Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/00802

 

Д.С , А.Э нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 00 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.С , А.Э нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Х ХХК-д холбогдуулан гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Х тай байгуулсан 0 тоот Орон сууцны зээлийн гэрээ-ний 2.1.4.4, 2.1.4.3, 3.1.9, 5.1.11 дэх заалтыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Э , нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Я, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний агуулга: Охин А.Э Х инд ажилладаг бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээгээр 79,015,500 төгрөгийг 180 сарын хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны зориулалттайгаар зээлдэн авсан. Д.С уг зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Зээлийн хүүд сар бүр 667,000 төгрөг төлдөг байсан. Гэтэл гэрээний 2.1.4.2 болон 2.1.4.3 заалтыг үндэслэн сарын төлбөр 1,3 сая төгрөг болж нэмэгдсэн. Мөн зээлийн үлдэгдэл төлбөрийг 8 сая төгрөгөөр нэмсэн. Охин А.Э нь Х тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсны улмаас гэрээний дээрх заалтын дагуу зээлийн хүүгийн хэмжээ өөрчлөгдсөн. Гэрээ байгуулах үед хожим хүүгийн хэмжээ хэд болж өөрчлөгдөх талаар тодорхой тусгаагүй. Зээлийн хүүг хөдөлмөрийн гэрээ цуцлагдах өдрийн мөрдөж байгаа хүүд шилжүүлэхээр заасан заалт нь холбогдох хуулийг зөрчсөн. Зээлийн гэрээ байгуулах үед үл мэдэгдэх хүүгийн талаар заасан буюу ирээдүйд тодорхой болох хүүгийн зохицуулалтыг гэрээнд заасан нь үндэслэлгүй. Иймд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.7-д зааснаар гэрээний дээрх заалт нь хүчин төгөлдөр бус болно. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээний 2.1.4.2, 2.1.4.3, 3.1.9, 5.1.11 дэх заалтыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.  Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Х ХХК нь үндсэн зээлдэгч А.Э , хамтран үүрэг гүйцэтгэгч Д.С нартай 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, зээлийн хүү жилийн 6 хувь, ажлаас гарах буюу хөдөлмөрийн контракт цуцлагдсан, дуусгавар болсон тохиолдолд энгийн нөхцөлтэй зээлийн хүүд шилжихээр тохиролцсон байна. Банкны зүгээс хөдөлмөрийн гэрээт хугацаанд ажилтанд олгож буй хөнгөлөлттэй зээлийг ажилтан авахгүй байж болдог. Тухайн цаг хугацаанд нь банк ажилтнаа дэмжиж, бага хүүтэй зээлээр байртай болох боломжийг олгосон. Х ны энгийн нөхцөлтэй орон сууцны зээлийн хүү дунджаар жилийн 20 хувь байдаг. Тухайн ажилтан ажлаас хэдийд ч гарсан тухайн цаг хугацаанд нь нийтэд нээлттэй санал болгосон хүү нь жилийн хэдэн хувь байх нь тодорхой байх учраас ямар нэгэн үл ойлголцол, хүүгийн тодорхойгүй байдал, маргаан үүсэх боломжгүй гэдгийг дурдмаар байна. Нэхэмжлэгч тал харилцан тохиролцож, хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан байгуулсан гэрээний холбогдох заалтыг хожим хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.  Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1, 202 дугаар зүйлийн 202.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.3, Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заасныг баримтлан 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Х тай байгуулсан Орон сууцны зээлийн гэрээ-ний 2.1.4.4 дахь заалт, 2.1.4.3 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үлдэх 3.1.9 дахь заалт, 5.1.11 дэх заалтыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.  Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 2.1.4.2 дахь заалтыг 2.1.4.4 гэж бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан. Үүний улмаас гэрээний 2.1.4.2 дахь заалт хүчин төгөлдөр хэвээр үлдэж, зээлийн хүүг жилийн 6 хувьд шилжүүлэхгүй талаар маргаан үүссэн. Иймд уг засч зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

5.  Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн дурдаж байгаа гэрээний 2.1.4.2 гэх заалт нь хувьсах хүү өөрчлөгдөх гол нөхцөлийг заасан заалт юм. Хэрвээ ажлаас гарах юм бол хүү хувьсана гэх талуудын тохиролцсон гол асуудлыг гэрээний 2.1.4.2-т тодорхойлсон. Иймд шүүх хувьсах хүүтэй байж болно, хөтөч үзүүлэлтийг гэрээнд заавал тусгах ёстой гэж дүгнэсний үндсэн дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь заалтыг үндэслэж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт энэ талаар тодорхой тусгасан буюу гэрээний 2.1.4.2-т заасныг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гарсан. Тухайн үед нэхэмжлэгч болон хариуцагч тал шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч тус шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хугацаа сэргээсэн талаар ямар ч мэдээлэл өгөөгүй. Гэрээний 2.1.4.2-т заасныг хэвээр үлдээсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.  Хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.  Нэхэмжлэгч Д.С , А.Э нар нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан орон сууцны зээлийн гэрээний 2.1.4.2, 2.1.4.3, 3.1.9, 5.1.11 дэх заалтыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.  Талууд 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ажилтны хөнгөлөлттэй нөхцөлтэй орон сууцны зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч тал 79,015,500 төгрөгийг жилийн 6 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлдэн авсан байна.

 

3.а. Хариуцагч банк нь нэхэмжлэгч А.Э ыг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр 2010 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллуулж байх хугацаанд дээрх орон сууцны зээлийн гэрээг жилийн 6 хувийн хүүтэй байгуулсан боловч гэрээний 2.1.4.2 дахь заалтад зааснаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан үндэслэлээр дээрх зээлийн гэрээний хүүг жилийн 21 хувь болгосон үйл баримт талуудын тайлбар, хэрэгт авагдсан орон сууцны зээлийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтаар тогтоогдсон.

 

3.б. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн орон сууцны зээлийн гэрээний 2.1.4.2, 2.1.4.3, 3.1.9, 5.1.11 дэх заалтыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ гэж дүгнэж, гэрээний 2.1.4.2, 2.1.4.3 дахь заалтуудыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус болохыг дүгнэхдээ хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

3.в. Гэтэл шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт орон сууцны зээлийн гэрээний 2.1.4.4, 2.1.4.3 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус болохыг заажээ. Тодруулбал, шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй гэрээний заалт болох 2.1.4.2 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг дүгнэсэн нь шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт заагдаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэж заажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, нотлох баримтыг үнэлж нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний 2.1.4.2, 2.1.4.3 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон талаарх хууль зүйн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн байх боловч тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдаагүй гэрээний 2.1.4.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, алдаа гаргасан байна. Иймд уг алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой гэж үзлээ.

 

4.   Нэхэмжлэгч нь гэрээний 3.1.9, 5.1.11 дэх заалтыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд давж заалдах гомдол гаргаагүй тул дүгнээгүй орхив.

 

Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 00 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 2.1.4.4 гэснийг 2.1.4.2 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ