Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 113/ШШ2016/0008

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч: З.Б

Хариуцагч: ГСАЗД

                   Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид

Нэхэмжлэлийн шаардлага: “Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/42 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, тус аймгийн Сүмбэр сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 67 дугаар, 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаар, мөн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 04, 05, 07 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулж, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, төлөөлөгч П.А, Л.Ж, төлөөлөгч Ш.Б нарын 2012-2016 оны хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч байхдаа намайг огцруулсан шийдвэрт оролцсон үйлдлийг илт хууль бус болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д заасны дагуу илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Н, хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга Т.Т, түүний өмгөөлөгч З.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “З.Б миний бие нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргаар 2013 оны 3 дугаар сарын 28-наас хойш 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргаас гадна иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр ажиллаж байсан. Энэ хугацаанд Сүмбэр сумын Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт суурилсан “Эдийн засаг, нийгмийг 2015 он хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт 72.8 хувь, хүн амын өсөлт 2012 оноос 700 гаруй хүнээр өсөж 11901 хүн амтай, мал жилд 50 мянган толгойгоор өсөж 278393 толгой малтай, хөдөө малчдад уламжлал болгон зохин байгуулдаг ”Адуучин” тэмцээн, Тэмээний уралдаан, гар худаг засварлахад дэмжлэг үзүүлж, малжуулах төсөлд 33 өрхийг хамруулсан, сумын төвд орон сууцны пасат, дээврийн ажил, цэвэр бохир усны шугам, цэвэр усны худаг, авто зам, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоом, сургуулиудыг ширээ сандалжуулах, өрхийн эмнэлэг, цэцэрлэгийн сантехник засвар,  бие засах газар, цэцэрлэгийн зөөлөн эдлэл гэх зэрэг ажлуудыг хийж тухайн орон нутгийн өмчид хүлээлгэн өгсөн. Сүмбэр сумын Засаг даргаар ажилласан 3 жилийн хугацаанд тухайн орон нутгийн өмнөг үзэмж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн арга хэмжээнүүдийг иргэд олон түмний санаа бодолд тулгуурлан авч хэрэгжүүлсэн нь Сүмбэр сумын ард иргэдийн нүдэнд ил тод байгаа болно. Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагчид, мэргэжилтнүүдийн сэтгэл зүрх гаргаж ажилласан энэ их хөдөлмөр бүтээлийг Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Монгол ардын намын бүлгийн хэсэг нөхдүүд хангалтгүй үнэлгээ өгсөн нь улс төржсөн, намчирхсан харалган шийдвэр гаргасанд харамсалтай байна. Аймгийн хяналт шинжилгээ үнэлгээний өгсөн үнэлгээгээр 77 хувь үнэлэгдсэн. Засаг даргын үр дүнгийн гэрээний үнэлэлт 82 хувьтай үнэлэгдсэн нь хангалтгүй гэх үндэслэлгүй байна. Гэвч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2016 оны Монгол Улсын их хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дараа хэтэрхий улс төржиж, дээд шатны эрх мэдлийг авснаараа түрий барин хууль бус төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр дутуу ирцтэйгээр хуралдан намайг үндэслэлгүйгээр хүч түрэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргаас огцрууллаа.   

Иймд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн “Сумын Засаг даргыг огцруулах тухай” 08 дугаар тогтоол, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/42 дугаар “З.Баярсайханыг Сүмбэр сумын Засаг даргаас огцруулах тухай” захирамж нь Монгол улсын хуулийн холбогдох заалтуудыг дараах байдлаар бүдүүлгээр зөрчсөн гэж үзэж байна.

Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Үнэлгээ өгөх тухай” 11 дүгээр тогтоолыг үндэслэн гаргасан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын П.Амарсайханд өгсөн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Сүмбэр сумын Засаг даргыг огцруулах саналыг өргөн мэдүүлэх тухай бичигт хууль ёсны үндэслэл болохгүй гэж үзэж байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасныг зөрчиж байна.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн “Сумын Засаг даргыг огцруулах тухай” 08 дугаар тогтоолыг гаргахдаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшин 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн анхдугаар хуралдаанаар бүрэн эрх нь баталгаажсан П.Амарсайхан, Ш.Билэггүмбэрэл, Л.Жамбаасүрэн гэх нэр бүхий 3 төлөөлөгчийг оролцуулан шийдвэрлэсэн. Энэ нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д заасан “Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно”, мөн Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.7-д “Нэр дэвшигч нь орон нутгийн хурлын сонгуульд зэрэг, түүнчлэн тухайн Хурлын сонгуулийн нэгээс илүү тойрогт нэр дэвшихгүй” гэсэн заалтуудыг зөрчиж Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгч П.Амарсайхан, Л.Жамбаасүрэн нар нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон учир 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс хойшхи Хурлын Тэргүүлэгчдийн гаргасан шийдвэрүүд нь эрх мэдэл, албан тушаал, авахын төлөө хэтэрхий улайрч, төрийн хууль тогтоомжуудыг үл тоомсорлож, иргэд олон түмний санаа бодлыг үл хүндэтгэсэн, харалган, хууль бус үйл ажиллагаа явуулсаар өдийг хүрлээ. Монгол улсын засаг захиргаан нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасныг зөрчин яарч сандран хуулиар заасан хугацааг багасгаж, хуулиас давсан эрх мэдлийг хэрэгжүүллээ.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн “З.Баярсайханыг Сүмбэр сумын Засаг даргаас огцруулах тухай” асуудал, тогтоолын төсөл нь хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараагдаж танилцуулагдалгүйгээр хэлэлцэгдэж Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй”, Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.6-д “...хоногийг хорин дөрвөн цагаар тоолно” гэж заасныг зөрчиж зарим төлөөлөгчдийг хуралд оролцох боломжийг хязгаарлаж, зарим төлөөлөгчийг хурлаар хэлэлцэх асуудлын талаар ямар ч төсөөлөлгүй оролцууллаа. Дээрх шийдвэрийн улмаас З.Баярсайхан миний /Хөдөлмөрийн болон Төрийн албаны тухай хуульд заасан/ хуулийн дагуу ажил хөдөлмөр эрхлэх эрх, /хуулийн дагуу ажиллаж, цалин хөлс авах/ баталгаа, /ээлжит сонгуулийн дүнд өөрчлөгдвөл 6 сарын тэтгэмж авах/ ноцтойгоор зөрчигдөөд байна. Иймээс Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн “Сумын Засаг даргыг огцруулах тухай” 08 дугаар тогтоол, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “З.Баярсайханыг Сүмбэр сумын Засаг даргаас огцруулах тухай” Б/42 дугаар захирамжийг хүчингүй болгож, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч З.Баярсайхан 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 59 тоот, 27-ны өдрийн 60 тоот, 8 дугаар сарын 03-ны өдрийн 63 тоот зэрэг албан бичгүүдийг хүчингүй болгуулахыг Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах, Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, төлөөлөгч П.Амарсайхан, Л.Жамбаасүрэн, төлөөлөгч Ш.Билэггүмбэрэл нарын бүрэн эрхийг дуусгавар болгохыг Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах” гэж нэмэгдүүлжээ.

Нэхэмжлэгч З.Баярсайхан 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа өөрчлөхдөө: “Орон нутгийн сонгуулиар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшин олонхын санал авсан П.Амарсайхан, Ш.Билэггүмбэрэл, Л.Жамбаасүрэн нар нь 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн үнэмлэхээ гардан авч бүрэн эрхээ баталгаажуулсан байна.

Иймд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 67 дугаар тогтоол, 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаар тогтоол, тус аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 04, 05, 07 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, төлөөлөгч П.Амарсайхан, Л.Жамбаасүрэн, төлөөгөч Ш.Билэггүмбэрэл нарын бүрэн эрхийг дуусгавар болгохыг Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах, ажлаас үндэслэлгүй халагдсан хугацааны цалин хөлсийг олгуулах, урамшуулал гаргуулах” гэжээ.  

Нэхэмжлэгч З.Баярсайхан 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн зарим шаардлагыг өөрчлөхдөө: “ З.Баярсайхан миний бие шүүхэд гаргасан 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын 2 дугаарт “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, төлөөлөгч П.Амарсайхан, Л.Жамбаасүрэн, төлөөлөгч Ш.Билэггүмбэрэл нарын бүрэн эрхийг дуусгавар болгохыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах” гэснийг П.Амарсайхан, Л.Жамбаасүрэн, Ш.Билэггүмбэрэл нарын 2012-2016 оны хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байхдаа намайг огцруулсан шийдвэрт оролцсон үйлдлүүдийг илт хууль бус болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д “захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан” гэж заасны дагуу илт хууль болохыг хүлээн зөвшөөрүүлэх гэж өөрчилж байна” гэжээ.

Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 32 дугаар зүйлийн 32.2-т заасны дагуу Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар “Сумын Засаг даргыг огцруулах тухай” 08 дугаар тогтоолыг гаргаж аймгийн Засаг даргад ирүүлсэн юм. Үүний дагуу холбогдох материалыг татаж, судалж үзэхэд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Аймаг, нийслэл, сум дүүргийн Хурлын ээлжит хуралдааныг жилд хоёроос доошгүй удаа, баг хорооны Хурлын хуралдааныг жилд гурваас доошгүй удаа тус тус хуралдуулна”, 23.4-д “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна.” гэж заасан байдаг. Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 59 дүгээр албан бичгээр хуралдааны тов болон хэлэлцэх асуудлыг Сүмбэр сумын Засаг даргад мэдэгдсэн байх бөгөөд Хурал 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хуралдсан тул Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасан “15-аас доошгүй хоногийн өмнө” гэсэн хуулийн заалтыг бүрэн хангасан байна. Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ээлжит 16 дугаар хуралдаанд 30 төлөөлөгч оролцохоос 16 төлөөлөгч оролцож, ирц 53.3 хувьтай байсан буюу Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Аймаг, нийслэл, сум дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж заасан заалтыг хангасан тул уг хурал хүчинтэйд тооцохоор байна. Мөн Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 24.3-т “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэсэн нийтлэг зохицуулалтыг заасан бол уг хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэсэн тусгай зохицуулалтыг хангасан байдаг. Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч “Сүмбэр сумын Засаг даргыг огцуулах тухай” асуудлыг санаачлан, хурлаар хэлэлцүүлэх талаар Хурлын даргад 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн байх бөгөөд уг саналд хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй төлөөлөгч гарын үсэг зурсан байх тул холбогдох хуулийн заалтыг зөрчөөгүй, мөн Засаг даргыг огцуулах саналыг өргөн мэдүүлснээс хойш 3 хоногийн дараа 2016 оны 8 дугаар сарын 04-ний дөөр хуралдаанаараа хэлэлцэн, хуульд заасны дагуу олонхийн саналаар шийдвэрлэсэн тул хууль зөрчөөгүй. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийнхээ Хурал, түүний Тэргүүлэгчидтэй дор дурдсан журмаар харилцана” гээд 36.1.2-д “хууль тогтоомж, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохиосон ажил, түүний үр дүнг жил тутам Хуралд тайлагнах” гэж заасны дагуу Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас  Сүмбэр сумын Засаг даргад хандан сумын Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, сумын Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт суурилсан сумын “Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хурлаар хэлэлцүүлэх тул хуралд материал ирүүлэх талаар албан бичгээр удаа дараа мэдэгдэхэд холбогдох материалыг ирүүлээгүй. Энэ талаар Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанд Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас  тодруулахад “...биелэлтүүдийг хуулийн хугацаанд бэлтгэж сумын Засаг даргад хянуулахаар өгсөн боловч хянаж байна гэх нэрийдлээр төрийн ажлыг удаашруулж, Тэргүүлэгчдийн хурал болон 16 дугаар хуралдаанд оруулсангүй” гэсэн тайлбарыг хэлсэн байна. Иймд З.Баярсайханыг хурлаас өгсөн үүргийг биелүүлээгүй, ёумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтарч ажиллахаар татгалзсан гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй. Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор сумын Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хангалтгүй гэж үнэлсэн. Мөн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өгсөн үүргийг биелүүлээгүй нь уг хурлын төлөөлөгчдөөс Сүмбэр сумын Засаг дарга З.Баярсайханыг огцруулах санал гаргахад хүргэсэн байна. 

Дээрх нөхцөл байдлуудыг судалж Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний 08 дугаар тогтоолыг үндэслэлтэй гэж үзсэн тул Монгол улсын засаг захиргаан, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж, огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу аймгийн Засаг дарга 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “ З.Баярсайханыг Сүмбэр сумын Засаг даргаас огцруулах тухай” Б/42 дугаар захирамжийг эрх зүйн үндэслэлтэйгээр гаргасан. 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрийн “Муу хөөт” хэмээх газарт үхрийн шүлхий өвчин гарсантай холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоон, аймгийн онцгой комисс ажиллаж байсан тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын хамтын ажиллагааг хангах, ажил цалгардуулахгүй байх үүднээс Сүмбэр сумын Засаг даргыг огцруулах асуудлыг богино хугацаанд шийдвэрлэсэн. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д заасан “ажлын 5 хоногт ” гэдэг нь ажлын 5 хоногт багтаан хянаж шийдвэрлэхийг ойлгохоор байна. Иймд аймгийн Засаг дарга нь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирсэн 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн саналыг хянаж, 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр, хуулийн хугацаанд асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэлд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшин 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн анхдугаар хуралдаанаар бүрэн эрх нь баталгаажсан П.Амарсайхан, Ш.Билэггүмбэрэл, Л.Жамбаасүрэн гэх нэр бүхий 3 төлөөлөгчийг Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оролцсон нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.7 дахь заалтыг зөрчсөн гэжээ. Монгол улс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д “Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа тухайн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно” гэж заасны дагуу сумын Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа нь тухайн сумын Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болохоор байна. Өөрөөр хэлбэл Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид сонгогдоогүй тул П.Амарсайхан, Ш.Билэггүмбэрэл, Л.Жамбаасүрэн нарын Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоогүй, хуралд оролцох бүрэн эрхтэй байна. Нэхэмжлэгч тал нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.7-д “Нэр дэвшигч нь орон нутгийн сонгуульд зэрэг, түүнчлэн тухайн хурлын сонгуулийн нэгээс илүү тойрогт нэр дэвшихгүй” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь сумын Хурлын сонгууль болон аймгийн Хурлын сонгууль зэрэг болоогүй тул орон нутгийн Хурлын сонгуульд зэрэг нэр дэвшсэн гэж үзэх үндэслэлгүй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхэд гаргасан тайлбартаа: “Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь болон Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс З.Баярсайханы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Учир нь 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 15 төлөөлөгч Сүмбэр сумын Засаг дарга З.Баярсайханы 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 11 дүгээр тогтоолоор хангалтгүй үнэлсэн нь Монгол улс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан “...чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй...” гэсэн үндэслэл болж байгаа тул Сүмбэр сумын Засаг даргаас огцруулах саналыг гаргаж Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Амарсайханд хүргүүлсэн болно. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн 16 дугаар ээлжит хуралдаанаар хэлэлцүүлсэн юм. Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн 16 дугаар ээлжит хуралдаанаар Сүмбэр сумын Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт Сүмбэр сумын Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт суурилсан сумын “эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”–ийн биелэлт, зохион байгуулалтын асуудал хэлэлцэх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлуудыг хэлэлцэхээр болж 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаар  Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  тогтоол гарсан ба тогтоолыг хэлэлцэх асуудлын хамт Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт хүргүүлсэн болно. Говьсүмбэр аймгийн Засаг дарга З.Баярсайханыг огцруулах Сүмбэр сумын нэр бүхий төлөөлөгч нарын “Сүмбэр сумын Засаг даргыг огцруулах санал”-ын агуулга нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 16 дугаар хуралаар хэлэлцэгдэх асуудлуудтай тохирсон тул “Зохион байгуулалтын асуудал хэлэлцэх”-ээр оруулж шийдвэрлэсэн нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д заасан зөрчлийг үүсгэсэн зүйл байхгүй юм. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 16 дугаар хуралдаанаар хуралд оролцсон төлөөлөгч нарын 100 хувийн саналаар З.Баярсайханыг Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан “...чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй...” үндэслэлээр Сүмбэр сумын Засаг даргаас огцруулах шийдвэр гарч Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 8 дугаар тогтоолоор “З.Баярсайханыг сумын Засаг даргаас огцруулах”-аар шийдвэрлэсэн ба Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ” гэсний дагуу уг тогтоолыг Говьсүмбэр аймгийн Засаг даргад хүргүүлсэн юм. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасны дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал эрхээ хэрэгжүүлсэн болно. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэсний дагуу Говьсүмбэр аймгийн Засаг дарга Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн “Сумын Засаг даргыг огцруулах тухай” 8 дугаар тогтоолыг үндэслэн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “З.Баярсайханыг Сүмбэр сумын Засаг даргаас огцруулах тухай” Б/42 дугаар захирамжийг гаргасан болно. Нэхэмжлэлд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д “Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа тухайн хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрснөөр дуусгавар болно” гэснийг П.Амарсайхан, Ш.Билэггүмбэрэл, Л.Жамбаасүрэн нар зөрчсөн гэжээ. Тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д заасан заалт нь сонгууль болж шинээр Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгч томилогдон түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх агуулгатай билээ. П.Амарсайхан, Ш.Билэггүмбэрэл, Л.Жамбаасүрэн нарын хувьд төлөөлөгчийн бүрэн эрх нь баталгаажсан, бүрэн эрх дуусгавар болоогүй төлөөлөгч нар болно. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.7-д заасан зөрчлийг П.Амарсайхан, Ш.Билэггүмбэрэл, Л.Жамбаасүрэн нар гаргаагүй, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хориглосон зүйл байхгүй байна. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Говьсүмбэр аймгийн Засаг даргын зүгээс Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль мөн бусад хуулийг зөрчсөн зүйл байхгүй болно.

Иймд З.Баярсайханы тус шүүхэд гаргасан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн “сумын Засаг даргыг огцруулах тухай 08 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн  “З.Баярсайханыг Сүмбэр сумын Засаг даргаас огцуурал тухай” Б/42 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа өөрчилсөн шаардлагад ирүүлсэн тайлбартаа: “Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 67 дугаар тогтоол, 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаар тогтоол, 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 04, 05, 07 дугаар тогтоолууд нь Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гарсан. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг зөрчөөгүй болно. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д зааснаар хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа зөвхөн шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болдог. Эдгээр хүмүүсийн бүрэн эрхийг дуусгавар болгохыг даалгах үндэслэлгүй юм. З.Баярсайханыг ажлаас үндэслэлгүй халагдсан гэх ямар нэгэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй тул цалин хөлсийг олгуулах, урамшуулал гаргуулах ямар ч үндэслэлгүй болно. Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн З.Баярсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/42 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, тус аймгийн Сүмбэр сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 67 дугаар, 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаар, мөн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 04, 05, 07 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулж, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, төлөөлөгч П.Амарсайхан, Л.Жамбаасүрэн, төлөөлөгч Ш.Билэггүмбэрэл нарын 2012-2016 оны хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч байхдаа намайг огцруулсан шийдвэрт оролцсон үйлдлийг илт хууль бус болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д заасны дагуу илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” гэж тодорхойлжээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

“Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/42 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд: тус аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаар тогтоолоор мөн аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 16 дугаар хуралдааныг 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагт хуралдуулахаар товлосон байна.

Уг хуралдаан товлосон ёсоор эхэлж нийт 30 төлөөлөгч оролцохоос 16 төлөөлөгч ирж 53,3 хувийн ирцтэйгээр 1-рт сумын Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, 2-рт сумын Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт суурилсан сумын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт 3-рт Зохион байгуулалтын асуудал хэлэлцэх, 4-рт Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах зэрэг 4 асуудал хэлэлцэхээр оруулсан боловч тус Хуралдааны дундаас Сүмбэр сумын Засаг даргыг огцруулах саналыг оруулж, 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 8 дугаар тогтоолоороо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасныг үндэслэн сумын Засаг дарга З.Баярсайханыг албан тушаалаас нь огцруулах тухай саналыг аймгийн Засаг даргад уламжилсан байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “г”-д зааснаар Засаг даргыг огцруулах санал гаргаж, аймгийн Засаг даргад уламжлах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хамааруулан шийдвэрлэх эрхтэй ч хуулиар тогтоосон журмын дагуу зохих шийдвэрийг гаргах нь мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь..., хууль дээдлэх зарчим баримтална” гэсэнтэй нийцэх учиртай.

Гэтэл Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээр дурдсан тухайн шатныхаа Засаг даргыг огцруулах саналыг дээд шатны Засаг даргад уламжлах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хуулиар тогтоосон журмыг зөрчсөн нь дараах байдлуудаар тогтоогдож байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-т “Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална” гэж заасны дагуу Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 02 дугаар тогтоолын хавсралтаар тус Хурлын дагаж мөрдөх хуралдааны дэгийг баталсан байх ба уг дэгийн 3.1-д “Хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын төсөл, дарааллыг хуралдаан болохоос 5 хоногийн өмнө төлөөлөгчдөд хүргүүлнэ”, 3.3-д “Иргэдийн хурлын төлөөлөгчид хэлэлцэх асуудалтай холбогдсон баримт бичигтэй танилцан санал дүгнэлтээ бэлтгэж ирнэ”, 3.5-д “Хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын төслийг намын бүлгүүд, хороодод 5 хоногийн өмнө хүргүүлнэ” гэж тус тус заасан байх бөгөөд Хуралдааны үед уг дэгийг чанд сахин биелүүлж байхыг төлөөлөгчдөд үүрэг болгосон байна. 

Түүнчлэн Хуралд асуудал оруулж хэлэлцүүлэх талаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “...заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заажээ.  

Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн “Хуралдааны товыг хойшлуулах” тухай   75 дугаар тогтоолоор 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хуралдахаар болж хэлэлцэх 4 асуудлыг тогтоосон байхад тус өдрийн Хурал дээр сумын Засаг даргыг огцруулах асуудлыг хуралдааны дундуур оруулж ирсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 68, 71-81-р тал/

Говьсүмбэр аймгийн Засаг дарга тус аймгийн Сүмбэр сумын Засаг дарга З.Баярсайханыг огцруулах шийдвэр гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 8 дугаар тогтоолыг үндэслэл болгон гаргасан байх бөгөөд шүүхээс уг маргаан бүхий захиргааны акт болох тус аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар тогтоолыг хууль бус болохыг нэгэнт тогтоосон тул уг тогтоолыг үндэслэн гарсан аймгийн Засаг даргын 2016 оны Б/42 дугаар захирамжийг хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр “Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 8 дугаар “Сумын Засаг дарга З.Баярсайханыг огцруулах тухай” тогтоол, энэ тогтоолд үндэслэж гарсан Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “З.Баярсайханыг Сүмбэр сумын Засаг даргаас огцруулах тухай” Б/42 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

“Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн томилуулах” шаардлагын тухайд: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “...сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй” гэж зааснаас үзэхэд Засаг даргын бүрэн эрхийн хугацаа нь 4 жил байхаар байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаалтан хамаарна” гээд 6.1.12-т “бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч” байхаар заасан байна. Хуулийн дээрх заалтуудаас үзвэл нэхэмжлэгч З.Баярсайханы бүрэн эрхийн хугацаа дууссан бөгөөд Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 06 дугаар тогтоолоор сумын Засаг даргад П.Амарсайханыг томилуулахаар нэр дэвшүүлэн аймгийн Засаг даргад уламжилсан тул З.Баярсайханыг тус сумын Засаг даргаар эгүүлэн томилуулах боломжгүй байна.

“Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 67 дугаар, 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаар, мөн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 04, 05, 07 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулж, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, төлөөлөгч П.Амарсайхан, Л.Жамбаасүрэн, төлөөлөгч Ш.Билэггүмбэрэл нарын 2012-2016 оны хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч байхдаа намайг огцруулсан шийдвэрт оролцсон үйлдлийг илт хууль бус болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д заасны дагуу илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” шаардлагын тухайд:

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч П.Амарсайхан, Л.Жамбаасүрэн, Ш.Билэггүмбэрэл нар 2016 оны сонгуулиар Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсныг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 7 дугаар сарны 05-ны өдрийн 01 дугаар тогтоолоор бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д “Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно”, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дараахь тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болно” гээд 13.1.1-д “нас барсан”, 13.1.2-д “хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан, 13.1.3-д “хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гарсан”, 13.1.4-т “гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан” 13.1.5-д “тухайн орон нутгаас шилжсэн” гэж заасан.

 Дээрх нөхцөл байдал болон хуульд зааснаар Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, төлөөлөгч П.Амарсайхан, Л.Жамбаасүрэн, төлөөлөгч Ш.Билэггүмбэрэл нарын бүрийн эрхийн хугацаа дууссан байсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Тиймээс Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 67 дугаар, 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаар, мөн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 04, 05, 07 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д заасны дагуу илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх боловч тус хуульд ийм заалт байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13, 106.3.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Баярсайханы нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 8 дугаар тогтоол, тус аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/42 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан З.Баярсайханд ажилгүй байсан хугацааны цалин болох 3577725 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийг даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгасугай.

3. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т заасныг баримтлан “тус сумын Засаг даргын ажилд эгүүлэн томилуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8, 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг баримтлан “Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 67 дугаар, 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаар, мөн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 04, 05, 07дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулж, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, төлөөлөгч П.Амарсайхан, Л.Жамбаасүрэн, төлөөлөгч Ш.Билэггүмбэрэл нарын 2012-2016 оны хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч байхдаа намайг огцруулсан шийдвэрт оролцсон үйлдлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 17550 төгрөг, тус аймгийн Засаг даргаас 17550 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                    ШҮҮГЧ                                       Б.МӨНХЗУЛ