Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 101/2016/00170/и |
Дугаар | 001/ХТ2017/00170 |
Огноо | 2017-02-14 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2017/00170
Ч.Долгорсүрэнгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/00882 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1983 дугаар магадлалтай,
Ч.Долгорсүрэнгийн нэхэмжлэлтэй,
“Орчлон констракшн” ХХК-д холбогдох
Гэрээний үүрэгт 3.760.253 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүүгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Даваасүрэн, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Орчлон констракшн” ХХК-тай 2012 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 03/040 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ болон 11/714 тоот дулаан зогсоол захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулсан. “Орчлон констракшн” ХХК-тай байгуулсан гэрээний 3.1-д зааснаар орон сууцны барилгыг 2012 оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгнө гэсэн боловч 2013 оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгсөн. Талууд гэрээгээр “Орчлон констракшн” ХХК нь үүргээ 45 хоногоос илүү хугацаагаар биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх алдангийг хоног тутамд тооцож Ч.Долгорсүрэнд төлөхөөр тохирсон. Алдангийн хэмжээ гэрээ байгуулсан 2012 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс барилгыг Улсын комисс хүлээж авсан 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх 618 хоногийг 100 хувийн үүрэг гэж үзэж, гэрээгээр тохирсон барилга ашиглалтад орох байсан 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 45 хоногийг тооцож, 2013 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх 264 хоногт хувилж, гарсан 42.7 хувийг гэрээний нийт төлбөр 66 713 750 төгрөгөөр үржүүлж, гарсан 28 486 771 төгрөгийг 0.05 хувиар үржүүлж, гарсан 14 243.3 төгрөгийг хугацаа хэтэрсэн 264 хоногт үржүүлж 3 760 253 төгрөг байна. Иймд 3 760 253 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь "Орчлон констракшн” ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу орон сууцыг бүрэн ашиглалтад оруулан хүлээлгэн өгсөн бөгөөд хугацаа хэтрүүлсний алдангийг харилцан тохиролцож дуусгасан гэж үзэж байна.” гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/00882 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан “Орчлон констракшн” ХХК-иас 3 760 253 төгрөгийг гаргуулж Ч.Долгорсүрэнд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75.114 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 75.114 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1983 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/00882 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн” гэсний дараа 232 дугаар зүйлийн 232.6,” гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүүгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1983 дугаар магадлалыг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Ч.Долгорсүрэн нь гэрээний дагуу хугацаа хэтрүүлсний алдангид 3.760.253 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч “Орчлон констракшн” ХХК-ийн байнга байрлаж ажил хэргээ явуулдаг хаяг бол Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, UB Mart худалдааны төвийн 505 тоот болно. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээн дээр мөн дээрх хаяг бүртгэлтэй байдаг. Тиймээс шүүхэд хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх хүсэлтийг гаргасан ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн байдаг. Ингэхдээ шүүх хуралдааны товыг хариуцагч талд мэдэгдээгүй болно. Шүүх хуралдааны товыг утсаар итгэмжлэгдсэн төлөөлөгч надад мэдэгдсэн гэж тэмдэглэл үйлдсэн байх ба үнэн хэрэгтээ огт ингэж мэдэгдээгүй. Ямар учраас надад хурлын товыг мэдэгдээгүй хирнээ утсаар хэлсэн гэсэн тэмдэглэл үйлдсэн нь ойлгомжгүй. Миний зүгээс болон бусад итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ч тэр шүүх хуралдааны тов мэдээгүй, тов мэдсэн талаарх баримтанд гарынүсэг зураагүй. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн хэдий ч давж заалдах шатны шүүх энэхүү алдааг залруулалгүй, "Утсаар мэдэгдсэн” гэсэн худал тэмдэглэлийг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх, зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрхтэй оролцох зарчим алдагдсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүүгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Нэхэмжлэгч Ч.Долгорсүрэн нь хариуцагч "Орчлон констракшн" ХХК-д холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээнд заасан үүргээ гүйцэтгэх хугацаа хэтрүүлсний алдангид 3 760 253 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Талуудын хооронд 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан, Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээгээр 3 өрөө орон сууцыг 2012 оны 4 дүгээр улиралд, харин дулаан зогсоол захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээгээр 28 дугаартай дулаан зогсоолыг мөн 2012 оны 4 дүгээр улиралд тус тус багтаан барьж нэхэмжлэгч Ч.Долгорсүрэнд хүлээлгэн өгөхөөр, нэхэмжлэгч Ч.Долгорсүрэн нь гэрээ байгуулагдсан өдөр орон сууцны төлбөрийн 50 хувь болох 50 713 750 төгрөгийг, дулаан зогсоолын төлбөрт 16 000 000 төгрөгийг, байр ашиглалтад ороход орон сууцны үлдэгдэл 50 хувийн төлбөр 50 713 750 төгрөгийг хариуцагч "Орчлон констракшн" ХХК-д төлөх үүрэг тус тус хүлээсэн болох нь хэрэгт авагдсан гэрээгээр тодорхойлогдож байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь хуульд нийцжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу нийт 117 427 500 төгрөгийг төлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн /хх-ийн 7-9 дүгээр тал/ боловч хариуцагч нь гэрээнд зааснаар 2012 оны 4 дүгээр улиралд баггаан орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч /хх-ийн 12 дугаар тал/ хугацаа хэтрүүлсэн болох нь тогтоогдсон байна.
Талуудын хооронд байгуулагдсан дээрх 2 гэрээний 3.14-т “А тал /гүйцэтгэгч/ үүргээ 45 хоногоос илүү хугацаагаар биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх алдангийг Б талд /захиалагч/ төлнө" гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгч нь 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хариуцагчийг үүргээ гүйцэтгэн хүлээлгэн өгөх хүртэл хугацаагаар тооцон алданги шаардах эрхтэй талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийж, хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлжээ.
Гэрээнд гүйцэтгэгч нь орон сууц болон дулаан зогсоолыг 2012 оны 4 дүгээр улиралд багтаан барьж, хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгнө гэж тохиролцсон болохоос барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт гарснаар хариуцагч үүргээ гүйцэтгэхээр тохиролцсон гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасныг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцсэн байна.
Хариуцагч "Орчлон констракшн" ХХК нь Н.Баярхүү, П.Цолмонбаатар нарт тус байгууллагыг бүрэн төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг итгэмжлэлээр олгосон ба анхан шатны шүүх итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүүд нэхэмжлэлийн хувийг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гардуулж, мөн өдөр түүнд хэргийн оролцогчийн болон зохигчийн эрх, үүргийг нь тайлбарлаж өгсөн ба энэ үеэс хойш хэргийн материалыг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр танилцуулах хүртэл болон шүүх хуралдааны товыг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр түүнд утсаар мэдэгдэх хүртэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан татгалзлалын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой ямар нэгэн хүсэлт гаргасан баримт хэрэгт авагдаагүй тул анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Анхан шатны шүүх дээрх маргаанд алданги тооцох талаарх хуулийн зохицуулалтыг баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийг зөв хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 116.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.
“... “утсаар мэдэгдсэн” гэсэн худал тэмдэглэлийг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх, зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрхтэй оролцох зарчим алдагдсан…” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүүгийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1983 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүүгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч “Орчлон констракшн” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 75.120 /далан таван мянга нэг зуун хорин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН