Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 105/2016/0076/Э |
Дугаар | 592 |
Огноо | 2016-09-15 |
Зүйл хэсэг | |
Улсын яллагч | Г.Батбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 592
П.Мөнхзул, Д.Батцоож нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Г.Батбаяр,
Ялтан П.Мөнхзул /цахим сүлжээгээр/,
Ялтан Д.Батцоож /цахим сүлжээгээр/,
Иргэний нэхэмжлэгч Т.Мэндсүрэн,
Нарийн бичгийн дарга Т.Мөнхзул нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан П.Мөнхзулын гаргасан давж заалдах гомдлоор П.Мөнхзул, Д.Батцоож нарт холбогдох эрүүгийн 2016 2501 1457 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Боржигон овгийн Пүрэвсүрэнгийн Мөнхзул, 1982 оны 1 дүгээр сарын 4-нд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, нарийн мужааны мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Жаргалантын 6 дугаар гудамжны 13 тоотод оршин суух бүртгэлтэй ,
2001 оны 9 дүгээр сарын 5-нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйл, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,
2001 оны 12 дугаар сарын 27-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 595 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйл, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сарын хорих ялаар,
2005 оны 9 дүгээр сарын 15-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоног хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 9 сар 23 хоногийн хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн, нийт 10 жил 6 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 198 дугаар шүүгчийн захирамжаар 3 жил 6 сар хорих ял болгон өөрчилсөн,
2009 оны 11 дүгээр сарын 5-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар,
2013 оны 8 дугаар сарын 22-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж 2015 оны 6 дугаар сарын 19-нд хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:ЗЮ82010413/,
2. Гурван шарынхан овгийн Данаагийн Батцоож, 1978 оны 4 дүгээр сарын 11-нд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, дүүргийн 10 дугаар гудамжны 453 тоотод оршин суух бүртгэлтэй,
2015 оны 7 дугаар сарын 31-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:ВН78041111/.
Д.Батцоож нь П.Мөнхзултай бүлэглэн 2016 оны 3 дугаар сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 13 дугаар гудамж, 343 тоотод байрлах хохирогч Х.Жаргалсайханы эзэмшлийн агуулахын 2 банзыг хуулан хууль бусаар нэвтрэн орж агуулах дотроос Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн 120 см урттай, 77 см өргөнтэй зузаан нь 6 мм, нийт 8 ширхэг нэг бүр нь 28.000 төгрөгийн үнэ бүхий гутлын улны резин хулгайлан авч хохирогч Х.Жаргалсайханд 224.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
П.Мөнхзул нь Д.Батцоожтой бүлэглэн 2016 оны 3 дугаар сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 13 дугаар гудамж, 343 тоотод байрлах хохирогч Х.Жаргалсайханы эзэмшлийн агуулахын 2 банзыг хуулан хууль бусаар нэвтрэн орж агуулах дотроос Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн 120 см урттай, 77 см өргөнтэй зузаан нь 6 мм, нийт 8 ширхэг нэг бүр нь 28.000 төгрөгийн үнэ бүхий гутлын улны резин хулгайлан авч хохирогч Х.Жаргалсайханд 224.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Мөн П.Мөнхзул нь давтан үйлдлээр буюу 2016 оны 4 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө, мөн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 13 дугаар гудамж, 343 тоотод байрлах хохирогч Х.Жаргалсайханы эзэмшлийн агуулахын дээврийн банзыг хуулан хууль бусаар нэвтрэн орж агуулах дотроос Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн 120 см урттай, 77 см өргөнтэй зузаан нь 5 мм, нийт 59 ширхэг нэг бүр нь 26.000 төгрөгийн үнэ бүхий гутлын улны резин хулгайлан авч хохирогч Х.Жаргалсайханд 1.534.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: П.Мөнхзул, Д.Батцоож нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт зааснаар Д.Батцоожид Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 987 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, Д.Батцоожийг бүлэглэн, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан, П.Мөнхзулыг давтан үйлдлээр, бүлэглэн, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Д.Батцоожийг эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах, П.Мөнхзулыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Д.Батцоожид оногдуулсан 5 сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар П.Мөнхзулд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Батцоож цагдан хоригдоогүй болохыг дурдаж, П.Мөнхзулын цагдан хоригдсон 110 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Батцоожоос 140.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Жаргалсайханд, П.Мөнхзулаас 958.00 төгрөг гаргуулж хохирогч Х.Жаргалсайханд, 398.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Т.Мэндсүрэнд, 60.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.Охинцагаанд тус тус олгож шийдвэрлэжээ.
Ялтан П.Мөнхзул гаргасан давж заалдах гомдолдоо: “…Миний бие Батцоож, Мөнхцэцэг нартай хамт үйлдсэн нь үнэн боловч хулгайн үйлдлийг сүүлд нь мэдсэн. Хулгай хийж байхад манай эхнэр нь 6 хүн байсныг бүгдийг нь танина. Би 3 дугаар сарын 14, 4 дүгээр сарын 18, 20-нд тус тус хийсэн үйлдлээ хүлээж, үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Би нэг үйлдэлтэй гэж бодож явсан, хавтаст хэрэгтэй танилцахад байгаагүй. Шүүхэд ирээд мэдсэн. Мөнхцэцэгийг татан оруулах хүсэлтэйгээ хэлсэн боловч үндэслэлгүй гэж үзсэн. Би удаа дараа хулгайн хэрэг хийсэндээ гэмшиж байна. Хоригдож байх хугацаандаа хохирлоо төлж чадаагүй.
Хоёр настай хүү, таван настай охин, 70 настай тэтгэврийн эх зэргийг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Мөн эхний үйлдэлд Мөнхцэцэг, Батцоож нартай холбогдох хэргийг дахин шалгуулж өгнө үү...” гэжээ.
Ялтан П.Мөнхзул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...давж заалдах гомдлоо дэмжиж байна, нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.
Ялтан Д.Батцоож тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэлэх зүйл байхгүй...” гэв.
Иргэний нэхэмжлэгч Т.Мэндсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие энэ хоёр хүнийг танихгүй, резинийг Мөнхзулаас аваагүй, Очирданзангаас авсан. Тийм учраас Очирданзангаас мөнгөө авмаар байна...” гэв.
Прокурор Г.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...П.Мөнхзул, Д.Батцоож нарын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэрэгт хавсаргасан эд мөрийн баримтуудыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянав.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.
Д.Батцоож нь П.Мөнхзултай бүлэглэн 2016 оны 3 дугаар сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 13 дугаар гудамж, 343 тоотод байрлах хохирогч Х.Жаргалсайханы эзэмшлийн агуулахын 2 банзыг хуулан хууль бусаар нэвтрэн орж агуулах дотроос Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн 120 см урттай, 77 см өргөнтэй зузаан нь 6 мм, нийт 8 ширхэг нэг бүр нь 28.000 төгрөгийн үнэ бүхий гутлын улны резин хулгайлан авч хохирогч Х.Жаргалсайханд 224.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
П.Мөнхзул нь Д.Батцоожтой бүлэглэн 2016 оны 3 дугаар сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 13 дугаар гудамж, 343 тоотод байрлах хохирогч Х.Жаргалсайханы эзэмшлийн агуулахын 2 банзыг хуулан хууль бусаар нэвтрэн орж агуулах дотроос Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн 120 см урттай, 77 см өргөнтэй зузаан нь 6 мм, нийт 8 ширхэг нэг бүр нь 28.000 төгрөгийн үнэ бүхий гутлын улны резин хулгайлан авч хохирогч Х.Жаргалсайханд 224.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Мөн П.Мөнхзул нь давтан үйлдлээр буюу 2016 оны 4 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө, мөн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 13 дугаар гудамж, 343 тоотод байрлах хохирогч Х.Жаргалсайханы эзэмшлийн агуулахын дээврийн банзыг хуулан хууль бусаар нэвтрэн орж агуулах дотроос Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн 120 см урттай, 77 см өргөнтэй зузаан нь 5 мм, нийт 59 ширхэг нэг бүр нь 26.000 төгрөгийн үнэ бүхий гутлын улны резин хулгайлан авч хохирогч Х.Жаргалсайханд 1.534.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-9/, эд зүйлийн үнэлгээ /хх-10-11/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн газрын Эрүүгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Б.Анхбаярын бичсэн илтгэх хуудас /хх-16/,
Хохирогч Х.Жаргалсайханы “...2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр агуулах доторх резинээ тоолж үзэхэд 8 ширхэг дутсан. Тэгээд би буруу тоолчихсон юм байх гэж бодоод цагдаад хандалгүй өнгөрсөн. 4 дүгээр сарын 21-ний өдөр агуулахдаа ороод үзсэн чинь баруун урд талын үзүүрээс гэрэл тусаад байхаар нь дээвэр дээр гараад үзсэн чинь дээврийн банзыг цөмлөөд дээрээс нь хулгай ороод хураалттай байсан гутлын резинээс 59 ширхэг байхгүй байсан. Энэ бүхнийг Батцоожтой холбоотой гэж бодож байна ...” /хх-27-30/,
Иргэний нэхэмжлэгч Т.Мэндсүрэнгийн “...нэг залуу орж ирээд “эгчээ резин авахгүй биз” гээд орос резин үзүүлсэн. Тэгэхээр нь би “энэ яг орос резин мөн үү” гэхэд “манай найз Оросод сурдаг юм” гэсэн тэгэхээр нь “хэдэд өгөх юм бэ” гэхэд 22.000 төгрөгөнд өгмөөр байна” гэсэн. Би “20.000 төгрөгөөр зарвал авлаа” гэхэд тэр залуу за гээд надад зарсан. Манай ээж 22.000 төгрөгөөр 9 ширхэгийг авсан. Ингээд бид хоёр нийт 19 ширхэгийг 398.000 төгрөгөөр авсан ...” /хх-31-32/,
Иргэний нэхэмжлэгч Ч.Охинцагааны “...намхан нуруутай бор залуу орж ирээд “гутлын резин авах уу” гэж асуухаар нь “ямар үнэтэй юм” гэхэд “өвөл Оросоос оруулж ирээд дарчихсан байсан резин байгаа юм, 1 ширхэгийг нь 15.000 төгрөгөөр зарна” гэхээр нь 4 ширхэгийг худалдаж авсан. Надад гутлын резин зарсан хүн П.Мөнхзул мөн байна...” /хх-33-34/,
Иргэний нэхэмжлэгч С.Очирданзангийн “...Мөнхзул гэх залуу гутлын резин зарна гэхээр нь 4 ширхэгийг 20.000 төгрөгөөр худалдаж аваад хулгайн резин болохыг нь мэдээд цагдаад хураалгасан...” /хх-35-36/,
Гэрч С.Очирданзангийн “...Охинцагаанд нэг залуу гутлын уланд наадаг хавчууг резин 4 ширхэгийг нь 15.000 төгрөгөөр бодоод 60.000 төгрөгөөр зараад гарах гэхэд нь би дуудаад “ийм резинийг ямар учиртай ийм хямдхан зараад байгаа юм” гэж асуусан чинь “би буриад гутлын үйлдвэр ажиллуулж байгаад дампуурсан, байсан бараагаа зарж байгаа юм” гэж хэлэхээр нь “чамд хэд байгаа юм, би авъя” гэхэд “одоо 20-30 ширхэг байгаа, би складнаасаа авчихаад тань руу өөрөө залгая, складны түлхүүр ахад яваа” гэж хэлэхээр нь би эргэж холбогдоорой гээд өөрийнхөө утасны дугаарыг өгсөн. Тэр шөнөө 12 цаг өнгөрөөд над руу залгахаар нь би “амарч байна өглөө больё” гээд утсаа салгасан. Өглөө 8 цаг өнгөрч байхад дахиад над руу залгаж “та нөгөө резинээ авах юм уу” гэхээр нь “хэдэн ширхэг байна” гэж асуухад 11 ширхэг байна гээд тэр залуутай “Өргөө” кино театрын арын зам дээр уулзаж нэг ширхэг резинийг нь 15.000 төгрөгөөр бодож худалдаж авсан. 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр нөгөө залуу нэг дугаараас дахин залгаад “дахиад 14 ширхэг резин байна авах уу” гэж хэлэхээр нь авъя гээд “Хархорин” зах дээр авчрахаар нь 14 ширхэг резинийг нэг бүрийг нь 15.000 төгрөгөөр бодож авсан. Би худалдаж авсан резинээ “Өргөө” кино театрын арын зам дагуу байрнуудын хажууд байдаг бүс, даавуу гутлын материалын худалдаа гэсэн газарт зарсан. Би хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй, эхлээд би “хулгайн эд зүйл биш биз” гэсэн чинь “би Буриад гутлын үйлдвэртэй, ахтайгаа хамт ажиллуулж байгаад дампуураад, манай ах байр саваа аваад, би материалаа аваад зарж байгаа юм” гэхээр нь итгээд авсан ...” /хх-40-41/ гэх мэдүүлгүүд,
Эд зүйл хураан авах тухай тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл /хх-78-83/, эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-84-85/, ялтан П.Мөнхзул, Д.Батцоож нарын сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
П.Мөнхзул, Д.Батцоож нарт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдол бүхий нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийж хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Ялтан Д.Батцоож нь П.Мөнхзултай бүлэглэж 2016 оны 3 дугаар сард Х.Жаргалсайханы эзэмшлийн агуулахад хууль бусаар нэвтэрч нэг бүр нь 28000 төгрөгийн үнэ бүхий гутлын улны резин хулгайлж 224000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,
Д.Мөнхзул нь Д.Батцоожтой бүлэглэж, 2016 оны 3 дугаар сард Х.Жаргалсайханы эзэмшлын агуулахад хууль бусаар нэвтэрч нэг бүр нь 28000 төгрөгийн үнэ бүхий гутлын улны резин хулгайлж 224000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,
Д.Мөнхзул давтан үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө, мөн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны шөнө Х.Жаргалсайханы эзэмшлийн агуулахад хууль бусаар нэвтрэн нэг бүр нь 26000 төгрөгийн үнэ бүхий 59 ширхэг гутлын улны резин хулгайлан авч Х.Жаргалсайханд 1534000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “... давтан бүлэглэж буюу ... орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн ... “ гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн агуулжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Д.Батцоожийг эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах, П.Мөнхзулыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Д.Батцоожид оногдуулсан 5 сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар П.Мөнхзулд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, ялтнуудын гэм буруу, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдөөгүй байгаа, П.Мөнхзул удаа дараа хулгайн гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл эдэлж байсан зэргийг харгалзаж ял шийтгэл оногдуулсан нь гэм бурууд нь тус тус тохирсон байна.
Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Нармандахын “...П.Мөнхзул нь Отгонзул гэх эмэгтэйтэй танилцаад түүнээс хойш тэр хүүхэнтэйгээ хаана, ямар газар амьдарч байгаа нь мэдэгдэхгүй, тэнэмэл амьдралтай болсон, Мөнхзулыг шоронд ороход нь хүүхэдтэй болсон, тэр хүүхэд нь Дундговь аймагт манай ээж дээр байгаа...” гэх /хх-39/, гэрч Ж.Мөнхцэцэгийн “манай нөхөр Батцоож 1978 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн. Бид 2013 оны 8 сард танилцсан, 3 жил амьдрах хугацаандаа хэд хэдэн удаа салж байсан. Одоо 2 лаа өөрийн гэсэн орон гэр байхгүй, бидний дунд ямар нэгэн хүүхэд байхгүй ...” /хх-38/ гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс П.Мөнхзул нь 70 настай эх, хоёр настай хүү, таван настай охины хамт амьдардаг, Д.Батцоож нь хүүхдийн хамт амьдардаг болох нь тус тус нотлогдохгүй байна. Мөн Ж.Мөнхцэцэг, Д.Батцоож нарыг хулгайн хэрэгт хамтран оролцсон талаар дахин шалгуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Түүнчлэн иргэний нэхэмжлэгч Т.Мэндсүрэнд учирсан хохирлыг ялтан П.Мөнхзулаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн П.Мөнхзул, Д.Батцоож нарын үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул ялтан П.Мөнхзулын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан П.Мөнхзулын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД М.ПҮРЭВСҮРЭН
Ж.ЭРДЭНЭЧИМЭГ