| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 314/2025/00304/И |
| Дугаар | 191/ШШ2025/08124 |
| Огноо | 2025-09-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/08124
| 2025 оны 09 сарын 30 өдөр | Дугаар 191/ШШ2025/08124 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, ******* ******* ******* 19 хаягт байрлах, ******* ******* банк ХК /РД:2635534/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, ******* *******, байр, тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын /РД:/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, -А байр, тоот хаягт оршин суух, овогт ын /РД:/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 22,318,533.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., хариуцагч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч А. нь ******* ******* банктай 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 90411016099 тоот Харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулж, энэ гэрээний дагуу А. нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1056 000387 2023 тоот Цалингийн гэрээ болон Хөдлөх эд хөрөнгө болон эдийн хөрөнгийн барьцааны гэрээ-г тус тус байгуулж, 19,200,000 төгрөгийг сарын 1.73 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн онлайн цалингийн зээл авсан. Ингэхдээ 2023 оны 12 сарын 22 ны өдөр 1056 000387 2023 цалингийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож баталгаа гэрээг М.той байгуулсан. Зээлдэгч А. нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн хугацаа хэтрүүлсэн тул зээлийн гэрээг нэг талын санаачлагаар хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл 18,253,021 төгрөг, хүү 3,900,964 төгрөг, нэмэгдүлсэн хүү 149,548 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг нийт 22,318,533 төгрөг нэхэмжилж байна.
Хариуцагч М.ын хувьд, үндсэн зээлдэгчийг зээлээ төлнө гэдэг баталгааны гэрээг байгуулсан бөгөөд баталгааны гэрээ байгуулсан тохиолдолд үл маргах журмаар зээлийн гэрээний үүргийг төлөх үүрэгтэй. ******* ******* банк нь цалингийн зээл олгохдоо батлан даагч байсан учир өндөр үнийн дүнтэй цалингийн зээл олгосон. Энэ зээлийн материал над дээр ирснээс хойш батлан даагчтай удаа дараа ярьж байсан. Энэ зээлийн асуудал яригдсан гэдгийг М. мэдэж байсан. Иймд хариуцагч А. болон М. нараас зээлийн гэрээ үүрэг болон хохиролд нийт 22,318,533 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч А. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
А. миний бие 2023 оны 12 сарын 22-ны өдөр ******* ******* банкнаас 19,200,000 төгрөгийн зээлийг авсан боловч шалтгааны улмаас хуваарийн дагуу төлж чадаагүй. Банкнаас нэхэмжилсэн 22,318,533 төгрөгийг 9 сарын хугацаатай төлөх боломжтой. Банкнаас авсан 19,200,000 төгрөгнөөс М. нь нэг ч төгрөг аваагүй бөгөөд тухайн үед банкнаас тавьсан шаардлагын дагуу танил ах болох М.ыг гуйж баталгааны гарын үсэг зуруулсан. Банкнаас нэхэмжилсэн мөнгийг А. миний бие хариуцаж төлөх ёстой. Энэ зээлийн төлбөр М.од огт хамаагүй. Миний хариуцаж төлөх ёстой төлбөр, банктай эвлэрэх талаар ярилцсан боловч үр дүнд хүрээгүй. 2025 оны 9 сарын 30-ны өдөр болох шүүх хуралдаанд ирэх боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч М. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээ болон батлан даалтын гэрээтэй маргахгүй байна. Учир нь батлан даагч миний бие үүрэг гүйцэтгэгч А.тэй хамтран зээлийг хариуцахаар гэрээнд заагаагүй. Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон гэдэг нь тогтоогдоогүй байхад надаас шууд ингэж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эхлээд А.ээс нэхэмжлээд дараа нь надаас нэхэмжлэх нь зүйтэй байх. Үүрэг гүйцэтгэх хугацааг гэрээгээр тогтоосон бол үүргийн гүйцэтгэлийг хугацаанаас өмнө цуцлах эрхгүй гэсэн байгаа. Үүрэг гүйцэтгэгч хугацаанаас өмнө үүргээ гүйцэтгэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зээлийг шаардаад төлбөрийн чадваргүйг нотолсон баримтыг ирүүлээгүй байхад баталгаа гаргагчаас гэрээнд заасан төлбөрийг нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.
Төлбөрийн чадваргүйг нотолсон ямарч баримт байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. А. нь оршин суугаа хаягтаа байхгүй байгаа буюу амьдрахаа больсон, хаяг нь тодорхой бус байгаа тул үүрэг гүйцэтгэгч оршин суугаа газраа өөрчилсний улмаас үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон тул батлан даалтын гэрээнээс татгалзах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4.Нэхэмжлэгчээс: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, 2023 оны 12 сарын 22-ны өдрийн Цалингийн зээлийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, 2023 оны 12 сарын 22-ны өдрийн Баталгааны гэрээ, 2023 оны 12 сарын 06-ны өдрийн Харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээ, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, нэхэмжлэх, 2024 оны 7 сарын 29-ний өдрийн 7-411/404 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* банк ХК нь хариуцагч А.т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 18,253,021 төгрөг, хүү 3,900,964 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 149,548 төгрөг нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 22,318,533 төгрөгийг гаргуулах,
хариуцагч М.од холбогдуулан баталгааны гэрээний үүрэгт үндсэн зээл 18,253,021 төгрөг, хүү 3,900,964 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 149,548 төгрөг, нотариатын зардал 35,000 төгрөг, нийт 22,318,533 төгрөгийг гаргуулах шаардлага тус тус гаргажээ.
Хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг гаргаж байх бөгөөд хариуцагч М. нь үндсэн зээлдэгчийг төлбөрийн чадваргүйг тогтоосны дараа баталгаа гаргагчаас зээлийн төлбөрийг гаргуулах үндэслэлтэй гэж маргаж байна.
2.******* ******* банк ХК болон хариуцагч А. нарын хооронд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр №1056/000387/2023 дугаартай Цалингийн зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ******* банк ХК нь 19,200,000 төгрөгийг сарын 1.73 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлэх, А. нь уг зээлийг хүүгийн хамт тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
3.Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээний агуулга, гэрээгээр илэрхийлсэн талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1. дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт, Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт, Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус зохицуулжээ.
4.Зээлдэгч А. зээлийн гэрээгээр хүлээсэн зээл, түүний хүүг төлөх үүргээ 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зөрчсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай ******* ******* банк ХК-иас зээлдэгчид хүргүүлсэн мэдэгдлүүд зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ үйл баримтын талаар болон зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээн дээр нь хэн аль нь маргаагүй.
Иймд нэхэмжлэгч ******* ******* банк ХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй бөгөөд хариуцагч А.ээс зээлийн гэрээний үүрэгт 18,253,021 төгрөг, хүүгийн төлбөрт 3,900,964 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 149,548 төгрөг нийт 22,303,533 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
5.Нэхэмжлэгчээс хариуцагч М.од холбогдуулан баталгааны гэрээний дагуу 22,318,533 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ******* ******* банк ХК болон М. нарын хооронд №БГ/1056/000387/2023 дугаартай Баталгааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр М. нь хариуцагч А. нь банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцахаар үүрэг хүлээж харилцан тохиролцсон байна.
Дээрх гэрээгээр нэхэмжлэгч ******* ******* банк ХК болон хариуцагч М. нарын хооронд Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1. дэх хэсэгт заасан Баталгааны гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1.-т Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно гэж, 234.4.-т үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлгч үүргийн гүйцэтгэлийг үл маргах журмаар шаардана гэж заасан.
Хариуцагч М. нь үндсэн зээлдэгчийг зээл төлөх чадваргүй болсныг тогтоосоны дараа батлагаа гаргагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж маргасан.
Батлан даалтын гэрээний хувьд, Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2. дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй байхаар зохицуулсан бол Баталгааны гэрээ-ний тухайд Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4. дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг үл маргах журмаар шаардахаар зохицуулсан байна.
Баталгааны гэрээний 3.2.-т зээлдэгч зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу гэрээний 3.1.-д заасан төлбөрийг төлж чадаагүй тохиолдолд баталгаа гаргагч нь уг төлбөр болон түүнийг төлүүлэхтэй холбогдон гарсан зардлыг өөрийн хөрөнгөөр үл марган журмаар төлнө гэж тохиролцсон байна.
Иймд нэхэмжлэгч ******* ******* банк ХК нь М.оос зээлийн гэрээний үүргийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүхий байна.
Дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1. дэх хэсэг болон 453 дугаар зүйлийн 453.1., 234 дүгээр зүйлийн 234.1. дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч А., М. нараас үндсэн зээл 18,253,021 төгрөг, хүү 3,900,964 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 149,548 төгрөг, нийт 22,303,533 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* банк ХК-д олгох нь зүйтэй байна.
6.Нэхэмжлэгчээс нотариатын үйлчилгээний хураамж 15,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл , үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.
Талууд гэрээгээр шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой зардлыг талаар харилцан тохиролцоогүй байх бөгөөд өөрийн шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан зардлыг гэрээнээс учирсан хохирол гэж үзэхээргүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 15,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
7.Хариуцагч А.т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг ирүүлсэн байх тул түүний хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2. дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэг, 234 дүгээр зүйлийн 234.1., 227 дугаар зүйлийн 227.1. дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч А., М. нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 22,303,533 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* банк ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,542 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч А., М. нараас 269,467 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА