| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0405/э |
| Дугаар | 511 |
| Огноо | 2018-07-02 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 511
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго, улсын яллагч Ж.Энхжаргал, шүүгдэгч М.Ж, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн, насанд хүрээгүй хохирогч Б.Содбилэг, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Батбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэмтэлэх нарыг оролцуулан тус шүүхийн “Б“ танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Мөнхболдын Жаргалсайханд холбогдох эрүүгийн “1803002570167” дугаартай, 186/2018/0405/э индекстэй хэргийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Атар-Өргөө” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 31 дүгээр байрны 41 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М.Ж /РД:НЙ76083015/,
Холбогдсон хэргийн талаар:
М.Жнь 2018 оны 03 дугаар сарын 21-ний өглөө 07 цаг 40 минутын үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 43 дугаар гудамжны замд “Кia Bongo” маркийн 58-86 УНС улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдлөгөөний дүрмийн 7.17 “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 15 настай Б.Содбилэгийг мөргөж түүний биед зүүн дунд чөмөгний далд зөрүүтэй хугарал, зүүн эгэмийн зөрүүтэй хугарал, зүүн шилбэний тахилзуур шаант ясны доод хэсгийн өсөлтийн бүс дайрсан далд хугарал, зүүн ташаа, хоёр өвдөг, баруун тохой, баруун ташаа, баруун шилбэ, баруун шагайд зулгаралт, бүслэхийн баруун тал, хэвлий, баруун цавь, баруун гуянд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч М.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Тухайн өдрийн өглөө 7 цаг 30 минутын үед дэлгүүрт бараагаа буулгачихаад машиндаа суугаад хойшоо ухрах хөдөлгөөн хийхийн өмнө 2 талынхаа толинд харахад юу ч харагдахгүй байхаар нь хойшоо ухарсан. 7-8 метр орчим ухархад юм мөргөх шиг болохоор нь би зогсоод зүүн талынхаа толинд хартал хүн унасан байсан. Тэгэхээр нь би жаахан урагшаа хөдлөөд бид хоёр буугаад очтол хүүхдийг мөргөсөн байсан. Тэгээд би гар утсаараа эмнэлэг, цагдаа, болон эцэг эх рүү залгаж дуудсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Ерөнхийдөө иймэрхүү л зүйл болсон гэв.
1.2.Насанд хүрээгүй хохирогч Б.Содбилэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. 3 дугаар сарын 21-ний өглөө би 7 цаг 30 минутын үед би гэрээсээ гараад ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй автобусны буудал руу алхаад явж байсан. Тэгээд буудлын ойролцоо явж байхад араас гэнэт машин ирээд мөргөсөн. Мөргөж унагаагаад дээгүүр гараад зогссон, зогсонгуутаа буцаж урагшаа хөдлөөд зогсоод машинаас 2 хүн бууж ирсэн. Тэр хоёр хүн гарнаас татаад дээшээ намайг бүтэн эргүүлсэн. Тэгэхэд миний хөл хугарчихсан санжиганаж байсан. 10 орчим минутын дараа цагдаа болон ар гэрийнхэн маань ирсэн гэв.
1.3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Эрүүл саруул нялх үрийг минь тахир дутуу болгосон М.Жаргалсайханд гомдолтой байгаа гэдгээ хэлье. Олимпийн хороонд бүртгэлтэй тамирчин хүүхэд. 9 дүгээр анги төгсөөд 10 дугаар анги руу орох хүүхэд. 10 дугаар ангидаа орж чадаагүй, хичээл, бэлтгэл сургуулилт гээд бүх зүйлээсээ эмнэлэгт хэвтээд хоцорсон байдалтай. Хохирол төлбөрт 7.200.000 төгрөг гарсан гэж ярьж байна. Миний бичиж тэмдэглэсэнээр 4.830.000 төгрөг болсон. Би эдгээр хүмүүсээс бэлэн мөнгө аваагүй. Эмнэлгийн төлбөр зайлшгүй шаардлага гарахад үүнийг төлөөч гэж гуйдаг. Тэгээд өөрсдөө хянаж, харж байгаад эмнэлэг, эмчилгээний төлбөрийг төлдөг. Баримтгүй 900.000 орчим төгрөг өгсөн гэж ярьж байна. Тийм мөнгө би аваагүй. Миний хүүгийн төрсөн өдрөөр нь хэрэглээрэй гээд 100.000 төгрөг дансруу шилжүүлсэн. Өөрөөр би баримтгүй мөнгө аваагүй гэв.
1.4. Иргэний хариуцагч “Атар-Өргөө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэмтэлэх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Тухайн үед диспетчир залгаад ослын талаар хэлсэн. Тэгээд бид нар машин доторх барааг нь аваад холбогдох хуулийн байгууллага асуудлыг шийдэх байх гэж ярилцсан. Стандартын шаардлага хангахгүй тээврийн хэрэгсэл ажилд гарсан бол манай байгууллага буруутай гэсэн үг. Гэхдээ ослын шалтгаан стандартын бус тээврийн хэрэгслээс болж гараагүй. Компанийн зүгээс хохирол төлсөн асуудал байхгүй. Гэм хорыг арилгахад маргах зүйлгүй. өмгөөлөгчийн хөлс болох 500.000 төгрөгийг компани хариуцахгүй. Хохирогч, сэжигтэн, яллагдагч эрхээ эдэлж өмгөөлөгч авч байна. Түүнийхээ зардлыг өөрсдөө төлөх ёстой, хэрэв шүүхээс иргэний хариуцагчаар гаргуулахаар заасан бол маргах зүйлгүй хариуцна. Цаашид гарах гэм хор, эмчилгээний зардал бодитоор нотлогдож байвал хариуцана, нотлогдохгүй байвал хариуцахгүй гэв.
Хоёр: шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насан хүрээгүй хохирогч Б.Содбилэгийн:...2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 07 цаг 30 минутын орчим хичээлдээ явахаар ганцаараа гэрээсээ гарсан. Тэгээд хойноосоо урагшаагаа Дэнжийн 43 дугаар гудамжинд алхаж явсан. Тэгтэл гэнэт хойноос нь машин ирж мөргөж унагаад зүүн хөлний шагай орчмоор дайрч зогсоод буцаад урагшаа болохдоо дахин хөл дээгүүр дайрч гараад зогссон. Тэгээд жолооч болон хамт явж байсан бололтой 2 эрэгтэй ах машинаас бууж ирээд намайг татаж дээшээгээ харуулсан. Би доошоо хараад унасан байсан. 10 орчим минутын дараа цагдаа ирсэн, 1 цагийн дараа түргэн ирээд намайг аваад явсан гэх мэдүүлэг. /хх 20-21/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Батбаярын:...Б.Содбмлэг миний том хүү байгаа юм. Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн 9 дүгээр ангид сурдаг, 15 настай, эрэгтэй хүүхэд. Тухайн өдөр хүү Содбилэгээс автомашинд дайруулсан талаар асуугаад осолд орсон гудамжинд явж очсон. Осолд орсон газарт явж очиход манай хүү машины ард талд хэвтэж байсан. Машин болон жолооч нь хэргийн газраа байж байсан. Түргэн ирэхээр хүүгээ аваад гэмтлийн эмнэлэг явсан. Хүүгийн бие гайгүй л болж байна. Гэхдээ хэвтрийн дэглэмд байгаа, хичээлдээ явахгүй байгаа. Хохирлын талаар нарийн тооцоо гаргаагүй л байгаа, гэхдээ жолооч талаас эмчилгээний болон эмнэлгийн төлбөр тооцоог хийсэн. Эмчилгээний зардлаа шүүхийн шатанд гаргаж өгнө гэх мэдүүлэг. /хх 31-32/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Батсүмбэрийн:...2018 оны 03 дугаар сарын 21-ний өглөө 06 цаг 50 минутын орчимд Хан-уул дүүрэгт байрлах “Атар Өргөө” ХХК-ны үйлдвэрээс бараа бүтээгдэхүүнийг байгууллагын эзэмшлийн 58-86 УНС улсын дугаартай “Киа Бонго” маркийн автомашинд ачаад жолооч Жаргалсайханы хамтаар борлуулалт хийхээр гарч явсан. Ингээд борлуулалт хийж явж байгаад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ерж-ай нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа зогсоож бараагаа оруулж өгчихөөд би машиндаа суусан. Жаргалсайхан машин дотроо сууж байсан. Ингээд Жаргалсайхан хойшоогоо ухарсан 10 метр орчим газар хойшоогоо ухарч байхад хойд талд нэг юм мөргөх шиг болсон.Тэр үед Жаргалсайхан тоормос гишгээд зогссоноо буцаад урагшаагаа хөдлөөд зогссоод Жаргалсайхан бид хоёр машинаасаа буугаад машины ард талд явж очиход нэг эрэгтэй хүүхэд газар хэвтэж байсан. Жаргалсайхан ахын дүү яасан бэ босоорой гээд гарнаас нь татахад нөгөө хүүхэд ахаа миний хөл өвдөөд байна гэхээр нь хүүхдийг босголгүй түргэн дуудсан. Эхлээд замын цагдаа ирсэн, 40-50 минутын дараа түргэн ирээд гэмтсэн хүүхдийг аваад явсан. Замын цагдаа ирээд хэмжилт хийхдээ хүүхэд анх мөргүүлсэн болон унасан гэх цэгийг Жаргалсайхан бид хоёроор заалгаж хэмжилт хийсэн гэх мэдүүлэг. /хх 34-35/,
2.4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч Ж.Отгонхүүгийн:...М.Ж даруухан, зөв харьцаатай хүүхэд байгаа. Өөрийнхөө эзэмшдэг машиндаа ариг гамтай, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж явдаг, автомашинаа оройдоо байгууллагын гражид оруулж тавьдаг. 2017 оны 9 дүгээр сард оношлогоонд орсон. 2018 оны 9 дүгээр сард манай машинууд оношлогоонд орно гэх мэдүүлэг. /хх-45/,
2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4018 тоот актын:
1. Б.Содбилэгийн биед зүүн дунд чөмөгний далд зөрүүтэй хугарал, зүүн эгэмийн зөрүүтэй хугарал, зүүн шилбэний тахилзуур шаант, ясны доод хэсгийн өсөлтийн бүс дайрсан далд хугарал, зүүн ташаа, хоёр өвдөг, баруун тохой, баруун ташаа, баруун шилбэ, баруун шагайд зулгаралт, бүслэхийн баруун тал, хэвлий, баруун цавь, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэсэн дүгнэлт. /хх-48/,
2.6. Авто тээврийн үндэсний төв /АТҮГ/ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төв №12944 дүгээр дүгнэлт:
1. Уг автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ 26.7 мм тоормосны гэрэл асахгүй, салхины шил баруун дээд талд 20 см орчим цуурсан, дотор гэрэл асахгүй байгаа зэрэг зөрчил нь стандартын шаардлага хангахгүй байна.
2.Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ 26.7 мм тоормосны гэрэл асахгүй, салхины шил баруун дээд талд 20 см орчим цуурсан, дотор гэрэл асахгүй байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ 26.7 мм /стандартаар+5/ ашиглалтын үед үүссэн гэмтэл ба осол гарахад нөлөөлөхгүй.
3,4,5 нэгтгэж хариулахад дээрх эвдрэл гэмтэл нь ослоос өмнө үүссэн байх магадлалтай бөгөөд осол гарахад нөлөөлөхгүй гэж үзэж байна. Шинжээч Монгол улсын зөвлөх инженер Д.Буянхүү, Автотээврийн мэргэшсэн инженер Ё.Эрдэнэ-Очир, И.Алтансүх гэсэн дүгнэлт. /хх 79-81/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх 6-10/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-11/, жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-12/, 2018 оны 04 дүгээр сарын 15-ний өдрийн 85 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хх-83/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт, тээврийн хэрэслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн лавлагаа мэдээлэл, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдлыг тогтоосон бусад баримт /хх 94-133/, хохирол төлсөн баримтууд /хх 143-163/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.
Шүүгдэгч М.Ж нь 2018 оны 03 дугаар сарын 21-ний өглөө 07 цаг 40 минутын орчим Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 43 дугаар гудамжны замд “Кia Bongo” маркийн 58-86 УНС улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдлөгөөний дүрмийн 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 15 настай Б.Содбилэгийг мөргөж түүний биед зүүн дунд чөмөгний далд зөрүүтэй хугарал, зүүн эгэмийн зөрүүтэй хугарал, зүүн шилбэний тахилзуур шаант ясны доод хэсгийн өсөлтийн бүс дайрсан далд хугарал, зүүн ташаа, хоёр өвдөг, баруун тохой, баруун ташаа, баруун шилбэ, баруун шагайд зулгаралт, бүслэхийн баруун тал, хэвлий, баруун цавь, баруун гуянд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- мөрдөн шалгах ажиллагааны явцад насан хүрээгүй хохирогч Б.Содбилэгийн өгсөн:...2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 07 цаг 30 минутын орчим хичээлдээ явахаар ганцаараа гэрээсээ гарсан. Тэгээд хойноосоо урагшаагаа Дэнжийн 43 дугаар гудамжинд алхаж явсан. Тэгтэл гэнэт хойноос нь машин ирж мөргөж унагаад зүүн хөлний шагай орчмоор дайрч зогсоод буцаад урагшаа болохдоо дахин хөл дээгүүр дайрч гараад зогссон. Тэгээд жолооч болон хамт явж байсан бололтой 2 эрэгтэй ах машинаас бууж ирээд намайг татаж дээшээгээ харуулсан. Би доошоо хараад унасан байсан. 10 орчим минутын дараа цагдаа ирсэн, 1 цагийн дараа түргэн ирээд намайг аваад явсан гэх мэдүүлэг. /хх 20-21/,
- мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Батбаярын:..осолд орсон газарт явж очиход манай хүү машины ард талд хэвтэж байсан. Машин болон жолооч нь хэргийн газраа байж байсан. Түргэн ирэхээр хүүгээ аваад гэмтлийн эмнэлэг явсан....гэх мэдүүлэг. /хх 31-32/,
- мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Батсүмбэрийн:...2018 оны 03 дугаар сарын 21-ний өглөө 06 цаг 50 минутын орчимд Хан-уул дүүрэгт байрлах “Атар Өргөө” ХХК-ны үйлдвэрээс бараа бүтээгдэхүүнийг байгууллагын эзэмшлийн 58-86 УНС улсын дугаартай “Киа Бонго” маркийн автомашинд ачаад жолооч Жаргалсайханы хамтаар борлуулалт хийхээр гарч явсан. Ингээд борлуулалт хийж явж байгаад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ерж-ай нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа зогсоож бараагаа оруулж өгчихөөд би машиндаа суусан. Жаргалсайхан машин дотроо сууж байсан. Ингээд Жаргалсайхан хойшоогоо ухарсан 10 метр орчим газар хойшоогоо ухарч байхад хойд талд нэг юм мөргөх шиг болсон.Тэр үед Жаргалсайхан тоормос гишгээд зогссоноо буцаад урагшаагаа хөдлөөд зогссоод Жаргалсайхан бид хоёр машинаасаа буугаад машины ард талд явж очиход нэг эрэгтэй хүүхэд газар хэвтэж байсан. Жаргалсайхан ахын дүү яасан бэ босоорой гээд гарнаас нь татахад нөгөө хүүхэд ахаа миний хөл өвдөөд байна гэхээр нь хүүхдийг босголгүй түргэн дуудсан....гэх мэдүүлэг. /хх 34-35/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4018 тоот актын: Б.Содбилэгийн биед зүүн дунд чөмөгний далд зөрүүтэй хугарал, зүүн эгэмийн зөрүүтэй хугарал, зүүн шилбэний тахилзуур шаант, ясны доод хэсгийн өсөлтийн бүс дайрсан далд хугарал, зүүн ташаа, хоёр өвдөг, баруун тохой, баруун ташаа, баруун шилбэ, баруун шагайд зулгаралт, бүслэхийн баруун тал, хэвлий, баруун цавь, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэсэн дүгнэлт. /хх-48/, 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 85 дугаартай мөрдөгчийн магадлагаа, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.Жыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Насанд хүрээгүй хохирогч Г.Содбилэг, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Батбаяр нараас баримтаар эмчилгээний зардал нэхэмжлээгүй ч шүүгдэгч эмчилгээний зардалд 4.730.000 төгрөгийг төлсөн хохирогч хүлээн зөвшөөрч, харин одоо цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ, мөн өмгөөлөгчийг зардлыг нэхэмжилнэ гэснийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч хохирогч Г.Содбилэгийн цаашид гарах эмчилгээний зардал, мөн өмгөөлөгчийг зардлыг төлж барагдуулахаа шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд мэдүүлж байгааг шүүх дурьдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалах, шүүгдэгч М.Жы №184342 тоот жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Ж авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар М.Жыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч М.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жаас 500000 / таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Батбаярт олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт хураагдаж ирсэн №184342 дугаартай М.Жы эзэмшлийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.
9. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ