Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/00800

 

 

 

 

 

 

 

 

 

“Ф ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 07-ны өдрийн 0 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Ф ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.С , С.Х нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 25,123,170 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч С.С ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч С.С ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагч С.Х , түүний өмгөөлөгч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн агуулга: Тус компани нь С.С , С.Х нартай 2019 оны 10 сарын 21-ний өдөр 0000/000 тоот зээлийн гэрээ байгуулан сарын 5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай 15,000,000 төгрөгийн зээлийг олгосон. Уг зээлийн үүргийн гүйцэтгэлд 2019 оны 10 сарын 21-ний өдрийн 0000/000 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр нэгж талбарын 0000000000000 1 дугаартай 0 хаягт байршилтай 500 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан болно. Зээлдэгч нар зээл авснаас хойш үндсэн зээлээс 1,444,714.36 төгрөг, хүүгээс 4,400,092.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,193 төгрөг, нийт 5,900,000 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт болох зээлийн эргэн төлөлтийн хуваарийг байнга зөрчиж, зээлээ төлөхгүй байгаа төдийгүй зээлдэгчид үүссэн хувийн нөхцөл байдал холбогдох шалтгааны улмаас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Иймд зээлдэгч С.С , С.Х нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 13,555,285.64 төгрөг, үндсэн хүү 11,379,647.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 188,236.59 төгрөг, нийт 25,123,170 төгрөгийг гаргуулж зээлдүүлэгчид олгуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

  1. Хариуцагч С.С ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хамт ажилладаг бөгөөд хариуцагч С.Х нь нэхэмжлэгч компанид өөрийн өмчлөлийн хашаа байшинг барьцаанд тавьж зээл авсан зээлтэй байгаа тул надад нэмж зээл олгохгүй байна миний өмчлөлийн 0 байрлах газрыг барьцаанд тавиад зээл аваад өг би хамтран зээлдэгчээр ороод зээлээ төлөөд дуусгана гэж гуйсан. Ингээд хариуцагч нар 2019 оны 10 сарын 21-ний өдөр нэхэмжлэгч компаниас 14,560,000 төгрөгийг 5%-ийн хүүтэй 30 сарын хугацаатай, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар С.Х ы өмчлөлийн 500 м.кв талбайтай газрыг барьцаалж зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулсан. 2019 оны 10 сарын 21-ний өдөр зээлийн гэрээний 14,560,000 төгрөгийг С.Х өөрийн эзэмшлийн данс руу шилжүүлж авсан. С.Х нь ярьсан хэлснээ биелүүлэхгүй, зээлийн төлөлтөө хийж гүйцэтгэхгүй байсан учир С.С нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд өргөдөл гаргахад С.Х нь 2021 оны 07 сараас 08 сарын 15-ны өдрийн дотор дээрх зээлийг төлж барагдуулахаа илэрхийлдэг.

Иймд зээлийг хариуцагч С.Х нь захиран зарцуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг С.Х аас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж өгнө үү.  

  1. Хариуцагч С.Х шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт зааснаар С.С , С.Х нараас зээлийн гэрээний үүрэгт 25,123,170 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ф ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар С.Х ы өмчлөлийн 0 тоот хаягт байршилтай 500 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай “Ф ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 353,766 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.С , С.Х нараас улсын тэмдэгтийн хураамжид 353,766 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ф ” ХХК-д олгосон.

 

  1. Хариуцагч С.С ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул давж заалдах гомдол гаргаж байна.

          5.а. Хариуцагч С.Х нь “нэхэмжлэгч компанид өөрийн өмчлөлийн хашаа байшинг барьцаанд тавьж зээл авсан зээлтэй байгаа тул надад нэмж зээл олгохгүй байна, миний өмчлөлийн 0 байрлах газрын барьцаанд тавиад зээл аваад өг, би хамтран зээлдэгчээр ороод зээлээ төлөөд дуусгана...” гэж гуйсан. 2019 оны 10 сарын 21-ний өдөр зээлийн гэрээний 14,560,000 төгрөгийг хариуцагч С.Х өөрийн эзэмшлийн дансанд шилжүүлж авсан. Зээлийг хариуцагч С.Х бүхэлд нь захиран зарцуулсан тул гэрчийн мэдүүлэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал ач холбогдолтой байсан.

          5.б. Нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгосон гэдгийг баримтаар нотлоогүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн. Гэтэл шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.С , С.Х нараас зээлийн гэрээний үүрэгт 25,123,170 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү. 

 

  1. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгч хариуцагчийг тодорхойлох эрхийнхээ хүрээнд зээлийн гэрээний талууд болох С.С , С.Х нарыг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурсан. Зээлдүүлэгч нь 2019 оны 10 сарын 21-ний өдөр 14,565,000 төгрөг, 2019 оны 10 сарын 20-ны өдөр 270,000 төгрөгийг тус тус шилжүүлж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байдаг. Зээлдэгч С.С нь зээлийн мөнгөн хөрөнгийг хэрхэн зарцуулах нь түүний эрхийн асуудал юм. С.С нь 2019 оны 10 сарын 21-ний өдөр С.Х ы Хаан банкны 0000000000 тоот данс руу 3,560,000 төгрөг, Ш.М гийн Хаан банкны 0000000000 тоот данс руу 11,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг нь хэргийн 47 дугаар талд авагдсан баримтаар тогтоогддог. Иймд анхан шатны шүүх Ш.М г гэрчээр асуух шаардлагагүй, хэрэгт хамааралгүй этгээд гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Хэрэгт авагдсан аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний эрхлэх үйл ажиллагааны төрөл дээр нь зээлийн үйл ажиллагаа гэж, аж ахуйн нэгжийн нэрийг “Ф ” ХХК гэж тус тус дурдсан байдаг. Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэн гэж үндэслэлтэй дүгнэсэн. С.С , С.Х нар зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй.

          Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

  1. Давж заалдах гомдолтой холбогдуулан хариуцагч С.Х ы өмгөөлөгч тодорхой тайлбар гаргаагүй.   

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүхээс хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээ болон үнийн дүнгийн өөрчлөлт оруулав.

 

  1. Нэхэмжлэгч “Ф ” ХХК нь хариуцагч С.С , С.Х нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 13,555,285.64 төгрөг, хуримтлагдсан хүү 11,379,647.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 188,236.59 төгрөг, нийт 25,123,170 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргажээ.

 

  1. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.С нь эс зөвшөөрч “...С.Х ы гуйлтаар зээлийн гэрээ байгуулсан, С.Х зээлийн мөнгөн хөрөнгийг бүхэлд нь захиран зарцуулсан, нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөлтэй этгээд болохоо нотлоогүй...” гэсэн үндэслэл заан маргадаг, хариуцагч С.Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

 

  1. Хэрэгт авагдсан 2019 оны 10 сарын 21-ний өдрийн 0000/000 тоот “Зээлийн гэрээ”-нээс үзвэл “Ф ” ХХК нь15,000,000 төгрөгийг сарын 5%-ийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлдүүлэх, С.С , С.Х нар нь зээлийн мөнгөн хөрөнгийг гэрээгээр тохирсон хүүгийн хамтаар буцаан төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна. /хх 5-6/

 

  1. Талуудын хооронд үүссэн дээрх харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа гэж шүүх дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3.1-д Банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээр зохицуулсан ба нэхэмжлэгч нь “тусгай зөвшөөрөлтэй” этгээд болохоо баримтаар нотлоогүй.

Иймд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаанд хамааруулах үндэслэлтэй, улмаар нэхэмжлэгч нь зээлдэгчид шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамтаар шаардах эрхтэй боловч “нэмэгдүүлсэн хүү” тооцох, шаардах эрхгүй.

 

  1. Зээлдүүлэгч “Ф ” ХХК-аас 2019 оны 10 сарын 21-ний өдөр 14,565,000 төгрөг, 2019 оны 10 сарын 22-ны өдөр 275,000 төгрөгийг тус тус зээлдэгч С.С ийн эзэмшдэг Хаан банк дахь 0000000000 тоот данс руу шилжүүлсэн үйл баримт Хаан банкны “Шилжүүлгийн мэдээлэл” гэх баримтаар нотлогдсон. /хх 11/

          Хариуцагч С.С нь “3,560,000 төгрөгийг С.Х ы данс руу, 11,000,000 төгрөгийг Ш.М гийн данс руу тус тус шилжүүлсэн” гэж тайлбарлан Ш.М г гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч энэхүү тайлбар, хүсэлт нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээс түүнийг чөлөөлөх үндэслэл болохгүй тул “зээлийн мөнгөн хөрөнгийг С.Х бүхэлд нь зарцуулсан, гэрч асуулгах хүсэлтийг хангаагүй” гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

          2019 оны 10 сарын 21-ний өдрийн 0000/000 тоот “Зээлийн гэрээ”-гээр гол нөхцөлийг тохиролцож, С.С , С.Х нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар зээлийн гэрээний хувьд “хамтран үүрэг гүйцэтгэгчид” болно. Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч “Ф ” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй.   

  1. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын талаар хариуцагч нар маргаагүй, уг тооцооллыг няцаах тооцооллыг шүүхэд гаргаж өгөөгүй.

          Иймд зээлийн гэрээний дагуу хариуцагч нарын хүлээх нийт үүрэг 25,123,169.83 төгрөгөөс “нэмэгдүүлсэн хүү” гэж тооцсон 243,429.89 төгрөгийг хасч  , үлдэх 24,879,739.94 төгрөгийг хариуцагч С.С , С.Х нараас гаргуулан нэхэмжлэгч “Ф ” ХХК-д олгох нь зүйтэй.

 

  1. Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 10 сарын 21-ний өдрийн 0000/000 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-г Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан “улсын бүртгэлд бүртгүүлэх” шаардлагыг хангаагүй гэж дүгнэн, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаарх нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй. Энэ талаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй.

 

  1. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, хариуцагч С.С ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

         

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 07-ны өдрийн 0 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.С , С.Х нараас зээлийн гэрээний үүрэгт 24,879,739.94 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ф ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 243,429.89 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...353,766 төгрөгийг гаргуулж...” гэснийг “...282,349 төгрөгийг гаргуулж...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч С.С ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.С ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 сарын 04-ний өдөр болон 2022 оны 04 сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 215,950 төгрөг болон 67,650 төгрөг, нийт 283,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ            

 

       ШҮҮГЧИД                                    Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                     Д.НЯМБАЗАР