| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лоолгойн Нямдорж |
| Хэргийн индекс | 2427001490156 |
| Дугаар | 2024/ДШМ/60 |
| Огноо | 2024-12-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2024/ДШМ/60
2024 оны 12 сарын 05-ны өдөр Дугаар 2024/ДШМ/60 Өвөрхангай аймаг
Г.М-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Ц.Эрдэнэбат,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням,
Хохирогчийн нарын өмгөөлөгч Г.Гандөш /цахимаар/,
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийнямын гаргасан гомдлыг үндэслэн Г.Мөнххуягт холбогдох эрүүгийн 2427001490156 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Г.М
Г.М нь 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн ... сумын ... дугаар багт малын бэлчээрээс болж маргалдан Б.Г-ийн толгойд цохих үйлдлээр түүний биед тархи доргилт, цээж хэсэгт цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн ... сумын .... дугаар багт малын бэлчээрээс болж маргалдан Ш.И-гийн биед малын шилбүүрээр цохих, ороолгох, түлхэх үйлдлээр түүний биед баруун 10 дугаар хавирганы зөрөөтэй далд хугарал, тархи доргилт, баруун суга, баруун шуу, баруун шилбэ хэсэгт цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос: Г.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ыг Өвөрхангай аймгийн ... сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нээлттэй, хаалттай 423 дугаар ангид даалган, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар шүүгдэгч Г.М-гаас хохиролд 163,883 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.И-д, Б.Г нарт, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг арилгуулах нөхөн төлбөрт 17,160,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.И-д 8,580,000 төгрөг, хохирогч Б.Г-д 8,580,000 төгрөгийг тус тус гаргуулж олгохоор, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 -д зааснаар шүүгдэгчээс эрүүл мэндийн даатгалын санд 115,711 төгрөгийг төлүүлэхээр, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өмгөөлөгч М.Дамбийням би шүүгдэгч Г.М-тай 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.М-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар хохирогч нарын сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг арилгуулах нөхөн төлбөрт 17,160,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэжээ.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг хуульчилсан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчилсан.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр журамласан. Дээрх хууль болон журамд заасан заалтуудаас үзэхэд шинжилгээний байгууллага хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, хүснэгтээр тогтоосон тохиолдолд мөрдөгч нь хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг танилцуулж. хавтаст хэргийн материалд хавсаргахаар заасан.
Уг хэргийн тухайд хохирогч нарын сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжилгээний байгууллага тогтоогоогүй бөгөөд зөвхөн мөрдөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг танилцуулсан баримтыг үндэслэн сэтгэцийн хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолын 5 дугаар заалтад өөрчлөлт оруулж /сэтгэцэд учирсан хохирол, хор уршигт 17,160,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн хэсэгт/ өгнө уү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа. Анхны шатны шүүхээс хохирогч нарын сэтгэцэд учирсан хохиролд нийтдээ 17,160,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүх шинжилгээний тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг зөвхөн Шинжилгээний байгууллага хийхээр хуульчилсан. Мөн хуульд нийцүүлэн гаргасан Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай тогтоолууд гарсан. Энэ тушаалын 2.1-2.5 хүртэл заасан гэмт хэрэг гэдэг нь хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг мөн шинжилгээний байгууллага хийхээр журамласан. Үүнийг мөрдөгч хүлээн зөвшөөрснийг танилцуулна гэж заасан. Тэгэхээр тухайн хэрэгт мөрдөгч зөвшөөрсөн хохирлын гуравдугаар зэрэглэлд хэлэлцэх байдлаар үүргээ тогтоогоод хохирогчоор гаргуулах асуудлыг танилцуулсан баримтыг үндэслэж анхан шатны шүүх сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолын 5 дах заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Прокурор Ц.Эрдэнэбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.М-гийн давж заалдах гомдол болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбартай танилцлаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийн гэм буруугийн үйл баримтад эрх зүйн өөрчлөлт өгсөн. Гомдолд дурдагдаж байгаа асуудлаар дүгнэлт өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын тушаал болон Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 25 дугаартай тогтоол зэргийг дурдаж үндэслэсэн. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн хохиролд хамаарч байгаа. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 25 дугаартай тогтоолд тухайн зэрэглэлд хамаарч байгаа сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг үндэслэлгүйгээр тодорхой интервалаар тогтоож байгаа. Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын 2.3, 3.3-т зааснаар тухайн хохирогчид мөрдөгч танилцуулаад хүлээн зөвшөөрсөн эсэх арга хэмжээг авч хавсаргах агуулгатай. Мөн Монгол Улсын Дээд Шүүхийн 25 дугаартай тогтоолд заасан 2.3, 3.6-т заасан хүснэгтээр танилцуулж хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр байна. Тэгэхээр заавал шинжээч томилно гэсэн агуулгатай биш. Хоёр сайдын хамтарсан тушаал, Монгол Улсын Дээд Шүүхийн 25 дугаартай тогтоолыг хэзээ, хаана, ямар хэрэгт мөрдөж ажиллах вэ гэдэг асуудал гарч байна. Тухайлсан гэмт хэргийн тухайд Шүүх шинжилгээний байгууллагад гаргаж байгаа жишгийг мөрдөгчид харьцуулж хохирогчид учирсан зэрэглэлийг тогтоож шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үзэж байна. Анхан шатны шүүх сэтгэцэд учирсан хохирлыг талаар үнэлэлт дүгнэлт хийж хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн гомдолд хүчингүй болгох агуулгаас өөрөөр ямар хувь хэмжээгээр тогтоох талаар тайлбар алга байна. Монгол Улсын дээд шүүхэд хууль хэрэглээний нэгдсэн акт тогтоож Монгол Улсын дээд шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 107 дугаартай тогтоолоор хэргийн үйл ажиллагаанд Монгол Улсын дээд шүүх тухайлсан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хүснэгтээр тогтоож, мөн мөрдөгчийн хийж байгаа ажил нь буруу цагуудад хариу зөрүүтэй байна гэсэн. Мөрдөгчийн асуулгыг буруутгаагүй зөвшөөрсөн байдаг.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 2023/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Г.Гандөш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгчийн хувьд гэм буруутай нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийн болон бусад нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон. Тухайлбал хохирогчийн мэдүүлэг, тухайн хэрэг гарах үед байсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эмнэлгийн баримтуудаар гэм буруутай нь нотлогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 663,883 төгрөгийн хохирлын баримтыг гаргаж өгсөн. Шүүгдэгч хурлаас өмнө 500,000 төгрөгийн хохирлыг төлсөн, үлдсэн 163,880 төгрөгийн хохирлыг төлөөгүй. Монгол Улсын Дээд Шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 25 дугаар тогтоолоор Хүний сэтгэлд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалыг баталсан. Энэ аргачлалын 3.6-д зааснаар шинжилгээний байгууллага нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг хүснэгтээр тогтоож шинжээчийн дүгнэлттэй адилхан үзэхээр заасан. Мөн Хууль зүй дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан журамд гэмт хэргийн хохирогчийн хувьд хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эрүүл мэндийн хохирол сэтгэцийн байнгын шинжтэй, хэвийн амьдрал алдагдсан байдал зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан мөрдөгч зэрэглэлийг тогтоож, уг тогтоол нь шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үзэж болохоор заасан.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байх тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийнямаас ... Хохирогч нарын сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжилгээний байгууллага тогтоогоогүй бөгөөд зөвхөн мөрдөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг танилцуулсан баримтыг үндэслэн 17,160,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй учир шийтгэл тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү...гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар шүүгдэгч Г.М-гаас хохиролд 163,883 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.И-д, Б.Г нарт, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг арилгуулах нөхөн төлбөрт 17,160,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.И-д 8,580,000 төгрөг, хохирогч Б.Г-д 8,580,000 төгрөгийг тус тус гаргуулж олгохоор шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна гэж дүгнэлээ.
Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэх үүрэгтэй.
2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэлд ...яллагдагч Г.М нь хавтаст хэргийн материалтай танилцуулах гэж дуудахад ирдэггүй, утас нь холбогддоггүй... гээд Г.М-гийн .... гэх дугаар луу залгасан баримтыг хавсаргажээ. Прокуророос яллагдагч Г.М-т хэргийн материал танилцуулсан тухай баримт хэрэгт авагдсан боловч гарын үсгийн тайлал байхгүй, өөр утасны дугаар бичигдсэн /...../, ямар нэгэн санал, гомдолтой эсэхийг тэмдэглээгүй байгаа нь шүүгдэгчид хэргийн материалыг танилцуулсан гэж дүгнэх боломжгүй байна.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны үед Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар хохирогч Б.Г, Ш.И нарт гуравдугаар зэрэглэлийн сэтгэцэд учирсан хор уршгийг учирсан гэж мөрдөгч тогтоосныг /хх-ийн 100-101 дүгээр хуудас/ хохирогч нар зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Хэдийгээр мөрдөгчөөс тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хохирогч нарт танилцуулахад хүлээн зөвшөөрсөн боловч яллагдагчид уг баримтыг танилцуулаагүй, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс энэ талаар гомдол гаргасан бөгөөд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлтэй холбоотой гомдол, хүсэлт гаргах эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.
Шийтгэх тогтоолд заасан үндэслэл буюу сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт ...энэ хуульд заасны дагуу оролцогчид танилцуулаагүй, хавтаст хэрэг хавсаргаагүй өмгөөлөгчийн нотлох баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй гэж заасан байхад дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дээрх нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулан хэргийг шийдвэрлэжээ.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.М-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.НЯМДОРЖ
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
Б.ЦЭРЭНПҮРЭВ