Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 209/МА2022/00038

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2022/01295/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  01 дүгээр сарын 20-ны өдрийн 151 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******ид холбогдох    

Нэхэмжлэлийн шаардлага: “76,267,300 төгрөг гаргуулах” тухай,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.*******гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цуурай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1.  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа:

*******ид 2015 оны 9 сарын 23-ны өдрөөс 2015 оны 12 сарын 19-ний өдөр хүртэл 9.683.000 төгрөг ******* гэх дансаар шилжүүлсэн. Боловч дансаар шилжүүлсэн мөнгөний шаардлагаа 9,175,000 төгрөг болгож бууруулж байна.

Олон улсын лангууны түрээс 4.500.000 төгрөг, биржийн лангууны түрээс 870.000 төгрөг, бирж дэх лангууг тохижуулахад 3.299.700 төгрөг, ******* түрээс гээд 015 оны 9 сарын 20 өдөр 270.000 төгрөг, 2015 оны 11 сарын 7 өдөр 610.000 төгрөгийн түрээсийн төлбөр, 2015 оны 12 сарын 1 өдөр дахин 610.000 төгрөг, 2015 оны 10 сарын 3 өдөр
Олон улсын түрээсийн төлбөрт 1.456.000 төгрөг, 2015 оны 12 сарын 27 өдөр 3.000.000 төгрөг, 2015 оны 11 сарын 10 өдөр 500.000 төгрөг, 2015 оны 12 сарын 19 өдөр 513.800 төгрөг, ингээд түрээс лангууны засварт нийт 5.559.800 төгрөг болж байна.

Мөн ингэж ажиллах явцдаа ******* гэх хүнтэй ******* ярьж байгаад зээл аваад Альбишид өгсөн. Энэ зээлийн хүү 1.546.000 төгрөгийг ******* төлсөн байдаг.

Хариуцагч хариу тайлбартаа 28,409,700 төгрөгийн өрийг төлсөн нь үнэн гэж зөвшөөрсөн. Бид дээр дурдсан зээл төлсөн дүнг дансаар шүүж үзэхэд сая зөвшөөрсөн дүн нь ороод нийт 43.192.300 төгрөг болж байгаа. Бид 53.254.300 төгрөг гэж нэхэмжилсэн үүнээс зөрүү 10.662.000 төгрөгөөр бууруулж 43.192.300 төгрөг болж байна.

Нэхэмжлэлээс барааны үнэ 54.902.300 төгрөг нэхэмжилснийг татгалзаж байна.

Зээл авч 24.000.000 төгрөгийн хүү төлсөн. Үүнийг нэхэмжилж байгаа. ******* өрийг дарахдаа ******* Худалдаа хөгжлийн банкнаас өөрийн нэр дээр зээл авч, энэ мөнгөөрөө өр зээлийг нь дарсан. Өөрөө үндэслэлгүй хүү нэхэмжилж байна. Иймд нийт 76,367,300 төгрөг нэхэмжилж байна. 

  1. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Анх 85,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан багасгаад 64,467,300 төгрөг болж байна.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

1. Нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч өөрөө нотолж чадахгүй байна.

2. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна.

...*******ийн Хаан банкны ******* данснаас ******* Хаан банкны ******* дансанд бэлэн бусаар орсон 9.075.000 төгрөг давсныг хүлээн зөвшөөрч байна.

3. ...Хоёр лангуугаа үлдэгдэл 20,000,000 төгтөгийн барааны хамт эгчдээ зарахаар тохирсон. Үүнийг хүлээн зөвшөөрсөн байгаа. Гэрээний дагуу 80 сая төгрөгийг 2015 оны 9 сард төлөхөөр тохирсон. Гэтэл гэрээнд заасан хугацаанд ******* 80 сая төгрөгийг төлж чадаагүй. Цувуулаад л төлсөн. Ингээд зээл болон түрээсийн төлбөр 28.409.700 төгрөг *******ийн өр буюу түрээсийн төлбөрт ******* төлсөн байна.

*******ийн Хаан банкны данснаас шилжүүлсэн мөнгийг шүүж үзэхэд 9.075.000 төгрөг болсон. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа бол 9,175,000 төгрөг гэсэн. Тэгэхээр зөрүү 100,000 төгрөг нэхэмжлэгч илүү бодсон байна. 9.075.000 төгрөгийг манайх зөвшөөрч байгаа.

*******ийн Хаан банк дахь ******* данс руу ******* хаан банкны ******* данснаас 2015 оны 9 сарын 1-ний өдрөөс 2020 оны 12 сарын 24-ний өдөр хүртэл 24.329.400 төгрөг дансаар буцааж төлсөн байна.

******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... би 21.300.000 төгрөг буцаагаад авсан гээд байгаад учир буцаан авсан гэх барааны 21.300.000 төгрөг, буцааж төлсөн 24,329,400 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас 45,629,400 төгрөгийг буцааж төлсөн. Нэхэмжлэлийн 4 дэх шаардлага болох 24 сая төгрөгийн хүү нэхэмжилснийг зөвшөөрөхгүй байгаа. Үүнийг хасаж тооцно. Нэхэмжлэгч өнөөдөр 54 орчим сая төгрөгийг барааны үнээс татгалзсан учир түүн дээр тайлбар хэлэхгүй. Түүнээс би тайлбар бэлдсэн байсан.

Нэхэмжлэлийн үнийн дүнгээс үлдэх 7 сая орчим төгрөгийг зөвшөөрөхгүй. Энэ шаардлага нотлогдохгүй байна. ******* гэдэг хүний зээлсэн мөнгөний хүү төлснийг зөвшөөрөхгүй. ******* *******гаас зээл авсан зээлийн гэрээ хэрэгт байгаа. Түүнээс Альбиш *******гаас мөнгө зээлсэн баримт байхгүй. Үүний хүүд төлсөн мөнгийг зөвшөөрөхгүй гэв.

3.Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч *******ээс 27,554,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 49,712,600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 591,718 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 295,724 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 4,570 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 2022 оны  01 дүгээр сарын 20-ны өдрийн 151 дүгээртэй шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

4.а. Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухайд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтыг хэрэглэлгүй орхигдуулсан. Мөн худалдан авагч тал гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит байдал үүссэнээс худалдагч тал гэрээнээс татгалзсан байхад Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх заалтыг хэрэглээгүй.

4.б. Зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу ойлгож үндэслэлгүй дүгнэлт хийсэн талаар: Шүүх зохигчдын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж шүүх дүгнэсэн тохиолдолд анх хэлцлээр лангууны хамт үлдсэн барааны үнэ болох 21,300,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох байсан.

4.в. Шүүх дансны хуулгыг нарийн шалгаж үзээгүйгээс тооцооны алдаа гаргасан талаар: Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримт болон болох худалдах, худалдан авах гэрээ, *******ийн хаан банкин дахь диспозит дансны хуулгаас харахад хариуцагчийн *******ээс авсан гэж хүлээн зөвшөөрсөн нийт 40,484,700 төгрөгөөс анх гэрээ хийхдээ лангуунд үлдээсэн барааны үнэ 21,300,000 төгрөг, *******ээс *******т дансаар шилжүүлсэн бараа гэсэн утгатай гүйлгээнээс бусад гүйлгээний дүн 17,160,300 төгрөг нийт 38,460,300 төгрөгийг хасч үлдэх 2,024,400 төгрөгийг *******, *******т төлөх үндэслэлтэй байна.

4.г. Хэргийн оролцогчийн эрхийн зөрчсөн талаар: Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан 85,839,600 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны явцад өөрчилж 76,267,300 төгрөг болгон багасгасан бөгөөд энэ нэхэмжлэлийг хариуцагчид гардуулж нэмэлт тайлбар гаргаж өгөх боломжоор шүүх хангаагүйгээс шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтад алдаатай, буруу дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 27,554,700 төгрөгөөс 25,530,300 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******ид холбогдуулж бэлнээр өгсөн 9,683,000 төгрөг, бараагаар өгсөн 54,902,300 төгрөг, түрээсийн төлбөр болон бусдад төлөх өрийг төлсөн 53,254,300 төгрөг, зээлийн хүүд төлсөн 24,000,000 төгрөг нийт 141,839,600 төгрөгөөс буцаан төлсөн 21,300,000 төгрөг, дансаар шилжүүлсэн 34,700,000 төгрөг хасаж үлдэх 85,839,600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлээр шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 76,267,300 төгрөг гаргуулахаар  нэхэмжилсэн байх ба дээрх  нэхэмжлэлийн шаардлагаас барааны үнэ гэх 54,902,300 төгрөгөөс татгалзсан байна.

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагаас 31,409,700 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, бараагаар буцаан өгсөн 21,300,000 төгрөг, дансаар шилжүүлсэн  24,329,400 төгрөг нийт 45,629,400 төгрөгийг төлж барагдуулсан тул тэр хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар

1. Хэргийн зохигчид төрсөн эгч дүүс бөгөөд нэхэмжлэгч ******* 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Олон улсын худалдааны төвд байрлах “Хилэм-2”, Дархан зах худалдааны төвд байрлах “Хилэм-3”  аялал, спорт барааны дэлгүүрийг төрсөн дүү *******ээс 80,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, эд хөрөнгийг *******ийн эзэмшилд шилжүүлж, 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл дэлгүүрийн лангууг ажиллуулж байсан болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, бусад гэрчүүдийн мэдүүлэг, “Тээвэр Дархан” ХК-ий тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээний 1.1-д  худалдагч тал өөрийн өмчлөлийн зүйл болох Хилэм-2, Хилэм-3 дэлгүүрийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон боловч тус дэлгүүрүүд нь  улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх, гэрээний дагуу хөрөнгө шилжүүлсэн тухай улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх нь тодорхойгүй тул хүчин төгөлдөр бус байх шинжийг агуулсан хэлцэл гэж үзнэ.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасныг зөрчжээ.

Түүнчлэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д  худалдагч нь эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй байна.

Талуудын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан, хэргийн 17 дугаар талд авагдсан “Худалдах, худалдан авах гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл байх тул хэлцэл нь хийсэн цагаасаа хүчин төгөлдөр бус байна.

2. Нэхэмжлэгч ******* иргэн П.*******тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг хариуцагчийн өмнөөс гүйцэтгэсэн  гэж зээлийн гэрээ болон  банкны зээл буцаан төлөх хуваарийн хамт шүүхэд ирүүлж, дээрх үндэслэлээр банкны зээлийн хүү 24,000,000 төгрөг, бусдад төлөх зээлийн хүү 6,646,000 төгрөг, түрээсийн төлбөр 5,136,600 төгрөг нэхэмжилснийг хариуцагч ******* татгалзсан байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн дээрх баримт нь  хариуцагч *******ид хэрхэн юуны учир холбогдож байгаа  гэрээний дагуу хэн үүрэг хүлээсэн нь тодорхойгүй, иргэн П.*******тай байгуулсан зээлийн гэрээний үүрэг нь хариуцагч *******ид хэрхэн хамаарч байгаа талаар нэхэмжлэгч ******* баримтаар нотолж чадаагүй тул энэ талаарх хариуцагч *******ийн татгалзал үндэслэлтэй байна гэж үзлээ.

3. Хариуцагч ******* дэлгүүрээ /лангуу/ бараатай нь шилжүүлэхдээ 21,300,000 төгрөгийн барааг хайрцагт хийж, боож баглан нэхэмжлэгч *******т хүргүүлсэн гэж тайлбарлан тус нэхэмжлэлийн шаардлагаас татгалздаг боловч татгалзлаа нотолсон баримтыг хэрэгт ирүүлээгүй, энэ шаардлагаа нотлохын тулд  гэрч , , нараас мэдүүлэг авсан боловч гэрчүүдийн мэдүүлгээр бараа байсан гэдэг боловч хэдэн төгрөгийг ямар үнэ бүхий бараа байсан талаар тодорхой мэдүүлээгүй, зохигчид нь энэ талаар маргаагүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

4. Хариуцагч ******* нэхэмжлэгчийн нэр бүхий 12 хүнд өөрийнх нь өмнөөс төлсөн төлбөр 31,409,700 төгрөг, анх дансаар шилжүүлсэн 9,075,000 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд барааны нэр дурдаж *******д гэсэн утгатайгаар шилжүүлсэн 12,930,000 хасаж, үлдэх 27,554,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

5. Шүүх талуудын хооронд үүссэн төлбөрийн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзал тус бүр дээр дүгнэлт хийж, зөв тооцоолсон дүгнэлт хийжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлээр шаардсан 76,267,300 төгрөгөөс хариуцагч *******ид дансаар шилжүүлсэн 9,075,000 төгрөг, хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн бусдад төлсөн төлбөр 31,409,700 төгрөг нийт 40,484,700 төгрөгөөс нэхэмжлэгч *******д гэсэн утгатайгаар шилжүүлсэн 12,930,000 төгрөгийг хасаж, үлдэх 27,554,700 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв байна.

6. Харин хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ийн өмнөөс бусдад төлөх  төлбөрийг төлж байсан болохыг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй энэхүү шаардлага нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр  хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс  дээрх хөрөнгөө  дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, хуулийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасантай нийцэж байна.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн шийдвэрээр гаргасан төлбөрөөс 25,530,300 төгрөг хасаж тооцуулах агуулгатай давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.*******гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  01 дүгээр сарын 20-ны өдрийн 151 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч *******ээс 27,554,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 49,712,600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг

“Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******ээс 27,554,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 48,712,600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296,000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                               

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.БАЙГАЛМАА

                                              ШҮҮГЧ                                   Г.ДАВААРЕНЧИН

                                       ШҮҮГЧ                                  Л.АМАРСАНАА