Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 84

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Ж.Очирбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням,

Шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дандар овогт Ц.Д-д холбогдох эрүүгийн 1826001380085 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн Дандар овогт Ц.Д

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Д нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 1 дүгээр баг “Сувгын өтөг” гэх газар А.Д хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар нуруу болон зүүн гуян тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 23 цагийн орчимд би гэртээ 2 хүүхэдтэйгээ унтаж байсан. Тэгсэн чинь мотоцикльтой хүн ирээд хаалга нүдээд байсан. Тэгээд хаалга эвдэлчих гээд байхаар нь онгойлгож өгсөн чинь А.Д согтуу орж ирсэн. А.Д бид 2 шүүхээр ороод салсан байсан. Тэгээд 4 үүлээ гэртээ харъя гээд байсан. Яв гэсэн чинь явахгүй танайд хоночихоод явна гээд байсан. А.Д шүүхээр орж салснаасаа хойш намайг байнгын дарамтанд байлгасан. Тухайн үед миний уур хүрсэн байсан болохоор хутгалсан. Миний буруу хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Хохирогч А.Д мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 03 дугаар сарын 13-нд миний салсан эхнэр Д-н аав Ц-н төрсөн өдөр болоод 22 цагийн орчимд Богд сумын 7 дугаар баг Арцын 2 хороололд байх гэрт нь 0.5л нэг шил Харзтай архитай ороод хувааж уусан. Миний утас дугарахаар нь авсан чинь Б гэх манай найз залгаад “...хадмын чинь хөдөө гэрт байна хүрээд ир...” гэхээр нь “...за гэж хэлчихээд...” ууж байсан архиа дуусгалгүй өөрийн эзэмшилийн улсын дугааргүй цэнхэр өнгийн “Бикон” маркийн мотоцикльтой Богд сумын төвөөс гараад 1 дүгээр баг “Сувгын-Өтөг” гэх газар байрлах хадам Ц-н хөдөө гэр лүү явсан. Орой 23 цагийн орчимд Ц-н хөдөө гэрт очсон чинь гэрэлгүй байсан. Хаалгыг нь нүдсэн чинь Д онгойлгож өгөөд орсон. Гэрт Д хоёр хүүхдийн хамт хойд талын орондоо орчихсон байсан. Дүү С-д нь зүүн талын орон дээр байсан. Би “...Б ирсэн үү гэж асуусан...” чинь Д “...чамайг хүлээж байгаад түрүүхэн явлаа...” гэж хэлсэн. Би хоёр хүүхдээ үнсчихээд бид дөрөв чинь дөрвөн бэрх шиг айл. Гэртээ очмоор байна гэж хэлээд өвөрт байсан юмаа гаргаад дээлээ тайлсан. Д орноосоо босоод тогооны тавир луу явсан. Би цай хийж өгөх гэж байна гэж бодоод харсан чинь тавиур дээрээсээ хутга аваад эргээд миний ар нуруу руу дүрсэн. Би эргэж хараад тэвэрч аваад хутгыг нь салгах гэсэн чинь хутгатай гар нь миний зүүн гуяны дээд хэсэгт нэг удаа орсон. Би хайраа “...наад хутга чинь миний бие рүү хоёр удаа...” орчихлоо гэж хэлсэн чинь би “...ямар мангар юм бэ, одоо яанаа цус нь тогтохгүй байна...” гээд миний ар нуруунаас гарсан цусыг тогтоох гээд хөвөн болон даавуугаар дараад байсан. Тухай үед намайг амьсгалахаар нуруунаас цус годгодож гараад байна. Чи битгий гүн амьсгал гэж байсан. Тэгээд би унтчихсан. Өглөө сэрсэн чинь хоёр хүүхэд орон дээр унтчихсан, Д намайг түшээд суугаагаараа унтчихсан байсан. Би сэрээд босох гэсэн чинь толгой эргээд, бие, салаглаад байсан чинь Д шартаад байгаа юм биш үү гэхээр нь би шартаагүй гэж хэлсэн. Д босоод цай чанаад надад аягалж өгчихөөд малын тэжээл бэлдээд малдаа тэжээл өгсөн. Тэр үед тэнгэр муухайраад цас шуурч байсан. Мал нь уруудаад Д малаа эргүүлж байхаар нь би гараад мотоциклио асаагаад Б орж сум хүргүүлэх санаатай хөдөлсөн. Долгормаа малаа байр луугаа шахчихаад гэр лүүгээ явж байхаар нь очоод Б-нх хаваржаан дээрээ байгаа юу гэж асуусан чинь байхгүй гэж хариулсан. Тэгээд би хөдөө гэр лүүгээ явсан чинь ар нуруу руу сэнгэнээд мотоциклио унаж явж чадахгүй болохоор нь Богд сумын 6 дугаар баг Д гэх газар нутаглах Ц гэх айлд очсон. Тэгээд болсон асуудлаа ярьсан чинь Ц эгч ээжид утсаар хэлсэн. Тэгээд удалгүй эмнэлэг болон цагдаа ирсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15 дугаар хуудас/,

Гэрч Б.О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 13 цаг 15 минутанд миний утас руу танихгүй дугаар дохихоор нь эргүүлээд залгахад “...Ц байна эгч Д хүнд хутгалуулчихаж...” гэж хэлэхээр нь Д-тай ярьсан. Хэнд хутгалуулсан талаар асуухад дуугарахгүй байхаар нь Ц-тэй ярьсан. Ц надад хэлэхдээ Д-н ар нуруунд болон зүүн гуяны дээд хэсэгт нэг нэг удаа хутгалуулсан байна гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Гэрч Б.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 09-10 цагийн хооронд Д нь мотоцикльтой ирээд “...гэрт орохдоо миний хөл мэдээ алдаад байна эмч дуудаад өг...” гэхээр нь юу болсон талаар асуусан чинь “...Д би хүнд хутгалуулчихсан юм...” гэж хэлсэн. Тэгээд би эмч дуудах гэтэл сумын эмнэлгийн дугаар манай утсан дээр байхгүй болохоор Д ээж “...О-д утсаар Д манайд ирчихээд эмч дуудах гээд байна хүнд хутгалуулчихсан гэсэн хэнд хутгалуулснаа надад хэлсэнгүй...” гэж ярьсан. Тэгсэн  О эгч Д-тай манай утсаар тухай үед юу болсон талаар асууж байгаа бололтой ярьж байсан. Д өмнөөс нь юм хэлэхгүй байж байгаад хүнд хутгалуулсан гэж хэлчихээд утсаа тасласан. Удалгүй эмнэлэг, цагдаа хоёр ирээд Д-г сумын төв рүү авч явсан. ... Дуудлагаар ирсэн сумын хэсгийн төлөөлөгч ярихдаа Д-д хутгалуусан гэж ярьж байхыг нь сонссон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Д Д эгчийн ард очоод ханиа хоёулаа гэртээ харъя гэсэн чинь Долгормаа би явахгүй чи ганцаараа яв гэж хэлсэн чинь Д Д-г түлхээд унагаачихсан. ... Д Д-д хандан чи намайг дүрчихлээ бие сонин оргиод байна гэж хэлсэн. ... Д-н нурууг очиж үзсэн чинь ноосон цамцны дотор талд нь цус болчихсон. Дотуур өмссөн пудволикны

ар нь нил цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 182 дугаартай: “... А.Д-н биед багана нуруу зүүн хэсэгт буюу 8-р хавирганы төвшинд шарх

мөн зүүн гуяны дээд хэсэгт шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/,

 Шүүгдэгч Ц.Д-н мөрдөн байцаалтан шатанд яллагдагчаар өгсөн: “...Д тэгээд чи яах юм гээд дайраад байхаар нь...гал тогтооны тавиур дээрээс хутга аваад баруун гартаа хутгаа атгаад Д-н ар нуруунд хутгалсан. Д яаж байгаа юм бэ гээд эргээд миний барьсан хутгыг нь тавиулах гээд тэврэхээр нь зүүн хөлний дээд нимгэн цавь руу нь нэг удаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /х-ийн 2 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тухай мөрдөгчийн санал /хх-ийн 3 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах прокурорын тогтоол /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 5 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8 дугаар хуудас/,

Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.Д-н хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, Өвөрхангай аймгийн Богд сумын 1 дүгээр багийн засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 24 дугаартай тодорхойлолт, мал тооллогын баримт,  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,  6216000145, 6216000065 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарууд, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 145/ШШ2017/0063 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-ийн 53, 66-71, 77-79 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ц.Д нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 1 дүгээр баг “Сувгын өтөг” гэх газар А.Д-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар нуруу болон зүүн гуян тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Ц.Д-ийн мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон мөрдөн байцаалтанд авагдсан хохирогч А.Д-н “...шүүгдэгч Ц.Д-д хутгалуулсан талаар...” өгсөн мэдүүлэг. /хх-ийн 15/,  “... Хохирогч А.Д-г шүүгдэгч Ц.Д хутгалсан талаар...” өгсөн гэрч Б.О-н мэдүүлэг /хх-ийн 19-20/, “... Хохирогч А.Д-г хутгалуулсан ирсэн, ... дуудлагаар ирсэн сумын хэсгийн төлөөлөгч ярихдаа Д-д хутгалуусан гэж ярьж байхыг нь сонссон талаар...” өгсөн гэрч Б.Э-н мэдүүлэг /хх-ийн 29/, “... Хохирогч А.Д-г шүүгдэгч Ц.Д хутгалсан талаар...” өгсөн гэрч Ц.Ц-н мэдүүлэг /хх-ийн 31/, шүүгдэгч Ц.Д-н үйлдлийн улмаас хохирогч А.Д-д хөнгөн хохирол учирсныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 182 дугаартай дүгнэлт /хх-ийн 38/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /х-ийн 2/, Эд мөрийн баримт хураан авсан тухай мөргдөгчийн санал /хх-ийн 3/, Мөрдөн шалгах ажиллагаа явуулах прокурорын тогтоол /хх-ийн 4/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 5/, Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8/, Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9/ зэрэг болно.

Шүүгдэгч Дандар овогт Ц.Д-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажилгаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Ц.Д-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ц.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3-т зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Д-д хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ц.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих,  

Шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бариулны урт 11 см, ишний урт 10.5 см нийт урт  21.5 см урттай хар хүрэн өнгийн модон иштэй хутгыг  устгахыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Ц.Д-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 ,6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дандар овогт Ц-Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дандар овогт Ц.Д-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 250.000 төгрөгөөр хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурьдсугай.      

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бариулны урт 11 см, ишний урт 10.5 см нийт урт  21.5 см урттай хар хүрэн өнгийн модон иштэй хутгыг  устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д-д     авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,    давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Д-д     авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.