Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/1280

 

 

 

 

  2024           11             28                                         2024/ДШМ/1280        

 

С.Т-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Ганбаатар,

шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Ц.Жамбалсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/1045 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Б.Батбаярын бичсэн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 51 дүгээр эсэргүүцлийг үндэслэн С.Т-т холбогдох эрүүгийн 2306024380874 дугаар хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

...... овгийн ....-ын Т, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, ... боловсролтой, ......... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., ......... тоотод оршин суух, /РД: ............/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 401 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан;

Шүүгдэгч С.Т нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, “Х” хотхоны 103-2-43 тоотод гэртээ байхдаа өмнө хамтран амьдарч байсан хохирогч Ц.У-г өөртэйгөө эргэн уулзахыг шаардах, цагдаагийн байгууллагад өөрийнх нь эсрэг гомдол, мэдээлэл гаргуулахгүй байх, хохирогчийн нэр төр, алдар хүндийг түүний ажлын байр, хамт олны дунд унагаах, хохирогчийг бусдын дунд ичгэвтэр байдалд оруулах зорилгоор, хохирогч Ц.У-гийн эзэмшлийн кибер сошиал орчинд байрлах “U U” гэх инстаграм хаяг руу түүнийг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж хохирогчийн нүүр царай гарсан нүцгэн байгаа гэрэл зураг зэрэг түүний нэр төр хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт мэдээллийг олон нийтэд тараахаар заналхийлж сүрдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж эрх хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлж заналхийлэх гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий агийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан гэмт хэргийг харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-т 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.Т нь оногдуулсан 1.500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч С.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд С.Т-т оршин суух газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.Т нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтын зөрчсөн, мөн эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг С.Т-т мэдэгдэж, хохирогч нь гэмт хэргийн улмаас үүссэн гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч С.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Б.Батбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч С.Т-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн хоёр өөр зүйлд заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хууль хэрэглээний алдаа гаргажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500 нэгж торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж  шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн ... бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэсэн хориглосон заалтыг зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон эрх бол харин хориглосон шинжтэй хэм хэмжээг ямар ч тохиолдолд зөрчиж болохгүй.

Мөн С.Т-т оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар сольсон тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь тэнсэгдсэн этгээдэд хэрхэн хяналт тавьж, шүүхийн дээрх шийдвэрийн биелэлтийг яаж хангуулах нь тодорхойгүй, ойлгомжгүй эргэлзээтэй нөхцөл байдалд хүргэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны
09 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/1045 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Прокурор П.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгч С.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 өөр төрлийн санаатай гэмт хэрэг үйлдсэн байхад анхан шатны шүүхээс заналхийлэх гэмт хэрэгт торгох ял оногдуулж, хувь хүний нууцыг задруулсан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол тэнсэх зохицуулалт хэрэглэхгүй” гэж заасныг зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох саналтай байна. ...” гэв.

Шүүгдэгч С.Т тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч С.Т-ийн өмгөөлөгч Ц.Жамбалсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Т-ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хамааруулан үзэж байгаа бол шүүгдэгч С.Т-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт торгох ял оногдуулан хөнгөнийг нь хүндэд нь багтааж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр С.Т-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд шийтгэх тогтоолыг хүчингүй болгох дараах үндэслэл тогтоогдов.

Прокуророос С.Т-ийг “Иргэн Ц.У-г өөртэйгөө уулзахыг шаардах, цагдаагийн байгууллагад өөрийнх нь эсрэг гомдол, мэдээлэл гаргуулахгүй байх, хохирогчийн нэр төр, алдар хүндийг түүний ажлын байр, хамт олны дунд унагаах, хохирогчийг бусдын дунд ичгэвтэр байдалд оруулах зорилгоор, хохирогч Ц.У-гийн эзэмшлийн кибер сошиал орчинд байрлах “U U” гэх инстаграм хаяг руу түүнийг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж хохирогчийн нүүр царай гарсан нүцгэн зураг зэрэг түүний нэр төр хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт мэдээллийг олон нийтэд тараахаар заналхийлж сүрдүүлсэн” гэмт хэрэгт буруутган, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч С.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно. …” гэж,

7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй. …” гэж тус тус хуульчилжээ.

Тодруулбал, анхан шатны шүүх С.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн байхад түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн...” үндэслэлд хамаарч байх тул давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгох зүйтэй гэж дүгнэв.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/1045 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурор Б.Батбаярын бичсэн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 51 дүгээр эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/1045 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурор Б.Батбаярын бичсэн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 51 дүгээр эсэргүүцлийг бүхэлд нь хангасугай.

2. Шүүгдэгч С.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                                 Ц.ОЧ

                                   ШҮҮГЧ                                                 Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                Т.ШИНЭБАЯР