Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 115/ШШ2026/0018

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Цэнд даргалж, тухайн шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: “ТАИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Дорноговь аймгийн В сумын Засаг дарга /Ш.Б/-д холбогдох, нүүрс тээврийн хөдөлгөөнийг зогсоосон шийдвэртэй холбоотойгоор нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн  захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болох Ц.Б танхимаар биечлэн, В.Б цахимаар биечлэн, хариуцагч Дорноговь аймгийн В сумын Засаг дарга Ш.Б цахимаар биечлэн, хариуцагчийн өмгөөлөгч Э.Даваасүрэн цахимаар биечлэн тус тус оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ оролцон явуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч “ТАИ” ХХК /РД:.../ нь Дорноговь аймгийн В сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Нүүрс тээврийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаанд зогсоох, хяналтын пост ажиллуулах тухай” 2 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлээр, хариуцагч тус аймгийн В сумын Засаг дарга /Ш.Б/-д холбогдуулан маргаж байна.

 

2. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: "ТАИ" ХХК нь Дорноговь аймгийн  В сумын нутагт 1 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд 1, 2 -р ам бүхий эрчим хүчний нүүрс олборлолтын үйл ажиллагааг 2022 оны 09-р сараас эхлэн явуулж байна. Олборлосон нүүрсийг төмөр зам болон автозамаар тээвэрлэж Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги-Мандал хилийн боомтоор экспортод гаргадаг юм.

 

Манай компани нь Монгол Улсын Зам тээврийн яамтай Дорноговь аймгийн В сумын нутагт орших "Н" нүүрсний уурхайгаас Тавантолгой-Манлай-Ханги боомт чиглэлийн авто замтай холбох 127.48 км тусгай зориулалтын авто зам барих, ашиглах тухай 189 дугаартай гэрээг 2022 оны 05-р сарын 09-ний өдөр байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд тусгай зориулалттай автозам барих барилгын ажил явагдаж байгаа билээ.

 

Мөн 2022 оны 11 дүгээр сараас эхлэн Нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр Дорноговь аймгийн В сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 3 дугаар захирамжаар Авто замын трасс тогтоолгож, Дорноговь аймгийн Засаг даргын 202. оны 11-р сарын 17-ны өдрийн 3 дугаар захирамжаар Авто замын чиглэл тогтоолгож, Дорноговь аймгийн Засаг даргын 2023 оны 04-р сарын 11-ний өдрийн 5 дугаар захирамжаар Авто замын түр чиглэл батлуулж, Дорноговь аймгийн Засаг даргын 202. оны 06-р сарын 03-ны өдрийн 4 дугаар захирамжаар Тусгай зориулалтын автозамын чиглэлийг тус тус батлуулсан юм.

 

Гэтэл Дорноговь аймгийн В сумын Засаг даргын 202. оны 05-р сарын 31-ний өдрийн 2 дугаартай захирамжаар Нүүрс тээвэрлэлтийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаанд зогсоох, хяналтын пост ажлуулахаар шийдвэрлэсэн. Дээрх захирамж нь Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар 66.1 дэх хэсэг, Авто тээврийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалт, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, 12.1.8 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь заалт, Аймгийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн "Авто замын түр чиглэл батлах тухай" 5 дугаар захирамж, Аймгийн Засаг даргын 202. оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай 6 дугаар захирамж, Аймгийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн "Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажил зохион байгуулах тухай 7 дугаар захирамжийг тус тус үндэслэсэн байдаг.

 

Дорноговь аймгийн В сумын Засаг даргын 202. оны 05-р сарын 31-ний өдрийн 2 дугаартай захирамжийн үндэслэл болсон хуулийн зохицуулалтуудаас үзэхэд манай компанийн явуулж буй үйл ажиллагаанд хамаарах нь Авто тээврийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалт хамаарч болохоор байгаа хэдий ч Авто тээврийн тухай хуулийн 14 дүгээр зүйл нь Тээвэрлэлтийн ажлыг түр хугацаагаар зогсоох, хязгаарлах асуудлыг шийдвэрлэхээр зохицуулсан хуулийн зохицуулалт байх бөгөөд энэ нь мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг заасан "... Гамшиг, аюулт үзэгдэл болон аюул тохиолдсон нөхцөлд тээвэрлэлтийн ажлыг түр хугацаагаар зогсоох буюу хязгаарлах шийдвэрийг дараахь эрх бүхий албан тушаалтан гаргаж нийтэд мэдээлнэ..." гэсэн нөхцөл бүрдсэн тохиолдолд хэрэглэх хуулийн зохицуулалт юм.

 

Гэтэл манай компанийн явуулж буй тээвэрлэлтийн үйл ажиллагаанд Гамшиг, аюулт үзэгдэл болон аюул тохиолдсон нөхцөл бодитоор бий болоогүй байхад Дорноговь аймгийн В сумын Засаг даргын 202. оны 05-р сарын 31-ний өдрийн 2 дугаартай захирамжаар манай компанийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоож байгаа нь илт хууль бус үзэж байна. Дорноговь аймгийн В сумын Засаг даргын 202. оны 05-р сарын 31-ний өдрийн 2 дугаартай захирамжийн 1 дэх хэсэгт "...Монгол Улсын Зам тээврийн яамны ахлах байцаагчийн 202. оны 05-р сарын 20-ны өдрийн 7 дугаартай албан шаардлагын хүрээнд ирсэн ажлын хэсгийн хяналт шалгалтаар Уул уурхайн уртын тээврийг тодорхойгүй хугацаанд зогсоох үүрэг чиглэл өгсний дагуу Мандах сумын нутаг дэвсгэрт байрлах ДХ нүүрсний ордоос Ханги хилийн боомт чиглэлийн нүүрс тээврийн хөдөлгөөнийг 202. оны 05-р сарын 31-ний өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаанд зогсоосугай..." гэж шийдвэрлэсэн.

 

            Маргаан бүхий захирамжийн үндэслэл болж буй Монгол Улсын Зам тээврийн яамны ахлах байцаагчийн 202. оны 05-р сарын 20-ны өдрийн 7 дугаартай албан шаардлага нь шалгалтаар илэрсэн алдаа дутагдлыг 2025 оны 06-р сарын 20-ны өдрөөс 2025 оны 07-р сарын 25-ны дотор арилгах арга хэмжээ авахыг заасан байдаг бөгөөд манай компаниас албан шаардлагад дурдсан алдаа дутагдлыг арилгасан талаар Зам тээврийн яамны Салбарын хяналтын газарт 2025 оны 06-р сарын 19-ны өдөр мэдэгдсэн болно.

 

Мөн Монгол Улсын Зам тээврийн яамны ахлах байцаагчийн 202. оны 05-р сарын 20-ны өдрийн 7 дугаартай албан шаардлагад дурдсан алдаа дутагдлыг арилгасан талаар Дорноговь аймгийн В сумын Засаг даргад 2025 оны 07-р сарын 22-ны өдрийн 25/144 дугаартай албан бичгээр мэдээлэл, 2025 оны 07-р сарын 30-ны өдрийн 25/148 дугаартай албан бичгээр мэдэгдэл, 2025 оны 08-р сарын 18-ны өдрийн 7 дугаар албан бичгээр гомдол гаргасан боловч Сумын Засаг даргаас аливаа хэлбэрээр хариу өгөхгүй байсан тул дээд шатны байгууллага болох Дорноговь аймгийн Засаг даргад 2025 оны 07-р сарын 30-ны өдрийн 8 дугаартай албан бичгээр мэдэгдэл, 2025 оны 08-р сарын 15-ны өдрийн 9 дугаартай албан бичгээр гомдол тус тус гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу огт өгөхгүй манай компани хохирсоор байна.

 

Дорноговь аймгийн В сумын Засаг даргын 202. оны 05-р сарын 31-ний өдрийн 2 дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй байхад гарсан байх тул илт хууль бус болох нь илэрхийлэгдэж байна.Иймд Дорноговь аймгийн В сумын Засаг даргын 202. оны 05-р сарын 31-ний өдрийн 2 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү, гэсэн  бөгөөд,

 

2.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа;

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бээс: Захиргааны акт бичгээр гарахад хэд хэдэн шаардлагууд тавигддаг. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т бичгээр гаргасан захиргааны актыг дараах шаардлагыг хангасан байна гэж байгаа. Мөн хуулийн 40.2.2-т захиргааны акт хаягласан этгээд нь хувь хүн бол эцэг, эх өөрийн нэр, хаяг, холбоо барих утас, мэдээлэл, хуулийн этгээд бол түүний нэр, хаяг, бүртгэлийн дугаар, холбоо барих мэдээлэл, хуулийн этгээдийн эрхгүй бусад этгээд бол түүний төлөөлөгч, нэр, хаяг, холбоо барих мэдээллийг бичгээр гаргасан захиргааны актад зайлшгүй тусгахаар заасан байгаа.

Гэтэл Мандах сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2 дугаар захирамжаар “ТАИ” ХХК гэсэн нэг ч нэр, үсэг агуулагдаагүй. Яаж холбогдоод байна гэхээр уртын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоох үүрэг чиглэл өгсний дагуу Мандах сумын нутаг дэвсгэрт байрлах ДХ нүүрсний уурхайгаас гээд үүгээр бидний эрх ашгийг хөндөөд байгаа. Хуульд захиргааны актыг бичгээр гаргаж байгаа нөхцөлд хаягласан этгээдийн нэр, хаяг, холбоо барих утасны дугаар, регистрийн дугаар, мэдээллийг зайлшгүй тусгах шаардлагатай. Энэ захирамж дээр “ТАИ” ХХК гэсэн үг өгүүлбэр тусгагдаагүй байгаа.

Мөн захирамжлах хэсгийн нэгдүгээр хэсэгт Монгол улсын Зам тээврийн яамны 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар албан шаардлагын хүрээнд ирсэн албан шаардлага, хяналт шалгалтаар уул уурхайн уртын тээврийг тодорхойгүй хугацаанд зогсоох үүрэг чиглэл өгсний дагуу гэж байгаа. 5 дугаар сарын 20-ны өдрийн албан шаардлагыг бид нар хүлээж авсан. Хүлээж аваад холбогдох ажиллагааг хийж явж байсан. Энэ дээр уртын тээврийн үйл ажиллагааг зогсоо гэсэн нэг ч үг өгүүлбэр байгаагүй. 6 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 25-ны дотор зөрчлөө арилгах шаардлага бид нарт ирсэн.

Гэтэл энэ шаардлагыг үндэслэл болгоод нүүрс тээврийг зогсоогоод байгаа нь үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.4 дэх хэсэгт захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах, мөн хуулийн 40.2.5-т захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах гэдгийг заавал байх шаардлага тавьдаг. Энэ захирамжид хаана яаж гомдол гаргах, хэзээ гомдол гаргах талаарх хугацаа огт байдаггүй. Энэ акт нь өөрөө Захиргааны ерөнхий хуульд заасан бичгээр гаргах захиргааны актыг хангахгүй байна.

Хоёрдугаарт 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоох гэж байгаа. Авто тээврийн тухай хууль дээр аюулт үзэгдэл, гамшигт тохиолдол бий болсон тохиолдолд замын хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох эрх нь байгаа. Гэтэл тодорхойгүй гэж захирамжийн хугацаа нь ингэж томьёолохоор Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан захиргааны актын агуулга ойлгомжтой тодорхой байх гэсэн хуулийн шаардлагатай зөрчилдөөд байна гэж миний хувьд харж байна. Тодорхойгүй гэдгийг яг яаж ойлгох юм, хэдий хүртэл үргэлжлэх юм, ямар зөрчил арилсан тохиолдолд энэ тодорхойгүй хугацаа нь дуусгавар болох юм. Энэ агуулгыг захиргааны акт гаргаж байгаа байгууллагаас тодорхой тусгах ёстой гэж үзэж байна.

Захиргааны актыг эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд заавал урьдчилан мэдэгдэх, урьдчилан мэдэгдсэнээр аливаа хохирлоос урьдчилан сэргийлэх боломжийг олгох ёстой гэж ойлгож байгаа. Гэтэл урьдчилан мэдэгдэлгүйгээр шууд 5 дугаар сарын 31-ний өдөр нүүрс тээврийн хөдөлгөөнийг зогсоосон. Зогсоосонтой холбоотойгоор “ТАИ” ХХК-ийн эрх, ашиг хөндөгдөж байгаа. Мөн цаашлаад уртын тээвэр явуулж байгаа иргэн, аж ахуй нэгжүүд тэдгээрийн ар гэрийн амьдралд бодит эрсдэлүүд үүсэж байгаа. “ТАИ” ХХК-ийн зүгээс бусдын өмнө хүлээсэн буюу гэрээний дагуу үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэх, мөн Төрийн болон орон нутгийн байгууллагад татвар, хураамж хугацаандаа төлж чадахгүй байх бодит нөхцөл байдал шууд илэрч байгаа.

Нүүрс тээврийн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ нь хамгийн хатуу арга хэмжээ, хатуу арга хэмжээ авахаас өмнө урьдчилаад хугацаа заасан мэдэгдэл өгөх, эсхүл арай зөөлхөн байдлаар тээврийн зам дээр явж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний тоог багасгах гэх мэт уян хатан хуулийн этгээдэд боломж олгосон шийдвэрийг авах бүрхэн боломжтой байсан. Гэтэл Захиргааны ерөнхий хуульд заасан хамгийн хатуу буюу зогсоох арга хэмжээ авсан. Зогсоох арга хэмжээ авч байгаа нь өөрөө тодорхойгүй хугацаагаар гэж байгаа. Энэ нь өөрөө Засаг даргын шууд эрх хэмжээний асуудлаар шийдэгдэж байгаа. Ийм учраас энэ захиргааны акт нь илт хууль бус захиргааны акт, анхнаасаа энэ захиргааны актыг гаргах хэрэгцээ шаардлага байгаагүй гэж үзэж байгаа.

Орон нутгийн иргэдийн гомдол мэдээл гэж яриад байдаг. Гэтэл нөлөөллийн бүсэд амьдардаг айлуудтай бид нар хамтын ажиллагааны гэрээ байгуулж нөхөн олговор олгодог. Эдгээр айлуудтай болон бусад хүмүүстэй харилцаа сайн байдаг. Гомдол гаргасан талаар нөлөөллийн айлуудтай уулзахад бид нарын зүгээс ямар нэгэн гомдол, санал гаргаагүй гэж тайлбар өгдөг. Мөн аюулт нөхцөл байдал бий болсон байгаль орчинд хохирол учирсан гэж байна. Энэ нь хэрхэн яаж тогтоогдож дүгнэгдээд байгаа юм. Наад захын хөрсний лабораторийн шинжилгээний хариу байхгүй. Зүгээр л тодорхой  аюулт нөхцөл байдал бий боллоо, тодорхойгүй хугацаагаар хаалаа, та хэд тээвэрлэлтээ явуулахгүй шүү гэж цагдаагийн пост ажиллуулаад өнөөдрийг хүртэл энэ арга хэмжээ авагдсан хэвээр байгаа.

Мөн манай зүгээс холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэсэн, энэ үйлчлэлийг зогсоож өгөөч гэж албан шаардлага өгдөг. Ямар ч хариу өгдөггүй. Мөн тухайн замд хяналт шалгалт хийж нөхцөл байдал сайжирсан эсэх талаар ямар нэгэн ажиллагаа огт хийгээгүй. Бидний зүгээс төрийн байгууллага, орон нутгийн байгууллагын шийдвэр үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаад тухайн цаг хугацаанд шүүх, цагдаад хандаагүй. Дурдсан зөрчлүүдийг арилгаад сум болон аймаг, мөн Зам тээврийн яамд гомдол, хүсэлтээ гаргаад шийдвэрлүүлж болох юм байна гэдэг агуулгаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй явж байсан. Гэтэл зөрчлүүдээ арилгаад тээврийн үйл ажиллагааг нээж өгөөч компанийн асуудал хэцүүдлээ, үүний улмаас туслан гүйцэтгэгч тээвэрлэгч этгээдүүдийн асуудал хүндэрлээ гэх агуулгаар тайлбар бичгээр гаргасан боловч ямар ч хариу өгөхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан,

Өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж байгаа шаардлага нь Дорноговь аймгийн В сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох энэ шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцсэн гэж ойлгож байгаа. Хэрэгт маш олон баримтууд авагдсан байна. Энэ нь хамааралтай эсэхийг шүүх бүрэлдэхүүн тунгааж дүгнэлт өгөөсэй гэж хүсэж байна. Захиргааны ерөнхий хуульд заасан захирамж түүний хэлбэрийн шаардлага хууль зүйн үндэслэл тодорхой ойлгомжтой байхыг Захиргааны ерөнхий хуулиар шаарддаг. Захирамж нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахгүй байна гэж харж байна. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.2-т захиргааны акт хаягласан этгээд нь хуулийн этгээд бол тодорхой нэр, хаяг, регистрийн дугаар, холбоо барих мэдээллийг тодорхой тусгахыг шаардаж байгаа. Гэтэл нүүрс тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоох хяналтын пост ажиллуулах захирамж дээр “ТАИ” ХХК гэсэн ямар ч нэр томьёо агуулаагүй. Агуулаагүй атлаа “ТАИ” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд шууд халдсан захирамж гаргасан.

Хоёрдугаарт, энэ захирамжинд хэзээ хаана, яаж гомдол гаргах талаар тодорхой дурдах ёстой. Гэтэл дурдаагүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан  захиргааны байгууллага акт гаргахдаа энэ хуулийн 38.1-т зааснаас гадна дараах нэмэлт зохицуулалтыг хэрэглэнэ гэсэн байдаг. Эерэг, сөрөг нөлөө бүхий захиргааны акт тодорхой цагт эхлэх, дуусах эсхүл тодорхой хугацааны туршид үйлчлэхээр, үүнийг тодорхой заана гэж байгаа. Гэтэл Засаг дарга нь тодорхойгүй хугацаагаар захирамжийн зөвхөн эхлэх хугацааг заасан байна. Харин дуусах хугацаа нь хэзээ юм. Хугацаа заах боломжгүй байвал ямар нэгэн үйл баримт бий болсны дараа ч гэдэг юм уу, Захиргааны ерөнхий хуулийн 38.2.2-т эерэг сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт хожим бий болох үйл явдлаас хамаарч эсхүл болохгүй болохыг тогтоохоор гэж зааснаар хугацааг хязгаарлаж болно.

Гэтэл энэ захирамж дээр тодорхойгүй гэдэг хугацаа заагаад байгаа нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байна. Захирамж дээр нүүрс тээврийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаанд зогсоо гэснээр “ДХ” нүүрсний уурхайгаас Ханги мандал чиглэл хүртэл нүүрс тээврийг зогсоож шийдвэрлэсэн. Энэ нь уурхайд хаяглаж гаргаад байгаа юм уу, компанид хаяглаж гаргаад байгаа юм уу. Гэтэл ДХ гэж нэг том уурхай дотор 4 ам бүхий уурхай ажиллаж байгаа. “ДХ” уурхайгаас гараад Номгон, Бор хошуу хүртэл тээвэрлэлт яваад байна. Аль цэгээс аль цэг хүртэл хязгаарлаад байгаа нь ойлгомжгүй, тэгсэн атлаа уртын тээврийг зогсоогоод байгаа.Төмөр зам чиглэлд явахаар байгаль орчин, хүн, малд аюултай нөхцөл бий болгохгүй, харин Ханги боомт чиглэлд явахаараа байгаль орчин, хүн, малд аюултай нөхцөл байдал бий болоод байна гэж тайлбарлаад байгаа нь өөрөө үндэслэлгүй байна.

Дараагийн асуудал нь Засаг даргын захирамжийн үндэслэл болсон хууль хэрэглээнээс Автотээврийн тухай хуулийн 14.1, 14.1.2-т заасныг баримталдаг. Үүн дээр түрүүн нэлээдгүй мэтгэлцсэн. Гэхдээ энд зааснаар Засаг даргын бүрэн эрхийн хэмжээнд түр хугацаагаар зогсоох эрх хэмжээ олгогдсон байдаг. Энэ нь байгалийн гамшиг бий болсон, аюул осол бий болсон эсхүл цаг агаарын нөхцөл байдал, гоц халдварт өвчин ийм нөхцөл байдлуудаас түр хугацаагаар зогсоох арга хэмжээ авах эрх хэмжээтэй. Гэтэл ийм асуудал бодитоор бий болоогүй байхад энэ хуулийн заалтын дагуу тээврийн хөдөлгөөнийг зогсоож байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн дараагийн асуудал энэ захирамжийг гаргаснаараа бусдын хууль ёсны эрх ашиг хэрхэн хөндөгдөх вэ гэдэг байдлаар урьдчилсан байдлаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй, судалгаа шинжилгээ огт хийгээгүй. Өөрөөр хэлбэл бидний зүгээс уурхайн үйл ажиллагаа эхлээд төдийлөн удаагүй. Зорилго, зорилт нь Монгол улсад аюул, осол авааргүй тэргүүний уул уурхай болохын төлөө зорилгоо тавин ажиллаж орон нутаг болон улсад хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна. Үүнийхээ хүрээнд тодорхой зөрчил дутагдал гарах л байх, тэр болгонд сум орон нутаг, захиргаатайгаа хамтраад зөвлөмж, туслалцааг нь аваад засаж сайжруулаад үйл ажиллагаагаа хэвийн явуулах хүсэл сонирхолтой байгаад байдаг. Гэтэл сум орон нутгаас хамгийн хатуу арга хэмжээ буюу зогсоох арга хэмжээ аваад байгаа нь өөрөө бидний эрх ашгийг шууд хөндөж байна. Өөрөөр хэлбэл бид нар тээвэрлэлтээрээ төдий хэмжээний нүүрс экспортод гаргана, үүний улмаас төдий хэмжээний нүүрсийг бид нар агуулах дээрээ нөөц хэлбэрээр байлгана гэдэг төлөвлөгөөний дагуу нүүрс олборлолтын үйл ажиллагаагаа маш их зардал гарган авч, борлуулалтад гаргахад бэлэн болсон байсан.

Гэтэл зогсоох арга хэмжээ авснаараа 26 сая орчим тонн нүүрс шатаад үнс болсон, иймд нөхцөл байдлыг урьдчилсан байдлаар эрх, ашиг нь хөндөгдөж байгаа буюу манай компанид урьдчилан мэдэгдээд, тодорхой тээврийн зам дээр тээвэрлэлт хийх машины тоог цөөлөх эсхүл үйл ажиллагааг сайжруулдаг юм уу хугацаатай үүрэг даалгавар өгөөд, Зам тээврийн яамны улсын ахлах байцаагч ийм албан шаардлага өгөөд энэ асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Гэтэл шууд зогсоох арга хэмжээ авснаараа ийм хэмжээний хохирол бидэнд учирсан.

Мөн Зам тээврийн хөгжлийн яамны 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн албан шаардлагаар маш тодорхой 9 асуудлаар үүрэг чиглэл өгсөн. Энэ 9 асуудлыг хэдий хугацаанд яаж засаж сайжруулах талаар мөн шаардлага дээрээ хугацаа зааж өгсөн байсан. Үүний дагуу бид, сая шинжлэн судалсан 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн албан бичиг, холбогдох баримтууд бүхий шаардлагын биелэлтийг тус Яамны холбогдох газарт хүргүүлсэн. Хэрвээ Засаг даргын яриад байгаа аюултай нөхцөл байдлууд болсон бол улсын байцаагч тухайн цаг хугацаанд зогсоох бүрэн боломжтой байсан.

Гэтэл 5 дугаар сарын 20-ны өдөр улсын байцаагч шалгалт явуулаад 5 дугаар сарын 31-ний өдөр шууд зогсоох арга хэмжээ авч байгаа. Зогсоож байгаа захирамжийн үндэслэл нь 5 дугаар сарын 20-ны өдрийн албан шаардлагын хүрээнд ирсэн ажлын хэсэг хяналт шалгалтаар уул уурхайн уртын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоох үүрэг чиглэл өгсөн гээд байдаг. Энэ албан шаардлага дээр тодорхойгүй хугацаагаар зогсоох ямар ч үг өгүүлбэр байхгүй. Харин энэ шаардсан хугацаанд зөрчлөө арилгаагүй бол зогсоох гэдэг агуулгатай өгүүлбэр байгаа. Гэтэл энэ шаардлагын хугацаа нь болоогүй 6 дугаар сарын 20-ны дотор зөрчлөө арилгах талаар тайлбараа хүргүүл гэж байгаа. Тийм учраас 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Засаг даргын захирамж гаргах хэрэгцээ шаардлага байгаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна. Захиргааны актын хэлбэрийн шаардлага, хуулийн шаардлага хангаагүй, бодит нөхцөл байдалд нийцээгүй. Ийм учраас илт хууль бус болохыг тогтоож өгөөч гэсэн шаардлага гаргасан. Үүнийг дэмжиж оролцож байна, гэв.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Баас: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохын тулд дараах тайлбарыг нэмж хэлье. Маргаан бүхий захиргааны акт нь хууль тогтоомж болон зарчимд нийцээгүй гэж үзэж байгаа. Тухайлбал Захиргааны ерөнхий хуульд захиргааны актыг гаргахад баримтлах үндсэн үйл ажиллагааны зарчим гэж байгаа. Мөн захиргааны шийдвэр гаргахад оролцогчийг оролцуулах, оролцогчийн эрхийг хэрхэн эдлүүлэх, нөгөө талаар захиргааны акт гаргахын өмнө нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, оролцогчийг сонсох, сонсох ажиллагаа явуулах, мөн захиргааны актын хэлбэр агуулга гээд энэ актыг гарахад зохицуулах хэм хэмжээ бүхий л нөхцөл байдлыг Захиргааны ерөнхий хуулиар зохицуулаад өгсөн.

Өнөөдрийн маргаан бүхий захиргааны акт нь дээрх Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй, тогтоогддоггүй. Энэ нь өөрөө талуудын шүүх хуралдааны мэтгэлцээний явцад илэрхий тогтоогдох байх гэсэн бодолтой байна. Энэ нөхцөл байдал талуудын мэтгэлцээний явцад тогтоогдохгүй бол маргаан бүхий акт нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн илтэд үндэслэлгүй акт болох нь илэрхийлэгдэнэ гэж ойлгож байна. Захиргааны акт нь хуульд зааснаар утга агуулгын хувьд илэрхий алдаагүй байхаар зохицуулж өгсөн байдаг. Гэтэл маргаан бүхий захиргааны акт нь тодорхойгүй хугацаанд гэдгийг хэрхэн яаж ойлгох юм. Энэ нь илэрхийлэгдэхгүй байгаа. Нөгөө талаар захиргааны актыг гаргаж байгаа хууль зүйн үндэслэлүүд байгаа. Энэ үндэслэлүүдийн чухам аль нөхцөл байдал нь нэхэмжлэгч компанид хэрхэн үүсээд байгаа, яаж арга хэмжээ авах нөхцөл нь тээврийн үйл ажиллагааг зогсоох нөхцөл болоод байгаа юм. Энэ нөхцөл байдлуудыг тогтоогоогүйгээр гаргасан илт хууль бус захиргааны акт болох нь илэрхийлэгдэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн эхний тайлбарыг гаргаж байна,

Захиргааны ерөнхий хуульд захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчмыг зааж өгсөн байгаа. Захиргааны үйл ажиллагааны зарчмыг 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааж өгсөн байгаа. Үүний 4.2.1-д хууль дээдлэх үндсэн зарчимтай, 4.2.5 дээр захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, бодит байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимтай, 4.2.6-д зааснаар бусдын эрх, ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах, эдгээр зарчимд нийцүүлж шийдвэрээ гаргана.

Гэтэл сая шүүхийн хэлэлцүүлэгт болон нотлох баримт шинжлэн судлахад оролцоог хангасан эсэх нь тогтоогдохгүй байна. Оролцоог хангасан бол нэхэмжлэгч талд ямар эрх хэмжээ байх байсан гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд зааснаар оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, 26 дугаар зүйлд зааснаар мөн оролцогчийг сонсох ажиллагааг хэрэгжүүлээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д захиргааны акт гаргахын өмнө эрх ашиг нь зөрчигдсөн этгээдийн санал, тайлбарыг авах боломжийг захиргааны байгууллага олгохоор байгаа боловч энэ асуудлыг хэрэгжүүлээгүй. Сонсох ажиллагааг явуулаагүйгээ хариуцагчийн өмгөөлөгч юу гэж тайлбарлаж байна гэхээр, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд сонсох ажиллагааг явуулахгүй байх тохиолдлуудыг зааж өгсөн байгаа. Үүнийг нарийвчлаад шүүх хуралдааны явцад хариуцагчийн өмгөөлөгч нь Захиргааны ерөнхий хуулийн 28.1.1-д заасныг баримталсан. Захиргааны ерөнхий хуулийн 28.1.1-т заасан нь захиргааны акт нь өөрөө нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол сонсох ажиллагаа явуулахгүй байж болно, гэтэл энэ актыг гаргаснаараа нийтийн эрх ашгийг хамгаалах зорилготой гаргасан гэж байгаа, тэгвэл энд сонсох ажиллагааг явуулах ёстой. Гэтэл ашиг сонирхолд сөргөөр нөлөөлнө гээд сонсох ажиллагааг явуулаагүй гэж өмгөөлөгч нь тайлбарлаад байна.

Захиргааны ерөнхий хуулийн 28.1.2-т заасан гарцаагүй байдлын улмаас эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол сонсох ажиллагаа явуулахгүй байж болохоор байгаа. Гарцаагүй байдал үүссэн гэж үзвэл 5 дугаар сарын 20-ны өдөр ирсэн Төрийн захиргааны төв байгууллагын улсын байцаагч нар ямар ажиллагаа хийсэн бэ. Үнэхээр аюултай нөхцөл байдал байгаад гарцаагүй байдал байсан бол тэд нар яагаад зогсоосонгүй вэ, яагаад Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.8-д зааснаар алдаа дутагдлыг арилгах шаардлага өгөөд байна. Илэрсэн алдаа дутагдлыг арилгах шаардлага гэж гаргасан. Засаг даргын хэлээд байгаа шиг тийм аюултай нөхцөл байдал байсан бол 5 дугаар сарын 20-ны өдөр улсын байцаагч нар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.7-д заасан эрх хэмжээгээ эдлээд зогсоочих ёстой.

Нөгөө талаар аймгийн Засаг даргын захирамж гарсны дараа дахиад улсын байцаагч нар 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ирж шалгалт хийсэн. Энэ үед аюултай нөхцөл байдал байсан бол аймгийн байцаагч нар мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.7-д заасан эрх хэмжээгээ эдлэхгүй яагаад алдаа дутагдал, зөрчлийг арилгах шаардлага өгөөд байна. Улсын байцаагч нарын шаардлага нь дандаа хугацаатай нөхцөлүүдийг заасан байгаа. Гэтэл дунд нь аюултай байна гээд Засаг дарга захирамж гаргаад байгаа нь үндэслэлтэй юм уу.

Захиргааны акт хүчин төгөлдөр болох нөхцөл байдлыг Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлд заасан байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 46.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно. Түрүүнд би Шижир даргаас асуусан. Энэ Засаг даргын захирамжаа мэдэгдсэн үү гэдгийг. Мэдэгдэх асуудал нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд тодорхой байгаа. Энэ хүрээнд мэдэгдсэн үү гэхэд мэйлээр явуулсан гэсэн, мэйлээр явуулсныгаа баримтжуулсан уу гэхэд мэйлээр л явуулсан гээд байна. Захиргааны ерөнхий хуулийн 43.2-т захиргааны байгууллага нь захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд шуудан болон цахим, шуудан бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд баримтжуулна гэж байгаа.

Гэтэл энэ баримт байхгүй. Баримт байхгүй гэдэг нь Захиргааны ерөнхий хуулийн 46.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болоогүй гэж миний хувьд үзэж байна. Бид нарт мэдэгдсэнийг баримтжуулсан баримт байхгүй учраас энэ хуульд зааснаар  хүчин төгөлдөр болоогүй байна. Хууль зүйн хувьд эдгээр тохиолдлуудыг Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Бид нарын мэтгэлцээний явцад аюул хэрхэн, хаана, яаж үүсээд байгаа юм гэдэг тал дээр хариуцагч үндэслэл бүхий тайлбарлаж чадсангүй гэж үзэж байна. Шалгалт болон маргаан бүхий захиргааны акт гарах болсон үндэслэл нь иргэдийн санал, гомдол гэдэг  үндэслэлүүдийг тавиад байгаа. 5 дугаар сарын 30-ны өдрийн иргэдийн саналд Эргэл багийн иргэдийн санал байгаа гэдэг, энэ саналаас үзэхэд тээврийн үйл ажиллагааг зогсоогоод өгөөч гэсэн асуудал огт байхгүй.

Харин сайжруулаач гэж байгаа. Энэ дагуух үйл ажиллагаагаа сайжруулахыг албан шаардлагаар өгсөн. Үүний хүрээнд бид 2025 оны 6 дугаар сарын 19-нд үйл ажиллагаагаа сайжруулсан талаар холбогдох баримтууд, фото зураг, хийж хэрэгжүүлсэн ажлыг бүгдийг өгсөн байгаа. Нөлөөллийн айлуудын тухайд Шижир Засаг дарга ч мэдэж байгаа. Өнөөдрийг хүртэл танайх тээврээ явуулбал манайх нөлөөллийн  мөнгөө авмаар байна гэдэг байдлаар манай компанийн удирдах албан тушаалтанд нөлөөллийн төлбөр авч байсан айлууд байнга утсаар ярьж хүсэлтээ илэрхийлж байгаа. Засаг даргын захирамжаар явуулахгүй байгаа учраас боломжгүй байна гэдэг тайлбарыг өгч энэ талаар сум орон нутагтаа хандаарай гэдэг байдлаар тайлбар өгсөн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү, гэв.

 

3. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан "ТАИ" ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч "ТАИ" ХХК нь Дорноговь аймгийн В сумын нутаг дэвсгэрт нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж, олборлосон нүүрсээ Ханги-Мандал хилийн боомт хүртэл тээвэрлэдэг. Нүүрс тээвэрлэх зориулалтын авто зам барих, ашиглах тухай байгуулсан гэрээний дагуу авто замын барилгын ажлыг гүйцэтгэх үүрэгтэй хэдий ч тус компанийн зүгээс уг ажлыг хэрэгжүүлэлгүй, шороон замаар нүүрс тээвэрлэснээс шалтгаалан шороо, тоосжилт ихээр үүсэж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх, орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа нөхцөл байдал бий болсон.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 2 дугаар захирамжаар нүүрс тээврийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоож, хязгаарлах арга хэмжээг авч, уг захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор хяналтын постыг байгуулан ажилласан болно.

Иймд маргаан бүхий захирамжийг илт хууль бус хэмээн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй болно, гэсэн тайлбарыг бичгээр гаргасан ба,

 

3.1 Хариуцагчаас шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Уртын тээврийн зам явж эхэлснээс хойш байгаль орчин, хүний эрүүл аюугүй орчинд амьдрах эрх, малын бэлчээр сүйдэх, энэ зам дээр зам тээврийн осол гарах, хүн амьтны амь нас эрсдэх, тоос шороо их, бид замаар нь явахад урд нэг машин явж байхад зам харагддаггүй. Зам дагуу хогны асуудал байна. Олгой, дугуй хаядаг, ундааны саванд шээгээд хаядаг, 00 цаас, ус ундааны сав хөглөрч байдаг. Замыг янзлаагүй, замын тэмдэг тавьсан гэж ярьж байна. Өнөөдрийн байдлаар тийм зүйл байхгүй байна. Тэгэхээр гаргасан захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ компани эхэлсэн цагаасаа хойш засмал зам тавина гэж явж эхлэхээсээ өмнө энэ асуудлыг ярьж байсан.

Түүнээс хойш ч ярьж байсан. Бид нар тухай бүр амаар болон албан бичгээр хандаж байсан. Энэ нөхцөл байдал цаашид хүндэрвэл болохгүй гэж үзэж захирамжийг миний бие гаргасан байгаа. Замын нөхцөл байдал аймгийн Засаг даргын ажлын хэсгийн дүгнэлт дээр ч байна. Мөн Зам тээврийн яамны ажлын хэсгийн дүгнэлт дээр бүх асуудал байгаа учраас өмгөөлөгчийн ярьж байгаа тайлбартай санал нэг байна. Одоо ч зам нь хэвээрээ байгаа.

“ТАИ” ХХК-ийн богинын тээвэр нь Бор хошуу өртөө рүү хэвийн явж байгаа. Бор хошуу терминал руу “Түмэн айл көүл” ХХК, “ТАИ” ХХК-ийн хоёр уурхайн тээвэр одоогийн байдлаар хэвийн явж байна. Номгон өртөө рүү “ Их түмэн хүрд” ХХК-ийн тээвэр явж байгаа. Монгол улсын Засгийн газраас 2018, 2019 онуудад төмөр замыг тавьсан. Төмөр замтай холбоотой Ханги мандал хилийн боомтоор нүүрсийг нэмэгдүүлэх зорилгоор мөн төр засгийн бодлого хэрэгжүүлэх зорилгоор Бор хошуу болон Номгоны терминал, ачаа барааг нэмэгдүүл гэсэн чиглэлийг төр засгаас бид нарт өгч байгаа. Энэ шаардлагын дагуу тээврийн үйл ажиллагаа явж байгаа. ДХ гэж захирамж дээр дурдсан байгаа. ДХ гэдэг нь эдний бүлэг ордын нэршил байгаа.

Тэр нэршлийг захирамжид оруулсан байгаа. Төмөр замын хажуугаар хуссан замаар Номгон руу тээвэр хийгдэж байгаа. Эдний компанийн нүүрс тээврийг таг зогсоосон зүйл байхгүй. Бор хошуу өртөө рүү нүүрс тээврийн үйл ажиллагааг эдний компани явуулж байгаа. Огт явуулахгүй байгаа зүйл байхгүй. Вагоноор өнөөдрийг хүртэл тээвэр нь хэвийн явж байгаа юм, гэв.

 

3.2 Түүний өмгөөлөгч /Э.Даваасүрэн/-өөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дорноговь аймгийн В сумын Засаг даргын зүгээс 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2 дугаартай захирамж гаргасан. Энэхүү захирамжаар нүүрс тээврийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоож, хяналтын пост ажиллуулахаар шийдвэрлэсэн байдаг. Энэхүү захирамжийг хариуцагч талаас хуульд нийцсэн шийдвэр байна гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ хэд хэдэн нөхцөл байдлын хүрээнд тодорхойлно.

Тодруулбал, нэхэмжлэгч талаас илт хууль бус захиргааны акт гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлдог боловч илт хууль бус шинжид хамаарахгүй нөхцөл байдал байна. Илт хууль бус актад хамаарахгүй байгаа учраас тухайн 2 дугаартай захирамж нь ердийн захиргааны маргаан бүхий актад хамаарч байна. Хэрвээ ердийн маргаан бүхий захиргааны актад хамаарч байгаа тохиолдолд хэрхэн ямар байдлаар хуульд нийцэж байгаа юм. Нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нөхцөл байдал болон хариуцагч талаас сонсох ажиллагааг явуулах шаардлагагүй байсан талаар нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлж тайлбарлана.

Мандах сумын Засаг даргын маргаан бүхий 2 дугаартай захиргааны акт яагаад илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй байна гэж үзээд байна гэхээр 4 үндэслэлээр хамаарахгүй байна гэж тодорхойлж байна. Нэгдүгээрт, илт хууль бус захиргааны акт нь анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүй буюу ямар ч иргэн, хуулийн этгээд тухайн захиргааны актыг биелүүлэх боломжгүй байхыг ойлгодог. Тухайлбал, захиргааны акт гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтан тодорхойгүй байх эсхүл утга агуулгын хувьд илэрхий алдаатай байх, тухайн байгууллагын чиг үүрэгт хамаарахгүй зэргээр эрх зүйн мэдлэггүй хэн ч харсан тухайн захиргааны актыг илт хууль бус гэж тодорхойлох боломжтой. Илт хууль бус акт илэрхий алдаануудыг агуулж байхыг шаарддаг. Гэтэл хуулийн энэ агуулгаас үзвэл илт хууль бус илэрхий алдаа 2 дугаартай захирамжид харагдахгүй байна гэж үзэж байна.

Хоёрдугаарт, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус актын шинжүүдэд үндэслэсэн байдаг. Энэхүү шинжийн хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 буюу захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж шаардлагаа тодорхойлсон байна. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдгийг ямар тохиолдолд хамааруулдаг гэхээр захиргааны актын эрх зүйн үндэслэл тодорхой бус байх, өөрөөр хэлбэл тухайн 2 дугаартай захирамжид хууль зүйн үндэслэлээ тодорхой зааж өгөөгүй байхыг хамааруулна.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлсны дагуу Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй буюу Авто тээврийн тухай хуулийн 14.1-т заасан нөхцөл байдал бодитоор бий болоогүй гэж үздэг. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-т заасан захиргааны акт гаргах эрх үндэслэл байгаагүй гэх шинжид тухайн захиргааны актын эрх зүйн үндэслэл тодорхой бус буюу хуулийн үндэслэлийг заагаагүй, Захиргааны байгууллагаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрхэд халдах, хязгаарлах эрх хуулиар олгогдоогүй байхаас гадна эрх зүйн үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан байхыг хамааруулдаг.

Гэтэл Мандах сумын Засаг даргын гаргасан захиргааны актад Авто тээврийн тухай хуулийн 14.1.2, Автозамын тухай хуулийн 12.1.5, 12.1.8, 15.4, Аймгийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 7 дугаар захирамжаар батлагдсан төлөвлөгөөт бус хяналт шалгалт зохион байгуулах тухай захирамж, мөн Засаг даргын 2025 оны 6 дугаар захирамж болон бусад эрх зүйн актуудыг үндэслэн захирамжийн нэг дэх заалтаар уул уурхайн уртын тээвэр буюу ДХ нүүрсний уурхайгаас Ханги чиглэлийн нүүрс тээврийн хөдөлгөөнийг 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоож, хяналтын пост ажиллуулж шийдвэрлэсэн байдгаар хариуцагч захиргааны байгууллагын албан тушаалтан нь захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлүүдээ тодорхой дурдан зааж өгсөн байна.

Гуравдугаарт, захиргааны актын гол хууль зүйн үндэслэл болох нүүрс тээврийн хөдөлгөөнийг зогсоох арга хэмжээ нь Автотээврийн тухай хуулийн 14.1.2-т зааснаар сумын Засаг даргын бүрэн эрхэд хамаарч байгаа болно. Иймд эдгээр нөхцөл байдлын хүрээнд хууль тогтоомжоор захиргааны актад дурдсан асуудлаар шийдвэр гаргах эрх хууль тогтоомжид тодорхой зохицуулагдсан байгаа тул захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй болох нь хэнд ч тодорхой байх тохиолдлыг бий болсон гэж үзэхээргүй байна.

Дөрөвдүгээрт, Автотээврийн тухай хуулийн 14.1-т заасны дагуу 3-н тохиолдолд тээвэрлэлтийг зогсоох урьдчилсан нөхцөл хангагдах бөгөөд  гамшиг, аюулт үзэгдэл бий болсон, аюул тохиолдсон нөхцөлийн аль нэг нь бий болсон байвал сумын Засаг дарга тээвэрлэлтийг зогсоох арга хэмжээ авахаар хангасан байх ёстой. Хэрэгт авагдсан дараах баримтуудаар аюул тохиолдсон нөхцөл байдал бий болсон буюу Гамшгийн тухай хуулийн 4.1.5-т заасан "аюул" гэж хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан, эд хөрөнгө, музейн үзмэр, цуглуулга, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй аюулт үзэгдэл, осол, хүний буруутай үйл ажиллагаа бий болсон гэж үзэж байна. Тухайлбал улсын ахлах байцаагчийн албан шаардлагад дурдсан нөхцөл байдлын хүрээнд тогтоогдсон нөхцөл байдал байдаг. 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хийгдсэн хяналт шалгалтаар тогтоогддог.

Аймгийн Засаг даргын хяналт шалгалтын ажлын хэсгээс зохион байгуулсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар мөн Хөвсгөл, Хатанбулаг, Мандах сумын иргэдээс гаргасан гомдол санал, илрүүлсэн зөрчил хатуу хучилттай автозамаар тээвэр хийхгүй байгаагаас шалтгаалан маршрутаар явахгүй олон салаа зам гаргаж, байгаль орчин малын бэлчээр сүйтгэх, тоосжилт ихтэй болж ойр орчны малчид бидний амьдрал ахуй эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Эрүүл аюулгүй орчинд тайван амьдрах эрх зөрчигдөж байна, стандарт зам тавьж түүгээрээ тээвэр хийлгэх, 15 айл өрхөөс тоос шороо утаа тортог, хог хаягдал их гарч байгаа тул малын бэлчээр ус хомсдож байгаа, 2025 оны 04 сард Наранбаяраас гаргасан гомдолд, тээврийн замаас 1 км хүрэхгүй газар байрладаг учир тээврийн тоосжилтод малын бэлчээр, хүн мал амьтан өртөж байна.

Хөвсгөл сумын иргэдээс стандартын шаардлага хангаагүй замаар тээвэрлэлт хийсний улмаас тоосжилт ихээр үүсч хүн, мал амьтан, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна. Хатанбулаг сумын иргэдээс олон салаа зам үүсгэсэн, хүн, малын амьдрах орчныг доройтуулж байна, бэлчээр хязгаарлагдаж байна, осол аваар гарч байна, тоосжилт их, үзэгдэх орчин хязгаарлагдмал, зам дээр мал дайрагдах, ахуйн хог хаягдал ихтэй, хөрс бохирдсон-Шороон замын хүнд даацын тээвэрлэлтээс болж эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна, хогийн цэг, нойлын асуудлыг шийдвэрлүүлэх, ТАИ ХХК-ийн зам стандарт шаардлага хангадаггүй тул Айл баян уурхайн тээврийн замаар зорчдог, замын асуудлыг удирдлагын түвшинд шийдвэрлүүлье гэж өөрсдийнх нь жолооч нар болон хариуцсан ажилтнуудаас ажлын хэсэг мэдээлсэн тайлбар, сумын Засаг даргаас өгч байсан албан шаардлагууд болон багийн Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж байсан асуудал дунд нүүрс тээвэрлэлтийн асуудлаас болж хүний эрүүл мэнд байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа тухай асуудлууд хөндөгдсөн.

Хоёр дахь хууль зүйн үндэслэл нь Захиргааны эрх зүйд нэхэмжлэгчийн хүсэл зоригийг хэлбэрээр хязгаарлахгүй буюу харин агуулгыг бүрэн тодорхойлж түүнд үндэслэх зарчмыг баримталдаг бөгөөд үүний хүрээнд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд сонгон нэрлэсэн шаардлагын төрөлд үгчлэн баригдах бус нэгдмэл байдлаар дүгнэн нэхэмжлэгчийн шүүхэд хандсан эрх буюу эрх зүйн хамгаалалт хүссэн бодит үндэслэлд тулгуурлах замаар нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-т заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй болно гэж Улсын дээд шүүхийн 2023 оны 30-р тогтоолд тайлбарласан байдаг.

Өөрөөр хэлбэл шүүхээс нотлох чиг үүргийг хэрэгжүүлэх зарчмын хүрээнд ямар тохиолдолд нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжтой нөхцөл байдлыг тодруулах боломжтой ба захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох эсхүл хүчингүй болгуулах гэж алинаар нь тодорхойлсон байсан ч, тухайн илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлд хүчингүй болгуулах үндэслэл тогтоогдвол энэ агуулгаар нэхэмжлэлийг шийдвэрлэж захиргааны актыг хүчингүй болгох боломжтой гэж заасан байдаг. Үүний хүрээнд нэгэнт хариуцагчаас гаргасан захиргааны акт нь илт хууль бус актын шинжийг агуулахгүй буюу маргаан бүхий ердийн захиргааны акт гэж үзнэ. Ийм учраас ердийн захиргааны акт байна гэж харж байгаа.

Гуравдугаар татгалзлын үндэслэл нь маргаан бүхий ердийн захиргааны акт байгаа тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2-т заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг баримтлах ёстой. Тухайн маргаан бүхий захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд дээд шатны захиргааны байгууллага албан тушаалтанд 30 хоногийн дотор гомдол гаргана. Хэрвээ дээд шатны захиргааны байгууллага албан тушаалтан гомдлыг хянан шийдвэрлээд хариу өгсөн тохиолдолд тухайн хариуг авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргана. Харин хариу өгөхгүй байгаа тохиолдолд 30 хоногийн хугацаанд биелүүлэх үүргээ эс биелүүлсэн бол тухайн хугацааг өнгөрснөөс хойш 30 хоногийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байдаг.

Гэтэл нэхэмжлэгч ТАИ ХХК-ний зүгээс маргаан бүхий 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2 дугаартай захирамжийг эс зөвшөөрөөд аймгийн Засаг даргад 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр болон 8 дугаар сарын 15-ны өдөр гомдол гаргадаг. Гэтэл гомдлыг шийдвэрлээгүй тохиолдолд 30 хоногийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байхад энэ хугацаагаа өнгөрөөгөөд 2025 оны 11 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуульд заасан хугацааг хэтрүүлсэн нөхцөл байдал байгааг шүүхээс анхаарч үзээсэй.

Дараагийн нэг асуудал нь маргаан бүхий захиргааны актын хувьд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангасан эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 28.1.1, 28.1.2-т заасан сонсох ажиллагаа хийхгүй байх тохиолдолд хамаарч байгаа. Тухайн маргаан бүхий захиргааны акт нь хэрэгт авагдсан нөхцөл байдлын хүрээнд, нийтийн эрх, ашиг сонирхлын хүрээнд гарсан. Тухайн сум орон нутгийн хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, мал амьтан болон байгаль орчин, малын бэлчээрийн асуудалд сөрөг нөлөө үзүүлж байгаа нийтийн ашиг сонирхол хохирч байгаа, сөрөг үр дагаврыг бий болгож байгаа энэ нөхцөл байдлын хүрээнд гаргасан хуульд нийцсэн захиргааны акт гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн байр суурийг илэрхийлж байгаа,

Өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нөхцөл байдлын хүрээнд дүгнэхэд Мандах сумын Засаг даргын захирамж захиргааны актын илт хууль бус байх шинжийг агуулдаггүй. Харин маргаан бүхий актын шинжийг агуулж байна. Маргаан бүхий акт нь хуульд нийцсэн учраас сонсох ажиллагааг явуулах шаардлагагүй нөхцөл байдал байсан. Нэхэмжлэгч тал хүчингүй болгуулах шаардлагатай нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн нь тогтоогдож байна. Хамгийн гол асуудал нь Зам тээврийн яамны улсын ахлах байцаагчийн албан шаардлага байгаа. Энэ албан шаардлагыг хэрхэн яаж биелүүлсэн, яаж зөрчлөө арилгасан гэхээр нэхэмжлэгч тал нэг бүрчлэн танилцуулсан гэдэг боловч, танилцуулж судлуулсан тайлбар, тайлан, зургууд гэх баримтууд дээр “ТАИ” ХХК  нь Зам тээврийн яамтай байгуулсан гэрээний дагуу тусгай зориулалттай 127,48 километр авто зам барих ажлыг бодитоор эхлүүлсэн талаар нэг ч дурдаагүй байгаа. Улсын байцаагчийн албан шаардлага дээр хэрвээ тусгай зориулалттай авто замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлээгүй тохиолдолд энэ арга хэмжээг аваарай гэсэн нөхцөл байдлыг дурдсан. Тийм учраас гэрээ цуцалсан асуудал байгаа гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

Эцсийн тайлбараа хэлэхэд В сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар сум орон нутаг дах төрийн удирдлагыг хэрэгжүүлдэг субьект бөгөөд мөн хуулийн 22.1-т зааснаар нутаг орныхоо нийтийн эзэмшлийн зам талбайн ашиглалт, хамгаалалт, бэлчээрийн ашиглалт хамгаалалтын асуудлыг шийдвэрлэх, 59 дүгээр зүйлд зааснаар гамшиг, осол, аюулт үзэгдлийн үед хор уршгийг арилгахтай холбогдуулан тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд буюу түүний тодорхой хэсэгт түр хугацаанд дагаж мөрдөх журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох, нутаг дэвсгэрийнхээ байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, эзэмших, бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулах, түүнд хяналт тавих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг сахиулах, хүн амын аюулгүй байдлыг хангах, малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах ажлыг зохион байгуулах чиглэлээр холбогдох хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.

Энэ чиг үүргийнхээ хүрээнд нутаг орны хүн ам, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд сөргөөр нөлөөлсөн, мал амьтан, байгаль орчинд хохирол учруулсан нөхцөл байдал нэгэнт үүссэн буюу нүүрс тээврийн улмаас замын үзэгдэх орчин хязгаарлагдмал, хөрс сийрэгжиж тоос тоосжилт ихтэй, зам дагууд хөрсний эвдрэл, бохирдол, хог хаягдал маш их бий болсон, машинаас гоожсон тос масло, дугуйны хаягдал зэрэг нь бэлчээрийг бохирдуулах сөрөг үр дагаврыг бий болгосон, зам дээр бамбалзуур үүсч, шавар ихээр гарч, цөмөрсөн, дугуй мөрний гүн ховил үүссэн, стандартын зам барилгын ажил хийгдээгүй, замын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаагүй, ноцтой зөрчигдсөн зэргээр хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан, байгаль орчинд хохирол учруулсан сөрөг үр дагавар бий болсон нөхцөл байдалд хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн асуудлаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар, бие даан шийдвэр гаргаж, 2 захирамжийг гаргаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, нийтийн эрх ашиг сонирхолд нийцсэн шийдвэр байна.

Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тухайн уурхайн ажиллагааны явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээг тодорхойлох, мөн хуулийн 27.1.12 энэ хуулийн 48.6.1-д заасан тухайн ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэлдээ тухайн уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх, дэд бүтцийг хэрхэн бүрдүүлэх болон уурхайн нөхөн сэргээлт, хаалт зэрэгт шаардагдах хөрөнгийн талаар тодорхой тусгах чиг үүргийг хүлээдэг.

Мандах сумын нутаг дэвсгэр дэх “Н” уурхайд одоогийн нөөц нь 250 сая тонн, жилдээ 4-5 сая тонн нүүрсийг олборлон нэг өдөрт дунджаар 100-200 автомашин явах ийм нөөц төлөвлөгөөтэй. Үүнийхээ дагуу Зам тээврийн яамтай уурхай ашиглахтай холбоотойгоор гэрээ байгуулаад замынхаа асуудлыг шийдье, тусгай зориулалттай хатуу хучилттай зам баръя , энэ замаа 20 жил өөрсдөө ашиглая, бусдад ашиглуулж тэрнийхээ төлбөрийг авъя гээд гэрээ байгуулсан боловч энэхүү гэрээнд зааснаар гэрээ байгуулснаас хойш 16 сарын хугацаанд авто замын барилгын ажлыг дуусгахаар тусгагдсан. Гэрээг 2024 оны 03 дугаар сард сунгаж, дахин 22 сарын хугацаанд бүрэн хийж дуусгахаар тохиролцсон боловч тусгай зориулалттай авто замыг барьж дуусгах 38 сарын хугацаанаас 30 сарын хугацаа өнгөрсөн байхад дахин замын ажлыг огт эхлээгүй.

Ингээд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй нутаг орны хүн амыг хохироогоод, өөрсдөө л болж байвал гэсэн хандлагаар хандаж болохгүй. Нэхэмжлэгч тал нь Зам тээврийн яамны улсын байцаагчийн албан шаардлагад түр замын засвар арчлалтыг хийхгүй бол тээврийг зогсоо гээгүй юм аа, өөрөөр хэлбэл тусгай зориулалтын авто замыг барих барилгын ажлыг эхлүүлж явуулаагүй тохиолдолд зогсоох хүртэл арга хэмжээ авах гэсэн шаардлага байдаг, гэтэл хэтэрхий хатуу арга хэмжээ авсан, зөрчлөө арилгах арга хэмжээ олгоогүй гэж тайлбарлаж байх боловч “ТАИ” ХХК-ийн нүүрс тээврийн асуудлаас үүсч буй тоос шорооны асуудал, малын бэлчээрийн асуудал, аюултай хог хаягдлын асуудал улсын байцаагчийн хяналт шалгалтаар гэнэт илэрсэн зүйл биш юм. Сум орон нутгаас тус компанид зөндөө боломж олгосон. Нутаг орны нийгэм эдийн засгийн асуудалд хамтарч ажилладаг гэдэг утгаар замаа арчил, тоос тоосжилтоо багасга гэх зэргээр шаардлага мэдэгдэл хүргүүлж ирсэн боловч зам засвар, арчлалтын ажлыг маргаан бүхий акт гарахаас өмнө 1 жилийн хугацаанд орхигдуулсан.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хандив, тусламж өгөх, түлээ нүүрсний асуудлыг шийдвэрлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана. Энэ бол тухайн нутаг орны байгалийн баялгийг ашигласны төлөө сум орон нутгийн эзийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих, ажлын байр бий болгох чиг үүрэг хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигчид ногдуулсан. Түүнээс тээвэрлэлтийн нөлөөллийн бүсийн 18 айл өрхүүдэд нь мөнгө өгчихье, бид нар ямар ч замаар хамаагүй нүүрсээ тээвэрлээд ашиг олоод компани, түүний цаадах компанийн ажилчид цалин хөлсөө авч л байвал гэсэн байдлаар хандаж болохгүй.

Гэтэл бодит байдал дээр нөлөөллийн нөхөн олговор 800,000 төгрөг аваад эрх ашиг нь сэргэх юм уу, тоосгүй агаараар амьсгалахгүй болчих юм уу. Эдгээр айлуудад тухайн нүүрс тээвэрлэлтийн явцад үүссэн агаарын бохирдол, бэлчээрийн асуудал, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор  нөлөөллийн бүс тогтоогоод нөхөн олговор олгох асуудал яригдаж байгаа. Гэтэл энэ асуудал хэзээ байхгүй болох вэ гэхээр тусгай зориулалттай авто замаа бариад, дараа нь  тээвэрлэлтээ хийсэн тохиолдолд захирамжийн биелэлт зогсоно. Иймд Мандах сумын Засаг даргын захирамж нь хуульд нийцсэн нийтийн ашиг сонирхол, сум орон нутгийн хүн, малын эрүүл мэнд аюулгүй байх, байгаль орчинтой холбоотой гарсан шийдвэр байна гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнийг эс зөвшөөрч хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, мөн тус хэргийн оролцогчид (нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар, хариуцагч болон түүний өмгөөлөгч)-оос тухайн маргааныг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд гаргаж буй тайлбарууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг  үнэлж, дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            2. Хариуцагчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгч “ТАИ” ХХК-ийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаар шүүх хуралдаанд маргаж байх боловч,

            Шүүх, нэхэмжлэгч “ТАИ” ХХК-аас  шүүхэд анх 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тус шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 115/ШЗ2025/0116 дугаар захирамжийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаснаар хянагдаж,

анхан шатны шүүхийн шүүгчийн дээрх захирамжийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 221/ШТ2025/1114 тоот тогтоолыг үндэслэн захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь хууль зөрчөөгүй болно.

 

            3. Нэхэмжлэгч талын гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон түүнийг эс зөвшөөрч хариуцагч талаас тайлбарлаж буй үндэслэл зэргийг агуулгын хувьд дараахь байдлаар  тодорхойлбол:

 

3.1 Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тодорхойлсон байгаагаар, Дорноговь аймгийн В сумын Засаг даргын 2 дугаар захирамж нь  түүнд баримталсан хуулиуд дахь Автотээврийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. дэх хэсэгт заасан нөхцөл байдал манай компанийн явуулж буй тээвэрлэлтийн үйл ажиллагаанд бодитоор бий болоогүй байхад буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад гаргаснаар илт хууль бус гэсэн агуулгаар,

 

3.1.1  Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд, хариуцагчийн 2 дугаар захирамждаа үндэслэл болгосон Зам, тээврийн яамны улсын ахлах байцаагчийн албан шаардлага нь зөвхөн илэрсэн алдаа зөрчлийг арилгуулахаар гарсан байхад түүнд заагаагүй үндэслэлээр буюу “... уртын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоох үүрэг, чиглэл  өгсний дагуу...” гэсэн үндэслэлээр гарсан нь үндэслэлгүй бөгөөд тус захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан зарчим болон хэлбэрийн шаардлагад нийцүүлээгүй, түүний хаяглагдсан этгээд болон дуусах хугацаа тодорхойгүй, сонсох ажиллагааг хийгээгүй, сонсох ажиллагаанд оролцох эрхийг хангаагүй, захиргааны актыг хуульд заасан журмын дагуу мэдэгдэж, баримтжуулаагүй зэргээр тус хуулийн холбогдох  заалтуудыг зөрчсөн гэсэн агуулгаар нэмж тайлбарлан,

 

3.2. Хариуцагч талаас, нэхэмжлэгч нь нүүрс тээвэрлэх тусгай зориулалтын авто зам барих, ашиглах тухай Зам, тээврийн яамтай байгуулсан гэрээний дагуу авто замын барилгын ажлыг гүйцэтгэх үүрэгтэй хэдий ч тус компанийн зүгээс уг ажлыг хэрэгжүүлэлгүй, шороон замаар нүүрс тээвэрлэсний улмаас шороо, тоосжилт их хэмжээгээр үүсэж, газрын хөрс эвдэрч, хог хаягдал ихсэж, байгаль орчин болон хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж Автотээврийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан нөхцөл байдлыг бий болгосон тул 2 дугаар захирамжийг мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар олгосон эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр болохын хувьд захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэх илт хууль бус захиргааны акт болохгүй, гэсэн агуулгаар  тус тус тодорхойлон маргаж байна.

 

4. Маргааны үйл баримтын тухайд:

4.1 Нэхэмжлэгч “ТАИ” ХХК нь Ашигт малтмал, Газрын тосны газраас олгосон, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн MV-021530 дугаартай “Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл”-ийн (1-р хх-ийн 174-177-р тал) дагуу Дорноговь аймгийн В сумын нутаг дэвсгэрт “ДХ” нэртэй уурхайн талбайг эзэмшдэг бөгөөд,

 

4.2  Энэ хүрээнд тус компани нь Монгол Улсын Зам, Тээврийн хөгжлийн сайдын /хуучин нэрээр/ баталсан 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Тусгай зориулалтын авто замын чиглэл батлах тухай” 11 тоот тушаалд (2-р хх-ийн 34-37-р тал) үндэслэн, тус яамтай ”Дорноговь аймгийн В сумын нутагт орших “Н” нүүрсний уурхайгаас  Тавантолгой-Манлай-Ханги боомт чиглэлийн авто замтай холбох 127.48 км тусгай зориулалтын авто зам барих, ашиглах” тухай 189 дугаартай Гэрээг (1-р хх-ийн 192-199-р тал)  2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр, мөн тус гэрээнд “нэмэлт, өөрчлөлт оруулах” тухай 148 дугаартай гэрээг (2-р хх-ийн 38,39-р тал) 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тус тус байгуулсан байна.

 

4.3  Үүний дагуу Дорноговь аймгийн Засаг дарга, мөн тус аймгийн В сумын Засаг дарга нарын зүгээс авто замын чиглэл болон тусгай зориулалтын авто замын чиглэл баталсан дараахь захирамжуудыг гаргасан байх бөгөөд, Үүнд:

            - 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Автозамын трасс тогтоох тухай” 3 дугаартай Дорноговь аймгийн В сумын Засаг даргын захирамж (1-р хх-ийн 166,167-р тал),

            - 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Авто замын чиглэл батлах тухай” А/690 дугаартай Дорноговь аймгийн Засаг даргын захирамж (1-р хх-ийн 131-135-р тал), уг захирамжийг тус Засаг даргаас 2024 оны 4 дугаар захирамжаар хүчингүй болгосон,

            - 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Авто замын түр чиглэл батлах тухай” 5 дугаартай Дорноговь аймгийн Засаг даргын захирамж (1-р хх-ийн 148-154-р тал),

            - 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Тусгай зориулалтын авто замын чиглэл батлах тухай” 4 дугаартай Дорноговь аймгийн Засаг даргын захирамж (1-р хх-ийн 136 -137, 143-147-р тал) тус тус гарчээ.

 

            4.4  Тус захирамжуудаар батлагдсан замын чиглэлийн хувьд, нэхэмжлэгч “ТАИ” ХХК-ийн “ДХ” буюу “Н” нүүрсний уурхайгаас “Таван толгой-Манлай-Ханги” боомт чиглэлийн автозам хүртэл болон түүнээс цааш “Ханги” хилийн боомт хүртэлх нэг чиглэлийн нэг замыг  баталсан байх ба үүнээс үзэхэд,

 

            4.5   Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27 -д “тусгай зориулалтын авто зам” гэж тусгай зориулалтын тээврийн үйлчилгээнд зориулсан авто замыг;” ойлгохоор заасны дагуу нэхэмжлэгчээс Зам, Тээврийн хөгжлийн яамтай байгуулсан гэрээгээр баригдах “тусгай зориулалтын авто зам”-ын чиглэлийг, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “авто зам” гэж тээврийн хэрэгсэл зорчиход зориулан барьсан замын байгууламж бүхий хатуу, хайрган хучилттай зам, гудамж, засаж, сайжруулсан болон ердийн хөрсөн замыг” ойлгохоор заасантай холбогдуулан түүнд заасны  дагуух “авто зам”-ыг “тусгай зориулалтын авто зам” барих үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор тухайн чиглэлд урьдчилан баталж өгсөн байна.

 

            4.6  Хамгийн сүүлд 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Дорноговь аймгийн Засаг даргын баталсан “Тусгай зориулалтын авто замын чиглэл батлах тухай” 4 тоот захирамж, түүний 2 дугаар хавсралтад (1-р хх-ийн 143-147-р тал) зааснаар нэхэмжлэгч “ТАИ” ХХК-ийн тусгай зориулалтын авто замын чиглэлийг  нийт 226 км хэмжээгээр баталсан бөгөөд үүний  дийлэнх хэмжээнд буюу 127.48 км хэсэгт  Зам, Тээврийн хөгжлийн сайдын /хуучин нэрээр/ 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Тусгай зориулалтын авто замын чиглэл батлах тухай” 11 тоот тушаал болон нэхэмжлэгчээс тус яамтай байгуулсан 2022 оны 189 дүгээр гэрээнд зааснаар хийж гүйцэтгэх үүрэг бүхий Дорноговь аймгийн В сумын нутаг дэвсгэр дэх “Н” буюу “ДХ” нүүрсний уурхайгаас, тус аймгийн Хатанбулаг сумын нутгаар дамжин өнгөрдөг Тавантолгой-Манлай-Ханги боомт чиглэлийн авто зам хүртэлх буюу тус авто замтай холбож баригдах тусгай зориулалтын авто зам  хамаарч байна.

 

            4.7  Энэ хүрээнд Зам, тээврийн яамны зүгээс орон нутгийн буюу Дорноговь аймгийн Хатанбулаг сумын иргэд, малчдаас гаргасан гомдол мэдээлэл (тус албан шаардлагад тэмдэглэгдсэн байгаагаар)-д үндэслэн, “ТАИ” ХХК-ийн “ДХ” уурхайгаас тээвэрлэлт хийж буй авто зам, замын байгууламжийн нөхцөл байдал, засвар арчлалтад холбогдох хяналт шалгалт явуулж, илэрсэн алдаа зөрчлийг арилгуулахаар 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 04/-00-02/008/29 дугаартай Улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг “ТАИ” ХХК-д холбогдуулан гаргаж, улмаар тус яамнаас 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Албан шаардлага хүргүүлэх тухай” 11/2452 тоот албан бичгийг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн ба тус албан бичигт “...дээрх албан шаардлагын хэрэгжилтийг хангуулж, холбогдох арга хэмжээ авч ажиллана уу.” (1-р хх-ийн 241-р тал) гэсэн байна.

 

            4.8   Үүний дагуу Дорноговь аймгийн Засаг даргаас 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажил зохион байгуулах тухай” 7 дугаар захирамж (1-р хх-ийн 155-159-р тал) -аар “Хатанбулаг, Хөвсгөл, Мандах суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд, тэдгээрийн туслан гүйцэтгэгч тээврийн компаниуд”-ийг хамруулсан хяналт шалгалтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд,

 

            4.9  Тус хяналт шалгалтыг хэрэгжүүлж гаргасан Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 7 дугаартай “Хяналт шалгалтын танилцуулга”-ын холбогдох хэсэгт буюу “Хяналт шалгалтын явцад авсан арга хэмжээ, өгсөн зөвлөгөө” гэх хэсэгт зааснаар Зам, тээвэр хөгжлийн яам болон нэхэмжлэгч “ТАИ” ХХК нарын хооронд байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 189 дүгээр гэрээний 1.3 болон 2.8 дахь заалтуудыг үндэслэн тээвэрлэлтийн үйл ажиллагааг нь түр саатуулах, хяналт тавих түр постыг 2025 оны 05 сарын 30-ны өдрөөс ажиллуулж эхлэх чиглэлийг В сумын Засаг дарга /Ш.Б/-д өгч, мөн танилцуулгын “Цаашид авах арга хэмжээний санал” гэх хэсэгт зааснаар Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 11 дугаар тушаалаар батлагдсан “ТАИ” ХХК-ийн тусгай зориулалтын авто замын чиглэлийг цуцлуулах санал хүргүүлэхээр тус тус шийдвэрлэгдсэн байдал (2-р хх-ийн 124-126-р тал) тусгагдсан байна.

 

            4.10  Дээрх байдалтай холбоотойгоор хариуцагчийн зүгээс 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Нүүрс тээврийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаанд зогсоох, хяналтын пост ажиллуулах тухай” 2 дугаар захирамж (1-р хх-ийн 168-170-р тал)-ийг гаргаж, түүнд зааснаар “ДХ” нүүрсний ордоос “Ханги” хилийн боомт хүртэлх чиглэлд нүүрс тээврийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоож шийдвэрлэсэн ба захирамжинд заасан уг чиглэлд нэхэмжлэгч “ТАИ” ХХК-ийн дээр дурдсан  “авто зам” буюу “тусгай зориулалтын авто зам” барих чиглэл багтаж байгаагаар тус компани нь  тухайн захирамжийн үйлчлэлд хамаарах болсон нь маргаан үүсэх үндэслэл болжээ.

 

            5. Нэхэмжлэгчийн маргаж буй хариуцагчийн 2 дугаар захирамж нь илт хууль бус захиргааны акт болох эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн  эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж буй эсэх  үндэслэлийн тухайд;

 

            5.1 Хавтаст хэрэг дэх холбогдох баримтууд буюу Зам, тээврийн яамны Улсын ахлах байцаагчийн “Албан шаардлага” болон тус яамны “Хяналт шалгалтын танилцуулга” (1-р хх-ийн 179-188-р тал) гэх баримтууд болон Дорноговь аймгийн Засаг даргын 2025 оны 7 дугаар захирамжийн хүрээнд хийгдсэн хяналт, шалгалтын дагуу гарсан тус аймгийн Засаг даргын Тамгын газрын “Хяналт шалгалтын танилцуулга” (2-р хх-ийн 120-126-р тал) гэх баримтуудаас үзэхэд,

 

            5.2  “ТАИ” ХХК-ийн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хийсэн дээрх хяналт шалгалтуудын явцад, түүний гэрээний дагуу хийж гүйцэтгэх авто зам, замын байгууламжийн ажил эхлээгүй, тусгай зориулалтын авто зам, замын байгууламжийн барилгын ажилд ашиглах түр замаар нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж, үүний улмаас үзэгдэх орчин хязгаарлагдмал, тоос тоосжилт ихтэй болж, түр замын дагууд хог хаягдал ихсэж, хагарсан дугуй, машины тос, масло гоожсон зэргээр малын бэлчээрийг бохирдуулах, ан амьтны бэлчээр солигдох, хөрсний эвдрэл гарч, бамбалзуур үүсэх, цөмрөх, машины дугуйн мөрний гүн ховил үүсэх зэргээр хүн, мал, амьтан амьдарч, бэлчихэд хүндрэлтэй болж, байгаль орчинд сөрөг нөлөөллийг  бий болгож, энэхүү байдалд нэхэмжлэгчээс хэрэгжүүлэх “тусгай зориулалтын авто зам барих” зориулалтаар батлагдсан автозамын нийт чиглэлийн дийлэнх хэсэг болох 127.48 км зам нь хамаарч байгаагийн хувьд тус чиглэл дэх сумдын /Мандах, Хатанбулаг сум/ нутаг дэвсгэрт голлох сөрөг нөлөөллийг үзүүлж байгаа нь тогтоогдож байх бөгөөд,

            5.3 Дээрх байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас шүүхэд ирүүлсэн баримтууд буюу дээрх хяналт шалгалтууд хийгдэхээс өмнө болон хариуцагчийн 2 дугаар захирамж гарахаас өмнө хугацаанд, хариуцагч Дорноговь аймгийн В сумын Засаг даргын зүгээс “ТАИ” ХХК -д “...замын дагуух хог цэвэрлэгээг тогтмолжуулах, замын тоосжилтыг багасгах, замыг тогтмол услах ажлыг чанартай хийж гүйцэтгэх, замын эвдрэл гэмтлийг засах, авто ослоос урьдчилан сэргийлэх замын тэмдэглэгээ байршуулах, нүүрс тээврийн замыг засаж сайжруулах хатуу хучилттай болгох...” талаар удаа дараа хүргүүлж байсан шаардлагууд болох 2024 оны 01/416, 01/550, 2025 оны 01/317 тоот албан бичиг (2-р хх-ийн 131-135-р тал)-үүдээр давхар тогтоогдож байна.

            5.4 Гэтэл эдгээр нөхцөл байдлыг үүсгэж буй нэг гол шалтгаан нь хяналт шалгалтын дээрх баримтуудад дүгнэсэн байгаагаар “тусгай зориулалтын авто зам, замын байгууламжийн барилгын ажилд ашиглах түр замаар нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулсан”-аас үүдэлтэй байх бөгөөд, уг байдал нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “аюул” гэж хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан, ... хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй ..., хүний буруутай үйл ажиллагааг;” ойлгохоор заасан “аюул”-ыг бий болгосон байна гэж үзэхээр байна.

            5.5 Харин нэхэмжлэгчийн хувьд Зам, тээврийн яамны Улсын ахлах байцаагчийн “Албан шаардлага” дахь зөрчлүүдийг арилгаж, энэ тухай хариуг “Албан шаардлагын биелэлтийн хуудас” үйлдэн, хийсэн ажлын талаарх баримтууд /фото зураг г.м/-ын хамт 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 25/111 тоот албан бичгээр (1-р хх-ийн 43-82-р тал) тус яамны холбогдох газарт хүргүүлсэн гэх талаар нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлаж байх боловч,

            5.6  Үүнтэй холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс нотлох баримт цуглуулах ажиллагааны хүрээнд (1-р хх-ийн 126-р, 2-р хх-ийн 19, 20-р тал) тодруулсан, нэхэмжлэгч компанийн зүгээс тухайн албан шаардлагын дагуу хийж хэрэгжүүлсэн гэж буй үйл ажиллагааг тус яамны зүгээс хэрхэн дүгнэж, ямар шийдвэр гаргасан болохыг, мөн нэхэмжлэгчээс тус яамтай байгуулсан 2022 оны 189 дүгээр, 2024 оны 148 дугаар гэрээнүүд хэрхэн цуцлагдаж шийдвэрлэгдсэн талаарх асуудлыг тодруулж, холбогдох баримтуудыг ирүүлэхээр шаардсны дагуу шүүхэд дараахь баримтуудыг ирүүлсэн бөгөөд, Үүнд:

            5.7  Зам, тээврийн яамнаас “ТАИ” ХХК-д хүргүүлж байсан албан бичгүүд болох;

            - 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 03/3104 тоот албан бичигт “...Албан шаардлагыг биелүүлж, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор хэрэгжилтийг гаргаж ирүүлэхийг мэдэгдсэн боловч танай компаниас өнөөдрийг хүртэл ямар нэгэн биелэлт, тайлбар, мэдээлэл ирүүлсэнгүй, ... тус яамтай байгуулсан ... 189 дугаартай гэрээний 2.8-д “Авто зам, замын байгууламжийг гэрээнд заасан хугацаанд барьж, ашиглалтад оруулаагүй, ашиглалтын бэлэн байдлыг хангаагүй, орон нутгийн иргэд болон байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг арилгах талаар эрх бүхий этгээдээс тавьсан шаардлагыг биелүүлээгүй бол Захиалагч нь авто замын ашиглалтыг зогсоох, гэрээг цуцлах хүртэл шат дараалсан арга хэмжээг авна”, 6.4.2 -д “Захиалагчаас гэрээний үүргээ зөрчсөн, зөрчлийг арилгах тухай үндэслэл бүхий хугацаатай мэдэгдлийг хүргүүлэхэд Гүйцэтгэгч нь хугацаандаа холбогдох арга хэмжээг авч зөрчлийг арилгаагүй”, 6.4.4-д “Гэрээнд заасан хугацаанд авто замын барилгын ажлыг эхлүүлээгүй, барилга угсралтын ажил нь тодорхойгүй хугацаагаар зогссон” зэрэг заалтуудыг үндэслэн Захиалагчийн санаачилгээр Гэрээг цуцлах болсныг үүгээр мэдэгдэж байна.” (2-р хх-ийн 01-02-р тал),

 

            -2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 07/4243 дугаартай албан бичигт “... авто замын барилгын ажилд ашиглах түр замаар нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа явуулсны улмаас олон салаа зам бий болгон, хөрс ихээр эвдэрч, ургамлын гарц муудаж, бэлчээр доройтсон, амьтад дайжихад хүрч, тоосжилт ихээр үүсгэж байгаа нь тухайн бүс нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлж, орон нутгийн иргэдийн зүгээс гомдол ирэх болсон тул Улсын ахлах байцаагчийн “Илэрсэн алдаа дутагдал арилгах тухай” 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 7 дугаартай албан шаардлагыг хүргүүлсэн бөгөөд тус яамнаас 2025 оны 03/3104 дугаартай мэдэгдлийг хүргүүлж захиалагчийн зүгээс авто зам барих гэрээг цуцалсан ...” (2-р хх-ийн 10-р тал),

 

            -2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 07/95 дугаартай албан бичигт “... Авто замын Улсын ахлах байцаагчийн 2025 оны 7 дугаартай албан шаардлагын хариу болгон ирүүлсэн 2025 оны “Албан шаардлагын биелэлтийн хуудас” 25/111 албан бичиг болон холбогдох материалыг судалж үзэхэд тус яамнаас 2025 оны 03/3104 тоот албан бичгээр хүргүүлсэн Захиалагчийн санаачилгаар гэрээ цуцлах нөхцөл байдал үүссэн тухай мэдэгдэлд үндэслэл бүхий тайлбар, нотолгоо ирүүлээгүй ...”, “...Ажлын хэсгийн шалгалтаар тогтоогдсон “тусгай зориулалтын авто зам, замын байгууламжийн барилгын ажилд ашиглах түр замаар нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулсан, ...”, “...Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журмын 4.4-д “Тухайн авто зам, замын байгууламжийг улсын комисс хүлээн авсны дараа тээвэрлэлтийг эхлүүлнэ.” гэж заасныг зөрчин тээвэрлэлтийн үйл ажиллагаа зохион байгуулж байсан нь зам барилгын талбайд ажилласан Авто замын Улсын ахлах байцаагчийн албан шаардлага болон орон нутгийн малчид, ард иргэдийн гомдлоор нотлогдож байна.” (2-р хх-ийн 45-46-р тал) гэж тус тус дурдсан байдлууд,

5.8 Мөн хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан “...Энэ компани эхэлсэн цагаасаа хойш засмал зам тавина гэж явж эхлэхээсээ өмнө энэ асуудлыг ярьж байсан. Түүнээс хойш ч ярьж байсан. Бид нар тухай бүр амаар болон албан бичгээр хандаж байсан. Энэ нөхцөл байдал цаашид хүндэрвэл болохгүй гэж үзэж захирамжийг миний бие гаргасан байгаа. Замын нөхцөл байдал аймгийн Засаг даргын ажлын хэсгийн дүгнэлт дээр ч байна. Одоо ч зам нь хэвээрээ байгаа...” гэсэн тайлбар (4-р хх-ийн 42-р тал) зэргээс үзэхэд нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаанаас шалтгаалж буй дээр тогтоогдсон тухайн бүс нутгийн хэмжээнд байгаль орчинд үүссэн сөрөг нөхцөл байдлууд арилсан буюу нэхэмжлэгч талаас тайлбарлаж байгаа зөрчлийг арилгасан гэх үндэслэлүүд тогтоогдохгүй байна.

            6. Уг байдлаас дүгнэхэд 2 дугаар захирамж болох захиргааны шийдвэр гарах болсон эрх зүйн үндэслэлийн хувьд, хариуцагч Дорноговь аймгийн В сумын Засаг даргын зүгээс Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д зааснаар, “...хүний буруутай үйл ажиллагаанаас ...” буюу нэхэмжлэгч компанийг дээр дурдсан хяналт шалгалтын баримт бичгүүдэд “...тусгай зориулалтын авто зам, замын байгууламжийн барилгын ажилд ашиглах түр замаар нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулсан...”, Зам, тээврийн яамны 2026 оны 07/95 дугаартай албан бичигт  “...Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журмын 4.4-д “Тухайн авто зам, замын байгууламжийг улсын комисс хүлээн авсны дараа тээвэрлэлтийг эхлүүлнэ” гэж заасныг зөрчин тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулсан ...” гэж тус тус дурдсан байгаагаар, нэхэмжлэгчийн зүгээс  “тусгай зориулалтын авто зам” -ыг барьж байгуулахаасаа өмнө нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг эхэлж явуулснаас  үүдэн хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй  “аюул” -ыг бий болгосон нөхцөл байдлыг зохицуулахын тулд,

             6.1  Авто замын тухай хууль дахь авто замын талаар хэрэгжүүлэх “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын бүрэн эрх” -ийг зохицуулсан 12 дугаар зүйлийн 12.1.5 -д “олон улс, улсын болон орон нутгийн чанартай, тусгай зориулалтын авто замын бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах талаар харьяа нутаг дэвсгэрийн байгууллага, иргэнд үүрэг даалгавар өгөх, биелэлтийг хангуулах;” 12.1.8-д “харьяа нутаг дэвсгэртээ авто замын хөдөлгөөнийг зохих хууль, журмын дагуу зохион байгуулах, зохицуулах;”,

            Автотээврийн тухай хууль дахь автотээврийн талаар хэрэгжүүлэх “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын бүрэн эрх”-ийг зохицуулсан 7 дугаар зүйлийн 7.1.1-д “нутаг дэвсгэртээ автотээврийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангуулах;”-аар тус тус заасан сумын Засаг даргын хэрэгжүүлэх бүрэн эрхийн хүрээнд,

             6.2 Мөн Автотээврийн тухай хууль дахь “Тээвэрлэлтийн ажлыг түр хугацаагаар зогсоох, хязгаарлах” нөхцөлүүд болон тухайн нөхцөлд тус арга хэмжээг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий албан тушаалтныг тодорхойлж, зохицуулсан 14 дүгээр зүйлийн 14.1-д  “ ... аюул тохиолдсон нөхцөлд тээвэрлэлтийн ажлыг түр хугацаагаар зогсоох буюу хязгаарлах  шийдвэрийг ...”, мөн хуулийн 14.1.2-т “орон нутгийн тээвэрлэлтийн чиглэлд ... тухайн ... сумын Засаг дарга.” хэрэгжүүлэхээр тус тус зааж, олгосон чиг үүргийн хүрээнд  тухайн шийдвэрийг гаргасан байх тул,

            6.3 Хариуцагчийн гаргасан дээрх шийдвэр болох 2 дугаар захирамж  нь нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болох Захиргааны ерөнхий хууль дахь “Захиргааны акт илт хууль бус болох” үндэслэлийг зохицуулсан 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;” гэж үзэх  илт хууль бус шинжийг агуулахгүй байна.

            6.4  Иймд дээрх үндэслэлтэй холбогдуулан маргаж буй “...манай компанийн явуулж буй тээвэрлэлтийн үйл ажиллагаанд Гамшиг, аюулт үзэгдэл болон аюул тохиолдсон нөхцөл бодитоор бий болоогүй байхад Дорноговь аймгийн В сумын Засаг даргын 202. оны 05-р сарын 31-ний өдрийн 2 дугаартай захирамжаар манай компанийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоож байгаа нь илт хууль бус  байна ...” гэх нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлгүй байна.

 

            7. Мөн нэхэмжлэгчийн зүгээс, хариуцагч нь 2 дугаар захирамжийг “тодорхойгүй хугацаагаар” гаргасан, тус захирамжийг гаргахад “сонсох ажиллагаа” явуулаагүй зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 26, 33, 38 дугаар зүйлүүдэд заасныг зөрчсөн гэж маргаж байх бөгөөд,

            7.1  Шүүх хуралдаанд энэ талаар хариуцагчаас гаргаж буй “...Тодорхойгүй хугацаа гэдгийг та бүхэн хууль дүрмийн дагуу зөрчил арилгасан болон тусгай зориулалтын замыг Зам тээврийн яамаар зохих журмын дагуу батлуулаад замаа тавьсан хойно бид бүхэн энэ захирамжаа татаж болно. Та бүхэн хамгийн анх замын компани байсан бид бүхэн зам тавина гэж ярьж хэлсэн учраас та бүхэн маршрутаа зохих журмын дагуу батлуулаад засмал замаа тавьсан тохиолдолд тээврээ хийх бүрэн боломжтой...” (4-р хх-ийн 53-р тал) гэх,

 

            Түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж буй “...Яагаад тодорхойгүй хугацаагаар зогсоосон гэхээр хэзээ энэ замыг арчлах юм, хэзээ тоос тоосжилтоо байхгүй болгох юм, хэзээ аюултай хог хаягдлаа арилгах юм гэдэг нөхцөл байдал тодорхойгүй байсан. Хоёрдугаарт, стандартынхаа хатуу хучилттай замаа бариад тээврийнхээ ажиллагааг явуулах ёстой. Гэтэл хэзээ энэ зам баригдах нь тодорхойгүй. Гэрээний хугацаанд тодорхой заагаад өгсөн гэтэл тэр хугацааны 3/2 нь өнгөрсөн байгаа. Стандартын зам хэзээ баригдах нь тодорхойгүй нөхцөл байдал байгаа учраас хэзээ энэ нөхцөл байдлууд арилаад Мандах сумын нутаг дэвсгэрт байгаа малчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрүүл мэндийн асуудал хэзээ сэргэх юм. Энэ нөхцөл байдал бий болсон цагт байхаар тодорхойлогдож байна ...” (4-р хх-ийн 47-р тал) гэх тайлбарууд,

 

            Мөн тухайн үед гарсан Зам, тээврийн яамны улсын ахлах байцаагчийн “Албан шаардлага” болон Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын “Хяналт шалгалтын танилцуулга” бүхий баримтууд дахь “Хяналт шалгалтаар тогтоогдсон бодит нөхцөл байдал” хэсэгт “...авто замын байгууламжийн барилгын ажил эхлээгүй ...” талаар дурдагдсан байдал (1-р хх-ийн 181, 2-р хх-ийн 123-р тал) зэргээс дүгнэхэд,

 

            7.2   Хариуцагчийн зүгээс 2 дугаар захирамжийг  гаргах тухайн үед, хүн, мал, амьтан, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхэд голлох шалтгаан болсон нэхэмжлэгчээс гэрээний дагуу барьж гүйцэтгэх “тусгай зориулалтын авто зам” хэдийд, хэрхэн хэрэгжиж дуусах нь тодорхойгүйгээс хугацааг нарийн тогтоох боломжгүй байснаар хариуцагчийн хувьд дээрх сөрөг нөлөөллийг зогсоож нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс нүүрс тээврийн хөдөлгөөнийг зогсоохдоо тодорхойгүй хугацаа зааж шийдвэрлэсэн нь хуульд харшлахгүй байх ба энэ талаар гаргаж буй хариуцагчийн болоод түүний өмгөөлөгчийн тайлбарууд үндэслэлтэй байна.

 

            7.3   Үүнтэй уялдан тухайн шийдвэр гаргах ажиллагаа нь тус бүс нутгийн хүн, мал, амьтан, байгаль орчныг  хамгаалах зайлшгүй шаардлагын улмаас гарсан байгаа нь Захиргааны ерөнхий хууль дахь “Сонсох ажиллагаа хийхгүй байх” нөхцөл, үндэслэлийн талаар зохицуулсан 28 дугаар зүйлийн 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол;” сонсох ажиллагааг заавал хийхгүй байхаар зохицуулсан байгаатай нийцэж байх тул нэхэмжлэгчийн зүгээс захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрхийг зөрчсөн гэж үзэхээргүй  байна.

 

            7.4 Нөгөө талаар нэхэмжлэгч нь хариуцагчаас тухайн үед тус захиргааны актыг журмын дагуу мэдэгдэж баримтжуулаагүй, түүний хаяглагдсан этгээд тодорхойгүй байгаа зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.2, 43 дугаар зүйлийн 43.1  дэх зүйлүүдэд заасныг зөрчсөн талаар маргаж байгаа бөгөөд,

 

            7.5  Хариуцагчийн зүгээс тус 2 дугаар захирамжийг нэхэмжлэгчид хэрхэн хүргүүлж, мэдэгдсэн талаар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа “... Албаны мэйл хаягаар явуулсан, бичиг хэргээр цахимаар мэйл хаягаар явуулж байгаа ...” гэснээр  “цахим хаягаар” хүргүүлсэн гэж буйг нэхэмжлэгч талаас түүнийгээ “баримтжуулаагүй” гэх талаар маргасан боловч “хүлээж аваагүй” болох талаар маргаагүй бөгөөд (4-р хх-ийн 54-р тал), гэтэл ийнхүү хүргүүлж, мэдэгдсэн байдал нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 -т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдснээ баримтжуулна.” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

 

            7.6  Түүнчлэн хариуцагчийн 2 дугаар захирамжинд  “...Мандах сумын нутаг дэвсгэрт байрлах ДХ нүүрсний ордоос Ханги хилийн боомт хүртэл чиглэлийн нүүрс тээврийн хөдөлгөөнийг ...” зогсоохоор тусгасан уурхайн орд газар болон тээврийн хөдөлгөөний чиглэл зэрэгт нэхэмжлэгч “ТАИ” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшдэг “ДХ” нэртэй уурхай болон тус компанийн “авто зам” -ын чиглэл зэрэг нь тодорхой тусгагдсан байгаагаар нэхэмжлэгчид хамааруулж гаргасан захиргааны акт болох нь илэрхий байхын хамт, энэ дагуу нэхэмжлэгчийн зүгээс тухайн захиргааны актыг өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж, түүнийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор шүүхэд маргаж буй зэрэг байдлуудаас үндэслэн нэхэмжлэгч талаас тус захиргааны актын хаяглагдсан этгээд тодорхойгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг зөрчсөн талаар гаргаж буй тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

            8.  Шүүхээс дүгнэхэд, нэхэмжлэгчийн гаргасан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;” гэх үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийн зүйл болж буй хариуцагчийн гаргасан “Нүүрс тээврийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаанд зогсоох, хяналтын пост ажиллуулах тухай” 2 дугаар захирамж нь дээр дурдсан үндэслэлүүдээр захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэх, илт хууль бус болох нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд,

 

            8.1 Харин тус захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан  захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмын хүрээнд болон тухайн маргаанд хамаарах харилцааг зохицуулсан холбогдох хууль тогтоомжийн дагуу гарсан захиргааны акт болохын хувьд Захиргааны ерөнхий хууль дахь “Захиргааны үйл ажиллагааны зарчим” -ыг зохицуулсан  4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” болон 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” зарчмуудад нийцэж байна.

 

            8.2  Дээрх байдлаар тус 2 дугаар захирамжийг хариуцагчийн зүгээс нийтийн ашиг сонирхлыг хамгаалах хүрээнд холбогдох хууль тогтоомжоор олгогдсон эрх хэмжээний дагуу гаргасан нь хууль зөрчөөгүй байгаагаар тухайн захиргааны актын улмаас нэхэмжлэгч “ТАИ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  үндэслэлтэй байна.

 

            8.3  Харин  Зам, тээврийн яамны 2025 оны 03/3104 тоот, 2025 оны 07/4243 тоот албан бичгүүдэд дурдснаар, нэхэмжлэгчээс тус яамтай байгуулсан ”Дорноговь аймгийн В сумын нутагт орших “Н” нүүрсний уурхайгаас  Тавантолгой-Манлай-Ханги боомт чиглэлийн авто замтай холбох 127.48 км тусгай зориулалтын авто зам барих, ашиглах” тухай  гэрээг  тус яам буюу захиалагчийн санаачилгаар цуцалсан байгаатай холбогдон нэхэмжлэгчийн хувьд 2 дугаар захирамжаар зогсоосон чиглэл дэх  нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулах эрх сэргэх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

            8.4  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, тээвэр явуулахыг хориглосон тус компанийн авто замаар өөр бусад компаниуд тээврийн үйл ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан хариуцагч тус Засаг даргад болон Дорноговь аймгийн Цагдаагийн газарт холбогдуулан гаргасан гомдол, дуу-дүрсний бичлэг бүхий CD, шатаж актлагдсан нүүрсний талаарх мэдээлэл (2-р хх-ийн 70-77-р тал, CD-ийг  тухайн  хэргийн хавтсанд хавсаргасан), мөн нэхэмжлэгчийн тээвэр хийх авто замын чиглэлд хамаарах тус бүс нутгийн иргэдтэй байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”, тус гэрээний дагуу тэдгээр иргэдэд олгосон нөхөн олговор болон бусад тусламж, үйлчилгээ үзүүлсэн талаарх  тооцооны болон банкны шилжүүлгийн баримтууд (2-р хх-ийн 204-250-р, 3-р хх-ийн 01-250-р тал) зэрэг нь тухайн маргааны үндэслэлд шууд хамааралгүй тул нотолгооны ач холбогдолгүй гэж үзсэн болно.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28 дугаар зүйлийн 28.1.2, 43 дугаар зүйлийн 43.2, 47 дугаар зүйлийн 47.1.6, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.27, 12 дугаар зүйлийн 12.1.5, 12 дугаар зүйлийн 12.1.8, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “ТАИ” ХХК-ийн хариуцагч Дорноговь аймгийн В сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Нүүрс тээврийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаанд зогсоох, хяналтын пост ажиллуулах тухай” 2 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон уг гомдлыг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гаргахыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

                              ШҮҮГЧ                                  Б.ЦЭНД