| Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Цэнд |
| Хэргийн индекс | 115/2026/0017/З |
| Дугаар | 115/ШШ2026/0020 |
| Огноо | 2026-06-24 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 115/ШШ2026/0020
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэнд би тус аймгийн Прокурорын газрын ахлах прокурор /Т.Цэнд-Аюуш/-оос ирүүлсэн, эрх бүхий албан тушаалтны 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1 дугаартай шийтгэлийн хуудсаар хуулийн этгээдэд буюу “Б” ХХК-д шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай прокурорын дүгнэлт бүхий гомдлоор Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч /О.О/-д холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд: “...тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч О.О нь "Б” Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани үйлдсэн "хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл авалгүйгээр барилгын ажил эхлүүлсэн” гэх зөрчилд холбогдогч "Б" ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д зааснаар таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5000000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн материалыг 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шалгалтын хүрээнд хянахад:
Материалд авагдсан "Б" ХХК-ны 2025 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн албан бичиг, Барилгын хөгжлийн төвийн барилга, байгууламжийн зураг төслийн баримт бичгийн магадлалын нэгтгэсэн дүгнэлтийн хавсралтууд, холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар "Б" ХХК нь Дорноговь аймгийн Д сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгыг 2025 оны 6 сард барилгын ажлын зөвшөөрөл авалгүйгээр эхлүүлсэн зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон байна.
Барилгын техникийн хяналтын улсын байцаагч О.О нь 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 1 дугаартай шийтгэлийн хуудсаар /маягт-2/ "Б" ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д зааснаар 5000000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.
Учир нь Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д "Барилгын ажлын захиалагч хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй ... бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэсэн заасан, харин Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д "Аж ахуйн нэгж, байгууллага нь хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл аваагүйгээр ... барилгын ажлыг эхлүүлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заажээ.
Холбогдогч "Б" ХХК нь барилгын ажил эхлүүлэхдээ хуульд заасан зөвшөөрөл аваагүй зөрчил үйлдсэнд Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Иймд барилгын техникийн хяналтын улсын байцаагч О.Оюун-Эрдэнийн 1 дугаартай шийтгэлийн хуудсаар "Б" ХХК-д шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон барилгын техникийн хяналтын улсын байцаагч О.О нь 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 1 дугаартай шийтгэлийн хуудсаар /маягт-2/ "Б" ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д зааснаар 5000000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн шийтгэлийн хуудасны "Шийдвэрлэх нь" хэсгийн 1, 2-д Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10000000 төгрөг гэсэн өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэсэн дүгнэлт бүхий гомдлыг гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Дорноговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор /Т.Цэнд-Аюуш/-ын гаргасан дээрх дүгнэлттэй гомдлоор, эрх бүхий албан тушаалтан болох тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч /О.О/-д холбогдуулан үүсгэсэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,
Хариуцагч тус эрх бүхий албан тушаалтнаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа, “2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Дорноговь аймгийн прокурорын газрын прокурорын дүгнэлтэд заасан зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр "хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 1 дугаартай шийтгэлийн хуудсаар "Б" ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д зааснаар 5000000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн шийтгэлийн хуудасны "Шийдвэрлэх нь" хэсгийн 1, 2-д Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10000000 төгрөг гэсэн өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт гарсныг барилгын техникийн хяналтын улсын байцаагч О.О миний бие хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн байгаа нь,
Тус хариуцагчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дахь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг зохицуулсан 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ...” гэж заасны дагуу тус прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үндэслэлтэй, мөн энэ нь бусад этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул дээрх хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасныг үндэслэн,
Прокурорын дүгнэлт дэх, хуулийн этгээдэд буюу "Б" ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтан /О.О/-ы 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1 дугаартай шийтгэлийн хуудасны “ШИЙДВЭРЛЭХ нь:” хэсгийн 1, 2 дахь хэсэгт “... Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10000000 төгрөг ...” гэсэн өөрчлөлт оруулах шаардлага бүхий прокурорын дүгнэлт бүхий гомдлыг хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь дээрх байдлаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх зүйлд заасныг баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор /Т.Цэнд-Аюуш/-ын, тус аймгийн Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч /О.О/-д холбогдуулан гаргасан, түүний 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1 дугаартай шийтгэлийн хуудасны “ШИЙДВЭРЛЭХ нь:” хэсгийн 1, 2 дахь хэсэгт “... Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10000000 төгрөг ...” гэсэн өөрчлөлт оруулах шаардлага бүхий прокурорын дүгнэлт бүхий гомдлыг хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь зүйлд зааснаар прокурорын дүгнэлт /гомдол/ гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зүйлд зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦЭНД