| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2101000240290 |
| Дугаар | 2024/ДШМ/1249 |
| Огноо | 2024-11-20 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | Б.Энх-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2024/ДШМ/1249
2024 11 20 2024/ДШМ/1249
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Батзориг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Энх-Эрдэнэ,
яллагдагч Д.Т, түүний өмгөөлөгч Б.Мянган,
яллагдагч З.Б, түүний өмгөөлөгч А.Ариунболд, Т.Сайнбаяр, С.Тэмүүлэн,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхтүвшин даргалж хийсэн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/2336 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Энх-Эрдэнийн бичсэн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Д.Т, З.Б нарт холбогдох 2101000240290 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч Д.Тийг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж;
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох...”, мөн зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 6.4-т “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ”, 6.5-д “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах түрэгтэй” гэж заасныг,
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.7-т “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.2-т өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т заасан “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...” гэж заасныг,
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ", мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн 34.1.9-д “яаралтай дархлаажуулалтад шаардагдах, олон улсын лавлагаа лабораториор баталгаажсан вакциныг үйлдвэрлэгчээс нь шууд худалдан авах” гэж заасныг,
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан тушаалын тодорхойлолтын 2.1-д “Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх ажпыг зохион байгуулж, биелэлтийг хангах”, Мөн тодорхойлолтын 2.4-т “эрхэлсэн сайдыг мэргэжлийн, цаг үеэ олсон, үнэн зөв, бодитой мэдээ, мэдээллээр шуурхай хангах”, 3.1.1-д “Салбарын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажпыг улсын хэмжээнд зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих”, 3.1.4-т “мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, малын өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх болон мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар жил бүр авах арга хэмжээний эдийн засгийн тооцоо, эрсдэлийн үнэлгээ хийх ажпыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих”, тус албан тушаалын тодорхойлолтын 4.2-т “Мал эмнэлгийн ажил, үйлчилгээний талаарх тоо баримт, тооцоо судалгааг гаргаж, шаардлагатай мэдээ мэдээллийг боловсруулж, цаг тухайд нь Засгийн газар, эрхэлсэн сайдад танилцуулж байх”, 4.3-т заасан “Засгийн газар, эрхэлсэн сайдад мэргэжлийн зөвлөгөө өгөх” гэж заасныг тус тус зөрчиж,
З.Бтэй хамтран “яаралтай дархлаажуулалт” гэх нэрийдлээр нээлттэй тендер шалгаруулалт зарлахгүйгээр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Хестер биосайнсес лимитед” компанитай Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 16-а дугаар байр буюу Засгийн газрын 9 дүгээр байранд байрлах Мал эмнэлгийн ерөнхий газрын ажпын байранд байхдаа 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “РРR вирусийн 7.000.000 тун вакциныг 651.000 ам.доллароор нийлүүлэх гэрээг, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “РРR” вирусийн 3.000.000 тун вакциныг 279.000 ам.доллароор нийлүүлэх гэрээг, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “РРR” вирусийн 3.000.000 тун вакциныг 279.000 ам.доллароор нийлүүлэх гэрээг, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “РРR” вирусийн 3.000.000 тун вакциныг 279.000 ам.доллароор нийлүүлэх гэрээг тус тус байгуулж, 2018-2020 оны хооронд тус компани руу нийт 3.927.297.200 төгрөг шилжүүлэн, “Хестер биосайнсес лимитед" компанитай 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр агентын гэрээ байгуулсан “Глобал бизнес линк” ХХК-ийг үүсгэн байгуулагч З.Бэд 778.560,78 ам.доллар буюу 2.078.681.774 төгрөгийн давуу байдал бий болгож, улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан,
Мөн тэрээр өөрийн төрсөн охин Т.Мгийн нэр дээр “Жигүүр гранд групп” ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181031 дугаартай “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”-г байгуулж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан “Парк вью” хотхоны 7 дугаар байрны “90” тоот, 109.44 м.кв орон сууцыг 291.110.400 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 64.900 ам.долларыг бэлнээр, тус өдөр 33.593.300 төгрөг бэлнээр, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 64.000.000 төгрөгийг бэлнээр, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 27.084.914 төгрөгийг бэлнээр тус тус төлж, улмаар тухайн орон сууц, бэлэн мөнгөний эх үүсвэрийг үргэлжилсэн үйлдлээр 2018, 2019, 2020 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ дурдаж мэдүүлээгүй, өөрийн хөрөнгө орлогыг их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,
Яллагдагч З.Бийг Д.Тийн Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж холбогдох хууль журам, ажлын байрны тодорхойлолтыг зөрчиж “яаралтай дархлаажуулалт” гэх нэрийдлээр нээлттэй тендер шалгаруулалт зарлахгүйгээр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Хестер биосайнсес лимитед” компанитай Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 16-а дугаар байр буюу Засгийн газрын 9 дүгээр байранд байрлах Мал эмнэлгийн ерөнхий газрын ажпын байранд 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “РРR” вирусийн 7.000.000 тун вакциныг 651.000 ам.доллароор нийлүүлэх гэрээг, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “РРR” вирусийн 3.000.000 тун вакциныг 279.000 ам.доллароор нийлүүлэх гэрээг, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “РРR” вирусийн 3.000.000 тун закциныг 279.000 ам.доллароор нийлүүлэх гэрээг, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “РРR” вирусийн 3.000.000 тун вакциныг 279.000 ам.доллароор нийлүүлэх гэрээг тус тус байгуулж, 2018-2020 оны хооронд тус компани руу нийт 3.927.297.200 төгрөг шилжүүлсэн үйлдэлд урьдчилан амлаж, санаатайгаар дэмжлэг үзүүлэх байдлаар хамтран оролцож, улмаар “Хестер биосайнсес лимитед” компанитай 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр агентын гэрээ байгуулсан өөрийн “Глобал бизнес линк” ХХК-ийг ашиглан 778.560,78 ам.доллар буюу Монгол төгрөгөөр 2.078.681.774 төгрөгийн давуу байдлыг бий болгож, улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан, мөн дээрх 778.560,78 ам.доллар буюу Монгол төгрөгөөр 2.078.681.774 төгрөгийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ашиглаж, улмаар мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Д.Тиийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 22.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,
З.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:
1. Захирамжийн 5 дахь заалтад “Энэтхэг улсаас вакцин худалдан авсан үйлдэл тус бүрт уг вакцин нь тухайн улсынхаа зах зээл дээр ямар үнээс борлуулагдаж байсан эсэхийг баримтаар тогтоох шаардлагатай. Мөн тухайн улсаас Монгол улсад тээвэрлээд авч ирэх нийт зардлын талаарх тооцоог баримтаас тогтоох” гэжээ. Мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Шинжээч томилох шинжилгээ хийлгэх тухай тогтоол гарсан байх бөгөөд зах зээлийн үнэлгээ тогтоолгохоор “Дамно” ХХК-ийг томилж, дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулсан байна.
Уг тогтоолд Бүгд найрамдах Энэтхэг Улсын hester bioscience Limited LLC-д үйлдвэрлэгдсэн бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх РРR нэршилтэй тун вакцин 2018, 2919, 2020 онуудад тус бүр тухайн улсын зах зээл дээр хэдэн төгрөгийн үнэтэй байсан эсэх, уг ... тун вакциныг тухайн цаг хугацаануудад Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад тээвэрлэн авч ирэх нийт зардал хэдэн төгрөг байсан эсэх талаар тодруулахаар тогтоолд тусгажээ. Гэтэл “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр Бүгд Найрамдах Энэтхэг улсын вакцины зах зээлийн үнийг Америкийн нэгдсэн улсын Анагаах ухааны үндэсний номын сангийн Биотехнологийн мэдээллийн үндэсний төвөөс гаргасан мялзан өвчний вакцинжуулалтын зардлын тооцооны судалгаанд үндэслэн гаргасан байх ба уг судалгаагаар 1 тун нь Буркино Фасо улсад 3.9 доллароор худалдаалагдаж байсан, мөн интернэт орчноос хайлт хийж үнийн дүнг 3.9 доллароор тодорхойлсон бөгөөд дээрх судалгаанд тулгуурлан Энэтхэг улсын зах зээл дээр вакцины үнийн судалгааг хүснэгтээр гаргасан нь бодитой бус үндэслэлгүй гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл Энэтхэг улсын зах зээлд худалдаалж байгаа үнэ биш өөр улсын мялзан өвчний вакцинжуулалтын зардлын тооцоонд үндэслэн гаргасан үнийн санал байх ба Энэтхэг улсын зах зээл дээр ямар үнээр борлуулагдаж байсан эсэхийг баримтаар тогтоох болон тухайн улсаас Монгол улсад тээвэрлээд авч ирэх нийт зардлын талаарх тооцоог баримтаар тогтоогоогүй байх тул захирамжийн биелэлт хангагдаагүй байна.
2. Захирамжийн 6 дахь заалтад “Яллагдагч нарын үйлдэл нь хэрхэн холбогдож байгаа эсэх, уялддаг талаар тодорхой нотлох баримтыг нэрлэж хууль зүйн дүгнэлт гаргах, мөн яллагдагч Д.Т, түүний гэр бүлийн гишүүдийн урьд ямар хөрөнгөтэй байсныг тодруулах ажиллагааг гүйцэт хийх, яаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн талаар нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийх” гэжээ.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ яллагдагч Д.Т, З.Б нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх гэмт хэргүүдэд тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн байна. Гэтэл тухайн яллах дүгнэлтэд З.Б нь хэрхэн, хаана, яаж, хэзээ “мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тодорхой тусгаагүй байх бөгөөд нотлогдвол зохих байдлуудыг бүрэн тогтоож, тусгаагүй байна.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дараах зүйлийг тусгана”, 3.2 “Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт”-ыг тусгахаар заасан тул яллагдагч З.Б нь хэрхэн яаж, хаана мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн, ямар ашиг орлого олоод байгаа талаар яллах дүгнэлтэд тусгаагүй байх ба нөгөөтээгүүр гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг нэг мөр тогтоосноор (Мөнгө угаах гэмт хэрэг хэрхэн хаана үйлдээд байгааг тогтоох) Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхийн харьяаллыг тодорхой болгон хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.
3. Захирамжийн 7 дахь заалтад “Уг хэрэгт 4 удаагийн үйлдлээр өөр өөр цаг хугацаанд вакцин худалдан авсан байх ба уг үйлдэл тус бүрийн хувьд хохирол тооцсон долларын ханш нь ямар байсан, нэг ижил байсан эсэх, ямар ханшаар хохирол тооцох эсэх талаарх баримтуудыг ялгаатай, ойлгомжтой байдлаар хэрэгт хавсаргаж, үндэслэл бүхий дүгнэлт хийх” гэжээ. Хохирол тогтоох үеийн долларын ханш нь ямар байсан, ямар ханшаар тооцсон эсэх нь эргэлзээтэй байна.
Учир нь 2018, 2019, 2020 онуудад Энэтхэг улс руу вакцины мөнгө шилжүүлсэн гэх боловч тухайн онуудын ханшийн /Монгол банк/ мэдээлэл хавтаст хэрэгт авагдаагүй. Мөн мөрдөгч, комиссар Д.Ц нь 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 24 дүгээр хавтас хэргийн 215 дугаар талд авагдсан Монгол банкны сайтад үзлэг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг “Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж, эсхүл дуу, дүрсний бичлэгээр бэхжүүлнэ” гэж заасныг зөрчсөн байх тул энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эд зүйл, баримт бичигт үзлэг хийж холбогдох баримтуудыг цуглуулж бэхжүүлэн хэрэгт хавсаргах.
4. Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраар Мал эмнэлгийн ерөнхий газрын 2018, 2019, 2020 онуудад Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Хестер биосайнсес лимитед” компаниас “РРR” вирусийн вакциныг худалдан авахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, нээлттэй тендер зарлахгүйгээр өрсөлдөөнийг хязгаарласан эсэх, тухайн худалдан авах ажиллагаануудад нээлттэй тендер зарлах шаардлагатай эсэх, байгуулагдсан үнэлгээний хороонууд хуулийн дагуу ажилласан эсэх талаар дүгнэлтийг гаргуулж, хууль зүйн дүгнэлт хийх.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна” гэж заажээ.
Иймд хавтаст хэрэгт авагдсан англи болон орос хэл дээр 2018-2020 оны хооронд үйлдэгдсэн баримтуудыг төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж баримтжуулах шаардлагатай тул албан ёсны орчуулгын газраар монгол хэл дээр орчуулан хавтаст хэрэгт хавсаргах нь зүйтэй байна. Бусад баримтууд нь давхцан байгаа учир орчуулах шаардлагагүй гэж үзсэн болно.
Дээрх нөхцөл байдлуудыг нэг мөр тогтоож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулсны эцэст хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэх боломжтой гэж үзлээ. Иймд яллагдагч З.Б, Д.Т нарт холбогдох хэргийн нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэт тал бүрээс нэг мөр шалгаж тогтоогоогүй, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай байх тул хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, яллагдагч З.Б, Д.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Б.Энх-Эрдэнэ бичсэн эсэргүүцэлдээ: “...1.Мөрдөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хорин долоодугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу шинжээч томилох тогтоол үйлдэж, түүний дагуу “Дамно” ХХК-аас 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №24-66 дугаартай дүгнэлт гаргасан. Шинжээч нь хуульд заасан эрх, үүрэгтэй танилцаж, өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргасан ба дүгнэлтийн 19 дүгээр хуудаст дүгнэлтийг ямар стандарт ба аргуудад тулгуурлан гаргасан талаараа дурдсан тул шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч З.Б нь 2.078.681,774 төгрөгийг бэлнээр авч ашигласан нөхцөл байдал тогтоогддог ба прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэргийн “Гэмт хэргийн улмаас олсон ...мөнгө ... гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан...” гэх шинж хангагдсан гэж дүгнэн тус гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэж хүндрүүлэх шинжээр ялласан. Өөрөөр хэлбэл, дээрх мөнгийг ашиглаж байгаа үйлдэл бүрийг газар нутгаар тогтоох боломжгүй юм.
3. Хэрэгт Мал эмнэлгийн ерөнхий газрын 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1.645.077.000 төгрөгийн, 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 744.093.000 төгрөгийн, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 761.670.000 төгрөгийн, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 776.457.000 төгрөгийн төлбөрийн хүсэлтүүд, түүнтэй холбоотой бусад баримт бичиг /8-р хавтаст хэргийн 59-134/ авагдсан ба энэхүү баримт тухайн вакциныг авахаар шилжүүлсэн нийт гүйлгээг илэрхийлж байгаа ба Монгол Улсаас Энэтхэг Улсын “Хестер биосайнсес лимитед” компанийн данс руу төгрөгөөр шилжүүлж, энэ нь олон улсын Swift гүйлгээгээр хөрвөн шилжүүлэгдсэн тул нийт учруулсан хохирлыг долларын ханшаар бус төсвөөс гарсан дээрх мөнгөн дүнгээр тогтоох боломжтой.
Мөн шүүхээс мөрдөгчийг Монгол банкны сайтад үзлэг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг зөрчсөн тул тус ажиллагааг дахин хийж холбогдох баримтуудыг цуглуулж бэхжүүлэн хэрэгт хавсаргах гэсэн гэвч Монгол банкны ханшийн мэдээлэл нь нийтэд илэрхий ба энэ ажиллагааг дахин хийлгэх талаар яллагдагч, өмгөөлөгч нараас хүсэлт гаргаагүй болно.
4. Шүүхээс Өрсөлдөөний хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг үндэслэн дүгнэлт гаргуулах гэж байгаа нь тодорхойгүй ойлгомжгүй, хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын холбогдох тушаалууд зэргээр дүгнэхэд тус ажиллагааг хийж гүйцэтгэх нь хэрэгт ач холбогдол юм.
5. Шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж дүгнэлээ. Учир нь, дээрх хуулийн зохицуулалт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж байгаа үйл ажиллагаа, гаргаж байгаа шийдвэр гэх мэт ажиллагааг монгол хэлээр явуулна гэх заалт байхад шүүх хэрэгт авагдсан гадаад хэл дээрх бүх баримтыг тус хуулийн заалтын дагуу орчуулга хийлгэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Дээрх үндэслэлүүдээр шүүгчийн захирамжид хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгэх нь зүйтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Яллагдагч З.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би мал эмнэлгийн эрүүл мэндийн газрын ажилтан, энэ салбарт 36 жил ажиллаж байгаа. Шинжлэх ухааны доктор профессор цолтой. Гоц халдварт өвчний вакцины шинэ технологи гаргах, боловсруулах чиглэлээр ажилладаг. Миний эрх зүйн байдлыг дээрдүүлэхтэй холбоотой асуудал яригдаж байгаа учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаануудыг хийж өгөхийг хүссэн. Энэ зах зээл дээр хийж байгаа бүх ажлууд зөвхөн худалдан авалт, бизнес гэхээс илүү үндэсний аюулгүй байдал, нийтийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой нарийн асуудал юм. Үнэ болон бүтээгдэхүүний чанараас гадна улс хүчнүүдийн хоорондын нийцэл, тухайн тэнхлэг дээр вакцин нийцэх үү, нийцэхгүй юу гэсэн нарийн үйлдлүүдийг шаарддаг учраас практикт гоц халдварын чиглэлээр мэргэшсэн шинжээч нарыг шаарддаг. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд асуусан олон гэрчүүд гоц халдварт өвчний чиглэлээр мэргэшээгүй байдаг. Прокуророор шинжээч нарыг мэргэжлийн хүмүүс томилсон, зохих мэргэжлийн хүмүүсээр дүгнэлт гаргуулсан гээд шүүгчийн захирамжийн 2 дахь заалтыг үндэслэлгүй гэж үзсэн байна. Миний зүгээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Гоц халдварт өвчин ялангуяа, бог малын мялзан өвчин, шүлхий өвчин гэх мэт өвчний чиглэлээр Монгол Улсад нарийн мэргэшсэн цөөхөн хэдэн эрдэмтэд байдаг. Эдгээр эрдэмтдээс оруулах боломж байсаар байтал оролцуулахгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь мөрдөн шалгах ажиллагаа хангалттай явагдаагүй гэж үзэж байна. Хоёрдугаарт, би ямар байдлаар худалдан авах ажиллагаа зохион байгуулсан, тендер сонгон шалгаруулалт зарласан шалгаруулсан мөн энэ бүх ажиллагаанд яаж нөлөөлсөн гэдгийг тодорхой болгож өгөхийг хүссэн. Үүнийг тодорхой болгоогүй нь миний эрх зүйн байдалд муугаар нөлөөлж байгаа. Ийм байдлаар асуудлыг шийдвэрлэх нь учир дутагдалтай. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн 2 дахь заалтыг дэмжиж оролцож байна. ...” гэв.
Яллагдагч З.Бийн өмгөөлөгч А.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Энэ хэрэгт 2 удаа шүүгч н.Баасанбат, н.Энхтүвшин нар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан. Тухайн 2 шүүгч өөрсдийн туршлага, хууль хэрэглээний хүрээнд шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт хэргийг буцаасан байдаг. 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 965 дугаар шүүгчийн захирамж гарсан байдаг. Уг захирамжаар тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлогдвол зохих байдлыг өнөөдрийн байдлаар шүүх нөхөн гүйцэтгэж тодруулах боломжгүй байна, ийм учраас нэмэлт ажиллагаа хийе гээд 7 агуулга бүхий шүүгчийн захирамж гарсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 7 агуулгын хүрээнд ажиллагаа хийгдэж, дахин шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдсан. Үүнд, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй, нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр дахин хэргийг прокурорт буцаасан. Шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй, зайлшгүй шалгах шаардлагатай гэж дурдсан 7 ажиллагааны 3 дугаарт бичсэн тендерийн бүтээгдэхүүний техникийн үзүүлэлтийг хэрхэн яаж үнэлсэн эсэх, эмнэлгийн бүтээгдэхүүн бусад бараа бүтээгдэхүүнээс ямар ялгаатай эсэх, сонголт хийхэд харгалзах хүчин зүйлс, чанар үнэлгээгээ хэрхэн тооцсон бэ гэдэг тодруулах ажиллагааг бүрэн хангалттай хийгээгүй. Мөн салбарын эрдэмтнээс тайлбар, дүгнэлт гаргуулах ажиллагаа учир дутагдалтай, захирамжид дурдсан агуулгаар хийгдээгүй, гадаад хэл дээр байгаа баримтуудыг орчуулах хэрэгтэй, хангалттай орчуулагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримт үнэлэх ажиллагаа нь монгол хэл дээр орчуулагдаж, нотлох баримтын шаардлага хангагдсанаар хэргийг бүрэн шийдвэрлэх боломжтой. Зарим баримтуудыг гадаад хэл дээр орчуулсан байсан боловч хэргийг бүхэлд нь хянаж нотолбол зохих байдлыг тогтоохын тулд шүүгчийн захирамжид дурдсан дугаар бүхий хуудаснуудыг бүгдийг нь орчуулах шаардлагатай. Энэ нь сүүлийн 10 жилийн хугацаанд малын дархлаажуулалтын вакциныг хэний ямар шийдвэрээр, ямар арга замаар, ямар үнэ ханшаар авч байсан талаарх нөхцөл байдлуудыг тодруулахад ач холбогдолтой зүйл юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны энэ ажиллагааг хийх шаардлагатай гэдэг үндэслэлээр тухайн баримтыг бэхжүүлсэн. Хуульд зааснаар бэхжүүлэгдсэн баримтуудыг монгол хэлээр орчуулагдсан байх ёстой. Мөн шүүгчийн захирамжийн 6 дугаарт заасан яллагдагч нарын үйлдэл хэрхэн холбогдож байгаа, хэрхэн уялддаг талаар тодорхой нотлох баримтыг нэрлэж, хууль зүйн дүгнэлт гаргах ажиллагаа огт явагдаагүй. 2 дахь удаагийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцаах захирамж гарах үеийн буюу 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн нотолбол зохих байдал яг хэвээр байсан. Өөрөөр хэлбэл, яллагдагч нарын үйлдэл хэрхэн холбогдож байгаа эсэх, яаж уялддаг талаарх тодорхой нотлох баримтыг нэрлэх нь хэргийн оролцогч нарын эрх зүйн байдал, яллах болон цагаатгах нөхцөл байдалтай шууд хамааралтай. Үйлдэл нь яаж холбогдоод байгаа юм бэ гэдгийг тодруулах ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй. 1992 онд мал эмнэлгийн сургуулийн нэг анги төгссөн. З.Бийн хувьд тухайн компанитай худалдан авалт хийхээс 4 жилийн өмнө зөвлөх үйлчилгээний гэрээтэй байсан, энэ нэг анги юм байна гэсэн дотоод үнэмшилтэй. Тендерт З.Б ингэж оролцсон, ингэж будилуулсан, шалтгаант холбоо нь энэ, мөнгө нь ингэж орж ирсэн, энэ нь хоорондоо ингэж холбогдож байна гэсэн ямар нэгэн баримт байхгүй. Ер нь хүн ихтэй манай хуулийн салбарт ч гэсэн шүүгч, прокурор, өмгөөлөгч нар нэг анги төгссөн байсан ч ашиг сонирхолтой гэж үзэхгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах боломжтой байдаг. Тэгэхээр цөөхөн хүн төгсдөг мал эмнэлгийн салбарт хаана ч явсан, ямар ч ажилд оролцсон таарна. Зөвхөн нэг анги гэсэн үндэслэлээр эдгээр хүмүүсийг хооронд нь шалтгаант холбоогоор холбож хэрэгт татаж байгаа нь ямар ч ач холбогдолгүй. Хоёрдугаарт, хөрөнгийн үнэлгээнд “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд “Дамно” ХХК-ийн тооцооллоор багассан байдаг. Гэхдээ яллах дүгнэлтэд ойлгомжгүй, багассан хохирлын хэмжээ хэвээр байгаа. 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дурдагдсан хэмжээгээр оруулж ирсэн. Тэгэхээр хохирлын хэмжээг тодруулах шаардлагатай. “Дамно” ХХК-ийг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Прокурорын зүгээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас дүгнэлт гаргуулах асуудлыг эсэргүүцэж байна. Гэмт хэргийн шинж нь яаралтай дархлаажуулалт нэрийдлээр шууд худалдан авалт явуулсан, тендер зарлуулсан гэж яригддаг. Тэгэхээр өрсөлдөөнийг хязгаарласан гэх агуулга байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өрсөлдөөнийг хязгаарласан талаарх зөрчилд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаж, энэ газар нь дүгнэлт гаргах ёстой гэж заасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Мал эмнэлгийн ерөнхий газраар ажиллаж байсан Д.Т, З.Б нар үгсэн хуувилдаж, нээлтэй тендер зарлахгүйгээр худалдан авалт хийсэн гэм буруутай гэж үзсэн боловч хэрэгт нээлттэй тендер зарлаагүй, өрсөлдөөнийг хязгаарласан тухай мэргэжлийн байгууллагын дүгнэлт огт авагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Яллагдагч З.Бийн өмгөөлөгч Т.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт, “Дамно” ХХК-ийн үнэлгээтэй холбоотойгоор тусгай мэдлэг шаардсан шинжээчээр дүгнэлт гаргуулсан гэж дурддаг. Шинжээчийн дүгнэлтээр сайтаас авсан мэдээлэл гээд сайтын линк оруулсан байдаг. Гэтэл БНЭУ-ын төрийн албан ёсны сайт мөн эсэх нь эргэлзээтэй байдаг. “Дамно” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийж байгаа бол эх сурвалжаа бидэнд нотолж үзүүлж, энэ сайт нь БНЭУ-ын төрийн албан ёсны сайт мөн гэсэн баримтаа хавсаргах ёстой. Үүнийг заавал БНЭУ-аас авах шаардлагагүй. БНЭУ-ын элчин сайдын яам манай улсад байгаа бөгөөд тус яамнаас төрийн байгууллага нь ямар, ямар сайт ашигладаг талаар албан ёсны бичиг аваад тухайн сайтаар нь БНЭУ-ын үнэлгээ ямар байдаг талаар мэдэх боломжтой байсан. Тийм учраас “Дамно” ХХК-ийн үнэлгээ үндэслэлтэй гарсан гэхэд эргэлзээтэй. Хоёрдугаарт, БНЭУ-д үйлдвэрлэсэн вакцин ямар үнэтэй гэдгийг тодорхойлох нэг арга байгаа. Дотоод, гадаад худалдаа гээд нэг өөр үнэ гардаг. Улс орон бүрд өөр, өөр үнэлгээтэй зардаг. Жишээлбэл, манай улс бензинийг ОХУ юм уу, БНХАУ-аас өөр, өөр үнээр буюу гаргаж байгаа улс нь өөр үнээр зардаг, авч байгаа улс нь ч өөр үнээр зардаг. Үүнийг эцэслэн тогтоох нэг л зүйл байдаг. Би шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт дурдсан. Үйлдвэрлэгч орон экспортод гаргаж байгаа бараа, бүтээгдэхүүнийхээ гаалийн мэдүүлгийг бөглөдөг. Тэгэхээр гаальд ямар үнээр мэдүүлсэн юм бэ, тэр мэдүүлгээр нь бид маргаад байгаа зүйлийнхээ эцсийн үнэлгээг гаргах боломжтой. Үйлдвэрлэсэн компани хэчнээн хэмжээний өртөгтэй бараа, бүтээгдэхүүнийг Монгол Улсад нийлүүлж байгаа гэдгээ гаалийн мэдүүлэгт бөглөсөн байгаа. Монгол Улс үйлдвэрлэгч орон биш учраас экспорт хөнгөлөлт, чөлөөлөлтөд орчихдог. Гэхдээ төчнөөн төгрөгийн хөнгөлөлт эдэлье гээд гаальд мэдүүлсэн байдаг. Тэгэхээр вакцины 1 ширхэг бүрийн үнэ буюу нийт үнэлгээ гаалийн мэдүүлэгт туссан байгаа. Тиймээс заавал “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй, үйлдвэрлэгч компанийн гаальд мэдүүлсэн мэдүүлгээр тухайн вакцины үнэ ханшийг тодорхойлох боломжтой гэж үзэж байгаа юм. Иймд прокурорын эсэргүүцлийн нэгдүгээр хэсгийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн, хохирлын хэмжээг хэдий үеэс тооцох гэдэг асуудал нь ойлгомжгүй байдаг. Энэ нь прокурорын эсэргүүцлийн 3 дахь хэсэгт хамааралтай. Монгол Улсаас мөнгө шилжсэн гээд байгаа. Энэ үеэс нь тооцоод байгаа юм уу, эсхүл Монгол Улсад вакцин орж ирсэн үеэс нь тооцоод байгаа юм уу, эсхүл З.Бийн дансанд доллар орж ирсэн үеэс хохирлыг тооцох гээд байгаа юм уу. Тэгэхээр аль үеийн ханшаар тооцох юм, тэр ханшаа долларт хөрвүүлээд долларын ханшаар нь тооцож гаргах хэрэгтэй гэдэг агуулгаар мэтгэлцсэн. Прокурорын эсэргүүцэлд “Хестер биосайнсес лимитед” компанийн данс руу төгрөгөөр шилжүүлж, энэ нь олон улсын Swift гүйлгээгээр бүрэн шилжүүлэгдсэн тул нийт учруулсан хохирлыг долларын ханшаар бус төсвөөс гарсан дээрх мөнгөн дүнгээр тогтоох боломжтой гэж дурдсан. Төсвөөс нийт вакцинд 3.927.797.200 төгрөг зарцуулсан. Яллах дүгнэлтэд дурдсан давуу байдал бий болгосон гэх үнийн дүн нь 2.078.681.774 төгрөг байгаа юм. Тэгэхээр 2 өөр ойлголт юм. Төсвөөс гарсан мөнгө нь хохирол гэж тооцогдоод байгаа юм уу, давуу байдал бий болгосон үнийн дүнг хохирол гэж үзээд байгаа юм уу. Давуу байдал бий болгосон үнийн дүн хохирол юм бол дээр дурдсан 3 үндэслэлийн аль хэсэгт нь хохирол тооцогдох юм. Доллартой уялдаж байгаа учраас тухайн үеийн ханшаар заавал хөрвүүлж бодох ёстой гэж үзэж байгаа. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Яллагдагч З.Бийн өмгөөлөгч С.Тэмүүлэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллах дүгнэлтэд дурдсан ашиг сонирхлын гэх үйл баримт 2018-2020 онд болсон. Яаралтай дархлаажуулалт тендерийн үйл ажиллагааг эхлүүлэхдээ Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга буюу захиалагчаас 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуульд заасны дагуу Үнэлгээний хороо байгуулагдсан. 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонх дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна” гэж заасан. Мөн хуулийн 47.2.2-т зааснаар “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагч буюу Д.Тд өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан буюу Д.Т үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглосон байгаа. Хэрэгт авагдсан Д.Тийн албан бичиг, Үнэлгээний хороо байгуулагдсан шийдвэр, Үнэлгээний хорооноос өгсөн гэрчийн мэдүүлгээр Үнэлгээ хороо байгуулагдсан эсэх нь тогтоогдож байгаа юм. Шийдвэр гаргах этгээд буюу Үнэлгээний хорооны гишүүний олонх шийдвэрт аливаа байдлаар яллагдагч Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Д.Т, БНЭУ-ын “Хестер биосайнсес лимитед” компанид зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан З.Б нар хэрхэн нөлөөлсөн нь тодорхойгүй. Энэ талаар шалгах ажиллагаа явуулаагүй учраас хүчин төгөлдөр 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 965 дугаар шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй гэж үзэж байна. Яллах дүгнэлтэд яллагдагч З.Бийг шилжүүлсэн үйлдэлд дэмжлэг үзүүлсэн, хамтран оролцсон, өөртөө 2 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэж буруутгасан. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг 2 ба түүнээс дээш этгээд санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай. Энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой байх ёстой. Гэтэл хэргийн оролцогч нарын мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Энэ хүрээнд яллагдагч нарын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хамтын хүчин чармайлтаар хүчээ нэгтгэсэн, үүргээ хуваарилсан, хүрэх эрмэлзэлтэй байсан, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэх асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдох ёстой. Яллагдагч З.Бийн тухайд хэрхэн яаж, хаана, ямар мөнгө гэмт хэрэг үйлдсэн, ямар ашиг олоод байгаа талаар яллах дүгнэлтэд тусгаагүй. Уг гаргаж ирээд байгаа 2 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хэрхэн хаана, яаж гаргасан талаар тодорхойлоогүй, энэ талаар яллах дүгнэлтэд тусгаагүй учраас хуулийн хүчин төгөлдөр болсон 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 965 дугаар шүүгчийн захирамжийн 6 дахь заалтыг хэрэгжүүлэх үүднээс тус захирамжийг гаргасан гэж үзэж байна. З.Бийн хувьд захиалагч буюу Үнэлгээний хорооны алинд нь нөлөөлсөн эсэх нь тодорхойгүй. ...” гэв.
Яллагдагч Д.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн 2 удаагийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар мөрдөн байцаалтад буцаасан. Хавтаст хэрэгт намайг цагаатгах, давуу талыг харуулсан баримт байхгүй учраас хүсэлт гаргасан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байгаа. Дахин энэ асуудлыг тодруулж гэм буруугийн шүүх хуралдаанд оролцох боломжтой. Хавтаст хэрэгт нэг талыг барьсан баримтууд байгаа. Үнэлгээний хороо яаж хуралдсан, ямар дүн гаргасан гэдгийг хэлэлцвэл Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу явагдсан юм уу, тухайн үеийн нөхцөл байдал хуулийн хүрээнд яаж явагдсан ил тод харагдах ёстой. Хэрэв үүгээр шүүвэл гарахгүй. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд вакцин, эм гэж юу гэдгийг тусгайлан заасан. Бараа, материал хамгийн хямд нь сайн. Эм, эмнэлгийн хэрэгсэл чанар, үнэлгээ гэж байгаа юм. Нэгдүгээрт, чанар сайн ёстой. Хоёрдугаарт, үнэлгээ гэдэг нь үнэ юм. БНЭУ-ын вакциныг үнэтэй авчихлаа, ОХУ-ын вакциныг хямд авсан гэдэг нэг хүний мэдээллээр энэ асуудал үүссэн. Вакцин гэдэг нь бид улсын төсвөөс үнээр худалдаж авна, дээрээс нь тодорхой километрт очиж тарина, улсын төсвөөс үйлчилгээний хөлс төлдөг. Энэ бүгдийг нийлүүлж үнэлж үнэлгээг гаргана. Ингээд үнэлэхээр БНЭУ-ын вакцин 1 тэрбум 600 сая төгрөг, ОХУ-ын вакцин 2 тэрбум 300 сая төгрөг болдог. Би тэрбум төгрөг хэмнэсэн. Дээрээс нь тандалт, оношилгоо, лабораторийн дүнг үндэслэж Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга шийдвэрээ гаргадаг. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд зааснаар энэ эрхийг надад олгосон, би хууль хэрэгжүүлсэн. Хуучин Мал эмнэлгийн ерөнхий газар төсөв байхгүй, гэнэт өвчин гарсан тохиолдолд Засгийн газар Улсын онцгой комиссоор шийдвэр гаргуулдаг. Миний үед улсын төсөвтөө багтааж шийдвэр гаргаж, энэ арга хэмжээг хэрэгжүүлдэг байсан. Гэхдээ сайдад танилцуулж, Улсын онцгой комисст албан бичгээр мэдэгдэж энэ ажлыг хийдэг. Эдгээр баримт хавтас хэрэгт байхгүй байгаа юм. 1 тэрбум 200 сая төгрөг төлөвлөөд 760 сая төгрөг авдаг байсан. Хөрөнгө оруулалтын тухайн би өөртөө байсан хөрөнгөө мэдүүлсэн. Энэ талаар шалгах ажиллагаа явуулаагүй. Жишээлбэл, би богдын энгэрт 118 м2 байртай байсан. Би бүгдийг нь мэдүүлсэн боловч шалгаагүй. Би зээл авснаа хүртэл тодорхойлсон. Би байгаа бүх баримтаа хавтас хэрэгт хавсаргаж өгөх ёстой гэж үзэж байна. Дараа нь энэ асуудлыг шүүх шийдвэрлэнэ байх. Би охиндоо авсан, ордер нь гараагүй байранд амьдарч байгаа. Хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй учир нь ордер гараад хөрөнгө болсон үед нь мэдүүлэх ёстой байсан. Харамсалтай нь миний охинд ийм зүйл байгаа гэж мэдүүлээгүй алдаа гаргасан. З.Б бид хоёрын хамааралтай асуудлыг шалгамаар байгаа юм. Төгсөлтийн монтаж дээр нэг анги болохоос бид нар 108 хэсэг байсан. З.Б 3 дугаар хэсэг, би 7 дугаар хэсэг, сургуулиа төгсөөд мөр мөрөөрөө явсан. Яаж холбогдоод байгааг би мэдэхгүй байна. Би эрдэмтдээс 3 эрдэмтэн ав гэсэн. Бактери, вирус гэдэг өөр юм. Вирус нь хавьтлаар, агаар дуслаар халдварладаг бөгөөд авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь өөр байдаг. Би вирусийн эрдэмтнээс гэрчийн мэдүүлэг авахыг хүсээд байгаа юм. Үүнийг хийгээд өгчихөд буруудах зүйл байхгүй. Энэ хүмүүсийг яаж сонгосон гэдгийг ойлгохгүй байна. “Дамно” ХХК БНЭУ болон Монгол Улс хоорондын хийх ёстой зүйлийг хийж ёстой зүйлийг хийж өгнө гэсэн зүйл байхгүй. Хуулийн хүрээнд хий ёстой. Түүнээс сошиал, интернэтээс хүний хувь заяаг шийдвэрлэх зүйл хийж болохгүй. Мөн яаралтай дархлаажуулалт, өвчин гарсан тохиолдолд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг баримталдаг. Монгол Улсад нэг өвчин гарсан Монгол Улсыг өвчтэй гэж үзнэ. Хэмжих арга хэмжээ нь хуульд заасан, би бүгдийг нь тушаалдаа дурдсан. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга юу хийх ёстой талаар заасан. Хуучин сайдын тушаал, Засгийн газрын тогтоол, онцгой комисс гэдэг байсан. Шуурхай авах арга хэмжээ авах асуудлыг ялгаад заагаад өгчихсөн. Шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай. Хэвлэлээр мэдээлээд байсан вакцины наймаа үнэхээр явагдсан юм уу, зөв яваад байсан юм уу, үүний хариулт болно. Үнэнийг олохын тулд ажиллая гэж бодож байна. Би жилд 3 сая тун вакцин авдаг байсан. Зүүн бүс, баруун бүс, төвийн бүс гээд 3 хуваачихдаг, зүүн бүсэд л тарьдаг. Цаашид Монгол Улс вакцингүй болох ёстой. Би ажлаа өгөөд 3 жил болж байгаа. Яллах дүгнэлтэд намайг ажилтай гээд бичсэн байна, би ажилгүй. 3 сарын хугацаанд намайг ажлаас түдгэлзүүлээд дахин ажилд аваагүй. Одоо 20 сая тун вакцин авч байна. 2016 онд 310 сая төгрөгөөр хүртэл авч байсан. Яагаад намайг сугалаад байгаа гэдгийг тогтоохыг хүссэн. Тийм учраас Үнэлгээний хороог ажлаа хийгээч, хавтаст битгий хавсаргаад орхичхооч, дүгнэлт хийгээч гээд би үүнийг л хэлээд байгаа юм. Үнэлгээний хорооны гарын үсэг гэсэн зүйлийг дурдсан. Энэ нь Үнэлгээний хорооны хариуцлагын асуудал юм. Би зөвлөмжийг л харна. Сангийн яам хянаж мөнгө шилждэг болохоос шууд шилжүүлдэг зүйл биш. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Яллагдагч Д.Тийн өмгөөлөгч Б.Мянган тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн өмгөөлөгчөөр оролцсон. Энэ хугацаанд вакцин гэдэг ойлголт, малын гоц халдвар гэдгийг судалсан. Тэгээд энэ талаар ажиллагаанууд хийж өгөөч удаа дараа хүсэлт гаргадаг боловч мөрдөгч, прокурорын зүгээс миний тавьсан хүсэлтийг ойлгодоггүй юм уу, ойлгохыг хүсдэггүй юм уу, ажиллагаа хийж өгдөггүй. Энэ нөхцөл байдлаа шүүхэд хандаж тавиад 2 удаа хэргийг буцаасан. 2023 онд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн агуулгыг мөрдөгч болон прокурор ойлгоогүй. Шүүх юу хүсээд байгааг ойлгодоггүй. Эрдэмтдийг гэрчээр асууж өгөөч гээд байгаа юм. Манай үйлчлүүлэгчийг З.Бтэй бүлэглэн яаралтай дархлаажуулалт нэрийдлээр нээлттэй тендер зарлахгүйгээр вакцин авсан гээд байгаа. Тэгэхээр нээлттэй тендер зарлахгүйгээр шууд худалдан авах нөхцөл байдал тухайн үед Монгол Улсад бий болсон байсан уу гэдгийг хавтаст хэрэгт авагдсан албан бичиг бичсэн Сангийн яамны мэддэг асуудал биш юм. Монгол Улсад тухайн үед шүлхийн нөхцөл байдал ямар байсан, гадаад, дотоод нөхцөл байдал нь ямар байсан гэдгийг мэргэжлийн био судлаач дүгнэлт гаргана, зүгээр малын эмч мэдүүлэхгүй. Гэтэл мөрдөгч нар 2 малын байцаасан байдаг. Өөрөөр хэлбэл, шүүхийн хүссэн хүнээс мэдүүлэг аваагүй. Монгол улсад тухайн үед шүлхийн нөхцөл байдал ямар байсан, Д.Т яаралтай дархлаажуулалт нэрийдлээр вакцин худалдаж авах нөхцөл байдал бий болсон уу гэдгийг дүгнүүлэхийг хүссэн. Харамсалтай нь ийм ажиллагаа хийж өгөхгүй байна. Мөн БНЭУ-аас тухайн цаг хугацаанд ямар вакцин, ямар үнээр авсан талаар “Дамно” ХХК үнэлгээ хийсэн гэж дурддаг. Үйлдвэрлэгч Монгол Улсад 100 төгрөгөөр зарчхаад бусад улсад 50 төгрөгөөр зарчихсан юм биш биз дээ. Вакциныг худалдан авах үед хэдэн төгрөгөөр, ямар валютаар зарж байсан гэдгийг үйлдвэрлэгчээс нь шалгаж өгөхийг хүссэн. Түүнээс интернэтээр ямар нэгэн веб сайт ороод хэлний мэдлэгээ ашиглаж дүгнэлт гаргасан асуудлыг нарийн мэргэжлийн дүгнэлт гэж үзэхгүй. Ийм нөхцөл байдлыг тогтоож өгөөч гэсэн боловч “Дамно” ХХК-ийг сонгож, шинжээч томилсон. Шүүх БНЭУ-аас “Хестер биосайнсес лимитед” компани 4 цаг хугацаанд Монгол Улсаас гадна өөр ямар улсад ямар үнээр тухайн вакцин худалдсан гэдгийг тогтоож, үүнээс мөнгө угаах асуудал байгаа эсэхийг тодруулах гээд байгаа юм. Д.Т нь З.Бтэй ямар байдлаар бүлэглэсэн гэдэг нь тодорхойгүй. Үнэлгээний хорооны хэсэгт бүлэглээд байгаа юм уу, БНЭУ-ыг сонгосон үйл баримтад бүлэглээд байгаа юм уу, яаралтай вакцин худалдан авах процесст бүлэглээд байгаа юм уу, яг алинд нь бүлэглээд байгаа нь ойлгомжгүй. Бүлэглэсэн гэсэн хууль зүйн ерөнхий ойлголт тавиад бүлэглэсэн гээд байгаа. Шүүхээс ямар үйлдлээр, яаж, аль үед нь З.Б, Д.Т нар бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэдгийг тодруулахыг хүссэн боловч энэ ажиллагааг хийгээгүй. Яаралтай дархлаажуулалт, төлөвлөгөөт дархлаажуулалт гэдэг асуудлын тухайд 2017 онд Монгол Улсад Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдсан. Монгол Улсад мал, амьтны халдварт өвчин ихсэж, үүнээс улмаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бий болгож, Мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулсан. Мал эмнэлгийн ерөнхий газрын байгуулж, тус газрын даргыг Монгол Улсын мал эмнэлгийн ерөнхий эмч гэсэн статустай, ямар үед яаралтай дархлаажуулалт хийх эрх хэмжээг олгосон. Мөрдөгч, прокурор өмнөх практикт буюу улсын төсөвт тусгаж, салбарын сайд зөвшөөрөл авч, тендер сонгон шалгаруулалт зарлаж вакцин авах байсан гэж үзээд шинэ хуулийн зохицуулалтаа мэдэхгүй байгаа. 2017 оны шинэ хуулиар Д.Тд хангалттай эрх хэмжээ олгосон бөгөөд энэ хүрээнд ажлаа хийсэн байтал яаралтай худалдан авалт хийсэн нь буруу гэж үзээд байгаа нь учир дутагдалтай. Үнэлгээний хорооны тухай дурдаж байна. Хуульд зааснаар Үнэлгээний хороо байгуулах шаардлага байхгүй. Тухайн үеийн нөхцөл байдалд дүгнэлт хийгээд шууд худалдан авалт хийх эрх хэмжээг хуулиар олгогдсон байсан. Д.Т хаширлаад Үнэлгээний хороо байгуулъя, саналыг нь сонсъё гээд зөвлөмжийн дагуу БНЭУ-ын дээр дурдсан эмийн үйлдвэрийг сонгосон байдаг. Хохирлын тухайд ямар хохирлыг яаж тооцох нь ойлгомжгүй. 3 жилийн хугацаанд нийт 9 сая тун вакцин малд тарьсны үр дүнд 2021 онд Монгол улс шүлхийгүй улс болсон. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан зарим нэг баримтуудаар харагдаж байгаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд ямар байдлаар вакцин худалдаж авдаг байсан, шууд юм уу, нээлттэй юм уу, энэ талаарх баримтуудыг гаргуулахаар шүүгчийн захирамжид заасан. Вакциныг өмнө нь болон одоо ч Д.Тийн үеийн аргаар худалдан авч байгаа. Гэтэл Д.Тийг энэ дундаас сугалж яллаад байгаа нь ойлгомжгүй. 2022 онд зарлаагүй, 2023 онд шууд худалдан авалт хийгдсэн. Мөн 2024 онд шууд худалдан авалт хийгдэж байгаа. Яагаад Д.Тийнх үндэслэлгүй, бусдад нь үндэслэлтэй гэдгийг прокурор тайлбарлаж чадахгүй байгаа юм. Д.Ттэй их сургууль хамт төгссөн З.Б БНЭУ-ын компанид зөвлөх үйлчилгээ үзүүлж, төлбөр авсан нь улсын яллагчийн хардах үндэслэл болоод байгаа юм. З.Б нь Монгол Улсын мал, амьтны эрүүл мэндийн нөхцөл байдлын талаар тухайн вакцин үйлдвэрлэгч компанид ажил гүйцэтгэх гэрээгээр юм уу, хамтын ажиллагааны журмаар судалгаа хийсэн байж болно. Судалгааны ажил хийсэн төлбөрөө БНЭУ-ын компаниас авсан. Яагаад З.Бийн төлбөр авсан үйлдэлтэй Д.Т холбогдоод байгаа нь ойлгомжгүй. Яллах дүгнэлтэд БНЭУ-аас мөнгө шилжиж орж ирснээс 14 хоногийн дараа охиныхоо байрны төлбөрийг ам.доллароор хийсэн байна гэж дурдсан. Гэтэл охиныхоо байрны төлбөрийг хийсэн гэх долларыг З.Бээс авсан гэдгийг нотлоогүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзвэл яллагдагч Д.Т, З.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг гүйцэд тогтоогоогүй, уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
Анхан шатны шүүх Д.Т, З.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд “...Захирамжийн 7 дахь заалтад “Уг хэрэгт 4 удаагийн үйлдлээр өөр өөр цаг хугацаанд вакцин худалдан авсан байх ба уг үйлдэл тус бүрийн хувьд хохирол тооцсон долларын ханш нь ямар байсан, нэг ижил байсан эсэх, ямар ханшаар хохирол тооцох эсэх талаарх баримтуудыг ялгаатай, ойлгомжтой байдлаар хэрэгт хавсаргаж, үндэслэл бүхий дүгнэлт хийх. ...” гэжээ.
Хохирлыг тогтооход шүүгдэгч нар Энэтхэг улс руу хэд хэдэн удаа ам доллароор шилжүүлэг хийсэн гэх ба тухайн үеийн долларын ханш нь ямар байсан, ямар ханшаар тооцсон эсэх нь эргэлзээтэй байна.
Учир нь 2018, 2019, 2020 онуудад Энэтхэг улс руу вакцины мөнгө шилжүүлсэн гэх боловч тухайн онуудын ханшийн /Монгол банк/ мэдээлэл хавтаст хэрэгт авагдаагүй. Мөн мөрдөгч, комиссар Д.Ц нь 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 24 дүгээр хавтас хэргийн 215 дугаар талд авагдсан Монгол банкны сайтад үзлэг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг “Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж, эсхүл дуу, дүрсний бичлэгээр бэхжүүлнэ” гэж заасныг зөрчсөн байх тул энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эд зүйл, баримт бичигт үзлэг хийж холбогдох баримтуудыг цуглуулж бэхжүүлэн хэрэгт хавсаргах нь зүйтэй. ...” гэсэн дүгнэлт нь үндэслэл бүхий байх бөгөөд уг үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн хангагдана.
Уг хэргийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 965 дугаар шүүгчийн захирамжаар мөрдөн шалгах нэмэлт ажиллагааг хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ. /25хх 58/
Гэтэл дээрх шүүгчийн захирамжид дурдсан мөрдөн шалгах ажиллагаанаас зарим ажиллагаа дутуу хийгдсэн байна.
Тодруулбал, хэрэгт 4 удаагийн үйлдлээр өөр өөр цаг хугацаанд вакцин худалдан авсан байх ба уг үйлдэл тус бүрийн хувьд хохирол тооцсон долларын ханш ямар байсан, ямар ханшаар хохирол тооцох эсэх талаарх баримтуудыг эх сурвалжтай ялгаа заагтайгаар нарийвчлан тогтоож, тухайн үеийн Монгол банкны ханшаар Энэтхэг улсын мөнгөн тэмдэг /Рупи/ хэдэн төгрөгтэй тэнцэж байсан эсэх, ханшийг он, сараар тооцсон байх боловч валютын ханшийн хэлбэлзэлийг нарийн тогтоож энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргах шаардлагатай байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж, эсхүл дуу, дүрсний бичлэгээр бэхжүүлнэ. ...” гэж заасан.
Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзэхэд мөрдөгч комиссар Д.Ц нь Монгол банкны сайтад үзлэг /24хх 215-216/ хийхдээ гэрчийг байлцуулаагүй, дуу, дүрсний бичлэгээр уг үзлэгийг бэхжүүлээгүй нь дээрх хуулийг зөрчсөн байх тул дээрх хуульд заасан үндэслэл журмын дагуу эд зүйл, баримт бичигт үзлэг хийж холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргаж цуглуулж бэхжүүлэх нь зүйтэй.
Харин шүүгчийн захирамжид дурдсан “...1, 2, 4, 5. ...” гэж дугаарлагдсан ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзэв.
Иймд прокурор Б.Энх-Эрдэнийн бичсэн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.9.26-ны өдрийн 2024/ШЗ/2336 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэд хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/2336 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Энх-Эрдэнийн бичсэн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэргийг прокурорт очтол З.Б, Д.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ