| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2408000001179 |
| Дугаар | 2024/ДШМ/1309 |
| Огноо | 2024-12-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | - |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2024/ДШМ/1309
2024 12 05 2024/ДШМ/1309
Э.У-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Э.У,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1078 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.У-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2408000001179 дугаар хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
...... овгийн ........-ийн У, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, ... мэргэжилтэй, ..... ажилтай, ам бүл .., ...ийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ..../;
Шүүгдэгч Э.У нь 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан
дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Арвин Ундрал” хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа иргэн М.Ц-гийн эзэмшлийн “Самсунг А55” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-д 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон газарт өдрийн наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Э.У-д сануулж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Э.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Сэргээн засах газарт тогооч ажилтай талаараа холбогдох материал болон Нийгмийн даатгал төлсөн баримтаа “И-монгилиа”-гаас авч анхан шатны шүүхэд гарган өгсөн. Гэтэл анхан шатны шүүхээс миний ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдлыг маань харгалзан үзэлгүй 240 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгэл оногдуулсан гомдолтой байна.
Учир нь, би 240 цагийн албадан ажил хийсэн тохиодолд Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Сэргээн засах газарт тогоочийн ажлаа хийх боломжгүй болж миний ажил, амьдрал хүнд байдалд орох болоод байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, албадан ажил хийлгэх ялыг тэнсэн харгалзах ялаар өөрчилж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад, шүүгдэгч Э.У нь 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Арвин Ундрал” хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа иргэн М.Ц-гийн эзэмшлийн “Самсунг А55” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/
“...гар утсаа алдсан гэх...” утга бүхий дуудлагын лавлагааны хуудас /хх 2/,
хохирогч М.Ц-гийн “...Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвин ундрах” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар
ажилладаг. Би 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн орчим өөрийн ажил дээрээ ажлаа хийж байхад манай дэлгүүрт үйлчлүүлж байсан 45 орчим насны эмэгтэй лангуун дээр тавьсан байсан миний өөрийн өмчлөлийн Самсунг А55 загварын гар утсыг хулгайлан авч явсан. Ингээд би цагдаагийн байгууллагад хандсан. Би тэр эмэгтэйг танихгүй. Өмнө нь үйлчлүүлж байгаагүй. Би өөрийн өмчлөлийн Самсунг А55 загварын гар утсыг 2022 онд шинээр нь лизингээр 1.700.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 1.000.000 төгрөгөөр үнэлнэ. Миний гар утсыг хоёр хүүхэд дагуулсан 45 орчим насны эмэгтэй лангуун дээр хулгайлан авч улмаар гар утсыг унтрааж байгаа хяналтын камерын бичлэг байгаа. ...” /хх 5/ гэсэн мэдүүлэг,
камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл //хх 11-13/,
Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2039 дугаар “Самсунг А55” маркийн гар утсыг 1.000.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 21-24/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.У-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэг Э.У-ын хохирогч М.Ц-гийн эзэмшлийн “Самсунг А55” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч Э.У-ын хохирогч М.Ц-гийн эзэмшлийн “Самсунг А55” загварын гар утсыг хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа болно.
Шүүгдэгч Э.У-аас “...ажлаа хийх боломжгүй болж миний ажил, амьдрал хүнд байдалд орох болоод шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, албадан ажил хийлгэх ялыг тэнсэн харгалзах ялаар өөрчилж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Э.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр ял оногдуулсаныг хүндэдсэн гэж үзэхгүй.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.У-ын ахуй амьдарал, хөдөлмөр эрхлэлтийн байдалд тохируулж ял оногдуулдаггүй болно.
Иймд шүүгдэгч Э.У-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1078 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.У-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР