| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2403001130203 |
| Дугаар | 2024/ДШМ/1247 |
| Огноо | 2024-11-20 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2024/ДШМ/1247
2024 11 20 2024/ДШМ/1247
О.Тад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Батзориг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Батбаатар,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Х.Лхагвахүү,
шүүгдэгч О.Тын өмгөөлөгч Б.Сүрэнхүү,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваадорж даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/1062 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Тын өмгөөлөгч Б.Сүрэнхүүгийн гаргасан давж заалдах гомдлоор О.Тад холбогдох 2403001130203 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч О.Т нь Баянгол дүүрэг 20 дугаар хороо, Баянгол дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн хойд талын замд 2024 оны 02 дугаар сарын 14-ний орой 19 цаг 23 минутын орчимд “Toyota Spade” загварын 75-42 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.4-т “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсаргалтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Чыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: О.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Тг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Тад оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, тус нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Т нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.3, 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5, 514 дүгээр зүйлийн 514.1, 514.2-т тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт 6.820.735 /зургаан сая найман зуун хорин мянга долоон зуун гучин тав/ төгрөг, гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрт 69.300.000 /жаран есөн сая гурван зуун мянга/ төгрөг, нийт 76.120.735 /далан зургаан сая нэг зуун хорин мянга долоон зуун гучин тав/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Баянгол дүүргийн 17 дугаар хороо, “Элеганс таун” хотхоны 44е дугаар байрны 50 тоотод оршин суух, Олхонууд овогт Бямбадоржийн Баасанцэрэн /РД:ХН74092871/-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 /нэг/ ширхэг “Си Ди”-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.Тын өмгөөлөгч Б.Сүрэнхүү давж заалдах гомдолдоо: “...1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.13 дахь заалтад “оролцогч” гэх нэр томьёог нарийвчлан тодорхойлсон ба мөн хуулийн 8.1 дүгээр зүйл болон 8.2 дугаар зүйлд “хохирогч”-ийн эрх зүйн байдал, эрхийг хуульчилсан ба, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно” хэмээн хуульчилсан. Гэтэл энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчийг албан ёсоор тогтоогоогүй, зохих шийдвэрээр баталгаажуулаагүй бөгөөд харин “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч” гэх хүнийг оролцуулан хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох үүргийг шүүх зөрчсөн, Монгол Улсын хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуупь, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж хуульчилсныг зөрчсөн хууль бус ажиллагаа юм.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт “гэр бүлийн гишүүн гэх нэр томьёог тайлбарлан тодорхойлсон ба Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” гэж ойлгоно хэмээн тодорхойлон тайлбарласан байна. Гэтэл энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч амь хохирогчтой хамт амьдарсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй ба шүүх Монгол улсын хуулиудыг зөрчсөн, шүүгчдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан, хор уршгийн нөхөн төлбөрийн асуудалд эргэлзээгүй байдлыг бий болгосон, хууль бус шийдвэр гаргасан.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна”, 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж тус тус хуульчилсан.
Түүнчлэн Монгол улсад аливаа мөнгөн төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх зорилгоор Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг бталан дагаж мөрдөж байна. Энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “үндэсний мөнгөн тэмдэгт” гэж Монголбанкнаас гүйлгээнд гаргасан төлбөрийн хууль ёсны хэрэгсэл болох төгрөгийг хэлнэ.
Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “Монголбанкны албан ханш” гэж банк хооронд болон банкнаас байгууллага, иргэнтэй хийсэн гадаад валютын бэлэн бус арилжааны дүн, ханшид үндэслэн тооцоолж Монголбанкнаас зарласан ханшийг гэж ойлгоно” гэж тус тус хуульчилсан. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гадаад хэл дээр үйлдсэн “билет” гэх баримт, гадаадын мөнгөн тэмдэгтийн нэгжээр илэрхийлсэн дүн бүхий баримтыг шүүхэд ирүүлсэн ба аль улсын ямар валют, ямар ханшаар тодорхойлогдож байгаа нь тодорхойгүй байтал шүүх үнэлэн, гэм хорын, хор уршгийн нөхөн төлбөрт төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь дээр дурьдсан Монгол улсын хуулиудыг зөрчсөн, шүүгдэгч хохиролд хэдийг төлсөн, цаашид хэдийг төлөх асуудал нь тодорхойгүй, эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгосон, хууль бус үйлдэл болж байна.
Ийнхүү анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох осгийн 6 дахь заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.7 дугаар зүйл “хэргийн бодит байдлыг тогтоох" мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн “нотолбол зохих байдал”, 1.5 дугаар зүйлийн “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г тогтоох зарчмыг тус тус ноцтой зөрчсөн, хууль бус шийдвэр байх тул шийтгэх тогтоолын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар тодорхойлох хэсэг болон шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгуулан зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд “хэлэх тайлбаргүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бгийн өмгөөлөгч Х.Лхагвахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс 3 үндэслэлээр гомдол гаргасан байна. Нэгдүгээрт, хохирогчийн хууль төлөөлөгчийг оролцуулан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, иргэний нэхэмжлэгчээр оролцуулах нь зүйтэй гэсэн бөгөөд энэ нь үндэслэлгүй. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно”, 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч нас барсан, эрх зүйн чадамжгүй болсон, эсхүл өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах чадваргүй бол энэ зүйлд заасан эрхийг түүний хууль ёсны төлөөлөгч эдэлнэ” гэж заасан. Тэгэхээр хууль ёсны төлөөлөгч болох Б.Б Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцох үндэслэлтэй гэж үзэж байна. Хоёрдугаарт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч амь хохирогчтой амьдарч байсан талаар нотлох баримт байхгүй мөн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчинө гэдэг байдлаар тайлбарладаг. Гэтэл шүүгдэгчийн болгоомжгүй үйлдлээс шалтгаалаад хохирогч нас барсан. Энэ хорвоод амьдрах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ийм байхад шүүгдэгч талаас эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөд байна гэсэн агуулгатай зүйл ярьж байгаад гомдолтой байна. Мөн шүүгдэгч талаас анхан шатны шүүх хуралдаан дээр гэм буруу дээр маргахгүй гэсэн байр суурьтай байсан учраас улсын яллагч болон хохирогч талаас хорих ял оногдуулах саналгүй, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахы санал гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүхэд иймэрхүү байдлаар гомдол гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирол төлбөрийн тухайд 99.000.000 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүхээс 30 хувиар багасгаж 69.300.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. ...” гэв.
Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруу дээрээ маргаж байгаа мэт хохирогчийн буруутай үйлдэл байсан гэдэг байдлаар дурдсан. Хохирогчийн буруутай үйлдэл байсан. Энэ талаар магадалгаанд тусгасан байгаа. О.Тын тухайд 60 хувийн нүдний хараа алдагдалтай. Мөн тээврийн хэрэгсэл нь бүрэн бус, шаардлага хангахгүй. Тухайн осол шөнийн цагаар гарсан. О.Тын нүдний хараа зохих түвшинд хардаг, жолоодож явсан тээврийн хэрэгслийн гэрлийн тусгал шаардлага хангаж байсан бол явган зорчигчийг арай наана нь хараад зогсоох арга хэмжээ авах, мөргөсөн ч гэсэн амь насыг хохироох хэмжээний хохирол учруулахааргүй нөхцөл байдал байсан. Мөрдөгчийн зүгээс О.Тыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.4-т “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөн, мөн хохирогч гарцгүй газраар гарсан гэж үзэж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг баримталж саналаа гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруу дээрээ маргахгүй гэсэн атлаа маргаж байгаа мэт зүйл дурдаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 2013 онд хохирогчийг гэрлэлтээ цуцлуулсан гэж мэдүүлдэг. Хохирогчийн эхнэр, хүүхэдтэй нь гадаад улсад байгаа учраас холбоо барьж чадаагүй. Тэгээд Б.Бг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон. Хохирол төлбөрийн тухайд баримтаар 16.820.735 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгчийн зүгээс 10.000.000 төгрөг төлсөн. 6.820.735 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах нь зүйтэй. Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаан дээр хамтран амьдарч байгаа хүн биш учраас сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах төлбөрийг гаргуулах үндэслэлгүй гэсэн байр суурь илэрхийлсэн боловч шүүх амь хохирогчийн буруутай үйлдэл байсан гэдэг үндэслэлээр 99.000.000 төгрөгөөс 30 хувь багасгаж 69.300.000 төгрөгөөр гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.
Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн байх, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцдэг.
Анхан шатны шүүх шүүгдэгч О.Тын гэм бурууг хянан хэлэлцэж, хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Харин энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэлийг албан ёсоор тогтоогоогүй, амь хохирогч нь гэр бүлээ цуцлуулсан гэх баримт, шийдвэр хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд амь хохиргчийн эхнэр, хүүхдийг түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогоогүй үндэслэлээ заагаагүй, үүнийг шалгаж тогтоох шаардлагатай гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.13 дахь заалтад “... “оролцогч” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг;...” гэж, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно. ...” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” гэж тус тус хуульчилжээ.
Тодруулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт, гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрт нийт 76.120.735 /далан зургаан сая нэг зуун хорин мянга долоон зуун гучин тав/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Баянгол дүүргийн 17 дугаар хороо, “Элеганс таун” хотхоны 44е дугаар байрны 50 тоотод оршин суух, Б.Бд олгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй байх тул энэ талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч О.Тын өмгөөлөгч Б.Сүрэнхүүгийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч О.Тад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/1062 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч О.Тад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ