| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2018/0075/Э |
| Дугаар | 82 |
| Огноо | 2018-05-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ж.Очирбат |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 82
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч Ж.Очирбат,
Нарийн бичгийн дарга М.Дамбийням,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа,
Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт М.Г-т холбогдох эрүүгийн 1826001250056 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 cap 1 хоногийн баривчлах ялаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 495 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгүүлж, 1 жил тэнсэж хянан харгалзсан,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, ******* овогт М.Г
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Г нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 05 дугаар багт байрлах хохирогч Г.Т гэрт хууль бусаар нэвтрэн орж 13000 төгрөг, эрэгтэй хүний савхин куртикийг хулгайлан 213000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч М.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр энэ хэрэг болсон. Би Өвөрхангай аймгийн ******* сумын 10 дугаар багт байх ээжийнхээ гэрээс айлд мод зүсүүлэх гээд явж байсан чинь манай найз таараад бид хоёр хамт 2 шил архи уусан. Уучихаад төв рүү оръё гээд явж байсан чинь хашааны хаалга нь онгорхой 1 айл байсан. Тэгээд цонхыг нь татсан чинь онгойсон. Тэгээд эд зүйлсийг нь авсан. Би авсан эд зүйлсээ айлд орхиод явсан. Маргааш нь цагдаагийн ахлагч Батзориг гэдэг хүнд энэ тухайгаа хэлээд эзэнд нь эд зүйлсийг нь буцааж өгсөн...” гэв.
Хохирогч Г.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 13 цагийн орчим, Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар баг 23-13 тоотод байрлах хашаа байшингаа эзгүй орхиод эхнэр хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг Дайргийн гол гэх газар очоод 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 цагийн орчим ******* суманд байх гэрт ирсэн. Тэгээд байшиндаа ороход том өрөөний цонхны порчик онгойсон байсан. Тэгээд шөнө байсан учир унтаад өгсөн. Өглөө босоход гацуур модон дээр байсан 13000 төгрөг, миний савхин куртик байхгүй байсан. ... 2016 онд Улаанбаатар хотоос 600000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. ... Таны үзүүлж байгаа куртик миний алдсан савхин куртик мөн байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
Гэрч Ц.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 02 дугаар сарын эхээр санагдаж байна. М.Г-с хулгайн эд зүйлс байж болзошгүй гээд хар өнгийн захан дээрээ хиймэл үстэй, эрэгтэй хүний савхин куртик хураан авсан. Тухайн үед би савхин куртик хураан авахдаа баримт бичиг үйлдээгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/,
Түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-04 дүгээр хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-06 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №03/29 дугаартай “...200000 төгрөгөөр тогтоов...” гэх үнэлгээ. /хх-ийн 20 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.Г-н хувийн байдлыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1215 дугаартай тодорхойлолт, Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоол, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 495 дугаартай шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоол, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-ийн 28-30, 49-77 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.Г-г сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан мэдүүлгүүд /хх-ийн 78-79, 84-86 дугаар хуудас/,
Хохирогч Г.Т-н шүүхэд гаргасан: “... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралд суухгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 105 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч М.Г-р нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 05 дугаар баг 23-13 тоотод байрлах хохирогч Г.Т-н гэрт хууль бусаар нэвтрэн орж 13000 төгрөг, эрэгтэй хүний савхин куртикийг хулгайлан 213000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч М.Г-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон мөрдөн байцаалтанд хохирогч Г.Т-н “... 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар баг 23-13 тоотод байрлах хашаа байшингаас гацуур модон дээр байсан 13000 төгрөг, савхин куртик зэргийг алдсан...” талаар өгсөн мэдүүлэг. /хх-ийн 9-10/, гэрч Ц.Б-н “... 2018 оны 02 дугаар сарын эхээр санагдаж байна. М.Г-с хулгайн эд зүйлс байж болзошгүй гээд хар өнгийн захан дээрээ хиймэл үстэй, эрэгтэй хүний савхин куртик хураан авсан...” талаар өгсөн мэдүүлэг. /хх-ийн 15/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/, Түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-04/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-06/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №03/29 дугаартай үнэлгээ. /хх-ийн 20/, Хохирогч Г.Т-н шүүхэд гаргасан хүсэлт /хх-ийн 105/ болно хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч ******* овогт М.Г-т холбогдох хэргийн мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажилгаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч ******* овогт М.Г-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүгдэгч М.Ганбаярыг бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах...” гэж хуульчилжээ. Шүүгдэгч М.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч М.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч М.Г нь энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа шийтгэгдэж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 58-61/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 495 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн51-55/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн49-50, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-ий 62-77/ зэргээр тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч
М.Г-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялыг ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч М.Г-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Г-н цагдан хоригдсон 108 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,
Шүүгдэгч М.Г нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт М.Г-г бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт М.Г-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр 1-д зааснаар шүүгдэгч М.Г-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялыг ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-т оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Ганбаярын цагдан хоригдсон 108 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулсан тооцсгай.
6. Шүүгдэгч М.Г нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ганбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.