Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 226/МА2022/00014

 

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 28-ны өдөр            226/МА2022/00014                                  Хэрлэн сум

 

 

Ш.Э-гийн нэхэмжлэлтэй,

Ш.Г-, С.Ц- нарт холбогдох

иргэний хэргийн талаар

 

226/2022/00014/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,  

Нэхэмжлэгч Ш.Э-, түүний өмгөөлөгч Г.Бат-Эрдэнэ /цахимаар/,

Хариуцагч С.Ц-, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дүгээр сарын 25-ны өдрийн 156/ШШ2022/00084 дугаар шийдвэртэй Ш.Э-гийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Ц-, Ш.Г- нарт холбогдох “Бусдын эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай” үндсэн нэхэмжлэлтэй, “Орон сууцны шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгож, хууль ёсны шударга эзэмшилд саад болж байгаа нэхэмжлэгчийн үйлдлийг таслан зогсоолгох тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний 2 хавтас 353 хуудас бүхий хэргийг хариуцагч Ш.Г-, С.Ц-, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун нарын гаргасан давж заалдах гомдлоор 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Ш.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Маргаан бүхий орон сууцын 2000 онд өмчилж авсан. Уг орон сууцанд миний бие 2003 он хүртэл эхнэр, хүүхдүүдийн хамт амьдарч байгаад ар гэрийн гачигдлаар Улаанбаатар хот руу шилжихдээ тус байраа ээждээ захиж үлдээгээд явсан. Ээж маань амьд сэрүүн байхдаа тухайн орон сууцыг одоо амьдарч байгаа Ш.Г-, С.Ц- нарт түрээслүүлсэн гэж ярьж байсан. Миний ээж 2011 онд нас барсан бөгөөд Ш.Г-, С.Ц- нарыг байр чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч чөлөөлөөгүй. Иймд Маргаан бүхий орон сууц орон сууцыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа маргаан бүхий орон сууцыг зах зээлийн ханш 6.000.000 төгрөгөөр тооцон 110.950 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн. Дээрх тооцсон үнэлгээ нь тус хөрөнгийн анхны үнэлгээ бөгөөд 2021 оны 02 дугаар сарын байдлаар тус хөрөнгийг 15.000.000 төгрөгөөр тооцон үнэлж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд маргаан бүхий орон сууцыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү” гэв.

 

Хариуцагч С.Ц- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ш.Э-гийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2001-2004 онуудад Бэрх тосгонд үйл ажиллагаа явуулдаг Бэрхийн уурхайн үйл ажиллагааны доголдол, хувьчлалаас шалтгаалж  олон ажилтан, иргэд ажлын байргүй болж шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн. Энэ үед иргэдийн дунд “Ш.Э- орон сууцаа зарна” гэсэн мэдээлэл гарсны дагуу түүнтэй утсаар холбогдож байрны үнийг асуухад 250.000 төгрөг гэж хэлсэн. Ш.Э-гийн ээж над руу утсаар ярьж 200.000 төгрөгөөр байраа зарах болсон тухайгаа хэлэхэд нь би Э.М-н хамт гэрт нь очиж 200.000 төгрөгийг бэлнээр өгч байрыг худалдан авсан. Би маргаан бүхий орон сууцанд амьдарч эхлэхээсээ өмнө 2 өрөөний ханыг нурааж нийлүүлэх зэргээр иж бүрэн засвар хийсэн. Тухайн үед засварын ажлыг Г, У, Г нар хийж гүйцэтгэсэн. Ш.Э-гийн ээжид орон сууцны үнийг бүрэн төлсөн бөгөөд амьд сэрүүн байхад нь “үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ шилжүүлье” гэж олон удаа хэлсэн боловч “хүү Ш.Э- нь хөдөө ажилладаг тул ирэхээр нь шилжүүлье” гэж хойшлуулдаг байсан. Мөн Ш.Э-тай утсаар холбогдож энэ талаар хэлж байсан. Байрны үнэ 200.000 төгрөгийг авсан ээж нь нас барсан учир Ш.Э- санаатайгаар залилан хийж, орон сууцыг буцаан авахаар нэхэмжлэл гаргасан байна. маргаан бүхий орон сууцанд бид гэр бүлээрээ 2005 оноос эхлэн өнөөдрийг хүртэл 16 дахь жилдээ амьдарч байна, энэ хугацаанд байр чөлөөлөх талаар нэг ч удаа маргаан үүсгэж байгаагүй атлаа ээжийгээ нас барснаас хойш энэ асуудлыг хөндөн нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна. Харин ч орон сууцны үнийг төлсөн атал үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг бидний нэр дээр шилжүүлээгүй байгаад бид хохирч байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Ш.Г- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2004 онд маргаан бүхий орон сууцыг Ш.Э- гэх хүнтэй утсаар ярьж тохиролцсоны дагуу гэр бүлийн хэрэгцээнд зориулан худалдан авсан бөгөөд уг орон сууцны үнийг манай эхнэр С.Ц-, Ш.Э-гийн ээжид нь бэлнээр төлж, бид гэр бүлээрээ уг орон сууцандаа өнөөдрийг хүртэл амьдарч байна. Энэ хугацаанд орон сууцандаа 4 удаа их засвар хийсэн. Орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх, эрх бүхий байгууллагад бүртгүүлэх талаар олон удаа хэлж байсан боловч Ш.Э-гийн ээж хүүгээ ажилтай, ирэхээр нь хэлье гэх зэргээр хойшлуулдаг байсан. Иймд Ш.Э-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч С.Ц- нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Маргаан бүхий орон сууцыг хуулийн дагуу буюу хууль зөрчихгүйгээр бид өнөөдрийг хүртэл эзэмшиж байна. Тус байранд бид 2004, 2009, 2014, 2018 онуудад нийт 25.000.000 төгрөгийн засвар хийсэн. Би Ш.Э-гийн ээжид байрны үнэ 200.000 төгрөгийг төлсөн. Миний уг орон сууцыг худалдан авч, өмчилснөөс хойш Ш.Э- нь нэг ч удаа маргаан үүсгэж байгаагүй атлаа ээжийгээ нас барснаас хойш 10 жилийн дараа шүүхэд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Иргэний хуулийн 89, 90, 92 дугаар зүйлд зааснаар Маргаан бүхий орон сууцны шударга эзэмшилд саад болж байгаа нэхэмжлэгчийн үйлдлийг таслан зогсоож өгнө үү” гэв. 

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дүгээр сарын 25-ны өдрийн 156/ШШ2022/00084 дугаар шийдвэрээр: “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.2 т зааснаар нэхэмжлэгч Ш.Э-гийн орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж, Маргаан бүхий орон сууц орон сууцны шударга өмчлөгч мөн болохыг тогтоож, хууль ёсны шударга эзэмшилд саад болж байгаа нэхэмжлэгчийн үйлдлийг таслан зогсоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269.900  төгрөгөөр 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70.200 төгрөгийг гаргуулж, улсын орлогоос 199.700 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг шаардлагад төлсөн 282.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ш.Г-, С.Ц- болон түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, энэ шийдвэрийнхээ үндэслэл болгосон дүгнэлтүүд нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд, хэргийн үйл баримтаар няцаагдаж байна.

Үүнд: 1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Ээж маань амьд сэрүүндээ тухайн орон сууцыг одоо амьдарч байгаа Ш.Г-, С.Ц- нарт түрээслүүлсэн гэж ярьж байсан. Ээж 2011 онд нас барсан, түүнээс хойш байрнаас гарахыг удаа дараа шаардсан, гараагүй гэж бичсэн байдаг”.

2003 онд бид өөрийн гэсэн орон байртай байсан бөгөөд ажлынхаа дэргэд орон сууцтай болох зорилгоор Ш.Э-гийн энэхүү маргаан бүхий орон сууцыг худалдан авахаар тохиролцсон. Улмаар Ш.Э-гийн ээж Б-д байрны үнэ болох 200.000 төгрөгийг өөрийн ажилтан М-н хамт очиж хүлээлгэн өгсөн болохыг гэрчийн мэдүүлгээр нотолсон байдаг.

Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах хэлцэл хийгдэж, үүний үр дүнд Ш.Э-гийн ээж нь бидэнд байрны түлхүүр, өмчлөх эрхийн гэрчилгээг хүлээлгэн өгснөөр бид уг байранд нүүж орж, өнөөдрийг хүртэл амьдарсаар байгаа билээ. Харамсалтай нь миний бие надад өгсөн өмчлөх эрхийн гэрчилгээг өнөөдрийг хүртэл олж чадахгүй эрсээр байгаа болно.

 

2. Харин биднийг уг байрыг түрээслэн амьдарсан талаар нэхэмжлэгч ямар нэг нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаар нотолж чадаагүй тул худал зүйл бичсэн болох нь тодорхой байдаг. Бид байр түрээслээгүй, худалдан авсан. Бидэнд бусдын байрыг түрээслэх шаардлага байгаагүй.

Нэхэмжлэгчээс дээрх мөнгийг аваагүй, ээж бидэнд энэ талаар юу ч ярьж байгаагүй гэх мэтээр маргадаггүй юм. Ийм учраас энэ 20 жилийн хугацаанд биднийг байрнаас гаргах, байраа чөлөөлүүлэх талаар нэг ч удаа хэлж, яриагүй, шаардаагүй явдал нь уг байраа бидэнд худалдсан гэдгээ хүлээн зөвшөөрч, бидний эзэмшлийг хууль ёсны, шударга болохыг давхар нотолсон үйл баримт гэж үзэж байна.

Бид уг байранд нүүж орохдоо иж бүрэн капитал засвар хийж, өрөөний төлөвлөлтийг өөрчилсөн бөгөөд түүнээс хойш 20 орчим жил амьдрахдаа нийт 3 удаа их засвар хийсэн юм. Нэхэмжлэгч Ш.Э- нь өөрийн ээждээ дээрх орон сууцаа орхиж, түлхүүрээ мөн өмчлөх эрхийн гэрчилгээгээ үлдээснээр бидний хооронд хүчин төгөлдөр хэлцэл хийгдэж, бид гэрээ байгуулж, төлбөрөө төлснөөр хуулийн дагуу 07 тоот орон сууцны хууль ёсны, шударга эзэмшигч болсон билээ.

Дээрх хугацаанд үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг өөрсдийн нэр дээр шилжүүлж авах талаар нэхэмжлэгчийн ээжийг амьд сэрүүн байхад, мөн нас барснаас хойш Ш.Э-, түүний эхнэрт удаа дараалан мэдэгдэж утсаар ярьдаг байсан хэдий ч тэдний зүгээс эрхээ шилжүүлэхгүй, зориуд зайлсхийсээр байгаад өнөөдрийг хүргэж, шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хууль зөрчсөн, буруутай үйл ажиллагааны улмаас бид үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадалгүй өнөөдрийг хүрч, улмаар шударга эзэмшигчийн хувьд хохирсоор байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж заасны дагуу бид иргэнийхээ үндсэн эрхийн хүрээнд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хуулийн дагуу шударгаар олж авч, эзэмшиж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ш.Г-тай нотлогдсоор байтал анхан шатны шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийж, хэрэг маргааныг буруу шийдвэрлэлээ гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримт, маргааны зүйлийн талаар үнэн зөв, оновчтой дүгнэлт хийх ёстой байлаа.

Хэргийн үйл баримтаас үзэхэд маргааны зүйл нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлсэн эсэх асуудал байсан.

Нэхэмжлэгч нь одоогийн байдлаар улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн байгаа талаар зохигч талууд маргаагүй. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шинээр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гарган өгч хэргийн материалд хавсаргуулсан байна.

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх олгосон анхны гэрчилгээг байрны түлхүүрийн хамт ээж нь надад өгсөн учраас энэ гэрчилгээг шүүхэд гаргаж өгөх боломжгүй байсан тул нэхэмжлэлдээ зөвхөн өмгөөлөгчийн лавлагааг хавсаргаж, шүүхэд өгсөн байдаг. Харин сая шинээр гэрчилгээ дахин авч түүнийг шүүхэд өглөө. Иймд энэхүү бүртгэлийн асуудал үнэн зөв эсэх, хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхээ шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 182, 183 дугаар зүйлүүдийн заалт нь зөрчил гаргасан үүрэг гүйцэтгэх этгээдийн эрхийг хамгаалах хэрэгсэл болох учиргүй билээ.

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” 183.2 “Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийгдсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно” гэж тус тус заасан байна.

Хуулийн дээрх заалт, зохицуулалтаас үзэхэд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ шилжүүлэхээр хэлцэл хийж, үүрэг хүлээсэн боловч уг үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 20 орчим жил биелүүлээгүй, зөрчил гаргаж, гэрээний нөгөө талаа хохироосон этгээдийн эрх ашгийг хамгаалах хэрэгсэл болох хууль зүйн үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно” гэсэн зохицуулалт нь бүртгэлд буруу бүртгүүлсэн тохиолдлоор хязгаарлагдах биш, харин өмчлөх эрхийг олж авах, түүнийг бүртгүүлэх тохиолдолд мөн адил харгалзан үзэж болохоор хууль тогтоогчоос хуульд тусгасан зохицуулалт гэдэг нь тодорхой байгаа юм.

Хуулийн энэхүү зохицуулалтын талаар манай өмгөөлөгч шүүх хуралдаанд маш тодорхой тайлбарлаж, нотолсон хэдий ч энэ талаар шүүх ямар ч дүгнэлт хийсэнгүй, шийдвэртээ огт тусгасангүй. Иймд энэхүү маргааныг хянан шийдвэрлэхэд улсын бүртгэлийг шууд, туйлын үнэн зөв гэж дүгнэх ямар ч боломжгүй болно.

Шүүхээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн заалтыг барьж, нэхэмжлэгч нь шаардах, нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дүгнэсэн нь хэтэрхий өрөөсгөл, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гэж үзэж байна.

 

3. шүүхээс хариуцагч нь тухайн орон сууцны шударга эзэмшигч болохоо нотлоогүй гэж дүгнэсэн явдал нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө хууль бусаар бусдад алдаагүй, хариуцагч нь хуульд заасны дагуу, гэрээний үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч 20 жил амьдарч, 4 удаа их засвар хийж, мөн хугацааны ашиглалтын зардлуудыг бүрэн төлж байснаа шүүхэд баримтаар нотолдог.

Хариуцагч С.Ц- миний гэр бүл тухайн орон сууцанд 2004 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигч талын тайлбар болон хэрэгт авагдсан гэрч Ш.Э-н “...С.Ц-г энэ байранд 2003 оноос одоог хүртэл амьдарч байгааг мэднэ...” гэх мэдүүлэг, гэрч Э.Э-н “...2007 онд эмээ дээрээ очдог байхад манай байранд тийм хүмүүс байдаг гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг болон байрны халаалт, усны төлбөр төлж байсан талаарх баримтуудаар нотлогддог.

Хариуцагч миний бие Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс орон сууцны өмчлөх эрхийг өөртөө шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг бүртгүүлэхийг шаардаж Ш.Э-гийн ээжид орон сууцны үнэ 200.000 төгрөгийг өгсөн тул түүнийг амьд сэрүүн байхад нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ шилжүүлье гэж олон удаа хэлж байсан. Гэтэл “хүү Ш.Э- нь хөдөө удаан хугацаагаар ажилд гардаг. Ирэхээр нь хэлье” гэж хойшлуулдаг байсан юм. Мөн орон сууцыг өөрийн нэр дээр болгох талаар Ш.Э- болон түүний эхнэртэй утсаар холбогдож ярьж байсан боловч шилжүүлэг хийгдэлгүй өнөөдрийг хүрээд байна. эдгээр мэдүүлгээр өмчлөх эрхээ хэлцлийн үндсэн дээр бидэнд шилжүүлэх байсан худалдагч тал хууль зөрчиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдож байдаг юм.

Иймд нэхэмжлэгч нь уг орон сууцыг С.Ц- нарт түрээслүүлж байсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, нотлогдохгүй байсан тул хариуцагчийг хууль бусаар уг орон сууцыг эзэмшиж байсан гэж үзэх үндэслэлгүй билээ.

 

 4. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаарх дүгнэлтийг хийсэн байдаг.

Нэхэмжлэгч нь 2011 онд ээжийгээ нас барснаас хойш байрандаа өөр айл амьдарч байгааг мэдсэн, 2008, 2015 онуудад байр суллаж өгөхийг С.Ц-д мэдэгдсэн зэргээс дүгнэхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т заасан “хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байна” гэсэн хугацаанд  хамаарч байх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй.

Өөрөөр хэлбэл эрхээ зөрчигдсөнийг ээжийгээ нас барсан 2011 онд анх мэдсэн, 2015 онд хүүгээрээ дамжуулан байр чөлөөлөхийг мэдэгдсэн тул 2015 оноос шинээр эхэлж тоологдоно” гэж тус тус дүгнэсэн байгаа нь илт хууль бус болно.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан хугацаа нь мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 болон 76.2-т заасны дагуу мэдэгдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс тоологдох учиртай.

Иймд нэхэмжлэгч нь өөрийн байрыг чөлөөлүүлэх талаар шаардах эрх нь Ш.Г-ын гэр бүл 07 тоот байранд нүүж орсон 2004 оноос эхлэн тоологдох ёстой байсан.

Үүнээс хойш 18 жил өнгөрсөн байхад шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь хөөн хэлэлцэх хугацаа хэд дахин хэтэрсэн болохыг давхар нотолно.

Түүнчлэн нэхэмжлэлдээ дурдсан “түрээсийн гэрээ”-ээр эзэмшүүлсэн бол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар 3 жилээр хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно.

Иймд тодорхой зохицуулсан хуулийн императив зохицуулалт байхад шүүх 10 жилийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрээгүй гэж дүгнэж байгаа нь илэрхий хууль бус, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа болно.

Хариуцагч нарын зүгээс хэлцлийн үндсэн дээр дээрх хаягт байрлах 07 тоот 4 өрөө орон сууцанд 2004 оноос хойш амьдарч, ашиглалтын зардлуудаа төлж, их засвар 4 удаа хийж, уг байрыг хууль ёсоор эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлгүүд, нэхэмжлэгчийн болон түүний шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг зэргээр Ш.Г-тай нотлогддог билээ.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч нарын эзэмшил нь Иргэний хуулийн 59, 90 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэлээр “шударга эзэмшигч” болох нь тодорхой байна.

Аливаа эд хөрөнгийг хуульд зааснаар, шударга эзэмшиж байгаа явдал нь тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах урьдач баталгаа болдог хууль зүйн үндэслэлтэй юм.

Ийм учраас Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна” гэж хуульчилжээ.

Дээрх дурдсаны дагуу Монгол Улсын Үндсэн хуульд заасан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх үндсэн эрхийг минь тууштай эдлүүлэх үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хууль, шударга ёсны үүднээс зөвтгөсөн шийдвэр гаргана гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд найдаж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс тэдний өмчлөлийн орон байранд хариуцагч нь хууль бусаар амьдарч байгаа, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрөөгүй, хариуцагчийн эзэмшил хууль бус болох талаар нотолсон ямар ч нотлох баримт байхгүй байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн явдал нь үндэслэлгүй, илт хууль бус боллоо гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянасан болно.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмаар үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

 Нэхэмжлэгч Ш.Э- нь хариуцагч С.Ц-, Ш.Г-  нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч С.Ц-, Ш.Г- нар эс зөвшөөрч орон сууцны шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгож, хууль ёсны шударга эзэмшилд саад болж байгаа нэхэмжлэгчийн үйлдлийг таслан зогсоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Ш.Э-, Б.Б, Э.Э, Э.Э нар Хэнтий аймгийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 128 дугаар зүйлийн 128.1-д зааснаар дээрх нэр бүхий дөрвөн иргэн нь уг эд хөрөнгийн хувьд дундаа хамтран өмчлөгч мөн бөгөөд гуравдагч этгээдийн эзэмшлээс өөрийн өмчлөлийн зүйлээ бүхэлд нь шаардах эрхтэй, мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан байх тул нэхэмжлэгч Ш.Э- нь өөрийн өмчлөлийн хөрөнгөө шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэсний дагуу өөрийн өмчлөлийн байрыг хууль бусаар эзэмшиж байгаа хариуцагч нараас чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэж байна гэж дүгнэж нэхэмжлэгч Ш.Э- нь хариуцагч С.Ц-, Ш.Г- нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар нь эс зөвшөөрч бид энэ байрыг 2004 онд 200.000 төгрөгөөр Ш.Э-гийн ээжид бэлэн мөнгийг өгч худалдан авсан гэдгээ гэрч Э.Мөнхцэцэгийн мэдүүлгээр нотолдог.

 

 Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана” гэж, мөн 110 дугаар зүйлийн 110.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж тус тус заажээ.

 

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-т “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан байх бөгөөд хариуцагч нь өмчлөгчийн төлөөлөгч биш, итгэмжлэлгүй нэхэмжлэгчийн ээж Б-тай тохиролцож, 200.000 төгрөгийг Б-д өгсөн нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахаар хэлцэл хийсэн болон уг үл хөдлөх хөрөнгийн шинэ өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Хариуцагч нар нь маргаан бүхий орон сууцны шударга эзэмшигчээр С.Ц-, Ш.Г- нар мөн болохыг тогтоож, хууль ёсны шударга эзэмшилд саад болж байгаа нэхэмжлэгчийн үйлдлийг таслан зогсоолгох сөрөг шаардлагыг гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийг оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж заасан ба Ш.Г-, С.Ц- нар нь орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа, эсвэл эзэмших эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна гэж дүгнэн анхан шатны шүүх С.Ц-, Ш.Г- нарын шударга эзэмшигч мөн болохыг тогтоож, хууль ёсны шударга эзэмшилд саад болж байгаа нэхэмжлэгчийн үйлдлийг таслан зогсоолгох сөрөг нэхэмжлэлийн  шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Харин анхан шатны шүүхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар хийсэн дүгнэлтэд

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 1-т “76.1.Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч эрх зөрчигдсөн тухайгаа 2004 онд буюу хариуцагчийн орон сууцыг эзэмшиж эхэлсэн үеэс мэдэх ёстой байсан бөгөөд түүний шаардах эрх нь энэ үеэс үүссэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

 Харин нэхэмжлэгч нь байраа чөлөөлж өгөхийг хариуцагчид хэлж байсан боловч чөлөөлөөгүй гэдэг ба энэ үндэслэлээ гэрч Ш.Э-н “...2008 онд би С.Ц-тай уулзаж байраа чөлөөлөх талаар хэлсэн. Ш.Э- намайг уулзаж хэл” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 121 хуудас/, гэрч Э.Э-н “...2015 оны 07 дугаар сард Ш.Э ахтай С.Ц- гэдэг хүнтэй 69-р байрны 1 давхрын цайны газарт уулзсан. Би оюутан байсан, төгсөөд нутагтаа ирж ажиллах гэж байгаа, тэгээд байрандаа оръё гэхэд С.Ц- гэх хүн уурлаж загнаад зөвшилцөлд хүрэлгүй хоёр тийшээ салсан” гэх /1 хавтаст хэргийн 181-182 хуудас/ мэдүүлгүүдээр нотолдог ба үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь 2008, 2015 онуудад хариуцагчид байраа суллаж өгөхийг мэдэгдэж байсан болох нь тогтоогдож байна.

 

Мөн хариуцагч С.Ц- нь 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр болсон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...манай ах Ш.Э нь ах Ш.Э-гийн хүүтэй нэг удаа танайд очиж байсан гэсэн. Тэр үнэн үү” гэсэн асуултад “...би тухайн үед хүүхдийг танихгүй байсан учраас хэний хүүхэд ирснийг мэдээгүй, манайд ирсэн...” гэж /1 хавтаст хэргийн 207 хуудас/ хариулснаас дүгнэхэд нэхэмжлэгчийг байраа чөлөөлүүлэх хүсэлттэй байгааг мэдсэн гэж үзэхээр байна.

Энэ нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан “хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байна” гэснийг зөрчөөгүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх боломжгүй юм.

 

Өөрөөр хэлбэл 2008 онд ах Ш.Э, 2015 онд хүү Э.Э-р байраа чөлөөлүүлэх талаар хэлүүлснээр шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2008, 2015 оноос тус тус эхлэн шинээр тоологдоно.

 

Эдгээрээс үзэхэд хариуцагч талын хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэл гаргасан гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ш.Г-, С.Ц- болон түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 156/ШШ2022/00084 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Я.АЛТАННАВЧ

                                  ШҮҮГЧИД                                      С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                                    Б.ДЭНСМАА