Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 204/МА2022/00011

 
"С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 145/ШШ2022/00144 дугаар шийдвэртэй
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Засаг даргад холбогдох “111565272” төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
  1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Нэхэмжлэгч “С” ХХК-ийн захирал Н.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил үйлчилгээ худалдах, худалдан авах тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 46 дугаар зүйлийн 46.1.3-т заасны дагуу 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр явагдсан “*** сумын төвд шинээр баригдах 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил”-ын сонгон шалгаруулалтад манай компани шалгарч Худалдан авах ажиллагааны албаны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1/137 тоотоор олгосон эрхийн дагуу 2016 оны 6 дугаар сарын 13-ны ******* тоот “Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ”-г аймгийн Засаг даргатай байгуулсан. Гэрээний нийт өртөг 851565272 төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэх ба гэрээний 11-р зүйлд зааснаар гэрээний урьдчилгаанд 30 хувийн санхүүжилт  255469580 төгрөг, ажлын явцын дүнд 40 хувийн санхүүжилт 340626108 төгрөг, ажил дуусаад 255469580 төгрөгийн санхүүжилтээр барьж гүйцэтгэхээр тохиролцож, гэрээгээр гүйцэтгэх ажлаа хийж дуусгасан. Аймгийн Засаг даргын А/409 тоот захирамжаар байгуулагдсан барилга байгууламж ашиглалтад оруулах комиссийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн БУ-02/2018 тоот акт гарч Арвайхээр сумын төвд шинээр баригдах 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулах дүгнэлт гаргаж хүлээн авсан. Захиалагч талаас гэрээнд зааснаар санхүүжилтийг цаг хугацаанд нь олгоогүй ба “С” ХХК-д нийт 2016 оны 06 дугаар сарын 240000000 төгрөг, 07 дугаар сарын 27-ны өдөр 100000000 төгрөг, 08 дугаар сарын 05-ны өдөр 60000000 төгрөг, 09 дүгээр сарын 20-ны өдөр 50000000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 50000000 төгрөг, 05 дугаар сарын 09-ны өдөр 100000000 төгрөг, 10 дугаар сарын 03-ны өдөр 100000000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 40000000 төгрөг нийт 740000000 төгрөгийг гэрээний төлбөрт шилжүүлсэн. Гэрээний санхүүжилтийн үлдэгдэл төлбөр 111565272 нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б  шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбартаа: Хариуцагч гэрээний үнийн дүн 851565272 төгрөгөөс зураг төсвийн үнэ, гэрээний төслийн үнэ, захиалагчийн хяналтын зардал, зохиогчийн хяналтын зардал гэх мэт мөнгөн дүн хасагдаад манай байгууллагад 808233102 төгрөг олгогдох ёстой юм. Гэтэл гэрээний үүргийн дагуу 808233102 төгрөгөөс манай байгууллагын гэрээнд тусгагдсан Голомт банкны дансанд найман удаагийн шилжүүлгээр 740000000 төгрөг орж ирсэн. Хариуцагч тал гэрээнд заагдаагүй эрхийг эдэлж төсөвт санхүүжилтийг хасах, дутуу олгох, бусдад шилжүүлэх зэргээр гэрээг зөрчсөн. Мөн гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр батлагдсан санхүүжилтийг бүрэн хийгээгүй тул гэрээний үлдэгдэл 101565272 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн ГЭ ХХК-д 50000000 төгрөг, ХӨ компанид эхний удаа 6000000 төгрөг, дараагийн удаа 24000000 төгрөг нийт 80000000 төгрөгийг ямар ч үндэслэлгүйгээр гэрээний үүргээ зөрчиж гүйцэтгэсэн байна. Манай байгууллагыг гадна тохижилтын ажлыг хийгээгүй учраас өөр компаниар буюу ХӨ компаниар хийлгүүлж туслан гүйцэтгэгч гэж тайлбарласан байна. Гэтэл манай байгууллага тендерт оролцохдоо энэ ажлуудыг хийж гүйцэтгэнэ гээд улс төсөв баталж өгсөн. Манайх гадна тохижилтын ажлыг хийнэ гэж улсаас шаардлага тавиагүй. Тэгэхээр бидний хийх ёсгүй байсан ажлыг өөр компаниар хийлгүүлчихээд манай ажлын төсвөөс авч шилжүүлсэн гэсэн үг. Яагаад шилжүүлсэн талаар тайлбар авна. ГЭ ХХК нь манайх дээр ямар нэгэн туслан гүйцэтгэх гэрээ байхгүй. Энэ компани 150 хүүхдийн цэцэрлэгийн ажил хийж байгаагүй. Гэтэл энэ компани руу 50000000 төгрөг шилжүүлчихсэн. ГЭ ХХК нь манайх туслан гүйцэтгэгчээр ажиллах тул 160000000 төгрөг шилжүүлнэ үү гэж албан бичиг манайд ирүүлсэн байсан. Хариуцагч тал ямар ямар хуулийн заалт болон бичиг баримтыг үндэслээд төрийн сангаас 50000000 төгрөг шилжүүлсэн бэ гэдгийг тодруулах шаардлагатай байна гэв.
  1. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 онд *** суманд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга барихаар 851565272 төгрөгөөр С ХХК-тай гэрээ байгуулсан. Гэрээний дүнд зураг төслийн үнэ 19683600 төгрөг, захиалагчийн хяналтын зардал 15765713 төгрөг, зохиогчийн хяналтын зардал 7882857 төгрөг багтсан бөгөөд гүйцэтгэгч компанид 808233102 төгрөгийн санхүүжилт олгох байсан. Үүүнээс С ХХК-д 2016-2018 онд нийт 740000000 төгрөгийг аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас олгосон. Мөн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 188 дугаартай албан бичиг болон ГЭ ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 16/98 дугаар албан бичгийн дагуу 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ГЭ ХХК-д 50000000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд нийт 790000000 төгрөгийн санхүүжилт олгосон. Тус компани гэрээнд тусгагдсан гадна бохирын шугам болон талбайн тохижуулалтын нийт 36000000 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй орхигдуулсныг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн ашиглалтанд оруулсан. Нэхэмжлэгч яагаад 101565702 төгрөг нэхэмжлээд байгаа юм бол гэсэн зураг төслийн үнэ, зохиогчийн хяналтын зардлын мөнгийг хасаж тооцохгүйгээр манайхаас нэхэмжилсэн гэж ойлголоо. Тиймээс энэ зардлуудыг хасаж тооцоод 68233102 төгрөг гэж хэллээ. Барилгын хувьд 2016 оны 06 дугаар сард гэрээ байгуулж 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр барилгыг хүлээлгэж өгөхөөр гэрээ анх байгуулсан юм байна. Энэ нь сунжирч явсаар байгаад 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр аймгийн комисс хүлээж авсан. С ХХК ажлуудыг дутуу хийж хаяж явсан. Төсвийн тооцооны хувьд ГЭ ХХК руу 50000000 төгрөг мөн 18233100 төгрөг дээр тайлбар хэлье. Тухайн үед С ХХК-аас 2016 оны 08 дугаар сарын 25-ны үед тоот ирсэн. Энэ тоотыг үндэслэж ГЭ ХХК руу 50000000 төгрөгийг хийсэн. Өөрийн хүсэл зоригоор хийгдсэн ажил биш гэж тайлбарлаж байх шиг байна. Тухайн үед С ХХК-ийн захирал Н.Г-ын гарын үсгийг авлигатай тэмцэх газраас шалгуулж байсан юм байна. Гэхдээ одоо надад нотлох баримт алга. Энэ захирал Н.Г-ын гарын үсэг мөн эсэхийг тодруулчхаад 50000000 төгрөгийг ярьсан нь зөв гэж үзэж байна гэв.
  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дугаар зүйлийн 344.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг даргаас 18233102 гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг даргаас 249116 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 715777 орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.
  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  
Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй 111565272 төгрөгийг аймгийн Засаг даргаас гаргуулах иргэний хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. “С” ХХК     нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийнхээ дүнг 68233102 төгрөг болгож бууруулсан бөгөөд анхан шатны шүүхийн 144 дүгээр шийдвэрээр нэхэмжпэлийн шаардлагаас 50000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 18233102 төгрөгийг аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч “С” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх 18233102 төгрөгөөс 15765716 төгрөг нь гэрээний үндсэн төлбөрт тусгагдсан ажлын зардал бөгөөд тус компанид олгох ямар ч үндэслэл байхгүй. Өнөөдрийн практикаар магадлашгүй ажлын зардал гэдэг бол тухайн зураг төсөлд тусгагдаагүй барилгын ажлыг санхүүжүүлэх нөөц үүсвэрийг тусгадаг байгаа. Барилгын зураг төсөл болон хийгдэх тоо хэмжээнд тусгагдаагүй ажил гарч ирэхэд энэ тухай компани хүсэлтээ Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тавьж зардлынхаа тооцоог хийж акт үйлдээд мөнгөө авдаг. Магадлашгүй ажлын акт гараагүй, хурлын тэмдэглэл хийгдээгүй нөхцөлд магадлашгүй ажлын зардлыг орон нутгийн төсөвт авч үлдээд явж байгаа. Энэ компани нь үндсэн барилгынхаа ажлыг бүрэн гүйцэтгээгүй, техникийн комисс ажилахад 36 үүрэг даалгавар өгөхөд нэгийг ч биелүүлээгүй. Орон нутгаас комисс ажиллахад өөрсдөө байгаагүй зөндөө ажил дутуу орхисон байхад магадлашгүй ажлын зардлыг өгөх боломжгүй байна. Төрийн санд тухайн үед магадлашгүй ажилтай холбоотой тайлан акт үйлдэгдээгүй учраас мөнгийг нь шилжүүлээгүй үлдээсэн. Баримтын гүйлгээг хийх ёсгүй учраас 15000000 төгрөгийг энэ компанид өгөх боломжгүй байна. Зөрүү 3000000 төгрөгийг өгөх ёстой мөнгө гэхдээ энэ олон ажил хийгдээгүй.
Учир нь барилгын тендерт зарлагдсан ажлын тоо хэмжээнд тусгагдаагүй нэмэлт ажлыг гүйцэтгэсэн тухай акт, хурлын тэмдэглэл, ажлын тайлан ирүүлээгүй тул ажлын зардлаас олгох боломжгүй байсан. Мөн Арвайхээр сумын 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажилд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр техникийн комисс ажиллаж нийт 36 үүрэг даалгавар өгсөн боловч 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр барилгын ажил хулээлцэх комисс ажиллахад 25 үүрэг даалгаврыг биелүүлэлгүй ажлаа орхиж явсан. 111565272 төгрөг нь барилгын гэрээний үндсэн төлбөрт орсон захиалагч хяналтын зардал, техник хяналтын зардал, зураг төсвийн зардалд орчихоод байгаа. Энэ зардлуудаа хасаад 68233102 төгрөг нэхэмжилсэн. 5000000 төгрөгийн хэргийг хэрэгсэхгүй болгоод 18000000 төгрөгийн асуудал гарч ирж байгаа. 18000000 төгрөгнөөс 300000 төгрөгийг ажил дутуу учраас өгмөөргүй байна. 15000000 төгрөг магадлашгүй ажлын акттай холбоотой мөнгө. Иймд тус аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 145/ШШ2022/00144 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаав. 
Нэхэмжлэгч “С” ХХК нь Өвөрхангай аймгийн Засаг даргад холбогдуулан гэрээний үүргийн биелэлт “111565272” төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2016 оны 6 дугаар сарын 13-ны ******* тоот “Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ”-г аймгийн Засаг даргатай байгуулсан. Гэрээний нийт өртөг 851565272 төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэх ба гэрээний 11-р зүйлд зааснаар гэрээний урьдчилгаанд 30 хувийн санхүүжилт  255469580 төгрөг, ажлын явцын дүнд 40 хувийн санхүүжилт 340626108 төгрөг, ажил дуусаад 255469580 төгрөгийн санхүүжилтээр барьж гүйцэтгэхээр тохиролцож, гэрээгээр гүйцэтгэх ажлаа хийж дуусгасан. Аймгийн Засаг даргын А/409 тоот захирамжаар байгуулагдсан барилга байгууламж ашиглалтад оруулах комиссийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн БУ-02/2018 тоот акт гарч *** сумын төвд шинээр баригдах 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулах дүгнэлт гаргаж хүлээн авсан. Захиалагч талаас гэрээнд зааснаар санхүүжилтийг цаг хугацаанд нь олгоогүй ба “С” ХХК-д нийт 2016 оны 06 дугаар сарын 240000000 төгрөг, 07 дугаар сарын 27-ны өдөр 100000000 төгрөг, 08 дугаар сарын 05-ны өдөр 60000000 төгрөг, 09 дүгээр сарын 20-ны өдөр 50000000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 50000000 төгрөг, 05 дугаар сарын 09-ны өдөр 100000000 төгрөг, 10 дугаар сарын 03-ны өдөр 100000000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 40000000 төгрөг нийт 740000000 төгрөгийг гэрээний төлбөрт шилжүүлсэн. Гэрээний санхүүжилтийн үлдэгдэл төлбөр 111565272 нэхэмжилж байна...” гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...С ХХК-д 2016-2018 онд нийт 740000000 төгрөгийг аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас олгосон. Мөн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 188 дугаартай албан бичиг болон ГЭ ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 16/98 дугаар албан бичгийн дагуу 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ГЭ ХХК-д 50000000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд нийт 790000000 төгрөгийн санхүүжилт олгосон....Тус компани гэрээнд тусгагдсан гадна бохирын шугам болон талбайн тохижилтын ажил 36000000 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй орхигдуулсныг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн ашиглалтад оруулсан. Иймд С ХХК-тай төлбөрийн тооцоогүй...” гэх тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлт 111565272 төгрөг гаргуулахыг хариуцагчаас шаардсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 68233102 төгрөг болгон багасгасан, зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар маргаагүй, барилгын ажлыг дуусган ашиглалтад хүлээн авахад гэрээнд заасан хуваарийн дагуу санхүүжилт хийсэн эсэх нь маргааны зүйл болжээ.
Нэхэмжлэгч тал 2016 оны 6 дугаар сарын 13-ны ******* тоот “Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ”-г нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгосон бол хариуцагч энэ гэрээний хугацааг сунгасан 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээний 13 дахь заалтыг татгалзлалынхаа үндэслэл болгосон байна. 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан ******* тоот “Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ”-ний хугацааг  2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр, 2019 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр тус тус сунгасан бөгөөд ингэхдээ барилгын ажлын санхүүжилт олгох хуваарийг гүйцэтгэлийн үр дүнгээр 60 хувь, 20 хувиар олгож, улсын комисст хүлээлгэн өгсөний дараа 15 хувийг, чанарын баталгаат хугацаа дууссаны дараа үлдэгдэл 5 хувийг өгөхөөр тохиролцсон байна.
Талуудын хооронд үүссэн маргааныг зохигч өөр өөр байдлаар тодорхойлсон, тухайлбал нэхэмжлэгч нь гэрээнд заасан санхүүжилт хийх хуваарийг шаардлагынхаа үндэслэл болгосон бол хариуцагч  нь ажил гүйцэтгэгч тал барилгын ажлыг зураг төсөвт заасны дагуу бүрэн хийсэн эсэх нь маргаантай гэж үзсэн. 2016 оны 6 дугаар сарын 13-ны ******* тоот “Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ”-ний 5 дугаар зүйлд “...барилга угсралтын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэж ашиглалтанд оруулна...” гэжээ. Гэтэл зураг төсөвт гадна бохирын шугам болон талбайн тохижилтын ажил тусгагдсан эсэх, хэрэв тусгагдсан бол ямар төсвөөр хийгдэх байсан нь тодорхойгүй байна.
Маргааны үйл баримт, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй. Шүүхээс тогтоогдсон гэж үзсэн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал нотлогдоогүй, шийдвэрт тусгагдсан нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй байх нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.
Иймд маргааны үйл баримт, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан өөр үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул хариуцагч байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236779 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
          1. Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 145/ШШ2022/00144 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  
          2. Хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг даргаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236779 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 
         3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
         4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.