Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/1248

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

  2024            11              20                                         2024/ДШМ/1248

 

                                               Ц.Бд холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө  даргалж, шүүгч Б.Батзориг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/753 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Бн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2403004610617 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч Ц.Б нь согтуурсан үедээ Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Парадокс төвийн урд замын зохицуулдаггүй явган хүний гарцан дээр 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05 цаг 20 минутын орчим “Тоёота кроун” загварын 31-01 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/..эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч М.Аг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ц.Бн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгчийг “Тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ замын хөдөлгөөнд оролцож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад тус тус зааснаар шүүгдэгч Ц.Бг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анх удаа гэмт хэрэгт холбогдсон бөгөөд хохирогчийн нэхэмжилсэн төлбөрийг барагдуулж, одоо тэрээр гомдол, нэхэмжлэх зүйлгүй байгаа. Би 2015 онд 3 дугаар эмнэлэгт зүрхний аоборт засах мэс засалд орж байсан. Одоо зүрхэндээ хиймэл судастай ба 1 минутад 40-48 удаа цохидог. Артерын даралт ихэсдэг буюу бүгчим газар байж чаддаггүй, хавагнаж, зүрхээр хатгаж өвддөг юм. Байнгын эмчийн хяналтад байж, зүрх, даралтны эм уудаг. Зарим үед 1 дүгээр эмнэлэг болон хувийн эмнэлгүүдээр эмчлүүлэх шаардлагатай болдог тул 2 дүүргээр зорчих эрх хязгаарлаж байгаа нь хүндрэлтэй байна. Иймд миний эрүүл мэндийн байдал болон амьдралын нөхцөл байдлуудыг минь харгалзан зорчих эрх хязгаарлах ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Бн өмгөөлөгч Ж.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгчийн зүгээс ял хүндэдсэн агуулгаар гомдол гаргаагүй. Ц.Б зүрхэндээ хиймэл судас тавиулсан бөгөөд олон төрлийн эмчилгээ хийлгэдэг. Энэ талаарх баримтаа анхан шатны шүүхэд гаргаж өгөх гэсэн боловч аваагүй. Ц.Б нь эмчилгээ хийлгэж, сувилалд хэвтэх зэргээр орон нутаг болон Улаанбаатар хотод олон газраар явдаг. Өвлийн улиралд утаа ихтэй учраас гэнэт ухаан алддаг. Эрүүл мэндийн шалтгаантай учраас зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхэд хүндрэлтэй байна. Шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэж эмнэлгээр үйлчилгээ авах хүнд байна. Мөн ажлаа хийх шаардлага үүснэ. Иймд шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, явган хүний гарц дээр явган зорчигч мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан. Хохирогчийн зүгээс хохирол төлбөрөө авсан, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй, шүүгдэгчийн зүгээс гэм буруу дээрээ маргадаггүй учраас анхан шатны шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Зорчих эрхийг хязгаарлах ялыг эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, ажил хөдөлмөр эрхлэх тохиолдолд шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэж, прокурорт танилцуулан бүсчлэлийг өөрчлөх боломжтой. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Ц.Б нь согтуурсан үедээ Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Парадокс төвийн урд замын зохицуулдаггүй явган хүний гарцан дээр 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05 цаг 20 минутын орчим “Тоёота кроун” загварын 31-01 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/..эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч М.Аг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.Агийн “...Шөнө 04 цагийн үед баар хааж байхад гараад зам хөндлөн гарч такси барих гээд ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй явган хүний гарцаар гарч явсан. Тэгтэл баруунаас зүүн чиглэлтэй явж байсан цагаан өнгийн “Тоёота кроун” загварын 31-01 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний баруун талаас ирж мөргөсөн. Тэгээд юу болсныг мэдэхгүй, би нэг хэсэг ухаан алдсан. ...” /хх 15/,

иргэний нэхэмжлэгч С.С “...Уг гэмт хэргийн улмаас хохирогч М.А нь Эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.638.120 төгрөгийн зардал гарсан болох нь баримтаар тогтоогдож байна. Уг зардлыг холбогдогч Ц.Бгаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дансанд төлүүлж өгнө үү. ...” /хх 18/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... М.Агийн биед баруун чамархай яснаас хөхлөг сэртэн дайрч суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн эгэм ясны далд хугарал, толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл, амь насанд аюултай тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна. ...” гэх 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 8848 дугаартай дүгнэлт /хх 33-35/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн “...“Тоёота кроун” загварын 31-01 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн. ...Зүүн урд талын гэрэл нь хагарсан, зүүн урд талын буфер нь сэтэрсэн, копутны нугас нь дээшээгээ хөшигдсөн байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлага хангахгүй байна. ...” гэх 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлт /хх 55-58/,

Мөрдөгчийн магадлагаа “...“Тоёота кроун” загварын 31-01 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/..эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Явган зорчигч М.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. ...” /хх 74/,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэргийн бүдүүвч /хх 4-5/, “...тээврийн хэрэгслийн жолооч Ц.Б 1.29% согтолттой...” гэсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-10/, хохирогч М.Агийн өвчний түүхийн хуулбар /хх 36-50/, автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын хуудас /хх 61/, “Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан “/хх 65-66/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Бн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ц.Бн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.  

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Ц.Б нь анх удаа гэмт хэрэгт холбогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг болон түүний хувийн байдал буюу эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан, түүнд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Бгаас “...эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж, тэнсэж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй. 

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн зохицуулалтыг хэрэглэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн  зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай.

Хэдийгээр шүүгдэгч Ц.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй гэсэн боловч тэрээр уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нөхцөл байдал, хохирогч М.Агийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан зэргээс үзэхэд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялын төрөл, хэмжээ тохирсон гэж үзэхээр байна.

Үүнээс гадна, анхан шатны шүүх шүүгдэгчийн байнгын оршин суух болон ажил хөдөлмөр эрхэлдэг хаяг болох Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх ба шийтгэх тогтоолыг биелүүлэх явцад шүүгдэгч Ц.Б нь холбогдох эрх бүхий байгууллагад хандан хуульд заасан үндэслэл журмын дагуу оршин суух газраа өөрчлөх, зорчин явах талаар хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй.  

Иймд шүүгдэгч Ц.Бн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/753 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “...3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял...”  гэснийг “...1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял...” гэж өөрчилсүгэй.

 

 2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Бн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                              ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                          Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                          Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                          Г.ЕСӨН-ЭРДЭНЭ