Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 209/МА2022/00037

 

Б.Туяагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2022/00796/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  01 дүгээр сарын 26-ны өдрийн 176 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Туяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Шарын гол” ХК-д холбогдох     

Нэхэмжлэлийн шаардлага: “Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах” тухай,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайвангийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чинбат /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

  1.  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Шарын гол” ХК-ний гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №Б/224 дугаартай тушаалаар тогоочийн ажлаас халагдсан.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 401 дүгээр шийдвэрээр намайг “Шарын гол” ХК-ний тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн нийт 101 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 4,012,225 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 54 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2021/00581 дугаар тогтоолоор тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Өнөөдрийг хүртэл “Шарын гол” ХК нь шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг биелүүлээгүй байна.

Анхан шатны шүүх Б.Туяа миний 1 өдрийн дундаж цалин хөлсийг 39,725 төгрөгөөр тогтоосон.

Нэхэмжлэгч Б.Туяа миний ажилгүй байсан хугацааны хоногууд бол 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл нийт 406 хоногийн цалин 16,108,350 төгрөгийг хариуцагч “Шарын гол” ХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор буюу 16,108,350 төгрөгийг хариуцагч “Шарын гол” ХК-аас гаргуулан нэхэмжлэгч Б.Туяад олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийн, Нийгмийн даатгалын санд зохих ёсоор шимтгэлийг төвлөрүүлэхийг хариуцагч Шарын гол ХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 238,500 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.Туяад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасны дагуу хариуцагч Шарын гол ХК-аас улсын тэмдэгтийн хураамж 238,492 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 176 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна.

4.а. “Шарын гол” ХК-аас 16,108,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Туяад цалин хөлсний олговорт олгохоор шийдвэрлэсэн үнийн дүнгээс 2,641,575 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

4.б. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж буй хугацаанд хамаарах нэмэгдүүлсэн шаардлагын талаар дүгнэлт өгч ханган шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.

4.в. нэхэмжлэгч Б.Туяагийн шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдсон ажлын байр нь цомхотгогдсон, цалин хөлсийг нь бууруулахгүйгээр адил чанарын албан тушаал санал болгосон байхад Б.Туяа өөрөө тухайн ажлын байранд ажиллахаас татгалзсан ажилгүй байсан хугацаанд ажил олгогчоос цалин хөлс олгох үүрэггүй.

Иймд шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийг хангасан дүнг 2,641,575 төгрөгөөр багасган хасаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт ооруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайвангийн давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Хэргийн болсон үйл баримтаас үзвэл: нэхэмжлэгч Б.Туяа нь “Шарын гол” ХК-нд тогоочоор ажиллаж байгаад халагдсаны улмаас зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой маргаан үүссэн байна.

Нэхэмжлэгч Б.Туяагийн нэхэмжлэлээр 3 шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 4,012,225 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Ажил олгогч нь ажилтны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг шүүхийн шийдвэрийн дагуу олгосон боловч нэхэмжлэгч Б.Туяаг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилоогүй тул нэхэмжлэгч нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 16.108.350 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч Б.Туяаг ажилд авахгүй байх шалтгаан манай байгууллагад байхгүй, урьд эрхэлж байсан ажил албан тушаал нь  орон тооны цомхотголоор хасагдаж үгүй болсон, өөр ажил  санал болгосон боловч хүлээн зөвшөөрөөгүй, Б.Туяатай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж маргажээ.

Шүүхийн шийдвэрийн дагуу ажил олгогч “Шарын гол” ХХК-д холбогдуулан 2021 оны 08 дугаар сарын 31-ны өдөр Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолоор нэхэмжлэгч Б.Туяаг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох ажиллагаа явагдаж байгаа болох нь шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдоно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж зааснаар нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас халсан нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, шүүхийн шийдвэрийг хариуцагч байгууллага биелүүлэх үүрэгтэй тул нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа хяналтын шатны шүүх гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэхээр хуульд заасан боловч жилийн дараа шийдвэрлэсэн хугацаа нь “Шарын гол” ХК-нд хамаарах асуудал биш байхад нэхэмжлэгчээс хариуцагч байгууллага бүрэн хариуцна гэж  нэхэмжилж байгаа нь  үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

Шүүхийн шийдвэрийн иргэн, хуулийн этгээд  заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд

Шүүхийн шийдвэрт давж заалдах болон  хяналтын журмаар гомдол гаргах нь тухайн этгээдийн хуулиар олгосон эрх бөгөөд энэхүү эрхээ эдэлж хоёр шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан хугацаанд шүүхийн шийдвэр биелэгдээгүй тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанаас хасаж тооцох үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох” журмын дагуу нэхэмжлэгч Б.Туяагийн ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдахын өмнөх 3 сарын цалингийн дундаж 873.960 төгрөг, нэг өдөрт ногдох цалинг тооцоход 39.725 төгрөгийг ажилгүй байсан 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны цалин нийт 16.108.350 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний болон тооцооллын алдаа гаргаагүй хэргийг зөв шийдвэрлэсэн байна гэж үзнэ.

Хариуцагч “Шарын гол” ХХК  нь Хөдөлмөрийн  хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар “адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчид ажил санал болгосон ч Б.Туяа зөвшөөрөөгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд хүндрэл учруулсан гэж тайлбарладаг боловч ямар ажил албан тушаал хэрхэн санал болгосон нь тодорхойгүй энэ талаар шүүхэд баримт ирүүлээгүй, харин  нэхэмжлэгчээс 2021 оны 09 дүгээр сард ажилд орох тухай компанид хүсэлт гаргаж байсан болох нь хэргийн 35, 76 дугаар талд авагдсан баримтуудаар нотлогдож байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаал нь цомхотгогдсон тул адил чанарын албан тушаал санал болгоход нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа бөгөөд энэ хугацааны цалинтай тэнцэх олговор 2.641.575 төгрөгөөр багасгаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн давж заалдсан гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ ХЭСЭГ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  01 дүгээр сарын 26-ны өдрийн 176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайвангийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57216 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

         

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Х.БАЙГАЛМАА

                                              ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                              ШҮҮГЧ                                    Л.АМАРСАНАА