Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 201/МА2022/00012

 

 Бичил глобус финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 138/ШШ2022/00079 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Бичил глобус финанс ББСБ” ХХК,

Хариуцагч *******т холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 4 743 841 төгрөг 27 мөнгө гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Бичил глобус финанс ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн ******* нь “Бичил глобус финанс ББСБ” ХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 4 200 000 төгрөгийг сарын 3.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд иргэн *******ийн өмчлөлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Тээвэрчдийн 20-2004 тоотод байрлах, №000359918 тоот гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Г-0614003539 дугаарт бүртгэлтэй газар болон 57-20 ДОР улсын дугаартай Тоёота приус-10 маркийн автомашиныг барьцаалан барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн хүчин төгөлдөр болгуулж баталгаажуулсан. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээнд заасан графикийн дагуу төлөлтөө хийлгүй хугацаа хэтэрсэн. Зээл авснаасаа хойш нийт 3 614 000 төгрөгийг төлсөн. Үүнээс 821 194 төгрөг нь үндсэн зээлд, 2 792 809 төгрөг нь зээлийн хүүнд тооцогдсон. *******тэй удаа дараа холбоо барихад “Зээлээ төлнө, халамжаас зээл хөөцөлдөж байгаа, түр хүлээж байгаарай” гэсэн хариултыг өгдөг байсан. 2020 оны 03 дугаар сараас Ковид-19 өвчний халдвар нэмэгдэж хөл хорио тогтоосон. Хөл хорио тавигдсаны дараа эргэн холбогдоход зээлээ төлөөгүй, гэрт нь удаа дараа очиж нөхөртэй нь уулзах гэсэн боловч гэртээ байгаагүй. Ингээд 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр, 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр, 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрүүдэд тус бүр зээлээ төлөхийг шаардсан мэдэгдэх хуудас хүргүүлсэн ч зээлийг төлөх ямар нэгэн оролдлого хийгээгүй өнөөдрийг хүртэл 259 хоног хэтэрсэн байна. 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зээлдэгч *******тэй холбогдон зээлээ төлөхийг шаардсан боловч “зээл төлөх боломжгүй, шүүхэд өг” гэсэн тайлбар хэлсэн. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 3 378 808 төгрөг 27 мөнгө, үндсэн зээлийн хүү 1 137 528 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 227 505 төгрөг, нийт 4 743 841 төгрөг 27 мөнгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Монгол Улсын Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлд заасны дагуу “Бичил глобус финанс ББСБ” ХХК болон иргэн ******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна. Мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг болон *******тэй байгуулсан зээлийн гэрээний холбогдох зүйл заалтаас харахад хариуцагч ******* нь 4 743 841 төгрөг 27 мөнгийг төлөх үндэслэлтэй байна. Хариуцагчийн хүү болох Д.Пүрэвдоржийн “Бичил глобус финанс ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний нотлох баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Үүнээс үзэхэд Д.Пүрэвдорж болон ******* нар тус тусдаа зээлийн гэрээ байгуулсан нь нотлох баримтаар тогтоогдож байхад хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно гэж байгаа нь үндэслэлгүй байна. Зээлийн гэрээнд заасан зээлийн үүргийг зөвхөн зээлдэгч хүлээнэ гэсэн хуулийн заалт байдаггүй. Зээлдэгч зээлийн төлбөрийг барагдуулахгүй байгаа тохиолдолд хэн нэгэн нь боломжоороо төлж болно. Үүний дагуу Д.Пүрэвдоржийн 3 000 000 төгрөгийн зээлийг ээж ******* нь сайн дураар төлж барагдуулсан байна. Зээлийн гэрээний дагуу “Бичил глобус финанс ББСБ” ХХК-иас 4 200 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна. Мөн зээлдэгч ******* нь Ковид-19 цар тахлын үед зээлийн гэрээний хугацааг сунгах талаар хүсэлт өгөөгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний эхнэр ******* нь “Бичил глобус финанс ББСБ” ХХК-иас 4 200 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 3.9 хувийн хүүтэй авсан байсан. Зээлийн эргэн төлөх графикийн дагуу төлөлтийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл төлсөн. Ковид-19 өвчнөөс шалтгаалан 2021 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл зээлийг зогсоох шийдвэр Засгийн газраас гарсан байхад манай хүн чадлаараа төлөлтөө хийгээд явж байсан. Нийт 3 614 000 төгрөг төлсөн байна. 2020 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал төлөх ёстой төлбөрөөсөө 500 000 төгрөгийг үлдээж зээлийн төлбөрөө төлсөн. ...Банкны ажилтан Б.Нямбаяр нь зээлийн гэрээ байгуулахаас өмнө манай гэрээр болон эхнэрийн ажил дээгүүр очин уулзаж байсан. Манай хүүг өвчтэй эмчлүүлж байх хугацаанд ээжээр нь өрийг төлүүлж энэхүү гэрээг байгуулсан гэж үзэж байна. Манай хүү Пүрэвдоржийн зээлийн гэрээтэй холбоотой нотлох баримтыг бидэнд үзүүлээгүй, шүүхэд хүсэлт гаргаж байж авчруулсан. Гэхдээ хүү Пүрэвдоржийн зээлийг хаасан гэсэн баримт ирээгүй байна. Манай хүү энэ ББСБ-аас авсан зээл байхгүй гэж бичсэн байгаа. Ээжийг нь хууран мэхэлж зээлийн гэрээ байгуулсан гэж үзэж байна. Тухайн үед манай хүүгийн бие нь муу эмчлүүлж байсан учраас ээж нь  учрыг нь олохгүй зөвшөөрсөн юм байна лээ. Зээл авахдаа Б.Нямбаяртай “Бичил глобус финанс ББСБ” ХХК руу хамт очин 3 000 000 төгрөгийг бэлнээр авч, 1 200 000 төгрөгийг дансаар авсан байдаг. 3 000 000 төгрөгийг Б.Нямбаяр “таны хүү Д.Пүрэвдоржийн зээлийг хаана” гээд бэлнээр авсан байдаг. *******ийн байгуулсан зээлийн гэрээний 4 200 000 төгрөгөөс 3 000 000 төгрөгийг Б.Нямбаяр авснаа хүлээн зөвшөөрч байна. Д.Пүрэвдорж болон “Бичил глобус финанс ББСБ” ХХК нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнд *******ийн үүрэг оролцоо байхгүй болох нь харагдаж байна. Тухайн гэрээнд хамтран зээлдэгч, батлан даагч зэрэг бусад хэлбэрээр оролцсон зүйл байхгүй байна. Б.Нямбаяр нь Д.Пүрэвдоржийн 3 000 000 төгрөгийн зээлийн гэрээг хаасан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иймээс *******т хамааралгүй зээлийн гэрээний төлбөрийг нэхэмжлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Б.Нямбаярын авсан 3 000 000 төгрөг, Д.Пүрэвдоржийн зээлсэн гэх 3 000 000 төгрөгийн хоорондох маргаан нь эхнэр *******т хамааралгүй юм. *******ийн 4 200 000 төгрөгийн зээлээс 3 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нийт төлсөн 3 614 000 төгрөгөөс 1 200 000 төгрөгийг хасуулж, үлдэгдэл 2 414 000 төгрөгийг буцаан гаргуулах саналтай байна гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэгт 3 932 635 төгрөг /гурван сая есөн зуун гучин хоёр мянга зургаан зуун гучин тав/ 43 /дөчин гурав/ мөнгийг гаргуулж нэхэмжлэгч “Бичил глобус финанс ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 811 205 төгрөг 84 мөнгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 851 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 77 872 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Бичил глобус финанс ББСБ” ХХК-д олгож,... шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Нямбаяр зээлийн гэрээг хэрэгжүүлэхдээ надад хүчилсэн байдал бий болгож, өрөнд оруулсан. Учир нь 4,2 сая төгрөг миний данс руу оруулсан боловч буцаагаад өөрөө авсан. Ингээд 3,0 сая төгрөгийг хүүгийн чинь өрөнд суутгасан гээд надад өгөөгүй бөгөөд 1,2 сая төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагын данснаас биш өөр данснаас миний дансанд оруулсан. Энэ нь яг миний дансанд орсон мөнгө юм. Энэ үеийн миний дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд уг байгууллагад хүүгийнхээ зээл гэж төлсөн миний дансны гүйлгээ хийгдээгүй байгаа. Энэ нь 3 сая төгрөгийг надад өгөөгүй өөрөө авсныг харуулж байгаа юм. Хэрвээ зээлийн гэрээний дагуу 4,2 сая төгрөгийн зээлийг надад бүтнээр нь өгсөн бол би 24 сарын хугацаанд 3,9 хувийн хүүтэй авсан 1,2 сая төгрөгийн өөрийн зээл, хүүгийн зээл 3 сая төгрөгийн өрийг хангалттай төлөх боломж надад байсан. Зээлийн гэрээ хийхдээ миний зээлж буй мөнгөөр шууд барьцаалж, хүүгийн өрийг төлнө гэсэн ямар ч тохироо хийгээгүй. 1,2 сая төгрөгийн зээл аваад дээрх мөнгийг бүгдийг төлөх ямар ч боломжгүй нь тодорхой. Миний зээл төлөх 24 сарын хугацаанд 15 сар нь ковидын үе давхцсан. Гэхдээ үүнээс 12 сарын хугацаанд тухайн үеийн боломжоороо би зээлээ төлсөөр ирсэн. Нэхэмжлэлд 24 сарын хугацаанд 3 614 000 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээлээс 821 191 төгрөг, зээлийн хүүнд 2 792 809 төгрөг төлсөн гэжээ. Ковидын үед төр засгаас зээл, зээлийн хүүг хөнгөлөх, хүү, алданги тооцохгүй байх, хугацааг нь хойшлуулах шийдвэрүүдийг гаргасан гэхэд Б.Нямбаяр энэ нь манай банк бус санхүүгийн байгууллагад хамаарахгүй гэж хариулсан. Би ямар нэгэн ялгаварласан шийдвэр гаргасан гэдэгт итгэхгүй байна. Нэхэмжилж буй мөнгө нь зээлдүүлэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлдэгчийн дансанд орсон болгож харагдуулж, хуурамчаар гүйлгээ оруулан 3 сая төгрөгийг зээлдэгчид өгөлгүй буцааж авснаас шалтгаалсан дээрх байдал баримтуудаас тодорхой юм.

Би хүүгийнхээ энэ банк бус санхүүгийн байгууллагад өртэй байгаа баримтыг анх ирсэн өдрөөс нь хойш 3 жил шахам хугацаанд гүйж шаардсан. Ингээд нэхэмжлэл ирснээс хойш анхны шүүх хурал өнгөртөл авч чадаагүй. Анхны хуралдаанд энэ баримтыг гаргаж өгөх талаар шаардлага тавихад шүүгч үүнийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан. Ингээд дараагийн шүүх хурал эхлэхийн өмнө 10 минут орчим энэ баримтыг үзүүлсэн. Энэ нь уг банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ төлөх талаар гаргасан шүүхийн шийдвэр байсан. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй бол нэхэмжлэгч буюу хариуцагч нь гүйцэтгэдэггүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлдэг. Б.Нямбаяр авсан зээлийг эзэнд нь өгөхгүй байж байгаад хүүгийнхээ зээлийг төлөх үйлдлийг  хүчлэх байдлаар буюу зээлээс албадан суутгах байдлаар үйлдсэн юм.

Ийм бусармаг байдлаас нэхэмжлэгчийн дээрх өр гэгч үүссэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бидэнд учруулсан хохирлын талаарх саналыг харгалзан үзэж шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Нямбаяр давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа: “******* нь Бичил глобус финанс ББСБ ХХК-иас 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 4.200.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж өөрийн 5422153928 тоот дансаар шилжүүлэн авсан бөгөөд Б.Нямбаяр би 3 сая төгрөг огт аваагүй, тийм баримт байхгүй. Бусдын данснаас мөнгө татаж авах эрх, боломж надад байхгүй.

******* нь манай байгууллагаас 4 200 000 төгрөгийн зээл шилжиж ороход тухайн өдрөө өөрийн хүсэлтээр хүү Пүрэвдоржийн нэрийг бичин зээлийг төлсөн байдаг нь дансны хуулгаар баталгаажиж байгаа.

******* нь ковидын үед засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу зээлийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээлийг хойшлуулах талаар гомдол гаргасан байна. Засгийн газрын шийдвэрээр зөвхөн ипотекийн зээл буюу Монгол банкнаас болон засгийн газраас санхүүжсэн зээлийг бүхэлд нь хойшлуулж болно гэсэн шийдвэр байсан. Бусад хэрэглээний зээлийн хувьд зөвхөн үндсэн зээлийг хойшлуулж хүү болон нэмэгдүүлсэн хүүг авахаар тусгасан. Мөн зээлдэгчийн өөрийн бичсэн хүсэлтийн дагуу хойшлуулж байсан. ******* нь зээл хойшлуулах талаар ямар нэгэн хүсэлт өгөөгүй.

******* нь ямар нэгэн байдлаар манай байгууллагаас хүүгийнхээ зээлийн гэрээг нэхээгүй мөн анхан шатны шүүх хурал дээр манай зүгээс шүүхийн шийдвэр болон зээл авсан зээлийн гэрээг хавсарган өгсөн байдаг.  *******ийг зээл авахад нь танай хүү Пүрэвдорж манай байгууллагад зээлтэй байгаа гээд түүний зээлийн гэрээ болон шүүхийн шийдвэр, эрэн сурвалжлах захирамж зэргийг үзүүлсэний үндсэн дээр ******* нь өөрийн хүсэл сонирхлын дагуу хүүгийнхээ зээлийг төлсөн байдаг.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж үндэслэлтэй дүгнэлт хийсэн.

Гэрээг талууд сайн дурын үндсэн дээр гэрээний чөлөөт байдлын зарчмыг үндэслэн хийсэн. ******* нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн талууд гэрээ хэлцлийг хуулиар тогтоосон хэлбэр агуулгыг зөрчилгүйгээр хийсэн байна.

******* нь зээлийн гэрээнд гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрдөг, энэ талаар талууд маргаагүй бөгөөд тэрээр зээл авснаа хүлээн зөвшөөрдөг, зээлээсээ дийлэнхийг хүүгийнхээ зээлэнд төлсөн, үлдсэнийг нь өөрөө авч ашигласан нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хариуцагчийн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараас маш тодорхой харагддаг учраас үүрэг гүйцэтгэгч Хишигдэлгэр зээлийн гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй. ******* нь анхнаасаа хуурч мэхлэгдлээ гэж үзэж байсан бол тэр үед энэ талаар огт маргаан гаргаагүй, зээлээ төлсөөр ирсэн байгаагаас харахад тэрээр 4,2 сая төгрөгийн зээлийг төлөх ёстой гэдгээ ухамсарлан ойлгож байсан юм. Зээлж аваагүй гэх 3,0 сая төгрөгөө өөрөө өөрийнхөө данснаас хүү Пүрэвдоржийн нэрийг бичиж зээлдүүлэгч байгууллагын данс руу зээл төлөлт хийсэн бөгөөд 3,0 сая төгрөг нь Нямбаяр миний данс руу огт ороогүй нь дансны хуулгаар нотлогдоно.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай эхнэр 1,2 сая төгрөг зээлж авахаар очиход тухайн байгууллага хүү Пүрэвдоржийн өрийг төлүүлнэ гэж 3,0 сая төгрөгийг нэмж нийт 4,2 сая төгрөг зээлүүлээд эхнэрт маань 1,2 сая төгрөг өгсөн байдаг. Ингээд аваагүй, хэрэглээгүй мөнгөний өрөнд орчихоод байгаа. Нийт 3 сая 600 гаруй мянган төгрөгийг ББСБ-д төлсөн. Иймд энэ байдлын учрыг олж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Бичил глобус финанс ББСБ” ХХК нь хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэгт 4 743 841 төгрөг 27 мөнгө гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч  эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн 1-2, 22 дахь тал/

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “... манай байгууллага ******* нарын хооронд хуулийн хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, Иргэний хууль болон гэрээний холбогдох заалтын дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 3 378 808 төгрөг 27 мөнгө, үндсэн хүү 1 137 528 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 227 505 төгрөг, нийт 4 743 841 төгрөг 27 мөнгийг нэхэмжилж байна. ...” гэж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ:  “... манай хүү Д.Пүрэвдорж нь тус ББСБ-аас зээл аваагүй гэсэн, хүүгийн бие муу эмнэлэгт байх үед ээжийг нь хууран мэхэлж зээлийн гэрээ байгуулсан гэж үзэж байна. 4 200 000 төгрөгнөөс 3 000 000 төгрөгийг Нямбаяр авсан,  эхнэр нь 1 200 000 төгрөгийг нь авсан, ... *******ийн зээлсэн гэх 4 200 000 төгрөгөөс 3 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нийт төлсөн 3 614 000 төгрөгөөс 1 200 000 төгрөгийг хасуулж, үлдэгдэл 2 414 000 төгрөгийг ББСБ-аас буцаан гаргуулна. ...” гэж тус тус тайлбарладаг.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч /зээлдүүлэгч/ “Бичил глобус финанс ББСБ” ХХК нь хариуцагч /зээлдэгч/ *******тэй 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2100130102000184 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 4 200 000 төгрөгийг, сарын 3,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлүүлсэн, нэхэмжлэгч нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2100130102000184-1 дугаар барьцааны гэрээгээр *******ийн өмчлөлийн Хэрлэн сумын 2 дугаар баг, тээвэрчдийн 20-2004 байршилтай, №000359918 тоот гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Г-0614003539 дугаарт бүртгэлтэй 699 м2 талбай бүхий газрыг, мөн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2100130102000184-1 дугаар барьцааны гэрээ /фидуци/-гээр 2011 онд Монгол Улсад орж ирсэн, цагаан өнгийн, 02473806 гэрчилгээний дугаартай, 5720 ДОР улсын дугаартай, TOYOTA PRIUS маркийн автомашиныг тус тус барьцаалсан ба зээлдэгч ******* нь 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийт 3 614 000 төгрөгийг зээл, зээлийн хүүгийн төлбөрт төлсөн үйл баримтууд тогтоогджээ. /хх-ийн 8-13 дахь тал/

Хариуцагч ******* нь “2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 3 цаг 47 минутад миний дансанд 4 200 000 төгрөг орж, 4 минутын дараа буюу 3 цаг 51 минутад миний данснаас 4 198 000 төгрөг гарсан, энэ мөнгөнөөс 3 000 000 төгрөгийг ББСБ-ийн ажилтан Б.Нямбаяр авсан...” гэж  тайлбарладаг боловч 4 198 000 төгрөг нэхэмжлэгч байгууллагын дансанд буцаж ороогүй, 3 000 000 төгрөгийг Пүрэвдорж нэрээр “Бичил глобус финанс ББСБ” ХХК-ийн дансанд төлөгдсөн болох нь нэхэмжлэгч талын депозит дансны хуулгаар нотлогдсон байна. /хх-ийн 28 дахь тал/

Мөн хариуцагч *******ийн хүү Доржпаламын Пүрэвдорж нь “Бичил глобус финанс ББСБ” ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 3 500 000 төгрөгийг, сарын 4,9 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж авсан, зээлийн барьцаанд Монгол Улсад 2016 онд орж ирсэн, мөнгөлөг өнгийн, 01850361 гэрчилгээний дугаартай, 5502 ДОР улсын дугаартай, TOYOTA PRIUS маркийн автомашиныг барьцаалуулсан баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.

Эдгээр баримтуудаас үзэхэд хариуцагч ******* нь нэхэмжлэгч “Бичил глобус финанс ББСБ” ХХК-иас зээлж авсан 4 200 000 төгрөгөөс хүү Д.Пүрэвдоржийн зээлийн өр болох  3 000 000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар нотлогдсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв болсон байна гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн хуулийн шаардлагатай нийцсэн байна.

Иймд хариуцагч *******ийн “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч *******ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77 872 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 138/ШШ2022/00079 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77 872 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

                           

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ж.ДОЛГОРМАА            

                              ШҮҮГЧИД                                       С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                       З.ЭНХЦЭЦЭГ