Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 201/МА2022/00733

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00733

 

 

С.Э ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 26-ны өдрийн 182/ШШ2022/00236 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Э ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ХЯ , ХС д холбогдох, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Д, хариуцагч ХЯ ын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн агуулга: С.Э миний бие ХС ын 2016 оны 09 сарын 01-ний өдрийн ... дугаар “Ажилд томилох тухай” тушаалаар томилогдсоноос хойш ХҮ гийн захирлаар ажиллаж байна. Гэтэл ХЯ ын 2020 оны 09 сарын 25-ны өдрийн ... дугаар тушаалаар С.Э намайг ХҮ гийн захирлын албан тушаалаас 2020 оны 09 сарын 28-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байдаг. Тус тушаалын үндэслэх хэсэгт Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, ХЯ ын 2020 оны 09 сарын 10-ны өдрийн 0/000 тоот тушаалаар баталсан “ХҮ гийн дүрэм”-ийн 5.1, 5.2 дахь заалтыг тус тус үндэслэл болгожээ. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4-т заасан зохицуулалт нь С.Э намайг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар ямар нэгэн бүрэн эрхийг Засгийн газрын гишүүнд олгосон хуулийн зохицуулалт биш байна. Дээрх тушаалын хууль зүйн үндэслэлийг харахад Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээнд заасан ямар үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь тодорхойгүй, ажилтан нь ямар зөрчил гаргасан болохыг тогтоогоогүй байх тул хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн албан тушаалаас чөлөөлөх тухай шийдвэр гаргахдаа сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг 2020 оны 09 сарын 11-ний өдөр утсаар мэдэгдсэн байдаг. Гэтэл энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа миний тус захиргааны шийдвэрт санал, тайлбар гаргах боломжоор хангах үүргээ үл биелүүлсэнд гомдолтой байна. Хэдийгээр ХЯ өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллагын дарга, захирлыг томилж, чөлөөлөх бүрэн эрхтэй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан аль үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцалж байгааг заагаагүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ёстой гэтэл эдгээр заалтуудыг баримталж шийдвэр гаргаагүй байна.

Иймд С.Э намайг ХҮ гийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 40,623,680 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардалага гаргасныг хангаж өгнө үү.

 

  1. Хариуцагч ХЯ ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ХЯ ын 2020 оны 09 сарын 25-ны өдрийн ... дугаар тушаалын үндэслэх хэсэгт “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4-т” гэж алдаатай бичсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т зааснаар тухайн бичилтийн алдааг засаж, түүнд мэдэгдсэн болно. ХҮ гийн захирал С.Э ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нөхцөл нь ХЯ ын 2020 оны 09 сарын 10-ны өдрийн “ХҮ гийн дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” 0/000 дугаар тушаалын хавсралтаар баталсан “ХҮ гийн дүрэм”-ийн 5.1-т “Хүрээлэнгийн захирал нь хууль зүйн шинжлэх ухааны доктор /Ph.D/-оос доошгүй боловсролын зэрэгтэй байна” гэсэн шаардлагад нийцэхгүй байсан тул чөлөөлсөн. Энэхүү докторын зэрэгтэй байх шаардлага нь тус дүрмийн 1.1-т заасан тухайн байгууллагын чиг үүрэг болох “...эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллага” гэсэнтэй уялдсан байдаг. С.Э ийг албан тушаалаас чөлөөлөх болсныг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу “Сонсох ажиллагаа” хийх мэдэгдэл хүргүүлж, мэдэгдлийн дагуу ирсэн С.Э т мэдээлэл өгч “Сонсох ажиллагаа” явуулж, тэрээр тэмдэглэлд гарын үсэг зурсан байдаг. 2020 оны 05 сарын 29-ний өдөр ХЯ ... дугаартай тушаалаар С.Э т “Сахилгын шийтгэл ногдуулсан” байдаг. Түүнийг төрийн албан хаагчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажил албан үүргээ хэрэгжүүлээгүй тул гэсэн шалтгаан үндэслэлээр сахилгын арга хэмжээ авсан билээ. Тэрээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан давхар ажил эрхлэхийг хориглосон хязгаарлалтыг зөрчиж Арбитрын байгууллагад албан тушаал эрхэлж байсан ноцтой зөрчил гаргасан билээ. Одоо тухайн байгууллагад удирдах албан тушаал эрхэлж байгаа болно. Эдгээр бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэл бүхий ХЯ ын 2020 оны 09 сарын 25-ны өдрийн ... дугаар тушаалыг хүчингүй болгож, улмаар С.Э ийг албан тушаалд эгүүлэн томилох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаа тул түүнд цалин хөлсний олговор олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, дэвтэрт бичилт хийх хууль зүйн үндэслэл хэргийн баримтаар хангалттай нотлогдохгүй байна.

Иймд С.Э ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

  1. ХС ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: ХЯ ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна. 2020 оны 09 сарын 11-ний өдөр С.Э т сонсох ажиллагаа хийгээд, 2020 оны 09 сарын 25-ны өдөр тушаал гарсан. Энэ 14 хоногийн хугацаанд тайлбар мэдүүлэг гаргах боломжгүй байсан гэдэг нь үндэслэлгүй. 14 хоногийн хугацаанд хариу тайлбараа өгөх бүрэн боломжтой байсан. Албан тушаалын тодорхойлолт нэг хүнд зориулагдсан биш учраас албан тушаалын тодорхойлолтыг өөрчлөхөд Төрийн албаны зөвлөлөөс санал авах ёстой. С.Э т мэдэгдэнэ гэсэн хуулийн заалт байхгүй. ХҮ гийн захирлын албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлөөс санал авсны үндсэн дээр докторын зэрэгтэй байна гэсэн шаардлагыг нэмж оруулсан. Хэргийн материалд нэхэмжлэгч докторын зэрэг хамгаалсан диплом авагдаагүй. Сургалтанд суусан болохоос докторын зэрэг хамгаалсан гэж үзэхгүй. ХҮ гийн захирал нь хуульд заасан давхар ажил эрхлэх, ямар нэгэн ажил үйлчилгээ явуулахад удирдах албан тушаалтанд мэдэгдэх, тайлбар гаргах ёстой. Гэтэл С.Э нь 2019 оны 03 сараас хойш Олон улсын арбитрын газарт ажиллаж байсан. Энэ хугацаанд ХЯ ад мэдэгдсэн мэдэгдэл тайлбараа гаргаагүй. Сүүлд 2019 оны 03 сард мэдэгдэх тайлбараа өгсөн боловч ХЯ зөвшөөрөөгүй. Сайд зөвшөөрөөгүй байтал энэ ажлаа одоог хүртэл хийж байгаа. Энэ ажлыг хийж байхдаа тодорхой хэмжээний цалин мөнгийг авч явсан. Цалингүй гэртээ суусан гэдэг ойлголт байхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Э ийг ХҮ гийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ХЯ д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ХЯ аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 26,452,608 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Э т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,171,072 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Э ийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ХЯ ад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 360,413 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн.

 

  1. Хариуцагч ХЯ ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

          а. ХҮ нь Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 121, 2009 оны 18 дугаар тогтоолоор ХЯ ын эрхлэх асуудлын хүрээний төрийн өмчит эрдэм, шинжилгээний байгууллага болохыг заасан байна. Тус байгууллагын захирлаар С.Э нь ажиллаж байх хугацаандаа Арбитрын байгууллагад давхар ажил эрхэлж байсан, давхар ажил эрхлэхийг удирдлагын зүгээс зөвшөөрөхгүй байхад ажилласан хэвээр байсан нь ноцтой зөрчил мөн. Ажил үүргийн болон сонирхлын зөрчлийн хуулийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй.

          б. 2020 оны 05 сарын 29-ний өдрийн ... дугаар тушаалаар сахилгын шийтгэл хүлээлгэсэн бөгөөд үндэслэл нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ орлого дутуу мэдүүлсэнтэй холбоотой. Иймд Арбитрын байгууллагаас С.Э ийн захирлын албыг эрхэлж байх хугацааны ажил үүрэг гүйцэтгэж байсан талаарх баримтыг гаргуулах хүсэлтэй байна. Арбитрын байгууллагад давхар ажиллахыг зөвшөөрөхгүй байхад ажилласан хэвээр байсан тул ажилгүй байгаагүй, ажилгүй байсан үеийн нөхөн олговрыг бүтэн авах нь зүйд нийцэхгүй, үүнийг харгалзах хэрэгтэй гэж үзэж байна.

          в. Мөн эрхэлж байгаа албан тушаал нь “докторын зэрэг”-ийг шаардаж буйг мэдсэн цагаас эхлэн өөрийн эрх ашгийг хамгаалж докторт суралцаж байгаа тухайгаа мэдэгдэх бүрэн боломж байхад хэлээгүй нь сонсох ажиллагааны үеэр санал хүсэлт байхгүй тухай тэмдэглэсэн баримтаас харагддаг. Дүрэм өөрчлөгдөж байгааг мэдээгүй гэдэг нь эрхэлж байсан албан тушаалын хувьд байх боломжгүй юм. Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь тухайн газрын дүрмийг өөрсдийнх нь саналыг үндэслэн баталдаг ба С.Э нь захирлын албан тушаалыг эрхэлж байсан учир дүрэм шинэчлэгдэхийг мэдээгүй байх боломжгүй юм. Хууль зүй, дотоод хэргийг сайдын 2020 оны 09 сарын 10-ны өдрийн 0/000 дугаар тушаалын хавсралтаар баталсан ХҮ гийн дүрмийн 5.1-д “Хүрээлэнгийн захирал нь хууль зүйн шинжлэх ухааны доктор /Ph.D/-оос доошгүй боловсролын зэрэгтэй байна”, 5.2-т “хүрээлэнгийн захирлыг Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулж хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө” гэсэн заалтын дагуу С.Э ийг чөлөөлсөн.

          г. Нэхэмжлэгч өөрийн эрх ашгийг хамгаалах боломж байсан боловч уг эрхээ хэрэгжүүлээгүй. Шүүхэд хандахаасаа өмнө гомдол гаргаж шийдвэрлүүлэх, эсхүл докторын зэрэгтэй, докторт суралцаж буй талаар мэдэгдэх бүрэн боломжтой байсан. Эндээс уг албан тушаалд ажиллах сонирхолгүй, шүүхээр асуудлыг шийдвэрлэх хүсэлтэй байсан гэж дүгнэж болохоор байна. Өөрөөр хэлбэл С.Э нь Дотоод хэргийн их сургуулийн докторын хөтөлбөрт 2016 оноос суралцаж, 2020 оны 03 сарын 30-ны өдрийн ... 0 дугаар тушаалаар 0/000000 / дугаартай гэрчилгээ олгогдсоныг тус сургуулийн захирлын 2021 оны 09 сарын 10-ны өдрийн 00/00 тоот албан бичгээр тодорхойлсон байдаг. Ажил албан тушаалаас чөлөөлөх тухай тушаал 2020 оны 09 сарын 25-ны өдөр гаргасан байдаг. Нэхэмжлэгчийн дээрх үйлдэл, эс үйлдэхүй нь ажлаас чөлөөлөх тушаал гарахтай шууд холбоотой байна. Цаг хугацааны хувьд өдий хүрсэн нь дэлхий нийтийг хамарсан цар тахлаас болж хэрэг удааширсан болохыг дурдах хэрэгтэй. 

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

  1. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэн зөв шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагч биш төрийн үйлчилгээний албан тушаалтан бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан бол давхар ажил эрхлэх эрх нь нээлттэй байдаг. Тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3-т ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бол өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусад алба, гэрээний ажил, үүрэг давхар гүйцэтгэж болохоор заасан. Үүний дагуу нэхэмжлэгч нь зохих зөвшөөрлийг авч ажилласан. 2020 оны 05 сард нэхэмжлэгчид холбогдуулан Авлигатай тэмцэх газраас хяналт шалгалт хийж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан зөрчил гаргасан эсэхийг шалгаж үр дүнг ХС анд албан бичгээр зөвлөмж байдлаар хүргүүлсэн. Нэхэмжлэгч нь давхар ажил эрхлэхтэй холбоотой зөрчил гаргаагүй, харин гэр бүлийн гишүүний нэр дээрх хуулийн этгээдийн арилжааны банкин дахь дансны үлдэгдлийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй гэх зөрчил гаргасан. Үүний улмаас түүнд 2020 оны 05 сард 3 сарын хугацаанд цалингийн 20% бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн. Нэхэмжлэгч нь 2019 оны 03 сараас хойш арбитрын байгууллагад ажилласан ба давхар ажил эрхлэх талаар удирдлагаас зөвшөөрөл аваагүй байсан бол 2020 оны 05 сард хийсэн Авлигатай тэмцэх газрын шалгалтаар зөрчил болж гарах байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр давхар ажил эрхлэх нь ноцтой зөрчил гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуульд сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын хугацааг заасан ба 2019 оны 03 сараас давхар ажил эрхэлж эхэлсэн тул 2020 оны 09 сард тушаал гарсан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй. Нэхэмжлэгчийг сонсох ажиллагааны үед хүсэлтээ хэлээгүй гэж хариуцагч тал тайлбарладаг хэдий ч нотлох үүрэг нь ХЯ ад байдаг. ХҮ гийн захирлын албан тушаалд докторын зэргийн шаардлага тавьсан, С.Э ийн мэргэжлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэл нь яагаад тэнцэхгүй болсон, түүний докторын хөтөлбөрт суралцаж байсан эсэхийг ХЯ судлах үүргийг хүлээсэн. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Докторын хөтөлбөр нь 3 шаттай явагддаг ба С.Э нь багц цагаа бүрэн судалж, эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

  1. Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч ХЯ , ХС д холбогдуулан урьд эрхэлж байсан ХҮ гийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 40,623,680 төгрөгийг гаргуулах, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээнд заасан ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болох нь тодорхойгүй, энэ талаар тушаалд дурдагдаагүй, сонсох ажиллагааг боломжит хугацааны өмнө мэдэгдээгүй, санал, тайлбар гаргах боломжоор хангаагүй, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй...” гэсэн агуулгаар тайлбарлажээ.

 

  1. Дээрх шаардлагыг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “...нэхэмжлэгч нь ХҮ гийн дүрмийн 5.1-д заасан шаардлагыг хангаагүй, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулсан, сонсох ажиллагааны явцад санал, тайлбар гаргаагүй, нэхэмжлэгч нь ХҮ гийн захирлаар ажиллаж байх хугацаандаа зөвшөөрөлгүйгээр Арбитрын байгууллагад давхар албан тушаал эрхэлж ноцтой зөрчил гаргасан...” гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ.

 

  1. Хэрэгт авагдсан ХЯ ын 2016 оны 09 сарын 01-ний өдрийн ... дугаар “Ажилд томилох тухай” тушаал, 2020 оны 09 сарын 25-ны өдрийн ... дугаар “С.Э ийг албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаал /1хх 6/, 2021 оны 01 сарын 21-ний өдрийн 0/00 дугаар “Захиргааны актын алдааг засах тухай” тушаал /1хх 53/ зэргээс үзэхэд С.Э нь 2016 оны 09 сарын 01-ний өдрөөс ХҮ гийн захирлаар томилогдон ажиллаж, улмаар 2020 оны 09 сарын 28-ны өдрөөс тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөн, мөн ХЯ нь 2020 оны 09 сарын 25-ны өдрийн ... дугаар тушаалын үндэслэх хэсэгт дурдагдсан “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4” гэснийг “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4” гэж зассан зэрэг үйл баримт тус тус тогтоогдсон.

         

          Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд зөв тогтоожээ.

 

  1. Иймд өмнө дурдсан 2020 оны 09 сарын 25-ны өдрийн ... дугаар “С.Э ийг албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, ХЯ ын 2020 оны 09 сарын 10-ны өдрийн 0/000 тоот тушаалаар батлагдсан “ХҮ гийн дүрэм”-ийн 5.1, 5.2 дахь заалтыг тус тус үндэслэл болгосон байна гэж үзэв.

 

  1.  ХЯ нь эрхлэх асуудлын хүрээндээ ХҮ гийн захирлыг томилж, чөлөөлөх бүрэн эрхтэй боловч ийнхүү томилж, чөлөөлсөн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай.

 

          Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж байгаа бол ажил олгогч нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан чухам аль үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тухайгаа тушаалд тодорхой дурдсан байвал зохилтой.

 

          Энэ нь хожим маргаан гарсан тохиолдолд тухайн тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар талууд мэтгэлцэх, улмаар тухайн тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд шүүхээс эрх зүйн дүгнэлт өгч, маргааныг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

  1. Хэдийгээр ХЯ ын 2020 оны 09 сарын 25-ны өдрийн ... дугаар “С.Э ийн албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн  /1999 оны/ 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан аль үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон нь тодорхойгүй боловч уг тушаалд “ХҮ гийн дүрэм”-ийн 5.1-т заасныг үндэслэсэн байх тул ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “ажилтан мэргэжил, ур чадвар, ...хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болох нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр ажилтанг ажлаас чөлөөлсөн байна гэж үзэхээр байна.

 

Учир нь, ХЯ ын 2020 оны 09 сарын 10-ны өдрийн 0/000 тоот тушаалаар батлагдсан “ХҮ гийн дүрэм”-ийн 5.1-т “Хүрээлэнгийн захирал нь хууль зүйн шинжлэх ухааны доктор /Ph.D/-оос доошгүй боловсролын зэрэгтэй байна” гэж зохицуулсан, мөн “Сонсох ажиллагааны мэдэгдэл” гэх баримтын 5-д “ХҮ гийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн. Захирлын албан тушаалд тавигдах шаардлага нь докторын зэрэгтэй байхаар тусгагдсан” талаар дурджээ. /1хх 18, 54/

 

  1. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тухайгаа ажилтанд мөн зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй.

 

          Ажил олгогчийн зүгээс хуульд заасан дээрх хугацаанд ажилтанд мэдэгдсэн талаарх баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул “...ажил олгогч нэхэмжлэгч С.Э ийг ажлаас халах талаар мэдэгдээгүй, хуульд заасан үүргээ зөрчжээ” гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

          Түүнчлэн, “...Дүрэмд оруулсан дээрх өөрчлөлт буюу шаардлага нь ажил олгогчийн зүгээс ажилтныг томилох үед баримтлах нөхцөлийг тодорхойлсон болохоос бус томилогдсон ажилтныг ажлаас халах үндэслэл биш юм” гэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

  1. Ажил олгогч нь “...ажилтан С.Э эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр давхар ажил эрхэлж ноцтой зөрчил гаргасан, хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв гаргаагүй, үүнтэй холбоотойгоор ажилтан С.Э т сахилгын шийтгэл ногдуулж байсан...” гэсэн үндэслэл заан маргажээ.

 

          Хэрэгт авагдсан 2020 оны 09 сарын 25-ны өдрийн ... дугаар “С.Э ийг албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан” гэсэн үндэслэл тусгагдаагүйгээс /1хх 6/ гадна “Сонсох ажиллагааны мэдэгдэл” /хх 54/ болон “Сонсох ажиллагааны тэмдэглэл” /хх 55/-д дээрх үндэслэл дурдагдаагүй тул ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэх боломжгүй. Энэ талаарх хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

  1. Нэхэмжлэгч С.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...ХЯ ын 2020 оны 09 сарын 25-ны өдрийн ... дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна...” гэсэн агуулгыг тодорхойлсон боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлага бус харин шүүхэд нэхэмжлэл гаргах болсон үндэслэл байх тул шүүхээс уг “шаардлага”-ыг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлээгүй нь зөв.

 

  1. Ажилтан С.Э ийг ажлаас чөлөөлсөн тушаалын огноо нь 1999 оны 05 сарын 14-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед хамаарч байх тул шүүхээс маргааныг хянан шийдвэрлэхдээ дээрх хуулийн холбогдох зохицуулалтыг тайлбарлан хэрэглэсэн нь зөв байна.

 

  1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Э г урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн, шүүх дээрх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг зөв тооцоолсон, холбогдох шаардлагаас 14,171,072 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй.

 

  1. Харин анхан шатны шүүхээс ажилтан С.Э ийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоосонтой холбоотойгоор түүний үр дагаврыг шийдвэрлэхдээ “ХЯ ”-аас гаргуулж, “ХЯ ”-ад даалгаж шийдвэрлэсэн нь оновчгүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулж “ХС ”-наас гаргуулах, “ХС ”-д даалгах агуулгаар өөрчлөлт оруулна.

 

  1. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, хариуцагч ХЯ ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 26-ны өдрийн 182/ШШ2022/00236 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...эгүүлэн тогтоож, хариуцагч ХС д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “...эгүүлэн тогтоосугай” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...ХЯ аас...” гэснийг “...ХС наас...” гэж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...ХЯ ад...” гэснийг “ХС д...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч “ХЯ ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол үлсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНХАНД                                                        

 

             ШҮҮГЧИД                                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

                                                                                              Д.НЯМБАЗАР