| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2018/0077/Э |
| Дугаар | 81 |
| Огноо | 2018-05-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 81
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Д.Ганцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дамбийням,
Шүүгдэгч: О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт О.Б-д холбогдох 1826001430087 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* овогт О.Б
Шүүгдэгч О.Бямба нь 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Альфа баарны гадаа хохирогч Т.Х-г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч О.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч О.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:... Би 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Б, А нарын хамт “Альфа” нэртэй бааранд орсон. Тэнд 1 шил 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи хүний нэг ширхэг 0.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво уусан. Тэгээд 23 цаг болж баар хаахад бид нарч гэсэн баарнаас гарч ирсэн. Баарнаас гарч ирээд зогсож байтал эхлээд 4 залуутай бид 3 маргалдаж байтал хажуугаас Т.Х гэх залуу орж ирээд салгасан. Тэгтэл нөгөө бид нартай хэрэлдэж байсан 4 залуу яваад өгсөн. Тэгээд Т.Х намайг боль яв, яах гээд байгаа юм бэ? гэхээр нь би чамд хамаагүй гэхэд юу гэсэн үг юм бэ? Чи яв гээд байхаар нь би мөргөчихсөн. Тэгтэл Т.Х яагаад намайг мөргөж байгаа юм бэ? Цагдаагийн газар руу очъё гээд байсан. Тэгээд цагдаагийн газар руу явж байгаад замдаа би Т.Х-г дахиж 2 удаа гараараа шанаа хэсэгт нь цохисон. Тэгтэл араас надтай хамт явсан А, Б хоёр болон Т.Х-тай хамт явсан танихгүй залуу нар ирээд боль гээд намайг салгасан. Намайг хамт явсан 2 найзтайгаа юм яриад зогсож байтал Т.Х найзтайгаа яваад өгсөн. Тэгээд би Х-г цагдаагийн газар руу явъя гээд байсан учраас цагдаагийн газар иртэл Т.Х цагдаагийн газрын үүдэнд зогсож байхаар нь Т.Х-тай хамт цагдаагийн газар руу орсон. Би өөрийн гаргасан буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. /хх-ийн 60-61 хуудас/,
Хохирогч Т.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр би найзтайгаа хамт Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багт байх Альфа гэх бааранд шөнийн 22 цагийн орчимд орж ундаа ууж байгаад гарсан. Баарны гадаа манай найзтай нэг хүн маргалдаад байхаар нь би тэр 2-ыг салгасан. Тэгтэл манай найзтай хэрэлдэж байсан залуу намайг дуудахаар нь яваад очтол намайг мөргөчихсөн. Миний хамар цөмөрсөн. Хохирол төлбөрт 500000 төгрөг авсан. /хх-ийн 8-11 хуудас/,
Гэрч Д.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Баарны үүдэнд О.Б нь Т.Х нүүр хэсэгт нь нэг удаа мөргөсөн. Тэгтэл Т.Х гэх залуу миний хамрыг хугалчихлаа гээд байсан. Тэгээд баарны хойд талаар тойроод явсны дараа намайг харж байхад гараараа зүүн талын шанаа хэсэгт нь нэг удаа цохьсон. /хх-ийн 16-17 хуудас/,
Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... О.Б Т.Х-н нүүр рүү нэг удаа мөргөхийг нь харсан. Өөр зодож цохисныг хараагүй. /хх-ийн 18-19 хуудас/,
Гэрч Л.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Намайг Альфа баарнаас гарч ирэхэд гадаа Т.Х ах О.Б гэдэг залуутай зодолдчихсон бололтой юм яриад зогсож байсан. Намайг харахад Т.Х-н хамар нь мурийчихсан байгаа харагдсан. Тэгээд би Т.Х ахад би явлаа гэхэд тэг тэг гэсэн. Тэгээд л би явсан. Намайг баарнаас гарч ирэхэд гадаа Т.Х, О.Б нар хоёулаа л байсан. Ойр хавьд нь өөр хүмүүс байхгүй байсан. /хх-ийн 20-21 хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №151 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Т.Х-н биед тархи доргилт, хамар ясны цөмөрсөн зөрөөтэй хугарал, зүүн нүд, зүүн хацрын төвгөр хэсэгт цус хуралт, хавдар гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 25 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, хохирол төлсөн баримт, хохирогчийн өмгөөлөгчөөс хохирол төлбөрт 500000 төгрөг авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт шүүгдэгч О.Б-н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 12-13, 56, 66 хуудас/,
Шүүгдэгч О.Б-н хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 16 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 41-43 хуудас/,
Шүүгдэгч О.Б-н урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч О.Б нь 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Альфа” нэртэй баарны гадаа хохирогч Т.Х-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч О.Б-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Х-н 2018 оны 03 дугаар сарын 04-ний шөнийн 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багт байх Альфа гэх баарны гадаа манай найзтай хэрэлдэж байсан залуу болох О.Б намайг дуудахаар нь яваад очтол намайг мөргөчихсөн. Миний хамар цөмөрсөн. Гэрч Д.А-н баарны үүдэнд О.Бямба нь Т.Х-н нүүр хэсэгт нь нэг удаа мөргөсөн. Гэрч Г.Б-н О.Б Т.Х-н нүүр рүү нэг удаа мөргөхийг нь харсан. Гэрч Л.М намайг Альфа баарнаас гарч ирэхэд гадаа Т.Х ах О.Б гэдэг залуутай зодолдчихсон бололтой юм яриад зогсож байсан. Намайг харахад Т.Х-н хамар нь мурийчихсан байгаа харагдсан гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №151 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, хохирол төлсөн баримт, хохирогчийн өмгөөлөгчөөс хохирол төлбөрт 500000 төгрөг авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдон тогтоогдсон, хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч О.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч О.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгч О.Б-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулсан болно.
Шүүгдэгч О.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,
Мөн шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид хохирол төлбөрт 500000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Т.Х-н амбулаторын картыг хохирогчид буцаан олгож, амбулаторын картыг хуулбарлаж хуулбарыг хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт хавсаргаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт О.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мөн шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид хохирол төлбөрт 500000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Т.Х-н амбулаторын картыг хохирогчид буцаан олгож, амбулаторын картыг хуулбарлаж хуулбарыг хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт хавсаргасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.