Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2026/0503

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч овогт ийн //,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М. /ШТҮЭД:/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л. /ШТҮЭД:/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн ийн ,

Хариуцагчийн өмгөөлөгч С. /ШТҮЭД:/,

Гэрч: гийн , /РД:/, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн/,

Гэрч: Ө., / Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга/,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай “Төрийн албанаас чөлөөлөх тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, тухайн болон төрийн захиргааны өөр албан тушаалд шилжүүлэн томилуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын төлүүлж, цахим баталгаажуулалт хийхийг даалгахшаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д., нэхэмжлэгчийн өмгөөлөгч М., Л.,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., хариуцагчийн өмгөөлөгч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

            1.1.Нэхэмжлэгч Д. нь Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Д.г шилжүүлэн ажиллуулах тухай” дугаартай тушаалаар Нийслэлийн Архивын газраас Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасны дагуу 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргаар шилжин ажиллажээ.

            1.2. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Тогтоолд өөрчлөлт оруулах тухай 196 дугаар тогтоолоор ...Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар...-ын чиг үүргийг төрийн захиргааны болон харьяа дүүрэг рүү холбогдох байгууллагад шилжүүлэх ажлыг хууль тогтоомжийн хүрээнд хамтран зохион байгуулж, эд хөрөнгө, санхүүгийн төлбөр тооцоог зохих журмын дагуу шийдвэрлэх-ийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Татан буулгах комисс байгуулах тухай дугаар тушаалаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгах ажлыг зохион байгуулах комисс, ажлын удирдамжийг тус тус баталжээ.

            1.3. Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 52 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн бүтэц, орон тоог өөрчлөн баталсны дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын төв, орон нутгийн байгууллагын орон тооны хязгаар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын бүтэц, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай дугаар тушаалаар баталсан орон тооны дээд хязгаарт багтаан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дэргэдэх нэгжүүд, аймаг, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, хэлтсүүдийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, шаардлагатай албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулан, мөрдөн ажиллахыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт үүрэг болгожээ.

            1.4. Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газраас Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 52 дугаар тогтоолыг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын албан хаагчдад танилцуулжээ.

            1.5. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дүгээр тушаалыг үндэслэн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын байгууллагын бүтэц, ерөнхий газрын болон зарим албан тушаалын нэршил, ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай А/136 дугаар тушаалаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын бүтэц, албан тушаалын нэршил, ангилал, зэрэглэлийг шинэчлэн баталж, уг тушаалын дагуу холбогдох хуульд заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын даргад цахимаар хүргүүлжээ.

            1.6. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газраас 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар албан бичгээр “тус газрын 09 дүгээр сар дээр  төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт, албан хаагчдын тэтгэмжийн дэлгэрэнгүй тооцооллыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт хүргүүлжээ.

            1.7. Ингээд маргаан бүхий Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Төрийн албанаас чөлөөлөх тухай” дугаар тушаалаар  Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгасантай холбогдуулан чиг үүргийн давхардал үүссэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Д.г 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болгож төрийн албанаас чөлөөлжээ.

            1.8. Нэхэмжлэгч Д.гээс Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар “Гомдлын хариу хүргүүлэх тухай” албан бичгээр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг үндэслэн Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буугдсан үндэслэлээр нэр бүхий 15 албан хаагчийг төрийн албанаас чөлөөлж, гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгосон байна.Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар татан буугдсантай холбоотойгоор тус газрын албан хаагчдыг мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжин ажиллах боломжийг хангах арга хэмжээг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас зохион байгуулсан байна. Мөн та бүхний гаргасан хүсэлтийг үндэслэн гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэж, төрийн албанаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангах арга хэмжээг авсан гэж үзэх үндэслэлтэй гэх хариуг өгчээ.

            1.9. Нэхэмжлэгч Д. нь Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан боловч 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдаанд ажил олгогч тал хуралдаанд ирээгүй тул урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй тул тэмдэглэлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурджээ.

            1.10. Д.гээс Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт холбогдуулан  “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай “Төрийн албанаас чөлөөлөх тухай” тушаалын  Д.д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалтай адил ажил албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан ба тус шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид нэхэмжлэгчээс 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр давж заалдах журмаар гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0051 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, тус шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлжээ.

            Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

            2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Миний бие ийн нь Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт 2017 оноос эхлэн мэргэжилтэн, 2022 оноос Төрийн захиргааны удирдлагын нэгжийн даргын албан тушаалд ажилласан. Эрх зүйч мэргэжил эзэмшсэн ба хууль зүйн магистр зэрэгтэй. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан ахлах түшмэлийн болон эрхэлсэн түшмэлийн тусгай шаардлагад бүрэн нийцсэн ба төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтад тэнцэж хууль ёсны дагуу томилогдсон. Засгийн газрын 2025 оны 196 дугаар тогтоолоор манай байгууллага нэгтгэгдсэн буюу өөрчлөн байгуулагдаж чиг үүрэг нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт шилжиж, Засгийн газрын 2025 оны 56 дугаар тогтоолоор тус газрын 34 байсан орон тоо нь 56 болж нэмэгдсэн.

Бусад бараг бүх төрийн байгууллагын орон тоо хасагдсан байхад тус газрын орон тоо л манайхтай нэгтгэгдсэн тул 34 байснаас 56 болж нэмэгдсэн. Гэтэл Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны дугаар тушаалаар миний бие болон бусад нийт 15 албан хаагчийг төрийн албанаас чөлөөлсөн байна. Тус чөлөөлөх тушаал гарахад дараах хуулийн зүйл, заалт зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

2.1.2. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасны дагуу хорь буюу түүнээс доош тооны этгээд сонсохоор байхад мэдэгдлийг тус бүрд шууд хүргүүлээгүй. Д.******* надад мэдэгдэл огт ирээгүй бөгөөд бусад зарим албан хаагчид 2025 оны 10 дугаар сарын 06-нд баталгаат шуудангаар ажлын газрын хаягаар ирсэн мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасан оролцогчийн санал, тайлбар гаргах боломжоор хангаагүй буюу тайлбар гаргах хугацаа 2025 оны 9 сарын 16-нд дууссан байсан тул буцаасан. Мөн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны дугаар тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу албан ёсоор болон баталгаат шуудангаар огт мэдэгдээгүй бөгөөд тухайн байгууллагад ажилладаг мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн этгээдээс хувийн шугамаар дамжуулан авсан болно. Уг тушаал 2025 оны 09 дүгээр сарын 30-нд гарсан огноотой боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг танилцуулж, шийдвэрийн хуулбарыг хүлээлгэн өгөх, татгалзсан тохиолдолд оршин суугаа газрын хаягаар ирүүлэх ёстой байтал аль ч үйл ажиллагааг хийгээгүй.

2.1.3. Манай байгууллага нийт 30 орон тоотой байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.1-т 10-50 ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагын тав ба түүнээс дээш ажилтны хөдөлмөрийн харилцааг цуцлахад бөөнөөр халсанд тооцохоор заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т зааснаар бөөнөөр халах өдрийг огт мэдэгдээгүй бөгөөд 81.3-т заасан хэлэлцээг миний биетэй огт хийгээгүй болно. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т заасны дагуу мэдэгдэл өгснөөс хойш 30-аас доошгүй хоногийн дараа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох хуулийн зохицуулалт зөрчигдсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.7-д ажилтныг бөөнөөр халах тохиолдолд ажилтны цалин хөлсийг тэргүүн ээлжид гаргуулна гэж заасныг зөрчиж 2025 оны 10 дугаар сарын цалин хөлс олгогдоогүй нь эрх зөрчсөн.

2.1.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т заасан ажил хүлээлгэн өгөх хугацааг огт заагаагүй бөгөөд ажил хүлээлцүүлээгүй. 83.5, 83.6-д зааснаар ажил хүлээлцэх хугацааны цалин хөлсийг тооцож олгох ёстой байтал 2025 оны 10 дугаар сарын 01-ээс хойш цалин хөлс огт олгоогүй эрх зөрчсөн.

2.1.5. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны “Төрийн албанаас чөлөөлөх тухай” дугаар тушаалаар миний бие болон нийт 15 албан хаагчийг төрийн албанаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан үндэслэлд огт нийцээгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 4.4-т төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой Төрийн албаны хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэснийг зөрчсөн. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 498 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам”-ын 3.1, 3.3-т заасан ажиллагаа хийгдээгүй нь дээрх 15 албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулж төрийн албаны нөөцөд үлдэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна.

2.1.6. Манай төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан буюу Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газартай нэгтгэн, нийлүүлэгдэж бүтэц, орон тооны хязгаар 58 болж нэмэгдсэн. Миний бие ахлах түшмэлийн ангилалд багтах Төрийн захиргааны удирдлагын нэгжийн даргын албан тушаалд ажилладаг байсан. Төрийн 62 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг минь огт хангаагүй. Тус газарт одоогоор Төрийн албаны тухай хуулийн 25, 27 дугаар зүйл болон Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”- зааснаар сонгон шалгаруулж томилогдсон удирдах албан тушаалтан байхгүй буюу бүгд жинхлээгүй түр орлон гүйцэтгэгч нар юм.

Төрийн албан хаагч миний эрх зүйн байдлыг дордуулсан талаар Төрийн албаны зөвлөлд хандсан боловч надаас нэг ч тодруулга тайлбар авахгүйгээр 2025 оны 11 дүгээр сарын 13-нд гэрийн хаягаар баталгаат шуудангаар гомдлыг шууд ханган шийдвэрлэхэд хууль зүйн үндэслэлгүй тухай хариу ирсэн.

Иймд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар “Төрийн албанаас чөлөөлөх тухай” тушаалын Д.д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ажиллаж байсан байгууллага өөрөөс үл хамаарах шалтгаанаар нэгтгэгдсэн тул Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг минь хангаж, төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсийг бууруулахгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, цахим баталгаажуулалт хийхийг даалгаж өгнө үүгэжээ.

            2.2. Нэхэмжлэгч Д. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“...Би 2017 оноос Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ажиллаж, 2022 онд шатлан дэвшиж удирдах албан тушаалд томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч. Ажиллах хугацаандаа үр дүнтэй ажилласан учраас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хоёр удаа жуух бичиг, нэг удаа салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг, мөн Хууль зүй, дотоод хэргийн яамнаас шагнал хүртэж байсан. Иймд олон жил ажиллаж, мэргэшсэн төрийн жинхэнэ албан хаагчийг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр ажлаас чөлөөлнө гэж огт төсөөлөөгүй. Намайг ажилд үргэлжлүүлэн томилох, эсхүл өөр тохирох албан тушаал санал болгоно гэсэн хүлээлттэй байсан. Би төрийн жинхэнэ албаны тусгай шалгалт өгч тэнцэн, жинхэлсэн албан хаагч. Гэтэл ийм албан хаагчдыг ажлаас чөлөөлж, оронд нь төрийн жинхэнэ албаны шаардлага хангаагүй хүмүүсийг томилж байгаа нь харамсалтай байна. Би энэ байгууллагад ажиллах хугацаандаа чин сэтгэлээсээ, санаачилгатай ажилласан. Ажилдаа хариуцлагатай хандаж ирсэн. Тийм байхад намайг ажлаас чөлөөлөх гэж байгааг урьдчилан мэдэгдээгүй, ажил үргэлжлүүлэн хийх хүлээлттэй байхад гэнэт халсан. Тушаалаа гардуулж өгөөгүй, ажлыг маань хүлээлцээгүй, одоо хүртэл ажил хүлээлцэх ажиллагаа хийгдээгүй байна. Үүний улмаас олон сарын хугацаанд цалин орлогогүй болсон. Би гурван хүүхдийн эцэг хүний хувьд энэ байдал гэр бүлд маань хүндээр тусаж байна. Өөрийгөө муу ажилласан гэж огт бодохгүй байна. Харин ч төрийн албанд олон жил ажиллаж, мэргэшсэн, туршлагатай албан хаагч болсон. Төрийн албаны тухай хуульд албан хаагчийн мэдлэг, мэргэжил, туршлагыг харгалзан үзнэ гэж заасан байдаг. Тиймээс надад өөр тохирох албан тушаал санал болгоно гэж ойлгож байсан. Би байгууллагын удирдлагуудтай уулзсан. Тухайн үед ажилд үргэлжлүүлэн томилогдох боломжтой гэж ойлгож байсан. Харин бодит байдал дээр олон процессын алдаа гарч, хуульд заасан ажиллагааг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна” гэв. 

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 196 дугаар тогтоол, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 112 дугаар тушаалын хавсралтад татан буугдсан байгууллагын чиг үүрэг, орон тоо, төсвийг Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын ерөнхий газарт шилжүүлэхээр тодорхой заасан байдаг. Ийм нөхцөлд төрийн жинхэнэ, мэргэшсэн албан хаагчдыг шилжүүлэн ажиллуулахгүйгээр бөөнөөр нь ажлаас чөлөөлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт заасан “Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулан, шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө” гэж заасан байдаг. Гэтэл надад тушаалыг зохих журмын дагуу танилцуулж, гардуулж өгөөгүй. Түүнчлэн байгууллагын бүтэц, орон тоо 34 байснаа 56 болж нэмэгдсэн атлаа төрийн жинхэнэ албан хаагчдыг чөлөөлж байгаа нь ойлгомжгүй бөгөөд хууль бус гэж үзэж байна. Иймд маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

2.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль зэрэг хэд хэдэн хуулийн зохицуулалтыг ноцтой зөрчиж шийдвэр гаргасан нь тодорхой харагдаж байна. Ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан, мэргэшсэн төрийн албан хаагчийг байгууллагын бүтэц, чиг үүрэг өөрчлөгдсөн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө хуульд заасан баталгааг хангах ёстой байсан. Гэтэл Засгийн газрын тогтоол, салбарын сайдын тушаалд ажилтнуудын эрх ашгийг хохироохгүйгээр асуудлыг зохион байгуулах чиглэл өгсөн байхад энэ асуудлыг шийдвэрлэхгүй удааж, иргэнийг шүүхэд хандахаас өөр аргагүй нөхцөлд хүргэсэн байна. Энэ нь өнөөгийн төрийн албанд хууль хэрхэн хэрэгжиж байгааг харуулсан бодит жишээ гэж үзэж байна. Иймд дээр дурдсан хууль тогтоомжийн зөрчлүүдийг үндэслэн Д.гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзэж байна” гэв

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:

3.1. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга асан Д. нь нэхэмжлэлдээ бодит байдлаас илтэд зөрүүтэй зүйлсийг дурдсан байна. Үүнд:

3.1.1. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 196 дугаар тогтоолоор Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгаж чиг үүргийг төрийн захиргааны байгууллага, дүүрэг дэх холбогдох байгууллага руу шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс үүдэн Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас үргэлжлүүлэн салбартаа ажиллах сонирхолтой албан хаагчдыг шилжүүлэн ажиллуулах хүрээнд байгууллагын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн тогтоох шаардлага үүссэн. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг Засгийн газрын тогтоолоор баталдаг тул тогтоолоор шинэ бүтэц, орон тооны дээд хязгаар батлагдах хүртэл албан хаагчдыг шилжүүлэн ажиллуулах боломжгүй байсан. Улмаар Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 52 дугаар тогтоолоор агентлагийн орон тооны хязгаар шинэчлэгдэж 56 болсон.

3.1.2. Дээрх тогтоол батлагдсантай холбоотой Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай тушаалаар “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын бүтэц, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай” шийдвэр гарсан. Үүний дагуу Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/136 дугаар тушаалаар агентлагийн албан тушаалын нэршил, ангилал, зэрэглэл шинэчлэгдсэн. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар Засгийн газрын тогтоолоор татан буугдсанаас хойш удаа дараа албан хаагчдыг шилжин ажиллах хүсэлтэй эсэхийг тодруулахад 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг авах хүсэлтэй байгаа талаараа хэлсэн. Энэ ч Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн огноотой 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр тоон гарын үсгээр баталгаажуулсан ******* дугаартай албан бичгээс харагдана.

3.1.3. Мөн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Засгийн газрын 2025 оны 52 дугаар тогтоолыг танилцуулах, албан хаагчид шилжин ажиллах хүсэлтэй эсэх талаар тодруулах зорилгоор Төрийн өмчийн 11-р байрны 301 тоот өрөөнд хурал зохион байгуулсан. Уг хуралд Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 26 албан хаагч оролцох байснаас ээлжийн амралттай 2, чөлөөтэй 3 албан хаагч ирээгүй бөгөөд нийт 21 албан хаагч оролцсон ба Тухайн хурлын үеэр Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д. Ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.******* албан хаагчдын шилжин ажиллах хүсэлтийн талаарх судалгаа, мэдээллийг өгсөн ба тухайн мэдээлэлд дурдсанаар бүх албан хаагчид шилжин ажиллахгүй гэсэн байсан. (Нотлох баримтыг баримтаар өгсөн.)

3.1.4. Захиргааны акт гаргахаас өмнө 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй Д.гээс тайлбар, санал авах буюу сонсох ажиллагаа явуулах зорилгоор мэдэгдлийг Д.гийн майл хаяг болох ******* хувийн цахим шуудангаар явуулахын зэрэгцээ баталгаат шуудангаар захиргааны байгууллагын хаягаар хүргүүлсэн. Албан хаагчийн зүгээс ямарваа нэгэн хариу тайлбар, саналыг ирүүлээгүй. Иймээс тодруулах зорилгоор Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагч Д.тэй 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр утсаар холбогдож тодруулахад тэтгэлэг авах хүсэлтэй хүмүүсийн мэдээллийг хүргүүлэхээр тохиролцсон. Улмаар 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас ******* дугаартай албан бичгээр тэтгэмж авах албан хаагчдын мэдээллийг өгсөн.

3.1.5. Маргаан бүхий тушаал гарах хүртэл Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчдыг албан тушаалын нэршилд санал өгөх боломжтой талаар дурдаж байсан. Мөн дээрх тушаал гарсны дараа ч ирж уулзах, байсан албан тушаалтай адил төсөөтэй чиг үүрэг, албан тушаалын нэршил бүхий ажилд томилогдох боломжийг хангаж ажилласан. Түүнчлэн нэхэмжлэлд дурдагдсан тушаал гарсны дараа ч ирж уулзах, тушаалтайгаа танилцах боломжтой талаар хэлж байсан.

 3.1.6. Мөн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Ерөнхий нягтлан бодогч ******* сүүлийн байдлаар 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авах хүсэлтэй албан хаагчдын мэдээллийг гарын үсэг, санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулан ирүүлсэн. Албан хаагчдаас санал сүүлийн байдлаар ирсний дараа манай байгууллагаас холбогдох албан хаагчдыг "Төрийн албанаас чөлөөлөх тухай" 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар тушаалыг гаргасан.

3.1.7. Дээрхээс харвал тушаал гарах гэж буй талаар нэхэмжлэгч мэдэж байсан бөгөөд утсаар холбогдож тодруулахад тэтгэлэг авах хүсэлтэй байгаа талаараа өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн нь үүнийг нотолно. Түүнчлэн нэхэмжлэгч нь Төрийн 62 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг минь огт хангаагүй гэжээ. Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэших болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох.” гэж заасан бөгөөд манай байгууллагын зүгээс Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас ирүүлсэн 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авах хүсэлтэй албан хаагчдын саналыг үндэслэн 2025 оны 12 дугаар сард 15 албан хаагчид 3 сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэлгийг олгож төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангасан. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчид нь Засгийн газрын 2025 оны 196 дугаар тогтоол гарснаас хойш, чөлөөлөх тушаал гарах хүртэл хугацаанд үндсэн чиг үүргийн ажлаа хийж гүйцэтгээгүй бөгөөд 2025 оны 05 дугаар сараас 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл байгууллагын архивын баримт бичгийг цэгцэлж хүлээлгэн өгөх, хүний нөөцийн холбогдох үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх хангалттай хугацаа байсан атал ажил хүлээлцүүлэх ажлыг санаатайгаар удаашруулсан.

3.1.8. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын төсвийн санхүүжилт нь 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болсон бөгөөд үүнээс цааш ямарваа санхүүжилт олгох боломжгүй. Хэрэв шилжин ажиллах талаар хүсэлтээ өгсөн тохиолдолд 10 дугаар сараас эхлэн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас цалин хөлсийг олгох боломжтой байсан. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчид шилжин ажиллахаас татгалзаж, нэг удаагийн тэтгэлэг авах хүсэлтээ илэрхийлж Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар тушаал гарсан.

3.1.9. Тэтгэлэг авах хүсэлт гаргасан нь төрийн албанаас чөлөөлөгдөх эрх зүй үр дагаврыг үүсгэх бөгөөд энэ нь ч Төрийн албаны зөвлөлийн 2024.11.06-ний өдрийн ”Журам шинэчлэн батлах тухай” 498 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан ”Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам”-ын 2.1.4 дэх заалтад ”Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалаас түр чөлөөлөгдсөн, 62.1.4-т заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөгдсөн иргэний нөөц” гэж зааснаас харагдана. Нэг үгээр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 62.1.4 дэх заалтын дагуу төрийн албанаас чөлөөлөгдсөн тохиолдолд дээрх журмын 2.1.4 дэх заалтад заасан нөөцөд бүртгэгдэхээр байна.

Иймд Д.гээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагчийн өмгөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан  нэмэлт тайлбартаа: “Сая хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэллээ. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсгийг дурдлаа. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад нэхэмжлэгчийн зүгээс “ажлын байраар хангах үүргээ хэрэгжүүлээгүй, өөр албан тушаал санал болгоогүй” гэж маргаж байгаа бөгөөд энэ асуудал нь маргааны гол агуулга болж байна. Нэхэмжлэгч өөр албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэл зоригоо бодитойгоор илэрхийлсэн баримт хэрэгт байхгүй байна гэж үзэж байна. Харин эсрэгээрээ тэтгэмж авах хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн баримтууд хэрэгт авагдсан байна. Тухайлбал, нийт гурван удаагийн албан бичгээр тэтгэмж олгох асуудлыг тавьсан бөгөөд үүний дараа төрийн албан хаагчдын хуульд заасан эрхийг хангаж, тэтгэмжийг нь олгож өгөхийг хүссэн нэмэлт албан бичиг мөн хүргүүлсэн байдаг. 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн огноотой, 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүргүүлсэн албан бичигт Ө. дарга танилцаж, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д. хянаж, боловсруулсан байдлаар “Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын тэтгэмж авах албан хаагчдын жагсаалт”-ыг баталгаажуулан хүргүүлсэн байна. Уг жагсаалтад нэхэмжлэгч Д. өөрөө орсон бөгөөд тухайн баримтыг хянаж баталгаажуулсан байдаг. Мөн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн албан бичгээр дахин тооцоолол хүргүүлсэн бөгөөд уг баримтад Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасны дагуу нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг тодорхой дурдсан байна. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд “би тэтгэмж авна гэдгээ албан ёсоор илэрхийлээгүй” гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан дээрх албан бичгүүдээс өөрөө уг жагсаалтыг хянаж баталгаажуулсан нь тогтоогдож байна. Төрийн жинхэнэ албан хаагч хүсэл зоригоо илэрхийлсэн байхад тэтгэмжийг нь олгохгүй байх нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болох байлаа. Түүнчлэн Д. нь татан буулгах комиссын үйл ажиллагаанд оролцож байсан тул энэ асуудлуудыг мэдэхгүй байх боломжгүй. Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзсэн бол тухайн үед холбогдох байгууллагад хандах боломжтой байсан. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ө. даргад өөр албан тушаал хүссэн, шилжин ажиллах хүсэлт гаргасан баримт байхгүй байна. Иймд Төрийн албаны тухай хуульд заасан тэтгэмжийг хууль ёсоор олгосон гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нийслэлээс ирүүлсэн баримтуудад Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэсэн байдаг. Тус заалтад төрийн жинхэнэ албан хаагчид өөр албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах, 3 сарын хугацааны тэтгэмж авах, 6 сарын хугацаанд сургалтад хамрагдах гэсэн боломжуудыг олгосон байдаг. Эдгээр арга хэмжээг зэрэг хэрэгжүүлэх боломжгүй. Нэхэмжлэгч болон бусад албан хаагчид 3 сарын хугацааны тэтгэмж авах хүсэлтээ илэрхийлсэн тул уг тэтгэмжийг олгосон. Ийм нөхцөлд өөр албан тушаалд давхар томилох боломж байгаагүй. Тиймээс Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангаж ажилласан гэж үзэж байна” гэв.

Дөрөв. Гэрч нараас шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

4.1. Гэрч Ө. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний зүгээс ажилд томилж, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан байсан учраас ажлаас манай байгууллага татан буугдаад ямар ажил хийгдэх ёстой байсан талаар эхлээд ерөнхий нягтлан маань Ерөнхий газар луу “төсвийн хүрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм. Тиймээс эхлээд санал аваад сольж гаргах хуулийн зохицуулалт байгаа тухай шийдвэрт хүрээд ерөнхий нягтлантайгаа ярилцсан. Улмаар ерөнхий нягтлан вайбараар төсвийн мэргэжилтэнтэй холбоо барьсан байдаг. Үүнд “ төсөвт ийм өөрчлөлт орж байгаа юм уу? Энэ тухай албан бичиг ирүүлэх шаардлагатай байна. Тэгээд зарим алба хаагчид шийдвэрлээд явчихсан байдаг. Ихэнх алба хаагчид дээр төсөвт өөрчлөлт оруулах гээд тухайн албан бичгийг явуулсан байгаа юм. Манай мэргэжилтнүүд нэг бүрчлэн дуудаж уулзана гэсэн ойлголттой явж байсан. Улмаар албан тушаалын орон тоо буюу бүтэц орон тоо батлагдан гарна гэсэн асуудал яригдаж байсан. Бүгд төсөвт өөрчлөлт ороод алба хаагчдын нийгмийн баталгааг хангах тухай албан бичгийн саналаа бэлдээд явж байсан. Гэтэл тийм үйл ажиллагаа хийгдээгүй. Д. манай байгууллагын татан буулгах ажлын хэсэгт ороод, ажлын хэсэг дээр хуралдчихаад ирлээ гэж хэлсэн. “Тухайн хурлаар хүний нөөцийн асуудлаар ярилцав уу, хүмүүсээ хэрхэн авах тухай” асуухад “хүний нөөцийн асуудал яригдаагүй, дандаа хөрөнгө мөнгө ярьсан ба тухайн хөрөнгийг хэрхэн авах талаар ярилцсан гэж тайлбарласан. Үүний талаар албан бичиг явуулсан. нь намайг анх ажилд ороход Хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтэн байсан. Улмаар залуучуудын зөвлөлийг аваад, залуучуудад чиглэсэн ажлууд, мөн хүүхэд хөгжил хамгаалалт, гэр бүл хөгжлийн төв рүү чиглэсэн маш олон ажлыг санаачилж хийдэг байсан. Тэр дундаа үнэлгээ болгон дээрээ “А” үнэлгээг авч, шагнал урамшууллыг зохих журмын дагуу авдаг байсан. Улмаар төрийн албаны тусгай шалгалт өгөөд Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар томилголдсон. Мөн дээрээс нь хяналт шинжилгээ үнэлгээний хороонд маш шударгаар ажиллаад, илрүүлсэн ажлуудаа зохих байгууллагад нь болох Авлигатай тэмцэх газарт мэдэгдэх гэх мэт залуучуудаа манлайлж, шударгаар ажиллаж байсан учраас дэвшүүлсэн. Майл хаягийн тухайд төрийн албаны хуулиар хувийн мэйл болон мессенжер, вайбараар ашиглаж болохгүй гээд албан ёсоор танилцуулаад гарын үсэг зуруулсан байдаг. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар нь  Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа. Нягтлан шилэн дансаа хаах зэрэг ажиллагаануудаа хийсэн байгаа. 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ажиллаа хүлээлгэж өгөөд, ажиллаа хүлээлцэх ямар ч комисс энэ тэр байгаагүй. Би ажиллаа хүлээлгэж өгье гээд хоёр удаа н.Доржхуяг дарга руу утсаар залгасан. Одоо болтол тамга тэмдэг над дээр байгаа. Өнөөдрийг хүртэл татан буулгасан зүйл байхгүй. Ажлын хэсгийн дүгнэлт хэрхэн явсан нь тодорхойгүй байдаг. Ажлын хэсэгт би ороогүй, Д. орсон байсан ч учраас алба хаагчдаа хариуцах байх гэтэл бүгдийг нь нэг ч хүн үлдээхгүй халсан байдаг. Төрийн албаны зөвлөлөөс зохих арга хэмжээг авахгүйгээр шууд ажлаас халсан байдаг. Уг нь татан буугдсан байгууллага алба хаагчдын нийгмийн баталгааг хангах шаардлага байх гэж харж байсан. Бидний зүгээс ажилтнуудынхаа төлөө албан бичиг явуулж байсан.

Нэг удаагийн тэтгэмж авах албан бичгийн тухайд нэг бүрчлэн уулзаж албан тушаалын тодорхойлолт гарахаар Ерөнхий газраас шилжүүлж авах хүмүүсээ шийднэ гэж хэлж байсан. Ажлын хэсгийн хурал болохыг хүлээгээд түүн дээр асуудлыг шийдэх байх гэж хүлээж байсан. Ажлын хэсэгт намайг оруулаагүй, энэ үйл явцтай холбоотой баримт байхгүй. Миний зүгээс Ерөнхий газраас ирэх хариуг хүлээгээд, бас би өөрөө бие өвдөөд эмнэлгээр яваад байсан учраас алба хаагчдаа өөрсдөө очно шүү гэдэг байдлаар хэлж байсан. Ерөнхий газраас албан хаагчдын цаашид үргэлжлүүлэн ажиллах тухайд санал авах байх гэсэн бодолтой байсан байсан. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсгийг дурдаад төрийн албанаас дэмжлэг хүсэх тухай буюу яаралтай энэ хүмүүсийн тэтгэмжийн асуудлыг шийдэж өгөх тухай албан бичиг явуулж байсан эсэх тухайд албан хаагчдын нэмэгдэл баталгааг хангаж гэж бичсэн байгаа. Үүнд бусад асуудал нь давхар ороод явсан байгаа. Хэрвээ асуудлыг шийдвэрлэхгүй бол цалинтай дүйцэх хэмжээний тэтгэмжийн асуудлыг шийдэж өгнө үү гэж бичсэн байгаа” гэв.

4.2. Гэрч А. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нийслэлээс манай байгууллагыг 2025 оны 04 дүгээр сард татан буулгах тогтоол гарснаас хойш “танай байгууллагын алба хаагчтай уулзах хэрэгтэй байна гээд дуудаж уулзсан. Тухайн үед Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын захиргаа удирдлагын хэлтсийн Д.Доржхуяг дарга “манайх танай байгууллагын чиг үүргийг шилжүүлж авч байгаатай холбоотойгоор орон тоог шинэчлэх хүсэлтээ яам руу өгсөн байгаа” батлагдаж ирээгүй байна. Батлагдаад ирэх үеэр холбогдох үйл ажиллагаа хийнэ. Энэ удаад ямар мэргэжилтэй, ямар албан тушаалтай хүмүүс байна гэдгийг тодруулах зорилготой албан бус хурал байна. 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хурал дээр манай байгууллагын алба хаагчид очсон. Хурал дууссаны дараа н.Доржхуяг дарга өрөөндөө дуудаж уулзаад албан ёсоор сул орон тооны санал тавьсан учраас би орсон байгаа. Албан бичгийн тухайд Д. дарга “чи миний гарын үсгийн дардсыг дарсан уу надад ийм албан бичиг ирсэн байна” гэж асуусан. Энэ асуудал дээр маш олон алба хаагчдын эрх ашиг яригдаж байгаа учраас тухайн албан бичгийг харахад миний гарын үсгийг дуурайлгаад зурсан байсан. Мөн Д. даргын гарын үсгийн дардсыг дарсан байсан. Би 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр уулзсанаас  хойш энэ байгууллагад ажиллаагүй байсан учраас гарын үсэг зурсан албан бичиг нэгийг ч явуулаагүй байсан.

2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хурал дээр хэлэлцсэн асуудлын тухайд надад хэлсэн зүйл байхгүй. Анхны байр суурь нь “танд ажлаа хүлээлгэж өгөх, эсвэл энэ хоёр ажлын байр дээр ажиллах сонголт байна гэж хэлсэн нэгийг нь хүлээж авна. Гэхдээ албан ёсны орон тооны ямар чиг үүрэг батлагдаж ирэхийг хүлээж байна” гэж хэлж байсан. Д.гийн хувийн мэйл хаягийн тухай мэдэхгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Д.гийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч Д. нь Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 196 дугаар тогтоолоор тус байгууллага татан буугдаж, чиг үүрэг, орон тоо нь өөр байгууллагад шилжсэнтэй холбогдуулан түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцаа 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсон байна.

3. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох гэж зааснаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийн буруугүйгээр тухайн ажиллаж байсан байгууллага нь татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан тохиолдолд ажил олгогч нь түүнийг ажлын байраар хангах тэтгэмж олгох, 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэших боломжийг олгох үүрэгтэй, харин ажилтан нь эдгээр эрхүүдээс алийг нь эдлэхээ сонгож түүнийгээ ажил олгогчдоо илэрхийлэх үүрэгтэй байна.

4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газраас Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 52 дугаар тогтоолыг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын албан хаагчдад танилцуулж, улмаар албан хаагчдаас цаашид шилжин ажиллах хүсэлтэй эсэхийг тодруулсан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дүгээр тушаалыг үндэслэн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын байгууллагын бүтэц, ерөнхий газрын болон зарим албан тушаалын нэршил, ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай А/136 дугаар тушаалаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын бүтэц, албан тушаалын нэршил, ангилал, зэрэглэлийг шинэчлэн баталж, уг тушаалын дагуу холбогдох хуульд заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж, уг мэдэгдлийг нэхэмжлэгч мөн сарын 23-ны өдөр мэдсэн, мэдэгдэлд дурдсанаар 09 дүгээр сарын 16-ны өдөр өнгөрсөн байсан гэж тайлбарлах боловч түүнийг ажлаас чөлөөлөх тушаал 09 дүгээр сарын 30-ны өдөр гарсан мэдсэнээс хойш түүний хувьд ажиллах хүсэлтэй байгаа тухайгаа илэрхийлэх бүрэн боломжтой байсан боловч энэхүү эрхээ эдлэх талаар хариуцагчид ямар нэг байдлаар мэдэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүнтэй холбоотой баримт олдоогүй, нэхэмжлэгч нь тухайн асуудлыг огт мэдээгүй байсан гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Иймээс нэхэмжлэгч нь байгууллага татан буугдаж байгааг урьдчилан мэдээгүй, эсхүл цаашид ажиллах талаар бодох, түүнийгээ мэдэгдэх, шийдвэр гаргах ажиллагаанд оролцох боломж олдоогүй гэж үзэх үндэслэлгүй байна.

6. Нөгөө талаар хэрэгт авагдсан Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн албан бичиг, 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаартай албан бичиг, 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Албан хаагчдын тэтгэмжийн дэлгэрэнгүй тооцоолол”  баримтуудаар нэхэмжлэгч нь бусад албан хаагчдын адил гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж үзэхээр байна.

7. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан өөр ажил, албан тушаалд шилжин ажиллах эрхээ хэрэгжүүлэх талаар ямар нэгэн тодорхой хүсэлт, санал илэрхийлээгүй, харин эсрэгээрээ тэтгэмж авах сонирхлыг илэрхийлсэн байна гэж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүх дүгнэв.

8. Нэхэмжлэгчийн зүгээс ажлын байраар хангах үүргээ биелүүлээгүй, ажил санал болгоогүй гэж маргасан боловч тухайн эрх нь албан хаагч өөрөө үргэлжлүүлэн ажиллах хүсэл зориг, сонирхлоо илэрхийлсэн тохиолдолд бодитоор хэрэгжих боломжтой эрх юм. Харин энэ тохиолдолд нэхэмжлэгч нь ийм хүсэл зоригоо илэрхийлээгүй, харин тэтгэмж авах байр суурь баримталсан байх тул хариуцагчийг ажлын байраар хангах үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй байна.

9. Мөн нэхэмжлэгчийн сонсох ажиллагааны мэдэгдлийг цаг тухайд нь өгөөгүй гэх тайлбарын тухайд тэрээр байгууллага татан буугдах талаар 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мэдсэн, цаашид гарсан мэдэгдлүүдийг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мэдсэн нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ хугацаанд өөрийн эрх, ашиг сонирхлоо хамгаалах, санал хүсэлт гаргах боломж байсан гэж үзэхээр байна. Иймд сонсох ажиллагаа огт явагдаагүй, эсхүл оролцох боломж олдоогүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

10. Иймд нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлсөн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар тушаал нь бодит нөхцөл байдалд тулгуурласан, хуульд заасан үндэслэлтэй, мөн хариуцагч нь хуулиар хүлээсэн тэтгэмж олгох үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн байх тул уг захиргааны актыг хууль бус гэж үзэн хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

11. Түүнчлэн нэхэмжлэгчээс даалгах шаардлагын хүрээнд Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын Санхүү төсөв, хууль эрхзүйн хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ёстой гэж маргаж байгаа авч уг ажил, албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн индексийн шаардлагыг нэхэмжлэгчийн эзэмшсэн мэргэжил хангахгүй талаарх хариуцагчийн тайлбар, Хүүхэд, гэр бүлийн  хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын байгууллагын бүтэц, ерөнхий газрын болон зарим албан тушаалын нэршил, ангилал,зэрэглэлийг шинэчлэн батлах тухай” А136 дугаар тушаал ёсоор удирдах албан тушаал болох Хэлтсийн даргын орон тоо нэмэгдэж батлагдаагүй зэрэг нь даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл болж байна.

12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.“нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг зааж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасныг баримтлан иргэн Д.гээс Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай “Төрийн албанаас чөлөөлөх тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, Санхүү, төсөв, хууль эрхзүйн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын төлүүлж, цахим баталгаажуулалт хийхийг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                У.БАДАМСҮРЭН