Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 204/МА2022/00010

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 145/ШШ2022/00115 дугаар шийдвэртэй
Б.Б-ийн нэхэмжлэлтэй О.О-д холбогдох 3000000 төгрөг тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга 
Нэхэмжлэгч Б.Б нь би Д.Н-аас 2019 оны 4 дүгээр сард 2500000 төгрөг зээлж авсан. 2019 оны 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 сарууд болон 2020 оны 1-3 саруудад үндсэн зээлээс гадна хүү гэж 2500000 төгрөг нийт 5000000 төгрөгийг төлсөн. Ингэхдээ ломбард ажиллуулдаг О гэх хүн ирж Н-аас зээлж авсан мөнгөө надад өг, Н надад өртэй. Хэрвээ өгөхгүй бол өөрийн ах Цагдаагийн дарга учраас машин тэргийг чинь зогсоож, хурааж авна, цагдаа нараар дарамтлуулна гэх мэтээр нөхөр гэх хүний хамтаар ирж дарамталж байсан. Н-аас уг учир байдлыг лавлуулж асуутал би наад хүнээс чинь мөнгө зээлсэн юмаа, чи даруйхан энэ данс руу мөнгөө шилжүүл О эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсний дагуу 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот данснаас О.О-ы Хаан банкны *** тоот данс руу 700000 төгрөг, 11 дүгээр сарын 12-ны өдөр 800000 төгрөг, 11 сарын 14-ний өдөр 1500000 төгрөг нийт 3000000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл Д.Н нь 2021 оны 10 дугаар сард надаас 2500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж шүүх надаас 2250000 төгрөг гаргуулах шийдвэр гаргасан. Миний хувьд О.О-той ямар нэгэн байдлаар буюу бичгээр болон амаар зээлийн гэрээ хийж байгаагүй, зээл өгөх, авах талаар тохироогүй бөгөөд Д.Н энэ данс руу зээлж авсан мөнгөө шилжүүлчих гэж хэлсний дагуу Д.Н-аас зээлж авсан мөнгөө төлж байна гэж ойлгон О.О-ы данс руу 2019 оны 10, 11 сард нийт 3 удаагийн шилжүүлгээр 3000000 төгрөг шилжүүлсэн байдаг. Гэвч 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 2250000 төгрөгийг Д.Н-д гаргуулах шийдвэр гарсан тул О.О-ы данс руу Д.Н-аас зээлсэн мөнгөө эргүүлэн төлж байна гэж шилжүүлсэн 3000000 төгрөгийг О.Ооос нэн даруй гаргуулж өгнө үү гэжээ.
2.    Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Б.Бтэй хамт ажилладаг Д.Н надаас 2019 оны 05 дугаар сарын 06-нд 5000000 төгрөгийг бэлнээр авсан юм. Надаас авсан мөнгөө шууд Б.Бт өгсөн байсан. Би М эгчээс мөнгөө нэхтэл Б гэх ажлынхаа хүнд зээлүүлчихсэн чинь өгдөггүй. Би шууд чиний дансанд хийлгүүлье гээд надтай очиж зээлсэн нь үнэн гэж бичүүлж авсан. Тэрнээс хойш Нын надаас зээлсэн мөнгийг Б.Б нь миний Хаан банкны *** тоот дансанд 3 удаа 3000000 төгрөг, Нын дансаар 4 удаа 1850000 төгрөг, нийт 4850000 төгрөг төлсөн байдаг. Ингэхээр надад Наас өгөх 5000000 төгрөгөөс 4850000 төгрөгийг Б.Б төлсөн гэж ойлгож байгаа. Нэхэмжлэлдээ манай ах, нөхөр хоёрыг хүртэл оролцуулж худал зүйл бичсэнд гомдолтой байна. Бидний мөнгөний асуудалд оролцох нь битгий хэдэн төгрөг хэнд өгсөнийг ч мэдэхгүй байхад ор үндэсгүй ийм зүйл бичиж байгаад гайхаж байна. Ийм учраас надаас нэхэмжилсэн 3000000 төгрөгийг би төлөх ёсгүй. Харин ч 150000 төгрөгийг нэхэмжлэх ёстой болоод байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Адъяатогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б болон О.О нарын хооронд амаар болон бичгээр зээлийн гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд энэ нь Д.Н-аас 2019 оны 04 дүгээр сард 2500000 төгрөг зээлсэн байдаг. Энэ зээлсэн мөнгийг өгч чадалгүй тодорхой хугацаа өнгөрсөн учраас Д.Н Б.Б-ийг дуудаж О.О дээр очиж чи зээлсэн мөнгөө энэ О.Оы данс руу хийж бай. Чиний зээлсэн мөнгөний хүүтэй нийлээд 5000000 гэж ярьж хоёр нугалж буюу 2500000 төгрөгийг 5000000 төгрөг болгож авна гэж дарамталж гар бичмэл хийж авсан. Тэгээд Б.Б мөнгийг нь өгье гээд өмнө нь Д.Н-ын данс руу 2000000 төгрөг хийсэн байсан бөгөөд үлдэгдэл 3000000 төгрөгийн О.О-ы данс руу цувуулж хийе гээд хийж дуусгасан. Ингээд асуудал шийдэгдлээ гээд байж байтал Д.Н 2021 оны 10 дугаар сард 2500000 төгрөгийн зээлийн маргаан байгаа гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх 150000 төгрөгийг хасаж бусдыг хангаж шийдвэрлэсэн байдаг юм. Д.Н-ын авсан 2500000 төгрөгтэй холбоотой анх үүссэн маргаан О.О-той бол амаар болон бичгээр ямар нэгэн гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй бөгөөд мөнгө төгрөг өгөлцөж авалцах харилцаа байхгүй учраас надаас үндэслэлгүйгээр мөнгө авсан гэж дансны хуулга холбогдох бичиг баримтыг нотлох баримтаар цуглуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Шүүхээс хоёр удаа Д.Н болон Б.Б-ийн дансны хуулгыг нотлох баримтаар авч танилцсан. Эдгээртэй танилцахад Б.Б О.Од 3000000 төгрөг өгсөн нь нотлох баримтаар тогтоогдож байгаа ба Д.Н-д бол 700000 төгрөг өгсөн нь батлагддаг. Анхан шатны шүүхээр бол Д.Н-д өгсөн 700000 төгрөгийн 450000 төгрөгийг өгсөн гээд үлдэгдэл 450000 төгрөгийг өгөөгүй гэдэг шийдвэр гарч үүнтэй Б.Б маргалдаад явж байгаа гэсэн байсан. Иймд Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэв.
3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Б.Б-ийн нэхэмжлэлтэй, О.О-д холбогдох 3000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 62950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.
4.    Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2019 оны 04 дүгээр сард Д.Н-аас 2500000 төгрөг зээлсэн, зээлсэн мөнгөө би 2019 оны 5 дугаар сараас 12 сар болон 2020 оны 1 дүгээр сараас 3 дугаар саруудад хүүгийн хамт нийт 5000000 төгрөг болгон төлсөн. Ийнхүү төлөхдөө Д.Н болон О.О нарын дансанд хийж байсан. Гэвч Д.Н нь 2021 оны 10 дугаар сард надаас 2500000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл тус аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, шүүх надаас 2500000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Нэгэнт би төлсөн мөнгөө ахин төлөх хууль зүйн үндэслэл байхгүй тул Д.Н-аас зээлж авсан мөнгөө түүний хэлснээр О.О руу шилжүүлж байсан учир О.Ооос 3000000 төгрөг /түүний данс руу миний шилжүүлж байсан мөнгө/-ийг гаргуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх ...О.О нь зээлийн гэрээний зүйл болох мөнгийг Д.Н-аар дамжуулан бэлэн 5000000 төгрөгийг Б.Б-т өгсөн тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. ...талууд хүсэл зоригоо илэрхийлэн хүлээн зөвшөөрч хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй... гэж үзэж миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Миний хувьд О.О гэдэг хүнээс мөнгө зээлээд өгөөч гэж Д.Н-аас гуйж байгаагүй, мөн би өөрөө О.О-оос мөнгө зээлсэн, зээл авахаар тохиролцоогүй байхад О.О бид хоёрын хооронд аман тохиролцоо хийгдэж мөнгө зээлсэн, зээлийн харилцаа үүссэн гэж шийдвэрлэсэн нь огт үндэслэлгүй юм. О.О бид хоёрын хооронд мөнгө зээлэх, зээлдүүлэх асуудал үүсээгүй харин Д.Н бид хоёрын хооронд үүссэн. Энэ нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нотлогдож байгаа ба би Д.Наас 5 000 000 төгрөг зээлээгүй, 2500000 төгрөгийг зээлж , зээлийн хүү гэж 2500000 төгрөгийг нэмж О.О, Д.Н нарын дарамтаар нийтдээ 5000000 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн Д.Н, О.О нарын хоорондын 1750000 төгрөгийн гүйлгээг надад хамааруулж, 5000000 төгрөгийн зээлээс төлсөн гэж үзэх нь үндэслэлгүй юм. Мөн О.О-ы талаас гэрчээр 2 хүн асуулгах хүсэлт тавьж, хүсэлтийг шүүх ханган шийдвэрлэж Д.Н, М.С нараас мэдүүлэг авсан байх ба Д.Н, О.О нар нь ах дүүсийн харилцаатай, нэгдмэл ашиг сонирхолтой хүмүүс байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтын хэмжээнд үнэлсэнг буруу гэж үзэж байна. Би О. Ооос 5000000 төгрөг зээлсэн асуудал байхгүй, зөвхөн Д. Н-аас 2500000 төгрөг зээлсэн, тэр яригдаад байгаа 5000000 төгрөгийг Д.Н нь О.Ооос бэлнээр авч надад өгсөн гэдэг нь нотлогдоогүй байхад анхан шатны шүүх намайг Д.Н-аар дамжуулан О.О-оос 5000000 төгрөг авсан гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж хууль байхгүй зүйлээр О.О бид хоёрын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 145/ШШ2022/00115 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэв. 
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 115 дугаартай шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б.Б-ийн хувьд хариуцагч О.О-оос 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Наар дамжуулж 5000000 төгрөг авсан. Мөн Н-аас 2500000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сард зээлсэн. Нийт мөнгөн дүн нь 7500000 төгрөг зээлсэн. 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Н нь Б.Б-ээс авах мөнгөн дээр маргаан үүсэж 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 391 дугаартай шүүхийн шийдвэрээр 2250000 төгрөг Н-д Б.Б төлөх шүүхийн шийдвэр гарсан. О.О-оос авсан 5000000 төгрөгийг О.О мөнгөө авъя гэж шаардсан боловч нэхэмжлэгч Б.Б-т зээлүүлсэн байгаа гэж хэлээд О.О, Б.Б нарыг уулзуулсан байдаг. 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр зээлсэн 5 сая төгрөгөө төлнө гэсэн гар бичвэрийг О.О Б.Б-ээс хийлгэж авсан байдаг. Б.Б хүлээн зөвшөөрч О.О-ы дансанд 3 удаагийн орлогоор, Нын дансанд 4 удаагийн орлогоор нийт 4850000 төгрөг хийсэн байдаг. О.О нь Б.Б-т зээлүүлсэн мөнгөнөөсөө 1500000 төгрөгнөөс бусад мөнгөө авсан гэж тооцоод маргаан чимээгүй болсон. Үүнээс хойш Б.Б, О.О-д үндэслэлгүйгээр 3000000 төгрөг төлсөн байна гэсэн маргаан үүсч энэ нэхэмжлэлийг гаргасан. 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 115 дугаартай шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэрээний шаардлага хангасан. Харин хүү авах эрхээ алдсан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулсанд тооцож байгаа гэж үзэж байна. Гэрээний харилцаа үүссэн учраас Б.Бийн нэхэмжлэлтэй холбогдуулж хариуцагч О.О-д холбогдсон хавтаст хэргээс дараах нотлох баримтаар шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 5000000 төгрөг зээлсэн гар бичвэрийн хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 391 дугаартай шүүхийн шийдвэр, Н-ын 7204 тоот данс, О.О-ы 4306 тоот Хаан банкны дансны хуулга, О.О-ы Хасбанкны *** тоот дансны хуулга, хариуцагч Б.Б-ийн 4313 тоот Хаан банкны дансны хуулгууд, гэрч Н-ын мэдүүлэг, гэрч Сумъяадуламын мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч Б.Б, О.О-оос 5000000 төгрөг өгч авсан зээлийн гэрээний харилцаа үүссэн нь нотлогдон тогтоогдож байна. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нэхэмжлэл үндэслэлгүй байна. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 115 дугаартай шийдвэрийг үндэслэлтэй учир хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь: 
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйн улмаас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч О.О-оос 3000000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Д.Н-аас 2019 оны 4 дүгээр сард 2500000 төгрөг зээлж авсан. 2019 оны 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 сарууд болон 2020 оны 1-3 саруудад үндсэн зээлээс гадна хүү гэж 2500000 төгрөг нийт 5 сая төгрөгийг төлсөн. Ингэхдээ ломбард ажиллуулдаг О гэх хүн ирж Н-аас зээлж авсан мөнгөө надад өг, Н надад өртэй...Наас уг учир байдлыг лавлуулж асуутал би наад хүнээс чинь мөнгө зээлсэн юмаа, чи даруйхан энэ данс руу мөнгөө шилжүүл О эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсний дагуу 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот данснаас О.О-ы Хаан банкны *** тоот данс руу 700000 төгрөг, 11 дүгээр сарын 12-ны өдөр 800000 төгрөг, 11 сарын 14-ний өдөр 1500000 төгрөг нийт 3000000 төгрөгийг шилжүүлсэн...Миний хувьд О.О-той ямар нэгэн байдлаар буюу бичгээр болон амаар зээлийн гэрээ хийж байгаагүй, зээл өгөх, авах талаар тохироогүй бөгөөд Д.Н энэ данс руу зээлж авсан мөнгөө шилжүүлчих гэж хэлсний дагуу Д.Н-аас зээлж авсан мөнгөө төлж байна гэж ойлгон О.О-ы данс руу...3000000 төгрөг шилжүүлсэн. Гэвч 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 2250000 төгрөгийг Д.Н-д гаргуулах шүүхийн шийдвэр гарсан тул О.О-ы данс руу Д.Н-аас зээлсэн мөнгөө эргүүлэн төлж байна гэж шилжүүлсэн 3000000 төгрөгийг О.О-оос нэн даруй гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...Б.Б-тэй хамт ажилладаг Д.Н надаас 2019 оны 05 дугаар сарын 06-нд 5000000 төгрөгийг бэлнээр авсан юм. Надаас авсан мөнгөө шууд Б.Б-т өгсөн байсан. Би М эгчээс мөнгөө нэхтэл Б гэх ажлынхаа хүнд зээлүүлчихсэн чинь өгдөггүй. Би шууд чиний дансанд хийлгүүлье гээд надтай очиж зээлсэн нь үнэн гэж бичүүлж авсан. Тэрнээс хойш Н-ын надаас зээлсэн мөнгийг Б.Б нь миний Хаан банкны *** тоот дансанд 3 удаа 3000000 төгрөг, Н-ын дансаар 4 удаа 1850000 төгрөг, нийт 4850000 төгрөг төлсөн байдаг. Ингэхээр надад Н-аас өгөх 5000000 төгрөгөөс 4850000 төгрөгийг Б.Б төлсөн гэж ойлгож байгаа... гэсэн тайлбарыг гаргасан.
Хэрэгт нэхэмжлэгч Б.Б-ийн ХААН банк дахь *** тоот дансны хуулга /хх 4-5, 111-129/, Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 391 дугаартай шийдвэр /хх 6-9/, гэрч Д.Н-ын ХААН банк дахь *** тоот дансны хуулга /хх 22, 91-98/, хариуцагч О.О-ы ХАС банк дахь ***, ХААН банк дахь *** тоот дансны хуулга /хх 23-60/, гэрч Д.Н, М.С /хх 67-68, 70 / гэрчээр асуугдсан тайлбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан. Хавтаст хэргийн 19 дүгээр хуудсанд байгаа бичмэл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан ...бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө... гэсэн шаардлагад нийцэхгүй байгаа тул тухайн маргаантай холбоотой үйл баримтыг нотлох чадвараа алдсан бөгөөд, үнэлэх боломжгүй байна.
Хариуцагч О.О нь зээлийн гэрээний зүйл болох мөнгийг Д.Н-аар дамжуулан бэлэн 5000000 төгрөгийг Б.Б-т өгсөн тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн... гэж дүгнэжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр... хэрэгт хамааралтай, үнэн зөв талаас нь үнэлж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Зээлийн гэрээтэй холбоотой маргаанд зээлдүүлэгч гэрээ байгуулж мөнгө шилжүүлснээ, зээлдэгч мөнгийг буцаан төлснөө тус тус нотлох үүрэгтэй.
Анхан шатны зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч болон гэрч Д.Н нарын банк дахь дансны хуулгаар нотлогдсон гэжээ. Гэвч эдгээр хуулгууд нь зөвхөн Б.Б болон Д.Н нараас О.О-д мөнгө шилжүүлж байсан баримт байх бөгөөд харин О.О-оос Б.Б-ийн данс руу мөнгө шилжүүлсэн гэх байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэдэг нь нотлогдохгүй байна.
Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Б нь өөрийн ХААН банк дахь данснаас хариуцагч О.О-ы тус банкны дансанд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 700000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 800000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1500000 төгрөг шилжүүлсэн, энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрлийн тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
Зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, хоёр талын харилцан илэрхийлсэн саналын үндсэн дээр буюу хариуцагч нь мөнгө зээлэх хүсэл зоригоо илэрхийлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд нэхэмжлэгч мөнгөн хөрөнгө шилжүүлсэн, хариуцагч гэрээний дагуу буцаан төлөх үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Тухайлбал хариуцагчийн ...Б.Б-тэй хамт ажилладаг Д.Н надаас 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 5000000 төгрөгийг бэлнээр авсан юм. Надаас авсан мөнгөө шууд Б.Б-т өгсөн байсан... гэх тайлбараас үзвэл Б.Б-ийн өмчлөлд 5000000 төгрөгийг шилжүүлээгүй, харин Д.Н нь О.О-оос мөнгө авч нэхэмжлэгчид өгсөн байна.
Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.
Шүүх хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг үнэлэх үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх Д.Нын гэрчээр өгсөн мэдүүлгийг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий л байдлыг мэдэж байгаа этгээд гэрч байж болно. Гэрч нь хууль зүйн хувьд тухайн хэрэгт ашиг сонирхолгүй этгээд байдаг. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 391 дугаартай шийдвэрээр /хх 6-9/ Б.Б болон Д.Н нарын хооронд үүссэн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн байх бөгөөд О.О гэх хүний дансаар дамжуулан зээлээ төлж байсан талаар маргаж байжээ. Иймд гэрч Д.Н-ыг энэ хэрэгт ашиг сонирхолгүй, мэдүүлгийг нь эргэлзээгүй мэдүүлэг гэж үнэлэх боломжгүй байна.
Мөн гэрч Д.Н-ын ...Мөнгөний хэрэг байна мөнгө олоод өгөөч гэхээр нь би дүүгээсээ 5000000 төгрөгийг авч Б-т өгсөн... /хх 67-68/ гэх мэдүүлгээс үзвэл зохигчдын хооронд ямар нэгэн хэлцэл хийгдээгүй, харин Б.Б-ийн хүсэлтээр Д.Н О.О-оос мөнгө авч өгсөн гэх үйл баримт тогтоогдожээ.
Гэвч анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Д.Н-аар дамжуулан О.О-оос 5 000 000 төгрөг хүлээн авсан гэх үйл баримтад тулгуурласан нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болоогүйгээс гадна Б.Б, О.О нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх журамд нийцээгүй байна. Иймээс шүүх нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхгүй гэж дүгнэснийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй байна. Үүнд: 1. хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, 2. үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай бол гэсэн нөхцөлийг заажээ.
Дээрх хуулийн ...үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаанта... гэсэн нөхцөл энэ хэргийн хувьд тогтоогдоогүй.
Мөн хуулийн ...хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй буюу зохигчийн хооронд гэрээний болон хуулийн дагуу үүргийн харилцаа үүсээгүй нь тогтоогдож байгаа, мөнгө шилжүүлсэн үйл баримт нь эрх зүйн үндэслэлгүй байсан гэж үзэх нөхцөл нотлогдож байна. Мөнгө шилжүүлсэн нь эрх зүйн үндэслэлгүй байсан тохиолдолд хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн, нэхэмжлэгч мөнгийг буцаан шаардах эрх үүснэ. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан эрх зүйн үр дагавар үүссэн, хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч нь хариуцагч О.О-ы тус банк дахь дансанд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 700000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 800000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1500000 төгрөг, нийт 3000000 шилжүүлсэн мөнгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж хариуцагч О.О-оос 3000000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т олгохоор, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул түүний давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 145/ШШ2022/00115 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Б.Б-ийн нэхэмжлэлтэй О.О-д холбогдох 3000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэснийг 1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч О.О-оос 3 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т олгосугай. гэж,
2 дахь заалтын 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. гэснийг, 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.О-оос 62950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т олгосугай. гэж тус тус өөрчилсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 62950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.