Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 204/МА2022/00009

 

А.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 146/ШШ2022/00006 дугаар шийдвэртэй

А.Б-ын нэхэмжлэлтэй Д.Э-аас “5 000 000” төгрөг тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгонхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч А.Б анхан шатны шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Э нь надаас 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Агт адуу цуглуулж өгье гээд эхний урьдчилгаа 5 сая төгрөгийг Хаан банкны *** тоот дансаар шилжүүлж авсан. Өнөөдрийг хүртэл адуугаа авчирч өгөөгүй. Миний бие Д.Э-аас адуу болон мөнгөө нэхэхээр утсаа авахгүй сүүлдээ холбогдох боломжгүй болсон. Иймд Д.Э-аас 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Б нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн *** зах дээр махны худалдаа эрхэлдэг. 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр агт адуу цуглуулж өгнө гэхээр нь Өвөрхангай аймгийн иргэн Д.Э-д 5 000 000 төгрөг шилжүүлсэн. Д.Э нь тухайн мөнгийг *** тоот дансаар шилжүүлэн авсан байдаг. Би Эмээлт зах дээр авсан махаа цааш нь худалдан борлуулдаг ийм хүн байгаа. Д.Э өмнө нь надад мал мах авчирч өгч байсан учраас би итгээд 5 000 000 төгрөгөө шилжүүлсэн. Д.Э нь адуугаа авчирч өгөхгүй холбоогүй алга болсон. Иймд Д.Э-аас 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

  1.  Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өмнө нь А.Б гэж хүнийг харж байгаагүй. Адуу мал өгч ч үзээгүй, танихгүй хүн байгаа. Би 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хот руу адуу ачиж очиход анх А.Б гэж хүний царайг харж байсан. 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр А.Б над руу залгаад өмнө өгч байсан 7 тооны морь шигээ 20 тооны морь олоод өгөөч би урьдчилгаа болгож 5 000 000 төгрөг шилжүүлье гэж хэлээд 5 000 000 төгрөг шилжүүлсэн. Би А.Б-тай ярьсан ёсоор 20 тооны тарган морьд бэлдсэн. Харин А.Б миний бэлдсэн байсан 20 тооны морийг ирж аваагүй. Тухайн 20 тооны адууг би *** сумаас ачааны машин хөлсөлж Улаанбаатар хот руу орж хямдхан борлуулсан. Би А.Б гэж хүнд 3 850 000 төгрөгийг төлсөн. Одоо 1 150 000 төгрөгийг л төлөх дутуу байгаа гэв.

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Э-аас 1 150 000 /нэг сая нэг зуун тавин мянган/ төгрөгийг гаруулан, нэхэмжлэгч А.Б-т олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас 3 850.000 /гурван сая найман зуун тавин мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр, хариуцагч Д.Э-аас 32 150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Б-т олгож шийдвэрлэжээ.
  2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

А.Б нь надаас 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын иргэн Д.Э нь агт адуу цуглуулж өгьё гээд ХААН банкны *** тоот дансаар 5 сая төгрөг шилжүүлэн авсан. Д.Э нь адуу болон мөнгөө буцаан өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө гэсэн заалтыг зөрчсөн. Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаан эхлэхэд ямар нэг хүсэлт байхгүй гэсэн.

Шүүх өөрийн санаачилгаар бичгийн нотлох баримт шинжлэн судлах үед гэрч асуулгах уу гээд гэрчүүдийг оролцуулсан ба Д.О гэх гэрч нь ямар ч бичиг баримтгүй байхад гэр рүү нь яваад аваад ир гэж явуулсан юм билээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шүүх хуралдааныг тасралтгүй явуулах зарчмыг зөрчсөн. Шүүх хуралдааны төгсгөл хэсэгт Хаан банкны хуулгыг шинээр гаргасан нотлох баримт гэж авсан нь мөн л хууль зөрчсөн болно. Д.Э мөнгөө буцаан төлөөгүй байхад өөр иргэн буюу Б гэдэг хүний дансны хуулганы 3 850 000 төгрөгийг шүүх үнэлж хасаж тооцон, хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна. Д.Э нь надад 5-н сая төгрөгөө эргүүлэн өгсөн гэдгээ нотлож чадаагүй, түүний тайлбар нь бусад баримтаар нотлогдоогүй байхад хууль бус шийдвэр гаргасан.

Гэрч Н.Д, Д.О нар нь 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн үйл явдлын талаар бүрэн дүүрэн мэдэхгүй, энэхүү хэрэгт ач холбогдолгүй гэрчүүд байхад гэрчүүдийн мэдүүлгийг үнэлсэн нь учир дутагдалтай, нэхэмжлэгч миний өөр гэрчүүдийг асуулгах боломжоор шүүх хангаагүй болно. Шүүх 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 5-н сая төгрөг өгсөн үйл явдлыг 2021 оны 8 дугаар сарын 7-ны өдөр болсон үйл явдалтай хольж, бодит байдалд буруу дүгнэлт хийж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж Д.Э-аас 3 850 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүн намайг хоргоогоод салахгүй байна. Би төлөх ёсгүй зүйл байгаа юм гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу А.Б-ын нэхэмжлэлтэй Д.Э-аас 5 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч А.Б нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр адуу худалдаж авах зорилгоор 5-н сая төгрөгийг Д.Э-ийн Хаан банкны *** тоот дансанд шилжүүлсэн. Адуугаа авчирч өгөөгүй тул Д.Э-аас 5 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч 3 850 000 төгрөгийг төлсөн. Одоо 1 150 000 төгрөгийг л төлөх дутуу гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Э-аас 1 150 000 /нэг сая нэг зуун тавин мянган/ төгрөгийг гаруулан, нэхэмжлэгч А.Б-т олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас 3 850.000 /гурван сая найман зуун тавин мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон ноцтой зөрчсөн, мэтгэлцэх боломжийг хязгааралсан, уг алдааг залруулахгүйгээр тухайн ажиллагааг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-д зааснаар нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө. Хэрэв хэргийн оролцогчоос шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хүсэлт гаргавал энэ хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ. Шүүх хүсэлт болгоныг хангаж шийдвэрлэх боломжгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг тодруулсаны эцэст шүүх түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах эрхтэй.  Гэтэл анхан шатны шүүх Н.Д, Д.О нарыг урьд нь гэрчээр оролцуулах хүсэлт гаргаагүй нь хүндэтгэх шалтгаантай байсан эсэхийг тодруулаагүй байна. 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.-т заасан журмыг зөрчсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхийг хязгааралсан гэж үзнэ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчим зөрчигдсөн, тухайлбал, талуудын мэтгэлцэх эрх зөрчигдсөн, хязгаарлагдсан, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын тэгш эрхийг, диспозитив зарчмыг зөрчсөн байх нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ.”, 6.2. “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ.” гэж заасныг зөрчсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэл тогтоогдсон байх тул   шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 76550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул давж заалдах шатны шүүхээс хүсэлт гаргагчийн гомдолд дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин дахь сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 146/ШШ2022/00006 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 76550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.