Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2025/00902

 

 

 

 

2025 10 17 103/ШШ2025/00902

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Наран хороолол, өөрийн байранд байрлах Багануур дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Тогос уулын 0 тоотод оршин суух ******* овогт *******ын *******,

Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Уурхайчны 0 тоотод оршин суух ******* овогт *******ын ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4.850.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Багануур дүүргийн Прокурорын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Багануур дүүрэг, 0 дүгээр хороо, Тогос уул, 0 гудамж 0 тоотод оршин суух хаягтай иргэн *******ын *******, *******ын ******* нар нь бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхээр тус дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хүсэлт гарган, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээг байгуулан, 8.000.000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 36 сарын хугацаатай зээлсэн болно. Дээрх зээлийн гэрээний хавсралт буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээлдэгч нар нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сар бүр 225.000 төгрөг төлж, үлдэх 125.000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тус тус төлж, нийт зээлсэн 8.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг баталсан байна. Гэвч зээлдэгч нар нь анх зээлсэн 8.000.000 төгрөгөөс 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 3.150.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 4.850.000 төгрөгийг төлөөгүй, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, зээлийн эргэн төлөлт хийгээгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний үүрэг зөрчсөн *******ын *******, *******ын ******* нараас зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 4.850.000 төгрөгийг гаргуулж Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Төрийн сан банкны 100200237010 дансанд олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь 2022 оны 06 сарын 16-нд Багануур дүүргийн хөдөлмөр халамжийн хэлтсээс Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрт хамрагдан 8.000.000 төгрөгийн зээл авсан. Үүнээс 3.150.000 төгрөгийг төлсөн байгаа. Үлдэгдэл 4.850.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Д.*******ыг оролцуулахгүй өөрөө бүрэн хариуцан төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* би хариуцагч Д.*******, Д.******* нарын хамтран хариуцагч Д.*******оос татгалзаж байна. Учир нь хариуцагч Д.******* 4.850.000 төгрөгийн зээлийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн болно гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Д.*******оос татгалзаж, хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4.850.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Багануур дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ын *******, ******* овогт *******ын ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4.850.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Д.*******оос татгалзаж, хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 92.550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 46.275 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО