| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | И.Амартөгс |
| Хэргийн индекс | 191/2025/00751/И |
| Дугаар | 191/ШШ2025/07469 |
| Огноо | 2025-09-10 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2025/07469
| 2025 09 10 | 191/ШШ2025/07469
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин байрлах, Т ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар ***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У давхарт байрлах, Х /Регистрийн дугаар ****/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 62,643,326.78 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний улмаас учирсан хохирол 27,777,777.77 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, Н.Г,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э,
Гэрч Д.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр АГГ-26/22 дугаар Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г Х-тай байгуулж, уг гэрээгээр Дорнод аймгийн Ч сум, Э шалган нэвтрүүлэх заставын өргөтгөл, хилийн отряд шинээр байгуулах барилга угсралтын ажлын Уурын зуухны дулаан механик, Гадна дулаан 1 ээлж, Гадна цэвэр, бохир ус, Сувгийн хучилтын хавтан хийх ажлыг гүйцэтгэх, уг ажлын хөлсөнд 120,208,622.6 төгрөг төлөхөөр талууд тохиролцсон юм. 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр талууд ГДА-АГГ26/22 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ дүгнэсэн акт үйлдсэн ба энэхүү актаар Гүйцэтгэлээр ажлыг тооцоход 96,029,374.10 төгрөг, үүнээс урьдчилгаа 36,000,000 төгрөг олгосон. Гүйцэтгэлийн баталгаа 5 хувь 4,801,468.7 төгрөгийг хасаж, үлдэгдэл төлбөр 55,227,905.39 төгрөгийг гэрээт компанийн дансанд шилжүүлж, гэрээг дуусгавар болгож шийдвэрлэ гэсэн болно.
Дээрх 55,227,905.39 төгрөгийг Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 3.7 дугаар зүйлд заасны дагуу талууд акт үйлдсэн өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төлөх байсан боловч 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 25,000,000 төгрөгийг нь шилжүүлсэн. Гэрээний 5.1 дүгээр зүйлд Захиалагч нь төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрөөс 0,5 хувийн алданги тооцож гүйцэтгэгчид олгоно гэж заасан. Дээрх 55,227,905.39 төгрөгийн 0,5% нь 276,139.52 төгрөг болно. 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 55 хоногийн алданги 15,187,673.98 төгрөг /55 хоног * 276,139.52 = 15,187,673.98 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 25,000,000 төгрөг төлөөд 30,227,905.39 төгрөгийн үлдэгдэлтэй болсон боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Энэхүү 30,227,905.39 төгрөгийн 1 хоногийн алданги 151,139.52 төгрөг болно. 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 110 хоног болж байгаа ба үүнийг 151,139.52 төгрөгөөр үржүүлэхэд 16,625,347.20 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул алдангид 55,227,905.39 төгрөгийн 50 хувь болох 27,613,952.69 төгрөг нэхэмжлэх тооцоо гарч байна. Гүйцэтгэгч компанийн удирдлагууд гэрээний дагуу санхүүжилт хийгдээгүй боловч ажлаа дуусгахын тулд хувийн орон сууц, хөрөнгөө бусдад барьцаалж зээл, хүү төлж маш их хэмжээгээр хохирсон болно. Талууд Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г дүгнэж акт үйлдсэн тул төлбөрийн талаар маргаангүй гэж ойлгож эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч үлдэгдэл төлбөр, хугацаа хэтрүүлсний алданги төлөхгүй гэсэн болно. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 30,227,905.39 төгрөг, гүйцэтгэлийн баталгаа 4,801,468.7 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 27,613,952.69 төгрөг буюу нийт 62,643,326.78 төгрөгийг Х-иас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. гэв.
2.Хариуцагч Хйн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Хилийн цэргийн техникийн зон 9 дүгээр ангийн сантехникийн сэлбэгийн ахлах инженер, хошууч Н.Г гэж хүн байна. Тухайн гэрээ хийгдэх үед Т ХХК-ийн захирал байсан энэ хүн нь намайг удирддаг хүнд ажилладаг байсан. Гэрээгээр ажлыг Т ХХК-д авч байсан боловч энэ хүн нь өөрөө Хйн ерөнхий инженер ажилтай байсан. Ажиллаж байх хугацаандаа барилгын ерөнхий бүх барилгын угсралт, үйл ажиллагааг хариуцаж явуулахаар томилогдож цалинтай ажиллаж байсан хүн юм. Тэр явцдаа тухайн ажлуудыг хүмүүс аваачиж хийлгэсэн нь үнэн.
Тухайн үед би сантехникийн хяналтын инженер байсан гэвч ерөнхий инженерийн ажлыг бас тухайн үед хийж чадаж байгаагүй, яг ажлын явцад нь тийм, тийм байна гэж шаардлага тавих боломжгүй. Энэ албан тушаал удирдлага руугаа шууд тэгэх боломжгүй байдаг. Би тусдаа үйл ажиллагаатай өөр объект хариуцаж явж байсан болохоор тэр болгон дээр ийм асуудал яригдаж байгаагүй. Би санхүүгийн талын зүйлийг нь сайн мэдэхгүй боловч чиг үүрэг, ажлын үүднээс бүх ажил дутуу байсан. Ажил дүгнэсэн актыг яагаад ингэж дүгнэснийг би ойлгохгүй байна. Далд ажлын акт, гүйцэтгэлийн акт дээр миний гарын үсэг хяналтын инженер гэдэг үүднээс зурагдаагүй байгаа. Тухайн үед энэ хүн яагаад дутуу хийсэн ажлуудыг оруулаагүй юм бэ гэдэг асуудлыг тухайн үед нь хэлж байсан ч оруулаагүй. Хяналтын инженерийн үүднээс миний гарын үсэг байдаггүй. 2024 оны 11 дүгээр сард уурын зуухыг галлах болоод яаралтайгаар штаб, цэргийн байр, эмнэлгийн барилгыг халаах, энэ өвөл хил хамгаалалтад шилжүүлнэ гэсэн чиг үүрэг ирсэн боловч халаах гэж бид нарыг шууд ангийн захирагч сантехникийн бүлэг буюу танай бүлэг яв. Ингээд тэг гэхээр нь өмнөөс нь гүйцэтгэгч байгууллага нь халаах үүрэгтэй шүү дээ гэж хэлэхэд ангийн захирагчаас удаа дараа холбогдсон гэсэн. Холбогдсон асуудлыг би сайн мэдэхгүй. Тэгээд яаралтайгаар халааж байж комисс ажиллана гэсэн комисс ажиллуулж өмнөх барилгуудаа хүлээлгэж өгөх ёстой. Тэгтэл халаагаагүй, гаднах зуух нь дутуу, гадна шугам, инженерийн шугам сүлжээ нь хийгдээд гологдсон байсан. Хийгдэх явцад горимын нэлээн хэдэн алдаанууд байсан. Тэр болгоныг тухайн үед өөрөө ерөнхий инженер байсан. Материал захиалга, бүх юмыг өөрөө мэдэж, өөрөө захиалж авч явж байсан. Дараа нь гарах үр дагаврыг ерөнхий инженер байсан хүн нь хариуцах ёстой гэж би тухайн үед хэлж байсан.
Ажлын гүйцэтгэл дутуу, цаг хугацааны хувьд манай ажилд хүндрэл учруулсан, шүүхэд нэхэмжлэл өгсөн байна гэхэд нь эвлэрүүлэн зуучлалд 1 удаа очсон.
Гэрээгээр үлдсэн үлдэгдэл төлбөр баталгаатайгаа 35,000,000 төгрөг байгаа юм байна. Манай зүгээс эдний дутуу ажил болох дулаан механикийн ажил, зураг өөрчлөгдсөн ажлуудыг Д.Б гэдэг хүнээр хийлгүүлээд, өвөл 11 дүгээр сард галлуулаад халаалгаад ажлыг нь шалгаад авчихсан болохоор 27,777,777.77 төгрөгийг хасаж, үлдэгдэл төлбөрийг нь өгөх бодолтой байна, алдангийг нь өгөх боломжгүй байна.
Акт үйлдсэн асуудлыг би хяналтын инженерийн хувьд мэдэхгүй байна, ойлгохгүй байна. Хэзээ, яаж акт үйлдсэнийг мэдэхгүй байна, тэр талаар санхүүгийн дарга ярих байх, мөнгөний зүйлийг санхүүгийн дарга мэдэж байгаа. Гүйцэтгэлийн хувьд ажлын гүйцэтгэл дутуу, зураг өөрчилж хийсэн ажлыг захиалагч талаас яах гэж манайхыг ингэж зураг өөрчилж ажил хийсэн юм гэх асуудал үүсээд дахиж зургийг нь өөрчлүүлж, газар дээр нь аваачиж насос гээд бүх юмыг нь солиулж Д.Бээр хийлгээд явна, явахгүй гэдэг асуудал болж байж заавал явах ёстой, заавал хийх ёстой гэж энэ гэрээг хийж явуулсан. Гүйцэтгэл хийж угсралтыг өөрчилж галлах үед би өөрөө тэнд дотор монтаж бүх юмнуудыг шалгаад байж байсан. Тийм болохоор яг гэрээний үлдэгдэл төлбөр санхүүгийн асуудлыг манай санхүүгийн дарга тодорхой ярина. 30,000,000 төгрөгийн алдангид манай зүгээс 27,777,777.77 төгрөгийг нь хасаад үлдэгдлийг нь олгоход татгалзах зүйлгүй.
Дулаан механик, гадна дулаан, цэвэр бохирын ажил, гадна бохирын ажилд шугам нь холбогдоогүй байсныг манай сантехникийн баг гүйцээж холбосон. Шугам сүлжээ дутуу байсныг, худгийн сувгуудыг нь өндөрлөж хийсэн. Дулаан механикт уурын зуухыг дутуу хийсэн боловч үүслийн системийг буруу газар, зургийн дагуу хийгээгүй учир бид нар хүн хөлсөлж дахин задлуулж, зуухыг бүрэн галлаж, тохиргоо хийлгэсэн. Хүн хөлсөлж дахин галлуулсан зардлуудаа тооцож хассан, түүнээс алданги зэрэг зүйл яриагүй. Алдангийг зөвшөөрөхгүй.
Тухайн үед гэрээний дагуу ажлуудыг хийгээд өг гэж шаардлага тавьсан боловч хийгээгүй гэсэн үндэслэлээр зөвшөөрөхгүй. Ангийн захирагч утсаар ярьсан гэсэн. Мөн гэрээний хугацаа байгаа байх, 2022 оны 10 дугаар сар хүртэл хийх ажил байхад он дамнаж 2023 онд хийсэн, гэрээний хугацаанд ажлаа хийгээгүй.
Энэ хүн өөрөө тухайн үед манай ерөнхий инженер байсан, бүх бараа материалыг татдаг байсан, би тэр талаар мэдэхгүй байна. гэв.
2.1.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгааныг хэлье, нэхэмжлэгч нь 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг үгүйсгэхгүй байгаа. Гэрээнд зааснаар нийт гэрээний өртөг 129,208,622.6 төгрөгийн өртөгтэй 4 төрлийн ажлыг Т ХХК нь хийж гүйцэтгэхээр тохирсон байдаг. Тохирсны үндсэн дээр 2 удаагийн нийт 61,000,000 төгрөгийн санхүүжилтийг тухайн үед олгож байсан. Үлдэгдэл 60,000,000 төгрөгийн санхүүжилт яагаад олгогдоогүй вэ гэдэгт талуудын маргаан оршиж байгаа. Тухайн үед барилгын бараа материал зэрэг өгөөгүй гэдэг асуудалд Хилийн цэргийн *** дүгээр ангид нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.С ажиллаж байсан гэдгийг хариуцагчийн төлөөлөгч хэллээ. Үүнд бараа, материалын доголдлын ямар нэгэн асуудал байхгүй. Харин ажлын доголдлууд гарсан. Мөн энэ асуудал үүссэнээс хойш 2 төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс холбогдох материал өөрсдийн болон хэрэгт гаргаж өгсөн материалтай нь танилцсан. Үндсэндээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт зэрэг баримт гарч ирсэн байгаа. Талуудын хооронд гэрээг дүгнээд, үлдэгдэл санхүүжилтийг олгоно гэж тохирсон байгаа боловч тухайн үед гэрээ дүгнэсэн акт дээр гарын үсэг зурсан *** дүгээр ангийн Захирагчийн орлогч, ерөнхий эдийн засагч н.Нэргүйбаатар гэх хүн очиж ажилласан гэх асуудлыг нэхэмжлэгчийн төлөөлөгч хэлсэн. Хэдийгээр тухайн ажлыг хүлээн авсан боловч, хүлээж авсан ажлын тоо хэмжээ, ажлын үр дүнд доголдол гарсан. Энэ доголдлыг хэрхэн засварлах асуудал үүссэн. Тухайн үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дотор ажиллаж байсан энэ асуудал ингээд яваад байсныг үгүйсгэхгүй. Харин дараа нь тооцоо нийлье хэдийгээр танайх ажлыг гүйцэтгэсэн боловч гүйцэтгэлийн хувьд дутуу байна, гэрээ дүгнэсэн актад ч барилгын зураг өөрчлөгдсөн байна, энэ асуудлуудаа цэгцэлсний дараа үлдэгдэл яг хэдэн төгрөг байх вэ гэдэг асуудлаар ярьж байсныг нь сая нэхэмжлэгчийн төлөөлөгч ярьсан. Үндсэндээ нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл байсан. Мөн Улсын комисс хүлээн аваагүй байгаа юм байна лээ, гэхдээ тэр нь биднээс шалтгаалах зүйл биш юм шиг байна. Үлдэгдэл төлбөрт бид тохиролцож болох байх. Гол нь гүйцэтгээгүй ажилд алданги төлөхгүй гэж бидний зүгээс үзэж байгаа гэв.
3. Хариуцагч Хйн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хд холбогдох, Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр, алдангид 62,643,326,78 төгрөг гаргуулах үндсэн шаардлагатай иргэний хэрэгт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар, дараах сөрөг нэхэмжлэлийн гаргаж байна.
Үүнд: 1. Манай байгууллага нь Т ХХК-тай 2022 оны 09 сарын 23-ны өдрийн АГГ-26/22 дугаартай, Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, захиалагчийн даалгавраар ажил гүйцэтгэгч нь Дорнод аймгийн Ч сум, Э шалган нэвтрүүлэх заставын өргөтгөл, хилийн отряд шинээр байгуулах барилга угсралтын ажлын уурын зуухны дулаан механик, гадна дулаан 1 ээлж, гадна цэвэр, бохир ус, сувгийн хучилтын хавтан хийлгүүлэхээр тохирч, гэрээний 1.2-д зааснаар 2022 оны 09 сарын 25-ны өдрөөс 2022 оны 10 сарын 30-ыг хүртэл хугацаанд, гэрээний 2.1-д зааснаар 120,208,622 төгрөгийн төсөвт өртөгтэй хийхээр тохиролцсон. 2022 оны 10 сарын сарын 30-ны өдрийн Ажлын гэрээ дүгнэсэн акт-аар, гүйцэтгэгч Т ХХК нь гэрээний хугацаанд, гүйцэтгэх ёстой ажлыг бүрэн гүйцэтгэлд хийж гүйцэтгээгүй, дутуу хийснээс ажлыг хүлээлцээгүй, хүйтний улирал эхэлж, барилгын ажлыг цааш хийх боломжгүй байсан учир, талууд гэрээг сунгаж, 2023 оны 2 дугаар улиралд хийхээр шийдвэрлэсэн. Дараа жил нь буюу 2023 оны 10 сарын 16-ны өдөр гүйцэтгэгч Т ХХК-ийн ажлыг хүлээлцэж, ГДА-АГГ26/22 дугаартай, Ажил гүйцэтгэх гэрээ дүгнэсэн акт-ыг үйлдэж, гэрээт ажлыг дүгнэхэд дулаан механикийн ажил 100 хувь, гадна дулааны 1 ээлж 72,5 хувь, гадна цэвэр, бохир усны ажил 83,4 хувь, сувгийн хавтан хучилтын ажил 100 хувь тус тус хийгдсэн гэж, 2023 оны 10 сарын 16-ны өдрийн 26/22 дугаартай Гэрээ дүгнэсэн акт-аар шаардлага гарсан үед болон засвар, өөрчлөлт гарсан үед хийж гүйцэтгэхээр тохирсон. Худгийн асуудал шийдэгдсэний дараа цэвэр усны нөөцийн савыг угсрах, хөрөнгө шийдэгдсэний дараа ус цэвэршүүлэх төхөөрөмжийг тавьж өгнө гэж тохирсон байдаг. Гэвч гүйцэтгэгч Т ХХК нь уурын зуухыг зураг өөрчилж, өөрийн дураар угсарсан, зуухны угсралтын ажил дутуу, уурын зуухны ажлыг дутуу гүйцэтгэж, ажиллагаанд оруулсан зэрэг зөрчлүүдийг дээрх байдлаар засч, залруулах байсан боловч энэхүү үүргээ биелүүлээгүй, удаа дараа шаардаад үр дүнд хүрээгүй болно. Аргагүй эрхэнд 2024 оны 10 сарын 05-ны өдөр иргэн Д.Бтэй АГГ-65/01 дугаартай, Ажил гүйцэтгэх гэрээг дахин байгуулж, Т ХХК-ийн дутуу хийж гүйцэтгэсэн ажил буюу гэрээний 1.1-д заасан ажлуудыг туслан гүйцэтгэгч болох иргэн Д.Бээр нийт 27,777,777,77 төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр хийлгүүлсэн. Ингээд иргэн Д.Бийн гүйцэтгэсэн ажил, гэрээг дүгнэж, 2024 оны 12 сарын 20-ны өдрийн ГДА-АГГ-65/01 дугаартай, Ажил гүйцэтгэх гэрээ дүгнэсэн акт-аар ажлыг хүлээлцэж, үлдсэн санхүүжилтийг нь олгож, гэрээ дуусгавар болсон байдаг. 2022 оны 09 сарын 23-ны өдрийн АГГ-26/22 дугаартай, Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний 5.3-д Гүйцэтгэгч болон захиалагч ажил хүлээлцэж, акт үйлдэнэ. Актад ажил хүлээлцэх явцад илэрсэн алдаа дутагдал, чанаргүй ажил үйлчилгээ зэргийг хэрхэн, хэдийд багтааж засварлах хугацааг ярилцаж шийдвэрлэнэ гэсэн үүргээ Т ХХК нь биелүүлээгүйгээс манай байгууллага нь дахин туслан гүйцэтгэгч иргэнтэй гэрээ хийж, Т ХХК-ийн дутуу хийсэн ажлуудыг хийлгүүлж, төсөвлөгдөөгүй 27,777,777,77 төгрөгийн зардал гарч, хохирсон байдаг. Иймд Т ХХК-иас хийж гүйцэтгээгүй ажил, гэрээний улмаас учирсан хохирол болох 27,777,777,77 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: ...Актын Гэрээний биелэлт, Шийдвэрлэлт гэх хэсэгт: Гүйцэтгэгчтэй 2022.09.25-ны өдөр байгуулсан АГГ-26/22 дугаартай гэрээгээр Хилийн анги шинээр байгуулах ангийн уурын зуух, гадна дулаан, цэвэр, бохир усны шугамын ажлыг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хийгдэж дууссан тул гэрээт ажлыг дүгнэхэд дулаан механикийн ажил 100 хувь, гадна дулааны 1 ээлж 72.5 хувь, гадна цэвэр бохир усны ажил 83.4 хувь, сувгийн хавтан хучилтын ажил 100 хувь тус тус хийгдсэн.
Гүйцэтгэлээр ажлыг тооцоход 96,029,374.10 төгрөг үүнээс урьдчилгаа 36,000,000 сая төгрөг олгосон. Гүйцэтгэлийн баталгаа 5 хувь 4,801,468.7 төгрөгийг хасаж, үлдэгдэл төлбөр 55,227,905.39 төгрөгийг гэрээт компанийн дансанд шилжүүлж, гэрээг дуусгавар болгож шийдвэрлэв гэсэн болно. Энэхүү актын дэлгэрэнгүйг мөн үйлдэж хийгдсэн ажлыг захиалагч байгууллагын эрх бүхий, мэргэжлийн хүмүүс нь нарийвчлан шалгаж, зургаар баталгаажуулан хүлээн авсан бөгөөд актад захиалагч болон гүйцэтгэгчийн эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан юм. Мөн дээрх актыг үйлдэхээс өмнө ажлын үр дүнг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Гадна дулаан, цэвэр усан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт, мөн 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Халаалтын тогоо түүний тоног төхөөрөмжүүдийг угсарсан сорилтоор шалгасан акт үйлдэгдсэн. Гэтэл хариуцагч Х үндсэн нэхэмжлэлд хуулийн хугацаанд хариу тайлбараа бичгээр өгөөгүй, шүүх хурлыг удаа дараа хойшлуулж, 2025 оны 3 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдаан дээр гаргасан сөрөг нэхэмжлэлдээ гүйцэтгэгч байгууллагыг гүйцэтгэх ёстой ажлаа дутуу гүйцэтгэсэн гэж тайлбарлаад үндэслэлээ 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ГДА-АГГ26/22 дугаартай актад 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хийгдэж дууссан тул гэрээт ажлыг дүгнэхэд дулаан механикийн ажил 100 хувь, гадна дулааны 1 ээлж 72.5 хувь, гадна цэвэр бохир усны ажил 83.4 хувь, сувгийн хавтан хучилтын ажил 100 хувь тус тус хийгдсэн гэж дурдсаныг үндэслэсэн гэсэн боловч, шүүх хуралдаан дээр тодруулахдаа гэрээнд заасан ажлыг доголдолтой хийсэн байсан, тухайлбал уурын зуухны дулаан механикийн ажлыг ажлын зурагт зааснаас өөрөөр дур мэдэж өөрчилж хийсэн гэх мэт ажлын доголдлыг Т ХХК засаагүй гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Захиалагч нь ажил гүйцэтгэх явцад хяналт тавьж, гэрээний зүйл буюу үр дүнг захиалагчийн мэргэжлийн хүмүүс нь шалгаж, актаар хүлээн авсан, дараа нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр товч болон дэлгэрэнгүй зураг хөрөгтэй актаар хүлээн авсан. Үүнээс хойш гүйцэтгэгч Т ХХК-д ажлын үр дүнгийн доголдлын талаар ямар ч шаардлага тавьж байгаагүй болно. Иймд хариуцагч Хйн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
5.Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, БУ19-868/20 дугаартай Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, хавсралтын хамт, 2024.11.06-ны өдрийн итгэмжлэл, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн АГГ-26/22 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ГДА-АГГ26/22 дугаартай Ажил гүйцэтгэсэн гэрээ дүгнэсэн акт, , 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ГДА-АГГ26/22 дугаартай Ажил гүйцэтгэсэн гэрээ дүгнэсэн актын хавсралт, Хаан банкны 5439298025 тоот дансны хуулгууд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025.01.20-ны өдрийн 79 дугаартай тэмдэглэл, 2024.11.06-ны өдрийн итгэмжлэл, 2023.08.15-ны өдрийн Гадна дулаан, цэвэр усан хангамжийн системийг угсарсан сорилтоор шалгасан акт, 2023.08.20-ны өдрийн Халаалтын тогоо түүний тоног төхөөрөмжүүдийг угсарсан сорилтоор шалгасан акт, 26/22 дугаартай гэрээ дүгнэсэн акт, Ажлын схем зураг, 2025.05.06-ны өдрийн албан бичиг, 2025.05.06-ны өдрийн итгэмжлэл, Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2025.07.02-ны өдрийн хариу тайлбарыг баримтыг гаргаж өгсөн байна.
6.Хариуцагч 2025.02.03-ны өдрийн 1/47 дугаартай итгэмжлэл, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2025.05.06-ны өдрийн 1/158 дугаартай итгэмжлэл, гүйлгээний баримт, 2024.10.05-ны өдрийн АГГ-65/01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, 2024.12.20-ны өдрийн ГДА-АГГ-65/01 Ажил гүйцэтгэх гэрээ дүгнэсэн акт, фото зураг, 2025.06.23-ны өдрийн сөрөг нэхэмжлэл, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг гаргаж өгсөн байна.
7.Шүүхийн журмаар зохигчдын хүсэлтээр гэрч Д.Бийн гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Т ХХК-ийн үндсэн нэхэмжлэлээс 51,654,721 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 10,988,605.78 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Хйн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Хд холбогдуулан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр, алданги 62,643,326.78 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...Ажил гүйцэтгэх гэрээ дүгнэсэн акт үйлдсэн ба энэхүү актаар Гүйцэтгэлээр ажлыг тооцоход 96,029,374.10 төгрөг, үүнээс урьдчилгаа 36,000,000 төгрөг олгосон. Гүйцэтгэлийн баталгаа 5 хувь 4,801,468.7 төгрөгийг хасаж, үлдэгдэл төлбөр 55,227,905.39 төгрөгийг гэрээт компанийн дансанд шилжүүлж, гэрээг дуусгавар болгож шийдвэрлэ гэсэн болно.
Дээрх 55,227,905.39 төгрөгийг Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 3.7 дугаар зүйлд заасны дагуу талууд акт үйлдсэн өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төлөх байсан боловч 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 25,000,000 төгрөгийг нь шилжүүлсэн. Гэрээний 5.1 дүгээр зүйлд заасан 55,227,905.39 төгрөгийн 50 хувь болох 27,613,952.69 төгрөг, гүйцэтгэлийн баталгаа 4,801,468.7 төгрөг, нийт 62,643,326.78 төгрөг... гэж тодорхойлсон.
Хариуцагч Х нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ... Гэрээгээр ажлыг Т ХХК авч байсан боловч энэ хүн нь өөрөө Хйн ерөнхий инженер ажилтай байсан. Бүх барилгын угсралт, үйл ажиллагааг хариуцаж явуулж байсан хүн юм. Тэр явцдаа тухайн ажлуудыг хүмүүс аваачиж хийлгэсэн нь үнэн.
Чиг үүрэг, ажлын үүднээс бүх ажил дутуу байсан. Ажил дүгнэсэн актыг яагаад ингэж дүгнэснийг би ойлгохгүй байна. Далд ажлын акт, гүйцэтгэлийн акт дээр миний гарын үсэг хяналтын инженер зурагдаагүй.
2024 оны 11 дүгээр сард уурын зуухыг галлах болоод яаралтайгаар хил хамгаалалтад шилжүүлнэ гэсэн чиг үүрэг ирсэн боловч... халаагаагүй, гаднах зуух нь дутуу, гадна шугам, инженерийн шугам сүлжээ нь хийгдээд гологдсон байсан. Хийгдэх явцад горимын нэлээн хэдэн алдаанууд байсан.
Ажлын гүйцэтгэл дутуу, цаг хугацааны хувьд манай ажилд хүндрэл учруулсан.
Манай зүгээс эдний дутуу ажил болох дулаан механикийн ажил, зураг өөрчлөгдсөн ажлуудыг Д.Б гэдэг хүнээр хийлгүүлээд, өвөл 11 дүгээр сард галлуулаад халаалгаад ажлыг нь шалгаад авчихсан болохоор 27,777,777.77 төгрөгийг хасаж, үлдэгдэл төлбөрийг нь өгөх бодолтой байна, алдангийг нь өгөх боломжгүй байна.
Гүйцэтгэлийн хувьд ажлын гүйцэтгэл дутуу, зураг өөрчилж хийсэн ажлыг захиалагч талаас яах гэж манайхыг ингэж зураг өөрчилж ажил хийсэн юм гэх асуудал үүсээд дахиж зургийг нь өөрчлүүлж, газар дээр нь аваачиж насос гээд бүх юмыг нь солиулж Д.Бээр хийлгээд явна, явахгүй гэдэг асуудал болж байж заавал явах ёстой, заавал хийх ёстой гэж энэ гэрээг хийж явуулсан.
Дулаан механик, гадна дулаан, цэвэр бохирын ажил, гадна бохирын ажилд шугам нь холбогдоогүй байсныг манай сантехникийн баг гүйцээж холбосон. Шугам сүлжээ дутуу байсныг, худгийн сувгуудыг нь өндөрлөж хийсэн. Дулаан механикт уурын зуухыг дутуу хийсэн боловч үүслийн системийг буруу газар, зургийн дагуу хийгээгүй учир бид нар хүн хөлсөлж дахин задлуулж, зуухыг бүрэн галлаж, тохиргоо хийлгэсэн. Хүн хөлсөлж дахин галлуулсан зардлуудаа тооцож хассан, түүнээс алданги зэрэг зүйл яриагүй.
2022 оны 10 дугаар сар хүртэл хийх ажил байхад он дамнаж 2023 онд хийсэн, гэрээний хугацаанд ажлаа хийгээгүй. гэж маргажээ.
Хариуцагч Х нь нэхэмжлэгч Т ХХК-д холбогдуулан Гэрээний улмаас учирсан хохирол 27,777,777.77 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... 2022 оны 10 сарын сарын 30-ны өдрийн Ажлын гэрээ дүгнэсэн акт-аар гүйцэтгэгч Т ХХК нь гэрээний хугацаанд, гүйцэтгэх ёстой ажлыг бүрэн гүйцэтгэлд хийж гүйцэтгээгүй, дутуу хийснээс ажлыг хүлээлцээгүй, хүйтний улирал эхэлж, барилгын ажлыг цааш хийх боломжгүй байсан учир, талууд гэрээг сунгаж, 2023 оны 2 дугаар улиралд хийхээр шийдвэрлэсэн.
Дараа жил нь буюу 2023 оны 10 сарын 16-ны өдөр гүйцэтгэгч Т ХХК-ийн ажлыг хүлээлцэж, ГДА-АГГ26/22 дугаартай, Ажил гүйцэтгэх гэрээ дүгнэсэн акт-ыг үйлдэж, гэрээт ажлыг дүгнэхэд дулаан механикийн ажил 100 хувь, гадна дулааны 1 ээлж 72,5 хувь, гадна цэвэр, бохир усны ажил 83,4 хувь, сувгийн хавтан хучилтын ажил 100 хувь тус тус хийгдсэн гэж, 2023 оны 10 сарын 16-ны өдрийн 26/22 дугаартай Гэрээ дүгнэсэн акт-аар шаардлага гарсан үед болон засвар, өөрчлөлт гарсан үед хийж гүйцэтгэхээр тохирсон.
Худгийн асуудал шийдэгдсэний дараа цэвэр усны нөөцийн савыг угсрах, хөрөнгө шийдэгдсэний дараа ус цэвэршүүлэх төхөөрөмжийг тавьж өгнө гэж тохирсон байдаг. Гэвч гүйцэтгэгч Т ХХК нь уурын зуухыг зураг өөрчилж, өөрийн дураар угсарсан, зуухны угсралтын ажил дутуу, уурын зуухны ажлыг дутуу гүйцэтгэж, ажиллагаанд оруулсан зэрэг зөрчлүүдийг дээрх байдлаар засч, залруулах байсан боловч энэхүү үүргээ биелүүлээгүй, удаа дараа шаардаад үр дүнд хүрээгүй болно. Аргагүй эрхэнд 2024 оны 10 сарын 05-ны өдөр иргэн Д.Бтэй АГГ-65/01 дугаартай, Ажил гүйцэтгэх гэрээ-г дахин байгуулж, Т ХХК-ийн дутуу хийж гүйцэтгэсэн ажил буюу гэрээний 1.1-д заасан ажлуудыг туслан гүйцэтгэгч болох иргэн Д.Бээр нийт 27,777,777,77 төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр хийлгүүлсэн.
Ингээд иргэн Д.Бийн гүйцэтгэсэн ажил, гэрээг дүгнэж, 2024 оны 12 сарын 20-ны өдрийн ГДА-АГГ-65/01 дугаартай, Ажил гүйцэтгэх гэрээ дүгнэсэн акт-аар ажлыг хүлээлцэж, үлдсэн санхүүжилтийг нь олгож, гэрээ дуусгавар болсон байдаг.
АГГ-26/22 дугаартай, Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний 5.3-д Гүйцэтгэгч болон захиалагч ажил хүлээлцэж, акт үйлдэнэ. Актад ажил хүлээлцэх явцад илэрсэн алдаа дутагдал, чанаргүй ажил үйлчилгээ зэргийг хэрхэн, хэдийд багтааж засварлах хугацааг ярилцаж шийдвэрлэнэ гэсэн үүргээ Т ХХК нь биелүүлээгүйгээс манай байгууллага нь дахин туслан гүйцэтгэгч иргэнтэй гэрээ хийж, Т ХХК-ийн дутуу хийсэн ажлуудыг хийлгүүлж, төсөвлөгдөөгүй 27,777,777,77 төгрөгийн зардал гарч, хохирсон... гэж тодорхойлсон.
Нэхэмжлэгч Т ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...Захиалагч нь ажил гүйцэтгэх явцад хяналт тавьж, гэрээний зүйл буюу үр дүнг захиалагчийн мэргэжлийн хүмүүс нь шалгаж, актаар хүлээн авсан, дараа нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр товч болон дэлгэрэнгүй зураг хөрөгтэй актаар хүлээн авсан. Үүнээс хойш гүйцэтгэгч Т ХХК-д ажлын үр дүнгийн доголдлын талаар ямар ч шаардлага тавьж байгаагүй болно... гэх тайлбар гаргаж мэтгэлцсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Зохигчид хэн алин нь өөрсдийн гаргаж байгаа шаардлагын үндэслэлийг нотлох үүрэг хүлээдэг ба хариуцагч өөрийн татгалзал тайлбараа гүйцэтгэсэн ажил биет байдлын доголдолтой, бусдаар гүйцэтгүүлсэн гэх гэх тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Т ХХК болон Хйн хооронд 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр АГГ-26/22 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ. Уг гэрээгээр Дорнод аймаг, Ч сум, Э шалган нэвтрүүлэх заставын өргөтгөл, хилийн отряд шинээр байгуулах барилга угсралтын ажлын уурын зуухны дулаан механик, гадна дулаан 1 ээлж, гадна цэвэр, бохир ус, сувгийн хучилтын хавтан хийх ажлыг 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх, барилга угсралтын нийт төсөвт өртөг 120,208,622.6 төгрөг, дулаан механик /уурын зуухны барилга/ 19,833,567 төгрөгийг төсвийн гүйцэтгэлээр дүнг тооцож олгох, гадна дулаан 1 ээлж 75,736,999 төгрөг төсвийн гүйцэтгэлээр дүнг тооцож олгох, гадна цэвэр бохир ус 7,000,000 төгрөг төсвийн гүйцэтгэлээр дүнг тооцож олгох, сувгийн хучилтын хавтан 6,710,000 төгрөг материалын зардлыг 20 хувиар тооцох, гүйцэтгэгчид гэрээт ажлын урьдчилгаа 36,000,000 төгрөг, үлдэгдэл төлбөрийг батлагдсан зураг төсвийн дагуу гүйцэтгэлээр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.
Талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан болон ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт Хас 36,000,000 төгрөгийг урьдчилгаанд, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 25,000,000 төгрөг, нийт 61,000,000 төгрөг төлсөн талаар маргаагүй.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 344 дүгээр зүйлийн 344.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлон гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч нь тохирсон ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээснээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа нь ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарах бөгөөд энэхүү харилцаанаас үүссэн маргаан буюу аливаа шаардах эрх нь Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн зохицуулалтад хамаарч байх бөгөөд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
Зохигчид ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар маргаагүй, хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй бөгөөд ажил гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн эсэх, мөн гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой эсэх нь маргааны зүйл болжээ.
Нэхэмжлэгч Т ХХК нийт хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрт 96,029,374.10 төгрөгөөс 61,000,000 төгрөгийг төлсөн үлдэгдэл 30,227,905.39 төгрөгийг төлөөгүй гэх, хариуцагч гэрээнд заасан ажлыг доголдолтой хийсэн, уурын зуухны дулаан механикийн ажлыг ажлын зурагт зааснаар өөрөөр дур мэдэн өөрчилж хийснээс доголдол бий болж, уг доголдлыг бусдаар гүйцэтгүүлж доголдлыг арилгахад 27,777,777,77 төгрөг зарцуулсан гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргадаг.
Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ, 352 дугаар зүйлийн 352.2.2-т доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх, 352.4-т Ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана гэж тус тус заажээ.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.7-т гүйцэтгэгч нь ажлыг гүйцэтгэн, тухайн талбайг цэвэрлэх, захиалагчийн хяналтын инженерт ажлын чанар, хэмжээг тодорхойлуулан хүлээлгэн өгч, акт үйлдэн 2 тал гарын үсэг зурснаар ажлыг бүрэн дууссанд тооцож ажлын хөлсийг олгоно гэж тохиролцжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигчид 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ГДА-АГГ26/22 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ дүгнэсэн актаар гэрээний биелэлтийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн, гүйцэтгэгчтэй 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан №АГГ-26/22 дугаартай гэрээгээр Хилийн анги шинээр байгуулах ангийн уурын зуух, гадна дулаан, цэвэр, бохир усны шугамын ажлын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хийгдэж дууссан тул гэрээт ажлыг дүгнэхэд дулаан механикийн ажил 100 хувь, гадна дулааны 1 ээлж 72.5 хувь, гадна цэвэр бохир усны ажил 83.4 хувь, сувгийн хавтан хучилтын ажил 100 хувь тус тус хийгдсэн. Гүйцэтгэлээр ажлыг тооцоход 96,029,374.10 төгрөг үүнээс урьдчилгаа 36,000,000 төгрөг олгосон. Гүйцэтгэлийн баталгаа 5 хувь 4,801,468.7 төгрөгийг хасаж, үлдэгдэл төлбөр 55,227,905.39 төгрөгийг гэрээт компанийн дансанд шилжүүлж, гэрээт дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн, хэрэгт авагдсан АГГ-26/22 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ дүгнэсэн актын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хавсралтаар Дулааны механик /уурын зуухын барилга/ 19,833,567 төгрөг, ажлын гүйцэтгэлээр тооцов, гадна дулаан 1 ээлж 54,918,600 төгрөг, ажлын гүйцэтгэлээр дүнг тооцов, гадна цэвэр, бохир ус 5,837,264 төгрөг, ажлын гүйцэтгэлээр дүнг тооцов, сувгийн хучилтын хавтан 6,710,000 төгрөгийг материалын зардлыг 20 хувиар тооцов, нийт дүн 87,299,431 төгрөг, нөат 10 хувь, 8,729,94310, нийт дүн 96,029,374.10 төгрөг гэрээний дүнг батлагдсан төсвийн дагуу гүйцэтгэлээр олгохоор хариуцагч Хйн захирагчийн орлогч С.Нэргүйбаатар, нэхэмжлэгч Т ХХК-ийн захирал Л.С нар гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Мөн гадна дулаан, цэвэр усан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн актаар ажлыг хүлээлцэж, захиалагчийг төлөөлөгч Л.Мягмарсүрэн, даамал Л.С, зохиогчийн хяналт Л.Уянга нар гадна дулаан ГЦУ системийн угсралтыг чанарын сайн дүнтэй болсон гэж хүлээж авчээ.
Халаалтын тогоо түүний тоног төхөөрөмжүүдийг угсарсан сорилтоор шалгасан 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн актаар усан халаалтын тогтоо, ялтсан бойлер холболт нь сайн дүнтэй болсон гэж зохиогчийн хяналт Л.Уянга, захиалагчийг төлөөлж Л.Мягмарсүрэн, даамал Л.С нар хүлээлцсэн байна.
Түүнээс гадна гэрээ дүгнэсэн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №26/22 дугаар актаар туслан гүйцэтгэгч Т ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бөгөөд шаардлага гарсан үед болон засвар өөрчлөлт гарсан үед хийж гүйцэтгэхээр тохирсон. Худгийн асуудал шийдэгдсэний дараа цэвэр усны нөөцийн савыг угсрах, хөрөнгө шийдэгдсэний дараа ус цэвэршүүлэх төхөөрөмжийг тавьж өгнө. Ажлын гүйцэтгэлийн обьём хэмжээг шалгаж гүйцэтгэл бичсэн цалингийн нэгтгэлийг хавсаргав. Гэрээний гүйцэтгэлийн 96,029,374.10 төгрөг болно.
Уг обьект ашиглалтанд орж улсын комисс хүлээж авснаас хойш баталгаат хугацаа 1 жил гүйцэтгэлийн баталгаа болох үнийн дүнгийн 5 хувь /4,801,468 төгрөг/-ийн авч үлдсэн санхүүжилтийг хийх нь зүйтэй гэж үзлээ гэсэн акт үйлдэгдсэн дээрх баримтуудаар тогтоогдсон, хариуцагч дээрх баримтыг үгүйсгэж чадаагүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч дээрх баримтуудаар ажлын үр дүнг хүлээж авсан байх бөгөөд 120,208,622.6 төгрөгийн төсөвт ажил гүйцэтгэхээс 96,029,374.10 төгрөгийн ажил гүйцэтгэсэн болох нь дээрх баримтуудаар тогтоогдох бөгөөд хариуцагч дээрх гүйцэтгэсэн ажил нь биет байдлын доголдолтой гэж тайлбарлах боловч үүнийгээ баримтаар нотлоогүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой үйл баримтыг өөрөө нотлох, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч нотолж чадаагүй буюу ажлыг бүрэн гүйцэтгээгүй буюу доголдолтой, ажлын үр дүнг бүрэн хүлээлгэж өгөөгүй гэдэг нь хэрэгт буй баримтаар тогтоогдоогүй.
Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой дутуу бол захиалагч нь ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй юм.
Хариуцагч нь бусадтай гэрээ байгуулж доголдолтой гүйцэтгэсэн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж Н.Батсүхтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэх баримт, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ГДА-АГГ-65/01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ дүгнэсэн акт, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч эдгээр баримтаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, дээрх баримтуудаар нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг доголдолтой, уг доголдлыг хийж гүйцэтгэхэд зарцуулсан буюу зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээний гүйцэтгэсэн ажлаас доголдолтой ажлыг хийж гүйцэтгэсэн гэх байдал тогтоодохгүй байна.
Түүнчлэн, зохигчдын хооронд байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч тал хийж гүйцэтгэсэн ажил нь доголдолтой байсан болох нь баримтаар тогтоогдоогүй байхаас гадна өөр бусдаар гүйцэтгүүлсэн ажил нь нэхэмжлэгчийн гэрээгээр хүлээсэн ажлын доголдлыг арилгасан гэх байдал тогтоодохгүй байна. Учир нь хариуцагч Х Д.Бтэй байгуулсан гэрээгээр дулааны узелийн халаалтын тогтоо 9,000 м2- 1 ширхэг халаалтын тогоо, 4,000 м2-1 ширхэг ком зуухны угсралтын ажил, сүлжээний насосын угсралт, халуун, хүйтэн усны ялтсан бойлуур, хүйтэн усны насосны угсралт, 8 тн нөөцийн усны савны угсралт, халаалтын тогооны хүйтэн усны нөхөлтийн холболтын ажил хийлгэсэн байна.
Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө, 346 дугаар зүйлийн 346.2-т Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө, мөн хуулийн 351.1.1-д Гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх гэж тус тус зохицуулжээ.
Нэхэмжлэгч Т ХХК нь гэрээнд заасан ажлыг тодорхой хэмжээгээр гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн бөгөөд хариуцагч Х нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авсан боловч тохирох хөлсийг бүрэн төлөөгүй байна.
Иргэний хуулийн 344 дүгээр зүйлд заасны дагуу ажил гүйцэтгэгч Т ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тул шүүх захиалагч Хас гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс 30,227,905.39 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Түүнчлэн, дээрх гэрээний 5.1-д заасны дагуу захиалагч нь төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрөөс 0.5 хувийн алданги тооцож гүйцэтгэгчид олгоно гэж тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Хас гэрээнд заасны дагуу алданги нэхэмжлэх эрхтэй байна.
Шүүхээс алдангийг хариуцагчаас гаргуулж тооцохдоо нэхэмжлэгч тал гэрээнд заасан ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй, гэрээнд заасан ажил гүйцэтгэснийг хүлээж авсан актаар хоцроосон зэрэг нөхцөл байдал болон хариуцагч талаас гэрээ дүгнэсэн акт үйлдсэн болон түүнээс хойш 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрээний төлбөрт 25,000,000 төгрөг төлсөн уг цаг хугацаанаас хойш тооцож, үлдэгдэл төлбөр 30,227,905.39 төгрөгөөс 2023 оны 12 сарын 12-наас 2024 оны 03 дугаар сарын 31-ний хүртэл хугацааны алданги 16,625,347.20 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл, талууд ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч гэрээнд заасан үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс, захиалагч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүйгээс тус бүрдээ алданги шаардах эрхтэй талаар тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нар харилцан үүргээ гэрээндээ заасан хугацаандаа гүйцэтгээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан хариуцагчийн сүүлийн төлбөрийн үүрэг гүйцэтгэсэн цаг хугацаанаас нэхэмжлэгчийг алданги шаардах эрх бий болсон гэж үзсэн.
Түүнчлэн, талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 2.3-т зааснаар гүйцэтгэлийн чанар аюулгүй байдлын баталгаа гэрээний үнийн дүнгийн 5 хувь нэг жилийн хугацаа байна гэж заасан байх бөгөөд ажлын үр дүнг хүлээн авсан 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээж авсан актаас хойш 1 жилийн хугацаа өнгөрснөөс хойш гүйцэтгэсэн ажлын хөлс 96,029,374.10 төгрөгийн гүйцэтгэлийн баталгаа 5 хувь болох 4,801,468.7 төгрөгийг хариуцагч Хас гаргуулж, нэхэмжлэгч Тэнэгэрийн багана ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иймд хариуцагч Хас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 30,227,905.39 төгрөг, алданги 16,625,347.20 төгрөг, гүйцэтгэлийн баталгаа 4,801,468.7 төгрөг, нийт 51,654,721 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,988,605.78 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин хариуцагч Хйн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох Гэрээний улмаас учирсан хохирол 27,777,777.77 төгрөг гаргуулах тухай шаардлагыг дээр дурдсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш 6 сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно, мөн хуулийн 352.2.2-т Доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх, 352.4-т Ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана., 353.2-т Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ. гэж тус тус заажээ.
Хариуцагч Х ажлын үр дүнг доголдолтой байсныг баримтаар нотлоогүй доголдлыг арилгах талаар шаардлага гаргаж байсныг баримтаар нотлоогүй, доголдолтой ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн гэж тайлбарлах боловч уг гүйцэтгүүлсэн ажлын үр дүн нэхэмжлэгчийн гүйцэтгэж, хүлээлгэж өгсөн ажлын үр дүнгийн доголдлыг засварласантай холбоотой зардал гэдгийг мөн баримтаар нотлоогүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Хас 51,654,721 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,988,605.78 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 352 дугаар зүйлийн 352.4, 353 дугаар зүйлийн 353.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Т ХХК-иас 27,777,777.77 төгрөг гаргуулах тухай хариуцагч Хйн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 471,167 төгрөг, хариуцагч Х-ийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 296,838.88 төгрөгийг тус тус улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Хас 416,223.61 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *** дүгээр зүйлийн ***.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС