| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 2429000000131 |
| Дугаар | 2024/ДШМ/67 |
| Огноо | 2024-12-09 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2024/ДШМ/67
Л.*******т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Г.Цогтмагнай /цахим/,
Шүүгдэгч Л.******* /цахим/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж, хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/155 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.*******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Л.*******т холбогдох 2429000000131 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Л.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг, Гашуун сухайт хилийн боомтын замд ******* улсын дугаартай Шанхэй маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнай нь Л.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх:
Боржигон овогт Лосолын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа хугацааг тоолохоор тус тус шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Би 2024 оны 05 сарын 12-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогдсон. Холбогдсон гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болохоо ойлгож бий.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааны явцад ял сонсгосон. Сонгосон ялыг би хүлээн зөвшөөрч, өөрийн холбогдсон гэмт хэргийнхээ талаар ямар нэгэн маргах зүйлгүйгээр чин шударгаар хүлээн мэдүүлж мэдүүлгээ өгсөн байгаа.
Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар намайг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Би оногдуулсан 1 жилийн хорих ялаа тухайн хуулийн заалтад заасан хорихоос өөр төрлийн ялаар сольж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг шүүгч та бүхнээс гүнээ хүсэж байна.
Учир нь: Би эхнэр хүүхдийн хамт ам бүл дөрвүүлээ амьдардаг. Гэмт хэрэг үйлдсэнээ ойлгож, гэм буруугийн байдалтайгаа маргахгүй, цаашид ахин алдаа гаргахгүй, гэмт хэрэгт холбогдохгүй явж чадахаа та бүхэнд дахин дахин илэрхийлж байна. Цаашид ажил хөдөлмөрөө эрхлээд явах боломжийг болон миний хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа харамсаж гэмшиж байгаа, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг байдлуудыг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.
Хяналтын прокурор Г.Цогтмагнай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхээс Л.*******т оногдуулсан хорих ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинжид тохирсон гэж дүгнэж байна. Л.*******ын тухайд 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон. Тухайн зөрчилдөө зөрчлийн шийтгэл хүлээсэн. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь нэг жилээр хасаад, 400,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулж шийдвэрлэсэн. 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан. Сүүлд үйлдсэн гэмт хэргийн тухайд 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон. 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаа нь 77 өдөр буюу 2 сар 16 хоногийн дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан байна. Тээврийн хэрэгслийн тухайд 25-01 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон байна. Автомашины тухайд 2020 онд Хятад улсад үйлдвэрлэгдсэн, шар өнгийн том оврын тээврийн хэрэгсэл, 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр импортлогдсон байна. Өндөр нь 3450 см өндөртэй, 7000 см урттай, 3070 даацтай, бүх жин 40000 кг, өөрийн жин 9933 кг гэсэн. Үүгээр юуг хэлэх гээд байгаа вэ гэхээр ийм том оврын, хүнд даацын тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулснаас 2 сарын дараа согтуугаар жолоодсон байна. Согтолтын зэрэг нь 2,34 хувьтай гарсан. Энэ нь хүнд согтолтын зэрэгт хамаарна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсны дараа ийм том оврын тээврийн хэрэгслийн нэлээн хүнд зэргийн согтолттой жолоодсон учир оногдуулсан 1 жилийн хорих ял нь тохирсон гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Л.*******ын хувьд ял нь тохирсон учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:
Өмгөөлөгчийн зүгээс өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаагийн хувьд Л.*******ын давж заалдах гомдлыг дэмжиж 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/155 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн гомдлыг дэмжиж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд гэмт хэргийн талаар нотолбол зохих байдлыг хуульд нотолж өгсөн байдаг. Хэдийгээр өмгөөлөгч миний бие давж заалдах шатны шүүхэд оролцож байгаа ч гэсэн энэ гэмт хэргийг шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг чандлан баримтлахыг эрх бүхий албан тушаалтнуудад тодорхой хэмжээнд үүрэг болгосон байдаг. Тухайн гэмт хэрэгтэй танилцаад цугларсан бичгийн нотлох баримтуудыг үнэлээд үзэхэд энэ мөрдөн шалгах ажиллагааны явцад миний үйлчлүүлэгчийн хувийн байдал түүнтэй холбогдох эрүүгийн хариуцлагыг оногдуулах, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг учир дутагдалтай мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж бэхжүүлсэн нь арай учир дутагдалтай байдаг. Үүнээс болж шүүхээс оногдуулах ял шийтгэл, шүүхээс нотлох баримтыг үнэлж байгаа нөхцөл байдал нь тодорхой хэмжээнд яллагдагч, шүүгдэгчид оногдуулах ялын бодлого нь тэнцвэртэй бус байдлаар хэргийг шийдвэрлэхэд нөлөөлсөн гэж өмгөөлөгчийн зүгээс хардаг.
Хэргийн зүйлчлэлийн хувьд өмгөөлөгч миний зүгээс маргаж мэтгэлцэхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хассан хугацаан дээр өмгөөлөгчийн зүгээс тусгайлан хэлээд байх зүйл байхгүй. Л.*******ын хувьд ялын доод хэмжээ болох 6 сараас илүү 1 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулсан байдаг. Энэ төрлийн ял шийтгэл дээр өнөөдрийн байдлаар Өмнөговь аймагт хэрэгжүүлж байгаа ялын бодлого дээр хорих ялыг оногдуулсан тохиолдол цөөн байдаг. Хэргийн хүрээнд авагдсан нөхцөл байдал, Л.*******ын өөрийнх нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, цугларсан нотлох баримтаас хөнгөрүүлэх тухай нотлох баримтыг цуглуулсан эсэх талаар илүүтэй анхааран үзэж, миний үйлчлүүлэгчид хорихоос өөр төрлийн ял шийтгэлийг оногдуулж өгнө үү. Ажилтай байсан нөхцөл байдлыг илүү анхааран үзэж, миний үйлчлүүлэгчид итгэл хүлээлгэн хорихоос өөр төрлийн ял шийтгэлийг нь оногдуулаад өгнө үү. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар шийтгэх тогтоолын 4 дэх хуудсанд Л.******* өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн. Хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэх дүгнэлтийг анхан шатны шүүхээс хийдэг. Хавтаст хэргийн материалтай танилцахад бусдад учруулсан хор уршиг байхгүй байхад хохирол учруулсан хор уршигт хүргэсэн гэх эрх зүйн дүгнэлтэд хүрсэн байхыг эрхэм шүүгч та бүхэн анхаарч үзнэ үү. Л.*******ын гомдлыг дэмжиж байгаа учир гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Улаанбаатар хотод эхнэр хоёр хүүхдийн хамт дөрвүүлээ амьдардаг. Өөрийн бодлогогүй зан байдлаасаа болж энэ хэрэгт холбогдож анхан шатны шүүхээс нэг жилийн хорих ялаар шийтгэгдсэн. Нэг жилийн хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүн та бүхнээс чин сэтгэлээсээ гуйж байна. Цаашид ямар нэгэн хэрэгт холбогдохгүй байж чадна гэж амлая. Надад бусдаас нэхэмжлэх буюу гомдлын санал байхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.*******ын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх Л.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэснийг шүүгдэгч Л.******* эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд хандан гомдол гаргажээ.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.******* нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг, Гашуун сухайт хилийн боомтын замд ******* улсын дугаартай Шанхэй маркийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Л.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “Би 2024 оны 06 дугаар сарын 12-ны орой 00 цагийн үед хамт ажилладаг *******ын хамт *******ын жолоодож явсан ******* улсын дугаартай Фав маркийн машины кабинд 2.5 литрийн пиво хоёрыг хувааж уусан. Тэгээд өөрийнхөө ******* улсын дугаартай Шакмен маркийн машиндаа ороод унтаж амарсан. Өглөө 7 цаг өнгөрч байхад хилийн таталт ирээд хөдөлж байгаад 2 километр шахуу яваад терминалын уулзвар дээр цагдаа шалгаж байсан. Тэгээд намайг драгер багажаар үлээлгэн шалгахад 2.34%-ийн согтолттой байсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 19 дахь тал),
Шүүгдэгч Л.******* нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 /нэг/ жилийн хугацаагаар хасуулсан тухай жолоочийн лавлагаа, мэдээлэл баримт /хавтаст хэргийн 22 дахь тал/,
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүгдэгч Л.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Л.******* нь “Цаашид ажил хөдөлмөрөө эрхлээд явах боломжийг болон миний хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа харамсаж, гэмшиж байгаа, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг байдлуудыг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа “Л.*******ын гомдлыг дэмжиж байгаа учир гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Хэрвээ хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзвэл энэ зүйл хэсгийн хамгийн доод ял болох 6 сарын хорих ялыг оногдуулж, бууруулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж зааснаар шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлж буй байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиггүй байдлыг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 6 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэж, шүүгдэгчийн “хорихоос өөр төрлийн ял оногдуулах” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан тул шүүгдэгчийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/155 дугаар дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ын цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
Х.ГЭРЭЛМАА