“Т ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 28-ны өдрийн 0 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Т ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Б т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 26,061,575.79 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Ч.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
- Нэхэмжлэлийн агуулга: Тус компани нь С.Б тай 2019 оны 10 сарын 28-ны өдөр 00/000 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулж тээврийн хэрэгсэл худалдан авахад нь зориулж 19,351,000 төгрөгийг сарын 2.5%-ийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулсан. Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаа, хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй. Манай компанийн зүгээс зээлдэгч С.Б тай холбоо тогтоох гэж анкет дахь утсаар холбоо барих гэсэн боловч холбогдож чадаагүй болно. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу тооцоолол хийхэд нийт 564 хоногийн хэтрэлттэй байх бөгөөд үндсэн зээл 18,420,741.16 төгрөг, үндсэн хүү 7,624,635.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,199.20 төгрөг, нийт 26,061,575.79 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.
- Хариуцагч С.Б шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.
- Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Б аас зээлийн гэрээний үүрэгт 26,061,575.79 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Б шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл фидуцийн гэрээнд заасан С.Б ийн өмчлөлийн Т /Тв / маркийн 00-00 улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358,458 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б аас улсын тэмдэгтийн хураамжид 358,458 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т ” ХХК-д олгосон.
- Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
а. Хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэнд гомдолтой. Анхан шатны шүүх 2022 оны 02 сарын 28-ны өдөр хянан хэлэлцэхдээ хариуцагчид өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах, шүүх хуралдаанд оролцож тайлбар гаргах боломжоор хангалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч С.Б нь 2022 оны 02 сарын 16-ны өдөр болсон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцоно гэдгээ илэрхийлсэн. Нөгөөтэйгүүр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авч байна гэдэг нь нэхэмжлэлийг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрөхгүй байгааг илтгэнэ. Харин анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай юм.
б. Хэрэг маргааныг иргэний шүүхээр хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 10 сарын 28-ны өдрийн №00/000 тоот зээлийн гэрээний 9.2-т “Хэлэлцээ хийж чадаагүй бол маргааныг МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Үндэсний Арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасан байдаг. Анхан шатны шүүх хариуцагч талыг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангахгүйгээр уг асуудал болон бусад байдлаар тайлбар гаргах боломжийг олголгүйгээр уг заалтын талаар маргаагүй мэтээр хариуцагчийн өмнөөс дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Түүнчлэн, Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаас үзвэл шүүх арбитрын хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус эсхүл биелүүлэх боломжгүй гэх хоёр үндэслэлээс бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгохоор байна. Харин анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэснийг харвал талуудын хооронд гэрээний үндсэн дээр үүссэн арбитрын хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус эсхүл үүнийг биелүүлэх боломжгүй гэж үзсэн нь тодорхой байна. Гэтэл яг ямар үндэслэлээр арбитрын хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн, ямар үндэслэлээр үүнийг биелүүлэх боломжгүй гэж үзсэн талаар нэг ч тайлбар, үг үсэг шүүхийн шийдвэрт байхгүй. Өөрөөр хэлбэл маргааныг анхнаасаа иргэний шүүхээр хянан хэлэлцсэн нь үндэслэлгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
- Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: 2022 оны 02 сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан дээр дараагийн шүүх хуралдааныг талуудын саналыг асууж байгаад товлосон. Шүүгчийн туслах хариуцагч руу удаа дараа утсаар залгасан. Гэрээндээ арбитраар шийдвэрлэхээр тохиролцсон боловч шүүх хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүгч тайлбарласан. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учраас зээлийн хугацаа хэтэрсэн. Гэрээний үүргийг биелүүлэхийг шаардаж нэхэмжлэл гаргасан.
ХЯНАВАЛ:
- Давж заалдах шатны шүүхээс хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэхэд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээв.
- Нэхэмжлэгч “Т ” ХХК нь хариуцагч С.Б т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 18,420,741.16 төгрөг, хуримтлагдсан хүү 7,624,635.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,199.20 төгрөг, нийт 26,061,575.79 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг 00-00 улсын дугаартай Т /Тв / маркийн автомашинаар хангуулах шаардлага гаргажээ. /хх 1-2/
Хариуцагч С.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 01 сарын 06-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
- Хэрэгт авагдсан 2019 оны 10 сарын 28-ны өдрийн 00/000 тоот “Зээлийн гэрээ”, 00/000 тоот “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/”-г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлбэл, “Т ” ХХК нь 19,351,000 төгрөгийг сарын 2.5%-ийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай зээлдүүлэх, С.Б нь харилцан тохиролцсон хуваарийн дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамтаар буцаан төлөх, зээл, хүүгийн төлбөрийг төлөх хуваарийг хэтрүүлсэн бол үндсэн хүүгийн 20%-иар нэмэгдүүлсэн хүү тооцох, мөн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор үүрэг хүлээгч С.Б нь 00-00 улсын дугаартай Т /Тв / маркийн автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгч “Т ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна. /хх 8-10, 11-12/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт тус тус заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний харилцаа тус тус үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдал болон нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
- Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол”-д хариуцагч тал маргаагүй, уг тооцооллыг баримтаар няцаагаагүй учир зээлдүүлэгчийн зүгээс 2019 оны 10 сарын 29-ний өдөр 19,351,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн, зээлдэгчийн зүгээс 2020 оны 01 сарын 16-ны өдрөөс 2020 оны 08 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлд 930,258.84 төгрөг, хүүд 4,312,859.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 16,881.49 төгрөгийг тус тус төлсөн, улмаар зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 564 хоногоор хэтрүүлсэн үйл баримт тус тус тогтоогдсон гэж үзнэ.
Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 26,061,575.79 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээний зүйлээр хангуулахаар шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцжээ.
- “Хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хариуцагчид өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах, шүүх хуралдаанд оролцож тайлбар гаргах боломжоор хангаагүй” гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй. Учир нь:
5.а. Өмнө дурдсанчлан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй; /хх 16/
5.б. Анхан шатны шүүх хариуцагчаас гаргасан “шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох” тухай хүсэлтийг хүлээн авч 2022 оны 02 сарын 16-ны өдрийн шүүх хуралдааныг 2022 оны 02 сарын 28-ны өдрийн 11:30 цагт хийхээр хойшлуулсан; /хх 27, 28/
5.в. Хариуцагч нь шүүх хуралдааны хойшилсон товыг мэдсэн атлаа 2022 оны 02 сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. /хх 29, 35-36/
- “Хэрэг маргааныг иргэний шүүхээр хянан шийдвэрлэсэн нь буруу” гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
Учир нь арбитрын хэлэлцээртэй боловч нэхэмжлэгч “Т ” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч С.Б нь уг маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлнэ гэх үндэслэл заан маргаагүй. Иймд маргааныг шүүх шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Анхан шатны шүүх Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн.
- Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
- Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 28-ны өдрийн 0 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 03 сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 289,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Д.НЯМБАЗАР