Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 115/ШШ2026/0019

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Э

Хариуцагч: Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын хоорондын төлбөр тогтоосон акттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын дарга Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Ц, гэрч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Э нь анх шүүхэд гаргасан Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1 дугаартай актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 07 сарын 07-ны өдрийн 1 дугаартай актын өөрт холбогдох буюу 1,699,483 төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоосон хэсгийг хүчингүй болгуулахаар өөрчлөн тодруулан маргаж байна.

 

2. Хэргийн нөхцөл байдлын талаар:

2.1. Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газраас Дорноговь аймгийн Хамарын хийдийн Тусгай хамгаалалттай газрын захиргаа орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2024 он, 2025 оны 1 дүгээр улирлын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ.

2.2. Улмаар Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 07 сарын 07-ны өдрийн 1 дугаартай актаар нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтгүй, хэнд олгосон нь тодорхойгүй, үндэслэлгүйгээр шууд зарлагдсан шатахууны талоны үнэ 5,098,450 төгрөгийг Хамарын хийдийн Тусгай хамгаалалттай газрын захиргаа орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга Ш.Б, нярав Б.С, нягтлан бодогчоор ажиллаж байсан нэхэмжлэгч Б.Э нарт хувь тэнцүүлэн тус бүр 1,699,483 төгрөгийг нөхөн төлүүлж, төсвийн орлого болгохоор тогтоосон байна.

2.4. Нэхэмжлэгчээс маргаан бүхий Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 07 сарын 07-ны өдрийн 1 дугаартай актад холбогдуулан нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 115/ШЗ2025/0103 дугаар захирамжаар нэхэмжлэлд бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, улмаар тус шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 115/ШЗ2025/0117 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.   

 

3. Нэхэмжлэгч нь Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 07 сарын 07-ны өдрийн 1 дугаартай актын өөрт холбогдох буюу 1,699,483 төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

3.1. Шалгалтаар илэрсэн 2 удаагийн 4,000,000 сая төгрөгийн тухайд байгууллагын даргаас тушаал гаргаж шаардсаны дагуу зарлага гаргасан, зарцуулалтыг Ш.Б дарга хийсэн, нярваас баримтыг нэхэхэд замын хуудас, зарлагын баримтыг гаргаж өгснөөр зарлагыг хаасан.

3.2. 1,100,000 төгрөгийн тухайд зарлагын баримтыг би гаргаагүй, миний гарын үсэг байхгүй, талоны үлдэгдлээс нярав зарцуулалт хийж дарга Ш.Бд өгсөн байсныг шалгалтын үеэр мэдсэн, би зарлага гаргаагүй.

3.3. Санхүүгийн хяналт шалгалтын үед бүх нөхцөл байдлыг хэлсэн, зарцуулалт хийж шамшигдуулсан хүн нь Ш.Б дарга байхад бодит байдалд үндэслэлгүй, төлбөрийг надад хуваан төлүүлэхээр хариуцуулж төлбөр тогтоосонд гомдолтой байна.

3.4. Байгууллагын даргын хөрөнгө шамшигдуулж байгаа асуудлыг би аймгийн удирдлагуудад илчилж хэлсэн байхад хөрөнгө дутаасан хүнд биш надад төлбөр тогтоосон нь үндэслэлгүй гэх агуулгаар тайлбарлан маргасан.

 

4. Нэхэмжлэгч Б.Э шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ:

4.1. "Шатахууны үнэ төлүүлэх тухай" актыг тавихдаа бодит байдалд үндэслэхгүйгээр шууд анхан шатны баримтад үндэслээд төлбөрийг 3 хуваагаад хариуцуулсанд гомдолтой байна.

1/ 2024 оны 7 сарын 19-ний өдрийн 4,0 сая төгрөгийн зарлагын баримтыг байгууллагын даргын тушаалаар гаргасан. Дарга Ш.Б уг "Ажил гүйцэтгэх гэрээнд өөрөө гарын үсэг зураад, надад шатахууны төлбөрийг шилжүүлэхийг даалгасны дагуу би "Шунхлай"-ШТСалбар руу нэхэмжлэхийн дагуу толаны мөнгийг шилжүүлсэн. Шатахууны толан авах, зарцуулалт хийхийг дарга Ш.Б өөрөө гардаж хийсэн зарлага гаргахыг шаардсаны дагуу би зарлага гаргаж өгсөн.

Гэвч Санхүүгийн аудит дээрх асуудлыг нарийвчилж шалгалгүйгээр шатахууны толаныг хэнд өгсөн нь тодорхойгүй" гээд акт тавигдсан.

Би "Шунхлай"-гаас олгосон нэхэмжлэхийн дагуу зарлага гаргасан. Харин дарга, нярав хоёр зарцуулалтын баримтуудаа өгөх ёстой ба би нярваас баримт нэхэхэд дарга мэднэ, би оролцоогүй гээд замын хуудас, зарлагын баримтыг нярав надад гаргаж өгсөн. Тэгээд өгсөн баримтаар нь зардлаа хаасан.

Тэгээд санхүүгийн шалгалтын үеэр Т.Э нь дээрх 4,0 сая төгрөгийг аваагүй 1,5 төгрөг авснаа мэдэгдэж үлдэгдэл 2,5 сая төгрөгийг юунд зарцуулснаа дарга тодорхой хэлээгүйгээс уг төлбөрийг хуваан хариуцаж төлөхөөр болсонд гомдолтой байна.

Санхүүгийн шалгалт ч бодит байдлыг үндэслэж төлбөрийг хариуцуулсангүй. Өөрөөр хэлбэл байгууллагаас зарлагын баримтаар зарлага гарсан боловч зарцуулалтыг дарга Ш.Б хийсэн. Санхүүгийн хяналт шалгалтаар манай байгууллага дээр баримт шалгах үед Т.Этай холбогдож дээрх дүнгээр ажлын хөлс авсныг мэдсэн. Дээрх зарлагын баримтын зарцуулалтыг дарга Ш.Б өөрөө хийсэн учир уг төлбөрийг дарга хариуцахаар байтал бусдын өмнөөс би өр төлбөрт ормооргүй байна.

2/ 2024 оны 11 сарын 29-ны өдрийн 4,0 сая төгрөгийн зарлагыг байгууллагын даргын тушаалаар би Шунхлай ШТС-ын нэхэмжлэхээр зарлага гаргасан. Үүнээс 2.501.550 төгрөгийг Г.Эт олгогдсон боловч үлдэгдэл 1.498.450 төгрөгийг Ш.Б зарцуулсан учир Ш.Б л мэднэ. Үүний баримтыг нярваас нэхэхэд яг өмнөхтэй ижил замын хуудас, зарлагын баримтыг гаргаж өгч байсан. Тэрхүү баримтаар зарлагыг хаасан.

Үлдэгдэл 1.498.450 төгрөгийн баримтыг дарга Ш.Б зарцуулалт хийснээрээ хариуцахаар байтал би хуваасан зарцуулалт гаргаагүй учир уг төлбөрийг хариуцмааргүй байна.

Анх дарга Ш.Б Г.Эт 4,0 сая, 4,0 саяар тус тус бөөн өгнө гэж зарцуулалт гаргахыг зөвшөөрч тушаал гаргасны дагуу би бөөн зарцуулалт гаргасан байхад уг зарлагууд дундаасаа дутаад гараад ирсэн нь дарга Ш.Б дээрх зарцуулалтыг биечлэн гардан хийсний хувьд хамааралтай болохоос надад хамаарахгүй гэж үзэж байна. Үүнийг ч санхүү хяналт шалгалтынхан нягтлан шалгалгүйгээр нийтийг нь хамруулж даргын мэдэгдэхгүй хийсэн зарцуулалтыг надад хамааруулж төлбөрийг хариуцуулж акт тавьсныг хүлээн зөвшөөрмөөргүй байна.

3/ 2025 оны 4 сарын 4-ны өдрийн 1.100.000 төгрөгийн зарлагын баримтыг би гаргаагүй, миний гарын үсэг ч байхгүй. Толаны үлдэгдлээс нярав зарцуулалт хийж дарга Ш.Бд өгсөн гэж байсан. Би үүнийг шалгалтын үеэр мэдсэнээс бусдаар би гаргаагүй зарлага болохоор мэдэхгүй байсан. Шалгалтын үеэр нярав 1.100.000 толаныг дарга Ш.Бд өгч байсан талаар тайлбарлаж байсан учир уг төлбөрийг ч Ш.Б хариуцахаар байтал байгууллагын нягтлан гэдгээр нь надад хариуцуулж төлбөр тавьсанд гомдолтой байна.

Санхүүгийн акт тавигдсаны дараагаар энэ байдлыг би дарга Ш.Бд хэлэхэд өөрийнхөө бурууг ойлгохгүй, чи адилхан хувааж төлөхөөр болж байж гээд намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилж байсан. Би анх зарлагыг гаргахдаа даргаас "Ажил гүйцэтгэх гэрээ"-г шаардахад намайг гэрээгээ гарга гэсэн ба би Г.Эаас ажлын хөлсийг нь асуугаад бэлтгэхэд дарга 4,0 сая төгрөгөөр гэрээг гарга гэхээр нь даргын үгээр гэрээг гаргаж даргад өгч байсан. Тэгээд дарга Ш.Б ажил гүйцэтгэгч Г.Э нарын хооронд гэрээ байгуулах ажил хийгдэж гарын үсгээ зурцгаасан. Би ч даргын хэлсний дагуу Шунхлай ШТС-ын нэхэмжлэхээр толаны мөнгийг төлж зарлага гаргасан. Дарга Ш.Б энэхүү 4,0 сая төгрөгийн зарлагаас Г.Эт хэдэн төгрөг өгснийг би мэдэхгүй, дарга яаж зарцуулалт хийснийг ч мэдэхгүй байсан.

Миний хувьд ажлын хөлсний зардал бөөн олгогдож гарч байна зардлаа бөөн гарга гэсний дагуу гаргасан.

Харин бөөн гаргасан зарлага дундаасаа яагаад дутаад байгааг шалгалгүй орхигдуулж дутсан хэмжээгээр хувааж төлбөр тавиад байгаа нь бодит үнэнд нийцэхгүй байна.

Уг дутагдсан төлбөрүүдийг дарга Ш.Б зарцуулалт хийсний хувьд сайн мэдэж байгаа ба Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан үнийн дүнгээр ажлын хөлсийг олгоогүй,

харин ч дутагдал үүсгэж байгаа гол учир нь даргаас гарахаар байтал үүнийг нягталж шалгалгүй даргын дутаасан төлбөрийг би өмнөөс нь хариуцахаар төлбөрийн акт тавиулсандаа гомдолтой байгаа тул 2025 оны 7 сарын 7-ны өдрийн улсын байцгаагчийн 1 дугаартай актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4.2. Нэхэмжлэгч Б.Э 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:

“Нэхэмжлэгч Б.Э миний бие Дорноговь аймгийн Санхүү хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 07 сарын 07-ны өдрийн 1 дугаартай актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Дорноговь аймгийн Санхүү хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 7 сарын 7-ны өдрийн 1 дугаартай актаас өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

1. Тухайн актын 2 дахь заалтаар: ... Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтгүй, хэнд олгосон нь тодорхойгүй, үндэслэлгүйгээр шууд зарлагадсан шатахууны талоны 5.098.450 төгрөгөөс 1.699.483 төгрөгийг нягтлан бодогч Б.Эээр нөхөн төлүүлж, төсвийн орлого болгохоор төлбөрийн акт тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна.

Байгууллагын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр "Ажил гүйцэтгэх гэрээ"-г дарга байгуулсан байсан. Дарга үүрэг болгосны дагуу би зарлагыг гаргасан. Санхүүгийн хяналт шалгалтынхан ажил гүйцэтгэсэн иргэнтэй холбогдож дансны гүйлгээгээр нотлоход гэрээний үнийн дүн зорж гарч ирсэн. Дарга надаар зөрүүтэй зарлага хийлгүүлж, зөрүү мөнгийг нь дарга авч шамшигдуулсан гэж үзэж байна.

Би даргад яагаад ийм дур мэдсэн зардлууд гаргасныг хэлэхээр чиний юмыг авч хэрэглээгүй, чамаас аваагүй гээд элдэв үгээр дарамталсан.

Би юуг нь ч авч хэрэглээгүй байж актаар төлбөр төлөхөөр болж байгааг хүлээн зөвшөөрмөөргүй байна. Бусдын шамшигдуулсныг би хариуцахаар акт тогтоогсонд гомдолтой байна” гэжээ.

4.3. Нэхэмжлэгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дорноговь аймгийн Санхүү хяналт, дотоод аудитын газраас Б.Э миний биед холбогдуулсан 1,600,000 төгрөгийг төлөхгүй гэж нэхэмжлэл гаргасан. Шалгалтын үед би үнэн бодит байдлаа хэлж байсан. Үүнийг харгалзан үзэхгүйгээр Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг баримтлан буруутгаж хүний шамшигдуулсан төлбөрийг төлүүлэх гэсэнд гомдолтой байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өмнө гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлага, тайлбаруудаа дэмжиж байна.

2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 09 цагт Н.Б даргад ийм нөхцөл байдалтай ажиллаж байна гэдгээ тайлбарласан. Тухайн үед төрийн санд ажиллаж байсан н.Навчаа гэж хүнтэй холбогдоод намайг уулзуулаад өгөөч гэж гуйж байгаад Санхүү хэлтсийн дарга Бтэй уулзаж Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газрын дарга Ш.Бгийн ёс зүйгүй байдал, ашиг сонирхлын зөрчлийг хэлж байсан. Манайд санхүүгийн аудит 2024 онд орно гэж байсан боловч ороогүй. Санхүүгийн аудитыг оруулмаар байна гэж тухайн үед хэлж байсан.

Ингээд Санхүүгийн аудит орохоор болоод Н.Б дарга намайг Б.З гээд дарга нь байгаа надад хэлсэн зүйлээ санаа зоволтгүй үнэн шударгаар нь хэлээрэй гээд би болсон процесс болон нотлох баримтуудаа гаргаж хэлж байсан. Анхан шатны баримт нь бүрдсэн байна гээд надад хэлж байхад холбогдох этгээдийг нь дуудаж уулзаад төрийн мөнгийг шамшигдуулаад байгаа хүнийг илрүүлэх нь чухал гэж үзээд тэр хүнийг та дуудаж уулзаад асуугаарай гэж хэлээд нэг баг болж ажиллаж байсан.

Гэсэн боловч миний тайлбарыг харгалзан үзэхгүйгээр Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг баримталсан. Анхан шатны баримт дутагдалтай гэсэн зүйл надад байхгүй байгаа. Ш.Бгийн санаатай шамшигдуулсан мөнгийг төлнө гэдэг дээр би гомдолтой байна. Б.З дарга шамшигдуулсан хүн дарагдаад үлдчих вэ дээ гэж байсан. Тэр үед танай даргыг өрөвдөж байна гэж хэлж байсан. Би үүнд бас гомддог. Яагаад төрийн мөнгийг шамшигдуулсан, хүнийг дарамтлаад зовоогоод байгаа хүнийг өрөвдөж байгаа юм гэж гомдолтой байсан. Би энэ мөнгийг төлбөл энэ хүн дарагдаад үлдэнэ. Үнэн шударгаар шүүхээр шийдүүлье гэж өнөөдрийг хүртэл ингээд явж байна. Шүүхээс үнэн шударгаар нь шийдэж өгөхийг хүсэж байна” гэв.

 

5. Хариуцагч Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын дарга, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б.З 2025 оны 12 дугаар сарын 11, 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тус тус шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:[1]

“...Аймгийн Засаг даргаар батлуулсан 2025 оны дотоод аудитын нэгдсэн удирдамж, Засаг даргын орлогчоос ирүүлсэн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 02/970 дугаар албан бичиг, Газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн баталсан 03 дугаар удирдамжийн дагуу Хамарын хийдийн Тусгай хамгаалалттай газрын захиргаа орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2024 он 2025 оны 1 дүгээр улирлын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

Иргэн Даадар овогт Балдандоржийн Энхцэцэгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан улсын ахлах байцаагчийн 1 дугаартай акттай холбоотой нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараахь тайлбарыг хүргүүлж байна.

Үүнд 1/ Нүх ухах ажилд зарцуулсан гэж замын хуудсанд бичигдсэн шатахууны талоныг хүлээн авсан албан тушаалтны гарын үсэггүй, гэрээ байгуулаагүй, замын хуудсанд ажлын хөлсөнд олгов гэж бичиж хаасан зөрчилд орон нутгийн төсвийн орлогын дансанд нөхөн төлүүлэхээр улсын ахлах байцаагчийн 1 дугаар актыг тогтоосон.

Энэ нь Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Аж ахуйн нэгж байгууллага нь нягтлан бодох бүртгэлийн дараахь зарчмыг баримтална", 5.1.3-д "жинхэнэ хэрэгжилтийн", 5.1.4-д "Үнэн зөв байх", 13 дугаар зүйлийн 13.1-д "анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно", Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4.3-т "банк, санхүүгийн болон бусад салбарын төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд, түүний албан тушаалтан энэ хуулийн үйлчлэлд хамаарна", 4 дүгээр зүйлийн 4.1.3-т "үр ашигтай байх", 4.1.9-д хариуцлагатай байх зарчмыг баримтална", 4.2.1-д "зардлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээг энгийн ойлгомжтой, тууштай, өндөр сахилга баттайгаар зохион байгуулах", 4.2.6-д "үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоогүй хандив тусламжийн шинжтэй зарлага, санхүүжилт гаргахгүй байх зэрэг заалтуудыг тус тус зөрчсөн.

Иргэн Этай уулзаж, ажлын хөлсөнд олгосон зардлыг тодруулахад эхний ажилд 2 сая гаран төгрөг авсан, сүүлийн 1100,0 мянган төгрөгийн талоныг аваагүй гэсэн боловч тайлбар бичиж өгөхөөс татгалзсан болно.

2/ Даадар овогт Балдандоржийн Энхцэцэг нь тус байгууллагын Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан ба ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т "Нягтлан бодох бүртгэлд дараахь зүйлсийг заавал бүртгэнэ" 14.4.2-т "бүх хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлага", 20 дугаар зүйл "Ерөнхий нягтлан бодогчийн эрх, үүрэг" 20.1.1-д "нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад бусад баримт бичиг, мэдээ, мэдээллийг тогтоосон хугацаанд шаардан гаргуулах эрхтэй", 20.1.2-т "нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах эрхтэй", 20.1.4-д "хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх эрхтэй", 20.2.6-д "эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах үүрэгтэй", мөн "Нягтлан бодогчийн албан тушаалын тодорхойлолт"-ын 1.1-д Нягтлан бодох бүртгэлтэй холбоотой хууль тогтоомж, заавар журмыг хэрэгжүүлэх", 2.1-д "Байгууллагын төсөв зарцуулалтыг алдаа дутагдалгүй үнэн, зөв хуульд нийцүүлэн зохион байгуулж, удирдах албан тушаалтныг арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажиллана" гэж тус тус заасан заалтыг зөрчсөн тул улсын ахлах байцаагчийн 1 дугаар актаар төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр акт тогтоосон.

3/ Тус байгууллага нь орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэж байгуулагдсан боловч төсвөөс санхүүжилт авч үйл ажиллагаагаа явуулдаг ба төсвийн хөрөнгийг ажлын хөлс нэрээр жолоочийн замын хуудсанд бичиж, зарлагадсан нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул Аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, Цагдаагийн газраас чиглэлийн дагуу Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн” гэжээ.

5.1. Хариуцагч Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын дарга Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хариу тайлбараа албан бичгээр өгсөн. Эрх, үүргийг нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан байгаа. Дээрээс нь энэ хүн шамшигдуулсан гэдэг асуудал ярьдаг. Шамшигдуулж идэж уусан байна уу гэдгийг манай байгууллага тогтоодог байгууллага биш. Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт дээр тулгуурлаж манайх ажиллагаа хийж байгаа.

Идэж ууж шамшигдуулсан байна гэж манайх Цагдаагийн байгууллагад хүсэлт өгсөн. Энэ хүсэлтийн дагуу тухайн зөрчилтэй гарсан акт Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа гэж шүүхэд тайлбар өгсөн байсан. Энэ хүн л хөрөнгийг шамшигдуулсан гэж яриад байгаа болохоос бид нарт нотлох баримт байхгүй. Бид нар мөрдөн байцаах ажлыг хийх боломжгүй учраас шамшигдуулсан байна уу, үгүй байна уу гэдгийг дараагийн шатны байгууллага тодорхойлж өгөх байх гээд шүүхэд шилжүүлсэн байгаа. Энэ хүний хувьд анхан шатны баримтгүй гэж нотлоод өмнөх шүүх хуралдаанд дээр тайлбар хэлж байсан.

Мөн тухайн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа жинхэнэ хэрэгжилтийн үнэн зөв байх, анхан шатны баримтад үндэслэн тулгуурлаж журналд бичих ёстой гэсэн зарчим Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд тодорхой заасан байгаа учраас энэ эрх үүргээ хэрэгжүүлээгүй байна. Дээрээс нь нягтлан бодогч гэдэг хүн нь тухайн байгууллагын анхан шатны баримтад тулгуурлаж бүртгэлийн үйл ажиллагаа явуулах ёстой. Тухайн удирдлагаас хууль бус үйлдлийг шаардаж байгаа бол үүнийг тухайн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй гэсэн ийм эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллаагүй байна гэж акт тогтоогдсон.

Мөн тухайн байгууллага Санхүү төрийн сан дээр мэдэгдэж шалгалт орсон гэдэг асуудал ярьдаг. Энэ асуудал дээр тухайн санхүү төрийн сангийн хэлтэс орон нутгийн орлого төвлөрүүлж байгаа байгууллагууд дээр хяналт хийгдсэн. Үүний дагуу тухайн байгууллага руу албан бичгээр хүсэлт өгч тухайн байгууллагад хяналт шалгалт хийгдэж байсан. Хууль тогтоомжийн дагуу анхан шатны баримт дээр тулгуурлаж хянан шалгах ажиллагаа хийгддэг. Шамшигдуулсан гэдгийг манай байгууллага тогтоодоггүй. Үүнийг тогтоолгох гээд шат шатны байгууллагад нь хүсэлт өгөөд шийдвэрлүүлэх гээд хүлээгдэж байгаа.  Анхан шатны баримтад тулгуурлаж улсын ахлах байцаагчийн акт тогтоогдсон учраас хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлаж үнэн зөв шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгчийн Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1 дугаартай актын өөрт холбогдох 1,699,483 төгрөгийг төлүүлэхээр тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад хамаарах дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

2.1. Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Хяналт шалгалт хийх тухай” 03 дугаартай удирдамжийн дагуу Дорноговь аймгийн Хамарын хийдийн Тусгай хамгаалалттай газрын захиргаа орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2024 он, 2025 оны 1 дүгээр улирлын санхүү, аж ахуйн үйл ажиллагаа, орлого бүрдүүлэлтэд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б.З, улсын байцаагч Б.Отгон, дотоод аудитор У.Ц нар 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс ажлын 7 хоногийн хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ. /хавтаст хэргийн 1 дэх боть, 112-114 дэх тал/

2.2. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд нийт 4 улсын байцаагчийн акт тогтоосон ба Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Шатахууны үнэ төлүүлэх тухай” 1 дугаартай актаар (цаашид “маргаан бүхий 2025 оны 1 дугаартай акт” гэж товчлох) “нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтгүй, хэнд олгосон нь тодорхойгүй, үндэслэлгүйгээр шууд зарлагдсан шатахууны талоны үнэ 5,098,450 төгрөгийг Хамарын хийдийн Тусгай хамгаалалттай газрын захиргаа орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга Ш.Б, нярав Б.С, нягтлан бодогчоор ажиллаж байсан нэхэмжлэгч Б.Э нарт хувь тэнцүүлэн тус бүр 1,699,483 төгрөгийг нөхөн төлүүлж, төсвийн орлого болгохоор тогтоожээ.

 

3. Нэхэмжлэгч Б.Эээс маргаан бүхий 2025 оны 1 дугаартай актын өөрт холбогдох буюу 1,699,483 төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

“... байгууллагын даргын шаардсаны дагуу зарлага гаргасан, зарцуулалтыг дарга хийж хөрөнгө шамшигдуулсан байхад бодит байдалд үндэслэлгүйгээр төлбөрийг хуваан төлүүлэхээр акт тогтоосон, даргын хөрөнгө шамшигдуулж байгаа асуудлыг би аймгийн удирдлагад илчилж шалгалт хийгдсэн, хүний шамшигдуулсан мөнгийг би төлөх үндэслэлгүй” гэх,

харин хариуцагчаас “... нэхэмжлэгч нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэсэн, төсөв зарцуулалтыг алдаа дутагдалгүй үнэн зөв, хуульд нийцүүлэн зохион байгуулах үүргээ биелүүлээгүй, хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах эрхээ хэрэгжүүлж ажиллах байсан” гэх агуулгатай тайлбараар тус тусын шаардлага, татгалзлаа үндэслэн маргасан.

 Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, татгалзлыг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд, тэдгээрээс тогтоогдсон үйл баримттай бүхий л талаас нь харьцуулан үзэж дараах дүгнэлтийг өглөө. Үүнд:

 

4. Маргаан бүхий 2025 оны 1 дугаартай актаар /хавтаст хэргийн 1 дэх боть, 116-119 дэх тал/ зарцуулалт нь тодорхойгүй 5,098,450 төгрөгийн шатахууны талоны 3 төрлийн зөрчлийг илрүүлсэн ба актын хавсралтад заасан зөрчлийн талаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

4.1. Маргаан бүхий 2025 оны 1 дугаартай актын хавсралт хүснэгтийн №1-д заасан “2,500,000 төгрөгийн шатахууны талоныг хэнд олгосон нь тодорхойгүй” гэх зөрчлийн тухайд:

4.2. Хамарын Хийдийн тусгай хамгаалалттай газрын захиргаа Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга Ш.Б нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэн Төмөрбаатарын Этай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан ба уг гэрээгээр “ковш, эксковатороор усны хоолой болох 80м2 газрыг 3м-ийн гүнээр ухуулах, буцааж булуулах ажил хийлгэхээр, ажил гүйцэтгэх хугацаа 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 09-ны өдрийг дуустал 3-4 өдөр хийж байхаар, гүйцэтгэх ажлын үйлчилгээний төлбөр нийт 4,000,000 төгрөгийн төлбөрийг бензин талоноор төлөхөөр харилцан тохиролцон байна.

4.3. Хяналт шалгалтын явцад дээрх гэрээгээр тохиролцсоны дагуу Т.Эт 4,000,000 төгрөгийн шатахууны талон өгсөн талаар

- фото зураг /хавтаст хэргийн 1 дэх боть, 84-86, 89-90 дэх тал/

- 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №00101 “Зарлагын баримт” /хавтаст хэргийн 1 дэх боть, 87 дахь тал/, 

- 2024 оны 7 дугаар сарын 15, 17, 18-ны өдрүүдэд 3-н зам нүх ухах, булах ажил хийсэн талаарх “Жолоочийн тооцооны хуудас” /хавтаст хэргийн 1 дэх боть, 88 дахь тал/ зэрэг баримтуудыг байгууллагаас гаргаж өгсөн ба эдгээрээс №00101 “Зарлагын баримт”-ын нягтлан бодогч гэх хэсэгт болон “Жолоочийн тооцооны хуудас”-д “Ажлын хөлстэйгөө E=4,000,000 талоноор хаав” гэх тэмдэглэн нэхэмжлэгч Б.Э гарын үсэг зурсан болох нь тогтоогдож байна.

Хариуцагчаас дээрх зөрчлийн талаар “... иргэн Т.Этай уулзаж, ажлын хөлсөнд олгосон зардлын талаар тодруулахад эхний ажилд 2 сая гаран төгрөг авсан, ... гэсэн боловч тайлбар бичиж өгөхөөс татгалзсан”[2] гэх тайлбарыг бичгээр, “... тайлбар бичүүлж авья гэсэн ч Байгалмаа, нярав хоёрын талаар тайлбар өгөх боломжгүй, 2,000,000 төгрөгийн талон авсан ...” гэж хэлсэн гэх тайлбарыг[3], харин нэхэмжлэгчийн тухайд “... 4,000,000 төгрөгийг Э хүлээн авсан зарлагын падаан байгаа, үүнд нярав, Э нарын гарын үсэг зурагдсан мөн зургаар тайлан гаргасан байсан”[4] гэх тайлбарыг тус тус шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан болно.

4.4. Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарын зөрүүг арилгахаар иргэн Т.Эыг гэрчээр асууж мэдүүлэг авсан ба гэрчээс

“... 1,500,000 төгрөг болсон байх гэж бодож байна, одоо сайн санахгүй байна, ...тооцоог яаж хийснийг санахгүй байна, ... сайн санахгүй байна, 1,500,000-2,000,000 төгрөг болсон байгаа, тэрнээс давахгүй, ... тооцоог Байгалмаа даргатай ярьсан, тэр хүнээс авсан байх, ... 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ажил нь миний хийсэн ажил мөн, гэхдээ мөнгөн дүн нь буруу байна, төв шугамаасаа 3 зам дээр байдаг нойл руу 40 метр гаруй ухсан, энэ гэрээн дээр метрийг нь нэмсэн харагдаж байна, ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, гэрээн дээрх гарын үсэг миний гарын үсэг биш байна” гэж, ... зарлагын баримт болон жолоочийн тооцооны хуудас дахь гарын үсгийг өөрөө зураагүй талаараа “... хавтаст хэргийн 86-88 дахь хуудсанд байгаа гарын үсгүүд минийх биш байна, ... зарлагын баримт дээрх миний гарын үсэг биш, энэ замын хуудсыг би бөглөөгүй, ... би 1,500,000 төгрөг авсан гэж бодоод байна”[5] гэж тус тус мэдүүлсэн болно.

4.5. Нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдлыг гэрчийн мэдүүлэгтэй харьцуулан дүгнэхэд 2024 оны 07 дугаар сард “гурван замын нийтийн бие засах газрын усыг худагтай холбох 40 метр квадрат газрыг 3 метрийн гүнээр нүх ухуулах, буцааж булуулах” ажлыг Т.Эаар хийлгэсэн боловч, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-г Т.Этай байгуулаагүй, улмаар гэрээнд 80м2 газар гэж 40м2-аар илүү буюу худал бичсэн, түүнчлэн №00101 “Зарлагын баримт” болон “Жолоочийн тооцооны хуудас”-д тус тус Т.Э нь гарын үсэг зураагүй нь тогтоогдож байна.

Хэдийгээр Т.Э гэрээ байгуулаагүй, №00101 “Зарлагын баримт”-д 4,000,000 төгрөг хүлээн авсан гэж гарын үсэг зураагүй, “Жолоочийн тооцооны хуудас”-ыг бичээгүй нь тус тус тогтоогдож байгаа ч тухайн ажлын хөлсний талаар гэрчээс “... 1,500,000-2,000,000 төгрөг болсон байгаа, тэрнээс давахгүй, 1,500,000 төгрөг болсон байх гэж бодож байна, би 1,500,000 төгрөг авсан гэж бодоод байна, нойл руу 40 метр гаруй ухсан, энэ гэрээн дээр метрийг нь нэмсэн байна” гэх зэргээр мэдүүлсэн тул Т.Эыг 40м2 газрыг 3 метрийн гүнээр нүх ухуулах, буцааж булах ажлын хөлсөнд 1,500,000 төгрөг авсан гэж дүгнэх үндэслэлтэй, шүүх гэрчийн мэдүүлгийн энэ хэсгийг “үнэн зөв” гэж үзэн үнэлсэн болно.

           

5. Маргаан бүхий 2025 оны 1 дугаартай актын хавсралтын №2-д заасан “1,498,450 төгрөгийн шатахууны талоныг хэнд олгосон нь тодорхойгүй, ажил гүйцэтгэх гэрээ байхгүй” гэх зөрчлийн талаар:

5.1. Дорноговь аймгийн “Хамарын Хийдийн тусгай хамгаалалттай газрын захиргаа” Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2024 оны 11 дүгээр  сарын 20-ны өдрийн “Хөрөнгө зарцуулах тухай” А/41 дүгээр тушаалд “Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Хилэнцэт хөшөө”-ний орчимд 4830 ширхэг мод тарих ажлыг зохион байгуулахаар, шаардагдах 4,000,000 төгрөгийг шатахууны зардлаас гаргаж зарцуулахыг Ерөнхий нягтлан бодогчид зөвшөөрсүгэй” гэж, хавсралтад “түлшний талон - 4,000,000” гэжээ. /хавтаст хэргийн 1 дэх боть, 176-177 дахь тал/

5.2. Тушаалд дурдсан 4830 ширхэг модны нүх ухуулах ажлыг мөн Т.Эаар хийлгэсэн бөгөөд энэ талаар модны нүх ухаж, мод тарьсан тухай “Хамарын Хийдийн ТХГазрын захиргаа ОНӨААТгазар” гэсэн фейсбүүк хуудсанд тавигдсан мэдээллийн талаарх фото зураг /хавтаст хэргийн 1 дэх боть, 100-104 дэх тал/,

- нэхэмжлэгч Б.Эээс нягтлан бодогч гэх хэсэгт гарын үсгээ зурсан 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №0070 “Орлогын баримт”, нярав Т.Сарантуяагаас бензин талон хүлээн авсан баримт /хавтаст хэргийн 1 дэх боть, 98 дахь тал/, 

- нэхэмжлэгч Б.Э нягтлан бодогч гэх хэсэгт гарын үсгээ зурсан, хүлээн авсан хэсэгт Э гэж бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №00268 “Зарлагын баримт” /хавтаст хэргийн 1 дэх боть, 99 дэх тал/,

- “Түлш 2,500,000, ажлын хөлс 1,500,000, 4,000,000 төгрөгийн талоноор хаав” гэж тэмдэглэн нэхэмжлэгч Б.Э гарын үсгээ зурсан, тооцоо бодуулсан жолооч Э гэж бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Жолоочийн тооцооны хуудас” /хавтаст хэргийн 1 дэх боть, 100 дахь .... тал/ зэрэг баримтуудыг нэхэмжлэгчээс хяналт шалгалтын явцад гарган өгсөн нь тогтоогдож байна.

5.3. Уг зөрчлийн тухайд хариуцагчаас түлшний зардалд 2,501,550 төгрөгийг олгосон, харин үлдэх 1,498,450 төгрөгийн шатахууны талоныг хэнд олгосон нь тодорхойгүй, ажил гүйцэтгэх гэрээгүй гэж үзэн зөрчилд тооцсон ба энэ талаар нэхэмжлэгчээс “...гэрээ хийгээгүй юм уу гэсэн чинь гэрээ хийгээгүй тушаал гаргачихна гээд тушаал гаргаж өгөхөөр нь талоны мөнгийг шилжүүлсэн” гэж, харин хариуцагчаас “... түлшийг нь тооцохоор 2,501,550 төгрөг гарч байгаа, ажлын хөлсөнд 1,500,000 төгрөг өгсөн гэсэн ч хэнд олгосон нь тодорхойгүй, Т.Э 4,000,000 төгрөгийн талон аваагүй, тайлбар өгөх боломжгүй гэсэн” гэх тайлбаруудыг гарган маргасан. .

5.4. Шүүхээс уг зөрчлийн талаар Т.Эаас гэрчийн мэдүүлэг авсан ба гэрчээс:

“... талоныг бол авсан, гэхдээ зарлагын баримт дээр гарын үсэг зураагүй, модны шуудуу ухсан ажилд 4,000,000 төгрөгийн талон авсан, ... ажлын хөлсөнд мөнгө өгч чадахгүй гээд оронд нь талон өгье гэсэн, тэгээд тэрийг нь авсан”, нэг ажил хийлгээд миний нэрээр мөнгө төгрөг наашаа, цаашаа болгосон байна гэж ойлгож байна, миний хийсэн гэрээ 1 ширхэг ч байхгүй байна, миний нэрээр зарлага гаргаад байдаг юм байна, би гарын үсэг зурсан нэг ч баримт байхгүй байна, би нэг ч хараагүй баримтууд байна”[6] гэж,

хариуцагчаас[7] шүүх хуралдааны явцад гэрчээс “... хяналт шалгалтын явцад 2,500,000 төгрөгийн талон дээр ажлын хөлс аваагүй, зөвхөн дизелийнх нь түлшээр би ухаж өгсөн гэсэн тайлбар өгсөн, ... талон нь тэр ажилд зарцуулагдсан 2,500,000 төгрөг байгаа, баримтаараа нотлогдож байгаа, энэ байгууллагаас таны нэр дээр мөнгө зарлагдаад байгааг мэдэж байсан уу” гэж асуусан асуултад[8] гэрч Т.Э “... 4,000,000 төгрөгийн талон авсан, би өөрөө хэдийг авсан гэдэг дээрээ эргэлзээд байсан, тань дээр орохдоо хэдийг авснаа сайн санахгүй байсан, мэдэхгүй байсан, таныг дуудахад ерөнхий ойлголт авсан” гэж тус тус мэдүүлсэн.

5.5. Тогтоогдсон үйл баримтыг гэрчийн мэдүүлэгтэй харьцуулж дүгнэхэд Т.Э нь 2024 оны 11 дүгээр сард хийсэн гэх “Хилэнцэт хөшөө”-ний орчимд 4830 ширхэг модны нүх ухах ажлын хөлсөнд 4,000,000 төгрөгийн бензин талон авсан гэх зарлагын баримтад гарын үсэг зураагүй, “Жолоочийн тооцооны хуудас”-ыг бичээгүй бөгөөд “Хамарын Хийдийн тусгай хамгаалалттай газрын захиргаа” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас модны нүх ухуулах ажил гүйцэтгүүлэх талаар Т.Этай гэрээ байгуулаагүй, дээрх баримтуудыг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Гэсэн ч Т.Э нь хяналт шалгалтын явцад хариуцагч Б.Зтай уулзахдаа Ш.Б болон нярав Т.Сарантуяа нарын талаар бичгээр тайлбар өгөхөөс татгалзсан бөгөөд “зөвхөн дизел түлшний өртгөөр модны нүх ухаж өгсөн, 4,000,000 төгрөгийн талон аваагүй” гэх тайлбар, өгүүлэмжийг гаргасан нь тогтоогддог.

Иймээс хариуцагчаас 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Жолоочийн тооцооны хуудас”-д бичигдсэний дагуу 765 литр түлшний зардалд 2,501,550 (765*3270=2,501,550) төгрөгийг Т.Эт олгосон гэж, харин үлдэх 1,498,450 төгрөгийн шатахууны талоныг хэнд олгосон нь тодорхойгүй, ажил гүйцэтгэх гэрээгүй гэж үзэн зөрчилд тооцсон нь зөв, шүүх гэрч Т.Эын мэдүүлгийн “4,000,000 төгрөгийн талон авсан” гэх хэсгийг нь “эргэлзээтэй” гэж үзэн үнэлээгүй болно.

 

6. Маргаан бүхий 2025 оны 1 дугаартай актын хавсралт хүснэгтийн №3-д заасан “1,100,000 төгрөгийн шатахууны талоныг хэнд олгосон нь тодорхойгүй, ажил гүйцэтгэх гэрээ байхгүй” гэх зөрчлийн талаар:

Уг зөрчлийн тухайд нэхэмжлэгчээс “... зарлагын баримт хэрэгт авагдсан, түүн дээр Э гэж хүний гарын үсэг байгаа. 1,100,000 төгрөгийн талаар би мэдэхгүй байсан учраас баримтуудад гарын үсэг зураагүй” гэж, харин хариуцагчаас “... 1,100,000 төгрөгийн талоныг зарлагдан замын хуудаст бичигдсэн боловч Т.Э 1,100,000 төгрөгийн талоныг аваагүй гээд тайлбар бичиж өгөхөөс татгалзсан, иймээс шатахууны талоныг хэнд олгосон нь тодорхойгүй, ажил гүйцэтгэх гэрээ байхгүй гэж үзэж зөрчилд тооцсон, хуурамч баримт бүрдүүлсэн” гэх агуулгаар маргадаг.

6.1. Зөрчилтэй холбоотойгоор Т.Эт 1,100,000 төгрөгийн бензин талон олгосон 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн өдрийн “Шаардах хуудас”, мөн өдрийн №00154 “Зарлагын баримт”, “тооцоо бодуулсан жолооч Э” гэж бичсэн “Жолоочийн тооцооны хуудас”, “Хамарын Хийдийн ТХГазрын захиргаа ОНӨААТгазар” гэсэн фейсбүүк хуудсанд тавигдсан фото зураг бүхий мэдээлэл /хавтаст хэргийн 1 дэх боть, 91-96 дахь тал/ зэрэг баримтуудыг хяналт шалгалтын явцад байгууллагаас гаргаж өгсөн ба “Шаардах хуудас”, “ №00154 “Зарлагын баримт”,  “Жолоочийн тооцооны хуудас” зэрэг баримтуудын нягтлан бодогч гэх хэсэг нь гарын үсэггүй байна.

6.2. Шүүхээс Т.Эыг гэрчээр асууж мэдүүлэг авсан ба шүүгчээс “... Хайрхан шамбалын хийдийн нойлд нөөцийн савны ажилд 1,100,000 төгрөгийн ажлын хөлс өгсөн гэсэн байна, танд 1,100,000 төгрөгийг авсан зүйл байгаа юу?, тусдаа Хайрхан шамбалын нойлд нөөцийн савны нүх ухсан 1,100,000 төгрөгийн ажил хийсэн үү? шаардах хуудас, зарлагын баримтад 1,100,000 төгрөг хүлээн авсан Э гэж бичсэн байна, таны гарын үсэг мөн үү? гэж асуусан асуултад[9]

гэрчээс “... аваагүй, миний хийсэн ажил биш, миний гарын үсэг биш, замын хуудас бичээгүй, надад хамааралгүй, би тийм 1,100,000 төгрөгийн ажлын хөлс аваагүй, тийм ажил ч хийгээгүй, ” гэж мэдүүлсэн[10] болно.

6.3. Гэрчийн мэдүүлгээс дүгнэхэд Т.Э нь 2025 оны 04 дүгээр сард Хамарын Хийдийн Тусгай хамгаалалтай Газрын захиргаа, аж ахуйн тооцоот газарт ямар нэгэн ажил үйлчилгээ үзүүлээгүй бөгөөд  1,100,000 төгрөгийн бензин талоныг ажлын хөлсөнд аваагүй, улмаар шаардах хуудас, жолоочийн тооцооны хуудас зэрэг баримтуудад гарын үсэг зураагүй, уг баримтуудад дармал үсгээр “Элбэг, Э” гэхчлэн бичиж Т.Эыг ажлын хөлсөнд 1,100,000 төгрөгийг бензин талон авсан гэх хуурамч баримтуудыг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Иймээс хариуцагч нь хяналт шалгалтын явцад Т.Эын “1,100,000 төгрөг аваагүй, ийм ажил хийгээгүй” амаар гаргасан тайлбар, өгүүлэмжид үндэслэн маргаан бүхий актаар 1,100,000 төгрөгийн шатахууны талоны зарцуулалтыг зөрчилд тооцсон нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс 1,100,000 төгрөгийн “Шаардах хуудас”, “ №00154 “Зарлагын баримт”,  “Жолоочийн тооцооны хуудас” зэрэг баримтуудад би гарын үсэг зураагүй, иймээс төлбөр тогтоох үндэслэлгүй гэх агуулгаар маргасан.

Шүүхээс “Хамарын Хийдийн тусгай хамгаалалттай газрын захиргаа Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын архивын баримтад хийсэн үзлэгээр[11] 1,100,000 төгрөгийн шатахууны талоны талаар няраваас үйлдсэн “2025 оны 04 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 30-ны хооронд хугацаанд хамаарах “35440-р дансны түлш, шатах тослох материалын тайланд 1,200,000 төгрөгийн шатахууны талоныг зарлагдсан” /хавтаст хэргийн 2 дахь боть, 65 дахь тал/ гэж тусгагдсан бөгөөд уг тайланд нэхэмжлэгч Б.Э гарын үсэг зураагүй болох нь тогтоогдсон.

Нэхэмжлэгчээс шүүхээс явуулсан үзлэгийн явцад “... 1,100,000 төгрөгийн тухайд нярвын бараа материалын тайлан дээр зардлаар тусгагдсан учир санхүүгийн байдлын тайлан дээр зардалд тусгагдсан бараа материалын бодит үлдэгдэлтэй таарсан” /хавтаст хэргийн 2 дахь боть, 65 дахь тал/ гэх тайлбарыг гаргасан ба 2025 оны 2-р улирлын санхүүгийн тайланд 1,100,000 төгрөгийн шатахууны талоныг зарлагад бүртгэснээ хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, 13.7. “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байх байх тул “анхан шатны баримтуудад гарын үсэг зураагүй, надад хамааралгүй” гэх агуулгатай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. 

 

7. Өмнөх 4-6 дахь хэсэгт тогтоогдсон зөрчлийн талаарх үйл баримтыг маргаан бүхий 2025 оны 1 дугаартай актад үндэслэсэн хуулийн зохицуулалтуудтай уялдуулан дүгнэвэл:

Хариуцагч нь маргаан бүхий 2025 оны 1 дугаартай актаар “нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтгүй, хэнд олгосон нь тодорхойгүй, үндэслэлгүйгээр шууд зарлагдсан шатахууны талоны үнэ 5,098,450 төгрөгөөс Хамарын хийдийн Тусгай хамгаалалттай газрын захиргаа орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан нэхэмжлэгч Б.Эээр 1,699,483 төгрөгийг нөхөн төлүүлж, төсвийн орлого болгохоор тогтоосон.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3. "анхан шатны баримт" гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог” ойлгохоор, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5. “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах”, 20.2.6. “эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах” гэж нягтлан бодогчийн үүргийг хуульчлан тодорхойлсон ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3. “жинхэнэ хэрэгжилтийн” 5.1.4. “үнэн зөв байх” зарчмыг аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлд баримтлахаар заажээ.

Өмнө нь 4 дэх хэсэгт шүүх 2024 оны 07 дугаар сард “гурван замын нийтийн бие засах газрын усыг худагтай холбох 3 метрийн гүнээр нүх ухуулах, буцааж булуулах” ажлын хөлсөнд Т.Эт 4,000,000 төгрөг биш 1,500,000 төгрөгийн бензиний талоныг авсан, мөн 5 дахь хэсэгт 2024 оны 11 дүгээр сард хийсэн “Хилэнцэт хөшөөний орчимд 4830 ширхэг модны нүх ухах ажлын хөлсөнд Т.Эт 4,000,000 төгрөг биш 2,501,550 төгрөгийн бензиний талоныг олгосон, 6 дахь хэсэгт 2025 оны 4 дүгээр сард “Хайрхан шамбалын хийдийн нойлд нөөцийн сав ухах 1,100,000 төгрөгийн хөлстэй ажлыг Т.Э хийгээгүй, 1,100,000 төгрөгийн ажлын хөлс аваагүй талаар нотлох баримтаар тогтоон, дүгнэлтүүдийг өгсөн.

Тодруулбал хариуцагчаас маргаан бүхий 2025 оны 1 дугаартай актын хавсралт хүснэгтийн №1, 2, 3-т заасан бөгөөд Т.Эт бодитоор олгосон бензин талоны үнийн дүнгийн зөрүү нийт 5,098,450 (2,500,000+1,498,450+1,100,000=5,098,450) төгрөгийн шатахууны талоныг “хэнд олгосон нь тодорхойгүй, ажил гүйцэтгэх гэрээ байхгүй” гэх зөрчилд тооцон, үүнээс 1,699,483 төгрөгийг нэхэмжлэгч Б.Эээр төсөвт нөхөн төлүүлэхээр акт тогтоосон нь үндэслэлтэй байна.

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Б.Э нь нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд “жинхэнэ хэрэгжилтийн” болон “үнэн зөв байх” зарчмыг баримтлаагүйн дээр дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах, эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах зэрэг хуульд үүргээ

хэрэгжүүлээгүйн улмаас эд хариуцагч болон байгууллагын удирдлагын хуурамчаар бүрдүүлсэн гэрээ, зарлагын баримт, жолоочийн тооцооны хуудас зэрэг анхан шатны баримтуудыг зөвшөөрөн гарын үсэг зурж 5,098,450 төгрөг /шатахууны талон/-ийн төсвийн хөрөнгийг үндэслэлгүйгээр зарцуулсан нь тогтоогдож байна.

 

8. Нэхэмжлэгчийн маргасан бусад үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч нь “... би дарга Ш.Бгийн ёс зүйгүй, хөрөнгө шамшигдуулж байгаа үйлдлийн талаар аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан, төрийн сангийн хэлтсийн даргад зөрчлийг өөрөө илчилж хэлснээр хяналт шалгалт хийгдсэн байхад хөрөнгө дутаасан хүнд биш надад төлбөр тогтоосон нь үндэслэлгүй, дарга Ш.Бгийн дарамт шахалт, үүрэг болгосны дагуу зарлагыг гаргасан” гэх агуулгаар маргадаг.

8.1. Дээрх асуудлаар шүүхээс хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын бичиг баримтад хийсэн үзлэгээр “нэхэмжлэгч Б.Э нь 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Засаг даргад хандан өргөдөл гаргасан ба түүний өргөдлийг 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр бүртгэн авч улмаар “Хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулсан, Б.Э нь тус байгууллагаас чөлөөлөгдөж өөр байгууллагад ажиллаж байна” гэх утгаар өргөдөл гомдлыг 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хаасан” болох нь шүүхийн “Үзлэг хийсэн тэмдэглэл”, тэмдэглэлд хавсаргасан 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн № 327 дугаарын “Бүртгэл хяналтын карт” нэхэмжлэгч Б.Эийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэж огноолсон 4 хуудас бүхий өргөдөл, архивын “Иргэдийн өргөдөл, гомдол тэдгээрийг хянан шийдвэрлэхтэй холбогдох баримт бичиг”-ийн бүртгэл /хавтаст хэргийн 2 дахь боть, 68-76 дахь тал/ зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.

8.2. Үүний дараа Дорноговь аймгийн Засаг даргын орлогчоос “... Хамарын хийдийн тусгай хамгаалалттай цогцолбор газрын орлого бүрдүүлэлтэд зөрчил илэрсэн тул тус газрын 2024, 2025 оны 01-р улирлын санхүү, аж ахуйн үйл ажиллагаа, орлого бүрдүүлэлтэд хяналт шалгалт 2025 оны 06 дугаар сарын 20-ны дотор зохион байгуулж зохион байгуулах” талаарх 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Шалгалт зохион байгуулах тухай” 02/970 дугаартай албан бичгийг /хавтаст хэргийн 2 дахь боть, 44 дэх тал/ Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Зд хаяглан хүргүүлсэн байх ба уг албан бичигт “... Сайншанд сумын Засаг даргын Тамгын газар, хот тохижилт, Захирагчийн ажлын албаны үйл ажиллагаанд хяналт шалгалтыг 05 дугаар сарын 14-18-ны дотор хийж гүйцэтгэсэн” талаар дурджээ.

8.3. Шүүхээс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бийг гэрчээр асууж мэдүүлэг авсан ба

гэрч Н.Б нь 2026 оны 05 дугаар сарын 16-ны шүүх хуралдаанд “...2025 онд Аймгийн Засаг даргын захирамжаар Сайншанд суманд ажлын хэсэг байгуулагдаж салбар салбарын чиглэлээр шалгалт орсон. Энэ хүрээнд Сайншанд сумын санхүү төрийн сангийн үйл ажиллагааг миний бие санхүүгийн мэргэжилтнүүдтэй хамтран шалгалтыг зохион байгуулсан. Тэр үед Хамарын хийдийн орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын нягтлан бодогч Б.Этэй анх танилцсан. Тэр шалгалтын хүрээнд хамарын хийдийн санхүүтэй холбоотой холбогдох баримт материалыг татаж авч шалгалт хийсэн, үүнтэй холбоотойгоор Б.Эийг дуудаж холбогдох санхүүтэй холбоотой баримт дээр тайлбар мэдээлэл авсан. шалгалтын дүнгийн хурлыг Сайншанд суманд зохион байгуулсан. Дүнгийн хурлаас зөрчил, дутагдалд холбогдох арга хэмжээнүүдийн саналыг боловсруулж аймгийн Засаг даргад танилцуулдаг. Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газрын билетийн орлоготой холбоотой холбогдох санхүүгийн зөрчил байсан,

... үүнтэй холбоотой мэргэжлийн байгууллага болох Санхүүгийн хяналт, дотоод аудитын газарт аймгийн Засаг даргын орлогчийн албан бичгээр Хамарын хийдийн орон нутгийн өмчит компанийн санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийх нь зүйтэй байна. Энэ хүрээнд холбогдох зөрчил дутагдал илрээд байгаа учраас энэ зөрчил дутагдлууд үнэн зөв байна уу гэдгийг лавшруулахаар Санхүүгийн хяналт дотоод аудитын газарт албан бичиг өгч шалгалтыг эхлүүлсэн байдаг. Энэ хүрээнд Санхүүгийн хяналт дотоод аудитын газрын шалгалт үргэлжилж байх хугацаанд Б.Э над дээр хэд хэдэн удаа ирсэн. Шалгалтын явцад ийм зүйлүүд гарч байгаа, Байгалмаатай холбоотой асуудал ярьсан. Миний зүгээс өгсөн зөвлөгөө гэвэл та холбогдох болж байгаа процессуудаа санхүүгийн зөрчил дутагдалтай холбоотой баримт байгаа бол бүгдийг нь Санхүүгийн хяналт, дотоод аудитын газарт мэдэгд, холбогдох баримтаа үзүүлж харуул гэдэг чиглэл өгөөд явуулсан,

... Эхний ээлжид шалгалт хийх явцад асууж тодруулга авах зорилгоор уулзаад билетийн тооцоог хийсэн. Дараа нь Санхүүгийн хяналт дотоод аудитын газраас шалгалт хийж байх явцад өөрөө ирж надтай уулзсан. Тэгээд ийм асуудал үүсэж байна, ингэсэн тэгсэн гээд Ш.Б даргын талаар ярьсан. Тэгэхээр нь би таны үгэнд итгэх үү, Байгалмаагийн үгэнд итгэх үү холбогдох шалгалтын байгууллага нь энэ бүх асуудлыг тодруулж гаргаж ирнэ. Тэгэхээр та байгууллага дээр болж байгаа процессуудаа санхүүгийн байцаагчдаа хэлээд үзүүлээд үнэн зөвөө тодруулж аваарай гэдэг чиглэл өгч байсан” гэж тус тус мэдүүлсэн болно.

8.4. Энэ хэсэгт тогтоогдсон үйл баримт, гэрчийн мэдүүлгээс дүгнэн үзвэл нэхэмжлэгч нь 2025 оны 05 дугаар сарын 14-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулсан Сайншанд сумын төсвийн байгууллагуудын болон Хамарын хийдийн тусгай хамгаалалтай газрын захиргаа, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот газрын үйл ажиллагаанд явуулсан хяналт шалгалтын үед Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бтэй уулзсан, уг хяналт шалгалтаас улбаалан аймгийн Засаг даргын орлогчийн албан бичгийн дагуу Санхүүгийн хяналт, дотоод аудитын газраас Хамарын хийдийн тусгай хамгаалалтай газрын 2024, 2025 оны 01-р улирлын санхүү, аж ахуйн үйл ажиллагаа, орлого бүрдүүлэлтэд хяналт шалгалтыг явуулснаар маргаан бүхий 2025 оны 1 дугаартай актыг гаргасан болох нь, цаашлаад нэхэмжлэгч нь Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын хяналт шалгалт дууссан 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хойш хуанлийн 1 сар 10 хоногийн дараа буюу 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан нь тогтоогдож байна.

7.5. Нэхэмжлэгч нь 2025 оны 5 сард Сайншанд сумын хэмжээнд явуулсан хяналт шалгалтын үед байгууллагынхаа нягтлан бодогчийн хувьд орлого бүрдүүлэлттэй холбоотой зөрчилтэй асуудлаар тайлбар өгөхөөр Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бтэй уулзсан болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул “... би аймгийн Засаг дарга, Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргад зөрчлийн талаар илчилж мэдээлснээр хяналт шалгалт хийгдсэн байхад надад төлбөр тогтоосныг зөвшөөрөхгүй” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

7.6. Нэхэмжлэгчийн “... Ш.Б даргын дарамт шахалт, үүрэг болгосны дагуу зарлагыг гаргасан” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгч нь түүний “Ажлын байрны тодорхойлолт”-д зааснаар “ТҮ-8” буюу төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэлд хамаардаг ба мөн тодорхойлолтын 1 дүгээр зорилтын хүрээнд “Нягтлан бодох бүртгэлтэй холбогдолтой хууль тогтоомж, заавар журмыг хэрэгжүүлэх”, “Байгууллагын төсөв зарцуулалтыг алдаа дутагдалгүй үнэн зөв, хуульд нийцүүлэн зохион байгуулж удирдах албан тушаалтныг арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажиллах” чиг үүргийг хэрэгжүүлж ажиллахаар байна. /хавтаст хэргийн 1 дэх боть, 69-70 дахь тал/

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. “Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий нягтлан бодогч мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй байх бөгөөд дараах бүрэн эрхтэй байна”, 20.1.2. “нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Э нь дээр дурдсан “нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах” хуульд заасан эрхээ мөн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй байх тул “... даргын дарамт шахалт, үүрэг болгосны дагуу зарлагыг гаргасан” гэж маргасан нь;

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, 13.5. “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно”, 13.6. “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна” гэж тус тус заасан тул “гарын үсгийн үнэн зөвийг би мэдэх боломжгүй, нярав баримтуудыг бүрдүүлсэн” гэх агуулгатай нэхэмжлэгчийн тайлбарууд тус тус үндэслэлгүй байна.

7.7. Хариуцагч нь Хамарын хийдийн тусгай хамгаалалтай газрын захиргаа, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот газрын санхүүгийн үйл ажиллагаанд явуулсан хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжтэй гэж үзэн шалгуулахаар Дорноговь аймгийн Цагдаагийн газарт хандсан нь Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Шалгалтын дүнгийн тухай” 243 дугаар албан бичиг /хавтаст хэргийн 1 дэх боть, 40-41 дэх тал/-ээр;

Хариуцагчийн гаргасан гэмт хэргийн талаарх гомдолд ажиллагаа хийлгэхээр хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгах хэлтэст шилжүүлсэн болох нь аймгийн Дорноговь аймгийн Прокурорын газрын 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1/37 дугаартай албан бичиг, мөн газрын Прокурорын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 19 дүгээр тогтоол /хавтаст хэргийн 1 дэх боть, 173-174 дэх тал/-оор;

Улмаар мөн гэмт хэргийн талаарх гомдолд Дорноговь аймгийн Хамарын хийдийн тусгай хамгаалалтай газрын захиргааны нэр бүхий албан тушаалтанд холбогдуулан 251900536 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болох нь Авлигатай тэмцэх газрын 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03/3395 дугаартай албан бичигт хавсарган ирүүлсэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөгчийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тогтоол /хавтаст хэргийн 1 дэх боть, 178-179 дэх тал/-оор тус тус тогтоогдож байна.

Иймээс нэхэмжлэгчээс “... шамшигдуулсан хүн Ш.Б дарга, би энэ мөнгийг төлбөл энэ хүн дарагдаад үлдэнэ” гэх агуулгатай тайлбар үндэслэлгүй.

 

9. Дээрхийг бүхэлд нь дүгнэвэл Төрийн хяналт шалгалтын тухай 10 дугаар зүйлийн 10.9.8. “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах”, 10.12.2. “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” гэж заасныг үндэслэл болгон, “нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтгүй, хэнд олгосон нь тодорхойгүй, үндэслэлгүйгээр шууд зарлагдсан” шатахууны талоны үнэ 5,098,450 төгрөгөөс Хамарын хийдийн Тусгай хамгаалалттай газрын захиргаа орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан нэхэмжлэгч Б.Эээр 1,699,483 төгрөгийг нөхөн төлүүлж, төсвийн орлого болгохоор тогтоосон Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Шатахууны үнэ төлүүлэх тухай” 1 дугаартай акт хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэгч Б.Эийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймээс Б.Эийн “Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1 дугаартай актыг өөрт холбогдох 1,699,483 төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн ба хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй болон хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй зарим баримтуудыг үнэлээгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.4, 13 дугаар зүйлийн 13.1, 13.6, 13.7, 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.2.5, 20.2.6 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газарт холбогдуулан гаргасан “Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1 дугаар актын өөрт холбогдох 1,699,483 төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Б.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               С.ОТГОНТУЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 1 дэх боть, 38, 156-157 дахь тал

[2] Хавтаст хэргийн 1 дэх боть, 156 тал, дээрээсээ 3 дахь догол мөр

[3] Хавтаст хэргийн 1 дэх боть, 194 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэлийн 9 дэх хуудасны дээрээсээ 2 дахь догол мөрөөс

[4] Хавтаст хэргийн 1 дэх боть, 193 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлийн 8 дахь хуудасны доороосоо 1 дэх догол мөр

[5] Хавтаст хэргийн 2 дахь боть, 15-21 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэлийн 9-15 дугаар хуудас

 

[6] Хавтаст хэргийн 2 дахь боть, 18, 20-21 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэлийн 12, 14-15 дугаар хуудас

[7] Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2. “Шүүх хуралдаанд оролцож байгаа ... гэрч, ... -ыг бусад оролцогч гэнэ” гэж, 21 дүгээр зүйлийн 21.1.2-д хариуцагч нь “хуулийн 20.1.5 “шүүх хуралдааны бусад оролцогчид асуулт тавих эрх”-ийг эдлэхээр заасан

[8] Хавтаст хэргийн 2 дахь боть, 20 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлийн 14 дүгээр хуудас

 

[9] Хавтаст хэргийн 2 дахь боть, 17-18 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлийн 11-12 дахь хуудас

[10] Хавтаст хэргийн 2 дахь боть, 17-18 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлийн 11-12 дахь хуудас