| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2018/0076/Э |
| Дугаар | 83 |
| Огноо | 2018-05-18 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 83
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч Д.Ганцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням
Шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.П холбогдох 1726001940063 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн ******* овогт Б.П
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.П нь согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр багт 2017 оны 2, 6 дугаар саруудад, Өвөрхангай аймгийн Уянга сумнд 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр, Өвөрхангай аймгийн ******* сумнд 2017 оны 12 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд тус тус гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч эмэгтэй Т.Э-г байнга /5 удаа/ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.П шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Урьд нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Эхнэр маань гомдол саналгүй гэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч Т.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Б.П архи уухаараа л намайг зоддог. Эрүүлдээ зүгээр байдаг юм. 2017 оны 02 дугаар сард цагаан сарын өмнөхөн Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр хороо өөрийн гэртээ Б.П миний нүүрэнд 1 удаа алгадаад хэл амаар доромжлоод байсан. ... 2017 оны 03 дугаар сарын 01-нд Өвөрхангай аймгийн Уянга суманд Б.П хамаатан Б гэдэг айлд очсон. Б.П, Б хоёр нэлээн архи ууж байгаад хоорондоо маргалдаад байсан. ... Б.П-г явъя гэсэн чинь явахгүй байсан. ... Идэж уухаа чамаар заалгахгүй ингэж ууж идээд сурчихсан юм гэж хэлээд гэнэтхэн намайг 2 удаа алгадсан. Тэгэхээр нь би гараад зугтсан чинь Б.П намайг барьж аваад сугадаж явж байгаад хөл рүү хавирч унагаад нүүр лүү гараа зангидаж байгаад цохиж хамраас цус гаргасан. ... Тэгээд намайг цохичихоод хөл нүцгэн яв гээд миний хоёр гутлыг тайлж аваад машин руу хийгээд цоожилсон. ... 2017 оны 06 дугаар сарын эхээр Өвөрхангай аймгийн ******* суманд өөрийн гэртээ Б.П-н аавынх нь ахын хүүхэд нь гэсэн Ж гэдэг хүн манайд ирээд 2-3 өдөр архидсан. Тэгээд би Ж ахыг “одоо харь хөдөөнөөс дүү нар нь яриад унаанд суулгаад явуул” гээд байна гэж хэлээд Б.П-г “хөдөөний хүн явуул арай дэндэж байгаа биш үү” гэсэн. ... Б.П орон дээр дарж аваад миний эрүү, шанаа руу гурван удаа цохисон. Тухайн үед миний эрүү хавдсан. ... 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд би архичин чинь хаа явсан газраа зовоох юм гэсэн чинь намайг архичин гэлээ гээд босч ирээд миний гэрээс зайл, миний гэрийг авах гээд байна та нар гэж хэлээд хацар луу хоёр удаа алгадсан. ... 2017 оны 12 дугаар сарын 10-нд Өвөрхангай аймгийн ******* суманд 11 цагийн үед гэртээ хариад хоол унд хийгээд байж байсан чинь Б.П орж ирэхээр нь би хоол ид гэсэн чинь идэхгүй гэсэн. Өөр юм яриагүй. Орой 19 цагийн үед согтуу орж ирсэн. ... Намайг хэл aмаар доромжилж байснаа миний нуруу руу хоёр удаа өшиглөсөн. Тэгээд би хүүгээ аваад урд айл болох Г ахынд орох гэсэн чинь бөөр өвдөөд орж чадахгүй байж байгаад Г ахынд ирсэн. Тэгээд хүргэн нь болох Э-ээр Н ахынд хүргүүлсэн. ... Гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
Гэрч С.С мөрдөн байцаалтанд өгсөн: “... Б.П, Т.Э нарыг танина. ... Т.Э нь Б.П-н эхнэр байгаа юм. 2017 онд цагаан caрын үеэр манайд золгох гэж ирэх үедээ эхнэр Т.Э нь нөхрөөсөө зугтаж айлын хооронд хөл нүцгэн гүйж байгаад хөлөө хүйтэн чулуун дээр хайрчихлаа гээд манайд хонож байсан айлынхаа залуутай ирсэн. Тэгэхээр нь би, түргэн дуудлаганд явж байхад замаас нь уулзаж Ганчимэг эмчид үзүүлсэн. Тэгэхэд одоо аль талын гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан өлмий хэсэг нь хүйтэнд хайрагдсан байна, гэхдээ гайгүй байна хромхон нэртэй тос түрхээд өвчин намдаах лаа хийчих гэж хэлсэн. Тэгээд удаагүй байж байтал нөхөр Б.П нь араас нь манайд ирээд эхнэртэйгээ эвлэрээд манайд хоночихоод маргааш нь аймгийн төв рүү явсан. ... Ил харагдах шарх сорви байгаагүй. Надад үзүүлсэн хөл нь жаахан хайрагдсан байсан. Өмсөж явсан дээлний энгэр хэсэг нь жаахан цус болсон байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Б.П нь манай ах төрсөн байгаа юм. Э эгч бол манай бэр байгаа юм. Тухайн үед он, сарыг нь сайн мэдэхгүй байна. Аймгийн төвөөс орж ирээд П ах, Б гэх ахтай хамт Э эгчийг элбэж зодсон гэсэн гэж Э эгч өөрөө надад ярьсан. Тэгээд зодчихоод гутлыг нь авч үлдээд Э эгчийг хөл нүцгэн баруун хорооллоос зүүн талын хороолол руу явган явуулсан гэж байсан. Тэгээд Э эгчийн хөл нь тавхай хэсгээрээ хөлдчихсөн байсныг нь би харсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Гэрч Т.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын дундуур намайг байшиндаа юм хийж байгаад гэр лүүгээ орсон чинь Т.Э манай гэрт ирчихсэн, царай муутай байхаар нь би Т.Э-с юу болсон талаар асуусан чинь урд шөнө намайг Б.П зодсон гэж байсан. Нурууны ар хэсэгт нь 2 газар хөхөрсөн байсан. Тэрийг нь эмч нарт үзүүлж байсан. Зүүн талын шанаа хэсэгт нь жаахан хавдсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Гэрч Д.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 10-ны орой бүрэнхий болж байхад өөрийн хадам аав болох Г-д хүүхдээ хүргэж өгөөд орсон чинь Т-н охин байсан. Би нэрийг нь мэдэхгүй. Тэр охин намайг гэрт хүргээд өг гэснээ Н гэдэг айлд хүргүүлсэн. Явах гэж байтал нөхөр нь гээд нэг залуу хүүхэддээ өмд авчирж өгсөн. Тэгээд би машиндаа тэр хүүхнийг хүүхэдтэй нь суулгаад Намхай гэдэг айлд хүргэж өгсөн. Тэгээд л би харьсан. ... Хөл гишгэж чадахгүй байна л гэж байсан. Өөр юм би мэдээгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Гэрч С.Ж-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 06 дугаар сард Б.П над руу залгаад манай гэрээр ороорой гэсэн. ... Тэгээд намайг захын хойд талын клонкоос машинтай тосч аваад гэрт нь очсон. Манай дүү найраа хийгээд удаагүй байсан. Намайг очиход эхнэр нь хоол хийгээд, орой нь 0.5 л Харзтай архи нэг шилийг уусан. Тэгээд гадуур явж нэг шил архи уучихаад гэр лүү нь явж байгаад цагдаад машинаа журамлуулсан. Маргааш нь дэлгүүр ороод би нэг шил Нутгийн буян архи гэрийнх нь урд талын овоон дээр П-тэй уугаад сууж байтал эхнэр ирээд гадуур архи уугаад гээд шилтэй архи хагалсан. Тэгэхээр нь гэрт орж ууя гэж бодоод дахиад нэг шил Нутгийн буян архи аваад орсон чинь эхнэр нь уурлаж хашигчиж байснаа шилтэй архи хагалсан. ... Маргааш өглөө нь намайг сэрэхэд эхнэр нь байхгүй байсан. Эхнэрийг нь хаачсан талаар асуухад ******* сум явсан гэж байсан. ... Миний нүдэн дээр маргалдсан зүйл байхгүй. Унтсан хойно л юм болоогүй бол би мэдэхгүй. Ямар ч байсан нүдэнд ил харагдах шарх сорви байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч Л.Т мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 12-нд хот, аймгаар ажилтай явж байгаад гэртээ ирж хоноод 13-ны өглөө харахад Т.Э хөлөө чирээд явж чадахаа байчихсан байсан. Бөөр нуруу нь өвдөөд явж чадахгүй байгаа. Б.П-д зодуулаад ийм болгочихсон байгаа гээд манай эхнэр надад хэлж байсан. Миний төрсөн дүү Г-н нөхөр Н хоёр 12 дугаар сарын 09-ний өдөр гэртээ байлгаж байгаад хоёр хонуулаад манайд авч ирсэн гэж л би ойлгож байгаа. Тэр үед би хотод байсан болохоор сайн мэдэхгүй байна. Тухайн үед Н-д босч чадахгүй гэртээ шээдэг байсан гэж байна лээ. ... Т.Э-н ярианаас л би тэгж ойлгосон. Н Г хоёр Т.Э-г аймаар байсан өргөж оруулж ирж өргөж гаргадаг байсан гэж байсан. ... 2018 оны 12 сарын 13-ны өдөр Т.Э-н бөөрөн хэсэгт хөх толботой байсан. Гол ясныхаа дээр хөх толботой байсан. Өөр мэдэгдэх юм байгаагүй хөдөлж чадахгүй л байсан. .... Ерөнхийдөө би сая сүүлд л мэдэж байгаа. Гэр бүл болохоосоо өмнө Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр багт оршин суух өөрийн гэртээ 2016 онд Т.Э-г архины мөнгө өгсөнгүй гээд цохиж унагаад би орилоод арай хийж салгасан гээд ээж нь болох Б гээд эмэгтэй надад 2017 онд цагаан сарын өмнөхөн хэлж байсан. Тухайн үед Б-н нөхөр болох Х гээд хүн байж байсан. Х сонсож байсан бид гурав цай уугаад суугаад ярилцаж байсан. Дараа цагаан cap болоод цагаан сараар Б.П, Т.Э хоёр Уянга сум руу золголтоор явсан. Тэр үед бас зодуулаад Б.П-н аавынхаа эгчийнд хоёр хоног хэвтсэн гэж байсан. Энэ талаар Т.Э өөрөө ярьж байсан. 2017 оны 12 дугаар сарын дундуур Б.П-н аав болох Б-той ярьсан чинь хүргэнийдээ байна. Б.П-г архи уухаараа агсам зантай байдаг юм гэж байхаар нь би ноднин яагаад манай охиныг зодуулаад хэвтэрт орцон байхад надад хэлээгүй юм гэсэн чинь би мэдээгүй сүүлд Б-н эгчээс нь л мэдсэн гэж хэлж байна лээ. Би сүүлд мэдсэн гэж байсан. Дараа нь 2017 онд 3 дугаар улирлын хүүхдийн амралт болоод Т.Энхжаргалын хоёр охиныг аймаг руу Т.Э, Б.П хоёр луу явуулсан чинь ирэхдээ хоёр хүүхэд П ах ээжийг зодоод бид хоёр дахиж П ахынд очиж байхгүй гэж манай эхнэрт хэлж байсан юм. Манайхтай айл байхдаа л зодоод байсан гэж Т.Э ээждээ хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Гэрч Э.Д мөрдөн байцаалтанд өгсөн: “... Т.Э нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нөхөртөө зодуулсан гээд үзүүлж байсан. Шарх сорви байгаагүй, баруун талынхаа нуруу, бөөрөнд өвчтэй байсан. Өөрөө ямар ч дэвтэргүй байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Гэрч Л.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын дундуур Т.Э үдэш 22 цагийн үед хүүхэдтэйгээ орж ирсэн. Хөдөлж чадахгүй байна гээд байсан, ууцаа л дараад ёолоод байхаар нь өвчин намдаах эм өгөөд унтсан. Тэгээд маргааш нь 11 цагийн үед манай нөхөр болох Н хүргүүлсэн. Т.Э-н куртикийг өмсгөх гэсэн чинь хоёр суга нь урагдсан байсныг би өөрөө оёж өгөөд явуулсан. Нөхөртөө зодуулаад их л зовж байгаа талаар яриад байхаар нь би нэг их тоогоогүй. ... Дараа нь нийлсэн байгаа бололтой байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22 дугаар хуудас/,
Гэрч Д.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын дундуур 19-20 цагийн үед би гэрээсээ гарч явж байсан чинь гадаа хүүхдээ өөрийнхөө өмсөж байгаа куртикнийхээ өвөрт хийчихсэн Т.Э гэр лүүгээ гүйж явснаа намайг хараад над дээр хүрч ирээд нөхөртөө зодуулчихлаа гээд ирэхээр нь хүүхдийг нь харсан шалдан шахуу байхаар нь гэр лүүгээ хурдан оруулсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх эмнэлгийн 017 дугаартай: “... Т.Э-н биед 2017 оны 02 дугаар cap, 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр, 2017 оны 06-р сарын эхээр, 2017 оны 12 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд гэмтсэн гэх сорви, шарх гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.П-н хувийн байдлыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн засаг даргын 2018 оны 04 сарын 14-ний өдрийн 56 дугаартай тодорхойлолт, Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, Цагдаагийн ерөнхий газрын Асап сангийн лавлагаа, 6204000065 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Өвөрхангай аймаг дахь сум дундын нэг дүгээр шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1/61 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 40, 41, 42, 43, 58-62, 69, 76-81 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.П-г яллагдагчаар асууж авсан мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.П нь согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр багт 2017 оны 2, 6 дугаар саруудад, Өвөрхангай аймгийн Уянга сумын төвд 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр, Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр багт 2017 оны 12 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд тус тус гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч эмэгтэй Т.Э-г байнга /5 удаа/ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотолох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Б.П-н мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон мөрдөн байцаалтанд хохирогч Т.Э-н “... шүүгдэгч Б.П-д зодуулсан талаар...” өгсөн мэдүүлэг. /хх-ийн 6-7/, “... хохирогч Т.Э-г шүүгдэгч Б.П-д зодуулсан талаар, хохирогчийн хөл нь хайрагдсан, энгэр нь цус болсныг харсан, түргэн дуудаж үзүүлсэн талаар...” өгсөн гэрч С.С-н мэдүүлэг. /хх-ийн 19-20/, “... Шүүгдэгч Б.П нь хохирогч Т.Э-г зодсон, хөл нүцгэн баруун хорооллоос зүүн хороолол алхсан, хохирогчийн хөл нь хайрагдсанг харсан талаар...” өгсөн насанд хүрээгүй гэрч Б.С-н мэдүүлэг. /хх-ийн 9/, “... Хохирогч Т.Энхжаргалыг шүүгдэгч Б.Пүрэвсүрэн зодсон, нурууны ар хэсэгт нь 2 газар хөхөрсөн, эмч нарт үзүүлсэн, зүүн талын шанаа хэсэгт нь жаахан хавдсан байдалтай байсан талаар...” өгсөн гэрч Т.Б-н мэдүүлэг. /хх-ийн 10-11/, “... Хохирогч Т.Э-г шүүгдэч Б.П-д зодуулж байсан талаар...” өгсөн гэрч Л.Т-н мэдүүлэг /хх-ийн 26-27/, “... Хохирогч Т.Э нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нөхөртөө зодуулсан гээд үзүүлж байсан, баруун талынхаа нуруу, бөөрөнд өвчтэй байсан талаар...” өгсөн гэрч Э.Д-н мэдүүлэг. /хх-ийн 21/, “... Хохирогч Т.Энхжаргалыг шүүгдэгч Б.П-д зодуулсанг сонсон талаар...” өгсөн гэрч Л.Г-н мэдүүлэг /хх-ийн 22/, “... Хохирогч Т.Э-г шүүгдэгч Б.П зодсон, шалдан шахуу байсан, гэртээ хурдан оруулсан талаар...” өгсөн гэрч Д.Э мэдүүлэг. /хх-ийн 24-25/, гэрч Д.Б, С.Ж нарийн мэдүүлэг. /хх-ийн 14, 15-16/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх эмнэлгийн 017 дугаартай дүгнэлт /хх-ийн 31/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/ зэрэг болно.
Шүүгдэгч ******* овогт Б.П-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч ******* овогт Б.П-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч Б.П-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.П-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.П-д ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг,
Шүүгдэгч Б.П-д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүгдэгч Б.П-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч Б.П нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдаж, түүнд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Б.П-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч ******* овогт Б.П-г хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.П-д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Б.П-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.
6. Шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.