| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 107/2018/0072/Э |
| Дугаар | 615 |
| Огноо | 2019-11-29 |
| Зүйл хэсэг | 106.2., |
| Улсын яллагч | Д.Дамдинсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 615
Л.И-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 817 дугаар магадлалтай, Л.И-т холбогдох 201601070222 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, эрэгтэй, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ***, ял шийтгүүлж байгаагүй, А овогт Л-н И-.
Л.И-ыг **-д мэс заслын эмчээр ажиллаж байхдаа 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өвчтөн Д.М-ад цөсний хүүдийн чулуу авах дурангийн мэс заслыг хийхдээ түүний нарийн гэдсийг хагалгааны багажаар түлсний улмаас хагалгааны дараа нарийн гэдэс цоорч, хэвлийн хөндийн тархмал баасан гялтантас, гялтангийн арын зайн идээт үрэвсэл үүсч ерөнхий хордлогод орсны улмаас өвчтөн нас барсныг тогтоож, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэмт хэрэгт холбогджээ.
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Л.И-ыг өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Л.И-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд заасныг журамлан Л.И-т оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгаж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Л.И-т оногдуулсан эмчлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хугацааг тоолохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай...” гэж, тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.И-ын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Л.И- гаргасан гомдолдоо “...хэрэгт 3 удаагийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нарын комисс томилогдон дүгнэлт гаргасан боловч хэрэг шийдэгдэх учиг зангилаа болох гэдэсний цооролтын шалтгааныг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаагүй таамагласан, эргэлзсэн шинж чанартай дүгнэлт гаргасан мөн анхны гэдэсний цооролтонд эдийн шинжилгээ хийсэн эмгэг судлаач эмч Бүжидмаагийн мэдүүлэгт гэдэсний цооролтыг олоогүй бөгөөд гэдэс үрэвсэлтэй гэдэс байсан гэх нь намайг шийтгэх үндэслэл болохгүй юм.
Учир нь би тухайн хагалгааг хийхдээ гэмтэл ихээхэн учруулдаг шууд хэвлийг хатгаж хийлж дурандах аргыг хэрэглэлгүй Hasson техник буюу хэвлийн хөндийг эхлэн жижиг 1 см зүслэгээр нээж түүгээр хэвлийг хийлж дурандаж хагалгааг хийдэг аргыг хэрэглэсэн. Хагалгааны үед хэвлийн хөндийг дурангаар шалгахад ямар нэгэн гэмтэлгүй хагалгаа дуусахад гарсан хүндрэл үгүй байсан. Тэрийг хагалгаа хийхэд тусалсан эмч нар гэрчилнэ. Мөн тухайн үед цуг хагалгаа хийхэд тусалсан эмч нарыг гэрчээр байцаахын оронд хагалгаатай ямар ч хамааралгүй, оролцоогүй, надтай ажил албан тушаалын маргаантай байсан дарга, удирдлагуудыг гэрчээр байцаан эсрэг мэдүүлэг авч байсан.
Хэрэг хянаж байсан анхны прокурор Гэрэлбадрах зөв үнэлэлт дүгнэлт өгч хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч хохирогч хөндлөнгийн ятгалгаар улсын прокурорт гомдол гаргаж дахин хэлэлцэгдэж анхан шатны шүүхээс цагаатгах тогтоол гаргасан. Ингэж 2 удаагийн шатанд хэрэг хэрэгсэхгүй болох, цагаатгаж байхад прокурорын зүгээс эсэргүүцэл бичиж хэлэлцэгдсээр өдийг хүрлээ.
Удаа дараагийн шинжээч нарын дүгнэлт бүрэн төгс шинжлэх ухааны үндэслэлтэй болж чадаагүй бөгөөд таамагласан, эргэлзсэн шинж чанартай байгаа нь тайлбар байцаалтуудаас харагдахаас гадна гэрчийн мэдүүлэг ялангуяа гэрч Бүжидмаа, Отгонбаяр нарын мэдүүлэг зэрэг нь гэмтэж цоорсныг нотлохоос илүүтэй үрэвсэлт өвчний улмаас гэдэс цоорсон байх магадлалыг харуулж байна. Иймд нарийн гэдэсний үрэвсэлт шархлаа өвчин байгаад цоорсон байсныг бүр эсрэгээр эргүүлэн намайг хагалгаа хийж байхдаа халуун багажаар түлж цоолсон гэж хажууд нь хараад зогсож байсан мэт тайлбарлан яллах дүгнэлт гаргасанд туйлын харамсалтай тул энэхүү хэргийг хянан шалгаж иргэн миний эрх ашгийг хамгаалж өгнө үү.
Мөрдөн байцаалтын явцад нэг удаа амбулаторийн үзлэгтэй байгаад байцаалтнаас хоцорсонд байцаалтаас оргон зайлсан гэх шалтгаан гаргаж ажил түдгэлзүүлж нэг жил хоёр сар ажил, орлогогүй байсныг минь харгалзан үзнэ үү” гэжээ.
Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Л.И-т холбогдох хэргийн хувьд 2016 онд Эрүүгийн хэрэг үүссэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгавал зохих зүйлүүдийг бүрэн шалгасан. Л.И- нь **-д мэс заслын эмчээр ажиллаж байхдаа өвчтөн н.Мөнхбатад эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу цөсний хүүдийн чулуу авах дурангийн мэс заслыг хийхдээ түүний нарийн гэдсийг хагалгааны багажаар гэмтээсний улмаас хагалгааны дараа хүндрэл гарч, клиникийн 1 дүгээр эмнэлэгт хүргэгдэн ирж хоёр удаа хагалгаанд орж 4 хоногийн дараа нас барсан үйл баримт мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогдсон. н.М-д мэс засал хийснээс хойш өвчтөний биед хүндрэл гарсан болох нь гэрч нар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа. Клиникийн 1 дүгээр эмнэлэгт хагалгаанд орохдоо гэдэсний дунд хэсэгт 0.3х0.3 хэмжээтэй цооролт үүссэн байсан бөгөөд цоорсон гэдсийг тайрч залгалт хийсэн талаар мэс засал хийсэн эмч нар тодорхой мэдүүлсэн байдаг. Бүрэлдэхүүнтэй, нарийн мэргэжлийн шинжээч нарын дүгнэлтээр дурангийн мэс заслыг хийх явцад нарийн гэдсийг гэмтээсэн талаар дурдсан. Шүүгдэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол нь давж заалдах журмаар гаргасан гомдолтой утга агуулгын хувьд ижил бөгөөд давж заалдах шатны шүүх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэл, дүгнэлтээ тодорхой хийсэн байна. Мэс заслын үед өвчтөний нарийн гэдсийг хагалгааны багажаар гэмтээж, уг гэмтлээс шалтгаант холбоотойгоор өвчтөн нас барсан үйл баримт тогтоогдсон. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн Л.И-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Л.И-ыг **-д мэс заслын эмчээр ажиллаж байхдаа 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өвчтөн Д.М-ад цөсний хүүдийн чулуу авах дурангийн мэс ажилбар хийхдээ эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Л.И-т холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, үйл баримтыг бодитой тогтоон хэргийг шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Л.И-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Учир нь 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтдаг болно.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.И-ын гаргасан “...шинжээчийн бүрэлдэхүүн болон дүгнэлтүүд үндэслэлгүй, хэрэгт ач холбогдолгүй хүмүүсийг гэрчээр байцаасан, ажлаас шалтгаалан байцаалтаас хоцорсонд оргон зайлсан гэх шалтгаан гаргаж ажил түдгэлзүүлж нэг жил хоёр сар ажил, орлогогүй байсныг минь харгалзан үзнэ үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 817 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.И-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН