Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 412

 

Д.Х-ын нэхэмжлэлтэй,

Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, Танхимын тэргүүн:    М.Батсуурь,

Шүүгчид:                                        Б.Мөнхтуяа,

                                                        Д.Мөнхтуяа,

                                                        Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:                               П.Соёл-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга:                 Б.Уранзаяа,

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон, Б.Доржийн гудамж, 32 дугаар байрны 8 тоот орон сууцыг Э.Х-ын нэр дээр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах,

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0508 дугаар шийдвэр,

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 549 дүгээр магадлалтай,

 Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Д.Х, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, гуравдагч этгээд Э.Х, түүний өмгөөлөгч Г.Б нарыг оролцуулж,

 Гуравдагч этгээдийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0508 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 он/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.2, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Х-ын Баянзүрх дүүргийн 4-р хороо, Цэргийн хотхон, Б.Доржийн гудамж, 32 дугаар байрны 8 тоот орон сууцыг 2017 оны 12 дугаар сард иргэн Э.Х-т үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон улсын бүртгэгчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 549 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0508 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.5, 5 дугаар зүйлийн 5.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 14.1.6, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан Д.Х-ын Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон, Б.Доржийн гудамж, 32 дугаар байрны 8 тоот орон сууцыг 2017 оны 12 дугаар сард Э.Х-ын нэр дээр бүртгэсэн бүртгэл болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000607392 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

 Хяналтын гомдлын үндэслэл:

3. Гуравдагч этгээд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр маргаан бүхий орон сууцыг хууль ёсоор анх удаа бүртгэж Ү-2204092875 дугаар гэрчилгээг олгосон. Би хуулийн дагуу худалдаж аваад, бүрдүүлбэл зохих баримтуудыг бүрэн өгсөн.

4. Д.Х нь иргэний шүүхэд энэ байрны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд гурван шатны шүүх түүний аав Ц.Д-г энэ байрны өмчлөгч биш гэж тогтоосон. Өмнө нь иргэний шүүх шийдвэрлэсэн хэргийг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

5. Иргэн болон захиргааны хэргийн шүүхэд олон жилийн хугацаанд эд хөрөнгө болон сэтгэл санаагаараа хохирч эрх ашиг зөрчигдөж байна.

6. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

8. Нэхэмжлэгч Д.Х нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон, Б.Доржийн гудамж, 32 дугаар байрны 8 тоот орон сууцыг Э.Х-ын нэр дээр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ “миний аав Ц.Д 2004 онд “Г” ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, урьдчилгаа 70 хувийн төлбөрөө төлж, бодитоор уг орон сууцанд амьдарч байхад өөр хүнд гэрчилгээ олгосон нь хууль бус” гэж маргажээ.

9. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 он/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол”, 14.1.5-д “бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол” мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахаар зохицуулжээ.

10. Маргаан бүхий орон сууцыг гуравдагч этгээд Э.Х-т  2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өмчлөх эрхийн бүртгэл хийсэн нь дээрх хуулийн заалтуудад нийцээгүй байна. Учир нь, нэхэмжлэгчийн аав Ц.Д болон “Г” ХХК нар 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 08 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, одоогийн маргаан бүхий 35.5 мкв 2 өрөө байрыг 11930 америк доллараар захиалан бариулахаар тохиролцож, төлбөрийн 70 хувийг төлсөн, энэхүү үйл баримт нь Ц.Д-ийн нэхэмжлэлтэй, “Г” ХХК-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1229 дүгээр шийдвэрээр тогтоогджээ.

11. Цаг хугацааны хувьд гуравдагч этгээдийг мэдүүлэг гаргахаас өмнө нэхэмжлэгчээс 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 06/08 тоот албан бичгээр хариуцагч бүртгэлийн байгууллагад хандан “орон сууцыг улсын комисс ашиглалтад аваагүй, өмчлөлийн маргаантай байгаа” тухай мэдэгдсээр байхад /11 дүгээр сарын 15-ны өдөр захиргааны байгууллага хүлээж авсан/ бүртгэлийн байгууллага 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр дээрх бүртгэл хийсэн нь үндэслэлгүй юм.

12. Тодруулбал, бүртгэл хийхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн буюу гуравдагч этгээдийг “баттай өмчлөгч” гэж үзэх хуулийн шаардлага хангагдаагүй, гуравдагч этгээдийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах хуульд заасан үндэслэл бүрдсэн байхад энэхүү үүргээ зөрчсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн байна.

13. Түүнчлэн, иргэн Ц.Д-аас орон сууцны чанарын талаар гаргасан гомдлын дагуу Улсын Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2006 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11/50/133 дугаар дүгнэлтээр зөрчил дутагдлыг илрүүлж, “орон сууцны төлөв байдлын талаар гомдол бодитой, гүйцэтгэгч өөрийн зардлаар ашиглалтын хэвийн нөхцөлийг хангуулах, хяналт шалгалтаар илэрсэн бүх зөрчлийг иж бүрэн арилгаж, гомдлыг бүрэн барагдуулсны дараа комисс дахин ажиллуулах”-ыг “Г” ХХК-д үүрэг болгосон байх бөгөөд үүнээс хойш маргаан бүхий орон сууцыг актаар хүлээлгэж өгөөгүй болох нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 02-04/1402 дугаар “улсын комиссын актаар хүлээж аваагүй” тухай албан бичгээр тогтоогджээ.

14. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 4.4.2-т “хэд хэдэн этгээд хөрөнгө оруулж барьсан тохиолдолд хөрөнгө оруулагчдын нэрсийн жагсаалт, оногдох талбай, хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулсан огноо, тэдгээртэй холбоотой гэрээ хэлцэл зэргийг тодорхой тусгасан “Захиалгаар бариулсан орон сууцны жагсаалт” /хавсралт дугаар/-ыг улс, аймаг, нийслэлийн мэргэжлийн комиссын актын хамт албан бичгээр урьдчилан ирүүлж болно. Энэ тохиолдолд улсын бүртгэгч нь энэхүү жагсаалтыг мэдүүлгээр ирсэн нотлох баримтуудтай тулган хянаж энэхүү журмын 8.12, 8.13-т заасан үндэслэл байгаа эсэхийг шалгаж бүртгэнэ” гэж зааснаас үзвэл маргаан бүхий орон сууцыг Мэргэжлийн комиссын актаар хүлээж аваагүй нь энэхүү журмаар тогтоосон өмчлөх эрхийг анхны удаа улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй, нөгөө талаар, “Г” ХХК-аас 2004 онд Ц.Д-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан байхад уг байрыг давхар гуравдагч этгээдтэй 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр захиалгын гэрээ байгуулж, мэдүүлэгт хавсаргаж ирүүлснийг үндэслэн бүртгэл хийгдсэн бөгөөд бүртгэлийн байгууллага захиалагчтай байгуулсан гэрээний тухай мэдээллийг нотлох баримттай тулгаж шалгах чиг үүргээ хэрэгжүүлээгүй мөн буруутай гэж үзэв.

15. Гуравдагч этгээдийн “иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн аав Ц.Д-г өмчлөгч биш болохыг тогтоосон” гэх гомдлын тухайд: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2107 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2033 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 235 дугаар тогтоолоор Д.Х-ын нэхэмжлэлтэй, “Г” ХХК, Э.Х нарт холбогдуулан гаргасан “Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох...” шаардлага бүхий нэхэмжлэлийг “төлбөрөө бүрэн төлөөгүй, бүрэн төлөх үүргээ биелүүлснээр шаардах эрх үүснэ” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, өмчлөгчөөр тогтоогоогүй буюу нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн алиныг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоогоогүй, иймээс гуравдагч этгээдийг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл хуульд нийцээгүй, шүүхээр тогтоогоогүй үйл баримтыг үндэслэн гуравдагч этгээдийг өмчлөгчөөр бүртгэх хууль зүйн үндэслэлгүй.

16. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийг “өмчлөгч” гэж үзэж бүртгэлийг хүчингүй болгоогүй бөгөөд харин “өмчлөгч болохыг баттай нотлох баримт байхгүй байхад мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаагүй, бүртгэл үнэн зөв хийгдээгүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг ашиг сонирхол хөндөгдсөн” гэж дүгнэлт хийсэн тул гуравдагч этгээдийн энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй.

17. Иймээс магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 549 дүгээр магадлалыг хэвээр үлдээж,  гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

        ШҮҮГЧ                                                                   П.СОЁЛ-ЭРДЭНЭ