бус байгууллагын гуравласан гэрээ байгуулах зорилготой байсан. Тэр зорилго нь биелээд “Зэст АМЗ майнинг” ХХК-тай гуравласан гэрээ байгуулсан гэж үзэж байгаа. “Үнэн бэх” ГХОХХК нь тэр шаардлагыг тулган шаардсан гэдгийг өмнөх шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлэг дээр гаргаж байсан гэдгийг дурдах нь зүйтэй байх. Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан саналыг аваагүй гэх асуудал маргаан бүхий хэвээр байгаа. Байгаль орчин, уур амьсгалын яамнаас тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талбай ялгахад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам руу эдгээр солбицлуудыг явуулдаг. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас тухайлсан саналгүй гэсний үндсэн дээр сонгон шалгаруулалтын талбайг ялгаж Засгийн газрын тогтоолоор олгож байгаа нь үндэслэлтэй гэж үзэж байна. Усны газар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд харьяалагддаг. Тийм учраас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам уг судалгааг хийсэн гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна. Тийм учраас үүнийг нэмж тайлбарлах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн нийтийн эрх, ашиг, хүрээлэн байгаа орчныг хамгаалах тухайд зөрчигдөж болзошгүй биш хамгаалах үндэслэл зөрчигдсөн, байгаль орчны сөрөг нөлөөлөл үүссэн, нийтийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байхыг хамгаалах онолын агуулгатай. Гэтэл нэхэмжлэгч нь 3 шийдвэрийг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэлийг тайлбарлаж чадаагүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн ерөнхий таамаг, бодол, болзошгүй гэх сэтгэл зүйн үнэлэмжээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох боломжгүй гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын үндэслэл.

4.1. Гуравдагч этгээд “Үнэн бэх” ГХОХХК-аас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ““Үнэн бэх” ХХК-ийн ХY-011282 тоот тусгай зөвшөөрөлтэй бүхий Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 151 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

4.1.1. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13; 11.1.15; 11.1.19 дэх хэсэгт заасан чиг үүргийнхээ хүрээнд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 151 дүгээр шийдвэрээр гуравдагч этгээд “Үнэн бэх” ХХК-д Дундговь аймгийн Баянжаргалан, Гурвансайхан сумдын нутагт орших Цагаан айраг уул нэртэй 8313.13 га бүхий (СШ-32-4) талбайд ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгосон.Ингэхдээ, Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйл, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/28 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсэг, Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/48 дугаар тушаалыг үндэслэн олгосон тул уг шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

4.1.2. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана”, мөн хуулийн 94.2-т “Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заажээ. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд, нэхэмжлэгч нь маргаан бүхий Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 151 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

4.1.3. Харин нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2025

оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн 1/39 дугаартай ашиглалт хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох тухай гомдлыг гаргасан бөгөөд улмаар Ашигт малтмал, газрын тосны газраас 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1798 тоот албан бичгээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр татгалзсан хариу өгсөн.

4.1.4. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл, шаардлагаа хайгуулын болон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагаас цуцлах үндэслэлүүдийг зохицуулсан байх бөгөөд дээрх хуульд заасан үндэслэл, нөхцөл бий болоогүй байхад нэхэмжлэгчийн зүгээс нийтийн эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, цаашид эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага нь үндэслэлгүй байна.

4.1.5. Нөгөөтээгүүр, гуравдагч этгээд “Үнэн бэх” ГХОХХК нь ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл бүхий газарт Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-т “хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрхтэй” гэж зааснаар тусгай зөвшөөрлийн хамрах нутаг дэвсгэрт хайгуулын үйл ажиллагаа эрхэлж байна. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд нь зөвхөн хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа тул уг үйл ажиллагааны улмаас тухайн бүсэд амьдарч байгаа ард иргэдийн эрхийг зөрчсөн, тээвэрлэлтийн улмаас зам эвдэж сүйтгэсэн, олборлолт эрхэлсний улмаас гүний усны хаялга утаж үгүй болсон зүйл байхгүй буюу нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдал бий болоогүй байгаа ба мөн цаашид нийтийн ашиг сонирхол зөрчигдөнө гэж үзэх нь үндэслэлгүй юм.

4.1.6. Учир нь “Үнэн бэх” ГХОХХК-д тухайн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсоны улмаас иргэдэд сөргөөр нөлөөлөл бий болсон эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болж буй баримтууд болох Баянжаргалан сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох баримтууд гэж үзэхгүй. Нэхэмжлэгчийн дурдсан “эрсдэлтэй байж магадгүй”, “болзошгүй нөлөөлөл” гэх байдлаар гаргасан санаа нь таамаг төдий, баримтаар нотлогдоогүй тул шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч нь захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас эрх нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй хэдий ч “Үнэн бэх” ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газар кадастрын хэлтсийн даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 151 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй, мөн нэхэмжлэгчийн эрх, ашиг нь бодитоор зөрчигдсөн буюу зөрчигдөж болох бодит нөхцөл байдал үүсээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.2. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Гомбо  шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс сөргөөр нөлөөлж болзошгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлаж байгаа. Гэтэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Ашигт малтмалын тухай хууль, Усны тухай хууль зөрчсөн гэж өөр тайлбар гаргаж байна. Хэрэв хууль зөрчиж ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсон бол Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болно. Гэтэл манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл байхгүй. Манай байгууллагын хувьд хайгуулын лицензтэй, чулууны хайгуулын лицензтэй. Чулууны лиценз нь тусгай зөвшөөрлийг бодвол ялгаатай. Хайгуулын лицензийн өрөм нь аяганы хэмжээтэй буюу маш жижиг өрөм байдаг. Харин нүүрс, чулууны тухайд том өрөм болоод явчихдаг. Өөрөөр хэлбэл, хайгуул хийснээс байгаль орчинд бодитой хохирол учрах эсэх нь эргэлзээтэй. Нэхэмжлэгчээс манай компани ямар үйл ажиллагаа явуулдгийг мэдэх үү гэж асуухад мэдэхгүй гэж хариулж байна. Ингэснээр нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэх тайлбарын хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Мөн хариуцагчийн тайлбарлаж байгаа шантааж байгаа гэдэгтэй санал нэг байна. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргахдаа иргэн Ж.Арцмаа, н.Мөнхбат нарын хүсэлтийн дагуу гаргасан. Хэрэгт авагдсан баримтаар энэ нь тогтоогддог. Ж.Арцмаа гэдэг нь Баянжаргалан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн. Мөн төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гүйцэтгэх удирдлага. Үүнтэй холбоотойгоор тухайн компаниудыг гэрээ байгуулахыг шаарддаг. “Зэст АМЗ майнинг” ХХК-ийн тухайд аргагүйн эрхэнд гурван талт гэрээг байгуулсан. Засаг даргад хандив хэлбэрээр мөнгө өгөх гэрээг хүртэл байгуулсан. Үүнтэй холбоотойгоор Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас санал оруулаад манай 2 компанийн үйл ажиллагааг хориглох гэсэн тогтоол гаргасан. “Зэст АМЗ майнинг” ХХК Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөөд гурван талт гэрээг байгуулж мөнгө өгсөн учраас энэ компанид холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Манай компанийн тухайд энэ тогтоол хууль зөрчсөн гэж захиргааны хэргийн шүүхэд хандаж, гурван шатны шүүхээс Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хууль зөрчсөн байна гэж шийдсэн. Мөн нэхэмжлэгч нь би зөрчигдсөн гэдгийг нотлох боломжгүй, шүүхэд нэхэмжлэл гаргаад нотлуулах гэтэл хүсэлтийг хүлээж аваагүй учраас нотолж чадаагүй гэж тайлбарласан. Гэтэл Монгол Улсын Өмгөөллийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн 3 дугаар зүйлд зааснаар төрийн байгууллагуудад хандаж нотлох баримт цуглуулах бүрэн эрхийг хуулиар олгосон байгаа. Үүний дагуу нэхэмжлэгчид нотлох баримт цуглуулах бүрэн боломж байсан. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

4.3. Гуравдагч этгээд “Зэст АМЗ майнинг” ХХК-аас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Манай компани Дундговь аймгийн Баянжаргалан сумын 2-р багийн нутагт орших “Энгэр ус” хэмээх газарт ашигт малтмалын MV-022793 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшдэг ба Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 144 дүгээр шийдвэрээр олгосон. 2023-2024 онд тусгай зөвшөөрөл бүхий талбайд геологи-хайгуулын судалгааны ажлыг нийт 320.4 сая төгрөгийг өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлж гүйцэтгэсэн. Үүний дагуу Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл /ЭБМЗ/-ийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хурлын ХХ-10-04 тоот дүгнэлтээр ордын нөөцийг хүлээн авч бүртгэх тухай Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн 02 дугаар тушаалаар нөөцийг хүлээн авч, Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг батлуулсан. Компани үүсгэн байгуулагдсан цагаасаа Монгол улсын холбогдох хууль дүрмийг дээдлэн хайгуулын, олборлолтын үйл ажиллагааг явуулахад шаардлагатай тусгай зөвшөөрлийг төрийн байгууллагуудаас авч ирсэн. 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор “Зэст АМЗ майнинг” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардсан иргэдийн саналыг хэлэлцээд хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар “үйл ажиллагааг эхлүүлэхийг хориглосугай” гэсэн тогтоол гарсан байсан. Уг тогтоолыг 2025 оны 05 дугаар сарын 08-ний өдөр бидэнд танилцуулсан. Тухайн өдөр хуралдааны тэмдэглэлтэй газар дээр нь танилцах хүсэлт гаргасан боловч хурлын тэмдэглэл бүрэн гараагүй байсан бөгөөд “Үнэн бэх, “Зэст АМЗ майнинг” компанийн үйл ажиллагааг зогсоохыг дэмжиж байгаа Иргэдийн гарын үсэг” бүхий 11 хуудас гарын үсгийн хуулбарыг манайд өгсөн. Хурлын протоколыг 2025 оны 05 дугаар сарын 12-ний өдөр цахим шуудангаар манайд илгээсэн болно. Дээрх шийдвэр гарснаар компанийн үндсэн эрх ашиг хөндөгдөж, санхүүгийн хөрөнгө оруулалт хойшлогдох, цаашлаад компанид оруулсан хөрөнгө оруулалт үнэгүйдэх зэрэг томоохон эрсдэлийг хүлээх аюул нүүрлэсэн болно. Иймд бид холбогдох бүх арга хэмжээг авч, орон нутгийн удирдлагууд, “Их догшины үрс” НҮТББ, Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид, уурхайн нөлөөллийн бүсэд оршин суугаа айл өрх, малчид, иргэдтэй удаа дараа биечлэн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Эдгээр уулзалтаар компанийн үйл ажиллагааг нээлттэй танилцуулсны үр дүнд талууд харилцан ойлголцож, эвлэрэлд хүрэх нөхцөл бүрдсэн болно.

Дундговь аймгийн Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал манай компанийн асуудлыг дахин хэлэлцэж, 2025 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн 15 дугаар тогтоолоор ажлын хэсгийг байгуулж, “Хамтран ажиллах тухай гурван талт хэлэлцээр”-ийг хийсэн. Мөн 2025 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ”-г орон нутагтай байгуулсан болно” гэжээ.

4.4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г.Ариунболд шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж хариуцагч тайлбарлаж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

2. Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хүрээлэн байгаа орчныг хамгаалах чиглэлээр нэхэмжлэл гаргасан өмгөөлөгч Н.Энхжаргалын нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартай харьцуулан үнэлээд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч, өмгөөлөгчөөс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 151 дүгээр, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 442 дугаар, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 144 дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж,

4. Ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д болон Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан зохицуулалтыг хэрэгжүүлээгүй, иргэдийн мэдэх эрх буюу тэдгээрт сонсгох ажиллагаа огт хийгээгүй нь эрх зүйн зөрчилтэй, Кадастрын хэлтсийн даргын хууль бус шийдвэрийн улмаас байгаль орчны бохирдол, байгалийн тэнцвэрт байдал алдагдаж, нийтийн бэлчээрийн мал аж ахуй эрхэлж, уламжлан ирсэн нүүдлийн соёл иргэншлийн дагуу амьдарлаа авч явах эрх, сонирхол зөрчигдөж болзошгүй, тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосноор хүрээлэн буй орчин эвдэгдэхээс урьдчилан сэргийлэгдэж, тухайн бүс нутагт амьдардаг нийт иргэдийн уламжлан ирсэн нүүдлийн соёл иргэншлийн дагуу амьжиргаагаа авч явах бодит боломж бүрдэж, байгалийн унаган төрхөөрөө байгаа газар нутгаа үр хойчдоо бүрэн бүтнээрээ үлдээх эрх хэрэгжиж зөрчигдөж болзошгүй газар нутагтаа амьдрах, зөрчигдөж болзошгүй хүрээлэн буй орчны бүрэн бүтэн байдал хэвээр үлдэж, алдагдахаас хамгаалагдана зэргээр тайлбарлан маргааны үндэслэлээ тодорхойлсон.

5. Маргаан бүхий захиргааны актаар нэрлэгдсэн,

5.1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 151 дүгээр шийдвэрээр 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зарлагдсан ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтад шалгарсан “Үнэн бэх” ХХК-д Дундговь аймгийн Баянжаргалан, Гурвансайхан сумдын нутагт орших Цагаан айраг уул нэртэй 8313,13 га бүхий /СШ-32-4/ талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг,

 5.2. Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай” 442 дугаар шийдвэрээр “Тайга Зоне” ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн TR-009163 дугаартай өргөдлийг хянаж үзээд Дундговь аймгийн Баянжаргалан, Гурвансайхан, Өндөршил сумын нутаг дахь Жаргалан нэртэй 7748,69 гектар талбай бүхий XV-019321 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тус компаниас “Зэст АМЗ Майнинг” ХХК-д шилжүүлсэн бүртгэлийг,

5.3. Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” 144 дүгээр шийдвэрээр NM-026111 дугаартай өргөдлийн дагуу “Зэст АМЗ Майнинг” ХХК-д олгосон, Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг дахь Жаргалан нэртэй 807,36 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус тус нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлээр нийтийн эрх ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй хэмээн хүчингүй болгох үйл баримт, хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

6. Маргааны зүйл нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулж хүчингүй болгуулахад ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлагагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг хууль зөрчиж уг эрхийг олж авсан, нийтийн эрх ашгийг хөндсөн гэж нэхэмжлэгч үзэж байгаа энэ тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийг илүүтэйгээр тайлбарлаж хэрэглэх шаардлагатай болж байна.

7. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.“Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал бол төрийн өмч мөн”, 5.2.“Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж зааснаар Дундговь аймгийн Баянжаргалан, Гурвансайхан, Өндөршил сумын нутаг байрших ашигт малтмал эрэн хайх, олборлох эрхийг хуулийн шаардлага хангасан этгээдэд олгох эрх “Төр” болох хариуцагч захиргааны байгууллагад байна.

8. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14. “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих”, 11.1.15. “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх ... “, 11.1.16. ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх”, 11.1.17. “тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх”, 11.1.19. “түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” гэхчлэн бүрэн эрхүүдийг хуулиар хариуцагч захиргааны байгууллагад олгосон, түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2. “төрийн захиргааны байгууллага ... хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянаж, хугацаагаар сунгаж ...тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ”, 26 дугаар зүйлийн 26.3. “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараах шийдвэрийн аль нэгийг гаргах”  зэргээр хайгуулын болон ашиглалтын  тусгай зөвшөөрөл олгох, уг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх талаар шийдвэр гаргах үүрэгтэй байна.

9. Дээрх бүрэн эрх, үүргийг хэрэгжүүлж шийдвэр гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1. “энэ хуулийн 24.1-д заасан этгээд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө, сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээд уг зөвшөөрөл авсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах”, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2. “Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ” гэх заалтуудыг зөрчсөн гэх нөхцөл байдлууд нотлогдсонгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан үндэслэлийг нотлох үйл баримтууд тогтоогдсонгүй.

9.1. Шүүхээс цуглуулсан баримтын хүрээнд Умард говийн гүвээт-халхын дундад талын сав газрын захиргааны 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаартай албан бичгээр гуравдагч этгээд “Зэст АМЗ Майнинг” ХХК-ийн Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах XV-019321 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь усны сан бүхий газар болон усны эх үүсвэртэй давхцалгүй  болох талаарх баримтыг ирүүлсэн бол,

9.2. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 07а/513 дугаартай албан бичгээр Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт орших “Зэст АМЗ Майнинг” ХХК-ийн XV-019321 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжих төслийн дагуу Байгаль орчныг хамгаалах тухай хууль, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Засгийн газрын 2023 оны 58 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 08/967 тоот 2024/АЗ-14 дугаартай Байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлт зэргийг үндэслэл болгон гүйцэтгэсэн 352 хуудастай Байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээний тайлан болон хавсралт материалыг нотлох баримтаар ирүүлсэн.

9.3. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Журам батлах тухай” А/28 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-аар Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэлээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг зохион явуулахтай холбогдсон харилцааг зохицуулж байсан бөгөөд уг журмын 4 дүгээр зүйлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, тусгай зөвшөөрөл олгох асуудлыг нарийвчлан заасан, энэ журмын дагуу гуравдагч этгээд “Үнэн бэх” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтад туссан.

9.4. Ашигт малтмал, газрын тосны газрын 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10/1043 дугаар албан бичгээр тус газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 663 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт орших “Зэст АМЗ Майнинг” ХХК-ийн XV-019321 тоот тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн.

10. Иймд нэхэмжлэгч, өмгөөлөгчийн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хүрээлэн байгаа орчин чиглэлийн хүрээнд нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахаар гуравдагч этгээд нарт олгосон ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох талаар хангалттай сонирхол илэрхийлж чадаагүй, нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар үндэслэлтэй тайлбарлаж маргаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10-д зааснаар захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон үйл баримт нотлогдоогүй, зарим маргаан бүхий холбогдох тусгай зөвшөөрлийг захиргааны байгууллагаас цуцалж шийдвэрлэсэн байхад дахин хүчингүй болгож шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. 

            11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13. “захиргааны хэргийн шүүхэд хандаж нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээдийн гаргасан нэхэмжлэл” гэж зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.15, 11.1.16, 11.1.19, 39 дүгээр зүйлийн 39.1.1-т заасныг баримтлан өмгөөлөгч Н.Энхжаргалаас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “...“Үнэн бэх” ГХОХХК-д тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосын газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 151 дүгээр шийдвэр, “Зэст АМЗ Майнинг” ХХК-д олгосон тусгай зөвшөөрөл олгосон 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 442 дугаар шийдвэр, 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 144 дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэл гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                У.БАДАМСҮРЭН