| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | Шийдвэр 128/2026/0057/З |
| Дугаар | 128/ШШ2026/0499 |
| Огноо | 2026-05-19 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2026/0499
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: овогтой гийн ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г., ӨНБД://,
Хариуцагч: Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ийн ИБД://.
Хариуцагчийн өмгөөлөгч: , ӨНБД://.
Нэхэмжлэлийн шаардлага: “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай “Төрийн албанаас чөлөөлөх тухай” тушаалын Э.д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалтай адил ажил албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., хариуцагчийн өмгөөлөгч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1.Нэхэмжлэгч Э. нь Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Э.г шилжүүлэн ажиллуулах тухай” ******* дугаартай тушаалаар Баянгол дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасны дагуу 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Хүүхдийн хөгжил хамгааллын хэлтсийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо хариуцсан мэргэжилтнээр шилжин ажиллажээ.
1.2. Нэхэмжлэгч Э. нь өөрийн гаргасан хүсэлтийн дагуу Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Э.г шилжүүлэн ажиллуулах тухай” ******* дугаар тушаалаар тус газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн Хяналт- шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр, 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Э.г шилжүүлэн ажиллуулах тухай” Б/92 дугаар тушаалаар Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнээр тус тус шилжин ажиллаж байгаад 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Төрийн албан хаагчдыг үргэлжлүүлэн ажиллуулах тухай” ******* дугаартай тушаалаар “хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний хяналт хариуцсан мэргэжилтнээр үргэлжлүүлэн ажиллажээ.
1.3. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Тогтоолд өөрчлөлт оруулах тухай 196 дугаар тогтоолоор ...Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар...-ын чиг үүргийг төрийн захиргааны болон харьяа дүүрэг рүү холбогдох байгууллагад шилжүүлэх ажлыг хууль тогтоомжийн хүрээнд хамтран зохион байгуулж, эд хөрөнгө, санхүүгийн төлбөр тооцоог зохих журмын дагуу шийдвэрлэх-ийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Татан буулгах комисс байгуулах тухай ******* дугаар тушаалаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгах ажлыг зохион байгуулах комисс, ажлын удирдамжийг тус тус баталжээ.
1.4. Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 52 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн бүтэц, орон тоог өөрчлөн баталсны дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын төв, орон нутгийн байгууллагын орон тооны хязгаар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын бүтэц, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай ******* дугаар тушаалаар баталсан орон тооны дээд хязгаарт багтаан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дэргэдэх нэгжүүд, аймаг, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, хэлтсүүдийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, шаардлагатай албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулан, мөрдөн ажиллахыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт үүрэг болгожээ.
1.5. Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газраас Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 52 дугаар тогтоолыг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын албан хаагчдад танилцуулжээ.
1.6. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дүгээр тушаалыг үндэслэн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын байгууллагын бүтэц, ерөнхий газрын болон зарим албан тушаалын нэршил, ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай ******* дугаар тушаалаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын бүтэц, албан тушаалын нэршил, ангилал, зэрэглэлийг шинэчлэн баталж, уг тушаалын дагуу холбогдох хуульд заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын даргад цахимаар хүргүүлжээ.
1.7. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газраас 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар албан бичгээр “тус газрын 09 дүгээр сар дээр төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт, албан хаагчдын тэтгэмжийн дэлгэрэнгүй тооцооллыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт хүргүүлжээ.
1.8. Ингээд маргаан бүхий Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Төрийн албанаас чөлөөлөх тухай” ******* дугаар тушаалаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгасантай холбогдуулан чиг үүргийн давхардал үүссэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Э.г 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болгож төрийн албанаас чөлөөлжээ.
1.9. Нэхэмжлэгч Э.гаас Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар “Гомдлын хариу хүргүүлэх тухай” албан бичгээр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг үндэслэн Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буугдсан үндэслэлээр нэр бүхий 15 албан хаагчийг төрийн албанаас чөлөөлж, гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгосон байна.Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар татан буугдсантай холбоотойгоор тус газрын албан хаагчдыг мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжин ажиллах боломжийг хангах арга хэмжээг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас зохион байгуулсан байна. Мөн та бүхний гаргасан хүсэлтийг үндэслэн гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэж, төрийн албанаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангах арга хэмжээг авсан гэж үзэх үндэслэлтэй гэх хариуг өгчээ.
1.10. Нэхэмжлэгч Э. нь Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан боловч 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдаанд ажил олгогч тал хуралдаанд ирээгүй тул урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй тул тэмдэглэлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурджээ.
1.11. Ингээд нэхэмжлэгч Э.гаас Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт холбогдуулан “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай “Төрийн албанаас чөлөөлөх тухай” тушаалын Э.д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалтай адил ажил албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан ба тус шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 0241 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлжээ.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай тушаалыг эс зөвшөөрч дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Миний бие гийн нь Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт 2023 оноос хойш 2 жил ажиллаж байсан. Засгийн газрын 2025 оны 196 дугаар тогтоолоор манай байгууллагаа татан буугдаж чиг үүрэг, орон тоо нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт нэмэгдэж шилжсэн. Үүнтэй холбогдуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ******* дугаар тушаал гарч, тус тушаалаар намайг төрийн албанаас чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасанчлан Төрийн жинхэнэ албан хаагч нь нэмэгдэл баталгаа эдлэх ба тус хуулийн 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж тодорхой тусгасан. Үүнтэй холбоотойгоор тус хуулийн 62.1.4-д төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэших болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох эрхтэй байна.
2.1.1. Төрийн албаны тухай хуулиар байгууллага татан буугдсан тохиолдолд өөр ажил албан тушаалд томилуулах эрхтэй байна. Энэ эрхийг хангаж ажлын байр санал болгож, хэрэв албан хаагч зөвшөөрөөгүй тохиолдолд тэтгэлэг олгох ёстой байтал урьдчилан мэдэгдэхгүйгээр, сонсох ажиллагаа хийж саналыг сонсохгүйгээр шууд чөлөөлсөн нь миний хуулиар олгосон эрхийг зөрчиж байна. Миний бие өөрийн салбартаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байсан ба 2025 оны 08 сард уулзах үеэр Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын шинэчилсэн бүтэц батлагдаагүй, ажлын байрны тодорхойлолт гараагүй байсан. Энэ үед манай байгууллагад ажиллаж байсан хоёр хүн шилжиж ажилласан байдаг. Бусад албан хаагчдын хувьд бүтэц батлагдаад дуусахаар ажиллах боломжтой ажлын байрны тодорхойлолттой танилцаад ямар албан тушаалаар үргэлжлүүлэн ажиллах тухайгаа шийдэхээр тохиролцсон байдаг. Гэтэл бидэнд ажлын байр санал болгохгүйгээр шууд ажлаас чөлөөлсөн.
2.1.2. Үүнээс 17 хоногийн дараа 10 дугаар сарын 17-ны өдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын албан ёсны сайтад 15 гаруй ажлын байрыг зарласан байсан. Энэ мэтчилэн миний хуульд заасан төрийн байгууллагад үргэлжлүүлэн ажиллах эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байгаа тул Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоож, шилжин ажиллах боломжтой албан тушаалд томилж, цалингүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.
2.2. Нэхэмжлэгч Э. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Манайхаас ерөнхий газарт 4 хүний хувьд яриа хөөрөөтэй танилаараа, өмнө нь ерөнхий газарт ажиллаж байсан хүмүүст тулгуурлаж орсон байгаа. Манайхаас оръё гээд хүсэл зоригоо илэрхийлээд 2 хүн байгаа. н.Анхбаяр мэдээлэл технологийн хариуцсан мэргэжилтнээр очиж 7 хоног ажилласан. Эн хугацаанд шилжүүлэн ажиллуулах тушаалыг нь гараагүй, цалин хөлс ч олгоогүй, юу хийх, хаана суух нь тодорхойгүй байсан. Тиймээс бид нар тодорхой болохоор нь шилжиж ажиллая гэсэн байр суурьтай байсан” гэв.
2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Комисс нь чиг үүрэг, орон тоо, төсвийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын шилжүүлж хүлээлц гэж удирдамжид зааж өгсөн. Чиг үүрэг нь шилжиж байгаа учир шууд шилжүүлэн ажиллуулах эсхүл үргэлжлүүлэн ажиллуулах тушаалыг ерөнхий газраас гаргах ёстой байсан. Э.гийн зүгээс чиг үүрэг нь шилжсэн учир ийм албан тушаалд очъё гэж санал, хүсэлтээ илэрхийлэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас ч сонсох ажиллагаа хийх шаардлагагүй. Чиг үүрэг нь шилжиж байгаа бөгөөд ажилчдыг нь шууд шилжүүлэн авах зохицуулалт гэж үзэж байгаа. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас төсөвт өөрчлөлт оруулъя, мөнгийг нь авъя гэсэн хүсэлтээ илэрхийлээд шахаад яваад байсан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Анхнаасаа ажилчдыг нь авахгүйгээр буюу хатуугаар хэлэхэд алтыг нь аваад авдрыг нь хая гэсэн санааг илэрхийлээд байна. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Маргаан бүхий тушаалтай холбоотой сонсох ажиллагаа хийх ёстой байсан. Төрийн албанаас чөлөөллөө, таны ажлын чиг үүрэг байхгүй, таныг ажиллуулах боломжгүй байна гэдгээ илэрхийлээд сонсох ажиллагаа явуулах, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэхийг заагаад өгсөн байгаа. Гэтэл мэдэгдээгүй. 09 дүгээр сарын 15-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн гэх боловч ажлаас чөлөөлсөн маргаан бүхий тушаалын талаар огт дурдаагүй. Мөн Э.д танилцуулж, гардуулсан зүйл байхгүй. Шуудангийн баримтаар энэ мэдэгдэх хуудас нь 10 дугаар сарын 02-ны өдөр ирээд 10 дугаар сарын 06-ны өдөр маргаан бүхий тушаал гарсан байгаа учир буцаасан байдаг. Энэ нь хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдож байгаа. Маргаан бүхий тушаалд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-д заасныг баримталж төрийн албанаас бүр мөсөн чөлөөлж байгаа. Гэтэл дээрх хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлнө”, 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө” гэх байдлаар чөлөөлөх болон түр чөлөөлөх талаар ялгамжтай зохицуулсан. Өөрөөр хэлбэл хуулийн 46.2.5-д заасныг баримтласан нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Төрийн албаны нөөцөд үлдээх боломжтой байсан гэж үзэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 27 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулагүй гэдэг нь хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан бөөнөөр халах үеийн зохицуулалтыг хэрэгжүүлээгүй. Мөн 80 дугаар зүйлийн 80.4-д зааснаар мэдэгдэл өгснөөс хойш 30 хоногийн дараа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцална гэж зохицуулсныг зөрчсөн. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, 49.2-т “Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж нэхэмжлэгчийн эрх, ашгийг ноцтой зөрчсөн. Захиргааны шийдвэр бодитой байх зарчимд нийцээгүй. Гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хөрөнгийг нь аваад хүний нөөцийн асуудлыг нь орхигдуулсан. Анхнаасаа ерөнхий газар хүнийг нь авахгүй гэдэг бодлого баримтлаад баримтуудаа бүрдүүлсэн нь өөрсдийнх нь тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Э. шууд үргэлжлүүлэн ажиллах боломжтой байтал өөр албан тушаалтан Б.Мягмарцэрэнг Э.гийн албан тушаалд шилжүүлэн ажиллуулж зөрчсөн нь харагдаж байна. Тэгсэн атлаа өөрсдийгөө эрх бүхий субьект гээд Э.г ажлаас чөлөөлөөд байдаг. Эхлээд шилжүүлэн ажиллуулах гаргасны дараа ажлаас чөлөөлөх тушаал гаргах байсан. Эсхүл Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас Э.г чөлөөлөх байсан. Хуулийн зохицуулалт ийм байтал дээрх эрх хэмжээ хариуцагчид олгогдосон эсэхийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хариуцагч шийдвэрээ гаргасантайгаа холбогдуулан ажиллагаа хийх ёстой байтал татан буугдаж байгаа байгууллагад бурууг өгөөд байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Мөн шүүхээс шаардлагатай гэж үзвэл маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлэх боломжтой гэж үзэж байна. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3-д заасны дагуу сүүлийн 7, 8, 9 сарын нийлбэр нь 3,333,334 төгрөг (мөн 6%-ийн нэмэгдэл), өдрийн 151,515 төгрөгийг 10 дугаар сараас эхлэн тоолоход нийт 158 хоногоор 23,939,370 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:
3.1. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний хяналт хариуцсан мэргэжилтэн асан Э. нь нэхэмжлэлдээ бодит байдлаас илтэд зөрүүтэй зүйлсийг дурдсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 196 дугаар тогтоолоор Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгаж чиг үүргийг төрийн захиргааны байгууллага, дүүрэг дэх холбогдох байгууллага руу шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс үүдэн Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчдыг шилжүүлэн ажиллуулахын тулд байгууллагын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн тогтоох шаардлага үүссэн.
3.1.1. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг Засгийн газрын тогтоолоор баталдаг тул тогтоолоор шинэ бүтэц, орон тооны дээд хязгаар батлагдах хүртэл албан хаагчдыг шилжүүлэн ажиллуулах боломжгүй байсан. Улмаар Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 52 дугаар тогтоолоор агентлагийн орон тооны хязгаар шинэчлэгдэж 56 болсон. Дээрх тогтоолын хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаартай тушаалаар “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын бүтэц, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай” шийдвэр гарсан.
3.1.2. Үүний дагуу Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаар тушаалаар агентлагийн албан тушаалын нэршил, ангилал, зэрэглэл шинэчлэгдсэн. Уг тушаал гарах хүртэл Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчдыг албан тушаалын нэршилд санал өгөх боломжтой талаар дурдаж байсан. Мөн дээрх тушаал гарсны дараа ч өмнө ажиллаж байсан албан тушаалтай адил төсөөтэй чиг үүрэг, албан тушаалын нэршил бүхий ажилд томилогдох боломжийг хангаж ажилласан. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 196 дугаар тогтоолоор татан буугдсанаас хойш удаа дараа шилжин ажиллах хүсэлтэй эсэхийг тодруулахад 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг авах хүсэлтэй байгаа талаараа хэлсэн. Энэ ч Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 01/228 дугаартай албан бичгээс харагдана.
3.1.3. Дээрх албан бичиг ирсний дараа 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Засгийн газрын 2025 оны 52 дугаар тогтоолыг танилцуулах, албан хаагчид шилжин ажиллах хүсэлтэй эсэх талаар тодруулах зорилгоор Төрийн өмчийн 11-р байрны 301 тоот өрөөнд хурал зохион байгуулсан. Уг хуралд Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 26 албан хаагч оролцох байснаас ээлжийн амралттай 2, чөлөөтэй 3 албан хаагч ирээгүй бөгөөд нийт 21 албан хаагч оролцсон. Энэ үеэр албан хаагчид шилжин ажиллах хүсэлтэй эсэх талаар сонсох, шилжих хүсэлтэй албан хаагчдаас анкет, холбогдох мэдээллийг гаргуулж авах ажлыг зохион байгуулж ажилласан.
3.1.4. Захиргааны акт гаргахаас өмнө 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчдаас тайлбар, санал авах буюу сонсох ажиллагаа явуулах зорилгоор мэдэгдлийг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг төлөөлөх эрх бүхий этгээд болох Ө.Ган-Өлзий рүү цахим шуудангаар явуулахын зэрэгцээ баталгаат шуудангаар захиргааны байгууллагын хаягаар хүргүүлсэн. Албан хаагчдын зүгээс ямарваа нэгэн хариу тайлбар, саналыг ирүүлээгүй. Иймээс тодруулах зорилгоор 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчдтай Захиргаа, удирдлагын газраас холбогдоход тэтгэлэг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Улмаар 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас ******* дугаартай албан бичгээр тэтгэмж авах албан хаагчдын мэдээллийг өгсөн.
3.1.5. Мөн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Ерөнхий нягтлан бодогч Н.Лхам сүүлийн байдлаар 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авах хүсэлтэй албан хаагчдын мэдээллийг гарын үсэг, санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулан ирүүлсэн. Дээрх албан хаагчдын санал сүүлийн байдлаар ирсний дараа манай байгууллагаас холбогдох албан хаагчдыг "Төрийн албанаас чөлөөлөх тухай" 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалыг гаргасан.Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас ирүүлсэн 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авах хүсэлтэй албан хаагчдын саналыг үндэслэн 2025 оны 12 дугаар сард 15 албан хаагчид 3 сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэлгийг олгосон.
3.1.6. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчид шилжин ажиллахаас татгалзаж, нэг удаагийн тэтгэлэг авах хүсэлтээ илэрхийлж Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаал гарснаас хойш буюу 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шилжин, сэлгэн ажиллах талаар холбогдох зарыг оруулсан.Дээрхээс харвал нэхэмжлэгч нь шилжин ажиллахаас татгалзаж, тэтгэлэг авах тухай хүсэл зоригоо илэрхийлсний дараа буюу тэтгэлэг олгож, ажлаас чөлөөлөх шийдвэр гарсны хойно ажлын байрны сул орон тооны зарыг оруулсан байх тул энэ нь хэрэгт хамааралгүй юм.Иймд Э.гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн өмгөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж заасан. Энэ эрхээ хэрэгжүүлээгүй. 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлд төрийн жинхэнэ албан хаагчид бүгд тэтгэмж авъч гэдэг зүйл яриад байгаа учир надтай уулзаачээ гэж Б.Доржхуяг дарга удаа дараа хэлж байсан. Тэтгэмжээ авъя гэж хэлээд байхад яагаад дахин дахин эргэж холбогдсон бэ гэвэл эдгээр 15 хүнд тэтгэмж олгоход улсын төсөв ямар байгаа билээ, орон тоо байсаар байхад ажиллачих гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ө.Ган-Өлзийн хувьд дэмжлэг хүсэх тухай албан бичиг явуулсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар шахаж шаардаад байсан зүйл тогтоогдохгүй байна. Жагсаалтын хавсралтаас харахад 20 албан хаагч тэтгэмжээ авъя гэж илэрхийлсэн байгаа юм. Нэхэмжлэгч Э.гийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д сонголтоо илэрхийлсэн гэж үзэж байна. Хариуцагчаас нэхэмжлэгчийн ямар эрх, ашгийг зөрчсөн нь тодорхойгүй байна. 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хуралдсан гээд сонсох ажиллагаанд оролцсон гэдгээ нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Мөн ерөнхий газраас Э.тай хөөцөлдөөд л холбогдоод байдаг. 2 удаа утсаар ярьсан. Утасны дугаарыг үгүйсгэхгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчээс миний яриагүй зүйлийг ярьсан мэтээр худал зүйл ярьсан гэдэгтэйгээ холбогдуулан эрх, ашгаа хамгаалж гомдол гаргасан зүйл байхгүй байна. Хариуцагчийн зүгээс төрийн жинхэнэ албан хаагчийг ажиллуулахын тулд хичээж ажилласан. Нэхэмжлэгч өөрийн хүсэл, зоригоо илэрхийлэх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. 09 дүгээр сарын 15-ны өдрийн мэдэгдлийг хугацаа дууссан хойно ирсэн учир шуудангаар буцаасан гэдэг. 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш ажиллах талаараа хүсэл, зоригоо илэрхийлсэн баримт байхгүй. Маргаан бүхий захиргааны акт нь зорилгодоо нийцсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д зааснаар чөлөөлөгдсөн албан хаагч төрийн албаны нөөцөд үлддэг журамтай” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Э.гийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
2. Нэхэмжлэгч Э. нь Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний хяналт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 196 дугаар тогтоолоор тус байгууллага татан буугдаж, чиг үүрэг, орон тоо нь өөр байгууллагад шилжсэнтэй холбогдуулан түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцаа 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсон байна.
3. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох гэж зааснаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийн буруугүйгээр тухайн ажиллаж байсан байгууллага нь татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан тохиолдолд ажил олгогч нь түүнийг ажлын байраар хангах тэтгэмж олгох, 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэших боломжийг олгох үүрэгтэй, харин ажилтан нь эдгээр эрхүүдээс алийг нь эдлэхээ сонгож түүнийгээ ажил олгогчдоо илэрхийлэх үүрэгтэй байна.
4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газраас Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 52 дугаар тогтоолыг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын албан хаагчдад танилцуулж, улмаар албан хаагчдаас цаашид шилжин ажиллах хүсэлтэй эсэхийг тодруулсан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дүгээр тушаалыг үндэслэн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын байгууллагын бүтэц, ерөнхий газрын болон зарим албан тушаалын нэршил, ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай ******* дугаар тушаалаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын бүтэц, албан тушаалын нэршил, ангилал, зэрэглэлийг шинэчлэн баталж, уг тушаалын дагуу холбогдох хуульд заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж, уг мэдэгдлийг нэхэмжлэгч мөн сарын 23-ны өдөр мэдсэн, мэдэгдэлд дурдсанаар 09 дүгээр сарын 16-ны өдөр өнгөрсөн байсан гэж тайлбарлах боловч түүнийг ажлаас чөлөөлөх тушаал 09 дүгээр сарын 30-ны өдөр гарсан мэдсэнээс хойш түүний хувьд ажиллах хүсэлтэй байгаа тухайгаа илэрхийлэх бүрэн боломжтой байсан боловч энэхүү эрхээ эдлэх талаар хариуцагчид ямар нэг байдлаар мэдэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүнтэй холбоотой баримт олдоогүй, нэхэмжлэгч нь тухайн асуудлыг огт мэдээгүй байсан гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдож байна.
5. Иймээс нэхэмжлэгч нь байгууллага татан буугдаж байгааг урьдчилан мэдээгүй, эсхүл цаашид ажиллах талаар бодох, түүнийгээ мэдэгдэх, шийдвэр гаргах ажиллагаанд оролцох боломж олдоогүй гэж үзэх үндэслэлгүй байна.
6. Нөгөө талаар хэрэгт авагдсан Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн албан бичиг, 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаартай албан бичиг, 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Албан хаагчдын тэтгэмжийн дэлгэрэнгүй тооцоолол” баримтуудаар нэхэмжлэгч нь бусад албан хаагчдын адил гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж үзэхээр байна.
7. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан өөр ажил, албан тушаалд шилжин ажиллах эрхээ хэрэгжүүлэх талаар ямар нэгэн тодорхой хүсэлт, санал илэрхийлээгүй, харин эсрэгээрээ тэтгэмж авах сонирхлыг илэрхийлсэн байна гэж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүх дүгнэв.
8. Нэхэмжлэгчийн зүгээс ажлын байраар хангах үүргээ биелүүлээгүй, ажил санал болгоогүй гэж маргасан боловч тухайн эрх нь албан хаагч өөрөө үргэлжлүүлэн ажиллах хүсэл зориг, сонирхлоо илэрхийлсэн тохиолдолд бодитоор хэрэгжих боломжтой эрх юм. Харин энэ тохиолдолд нэхэмжлэгч нь ийм хүсэл зоригоо илэрхийлээгүй, харин тэтгэмж авах байр суурь баримталсан байх тул хариуцагчийг ажлын байраар хангах үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй байна.
9. Мөн нэхэмжлэгчийн сонсох ажиллагааны мэдэгдлийг цаг тухайд нь өгөөгүй гэх тайлбарын тухайд тэрээр байгууллага татан буугдах талаар 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мэдсэн, цаашид гарсан мэдэгдлүүдийг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мэдсэн нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ хугацаанд өөрийн эрх, ашиг сонирхлоо хамгаалах, санал хүсэлт гаргах боломж байсан гэж үзэхээр байна. Иймд сонсох ажиллагаа огт явагдаагүй, эсхүл оролцох боломж олдоогүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
10. Иймд нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлсөн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаал нь бодит нөхцөл байдалд тулгуурласан, хуульд заасан үндэслэлтэй, мөн хариуцагч нь хуулиар хүлээсэн тэтгэмж олгох үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн байх тул уг захиргааны актыг хууль бус гэж үзэн хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
11. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Гэр бүл, хүүхэд, залуучууд хөгжлийн газрын бүтцийн нэгжийн орон тоо, албан тушаалын нэршил, харьяа газар, хэлтсийн дарга нарын албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай” А/105 дугаар тушаалаар “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр” батлагдсантай холбогдуулан байгууллагын бүтцийн нэгжийн орон тоо, албан тушаалын нэршил, ангилал, зэрэглэлийг хавсралтаар баталсны дотор “Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ, үрчлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн”-ий орон тоо-1 дэс түшмэл, ТЗ-6 байхаар зааж баталсан бол,
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын байгууллагын бүтэц, ерөнхий газрын болон зарим албан тушаалын нэршил, ангилал,зэрэглэлийг шинэчлэн батлах тухай” А136 дугаар тушаалаар “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын байгууллагын орон тооны хязгаар, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр” шинэчлэн батлагдсантай холбогдуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын байгууллагын бүтцийн зураглалыг нэгдүгээр, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын албан тушаалын нэршил, ангилал, зэрэглэлийг хоёрдугаар, зарим албан тушаалын нэршил, ангилал, зэрэглэлийг гуравдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсны дотор “Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний арга зүй, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн”-ий орон тоо-1 дэс түшмэл ТЗ-7 байхаар зааж баталжээ.
12. Дээрхээс үзвэл нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын нэмэгдээгүй, Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ хариуцсан ажлын байр нэмэгдэж батлагдаагүй нь тогтоогдож байгаа тохиолдолд даалгах шаардлага хангагдах боломжгүй юм.
13. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний гаргасан Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай “Төрийн албанаас чөлөөлөх тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил ажил, албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын төлүүлж, цахим баталгаажуулалт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.“нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг зааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасныг баримтлан иргэн Э.гаас Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Төрийн албанаас чөлөөлөх тухай” ******* дугаар тушаалын Э.д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалтай адил ажил албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийх, цахим баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН