| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 2426002710231 |
| Дугаар | 2024/ДШМ/58 |
| Огноо | 2024-12-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2024/ДШМ/58
2024 оны 12 сарын 05-ны өдөр Дугаар 2024/ДШМ/58 Өвөрхангай аймаг
Ц.С-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Прокурор Ц.Эрдэнэбат
Шүүгдэгч Ц.С
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/239 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн гомдлоор Ц.С-д холбогдох эрүүгийн 2426002710231 тоот хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн,
Урьд: Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1991 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 3 жил 06 сарын хорих ялаар,
Өвөрхангай аймгийн Арвайхээр дэх сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймаг дах сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1/36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,
Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1/91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1/58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Ц.С
Ц.С нь 2024 оны 06 дугаар сарын 16-наас 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн .... сумын ..... тоотод байрлах иргэн Э.А-ын хүн байнга амьдрах зориулалт бүхий монгол гэрт нэвтрэн орж, мөнгөн аяга 4 ширхэг, эрэгтэй хуучин хурган дээл 1 ширхэг, эрэгтэй хуучин мөнгөн бүс 1 ширхэг, мөнгөн нуухтай, шүрэн толгойтой дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, 2 нүдний хуучин дуран 1 ширхэг, 1 хос эмэгтэй пүүз зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 3,520,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Ц.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.С-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар гурван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-д оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.С-аас 3,220,000 төгрөг гаргуулж хохирогч Н.Н-д олгохоор, шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг мөнгөн аягийг хохирогч Н.Н-д буцаан олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, мөн өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие 2024 оны 6 дугаар сарын дундуур хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. Н.Н-ийн хулгайд алдсан 4-н ширхэг мөнгөн аяга буюу эд зүйлийг хулгай хийж авсан нь үнэн. Хохирогч Н.Н-ийн гэм хорын хохирлыг төлж барагдуулах болно. Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгт хоёр мөнгөн аяга хохирогч Н.Н-ийн аяга биш андуураад байна. Би 2019 онд үйлдсэн хулгайн хэргийн бугшмал аяга гэх мэт гандангийн хавьцааны айлаас авсан гэж буруу ташаа мэдүүлэг өгч байсан нь үнэн. Би 2019 онд хийсэн хулгайн хэргийн үйлдлийг нэг ч хэрэг үлдээгүй бүгдийг нь авч явсан нь үнэн. 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 409 дүгээр хорих ангиас суллагдаж ирсэн. Миний биеийн байдал маш их сул дорой болсон. Миний биеийн байдлыг харгалзан үзэж эрүүгийн анхан шатны шүүхээс оногдуулсан 3-н жилийн хорих ялыг бага ч гэсэн хугацаагаар ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Ц.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гомдлоо дэмжиж байна. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн. Одоо миний биеийн байдал маш муу, их сул дорой болсон. Миний хоёр өвдөг бадайрч өвдөөд шөнө нойргүй хоноод байгаа.
Прокурор намайг аягыг хашаа давуулж шидсэн, булсан гэдэг. Би айлаас авч гараад хашаа давуулж шидсэн. Би Арвайхээр сумын 11 дүгээр хорооны тэнд булж байгаад 5-н жилийн дараа ухаж гаргаж ирсэн аяга байгаа юм. Намайг ташаа мэдээлэл өгөөд байна гэсэн. Би аягыг газар булсан. Намайг хэргээ хүлээн зөвшөөч байна гээд байгаа болохоор би хэргээ хүлээе гэв. Миний биеийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан 3-н жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Прокурор Ц.Эрдэнэбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдаан болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байсан. Анхан шатны шүүхээс тухайн хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үндэслэн гэм буруутай гэж дүгнэсэн. Шүүгдэгч сая энэ гэмт хэргийг хийгээгүй гэсэн тайлбар хэлж байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч тухайн айлаас эд зүйлс хулгайлсан гэж тайлбарласан. Гэтэл өнөөдөр зөрүүтэй зүйлийг ярьж байна. Нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч 2019 онд эд хөрөнгийг хулгайлсан гэж байна. Гэтэл 2024 онд яагаад мөнгөн аягийг барьж явж байсан бэ гэдэг асуудал өөрөө эргэлзээтэй байна. Шүүгдэгчийн хэлээд байгаа тайлбар үнэхээр эргэлзээтэй, хохирогчтой холбоотой асуудал дээр зохиомол байдлыг зориуд бий болгож тайлбарлаж байгаа нь эргэлзээтэй байна. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хувийн байдал зэргийг харгалзан 3-н жилийн хорих ял оногдуулах үндэслэлтэй учир шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.С ыг 2024 оны 06 дугаар сарын 16-наас 18-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт Э.А-ын хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч орж эд зүйл хулгайлж хохирогчид хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй. Хохирогчийн 3-н удаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгчийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/239 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Ц.С нь 2024 оны 06 дугаар сарын 16-наас 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн .... сумын .... тоотод байрлах иргэн Э.А-ын хүн байнга амьдрах зориулалт бүхий монгол гэрт нэвтрэн орж, мөнгөн аяга 4 ширхэг, эрэгтэй хуучин хурган дээл 1 ширхэг, эрэгтэй хуучин мөнгөн бүс 1 ширхэг, мөнгөн нуухтай, шүрэн толгойтой дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, 2 нүдний хуучин дуран 1 ширхэг, 1 хос эмэгтэй пүүз зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,520,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хадам эгч Э.Т утсаар яриад танай гэрт хулгай орсон байна гэсэн. Тэгээд би цагдаад мэдэгдээд шалгуулчих гэсэн юм. Би өөрөө Улаанбаатар хотод ажил хийдэг юм. Манай нөхөр Э.А Өмнөговьд ээлжийн ажил хийдэг. Тэгээд өчигдөр Улаанбаатар хотоос ирсэн. Нөхөр бид хоёр 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс хойш ажилдаа явсан. Тэгээд хадам эгч Э.Т-д гэрээ захиж үлдээгээд түлхүүрээ үлдээсэн. Хадам эгч Э.Т 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн орой 18 цагийн үед манай гэрийг очиж эргэхэд зүгээр байсан гэсэн. Манай гэрийн зүүн хойд хэсэгт байх модон авдар дотор байсан шинэ цагийн дунд гарын 4 мөнгөн аяга, цэнхэр өнгийн торгон өнгөтэй, эрэгтэй хүний хурган дээл 1 ширхэг, эрэгтэй хүний шар ширтэй мөнгөн бүс 1 ширхэг, мөн баруун хойд хэсэгт байсан модон авдарт байсан бор халтар манан хөөрөг 1 ширхэг, зүүн талын орон дээр байсан бор өнгийн хайрцагтай 2 нүдний дуран 1 ширхэг, зүүн талын орны хажууд байсан миний 39 размерын цагаан пүүз алдагдсан байсан. Мөн тухайн авдар цоожтой байсныг тагийг нь эвдэлсэн байсан. Дөрвөн дунд гарын мөнгөн аяга 2019 онд манай хуримаар хүмүүс бэлгэнд өгсөн, дөрвүүлээ ижилхэн хэмжээтэй шинэ цагийн аяганууд байгаа. Бүгд ёроолдоо хээтэй байсан, хээг нь санахгүй байна. 2 аяган дээр ломбардны бичиг наалттай байгаа. Хоёр бөөрөн дээр нь В үсэг болон 160,000 төгрөг гэсэн бичигтэй байгаа. Манай нөхрийн цэнхэр өнгийн хурган дээлийг 2023 оны өвөл хадам ээж 1,500,000 төгрөгөөр хийлгэсэн. Товч байхгүй, товцогтой дээл байгаа. Эрэгтэй бүсийг манай хадмууд дээлтэй цуг авч өгч байсан. Том жижиг тойрсон 10 аралтай бүс байсан. Мөнгөн нуухтай, шүрэн толгойтой, дунд гарын бор халтар манан хөөрөг байсан. Манай хадам аав 2019 онд 1,200,000 төгрөгөөр худалдан авч байсан гэсэн. Хоёр нүдний бор хайрцагтай хятад дуранг хаанаас авсан талаар мэдэхгүй. Тухайн 39 размерын цагаан өнгийн пүүзийг манай эгч 20,000 төгрөгөөр худалдан авч байсан гэсэн. ... манай гэрийн тооноор орсон байх. Манай гэрийн хаалга зүгээр байсан. Надад алдагдсан дээлний зураг байгаа. Хуучин цагийн хар тагштай мөнгөн аяга манай гэрт баруун авдарт байсан. Би өөрийн алдсан болон эвдэрсэн зүйлээ нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Гэрч Э.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Манай дүү Э.А Өмнөговь аймагт ажилладаг. Эхнэр Нарангэрэл нь Улаанбаатар хотод ажил хийдэг юм. Эхнэр нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот руу явсан. Тэгээд намайг харж байгаарай гээд түлхүүрээ үлдээсэн. Би нөхөр хүүхдийн хамт дүүгийндээ 4 хоног амраад гэр лүүгээ явсан юм. 2024 оны 06 дугаар сарын 16-ны орой 18-н цагийн үед дүү Э.А очоод гэрийнх нь янданг авчхаад өрхийг нь урагшлуулчхаад явсан юм. Тэгээд өнөөдөр 13 цагийн үед иртэл гэр доторх эд зүйлийг сандаачиж хаясан байсан. Тэгээд дүүтэйгээ яриад юмыг нь бүртгэтэл 4 ширхэг мөнгөн аяга, эрэгтэй мөнгөн бүс, халтар манан хөөрөг 1 ширхэг, эрэгтэй хурган дээл 1 ширхэг, 2 нүдний дуран 1 ширхэг зэрэг алдагдсан байсан. Гэрийнх тооноор орсон юм шиг байна лээ. Гэрийнх нь цоож зүгээр байсан. Тухайн цоож хэвийн ажиллагаатай, зөвхөн надад 2 ширхэг түлхүүр нь байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Гэрч О.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн орчимд Арвайхээр сумын хүнс бараан захын зүүн талын хаалганы хажууд байх мотоциклын таксины хавиар явж байхаар нь шалгатал Ц.С нь 2 ширхэг мөнгөн аяга барьчихсан зарна гэх талаар яриад явж байсан. Тэгээд Ц.С нь хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээд болохоор нь мөрдөгч нарт холбогдож хүлээлгэж өгсөн. Хоёр ширхэг дунд гарын мөнгөн аяга байсан. Тухайн 2 аягийг ил гартаа бариад явж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан ...манай төрсөн дүү Э.А-ын .... сумын ..... тоотод байх монгол гэрийн тооноор хулгай орж, шинэ цагийн 4 ширхэг мөнгөн аяга, хуучны хар тагштай мөнгөн аяга 1 ширхэг, шар ширтэй эрэгтэй мөнгөн бүс 1 ширхэг шүрэн толгойтой, мөнгөн нуухтай бор халтар манан хөөрөг 1 ширхэг, эрэгтэй цэнхэр өнгийн торгон хурганы арьсан дээл 1 ширхэг, бор хайрцагтай хар өнгийн 2 нүдний дуран 1 ширхэг зэрэг зүйлс алдагдсан... гэх тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэгийн “...Хэрэг гарсан гэх газар нь .... сумын .... тоотод оршин суух хаягтай Э.А-ын орон байр урагш харсан ногоон өнгийн төмөр хаалгатай, банзан хашааны баруун хойд хэсэгт байрлах монгол гэр байв. Монгол гэрт орж үзлэгийг үргэлжлүүлэхэд гэрийн янданг гэрт урагш харуулсан байдалтай тавьсан, зуухны урд хэсгээр хөө болон үнс асгарсан байдалтай байх ба гэрийн хойд хэсэгт байх модон авдарны тагийг онгойлгож орон дээр тавьсан, доторх эд зүйлсийг онгичсон байдалтай байв. ...мөн гэрийн зүүн хойд хэсэгт байх модон авдарны тагийг эвдэж орхисон байх ба гэрийн хойд хэсэгт төмөр сүх 1 ширхэг байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7 дугаар хуудас/,
Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-16 дугаар хуудас/, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ...Таньж олуулах ажиллагаа явуулсан явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-20 дугаар хуудас/, 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ...Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 23 дугаар хуудас/, Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай санал, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хх-ийн 22 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн Хөрөнгө үнэлсэн тухай 6/38 дугаартай ... мөнгөн аяга 4 ширхэг, нэг бүрийн үнэ 150,000 төгрөг, нийт 600,000 төгрөг, эрэгтэй хуучин хурган дээл 1 ширхэг 1,500,000 төгрөг, эрэгтэй хуучин мөнгөн бүс 1 ширхэг 300.000 төгрөг, мөнгөн нуухтай, шүрэн толгойтой, дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхэг 800,000 төгрөг, 2 нүдний хуучин дуран /БНХАУ үйлдвэрлэгдсэн/ 1 ширхэг 200.000 төгрөг, 1 хос эмэгтэй пүүз 20,000 төгрөг, 2*1,5 хэмжээтэй модон авдарны тагны материал сэргээн засах зардал 100,000 төгрөг, нийт хөрөнгүүдийн 3.520.000 төгрөг” гэх хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 26-28 дугаар хуудас/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Цэцэнбуугийн Сүхбатыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Ц.С-аас ... Хохирогчийн гэрээс авсан гэх мөнгөн аяга хохирогчийн мөнгөн аяга биш, 5-н жилийн дараа ухаж гаргаж ирсэн аяга байгаа юм. 2023 онд суллагдсанаас хойш хулгай хийгээгүй. Миний биеийн байдал маш их сул дорой болсон. Миний биеийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 3-н жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү... гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.
Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ц.С-ын 2024 оны 06 дугаар сарын 16-наас 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн ... сумын .... тоотод байрлах иргэн Э.А-ын хүн байнга амьдрах зориулалт бүхий монгол гэрт нэвтрэн орж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 3,520,000 төгрөгийн эд хөрөнгийг авсан болох нь хавтас хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдсон байна. Мөн Эрүүгийн хариуцлагын зорилго, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, зэргийг харгалзан шүүгдэгч Ц.С-д анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/239 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ц.С-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 35 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2 дахь заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.С-ыг хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,
3 дахь заалтыг бүхэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 35 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
Б.ЦЭРЭНПҮРЭВ