Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 209/МА2022/00039

 

С.Баярчимэг, Б.Түвшинбат нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2022/01377/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  02 дугаар сарын 18-ны өдрийн 252 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Баярчимэг,
                     Б.Түвшинбат нарын нэхэмжлэлтэй,

             Хариуцагч М.Баатарсүх,

                                С.Баяраа нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “С.Баяраа болон М.Баатарсүх нарын хооронд байгуулагдсан Ү-2005000023 дугаартай үл хөдлөх хөрөнгө, Э-2005000422 дугаартай газрыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, тус үл хөдлөх хөрөнгө, газрыг С.Баярчимэг, Б.Түвшинбат нарын өмчлөлд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах” тухай,

Хариуцагч С.Баяраагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагч М.Баатарсүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төрмаа, хариуцагч С.Баяраа /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төрмаагийн өмгөөлөгч Б.Баярням /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

  1.  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа:

С.Баяраад бидний нэрийн өмнөөс тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрхийг олгож итгэмжлэл олгосон.

Гэтэл С.Баяраа нь М.Баатарсүхтэй дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 23,000,000 төгрөгөөр худалдаж өмчлөх эрхийг шилжүүлсэн байна.

Ямар учраас ийм гэрээ хийсэн талаар лавлахад үл хөдлөх хөрөнгийн худалдан борлуулсны татварыг багаар төлөхийн тулд ийм гэрээ байгуулсан гэж тайлбарласан.

Эндээс харахад тухайн гэрээн нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. М.Баатарсүх нь манай ах С.Баяраатай зээлийн гэрээний баталгаа гэх зүйлийг үйлдсэн байх бөгөөд тухайн баталгаагаар 2020 оны 06 дугаар сард 23,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 77,000,000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны дотор төлж барагдуулна гэж тохиролцсон байдаг. Гэтэл одоо М.Баатарсүх нь тухайн үл хөдлөх хөрөнгийг 23,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Тиймээс дахиж мөнгө өгөх боломжгүй гэсэн.

Иймд С.Баяраа болон М.Баатарсүх нарын хооронд байгуулагдсан Ү-2005000023 дугаартай үл хөдлөх хөрөнгө, Э-2005000422 дугаартай газрыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, тус үл хөдлөх хөрөнгө, газрыг С.Баярчимэг, Б.Түвшинбат нарын өмчлөлд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.           

  1. Хариуцагч М.Баатарсүхийн татгалзал, тайлбарын агуулга:

Худалдах, худалдан авах гэрээг 20 сая төгрөгөөр байгуулсан. Татварын асуудал нь бидэнд хамаагүй бөгөөд худалдагч тал татвараа хариуцах ёстой байсан ч тухайн үед С.Баяраа ахын биеийн байдал тааруу эмчилгээний төлбөр хэрэгтэй байгаа гэсэн учраас бид татвар болох 400,000 төгрөгийг тушаасан.

Үүний дараа бид Дархан хотод байрлах С.Баяраа ахын Да-Оюут сувилалд очиж төлбөр тооцооны талаар харилцан ярилцаж бичгээр гэрээ үйлдсэн. Хэлцлийн дагуу бид сар сардаа төлж ирсэн бөгөөд нийт 23 сая төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 77 сая төгрөгийг анх ярихдаа 5 жилийн хугацаанд, хэрэв зээл авах тохиолдолд богино хугацаанд төлж барагдуулахаар тохиролцож хамгийн бага хугацаагаа хэлцэлдээ бичсэн.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх хариуцагч С.Баяраа өөрөө бид нарт санал тавиад, өөрийнх нь эзэмшлийн гэж хэлээд, төлбөрийн уян хатан нөхцөлтэйгөөр худалдах саналыг удаа дараа тавьсны эцэст бид нар хуулийн дагуу худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Би тохирсны дагуу үлдэгдэл төлбөрийг төлнө гэжээ.

  1. Хариуцагч С.Баяраагийн татгалзал, тайлбарын агуулга:

Дархан-Уул аймгийн Хонгор сумын төвд байрлах тракторын засварын газрын барилгыг эзэмшил газрын хамт 100 сая төгрөгөөр худалдан авахаар Баатарсүх, эхнэр Т.Төрмаагийн хамт графикаар төлөхөөр баримт үйлдсэн.

Хөрөнгийн эзэн нь би биш, би зуучлагч байсан ба ах Төмөрсүхийн зуучилснаар “төрсөн дүү Баатарсүхэд нь итгэл үзүүлж 100 сая төгрөгөөр худалдаж, 20 саяар бодож татвар төлсөн нь татвараас зайлсхийж татварын тухай хууль зөрчсөнийг хүлээн зөвшөөрнө. М.Баатарсүхэд тухайн үед мөнгө байхгүй байсан ба татварыг 20 саяар худалдан авсан гэж хэлээд татвар төлчихье гэснийг нь зөвшөөрч, дараа нь үлдэх 80 сая төгрөгийг нь 1 жилийн дотор өгье гэж тохирсон.

Гэтэл гэрээний хугацаа өнгөрч мөнгийг нь нэхэхэд, 20 саяар авсан гэсэн. Гэрээний 2029 гэж бичсэнийг дарах байсан боловч баримт үйлдэж байсан М.Баатарсүхийн эхнэр Т.Төрмаа саналгүй өөр хэсгийг дарж бичсэн байдаг. Зөвтгөж 2021 оны үлдсэн 6 сард 77 сая төгрөг төлөхөөр нэмж бичсэн нь үнэн.

М.Баатарсүх нь үндэслэлгүйгээр хөрөнгөжихийг санаархаж, зуучлагч намайг бусдын хөрөнгийг зарж мөнгийг нь завшсан гэх гэмт хэрэгт давхар холбогдуулж хохироож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.

4.Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.8-д тус тус заасныг баримтлан С.Баярчимэг, Б.Түвшинбат нарын нэхэмжлэлтэй хариуцагч С.Баяраа, М.Баатарсүх нарт холбогдуулан гаргасан С.Баяраа болон М.Баатарсүх нарын хооронд байгуулагдсан Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах 800 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө /Улсын бүртгэлийн № Ү-2005000023, гэрчилгээний №000043191/, газар /Улсын бүртгэлийн № Э-2005000422/-ыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах 800 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө /Улсын бүртгэлийн № Ү-2005000023, гэрчилгээний №000043191/, газар /Улсын бүртгэлийн № Э-2005000422/ үл хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжлэгч С.Баярчимэг, Б.Төвшинбат бидний өмчлөлд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт даалгаж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 343,150 төгрөгөөс 328,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 15,000 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч С.Баяраа давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 252 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

4.а. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.2, 106.3, 106.4-ийг ноцтой зөрчсөн.

4.б. Эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөх эрх шилжинэ гэсэн хуулийг зөрчиж шийдвэр гаргасан.

4.в. Анхан шатны шүүх хурал дээр 4-5 мөнгөний баримтыг хуралд оролцогч нарт танилцуулаагүй.

4.г Хариуцагчийн төлөөлөгч Т.Төрмаа 23 сая төгрөг төлсөн гэж нотлох баримтаар батлагдаагүй зүйлийг шүүгч хууль зөрчин шийдвэртэй тусган үнэлж хууль зөрчсөн. Шүүх хурал дээр хариуцагчийн өгсөн баримтуудыг нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нарт огт танилцуулаагүй шүүх хурлыг үргэлжлүүлсэн.

4.д. Татвараас зайлсхийсэн асуудал нь тусдаа асуудал гэж шүүгч танилцуулж байгаа нь зөв бурууг ойлгосонгүй. Шүүгч татвараас зайлсхийсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжихийг оролдсон, хууль бусаар дарангуйлал үзүүлж объектыг үнэгүйдүүлэн авсан байгаа бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан хууль зөрчсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагч С.Баяраагийн давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл:

1. Нэхэмжлэгч С.Баярчимэг, Б.Түвшинбат нар 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр С.Баяраад 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгож, тус итгэмжлэлээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багт байрлах, 800,0 м.кв талбай бүхий засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх, арилжих, түрээслүүлэх, холбогдох гэрээнд гарын үсэг зурах, төлбөр тооцоог авах, зээлийн барьцаанд тавих, зээлийн барьцааны гэрээ байгуулах, зээл, барьцааны гэрээ болон барьцаалбарт гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нотариатаар гэрчлүүлэх, Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх, мэдүүлэг бөглөх, буцааж хүлээн авах, барьцаанаас чөлөөлөх, лавлагаа авах, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах зэрэг бүрэн эрхийг олгожээ. /хх-ийн 49/

Энэхүү итгэмжлэл нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлээр Хэлцэлд төлөөлөхийг зохицуулсан ба хуулийн 62.1-д “Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно”, 62.3-т “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэж тус тус заасантай нийцэж байна.

Төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгосон бүрэн эрх Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан хуулийн шаардлагыг бүрэн хангасан байна.

2. Энэхүү итгэмжлэлийн дагуу төлөөлөгч С.Баяраа нь худалдагч С.Баярчимэг, Б.Түвшинбат нарыг төлөөлж 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр худалдан авагч М.Баатарсүхтэй “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багт байрлах, 800,0 м.кв талбай бүхий засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 20,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон байна.

3. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжтой, хоорондоо зөрчилтэй олон утга санаа, үг хэллэг агуулаагүй, гэрээний ерөнхий агуулгад тохирсон утга санааг тодорхой илэрхийлсэн гэрээ байх ба Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасантай нийцэж байгаа бөгөөд хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээний гол нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцсон байх тул гэрээг байгуулсанд тооцно.

4. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д “Худалдагч нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой, гэрээ байгуулах үед өмчлөлийн ямар нэгэн маргаангүй үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй” гэж, 4.2-т “Худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд харилцан тохиролцсон үнийг худалдагчид төлөх үүрэгтэй” гэж тус тус тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасныг зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл талууд гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ харилцан биелүүлсэн болох нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр өмчлөгч М.Баатарсүхэд олгосон Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000783739 дугаартай гэрчилгээ /хх-ийн 50/, хэргийн 7 дугаар талд авагдсан “Зээлийн гэрээний баталгаа” зэргээр нотлогдоно.

5. Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татвараас зайлсхийж, 100,000,000 төгрөгийн үнэ өртөгтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдахдаа 2,000,000 төгрөг болгон гэрээ хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхээргүй байна. Дээрх гэрээ нь дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг зөв шийдвэрлэжээ.

Хэргийн 7 дугаар талд авагдсан “Зээлийн гэрээний баталгаа” гэх баримтаар талууд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багт байрлах, 800,0 м.кв талбай бүхий засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр худалдаж, урьдчилгаа 5,000,000 төгрөг төлж, 2021 оны 06 дугаар сард нийт 23,000,000 төгрөгийг төлж, үлдэх 6 сарын хугацаанд үлдэгдэл 77,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон, хариуцагч үлдэгдэл төлбөрийг төлөхөө илэрхийлжээ.

Үүнээс үзвэл гэрээний талууд  хөрөнгийн эрхээ тухайн үедээ шилжүүлж харин хөрөнгийн худалдах үнийг  100,000,000 төгрөгөөр тохиролцон үнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон гэж үзэхээр байна.

  Нэхэмжлэгчид талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг нэхэмжлэлээр шаардсан байх ба харин үлдэгдэл 77,000,000 төгрөгийн төлбөрийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

6. Хариуцагч С.Баяраа давж заалдсан гомдлын агуулгаа Иргэний хуулийн 56 дугаар зүйл бүхлээрээ, 57.3-т заасан хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл, 59.3-т заасан Хууран мэхлэх аргаар хийсэн хэлцэл гэж тодорхойлж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 Иймд хариуцагч С.Баяраагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  02 дугаар сарын 18-ны өдрийн 252 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Баяраагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч С.Баяраагаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328.150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.БАЙГАЛМАА

                                      ШҮҮГЧ                                         Г.ДАВААРЕНЧИН

                                      ШҮҮГЧ                                         Л.АМАРСАНАА