| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2305002781118 |
| Дугаар | 2024/ДШМ/1321 |
| Огноо | 2024-12-10 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2024/ДШМ/1321
2024 12 10 2024/ДШМ/1321
П.Б-, Б.Г-, Д.С- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Билгүүн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Э-гийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг,
иргэний хариуцагч “*****” ХК-н хууль ёсны төлөөлөгч П.Б-,
шүүгдэгч П.Б-, түүний өмгөөлөгч Б.Баярмаа,
шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч О.Билгүүн,
шүүгдэгч Д.С-, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/751 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.С-ын өмгөөлөгч Д.Батбаяр, шүүгдэгч Б.Г- нарын гаргасан давж заалдах гомдол болон шүүгдэгч П.Б-, түүний өмгөөлөгч Б.Баярмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн П.Б-, Б.Г-, Д.С- нарт холбогдох 2305002781118 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б-,
2. Г-, /;
3. С-,
Шүүгдэгч Д.С- нь “* ***” ХК-ийн гүйцэтгэх удирдлагын албан үүргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 1 сарын хугацаанд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх заалтад заасан “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм 1 дүгээр хэсгийн Ерөнхий шаардлага БНБД" дүрмийн 4.11 дэх заалтад заасан “Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио санамж, анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх заалт “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина” гэсэн заалтууд буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй,
шүүгдэгч П.Б- нь “* ***” ХК-ийн үйлдвэрийн дарга, ерөнхий технологичийн албан тушаалд ажиллаж байхдаа “* ***” ХК-ийн гүйцэтгэсэн захирлын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/109 "Албан тушаал хослон ажиллуулах тухай" дугаартай тушаалын 2 дахь хэсэгт заасан үйлдвэрлэлийн бүх цех тасгуудын үйл ажиллагаанд хяналт тавих тухай тушаал, албан тушаалын тодорхойлолтын "Үйлдвэрлэлийн технологийн жигд ажиллагааг хангаж ажиллах" үндсэн чиг үүрэг, "тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээний төлөвлөгөө, графикийг баталж, түүний дагуу үйл ажиллагаа явуулах, технологи, техник тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах үндсэн чиг үүргийн хүрээнд "Хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны урьдчилсан зааварчилгаа, ажлын байран дахь анхан давтан шатны зааварчилгаа, ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааг өгч байгаа үйл ажиллагаанд хяналт тавих, шаардлагатай тохиолдолд өөрөө зааварчилгаа өгөх, шийдвэр гаргах эрх мэдэл, бусад чиг үүргийн хүрээнд байгууллагын бусад нэгжтэй хамтран ажиллах, өдөр тутмын ажлыг удирдлагад цаг алдалгүй танилцуулах, ажлын гүйцэтгэлийн үнэлгээний талаар удирдах албан тушаалтанд асуудал тавин шийдүүлэх зэрэг тус тус чиг үүргийг биелүүлж ажиллаагүй буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй,
шүүгдэгч Б.Г- нь “* ***” ХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, авто хариуцсан хяналтын инженер албан тушаалд ажиллаж байхдаа албан тушаалын тодорхойлолтын үндсэн чиг үүрэг үйлдвэрлэлийн жигд ажиллагаа, чанарын хяналтын тухай баримт бичгүүд, байгууллагын журам, зааврууд, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаануудыг мөрдүүлж ажиллах, хөдөлмөр хамгааллын зааварчилгааг бүх ажилтнуудад журмын дагуу өгөх ба мэргэжлийн инженер, технологичидтой зөвшилцөж нэмэлт зааварчилгааг өгнө зэрэг чиг үүргийг биелүүлж ажиллаагүй буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ тус тус биелүүлээгүйн улмаас 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “* ***” ХК-ийн чулуун хөвөнгийн үйлдвэрийн засварын ажил хийж байсан талбайн инженер Д.Э- нь дээврийн агааржуулалтын нээлхийгээр унаж гэмтэн улмаар эмчилгээ хийлгэж байгаад 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: П.Б-, Б.Г-, Д.С- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Г-, Б-, С- нарыг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-, П.Б-, Д.С- нарт 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Б.Г-ийг эрх бүхий байгууллагын хяналтад Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс, П.Б-ыг 3 жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Д.С-ыг 3 жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,[d1] [WU2] шүүгдэгч Б.Г-, П.Б-, Д.С- нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тэдгээрт анхааруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Э- нь өөрт учирсан болон цаашид гарах гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг дурдаж, шүүгдэгч Б.Г-, Д.С- нарт урьд авсан “* Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох”, шүүгдэгч Б.Г-, П.Б-, Д.С- нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч П.Б-, түүний өмгөөлөгч Б.Баярмаа нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч П.Б-ын гэм буруугийн талаар “* ***” ХК-ийн үйлдвэрийн дарга, ерөнхий технологичийн албан тушаалд ажиллаж байхдаа "* ***” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/109 "Албан тушаал хослон ажиллуулах тухай" дугаартай тушаалын 2 дахь хэсэгт заасан үйлдвэрлэлийн бүх цех тасгуудын үйл ажиллагаанд хяналт тавих тухай тушаал, албан тушаалын тодорхойлолтод заасан “Хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны урьдчилсан зааварчилгаа, ажлын байран дахь анхан давтан шатны зааварчилгаа, ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааг өгч байгаа үйл ажиллагаанд хяналт тавих, шаардлагатай тохиолдолд өөрөө зааварчилгаа өгөх...” чиг үүргийг биелүүлж ажиллаагүй буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйн улмаас...Тодруулбал үйлдвэрийн барилгын дээвэрт онгорхой нээлхий байгаа гэдгийг мэдэж байсан атлаа тэмдэг, тэмдэглэгээ тавилгүй орхисноос “* ***" ХК-ийн чулуун хөвөнгийн үйлдвэрийн засварын ажил хийж байсан талбайн инженер Д.Э- нь дээврийн агааржуулалтын нээлхийгээр унаж гэмтэн, эмчилгээ хийлгэж байгаад 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нас барж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн.
Анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу яллах болон өмгөөлөх талуудын хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргаж байгаа тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч П.Б- нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан эсэхийг тогтоож чадаагүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объект нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүрэг буюу тодруулбал эрүүгийн хэргийн хувьд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ юм.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив тал нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны аюулгүй ажиллагааны журмыг албан тушаалтан идэвхтэй ажиллагаагаар зөрчих, эсхүл хариуцлага алдаж, шүүхийн дүгнэсэнчлэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулах хор уршигт хүргэх нөхцөлийг бий болгосон байх ёстой. Анхан шатны шүүх үйлдвэрийн дарга бөгөөд ерөнхий технологич П.Баасан- Очирыг албан тушаалын тодорхойлолт, гүйцэтгэх захирлын тушаалд заасан чиг үүргийг биелүүлээгүй ажилласан гэж дүгнэсэн нь дор дурдсан нотлох баримтаар няцаагдана.
Нэгдүгээр хавтас хэргийн 201 дэх талд П.Б-ын ажлын байрны тодорхойлолт авагдсан. Уг тодорхойлолтод: Эрхлэн гүйцэтгэх албан тушаалын нэр: Үйлдвэрийн дарга, ерөнхий технологич
Албан тушаалын зорилго: Чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг технологийн горим, зааврын дагуу, үйлдвэрлэхэд вагранк зуухны жигд ажиллагааг хангаж ажиллах,
Шууд захирагдах албан тушаалтан: ТУЗ-ын дарга, Гүйцэтгэх захирал, Дэд захирал
Шууд захирах албан тушаалтан: Үйлдвэрийн ажилтнууд
Ажлын байрны үндсэн үүрэг: Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны жигд ажиллагааг хангах,
Технологи, техник тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах: Техник тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны зааврыг мөрдөж ажиллуулна.
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны урьдчилсан зааварчилгаа ажлын байран дахь анхан давтан шатны зааварчилгаа, өдөр тутмын зааварчилгааг өгч байгаа үйл ажиллагаанд хяналт тавина. Шаардлагатай тохиолдолд өөрөө зааварчилгаа өгнө.
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байгаа үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг хувьд Үйлдвэрийн дарга, ерөнхий технологичийн хувьд ажлын байрны тодорхойлолтод зааснаар шууд захирах албан тушаалтан буюу үйлдвэрийн ажилтнуудад зааварчилгаа өгч байгаа үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Хяналтыг ээлжийн технологич, ерөнхий механик, цахилгааны албаны дарга эдгээр албан тушаалтнууд хариуцсан ажилтнууддаа хөдөлмөр аюулгүйн ажиллагааны зааварчилгаа өгч байгаа эсэхэд хяналт тавьдаг. Үйлдвэрийн дарга, ерөнхий технологичийн хувьд технологич, ерөнхий механик, цахилгааны албаны дарга нарт зааварчилгаа өгч ажилладаг тухайгаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн. Хэрэг гарсан 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үйлдвэр бүрэн зогссон байсан. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогссон байсан. Нэгдүгээр хавтас хэргийн 204 дүгээр талд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ авагдсан. Уг гэрээнд үйлдвэрийн дарга нь Ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүрэг гүйцэтгэнэ гэж заасан. Гэрээний5 дугаар зүйлийн 5.1-д эдлэх эрх үүргийг тодорхойлсон. Уг үүрэгт Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг компанийн бусад хэлтэс, нэгжийн ажилтан албан тушаалтанд өгөх үүрэг хүлээлгээгүй.
“* ***” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/109 “Албан тушаал хослон ажиллуулах тухай” тушаалын 2 дахь хэсэгт ”...Үйлдвэр болон Термо***, СТУ шугам хоолойн дулаалга зэрэг бүх цех тасгуудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг П.Б-т үүрэг болгосугай гэснийг биелүүлээгүй буюу барилгын засварын ажил хийх үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй мэт дүгнэж буруутгасан нь үндэслэлгүй байна.
Аливаа байгууллагын ажилтны Ажлын байрны тодорхойлолт гэдэг бол тухайн албан тушаалтны хийх ажлын зорилго, зорилт, үйл ажиллагааны чиг үүрэг, хариуцлага, эрх мэдэлд тавигдах шаардлагыг нарийвчлан тогтоосон баримт бичиг юм. Албан тушаалтан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө ажлын хөлс цалин авдаг. Нэгдүгээр хавтас хэргийн 177 дугаар талд амь хохирогч Э-ын албан тушаалын тодорхойлолт авагдсан.
Албан тушаалын нэр: Талбайн инженер
Албан тушаалын зорилго: Барилгын ажлыг техникийн шаардлагын дагуу төсөв нормын төлөвлөгөөнд зохицуулан гүйцэтгэх, чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, талбайн үйл ажиллагааг тасралтгүй өдөр тутмын мэргэжлийн удирдлагаар хангах,
Шууд захирагдах албан тушаалтан: ТУЗ-ын дарга, Гүйцэтгэх захирал, Ерөнхий инженер,
Шууд захирах албан тушаалтан: Төслийн талбайд ажил гүйцэтгэгч нар, барилга үйлдвэрлэлийн албан хаагч,
Ажлын байрны үндсэн үүрэг:
Хариуцаж байгаа барилгын ажлын график төлөвлөгөө, бараа материал, машин механизмын хэрэгцээг гаргаж өгөх, гэрээний ажлыг бага зардлаар ашигтай байх зарчмаар гүйцэтгэх,
Тухайн ажлын ерөнхий төлөвлөгөөг гаргаж цаг хугацаанд нь батлуулах, ажлын 5 өдөр тутамд төлөвлөгөөг танилцуулах,
Ажлын гүйцэтгэлийг гаргаж батлуулах,
Ажилчдад технологийн болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгаа өгөх,
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чиг үүрэг:
Компанийн мөрдөж буй Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг тооцох, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд ажилтнаа манлайлан ажиллах,
Осолд дөхсөн тохиолдлыг бүртгэх болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, үйлдвэрлэлийн орчинд учирч болох аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах талаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанд мэдээллэх, хамтран ажиллах,
шинэ ажилтнуудад ажлын байр, дүрэм журмыг сайтар танилцуулах,
Компаний хэмжээнд ЭМААБО-ны дүрэм журмын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, түүнийг хэрэгжүүлэх,
Аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгааг өгч, 7 хоног бүрийн хурлыг удирдаж хийлгэх,
Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны бэлэн байдлыг 7 хоног тутамд хянаж шалгах
Ээлжийн ажилтнуудтай хамт аюулгүй ажиллагаатай холбоотой үүссэн асуудал бүрийг хамтран хэлэлцэж, хянах
Аюулгүй ажиллагаатай холбоотой асуудлыг төслийн менежерт танилцуулж арилгах боломжтой аюул эрсдэлийг нэн даруй арилгах,
Ажлын байрны эмх цэгц, ажлын талбайн ашиглалтыг өдөрт нэг удаа хянаж, сайжруулах арга хэмжээг удирдах,
Ээлжийн аюулгүй ажиллагааны хурал болон заавар зөвлөмжийн тэмдэглэлийг хянах,
Ослын судалгаанд оролцох, удирдах гэсэн чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан байна. Энэхүү нотлох баримт хавтас хэрэгт авагдсан энэ талаар шүүгдэгч нар мэдүүлэгтээ тайлбарласан байхад үүнийг үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй нь шүүхийн тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ. Иймд шүүгдэгч П.Б-ыг гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч П.Б-ын өмгөөлөгч Б.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...давж заалдах гомдлоо дэмжиж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй. ... Шүүхээс “хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон хор уршигт хүргэх нөхцөл байдлыг бий болгосон” гэж дүгнэхдээ шүүгдэгч П.Б-ын ажлын байрны тодорхойлолт дахь чиг үүргүүдийг заасан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй. Хавтас хэргийн 201 дэх талд авагдсан шүүгдэгч П.Б-ын ажлын байрны тодорхойлолт дахь албан тушаалын нэр нь үйлдвэрийн дарга, ерөнхий технологич юм. “* ***” ХК нь байгалийн *** чулууг шатаах, эргүүлэх, хатаах, сэмлэх зэрэг 20 гаруй дамжлага бүхий машин механизмыг дамжиж дулаалгын хөвөн болгон үйлдвэрлэдэг. Энэхүү үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Шүүгдэгч П.Б- нь ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргийг гүйцэтгэх үүрэгтэй. Шүүхээс “хослон ажиллах, үйлдвэрийн бүх цех, тасгуудын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ гүйцэтгээгүй” гэж дүгнэсэн боловч хэргийн 200 дахь талд авагдсан 109 дүгээр тушаалын 2 дахь хэсэгт “үйлдвэр болон термо*** СТУ шугам хоолойн дулаалга зэрэг цех, тасгуудын үйл ажиллагаанд хяналт тавина” гэж заасан. Гэтэл шүүгдэгч П.Б-ыг буруутгахын тулд “* ***” ХК-ийн бүхий л хэлтэс, цех, тасгуудад хяналт тавих мэтээр бичсэн. Энэ үйлдвэр нь чулууг хөвөн болгож хувиргадаг бөгөөд термо*** нь дулааны шугам хоолойн дулаалгын хөвөн, СТУ нь гадна дулааны буюу гадаа ил харагддаг шугам хоолойн дулаалга юм. Шүүгдэгч П.Б- нь зөвхөн чулуунаас хөвөн үйлдвэрлэх технологийн үйлдвэрүүдэд хяналт тавих чиг үүрэгтэй. Үйлдвэрийнхээ 30-40 ажилчид болон инженер техникийн ажилчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, инженер техникийн ажилчид нь доорх ажилчдадаа зааварчилгаа өгсөн эсэхэд хяналт тавьдаг. Үйлдвэр зогсож, дараагийн бригад буюу өөр чиг үүрэг бүхий барилгын засварын бригад засварын ажил хийж байсан. Барилгын засвар хийлгэх 2 бригад гарч, нэгийг нь А.Т-, нөгөөг нь Азбаяр гэх хүн ахалж ажилласан. А.Т- зааварчилгаа өгсөн эсэх, ямар ажиллагаа явагдсан талаар тодорхой хэлсэн бөгөөд тэрээр мэдүүлэгтээ “би “* ***” ХК-д 2020 оны 06 дугаар сард ажилд орж, өнөөдрийг хүртэл механик инженерээр ажиллаж байна, манай чулуун хөвөнгийн үйлдвэр 2022 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр зогсож, засварын ажлууд эхэлсэн, чулуун хөвөнгийн үйлдвэрийн дээвэр хуулах ажил 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр эхэлсэн, үйлдвэрийн ажилчид үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон учир бүгд засварын ажилд орж ажилласан, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өглөө 09 цагт ажил эхэлсэн, механик инженер С-аас өдрийн хийх ажил болоод аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан, ингээд би өөрийн хариуцсан ажилтан Д-д хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөд дээвэр хуулах ажилд томилоод явуулсан, Д.Э- ах манай компанийн талбайн инженерээр ажилладаг, Д.Э- ахын дээр ерөнхий инженер Б- ажилладаг, 11 цагийн үед Д.Э- ах дээвэр дээгүүр явж байсан цахилгааны утсыг татаж явж байгаад дээврийн агааржуулалтын нээлхий рүү унасан, дээврийн нээлхий нь 80х80 см хэмжээтэй дээврийн дээд хэсгээс 15 см орчим дээш гарсан, дээврийн дотор хэсгээс доош 15 см орчим гарсан төмөр хоолой байдаг, уг хоолойгоор унасан, тэр нээлхий дээр 10 см зузаантай 100х60 см хэмжээтэй чулуун хөвөнгөөр таглаад тавьсан байсан бөгөөд тухайн үед цас орсон ч харагдаж байсан, инженер Д.Э- харалгүй гишгээд унасан, инженер Г- бүх ажилчдад сургалт явуулж, зааварчилгаа өгсөн байсан” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч П.Б- ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Үйлдвэрийн ажил зогсож, амь хохирогч Д.Э-ын хариуцсан бригад ажиллаж байх үед осол болсон. Энэ хүн ерөнхий инженер буюу Б-ээс зааварчилгаа авч, ажилчиддаа зааварчилгаа өгөх чиг үүрэгтэй байсан. Энэ хэргийг шийдэхдээ ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн эсэхэд дүгнэлт хийх ёстой. Шүүгдэгч П.Б-ыг зааварчилгаа өгөөгүй гэж буруутгасан нь үндэслэлгүй байх тул түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч П.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би “* ***” ХК-д үйлдвэрийн дарга, ерөнхий технологич албан тушаалд ажилладаг. *** чулууг дулаалгын хөвөн болгох бүхий л үйл ажиллагаа явагддаг. Би ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийнхээ дагуу ажлаа хийж гүйцэтгэсэн. Намайг тухайн барилгын дээврийн дулаалгын ажлыг хийж гүйцэтгэж байсан хүнийг хариуцан зааварчилгаа өгөөгүй гэж буруутгасанд гомдолтой байна. ...” гэв.
Шүүгдэгч Д.С-ын өмгөөлөгч Д.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс Д.С-ыг “* ***” ХК-ийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4, Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм 1 дүгээр хэсгийн ерөнхий шаардлага “БНБД” дүрмийн 4.11, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх заалт”, “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина” гэсэн заалтууд буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд, Д.С- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн асуудал тогтоогдоогүй гэж үзэж байна. “* ***” ХК нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд сахин байнга сургалт явуулж зааварчилгааг цаг тухайд нь өгч байсан байдаг. Д.С-ыг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/152 дугаартай “* ***” ХК-ийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, ХК-ийн гүйцэтгэх захирал, түр орлон гүйцэтгэх захирлыг томилох эрх зүйн үндэслэл байхгүй. Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-д Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхэд компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгоно гэж заасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Д.С-т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие “* ***” ХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, авто хариуцсан инженер албан тушаалд ажилладаг бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үйлдвэрийн дээврийг хуулах, засвар үйлчилгээний ажлыг ахлан ажиллаж байсан талбайн инженер Д.Э- нь дээврийн агааржуулалтын нээлхийний нүхээр унаж гэмтэн улмаар эмчилгээ хийлгэж байх хугацаандаа 2023 оны 02 сарын 09-ний өдөр нас барсан. Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон буюу Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдсан ба энэ асуудлыг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж шүүхийн шийтгэх тогтоолоор намайг энэ гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 3 жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхээс “...өөрсдийн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ ажил үүргийн тодорхойлолтод заагдсан чиг үүргийг зохих ёсоор хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйн улмаас бусдын амь нас хохирно гэдгийг тооцоолоогүй буюу ийм нөхцөл байдал үүсэхгүй байх гэж өөртөө болон бусдад хөнгөмсгөөр найдсан нөхцөл байдал тогтоогдож байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд ХАБЭА ахлах ажилтны хувьд Хөдөлмөр хамгааллын зааварчилгааг бүх ажилтнуудад журмын дагуу өгөх ба ажлын талбайд байх эрсдэлт нөхцөл байдлыг арилгах арга хэмжээ авах, талбайн инженерийн ХАБЭА-н ажил үүргийг хэрэгжүүлсэн байдалд хяналт тавих чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйгээс шалтгаалж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, улмаар нас барсанд маш их харамсаж байна. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу дээр маргаж оролцсон, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын хувьд цагаатгах байр суурьтай оролцсон нөхцөл байдал нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэх шаардлагыг хангахгүй байх тул...” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэхгүй гэж дүгнээд мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж прокурорын дүгнэлтээс илүүгээр эрүүгийн хариуцлага оногдуулсанд гомдолтой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэд хэдэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа буюу 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” 1,4-т “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг шүүх анхаарч үзээгүй.
Тухайн үйлдвэрлэлийн осол болсон цаг үеэс компани болон бид хуулийн дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг бүрэн авч ажилласан, эмчилгээний болон оршуулгын зардал, нөхөн төлбөрийг төлсөн, шүүхээс тогтоосон хор уршгийг эрүүгийн хариуцлагын хурлын өмнө арилгасан, мөн тухайн осол болох цаг хугацаанд амь хохирогчийн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нөхцөл байдал байсан зэргийг тал бүрээс нь авч үзэж ял шийтгэл оногдуулж болох байсан. Миний хувьд өндөр настай ээжийгээ асарч, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, шүүхийн хэлэлцүүлгийн өмнө орон сууцны ипотекийн зээлд хамрагдаж Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, Шархад Хилчний гудамж 425 дугаар байрны 501 тоот хаягт оршин суух болж байгаа. Хаягийн шилжилт хөдөлгөөнийг бүрэн хийлгэх боломжгүй хугацаа тулсан тухай эрүүгийн хариуцлагын хуралдааны өмнө шүүх бүрэлдэхүүнд хүсэлт гаргасан боловч 3 жилийн хугацаанд зорчих эрх хязгаарлах ял шийтгэхдээ Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон нь намайг гэртээ харих боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн шийдвэр болсон. Иймд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан миний хариуцсан ажил үүргийнхээ хувьд анх удаа тохиолдлын шинжтэй, болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүхээс тогтоосон хэмжээнд арилгасан хөнгөрүүлэх болон хаягийн хөдөлгөөн хийж Баянзүрх дүүрэгт шилжсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд заасан хамгийн бага хугацаагаар “Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах болгон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн гомдол гаргасан одоо харин ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч О.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хэд хэдэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг анхаарч үзээгүй. Тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт анх удаа холбогдсон гэж үзсэн боловч үүнээс гадна гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж яаралтай үзүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах ажилтан энэ талын бүх арга хэмжээг авч ажилласан. Амь хохирогч хуулиар хүлээсэн, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс шалтгаалж осол болсон. Осол болсон үеэс хойш компани эмнэлгийн зардал, оршуулгын зардлыг бүрэн төлсөн буюу 160.000.000 гаруй төгрөг төлсөн баримтыг хэрэгт гаргаж өгсөн. Шүүх хуралдааны явцад шүүгдэгч нар амь хохирогчийн 2 хүүхдийн сургалтын төлбөрт 15.000.000 төгрөг төлсөн. Шийтгэх тогтоолоор 30.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны өмнө төлж барагдуулсан. Хүний амь нас хохирсон тул хохирол, хор уршгийг бүрэн барагдуулсан гэх хэмжээнд яригдахгүй боловч анхан шатны шүүхээс тогтоосон хэмжээнд хохирол, хор уршгийг арилгасан. Шүүхийн шийдвэр гарсны дараа тухайн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хүүхдийн тэтгэмжид 26.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүхээс энэ асуудлыг шийдвэрлээгүй боловч компанийн зүгээс 26.000.000 төгрөгийг төлж барагдуулах арга хэмжээ авсан. Шүүгдэгч Б.Г- шүүх хуралдаан болох үед ипотекийн зээл хөөцөлдөж байсан. Тухайн асуудал нь шийтгэх тогтоол гарсны дараа шийдэгдэж, Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд шилжин амьдрах болсон. Энэ талаар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх харгалзан үзэлгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ялыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарласан тул шүүгдэгч Б.Г-ийн одоогийн оршин суугаа хаягаар хязгаарлалт тогтоож өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байсан. Шүүгдэгч Б.Г- анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, цагаатгах байр суурьтай оролцсон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шүүх тогтооно. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөх эсэх нь түүний эрх бөгөөд шүүгдэгч Б.Г- өөрийн байр сууринаас “би гэм буруугүй байх боломжтой” гэх агуулгаар анхан шатны шүүх хуралдаанд оролцсоныг шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шууд агуулгаар нь авч үзсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Давж заалдах шатны шүүх энэ нөхцөл байдлыг анхаарч, ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Би хэрэг болсон үеэс эхлэн өмгөөлөгчөөр оролцсон. Амь хохирогч эмнэлгийн тусламж авч, биеийн байдал нь сайжирч байсан боловч эмнэлэг сольсноос хойш 8 цагийн дараа нас барсан нөхцөл байдал нь хэргийн зүйлчлэлийг өөрчлөхөд нөлөөлж болох талаар байр суурийг өмгөөлөгчийн зүгээс прокурорын шатанд илэрхийлсээр байсан. Прокуророос эмнэлгийн байгууллагын буруутай үйлдэл байсан эсэх, яаралтай тусламжийг зохих ёсоор үзүүлсэн эсэх нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй, хэт нэг талыг барьж, хэргийн бодит байдлыг хөдөлбөргүйгээр тогтоогоогүй. ...” гэв.
Шүүгдэгч Д.С- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчтэйгөө адил цагаатгах байр суурьтай байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Э-гийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс иргэний нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч “* ***” ХК-ийн зүгээс насанд хүрээгүй 2 хүүхдийн тэтгэмжтэй холбоотой асуудлыг бүрэн шийдвэрлэж өгч байгаа, цаашид тусалж дэмжихээ илэрхийлсэн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдлуудад тайлбаргүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Э-гийн зүгээс “* ***” ХК-ийн ажилчдад холбогдох хэргийг нааштайгаар шийдвэрлэж өгөхийг хүссэн тул үйлчлүүлэгчийнхээ байр суурийг дэмжиж байна. ...” гэв.
Иргэний хариуцагч “*****” ХК-н хууль ёсны төлөөлөгч П.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...манай компани ISO 45000 сургалтад хамрагдан сертификат авч, хөдөлмөрийн аюулгүй байдалд онцгой анхаарч байгаа. ...” гэв.
Прокурор Э.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч П.Б-, Б.Г-, Д.С- нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Г- нь “* ***” ХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженерээр ажиллаж байхдаа албан тушаалын тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй нь гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөл болсон. Шинжээчийн дүгнэлтээр албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ биелүүлж ажиллаагүй болох нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд тус тус заасныг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. “* ***” ХК-ийн гүйцэтгэх захирал ээлжийн амралттай байх хугацаанд тус гэмт хэрэг гарсан. Гүйцэтгэх захирлын хэрэгжүүлэх үүргийг тухайн үед шүүгдэгч Д.С- хариуцан ажиллаж байсан бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг зөрчсөн тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй. Шүүгдэгч П.Б- нь “* ***” ХК-д үйлдвэрийн дарга, ерөнхий технологичийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах, ажлын байран дахь анхан болон давтан зааварчилгааг шаардлагатай бол өөрөө өгөх үндсэн чиг үүргээ биелүүлээгүй буюу агааржуулалтын нээлхийд хаалт, хамгаалалт тавих үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлснийг буруутгах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.
“* ***” ХК-ийн чулуун хөвөнгийн үйлдвэрийн барилгын дээврийн дулаалгыг хуулах ажлыг хийж байх явцдаа дээврийн онгорхой нээлхий рүү хүн унаж бэртэхээс урьдчилан сэргийлсэн хаалт, хамгаалалт хийлгүй орхисон нь аюултай нөхцөл байдлыг үүсгэсэн байх ба тус компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, авто хариуцсан инженер Б.Г- нь уг зөрчлийг илрүүлэх, арилгах үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дээрх ажлыг хариуцан ажиллаж байсан Б.Э- цахилгааны уртасгасан утас шалгаж хөөж байгаад агааржуулалтын нээлхийг онгорхой байсан эсэхийг харалгүй хий гишгэн унаж, цээжний 1, 2, 5, зүүн 1-12 дугаар хавирга, дал, шуу, богтос яс, умдаг, ахар сүүл ясны хугарал, цээжинд цус хуралт бүхий хүнд гэмтэл аван, уг гэмтлүүдийн улмаас хэвтрийн хатгаагаар хүндэрч 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нас барсан болох нь:
хохирогч Б.Э-ын “...2022 оны 12 дугаар сарын 26-ны өглөө 09 цагт ажилдаа очсон. Тэр өдөр чулуун хөвөнгийн үйлдвэрийн дээвэр нураах ажлыг хариуцан хийж байсан. Цахилгааны уртасгасан утас хөөж явж байгаад агааржуулалтын нээлхийг харалгүй хий гишгээд уг нээлхийгээр доош унасан. ...Намайг ажилд гарахад хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгөөгүй. Надад хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг Г- өгөх ёстой байсан. ...Г- бүх ажилчдад болон надад хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгч, тогтмол сургалт ордог. ...Надад ажлын хувцас өгсөн байсан. Би 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажилд гарахдаа ажлын хувцас хэрэгслийг бүрэн өмсөж байсан. ...” /1хх 39-43/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Э-гийн “...талийгаач нь “* ***” ХК-д инженерийн албан тушаалд ажиллаж байсан юм. ... “* ***” ХК-ийн захирал Ариунболд нөхөн олговор гэж дансаар 100,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Талийгаачийн эмнэлэгт хэвтэж байх үед эмчилгээний зардалд мөнгө гаргасан бөгөөд түүнийг баримтаар гаргаж өгнө. ...Талийгаачийг ажил үүргээ гүйцэтгэж байх үед аюулгүй байдлыг хангах ёстой байсан дээрх 3 хүнд гомдолтой байна. ...Сүүлд нэмж хэлэхэд эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болж миний нөхөр нас барсан зүйл байхгүй. Хүнд гэмтлээс болж нас барсан. Эмнэлэг хоорондын шилжүүлсэн асуудал нь найдваргүй байсан тул илүү сайн эмчилгээ хийлгэх зорилгоор өөр эмнэлэг рүү шилжүүлж эмчлүүлж байсан. ...” /1хх 45, 3хх 2-3/,
гэрч Н.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 11 цаг өнгөрч байхад би үйлдвэрийн барилга руу зүсэж байсан төмрөө хөших лоом авах гэж ортол Э- ах дээврийн агааржуулалтын хоолойн нүхнээс унаад ирсэн. ... Унасан хүнийг хөдөлгөж болохгүй гэж бодоод байж байтал цаанаас Б эгч ирээд бид хоёр хамт өргөөд байж байтал хүмүүс орж ирээд сандал авчираад суулгасан. ...Э- ах нь төсөл удирдаж явж байсан гэдэг утгаар 2021 оноос хойш мэддэг болсон. “* ***” ХК-д талбайн инженерийг хариуцан ажиллаж байсан. ...Э- ах ажлын хувцастай байсан. Унахдаа толгойн хамгаалалтгүй унасан байсан. ...” /1хх 54/,
гэрч Х.Б-ийн “ ...2022 оны 12 дугаар сарын 26-ны өглөө 08 цаг 20 минутад ажил дээр очсон. Намайг очиход үйлдвэрийн ажилчид ирээгүй байсан. Ингээд 9 цагийн үед шуурхай хурал хийсэн. Хуралд үйлдвэрийн дарга Б-, ерөнхий механик инженер С-, цахилгааны инженер С.Э-, ХАБ-ын инженер Г-, эдийн засагч Бадрал нар суусан. Уг хурлаар тухайн өдөрт хийгдэх ажлын төлөвлөгөө, хүн хүчний хуваарьтай танилцсан. ...Э- инженерт ХАБ-н инженер Г- анхан шатны зааварчилгаа, давтан зааварчилгааг өгөх ёстой байсан. Харин өдөр тутмын зааварчилгааг ажилчдад Э- өөрөө өгөх ёстой байсан. Гэтэл тухайн үед зааварчилгаа өгөөгүй, Э- ч ирж зааварчилгаа аваагүй шууд ажилдаа гарсан. Ингээд 11 цагийн үед осол болсон гэдгийг мэдээд очиход Э- чулуун хөвөнгийн үйлдвэрийн барилгын дээвэр дээр байх агааржуулалтын хоолойгоор дотогш унасан байсан. ...” /1хх 56, 81-82/,
гэрч А.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үйлдвэрийн барилгын дээврийн дулаалгыг хуулах ажлыг 2 бригад хариуцан авч нэг бригадыг би хариуцаж аваад нөгөө бригадыг Амаржаргал гэх хүн хариуцаж аваад ажиллаж байсан ба Э- ах хяналт шалгалт хийж байсан. Дээвэр дээр 3 агааржуулалтын хоолой байсан ба дулаан алдахгүй гэж чулуун хөвөн тавьсан байсан. Э- ах тэр дулаалгыг битгий ав гэж хэлсэн. Тухайн дээвэр дээр нүх байгааг ажилчид мэдэж байсан, дээвэр дээр мулдок ажиллуулж байсан ба цахилгааны утас нь дээврийн хуулсан бетонд тээглэж Э- ах тээглээсийг гаргах гэж явж байгаад нүхийг харалгүй унасан юм шиг байна лээ. ...Э- өөрөө ХАБ-н зааварчилгаа өгдөг хүн миний бодлоор аваагүй байх, өөрөө өгдөг хүн хүнээс тийм зааварчилгаа авахгүй байх. ...Э- ах тэнд нүх байсныг мэдэж байсан ба дээвэр дээр ажиллаж байсан бүх хүн нүхний байрлалыг мэдэж байсан. Нүхийг анхааруулж тавьсан тэмдэглэгээ байгаагүй. ...” /1хх 54/,
гэрч Ч.Д-гийн “...2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн чулуун хөвөнгийн үйлдвэрийн дээврийн хар цаас хуулах, дулаалга авах зэрэг ажил хийгдсэн. 2022 оны 12 дугаар сарын 26-ны өглөө 09 цагт ажил дээр очсон. Тэр үед механик инженер Т- намайг Э- инженер дээр очиж дээвэр хуулах ажилд томилсон. Намайг ажилд гарахад инженер Т- хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөд гарын үсэг зуруулаад явуулсан. ...Э- инженер цахилгааны утас суллаж татаж явж байгаад агааржуулахын нээлхий рүү хөл алдаад унасан. Араас нь ерөнхий инженер Б- очиж татах гэсэн боловч амжаагүй. Бид нар дээврээс буугаад доош үйлдвэрийн байр руу ороход газар уначихсан байсан. ...Тэр нээлхий дээр 10 см зузаантай 1 метрийг харьцах нь 60 см хэмжээтэй чулуун хөвөнгөөр таглаад тавьсан байсан бөгөөд тухайн үед цас орсон байсан ч харагдахаар байсан. ...” /1хх 63-64/,
гэрч Ц.Н-ын “...2022 оны 12 дугаар сарын 26-ны өглөө 09 цагт ажил дээр очсон. Намайг ерөнхий механик инженер С- гэх хүн чулуун хөвөнгийн үйлдвэрийн барилгын дээврийн дулаалга хуулах ажил хийнэ гэж хэлээд ХАБ-ын зааварчилгаа өгөөд гарын үсэг зуруулаад гаргасан. ...Э- инженер цахилгааны утас суллаж татаж явж байгаад агааржуулахын нээлхий рүү хөл алдаад унасан. Араас нь ерөнхий инженер Б- очиж татах гэсэн боловч амжаагүй. Бид нар дээврээс буугаад доош үйлдвэрийн байр руу ороход газар уначихсан байсан. ...Э- үйлдвэрийн талбай хариуцсан инженерээр ажилладаг. Г- бол үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлийн зааварчилгаа өгч ажилладаг хүн байгаа юм. ...” /1хх 66-67/,
гэрч Н.С-гийн “...манай компанийн чулуун хөвөнгийн үйлдвэр 2022 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр зогссон. Ингээд засварын ажлууд эхэлсэн. ...2022 оны 12 дугаар сарын 26-ны өглөө 08 цаг 50 минутад ажил дээр очсон. Манай ерөнхий механик инженер С- үйлдвэрийн дээвэр хуулах ажилд томилоод хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөд гаргасан. ...11 цагийн үед байх Э- инженер дээвэр дээгүүр явж байсан цахилгааны утсыг татаж явж байгаад дээврийн агааржуулалтын нээлхий рүү унасан. ...Г- бол үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлийн зааварчилгаа өгч ажилладаг хүн байгаа юм...” /1хх 69-70/,
гэрч С.С-гийн “...2022 оны 12 дугаар сарын 26-ны өглөө 08 цаг 50 минутад ажил дээр очсон. Манай ерөнхий механик инженер С- үйлдвэрийн дээвэр хуулах ажилд томилоод ХАБ-н зааварчилгаа өгөөд гаргасан. ...11 цагийн үед байх Э- инженер дээвэр дээгүүр явж байсан цахилгааны утсыг татаж явж байгаад дээврийн агааржуулалтын нээлхий рүү унасан. ...” /1хх 75-76/,
гэрч Ж.С-ын “...би уг компанид үйлдвэрийн тоног төхөөрөмжийн тасралтгүй ажиллагааг хангах, төлөвлөгөөт засвар болон урсгал засварын төлөвлөгөө гаргаж, графикийн дагуу засвар үйлчилгээг хийх, үйлдвэрлэлийн шинэчлэлтэй холбоотой тоног төхөөрөмжийн сэлбэг материалын захиалга хийх, ажлын байрны үүргээр удирдаж буй механик инженер, зураг төслийн инженер, гагнуурчин, засварчин, токарьчин гэх ажилчдад өдөр тутмын ажлын даалгавар өгч, ХАБ-ын эрүүл ахуйн зааварчилгаа өгч гарын үсэг зуруулж ажилд гаргадаг. 2022 оны 12 дугаар сарын 26-ны өглөө 08 цаг 40 минутын үед ажил дээр очоод ажлын даалгаврыг бичсэн. Ажил дээр ирсэн хариуцсан ажилчдад ажлын даалгавар, ХАБ-н зааварчилгааг өгч гарын үсэг зуруулж авсан. Ингээд байгууллагын шуурхай хуралд суусан. Уг хуралд би ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу чулуун хөвөнгийн үйлдвэрийн барилгын дээвэр хуулах ажлыг танилцуулсан. Үүн дээр ажиллах хүн хүчний мэдээллээ өгсөн. Ингээд ажилд гарсан. Би ажил үүргийн хуваариар тухайн үйлдвэрийн барилгын дээвэр хуулах ажлыг ерөнхий байдлаар хянаж хариуцаж байсан. Харин ажлын талбай дээр ажилчдын үйл ажиллагааг Э- инженер хянаж ажиллах ёстой юм. Би үүрэг чиглэлээ өгөөд ажилчдыг дээвэр хуулах ажилд томилж явуулсан. Гэтэл 11 цагийн үед станцаар чулуун хөвөнгийн үйлдвэрийн барилгын дээвэр дээрээс хүн унаж гэмтсэн талаар мэдээлэл явахаар нь очсон. Намайг очиход ХАБ-н инженер Г- ирчихсэн 103 руу залгаж байсан. Удалгүй түргэний машин ирээд аваад явсан. ...Ажлын байрны давтан зааварчилгааг ХАБ-н инженер Г- өгөх ёстой. ...” /1хх 84-85/,
гэрч П.Б-ийн “...гүйцэтгэх захирал А.Энхгэрэл 2022 оны 12 дугаар сарын 20-ны үеэр ээлжийн амралтаа авч гэр бүлийн хамт Вьетнам улсад аяллаар явсан. Энхгэрэл захирал аялалаар явахдаа гүйцэтгэх захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр тухайн компанийн ерөнхий менежер Д.С-ыг томилсон байсан. А.Энхгэрэлийг байхгүй байх хугацаанд Д.С- үйлдвэрийн үйл ажиллагааг ерөнхий байдлаар хариуцан дэд захирлын үүргийг гүйцэтгэж байсан. 2022 оны 11 дүгээр сараас эхлэн хааяа зогсолт хийж, хааяа ажиллаж байгаад 2022 оны 12 дугаар сарын 20-ны үеэр бүр мөсөн зогссон. Ингээд засварын ажил эхэлсэн. Засварын ажлыг үйлдвэрийн дарга П.Б-, ерөнхий инженер Б-, механик инженер С-, талбай инженер Э- нар хариуцан явуулж байсан. Энхгэрэл захирал ерөнхий менежерт яг үйлдвэрийн явц байдлыг хянуулсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Э- бол манай компанид талбайн инженер албан тушаалд ажилладаг. Талбайн инженер бол хүн хариуцаж ажилладаг хүн биш. Үйлдвэрийн талбайн эмх цэгц, барилгын ажлын талбайд хяналтаар ажиллаж талбай дээр ажиллаж байгаа ажилчдад ХАБ-н зааварчилгаа өгөх ёстой хүн байгаа юм. Манай чулуун хөвөнгийн үйлдвэрийн ажил зогссон учир засварын ажил 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлсэн. Ингээд 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр чулуун хөвөнгийн үйлдвэрийн барилгын дээвэр хуулах ажил явагдаж байсан бөгөөд үйлдвэрийн ажил зогссонтой холбогдуулан бүх ажилчдыг засварын ажил болон дээвэр хуулах ажилд томилсон байсан. Гэтэл талбайн инженер Э- барилгын дээвэр хуулах ажилд биечлэн хяналт тавьж ажиллаж байхдаа дээвэр дээр байрлах агааржуулах нээлхийгээр дотогш унаж гэмтсэн. ...Талбайн инженер Э-ад ХАБ-н инженер Г- анхан болон давтан зааварчилгааг өгөх ёстой. Инженерүүдэд зааварчилгаа өгөх хүн нь Г- байгаа юм. ...” /1хх 87-88/,
гэрч С.О-ийн “.... би жижүүр эмчээр гарахдаа өвчтөн Э-ыг хүлээн авсан. Э-ын биед үзлэг хийж амин үзүүлэлтийг хянаад амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа, хэвлийн үзлэг зэргийг хийсэн. Энэ талаараа өвчтөний сторид тэмдэглэл үйлдсэн. Өвчтөний биеийн ерөнхий байдал хүнд, хүчил төрөгчийн байнгын хэрэгцээтэй (хүчил төрөгч залгаатай) байсан. ...Өглөө 07 цагт үзэхэд сатураци (захын цусан дахь хүчил төрөгчийн хангамж) 91 хувьтай, зүрхний цохилт минутад 98, хүчилтөрөгчийн баллон хэвийн ажиллаж байсан. Өвчтөний өрөөнөөс гараад үзлэгийн тэмдэглэлээ бичээд эм, тариагаа тэмдэглээд ээлж хүлээлцэх гээд байж байтал Д.Э-ын сахиур нь дуудсан. Ороод үзэхэд өвчтөн маань ухаангүй, орчиндоо харьцаагүй, дуудахад хариулахгүй, зүрхний цохилт тодорхойлогдохгүй байсан учир зүрхний массаж хийж хиймэл амьсгал хийх төхөөрөмж ойр байгаагүй учир амаараа хиймэл амьсгал хийсэн. Мөн судсаар 1 мл адерналиныг 0,9 хувийн натри хлоридын 20 мл уусмалаар шингэлж захын судсанд тарьсан. Ингээд суурь тусламжийг 15 минут үзүүлээд амин үзүүлэлт сэргээгүй нас барсан учир нас барсан цагийг 8 цаг 15 минут гэж авсан. ...” /1хх 93-95/,
гэрч Э.З-ын “...2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр манай эмнэлгийн утас руу охин нь залгаад аавыгаа танайд хэвтүүлмээр байна гэсэн. ...Эхнэр нь маргааш эмнэлгээс гарна өөр эмнэлэг авахгүй байна гэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 12 цаг 20 минутад түргэний машинаар ирсэн. ... 2023 оны 02 дугаар сарын 08-ны өглөө цус, био хими, элэгний В,С, цэрний ланторлоги, шээсний ерөнхий шинжилгээ авсан. Хариу нь 2023 оны 02 дугаар сарын 09-ний өглөө гарсан. Манай эмнэлэгт хэвтсэн 2 хоногийн хугацаанд биеийн байдал нь тогтвортой байсан. Өглөө 08 цаг 08 минутад жижүүр эмч О-ь утсаар залгаад Э- өнгөрсөн байна гэж хэлсэн. ...” /1хх 97-101/,
гэрч Ж.Б-гийн “...2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр манай эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Ирэхэд биеийн байдал хүнд амьсгалын дутагдалтай, хоёр талын уушгины бүтэц эвдрэлтэй, бүрэн бус шимэгдэлтийн үе, хүнд зэрэг, зүүн талын 5-8-р хавирганы хугарлыг бэхлэх мэс заслын дараах байдалтай байсан. Тухайн үед ар гэрийнхэн нь үргэлжлүүлэн хэвтэн эмчлүүлэх хүсэлттэй байсан. ...Ар гэрийнхэн нь нөхөн сэргээх эмчилгээ хийх үү гэж асуусан. Бидний зүгээс нөхөн сэргээх эмчилгээ хийж болно гэж хэлсэн. Тэгээд манай эмнэлгээс Д.Э- гарсан. Дараа нь ар гэрийнхэн нь над дээр ирээд таны одоо гайгүй гэж хэлсэн хүн нас барсан гэж хэлэхээр нь би ар гэрийнхэнд нь судасны дотор бүлэн үүсэхээр зүрх болон тархины судсыг бөглөх эрсдэлтэй байдаг. Энэ нь юуны эрсдэл вэ гэхээр гэмтэл болон гэмтлийн дараа удаан хэвтсэнээс болж үүсэх эрсдэл байдаг гэж хэлсэн. ...Өвчтөн Д.Э- нь анх манай эмнэлэгт ирэхдээ уушгины үрэвсэл, гэмтлийн шалтгаантай үүссэн цээжний хөндий дэх хий шингэн хуралт, амьсгалын дутагдалтай ирсэн. Эмчилгээний явцад биеийн байдал харьцангуй тогтворжиж уушгины үрэвсэл шимэгдэх хандлагатай болсон. ...Өөрөөр хэлбэл ирээдүйд гарч болох эрсдэлийг тухайн үеийн биеийн байдлын хүнд, хөнгөний зэрэгтэй хамаатуулдаггүй. Шууд утгаар бол тэр өдрийн амин чухал эрхтний үйл ажиллагааны үзүүлэлтээр хүнд, хөнгөний зэргийг үнэлдэг. Манай эмнэлгийн зүгээс өвчтөн Д.Э-ад шаардлагатай бүхий л эмчилгээг үзүүлж биеийн байдал харьцангуй тогтворжсон учраас хийгдэх эмийн эмчилгээ байхгүй гэж үзэн ирээдүйд гэмтлийн шалтгаанаас үүсэх эрсдэл хүндрэлийг ар гэрт нь тайлбарлан хэлж эмнэлгээс гаргасан. ...” /3хх 5-8, 4хх 37-38/,
шинжээч эмч Б.Сэргэлэнгийн “...талийгаач Д.Э-ын цогцост хийсэн шинжилгээгээр цээжний 2 талын олон хавирганы хугарал, дал, ууц богтос, ахар сүүл, ясны хугарлуудын улмаас хэвтрийн хөдөлгөөн хийж боломжгүй, ухаангүй удаан хугацаанд байсан учраас хэвтрийн хатгаа өвчин үүсэж амьсгалын дутагдалд орж нас бархад хүргэсэн. Тиймээс дээрх гэмтлүүдийн улмаас хэвтрийн хатгаа үүсэж байгаа юм. Д.Э-ад учирсан гэмтлүүд нь хэвтрийн хатгаа үүсэх болон нас барахтай шалтгаант холбоотой гэж ойлгож болно. ...” /1хх 103-104/,
Б.Г-ийн яллагдагчаар өгсөн “...яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Харин амь хохирогчийн хувьд осол болсны дараа ГССҮТ-д хэвтэн эмчлэгдэж биеийн байдал нь сайжирч 2 дугаар эмнэлэг рүү шилжсэн. Тухайн үед талийгаачийн биеийн байдал хэвийн, сайжирч байсан. Гэтэл бид нарт мэдэгдэлгүйгээр ар гэрийнхэн нь яармагт байрлах сэргээн засах хувийн эмнэлэг рүү шилжүүлж маргааш нь талийгаач нас барсан. ...” /1хх 148/ гэсэн мэдүүлгүүд,
“...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20 дахь заалтад /“Үйлдвэрлэлийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг/, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалтад “ажлын байр” гэж иргэн ажилтны гүйцэтгэсэн ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг гэж зааж тодорхойлсон байдаг. Д.Э- нь ажлын байран дээрээ ажил гүйцэтгэж байх үедээ осолд өртсөн нь * Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-н 2.1.1 дэх заалтад /ажлын байрандаа ажил үүрэг гүйцэтгэж байх үед/ хамаарч байгаа тул үйлдвэрлэлийн осол мөн болно. ”* ***" ХК-ийн талаас: “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм I хэсэг. Ерөнхий шаардлага БНбД" дүрмийн 4.11 дэх заалт /Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио санамж, анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино/-ыг “* ***” ХК болон гүйцэтгэх удирдлага мөрдөж ажиллаагүй байна. “* ***” ХК-ийн гүйцэтгэх захирлын “Албан тушаалд жинхлэн томилох тухай” 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/57 дугаартай тушаалаар Б.Г-ийг хөдөлмөрийн аюулгүй байдал, авто хариуцсан хяналтын инженер албан тушаалд томилогдсон байна. Б.Г-ийн албан тушаалын тодорхойлолтын үндсэн чиг үүргийг /Үйлдвэрийн жигд ажиллагаа, чанарын хяналтын тухай баримт, бичгүүд, байгууллагын журам, зааврууд, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаануудыг мөрдүүлж ажиллана/, /Хөдөлмөр хамгааллын зааварчилгааг бүх ажилтнуудад журмын дагуу өгөх ба мэргэжлийн инженер, технологичидтой зөвшилцөж нэмэлт зааварчилгааг өгнө/ гэсэн чиг үүргийг биелүүлж ажиллагаагүй. ...” болохыг тогтоосон 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №01-07/11 дүгээр дүгнэлт /1хх 107-111/,
“... Д.Э-ын биед баруун 1,2, 5-р хавирга, зүүн 1,2, 3, 8, 9, 10, 11, 12-р хавирганы хоёрлосон, 4, 5, 6, 7-р хавирганы гурвалсан хугарал, зүүн уушгины урагдал, няцрал, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, дал, шуу, богтос яс, ахар сүүлний 1,2-р нугалмын баруун сэртэн яс, умдаг ясны дээд доод салааны сэлтэрхийт хугарал, цээжний зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд гэмтэл учирсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 759 дүгээр дүгнэлт /1хх 117-120/,
“...талийгаач Д.Э-ын цогцост цээжний 1, 2, 5, зүүн 1-12-р хавирга, дал, шуу, богтос яс, умдаг, ахар сүүл ясны хугарал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Талийгаач нь дээрх хүнд гэмтлүүдийн улмаас хэвтрийн хатгаагаар хүндэрч нас барсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 548 дугаар дүгнэлт /1хх 122-130/
“Талийгаачид эмчилгээ хийсэн “Вевика медикал” эмнэлэг, “П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв” эмнэлэг, “Гэмтэл согог судлалын үндэсний төв” эмнэлэг, “Улсын хоёрдугаар төв" эмнэлгүүд оношийг зөв тогтоосон байна. Дээрх эмнэлгүүдэд эмнэлгийн байгууллагын нөхцөлд хийгдвэл зохих шинжилгээг бүрэн хийсэн ба тавьсан оноштой хийсэн эмчилгээ нь тохирч байна. Дээрх эмнэлгүүд нь өвчтөнд эмнэлгээс хийвэл зохих бүх эмчилгээг бүрэн хийсэн, хийж болохгүй эмчилгээ хийгээгүй байна. Дээрх гэмтлүүд нь эмнэлгийн тусламжийг зохих хугацаанд нь зохих ёсоор үзүүлсэн ч үр дүн өгөөгүй байна. Талийгаач нь цээжний битүү гэмтлийн улмаас уушгины хатгалгааны хүндрэлээр амьсгалын дутагдалд орж нас барсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 782 дугаар дүгнэлт /3хх 125-133/,
“...Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 782 дугаартай дүгнэлт үндэслэлтэй. ...” болохыг тогтоосон 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Эрүүл мэндийн яам, Гэмтэл Согог Судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлт /4хх 8-9/,
“...Шүүхийн үндэсний хүрээлэнгийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 782 дугаартай дүгнэлт үндэслэлтэй. ...” болохыг тогтоосон 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Эрүүл мэндийн яамны Цээжний хөндийн мэс заслын салбар зөвлөлийн шинжээчийн дүгнэлт /4хх 10/,
“...Урьд гаргасан 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 782 дугаартай дүгнэлт үндэслэлтэй. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 313 дугаартай дүгнэлт /4хх 12-19/,
2022 оны 12 дугаар сарын 26, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрүүдийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 8-23/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 24-27/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 29-34/,
“...Д.Э-ын ажилд орохыг хүссэн өргөдлийг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс талбайн инженер ажилд авсан 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/139 дугаартай “* ***” ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал /1хх 176/, талбайн инженерийн албан тушаалын тодорхойлолт /1хх 177-178/,
“* ***” ХК болон ажилтан Д.Э- нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ /1хх 179-181/,
“Б.Г- туршилтын хугацаа нь дуусаж байгаа тул 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс ХАБ, авто хариуцсан хяналтын инженер албан тушаалд жинхлэн томилсон” 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/57 дугаартай “* ***” ХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд томилох тухай тушаал /1хх 239/, “* ***” ХК болон ажилтан Б.Г- нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ /1хх 240-244/, Хөдөлмөрийн аюулгүй байдал, авто хариуцсан хяналтын инженер ажлын байрны тодорхойлолт /1хх 245-248/, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01/58 дугаартай “* ***” ХК-ийн гүйцэтгэх захирлын Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаал /2хх 78-119/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт тооцно.
Хүний амь нас, эрүүл мэндийг болзошгүй аюул, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилго бүхий хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журам нь дээрх гэмт хэргийн иш татсан диспозиц шинжид хамаарах бөгөөд эдгээрийг сахин хангуулах үүрэг хүлээсэн этгээд үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, үүний улмаас хүний амь нас хохирсон үр дагавар, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо зэргээр тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлдог.
Хууль тогтоомжоор, эсхүл эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг хэрэгжүүлэх ажлыг шууд хариуцсан ажилтан энэ гэмт хэргийн субъект болох ба түүний “... хүлээсэн үүргээ биелүүлээгүй ...” гэдэгт албан үүргээ огт биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүйн аль аль нь хамаарна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна” гэжээ.
“* ***” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 7 сарын 1-ний өдрийн Б/57 дугаар тушаалаар хөдөлмөрийн аюулгүй байдал, авто хариуцсан хяналтын инженерээр Б.Г-ийг жинхлэн томилж /1хх-239/, “* ***” ХК-ийн хүний нөөцийн менежер Т.У-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр /1хх-240/ шүүгдэгч Б.Г- нь тус компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, авто хариуцсан хяналтын инженерээр ажиллаж байсан ба тэрээр эрх зүйч мэргэжилтэй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх сургалтад 2012-2015 онуудад хамрагдсан /2хх 1-4/ байдлаас үзэхэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан шаардлагыг хангасан байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3-т зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Б.Г-ийн ажлын байрны тодорхойлолтод энэ талаар нарийвчлан тусгажээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, холбогдох стандартын хүрээнд ажлын байранд аюулгүй ажиллагааг хангах үүргийг шууд хэрэгжүүлэх албан тушаалтан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, авто хариуцсан инженер Б.Г- бөгөөд тэрээр эрсдэлийг илрүүлэх, арилгах талаар зохих арга хэмжээ аваагүй, дээврийн нээлхий онгорхой байгаа талаар хориглосон анхааруулга байршуулаагүй, аюул, ослоос урьдчилан сэргийлэх бүрэн гүйцэд арга хэмжээ авч чадаагүй нь хохирогч амь насаа алдах шалтгаан болсон байна.
Иймд шүүгдэгч Б.Г-ийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Харин шүүгдэгч Д.С-, П.Б-ын хувьд энэ гэмт хэрэгт гэм буруугүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ... үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж заасан үндсэн чиг үүргийн хүрээнд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т тус тус нэрлэн заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхээр байна.
Тухайлбал, аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага, хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, шаардлагатай дүрэм, журам, төсөв, зардлыг батлах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмыг сахиулах үүрэг бүхий мэргэшсэн ажилтныг томилж, удирдан зохион байгуулах зэрэг болно.
Ажил олгогч нь өөрийн байгууллагын онцлог, эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэшсэн бүтэц, ажилтныг томилж ажиллуулснаар ажлын байранд гарч болзошгүй, энэ хэргийн үйл баримттай адил эрсдэл бүхий хүчин зүйлийг илрүүлэх, арилгуулахтай холбоотой үүрэг нь тухайн нэгж, ажилтанд мөн үүснэ.
Харин хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан томилоогүй, мэргэжлийн бус хүн ажиллуулсан, эсхүл энэ чиглэлийн ажилтныг ажил, үүргээ хэвийн явуулахад шаардлагатай нөхцөл, боломжоор хангаагүй зэргээр хайнга, хариуцлагагүй хандсан тохиолдолд ажил олгогчийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт ... хүлээсэн үүргээ биелүүлээгүй ...” гэж үзэх үндэслэл болно.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, “* ***” ХК-ийн ерөнхий менежер Д.С- нь “* ***” ХК-ийн удирдлагын албан үүргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 1 сарын хугацаанд түр орлон гүйцэтгэгчээр ажиллан байгууллагын хэмжээнд нийтлэг эрх үүргийг хэрэгжүүлж байсан, Д.Б- нь “* ***” ХК-д үйлдвэрийн дарга, ерөнхий технологичоор ажиллаж байсан байх ба “* ***” ХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан тусдаа нэгжтэй, тус компанийн гүйцтгэх захирлын тушаалаар “* ***” ХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, авто хариуцсан хяналтын инженерээр шүүгдэгч Б.Г-ийг томилон ажиллуусан, компаний түвшинд үйлчлэх ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлсэн байна.
Үүнээс үзэхэд Д.С-, П.Б- нарын зүгээс хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Г- “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.
Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсаныг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 1 жил 6 сар болгон хөнгөрүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагааг үндэслэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр болон Баянгол дүүргийн 20 дугаар хорооны /* *** ХК-ийн байр/ нутаг дэвсгэрээр хязгаарлалт тогтоож өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс Баянгол дүүргийн 20 дугаар хороо, * *** ХК-ийн байр хүртэл хэрхэн яаж зорчих боломжтой талаараа шүүхийн шийдвэр гүйцэтгэгчтэй харилцан тохиролцож, зорчих чиглэлийг тогтоох нь зүйтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Б.Г-ийн “зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлэх”, Д.С-ын өмгөөлөгч Д.Батбаяр болон шүүгдэгч П.Б-, түүний өмгөөлөгч Б.Баярмаа нарын “Д.С-, П.Б- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгах” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/751 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс Д.С-, П.Б- нарт холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, П.Б-, Д.С- нарт Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, тэдгээрийг цагаатгасугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон хязгаарлалт тогтоож, Баянзүрх дүүргээс ажлын байр болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, * *** ХК-ийн байр хүртэл зорчих үүргийг хүлээлгэх” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН