| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2018/0092/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/88 |
| Огноо | 2018-06-26 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2018/ШЦТ/88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Батжаргал, улсын яллагч Д.Аянагүл, өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч Б.Ичинхорлоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ичинхорлоод холбогдох эрүүгийн 1836000790089 дугаартай, 178/2018/0092/Э/ индекстэй хэргийг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1968 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн бага бүлгийн багш ажилтай, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 6-4 тоотод оршин суух, ПП68120528 регистрийн дугаартай, Шаргай овогт Баянтүмэнгийн Ичинхорлоо
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Ичинхорлоо нь Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр цэцэрлэгийн бага бүлгийн багшаар ажиллаж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэгүйн улмаас 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тус цэцэрлэгт хүмүүжиж байсан 01 нас 11 сартай Д.Эрхэмбилэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Ичинхорлоо нь Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр цэцэрлэгийн бага бүлгийн багшаар ажиллаж байхдаа анхаарал, хариуцлагагүйн улмаас 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тухайн ангид хүмүүжиж байсан 01 настай Д.Эрхэмбилэгийн дээрээс ханын шкаф унасны улмаас зүүн хөлийн далд хугарал буюу түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учируулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-7-9/
Хохирогч Б.Дэлгэрсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Б.Ичинхорлоо багш над руу залгаад цэцэрлэг дээр хүрээд ирээч гэхээр нь очтол хүүхдүүд тоглож байгаад Д.Эрхэмбилэгийн хөл дээр шкаф унагачихлаа гэсэн. Хүүхдийнхээ хөлийг үзэхэд гуяны мах нь хатуурчихсан байхаар нь шууд эмнэлэгт авчраад үзүүлэхэд рентгэн зургийг нь аваад зүүн хөлний дунд чөмөг дээгүүрээ хугарчихсан байна, боолт хийж болохгүй, хадах шаардлагатай гэсэн. 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хагалгаанд орж хадуулсан.Манай хүүхэд энэ цэцэрлэгт яваад 28-29 хонож байна. Багш нь надтай гэрээ хийгээгүй, хүүхдүүдийн аюулгүй байдлыг багш хангаж ажиллах ёстой байх гэх мэдүүлэг /хх-13-14/
2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 193 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: Д.Эрхэмбилэгийн биед зүүн талын дунд чөмөгний дээд 1/3 хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.Д.Эрхэмбилэгийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.Д.Эрхэмбилэгийн биед учирсан гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д ... гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан / удаан/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх 28/ зэрэг нотлох баримтуудаар багш Б.Ичинхорлоогийн хариуцлага болгоомжгүй үйлдлээс бага насны хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.
2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээртэй шинжээчийн дүгнэлтээр: 1 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, Эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох дүрэм, журам, стандартын хэрэгжилт хангалтгүй байна.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Бадамсүрэн нь цэцэрлэгийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сахин хангуулах үүрэгтэй.Мөн цэцэрлэгийн эрхлэгч багш нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.2.4,5.2.7-д зааснаар багш Б.Ичинхорлоо нь хүүхдүүдийн аюулгүй байдлыг сахин хангах үүрэгтэй гэх дүгнэлт, гэрч Б.Бадамсүрэнгийн... би 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсоноос хойш гаргасан тушаал байхгүй.Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хангуулах үүрэг бүхий тушаалаар томилсон албан хаагч байхгүй.Багш Б.Ичинхорлоотой хөдөлмөрийн гэрээ байгуулсан, харин Б.Ичинхорлоо багшийн хувьд шинээр ажилд ороод хүүхдүүдийнхээ ар гэрийнхэнтэй гэрээ байгуулж амжаагүй байх ... гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Ичинхорлоогийн... хүүхдүүдийн ар гэрийнхэнтэй гэрээ байгуулах ёстой, гэрээ байгуулж амжаагүй байгаа гэх мэдүүлэг зэргээс цэцэрлэгийн бага бүлгийн багш ажилтай шүүгдэгч Б.Ичинхорлоо нь Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үндэслэл тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Ичинхорлоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан гэмтлийг болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Ичинхорлоо нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-56/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ичинхорлоо нь бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч Б.Дэлгэрсайханы “...Д.Эрхэмбилэгийн эмчилгээний зардал болох 900000 төгрөгийг төлж барагдуулсан,одоо гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр тогтоогдсон.
Шүүгдэгч Б.Ичинхорлоо нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүний улмаас үүсэх үр дагаврыг ойлгон хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нөхцөл байдал, нийгэмд учруулсан хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ичинхорлоод 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Уг гэмт хэрэг нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хүүхдүүдийн аюулгүй байдлыг ханган ажилаагүйн улмаас гарсан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Ичинхорлоо нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Ичинхорлоогийн ХААН банкны 58452920566 дугаартай дансыг битүүмжилсэн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 5/98 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Шаргай овогт Баянтүмэнгийн Ичинхорлоог хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Шаргай овогт Баянтүмэнгийн Ичинхорлоог 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/ дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ичинхорлоо нь торгох ялыг тогтоосонхугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
4.Шүүгдэгч Б.Ичинхорлоо нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийнХААН банкны 58452920566 дугаартай дансыг битүүмжилсэн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 5/98 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
5.Шүүгдэгч Б.Ичинхорлоод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоног20ийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form