Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/1322

 

 

 

 

 

  2024              12            10                                     2024/ДШМ/1322          

 

М.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Батгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/1105 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Батгэрэлийн бичсэн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 81 дүгээр эсэргүүцлийг үндэслэн М.М-т холбогдох 2408026541281 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М-,

 

Шүүгдэгч М.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 10-ны шөнө 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Хүй 7 худаг” гэх газар Б.М-ыг “хоёр хүүхдээрээ бахархлаа” хэмээн маргалдаж цээжин тус газар нь өшиглөх, баруун талын хавирга руу нь  2 удаа дэвсэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч М.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Батгэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь: хэсэгт дурдагдсан шүүхийн гэм буруугийн талаар болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хийсэн дүгнэлт нь шийтгэх тогтоолын ТОГТООХ нь: хэсэгт зааснаас буюу шүүхийн гэм буруутайд тооцсон зүйл ангиас зөрүүтэй, ойлгомжгүй, тодорхойгүй бичигдсэн байх тул шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Тодруулбал: шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь: хэсэгт ...хохирогч Б.М-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч М.М-ын цээж хэсэг рүү нь өшиглөж, дэвссэн идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон байхад... ” гэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт... шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов” гэж тус тус дүгнэсэн нь шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсгийн 1, 2 дугаар заалтуудаас зөрүүтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн. Иймд анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар М.М-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч М.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 10-ны шөнө 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Хүй 7 худаг” гэх газар хохирогч Б.М-ыг “хоёр хүүхдээрээ бахархлаа” хэмээн маргалдаж цээжин тус газар нь өшиглөх, баруун талын хавирга руу нь  2 удаа дэвсэж, эрүүл мэндэд нь баруун 3, 4 дүгээр хавирганы хугарал, цээжинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.М-ын “...М- нь “чи яахаараа 2 хүүхдээрээ бахархаад байдаг юм” гэж хэлээд миний баруун цээж рүү нэг удаа өшиглөөд, унасан хойно дээрээс 2 удаа дэвссэн. ...” /хх 7-8/,

М.М-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...миний уур хүрээд М- ахын цээж рүү нь жийгээд  энгэрээс нь татаад  газар унахаар нь хавирга руу нь 2 удаа дэвсчихсэн. ...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 22-23, 67/,

“...Б.М-ын биед баруун 3, 4 дүгээр хавирганы хугарал, цээжинд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 9585 дугаар дүгнэлт /хх 13-14/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч М.М- ямар буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч М.М-ын хохирогч Б.М-ын цээж рүү өшиглөх, дэвсэх зэргээр эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянан тодруулсны эцэст шүүгдэгч М.М-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасантай нийцсэн байна.

 

Прокурор С.Батгэрэл “...шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хүндэвтэр хохирлыг хөнгөн гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гэж зөрүүтэй дүгнэсэн байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

 

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургаадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх ёстой.

Гэтэл шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсэгт “...хохирогч Б.М-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч М.М-ын цээж хэсэг рүү нь өшиглөж, дэвссэн идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон байхад... ” гэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт “...шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов” гэж дүгнэлт хийж, харин тогтоох хэсэгт прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хэмжээнд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож М.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулжээ.

 

Анхан шатны шүүх дээрх байдлаар шүүхийн шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар зөрүүтэй дүгнэсэн боловч тогтоох хэсэгтээ зөв дүгнэж шийдвэрлэсэн байх тул прокурорын эсэргүүцэлд дурдсанчлан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүхийн уг дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн байгааг анхааруулан тэмдэглэж, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх ноцтой зөрчилд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн дүгнэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор С.Батгэрэлийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/1105 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор С.Батгэрэлийн бичсэн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 81 дүгээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

            ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН