| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2026/0597/З |
| Дугаар | 128/ШШ2026/0652 |
| Огноо | 2026-07-02 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2026/0652
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ү*******гийн дүгнэлттэй, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.С*******т холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ү******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.С*******ын 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 0010014 тоот шийдвэрийн шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад “Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох” гэсэн өөрчлөлт оруулах” гэжээ.
Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.С******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... манай байгууллагатай харилцагч “Б*******” ХХК нь 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 44 тоот албан хүсэлтийн дагуу 2026 оны 01, 02, 03 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэлийн тайландаа 2 даатгуулагчийг хоцроосон талаар нөхөн тайлагнахаар Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газарт тухайн байгууллагаас ирүүлсэн 2026 оны 01, 02, 03 дугаар сарын санхүүгийн болон бусад нотлох баримтыг мэдээллийн нэгдсэн сантай тулган шалгаж тогтоосон.
Тогтоосны улмаас Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг /ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг торгоно” гэж заасныг үндэслэж тогтоосон.
Байцаагч Ц.С******* би 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Б*******” ХХК-ийн шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсэгт шийтгэл оногдуулсан шийтгэлийн төрөл хэмжээг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдэн өөрчлөлт оруулахыг зөвшөөрч байна.
Иймд Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.С******* би цаашид хуулийн заалтуудыг алдаа зөрчил, дутагдал гаргахгүйгээр мөрдлөг болгон анхаарч ажиллах болно” гэжээ.
Гуравдагч этгээд “Б*******” ХХК-ийн захирал Д.О******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх” тухай 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 26 тоот дүгнэлтийн дагуу 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 0010014 дугаартай шийдвэрийн шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад “Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох” гэсэн өөрчлөлт оруулсан тус прокурорын дүгнэлтийг манай компанийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ү*******гээс Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.С*******т холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.С*******ын 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 0010014 тоот шийдвэрийн шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад “Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох” гэсэн өөрчлөлт оруулах” тухай дүгнэлт гаргасан.
Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.С******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр гаргасан бөгөөд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан, мөн гуравдагч этгээд “Б*******” ХХК-ийн захирал Д.О*******ээс прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн хариу тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-т “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ...”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ү*******гээс Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.С*******т холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.С*******ын 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 0010014 тоот шийдвэрийн шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад “Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох” гэсэн өөрчлөлт оруулах” тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ