Ж.М , Б.Б нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 09-ний өдрийн 0000000000000000 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.М , Б.Б нарын нэхэмжлэлтэй, хариуцагч “Т Д ” ХХК-д холбогдох, даатгалын нөхөн төлбөрт 18,270,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, түүний өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
- Нэхэмжлэлийн агуулга: Н.С нь Д.Б ын өмчлөлийн 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 09 сарын 06-ны өдөр жолоодон Д аймгийн Д сумаас 20 орчим км-ийн зайд замын хөдөлгөөнд оролцож явах үед эсрэг урсгалд явсан тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирсэн. Улмаар осол гаргахгүйн тулд жолоогоо баруун тал руу дарж замын хажуу руу унасны улмаас тээврийн хэрэгслийн эд анги эвдэрч хохирол учирсан. Ж.М нь 2020 оны 06 сарын 03-ны өдөр “Т Д ” ХХК-ийн Ө аймагт байрлах салбарт хандаж тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулсан. 2020 оны 09 сарын 21-ний өдөр Ж.М , Б.Б нар “Т Д ” ХХК-ийн төв салбарт даатгалын нөхөн төлбөр авахаар хандахад жолоочийн хариуцлагын даатгалд нэр нь ороогүй жолооч тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа осолд орсон учир нөхөн төлбөр олгохгүй гэсэн хариу авсан. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан бөгөөд гомдлын хариуг 2021 оны 05 сарын 19-ний өдөр авсан. Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар даатгагч нь даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох үүрэгтэй бөгөөд 2020 оны 06 сарын 03-ны өдрийн даатгалын гэрээний 3.2-т жолоо шилжүүлэх үеийн эрсдэл даатгалын тохиолдолд хамаарахаар тохирсон. Гэрээгээр даатгалын тохиолдлыг тохирсон атлаа нөхөн төлбөр төлөхөөс татгалзах үндэслэлгүй байхад нөхөн төлбөр олгохгүй, хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа учир шүүхэд хандаж байна.
Иймд “Т Д ” ХХК-аас даатгалын нөхөн төлбөр 18,270,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
- Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. “Т Д ” ХХК нь “Т ” ХХК-тай 2020 оны 06 сарын 03-ны өдөр 000000000000000 тоот В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ болон 00000000000000 тоот Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээг тус тус байгуулж, К б /KB / маркийн 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэрээнд заасан эрсдэлээс даатгасан. Иргэн Н.С нь 2020 оны 09 сарын 06-ны өдөр 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д аймгийн Д сумын нутагт жолоодож явах үедээ онхолдсон гэх нөхөн төлбөрийн хүсэлтийг иргэн Ж.М ирүүлсэн бөгөөд өргөдөл материалыг судлан үзээд дараах үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.
2.а. 000000000000000 тоот В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний Даатгалын хамгаалалт хэсгийн 3.2-т “Жолоо шилжүүлэх үеийн эрсдэл”-ийг “Зөвхөн жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд нэр дурдагдсан жолооч нарт үйлчилнэ” гэж тусган гэрээний 1.2.14, 1.2.16-д холбогдох тодорхойлолтыг томьёолсон. 00000000000000 тоот “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ”-нд Ж.М , Б.Б , Б.Г , Б.Га нарыг зөвшөөрөгдсөн жолоочоор дурдсан бөгөөд зөвхөн эдгээр жолооч нарын хувьд 000000000000000 тоот В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний Даатгалын хамгаалалт хэсгийн 3.2-т заасан жолоо шилжүүлэх үеийн эрсдэлийн хамгаалалт үйлчлэх юм. Иймд Н.С ын учруулсан хохирлыг жолоо шилжүүлэх үеийн эрсдэлийн улмаас гэрээгээр тохиролцсон болзлын улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй.
2.б. Даатгагч “Т Д ” ХХК-ийн зүгээс анх ослын дуудлага ирүүлсэн үеэс эхлэн цагдаагийн байгууллагаар шалгуулж, холбогдох акт, дүгнэлтийг ирүүлэхийг зөвлөснийг даатгуулагч, жолооч нар биелүүлээгүй. Иргэн Н.С нь 2020 оны 09 сарын 06-ны өдөр “Зам тээврийн осол гаргасан нь ямар нэгэн гадны хүчин зүйлээс шалтгаалаагүй өөрийн хариуцлагагүйгээс болсон тул цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй” гэсэн өргөдлийг Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан байдаг. 000000000000000 тоот В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 8.1.14-т “Даатгуулагч ослын талаар нэн даруй эрх бүхий хуулийн байгууллагад мэдэгдэж ослын шалтгаан нөхцөлийг тогтоолгоогүй, тогтоох боломжгүй болсон” нь нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэлд хамаарах ба цагдаагийн байгууллагад дээр дурдсан хүсэлтийг гаргасан нь шалтгаан нөхцөлийг тогтоох боломжгүй болгосон гэрээний үүргээ биелүүлээгүй үйлдэл юм.
2.в. Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл иргэн Н.С нь Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдаагүй үедээ зам тээврийн хөдөлгөөнд оролцон осол гаргасан, мөн ослын талаар даатгагчтай харилцан маргаангүйгээр шийдвэрлэхээр тохиролцоогүй байтал цагдаагийн байгууллагад шалгуулахгүй гэсэн нь нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлийг тус тус бүрдүүлж байх тул 000000000000000 тоот В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 7.1, 7.1.5, 8.1.14, Даатгалын тухай хуулийн 8.5.3, 9.1.1-д тус тус заасныг үндсэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан байдаг.
Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
- Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т Д ” ХХК-аас 18,270,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б т олгож, нэхэмжлэгч Ж.М ад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.М , Б.Б нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 249,300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т Д ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 249,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б т олгосон.
- Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Даатгуулагч “Т ” ХХК нь 000000000000000 тоот В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулахдаа “Даатгалын хамгаалалтын Багц-1” төрлөөр даатгуулж, тухайн багцын хамгаалалтад тохирсон даатгалын хураамжийг төлсөн ба уг даатгалын хамгаалалтын Багц-1 төрлийн дагуу “Даатгуулагчийн хариуцах хэсэг даатгалын тохиолдол бүрд 20%” байх тухай гэрээнд тусгасан байдаг. Шүүхээс энэхүү тохиролцоог үл харгалзан шийдвэрлэж байгаа нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхэд хүргэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү.
- Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Талууд 2020 оны 06 сарын 03-ны өдөр тээврийн хэрэгслийн сайн дурын даатгалын гэрээ байгуулсан. Уг тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэдэг учраас 5-6 хүн ээлжилж жолооддог. Уг эрсдэлийг хариуцна гэсэн учраас даатгалын гэрээ байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр даатгуулагч 20%-ийг хариуцахаар тохирсон байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Гэрээг үндэслэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эсэх нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэх асуудал гэв.
ХЯНАВАЛ:
- Давж заалдах шатны шүүхээс хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.
- Нэхэмжлэгч Ж.М , Б.Б нар хариуцагч “Т Д ” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 18,270,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “даатгалын гэрээгээр тохиролцсон болзол, эрсдэлийн улмаас хохирол учраагүй, даатгуулагч даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэл заан маргажээ. /хх 1-2, 27-29/
- Анхан шатны шүүх хэрэгт авагдсан 2020 оны 06 сарын 03-ны өдрийн 000000000000000 тоот “В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ” /хх 5-6/, 00000000 тоот болон 00000000 тоот “Тээврийн хэрэгслийн гэрчилгээ” /хх 37, хх 54/, Д аймгийн Д сумын Цагдаагийн хэсгийн 2020 оны 09 сарын 07-ны өдрийн “Тодорхойлолт” /хх 38/, “м ” ХХК-аас гаргасан 2020 оны 09 сарын 09-ний өдрийн 4179/ДД№00000000 тоот “Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан” /хх 86/ зэрэг бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж:
3.а. Иргэн Ж.М болон “Т Д ” ХХК нар 2020 оны 06 сарын 03-ны өдөр “В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ” байгуулж, 0000 улсын дугаартай К б /KB / маркийн автомашиныг “Жолоо шилжүүлэх үеийн эрсдэл”-ээс хамгаалахаар харилцан тохиролцсон;
З.б. Даатгалын зүйл болох 0000 улсын дугаартай автомашины өмчлөх эрх “Т ” ХХК-аас иргэн Б.Б т шилжсэн;
З.в. Даатгалын зүйл болох 0000 улсын дугаартай автомашиныг иргэн Н.С жолоодон явахдаа 2020 оны 09 сарын 06-ны өдөр Д аймгийн Д сумаас хойш 20 км-т замын хажуу руу орж, зам тээврийн осол гаргасан;
3.г. Дээрх зам тээврийн улмаас даатгалын зүйл болох 0000 улсын дугаартай автомашинд 18,270,000 төгрөгийн эвдрэл, гэмтэл учирсан зэрэг үйл баримтуудыг анхан шатны шүүх зөв тогтоож, нэхэмжлэгч Б.Б нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 441 дүгээр зүйлийн 441.1 дэх хэсэгт зааснаар даатгалын нөхөн төлбөрийг хариуцагч “Т Д ” ХХК-аас шаардах эрхтэй талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
- Хариуцагч “Т Д ” ХХК-аас даатгалын нөхөн төлбөрийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б т олгож шийдвэрлэсэн нь зөв боловч шүүх 2020 оны 06 сарын 03-ны өдрийн 000000000000000 тоот “В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-нд тусгагдсан нөхцөл буюу талуудын хоорондын тохиролцоог анхаараагүйн улмаас хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт 3,654,000 төгрөгийг илүү гаргуулан шийдвэрлэсэн нь буруу болжээ. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлтэй.
Тодруулбал, даатгуулагч нь даатгалын хамгаалалтын төрлийн “Багц-1”-ийг сонгон даатгуулж, үүний дагуу даатгалын тохиолдол гарахад эрсдэлийн 20%-ийг өөрөө хариуцахаар харилцан тохиролцсон байна. Иймд 18,270,000 – (18,270,000 х 20%) = 14,616,000 төгрөгийг хариуцагч “Т Д ” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Б.Б т олгох нь зүйтэй.
- Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
- Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 09-ний өдрийн 0000000000000000 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...18,270,000 /арван найман сая хоёр зуун далан мянга/ төгрөгийг...” гэснийг “...14,616,000 төгрөгийг...” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...249,300 төгрөгийг гаргуулан...” гэснийг “...231,030 төгрөгийг гаргуулан...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 03 сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 249,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Д.НЯМБАЗАР